top of page

Хайлтын үр дүн

222 results found with an empty search

  • Бидний нутаг, бидний ирээдүй "Өргөнбулаг Хөгжил" намын мөрийн хөтөлбөр

    Бидний нутаг - Бидний ирээдүй! “Нутгийн удирдлага” хичээл дээр сум орон нутгийг хөгжүүлэх сонирхолтой даалгавар өгсөн дагуу орон нутгийн хөгжлийн төлөө “Өргөнбулаг Хөгжил” нэртэй улс төрийн нам байгуулж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож, сумын Засаг даргын сонгуульд өрсөлдсөн болно. Хичээлийн даалгавар хийх явцад нутгаа хайрлах сэтгэл, хөгжлийг бүтээх хүсэлтэй залуусын санаачилга болон хувирсан билээ. “Өргөнбулаг хөгжил - бидний нутаг, бидний ирээдүй” нэртэй мөрийн хөтөлбөр нь сумын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бодит төлөвлөгөө юм. Хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тооцоо, статистикаас гадна, хамгийн чухал нь иргэдийн оролцоо, хамтын хариуцлага, итгэлцэл дээр суурилсан бодит амьдралын зураглал болгон харуулахыг зорьсон. “Бидний нутаг, бидний ирээдүй” гэх уриа нь нэгэн үеийн залуусын итгэл, хариуцлагын дуу хоолойн илэрхийлэл болно. Хөгжил гэдэг бодит амьдралын хэрэгцээ шаардлага дээр үндэслэн бий болдог оролцоо, сэтгэлээс ургасан санаачилга юм. Бидний нутаг, бидний ирээдүй! #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НутгийнУдирдлага #ОронНутаг #НутгийнХөгжил #ИргэдийнТөлөөлөгчдийнХурал #ИргэдийнОролцоо #Хөгжил #БиднийНутаг #БиднийИрээдүй #МөрийнХөтөлбөр #УлсТөрийнНас #ЭлдэлдэнНэгдэхЭрх #ИргэдийнДууХоолой #Сонгууль #Төлөөлөгч #ЗасагДарга #ШаталсанУдирдлага #Бодлого #Санаачилга #ХувийнХэвшил #ӨргөнБулаг #ТөлөөллийнУдирдлаг #Төр #Захиргаа

  • Шинжлэх ухааны хуурмаг үзлийг эвдсэн Хаосын онол

    Таны урьд өмнө нь гарцаагүй үнэн гэж итгэж байсан зүйл худал болж байсан уу? Энэ ертөнц бол тооцоотой, бүх зүйл урьдаас тодорхойлогдсон механик цаг. Эвсэл амьдрал бол бадран дүрэлзээд л унтрах гал, хэзээ нэгэн цагт дуусна. Хувь тавилан бол өөрчлөгддөггүй бичигдсэн замаараа л яваа. Энэ бол зуу зуун дамжин ноёрхсон номлол юм. Шинжлэх ухаан, түүний дотор хууль, эдийн засгийн онолууд хүртэл энэ суурин дээр л тогтсон байдаг. Гэтэл Нобелийн шагналт физикч Илья Пригожин орчин үеийн бодит байдлыг хувирч өөрчлөгдөхгүй үзэл тайлбарлахаа больсон гэдгийг харуулжээ. Тэрээр “Хаосоос дэг журам төрөхүй” номоороо орчлонг зогсонги машин биш, харин амьд, өөрийгөө бүтээж буй процесс хэмээн зарласан байна. Тиймээс шинжлэх ухааны хуучин догмааг [1] үндсээр нь эвдсэн И.Пригожины онолын хамгийн радикал [2] дөрвөн дүгнэлтийг энгийнээр тайлбарлая. 1.     Хүн хаалттай хайрцаг биш Сонгодог физикчид ертөнц бол лабораторийн шилэн доторх урвал шиг, орчинтойгоо харилцахгүй хаалттай систем гэж төсөөлж байжээ. Гэтэл бидний амьдарч буй хот, улс орон, дэлхий бүгд экосистемтэй, бодис, эрчим хүчийг тасралтгүй солилцож амьсгалдаг нээлттэй систем юм. Хүн ч мөн адил идэвхгүй объект биш, харин орчноо байнга боловсруулж, өөрчилж байдаг оролцогч. Энэхүү энгийн үнэн дээр л И.Пригожины онол тогтоно. Хэрэв систем нээлттэй бол хувь тавилан урьдаас тодорхойлогдсон байх боломжгүй. 2.     Замбараагүй байдал бол бүтээлч эх Хаос [3] гэдэг үгийг ихэвчлэн сөрөг утгаар ойлгодог. Замбараагүй байдал бол муу, задрал, сүйрэл. Гэтэл И.Пригожин энэ дүгнэлтийг 180 хэмээр эргүүлсэн байна. Тэрээр, гаднаас энерги авч буй нээлттэй системд, тогтворгүй байдал буюу хаос үүсэх үед, задрахын оронд гэнэт илүү нарийн төвөгтэй, зохион байгуулалттай шинэ бүтэц үүсгэж болдгийг нотолсон. Үүнийг диссипатив бүтэц гэж нэрлэсэн. Химийн урвалд хүртэл молекулууд гэнэт л хэмнэлтэй бүжиг хийж эхэлдэг нь үүний жишээ. Товчхондоо тогтворгүй байдал бол мөхөл биш, харин шинэ зохион байгуулалт төрөх орчин гэсэн үг юм. Улс төр, эдийн засгийн хямрал, нийгмийн эмх замбараагүй байдал нь шинэ, илүү дээр тогтолцоо үүсэх боломжийг нууж байдаг. 3.     Хувь тавилан ба тохиолдол ээлжилдэг Хүн төрөлхтөн олон зуун жил “Хүний амьдрал хувь заяатай, урьдаас бичигдсэн үү, эсвэл бүх зүйл санамсаргүй тохиолдол уу?” гэж маргалдсан. Шашинтнууд хувь тавиланг, харин эрдэмтэд тохиолдлыг батлах гэж оролдож иржээ. Харин И.Пригожин “Хоёулаа зөв, гэхдээ тайлбарын зөвхөн тал хувь нь” гэсэн байдаг. Үндсэн санаа нь салаалах цэг [4] юм. Систем дурайсан замаар явж байгаад нэг мөчид тогтворгүй байдалд орно. Яг тэр мөчид, өчүүхэн, санамсаргүй хүчин зүйл, бага зэргийн флуктуаци [5] л системийг нэг тийш ханаруулж, чиглэлийг нь өөрчилдөг байна. Үүний дараа, шинэ замаар шинэ дэг журам үйлчилж эхэлнэ. Түүх, нийгэм, хүний амьдрал ч ялгаагүй. Хүний хийх санамсаргүй сонголт, эсвэл өчүүхэн үйл явдал яг тэр салаалах цэг дээр гарч ирээд, бүхэл бүтэн ертөнцийн хувь заяаг өөрчилж чаддаг. Ганц асуудал нь дараагийн салаалах цэг хэзээ, хаана гэдгийг урьдчилан мэдэж чадахгүйд л байна. 4.     Ертөнц уруудаж бус харин дэвждэг Термодинамикийн хоёрдугаар хууль [6] бол пессимизм [7] , мөхлийн тухай яриа. Бүх зүйл замбараагүй болох ёстой. Гэтэл яагаад амьд системүүд улам бүр цогц, уялдаатай болж хөгжөөд байна вэ? Үүнд И.Пригожин “Энтропи [8] өөрөө дэг журмын эх үүсвэр байж болно”  гэж хариулсан. Зарим систем доройтож байхдаа бусдад энерги өгдөг. Бусад систем нь энергийг ашиглан өөрийгөө илүү нарийн төвөгтэй түвшинд зохион байгуулдаг. Орчлон ертөнц бол зүгээр нэг элэгдэж хуучраад дуусахаа хүлээж буй машин биш, харин өөрийгөө байнга бүтээж, хувьсан өөрчлөгдөж буй амьд үйл явц юм. Төгсгөлийн бодол И.Пригожин хүнийг үхмэл, пассив, хувь тавиландаа хүлэгдсэн гэх зэрэг хэвшмэл ойлголтоос чөлөөлсөн. Түүний дэвшүүлсэн онол нь хаос дундаас дэг журам төрж, тогтворгүй байдал бүтээлч байдлын түлхүүр болдог гэдгийг харуулсаар байна. Хүний нийгэм, улс төр, амьдрал хэзээ ч тогтвортой, хаалттай систем байгаагүй. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрч чадвал, өөрчлөлтөөс айж эмээх бус, харин шинэ, илүү дээр дэг журам үүсгэх бүтээлч боломж гэж харж эхэлнэ. Одоо харин уншигч танаас асууя: Таны амьдрал, бизнест тогтворгүй байдлын дараа шинэ дэг журам үүсэж байсан уу? Ж.Танан Зүүлт тайлбар [1] Догма (Dogma) гэдэг нь батлагдах эсвэл няцаагдах шаардлагагүйгээр үнэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн, өөрчлөгддөггүй, хөдөлшгүй үндсэн зарчим, дүрэм буюу үзэл баримтлалыг хэлнэ. [2] Радикал (Radical) гэдэг нь аливаа зүйлийн үндэс суурь, гүн гүнзгий хэсэгт нь чиглэсэн эсвэл уламжлалт хязгаарыг эрс эвдсэн өөрчлөлт, үзэл бодол, үйлдлийг хэлнэ. [3] Хаос (Chaos) нь грек хэлний 'Khaos'  буюу анхны хоосон, ангамал байдал гэсэн утгатай үгнээс гаралтай. Өдөр тутмын амьдралд эмх замбараагүй, дэг журамгүй, үймээн самуун гэсэн утгаар ойлгоно. Хаосын онолд хаос гэдэг нь урьдчилан таамаглах боломжгүй мэт санагдах боловч, үнэндээ тодорхой дотоод дүрэм, хуульд захирагддаг, хөдөлгөөнт тогтолцооны төлөвийг хэлнэ. [4] Салааллын цэг (Bifurcation Point)  гэдэг нь аливаа тогтолцоо (систем) хуучин тогтвортой байдлаа алдаж, гэнэт, эрс өөрчлөгдөх боломжтой болсон, тогтворгүй байдлын онцгой мөчийг хэлнэ. [5] Флуктуаци (Fluctuation) гэдэг нь аливаа тогтолцоо, эсвэл хэмжигдэхүүн тогтвортой дундаж утгаасаа түр зуур, санамсаргүй байдлаар хазайх, хэлбэлзэх үзэгдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, "Флуктуаци" гэдэг нь системийн дундаж төлөв болон бодит агшин зуурын төлөвийн хоорондох ялгаа юм. [6] Термодинамикийн хуулиуд нь физик, хими, биологийн бүхий л тогтолцоонд эрчим хүч хэрхэн ажиллаж, өөрчлөгдөж, дамжуулагдаж байгааг тайлбарладаг, шинжлэх ухааны хамгийн суурь дөрвөн зарчим юм. Термодинамикийн хоёрдугаар хууль (Second Law of Thermodynamics) нь цаг хугацааны чиглэл болон энтропи  (Entropy) буюу эмх замбараагүй байдлын тухай ойлголтыг оруулж ирсэн. Бүх бие даасан тогтолцооны (хаалттай систем) нийт энтропи (эмх замбараагүй байдлын хэмжээ) үргэлж нэмэгддэг, эсвэл хамгийн багадаа тэнцүү байна (хэзээ ч буурахгүй). Энгийнээр хэлбэл, байгалийн бүх үйл явц нь дэг журмаас эмх замбараагүй байдал руу чиглэдэг. Жишээлбэл, аягатай халуун кофе хүйтэн болох нь энтропи нэмэгдэж буйн илрэл. Гаднаас хүч оруулахгүйгээр хүйтэн кофег халааж чадахгүй. Термодинамик гэдэг нь дулаан  (Therme) болон хүчний  (Dynamics) харилцаа, буюу энергийг дулаан, ажил болгон хувиргахыг судалдаг шинжлэх ухаан юм. [7] Пессимизм (Pessimism) нь хүн төрөлхтний сэтгэлгээний болон гүн ухааны үндсэн хандлагын нэг ба аливаа нөхцөл байдал, үйл явдал, эсвэл ирээдүйг муугаар, сөрөг талаас нь харж, хамгийн таагүй үр дүнг хүлээнэ. Гэхдээ сэтгэл санаагаар үргэлж унахыг хэлэхгүй, харин бодит байдлын тухай үндсэн итгэл үнэмшил болно. [8] Энтропи (Entropy) бол термодинамикийн хуулиудын гол ойлголт бөгөөд шинжлэх ухаан, гүн ухааны олон салбарт хэрэглэгддэг чухал үзэл баримтлал юм. Энтропи нь аливаа тогтолцооны эмх замбараагүй байдал, зохион байгуулалтгүй байдал, эсвэл доройтлыг илэрхийлдэг хэмжигдэхүүн буюу энгийнээр хэлбэл, тогтолцоонд байгаа энергийн ажил хийх чадваргүй хэсгийг хэмжинэ. Хаосоос дэг журам төрөхүй #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НийгмийнХөгжил #ШинжлэхУхаан #ДэгЖурам #Хаос #ЗамбараагүйБайдал #Пригожин #Бүтээлч #Хүн #Амьдрал #Физик #Энтропи #ДисспативБүтэц #СалаалахЦэг #Парадигм #Систем

  • Эрүүгийн процессын эрх зүйн удиртгал

    Салбар эрх зүйн харьцуулалт Эрүүгийн процессын эрх зүйн талаар авч үзэхээс өмнө, юун түрүүнд бусад суурь салбар эрх зүйтэй харьцуулах нь зүйтэй. Ийнхүү харьцуулалт хийх нь эрх зүйн салбар хоорондын ялгаа, түүнийг ойлгоход нэн чухал бөгөөд, эрх зүйн цогц сэтгэлгээг төлөвшүүлэхэд тус дэм болно. Эрүүгийн процессын эрх зүй   → Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулах ба мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гаргах ажиллагааг хамарна. Иргэний эрх зүй   → Эд хөрөнгөтэй холбоотой болон гэрээ, үүргийн харилцаа; талуудын тэгш эрхт харилцааг зохицуулна. Арбитрын процесс   → Иргэний болон худалдааны маргааныг хөнгөн шуурхай шийдвэрлэх хувийн зохицуулалт бүхий маргаан шийдвэрлэнэ. Олон нийт, төрийн оролцоо шаарддаггүй, талуудын хүсэл зоригт суурилдаг зэргээрээ эрүүгийн процессоос ялгаатай. Захиргааны эрх зүй   → Төрийн байгууллага, иргэн хооронд үүсэх захиргааны шинжтэй харилцааг зохицуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны шийдвэр, гомдол, хяналттай холбоотой асуудал үүсэж болно. Зөрчлийн эрх зүй  → Хөнгөн шинжтэй зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой. Эрүүгийн процессын эрх зүйтэй зарим тохиолдолд уялдах бөгөөд харьцангуй хялбаршуулсан журамтай. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын зарим элементтэй боловч илүү хөнгөн агуулгатай, богино хугацаанд шийдвэрлэгдэх зохицуулалттай. Энд “De minimis” буюу үл ялих харилцааны ойлголт хамааралтай. “De minimis non curat lex” гэдэг латин хэллэг нь “хууль өчүүхэн зүйлийн араас хөөцөлддөггүй”  гэсэн утгатай бөгөөд ноцтой бус, нийгмийн хувьд бага ач холбогдолтой зөрчлийг эрүүгийн процессын иж бүрэн ажиллагаанд хамруулах нь зардалтай, зохисгүй байж болзошгүй тул ийм төрлийн харилцааг тусгай дэглэмээр, зөрчлийн эрх зүйгээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ. Үндсэн хуулийн эрх зүй   → Төрийн эрх мэдлийн хуваарилалт, хүний үндсэн эрх , эрх чөлөө, төрийн байгууламжийг зохицуулна. Эрүүгийн процессын зарчим Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдана. Энд ойлгох ёстой гол зүйл нь Үндсэн хуулийн эрх зүй нь улс төрийн оролцоо ихтэй, нийгмийн эрх ашиг, гадаад харилцааны бодлоготой шууд уялддаг онцлогтой. Жишээлбэл, Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай тул Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд тухайн асуудлыг зөвхөн эрх зүйн хэм хэмжээгээр бус, улс төр, геополитикийн нөхцөл байдалтай хамтатган харгалзах шаардлагатай болдог. Тиймээс, Үндсэн хуулийн эрх зүйг бусад салбар эрх зүйтэй энгийнээр харьцуулах нь зарим тохиолдолд өрөөсгөл байна. Үүнээс гадна зайлшгүй дурдах зүйл бол эрүүгийн материаллаг эрх зүй  нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, ял оногдуулах үндэслэл, төрийн ялын бодлогод анхаарал хандуулах бол эрүүгийн процессын эрх зүй  нь өмнө нь хэлсэнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам, шүүх, прокурор, мөрдөн байцаалтын ажиллагааг хамаарна. Эрүүгийн процессын эрх зүйг   хуучнаар эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй гэж нэрлэж байсан ба   энэхүү ойлголт нь орчин үеийн процессын эрх зүйд шингэсэн. Эдгээрээс гадна, нууц аргаар хэрэг илрүүлэх ажиллагаа, тагнуул, цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг гүйцэтгэх ажлын эрх зүй   гэх бол, шийтгэлийн эрх зүй  гэдэг нь ял эдлүүлэх, шийтгэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг тусдаа салбар юм. Эдгээрийг харьцуулан авч үзэх нь эрүүгийн эрх зүйн тогтолцооны талаарх цогц ойлголтод хүрэх, тус бүрийн зохицуулалтын цар хүрээг ойлгоход чухал ач холбогдолтой. Эрүүгийн процессын эрх зүйн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндэс, түүний түүхэн хөгжил, суурь ойлголт, эрүүгийн процессын зарчим, түүнд оролцогч субъектийн эрх зүйн байдал зэрэг өргөн хүрээтэй агуулгыг авч үзнэ. Юуны өмнө, эрүүгийн процессын эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны чухал нэгэн салбар гэдгийг онцлох хэрэгтэй. Практик хэрэглээ төдийгүй, онолын судалгааны хувьд гүнзгий хийгээд олон талт мэргэжлийн мэдлэг шаардсан салбар билээ. Эрүүгийн процессын эрх зүй нь эрүүгийн хэрэгт холбогдон явагдах ажиллагааг эрх зүйн талаас нь зохицуулсан, тусгай хууль журмаар баталгаажсан, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн цогц систем юм. Эрүүгийн процессын эрх зүй нь дан ганц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдахгүй. Харин, энэ хуулийн суурилсан онол, цаадах үзэл баримтлал, зарчим, түүхэн хөгжил, эрх зүйн институтын харилцан уялдаа холбоо зэрэг өргөн хүрээг хамарна. Тухайлбал, прокурорын эрх мэдэл, шүүхийн хяналтын үүрэг, мөрдөгчийн бүрэн эрх, өмгөөлөгчийн байр суурь гэх зэрэг сэдэв бүгд эрүүгийн процессын эрх зүйн салбарт багтана. Иймд эхний ээлжид, эрүүгийн процессын эрх зүйн судалгааны хүрээ, судлагдахууны тухай ойлголтыг авч үзнэ. Эрүүгийн процессын эрх зүйн үүсэл, хөгжлийн тойм Эрүүгийн процессын эрх зүй нь орчин үеийн төрийн тогтолцоо бүрэлдэн тогтохоос өмнө үүсэлтэй, түүхэн уламжлал бүхий салбар юм. Хүн төрөлхтний эрх зүйн хөгжлийн түүхэнд шүүхийн ажиллагаа, ял шийтгэл оногдуулах үйл явц, гэм бурууг тогтоох зарчим зэргийг зохицуулах шаардлага үргэлж байсаар иржээ. Тиймээс, эрүүгийн процессын эрх зүй нь шүүх эрх мэдэл тогтсон цаг үеэс эхтэй, зөвхөн өнөө цагийн ойлголт биш, харин хууль зүйн түүхэн хөгжлийн нэгээхэн хэсэг юм. Эртний Ромын эрх зүй , Наполеоны кодекс, Оросын хаант улсын 1864 оны шүүхийн реформ зэрэг нь эрүүгийн процессын орчин үеийн тогтолцоонд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Монгол Улсын хувьд XX зууны эхэн үеэс эхлэн хойд хөршийн нөлөөгөөр эрүүгийн процессын эрх зүйн суурь тогтолцоо бүрэлдэж эхэлсэн. Тухайн үед ЗХУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, түүнд үндэслэсэн шүүх, прокурорын байгууллагын загвар манай улсад нэвтэрч, өнөөгийн тогтолцооны суурийг тавьжээ. Харин эрүүгийн процессын эрх зүйд томоохон өөрчлөлтийг 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн зарчим авчирсан юм. Дэлгэрүүлэн тайлбарлавал, өмнөх социалист чиг баримжаатай, ял тулгахын тулд хэрэг мөрдөх үзэл санаа аажмаар халагдаж, хүний эрхийн баталгаа болсон, шүүхийн хяналтыг төв болгосон процессын шинэ хандлага нэвтэрсэн байна. Ингэснээр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү ил тод, шударга, хууль ёсны үндэслэлтэй явуулах нөхцөл бүрдсэн байна. Түүхэн хөгжлийн тойм нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн үндсийн эх, хэлбэржилт, орсон нөлөөлөл, туулсан шилжилтийн зам зэргийг ойлгоход чухал ач холбогдолтой билээ. Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс  Эрүүгийн процессын эрх зүйн онолын хүрээнд хамруулан судлах үндсэн ойлголт байна. Үүнд: Эрүүгийн процессын зорилго юу вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яагаад заавал хуульчлагдсан журамтай байх ёстой вэ? Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах вэ? Эдгээр асуулт тус бүр нь онолын түвшинд тайлбарлагдаж, практикт хэрэгжих суурь зарчмын үндэс болно. Тухайлбал, эрүүгийн процессын эрх зүйн үндсэн зорилго нь гэм буруутай этгээдийг хууль ёсны дагуу тогтоох, гэм зэмгүй хүнийг хамгаалах, хүний эрхийг хангах, шударга шүүхийн зарчмыг хэрэгжүүлэх явдал юм. Энэ үйл явц нь зөвхөн шүүхийн шатаар хязгаарлагдахгүй. Харин мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, урьдчилсан хэлэлцүүлэг, өмгөөлөгчийн оролцоо зэрэг бүхий л үе шатанд өрнөх нэгдмэл, цогц процессын зохицуулалт юм. Тиймээс, эрүүгийн процессын эрх зүйг зөвхөн шүүхийн ажиллагаа  гэж явцууруулан ойлгох бус, харин тухайн хэрэг эрх зүйн хүрээнд хэрхэн судлагдан шийдвэрлэгдэж буй бүхэл бүтэн үйл явц хэмээн ойлгох нь зүйтэй. Эрүүгийн процессын онолын үндэс нь энэ салбарын шинжлэх ухааны оршихуйн суурь агуулга бөгөөд олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүй, хүний эрхийн онол зэрэг олон чиглэлтэй уялдана. Тухайлбал, эрүүгийн процессын эрх зүй нь тухайн улсын эрх зүйн тогтолцооны үнэт зүйлийг шингээсэн байх тул түүний зарчим нь зөвхөн хуулийн заалтаар хязгаарлагдахгүй, харин эрх зүйн философид үндэслэгдэнэ. Мөн эрүүгийн процессын онол нь шүүхийн хяналтын ач холбогдлыг онцлон тодорхойлно. Энэ хүрээнд “due process of law”  буюу хууль ёсны журмын дагуу шүүлгэх эрх, “presumption of innocence”  буюу гэм буруугүйд тооцох зарчим, нотлох баримтын шинжлэх ухаанч үнэлгээ буюу “scientific evaluation of evidence”  зэрэг нь онолын хувьд гүнзгий судлагдана. Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс нь практик хэрэгжилттэй салшгүй холбоотой бөгөөд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны хэм хэмжээ, хуульчдын ёс зүй, шүүхийн итгэлцэл, шударга байдлыг хэмжих шалгуур болно. Энэ утгаараа, процессын эрх зүйн онол нь хууль зүйн системийн цөмд оршдог, хүний эрх, шударга ёс, эрх зүйн шударга тогтолцоог бий болгох баталгаа юм. Иймд эдгээр асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд энэхүү удиртгал хэсэгт гол ойлголтыг онолын түвшинд танилцуулж, чиг баримжаа өгөх зорилго агуулав. Эрүүгийн процессын оролцогч талууд ба тэдний эрх зүйн байр суурь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасны дагуу тодорхой эрх, үүрэгтэй, эрх зүйн харилцаанд ялгаатай байр суурьтай гурван үндсэн бүлэгт ангилж болох хэд хэдэн оролцогч тал байна. Хэрэг хянан шийдвэрлэгч субъект  → шүүх, прокурор, мөрдөгч; Эрх ашгаа хамгаалуулах этгээ д → сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч; Бусад этгээд  → хохирогч, гэрч, шинжээч, орчуулагч зэрэг. Шүүх бол эрүүгийн процессын төв байр суурь эзлэх оролцогч бөгөөд хэргийг шүүн таслах, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага юм. Шүүхийн үйл ажиллагаа нь хууль ёсны байдал, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хараат бус байдлын зарчимд тулгуурлана. Прокурор нь хэрэгт хяналт тавих, мөрдөн байцаалтын ажиллагаанд удирдлага, хяналт хэрэгжүүлэх, яллах дүгнэлт гаргах, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрх бүхий субъект юм. Тэрээр эрүүгийн хариуцлагын бодлого хэрэгжүүлэгчийн хувьд процессын төв зангилаанд оршино. Мөрдөгч нь эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулах, нотлох баримт цуглуулах, шинжилгээ хийх, баривчлах, нэгжих зэрэг хуульд заасан процессын ажиллагааг гүйцэтгэнэ. Түүний бүрэн эрх нь прокурорын хяналтад байх бөгөөд шүүхийн зөвшөөрлөөр хязгаарлагдана. Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаагаар хангах үүрэгтэй бөгөөд тэднийг төлөөлөн процессын бүхий л шатанд оролцоно. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн үндсэн баталгаа болно. Өмгөөллийн оролцоо нь процессын тэнцвэрт байдлыг хангах чухал механизмын нэг юм. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт гаргах, өмгөөлүүлэх эрхтэй. Тэдгээр этгээд гэм буруугүй байх презумпцийн дор оршдог бөгөөд тэдний эрхийг зөрчихгүйгээр процесс явагдах ёстой. Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол амссан этгээд бөгөөд үнэнийг тогтооход чиглэсэн ажиллагаанд оролцох, шаардлага тавих, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэрч, шинжээч, орчуулагч зэрэг этгээд нь нотлох баримт бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төвийг сахисан, нэмэлт чиг үүрэг бүхий оролцогч байна. Оролцогч талуудын хоорондын эрх зүйн зохистой харилцаа, эрх, үүргийн тэнцвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга, ил тод, хууль ёсны байдлыг хангах суурь нөхцөл болно. Эдгээр оролцогчийн эрх зүйн байр суурийг оновчтой тодорхойлох нь эрх зүйн зохицуулалтын цөм асуудал бөгөөд үүн дээр тулгуурлан шүүхийн тогтолцоо, итгэлцэл, хүний эрхийн хамгаалалт зэрэг хүчин зүйл шууд хамааралтай байна. Эрүүгийн процессын зарчим Эрүүгийн процессын ажиллагаанд удирдамж болох эрх зүйн суурь санааг процессын зарчим гэнэ. Эдгээр нь хууль тогтоомжид тусгагдсан төдийгүй, хүний эрхийн баталгаа болон шударга шүүхийн үндсэн нөхцөл болно. Зарчим нь зөвхөн хууль зүйн ойлголт биш, харин хэргийг шударгаар шийдвэрлэх, хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх тогтолцоог хэрэгжүүлэх механизм юм. Процессын зарчмыг ерөнхий ба тусгай гэж ангилна. Ерөнхий зарчим   → бүх төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтлэг үйлчилнэ. Жишээ нь, хууль ёсны байдал, шүүхийн хараат бус байдал, хүний эрхийг хүндэтгэх зарчим байна. Тусгай зарчим   → зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна. Жишээ нь, сэжигтэн, яллагдагч өөрийгөө хамгаалуулах эрхтэй байх, хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр буруутайд тооцохгүй байх зарчим үйлчилнэ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эдгээр зарчмыг тусгай бүлгээр тодорхой заасан. Мөн эдгээр нь 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчимтай нягт уялдсан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.”  гэх суурь зарчмыг хуульчилсан. Процессын зарчмын хэрэгжилт нь зөвхөн хуульчдын мэргэжлийн ур чадвараас хамаарахгүй. Харин шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч бүр зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, түүний агуулгыг бодитоор хүндэтгэж байж эрх зүйт төр, шударга шүүхийн тогтолцоо бэхэждэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэд хэдэн үе шаттай. Шат бүр нь өөрийн онцлог, зорилготой бөгөөд тухайн үе шатанд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой хууль, журмаар зохицуулагдана. Үе шат бүр хууль ёсны үндэслэлтэй, хүний эрхийг хүндэтгэсэн, нотлох баримтад тулгуурласан байх шаардлагатай. Гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл хүлээн авах ба бүртгэх ажиллагаа   → Энэ үед иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, мэдэгдлийн дагуу хэрэг бүртгэх байгууллага ажиллагаа явуулж эхэлнэ. Урьдчилсан хэлэлцүүлэг   → Шүүхээс өмнөх ажиллагаа бөгөөд нотлох баримт бүрдүүлэх, сэжигтэн тогтоох, яллагдагчаар татах зэрэг шийдвэр гаргана. Энэ шатанд прокурорын хяналт идэвхтэй хэрэгжинэ. Шүүхийн хэлэлцүүлэг   → Хэрэг шүүхэд шилжсэнээр шүүхийн шат эхэлнэ. Шүүгч нотлох баримтыг нягтлан үзэж, оролцогчдын байр суурийг сонсож, хэргийг шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр, түүний биелэлт   → Шүүхийн шийдвэр гарсны дараа ялын биелэлт хангагдаж байгаа эсэх, эсвэл давж заалдах эрхийг хэрэгжүүлэх үйл явц явагдана. Гомдол гаргах, хяналтын шатны ажиллагаа   → Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийг оролцогч талууд эдэлнэ. Энэ шатанд өмнөх шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломж бий. Эдгээр үе шат бүрд процессын зарчим, оролцогчийн эрх, хууль ёсны ажиллагааны нөхцөл бүрэн хангагдсан байх нь эрүүгийн процессын үр нөлөөтэй, шударга байдалд хүрэх гол баталгаа болно. Нотлох баримтын үнэлгээ ба хүний эрхийн баталгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв шийдвэр гаргах үндэс нь нотлох баримтад суурилна. Шүүх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу цуглуулсан эсэх, үнэн зөв эсэх, хэрэгт хамааралтай эсэх зэргийг нарийвчлан шалгаж, бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Нотлох баримтыг үнэлэхэд баримтлах зарчим байна. Баримт нь хууль ёсны эх үүсвэртэй байх; Хүний эрх зөрчих замаар олж авсан баримтыг хэрэглэхгүй байх; Тухайн баримтыг бүрэн, бодитой, хооронд нь уялдаа холбоотойгоор судлах. Хүний эрхийн баталгаа нь эрүүгийн процессын бүх үе шатанд нэгэн адил чухал. Ялангуяа сэжигтэн, яллагдагч нь эрүү шүүлтээс ангид байх эрх; хувийн халдашгүй байдлын эрх; өмгөөлөгч авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх зэрэг нь олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцсэн байдлаар хамгаалагдах ёстой. Процессын үед эдгээр эрхийг зөрчих тохиолдолд нотлох баримт хүчингүйд тооцогдох бөгөөд процессын бүх шатанд хүний эрхийг дээдэлсэн зарчим баримтлах шаардлагатай юм. Дүгнэлт ба сэдвийн уялдаа Материаллаг эрх зүйн ойлголтыг энгийнээр, тодорхойлолт гэж авч үзэж болох бол, амьдрал дээр бодит хэрэглээтэй болж, эрх зүйн зохицуулалт болохын тулд процессын эрх зүй зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс, эрх зүйн тогтолцоонд процессын эрх зүй нь амин чухал байр суурь эзэлнэ. Энэ нь хууль хэрэгжих эсэх, нийгмийн харилцааг жинхэнэ утгаар нь зохицуулах хүчин чадалтай байх эсэхийг шийднэ. Эрүүгийн процессын эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны онол, практик, хүний эрх, төрийн эрх мэдлийн зохистой тэнцвэрийг нэгтгэсэн чухал салбар гэдгийг бүх талаас нь тайлбарлаж хүргэв. Процессын үе шат бүрд хүний эрх, хууль ёсны үндэслэл, нотлох баримтын найдвартай байдал зэрэг хүчин зүйл нэгэн цогц болсноор шударга шүүхийн үндэс суурь тавигдана. Эрүүгийн процессын эрх зүйн суурь ойлголтыг бүрэн гүйцэт, зөв ойлгож, харилцан уялдаатайгаар хүлээн авч сурах нь хуульч мэргэжилтний хувьд зайлшгүй эзэмшсэн байх чадвар юм. Тухайлбал: Процессын зарчим нь зөвхөн хуульд туссан заалт биш, харин шүүн таслах үйл ажиллагаанд мөрдөх зааварчилгаа; Оролцогч талуудын эрх зүйн байр суурь нь процессын динамикт шууд нөлөөлнө; Нотлох баримт, шүүхийн үнэлгээ нь бодит үнэнийг тогтоох, шийдвэрийн хууль ёсны үндэслэл болох гол тулгуур. Эдгээрийг уялдуулах чадвар нь зөвхөн хууль унших биш, харин сэтгэн бодох, кейс дээр ажиллах, хүний эрхийг зөрчихгүй байх эрх зүйн сэтгэлгээний эхлэл болно. Хуульч хүн зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, эрх зүйн шинжилгээ хийж, үндэслэлтэй дүгнэлт гаргаж чаддаг сэтгэлгээтэй байхыг зорих ёстой. Энэхүү удиртгал нь академик судалгааны агуулгад суурь тавьж, чиг баримжаа өгөх, анхдагч суурь ойлголтыг системтэйгээр төлөвшүүлэх зорилго агуулсан гэдгийг хэлээд төгсгөе! Ж.Танан *** #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнПроцессынЭрхЗүй #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхХууль #Зарчим #Хуульч #Өмгөөлөгч #Шүүгч #Прокурор #Гэрч #Сэжигтэн #Яллагдагч #Шийтгэл #ШүүхХурал #Мөрдөгч #Арбитр #ЗөрчлийнЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #АкадемикСудалгаа #ХүнийЭрх #НотлохБаримт #ЭрхЗүйнБайрСуурь #ШударгаЁс #СалбарЭрхЗүй #ЭрхЗүйнСэтгэлгээ #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ГэмтХэрэг #УрьдчилсанХэлэлцүүлэг #ШүүхийнШийдвэр #ХяналтынШатныАжиллагаа #Гомдол #Хохирогч #МатериаллагЭрхЗүй

  • Фрэнсис Фукуяма "Улс төрийн тогтолцооны ялзрал: Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл"

    Номын талаар Улс төрийн шинжлэх ухааны салбарт XX–XXI зууны зааг үеэс онцгой байр суурь эзлэх болсон эрдэмтний нэг бол Ф.Фукуяма юм. Тэрээр 1990 онд хэвлүүлсэн “Түүхийн төгсгөл”  өгүүллээрээ либерал ардчилал  нь хүн төрөлхтний улс төрийн хөгжлийн эцсийн хэлбэр болох боломжтой хэмээн дүгнэж, дэлхий нийтийн анхаарлыг татсан байдаг. Харин 2014 онд хэвлэгдсэн “Улс төрийн тогтолцоо ба улс төрийн ялзрал” (Political Order and Political Decay)  бүтээлдээ тэрээр өмнөх таамаглалаа тодорхой хэмжээнд шинэчилж, ардчилсан тогтолцоо ч мөн институцийн доройтол, шинэчлэлийн удаашрал, авлигад өртөх магадлал, популист хандлагаас бүрэн ангид байх баталгаа биш гэдгийг онцолсон байна. Энэхүү бүтээл нь институцийн чанар, түүний доройтол, шинэчлэлийн үр нөлөө гэсэн гурван хүрээний шинжилгээ агуулж буйгаараа онцлог болжээ. Ф.Фукуямагийн үзлээр улс төрийн тогтолцоо амжилттай тогтохын тулд гурван үндсэн багана шаардлагатай. Нэгдүгээрт , төрийн чадавх  буюу төрийн байгууллага бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, нийтийн үйлчилгээ үзүүлэх, хууль сахиулах чадамжтай байх шаардлагатай. Хоёрдугаарт , хууль дээдлэх зарчим  буюу төрийн эрх мэдэл хуулиар хязгаарлагдаж, иргэн бүр хуулийн өмнө тэгш байх нөхцөл бүрдэх ёстой. Гуравдугаарт , ардчилсан хариуцлагын тогтолцоо буюу иргэд сонгуулиар болон оролцооны бусад хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой байх учиртай. Эдгээр багана хоорондоо зохистой тэнцвэртэй байж чадвал улс төрийн тогтолцоо тогтвортой хөгжих бөгөөд аль нэгийнх нь тэнцвэр алдагдсан нөхцөлд улс төрийн ялзрал эхэлнэ гэж зохиолч тэмдэглэжээ. Улс төрийн ялзрал  гэдэг нь институцийн анхдагч зорилго, чиг үүрэг бүдгэрч, өөрийгөө хамгаалах сонирхол давамгайлахын зэрэгцээ нийгмийн өөрчлөлт, шинэ шаардлагад төдийлөн зохицож чадахгүй болох үйл явц юм. Институцийн доройтол богино хугацаанд илрэхгүй, харин цаг хугацааны явцад хуримтлагдан гүнзгийрдэг байна. Ялзралын гол шинж нь институц дасан зохицох чадвараа алдаж, ашиг сонирхлын бүлэглэл, танил талын сүлжээ, мөнгө болон эрх мэдлийн хамааралд автах явдал болно. Институцийг шинэчлэх, өөрчлөх оролдлого улс төрийн эрх ашигтай ихэнхдээ зөрчилдөж, дотоод эсэргүүцэлтэй тулгардаг тул шинэчлэл удааширч, авлигын бүтэц тогтворжих эрсдэл дагуулдаг байна. Ф.Фукуяма улс төрийн ялзралын шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарласан. Нэн түрүүнд, институцийн чадавх сулрах  буюу төрийн аппарат бодлого хэрэгжүүлэх, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох үед ялзрал эхэлнэ. Мерит зарчим  нэгдүгээрт тавигдахгүй, харин албан тушаал, шийдвэр гаргалтад танил тал, намын харьяалал, эрх мэдлийн хэлхээ давамгайлах үед байгууллага анх тогтоосон зорилгоосоо хазайж, нийтийн хэрэгцээг хангах бус, тодорхой бүлэглэлд үйлчилж эхэлнэ. Мөн клиентелизм  буюу сонгогч болон ашиг сонирхлын бүлэгт үйлчилж, бодлого богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд хэт чиглэгдэх нь засаж боломгүй эрсдэл байна. Үүнээс гадна сонгогдсон албан тушаалтан иргэдийн өмнө хариуцлага хүлээх механизм сулрах нь ардчиллын институцийн утгыг алдагдуулна. Улс төрийн ялзралын үр дагавар хамгийн түрүүнд төрийн үйл ажиллагааны чанарт нөлөөлнө. Авлига газар авч, бодлогын хэрэгжилт буурч, төрийн үйлчилгээ шударга бус, үр ашиггүй болно. Хууль дээдлэх зарчим алдагдахад иргэдийн төрд итгэх итгэл суларч, улмаар нийгмийн оролцоо, улс төрийн идэвх буурна. Энэ нөхцөл байдал улс төрчдөд популист хандлага гаргахад таатай хөрс бүрдүүлж, бодит реформ хийхийн оронд олон нийтийн сэтгэл хөдлөлд нийцүүлсэн амлалт өгөхийг өдөөдөг. Улмаар институцийн чадавх улам суларч, улс төрийн сөрөг мөчлөг давтагдах уршигтай. Ф.Фукуямагийн үзлээр улс төрийн ялзралаас гарах гарц нь институцийн шинэтгэл хэрэгжүүлэхэд оршино. Үүнд төрийн чадавхыг бэхжүүлэх, мерит зарчмыг нэвтрүүлэх, хууль дээдлэх зарчмыг чанд сахих, иргэний оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн соёлыг шинэ шатанд гаргах үйл явц багтана. Институцийн реформ нь зөвхөн хууль, дүрэм өөрчлөхөд хязгаарлагдахгүй, харин соёл, үнэт зүйлийн түвшний өөрчлөлттэй уялдах шаардлагатай. Авлигыг үл тэвчих, бодлого боловсруулахдаа нотолгоонд тулгуурлах, хариуцлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх нь улс төрийн ялзралыг арилгахад чиглэнэ. Эцэст нь Ф.Фукуямагийн тодорхойлсон улс төрийн ялзрал  гэх ойлголт нь орчин цагийн ардчиллын тулгамдсан асуудлыг тайлбарлахад чухал байр эзэлнэ. Институцийн чанар, шинэчлэлийн үр нөлөө улс орны хөгжлийн суурь бөгөөд тэдгээрийн доройтол улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд сөрөг үр нөлөө авчирна. Иймээс ардчиллыг зөвхөн сонгуулиар хэмжих бус, харин институцийн гүйцэтгэл, хууль дээдлэх зарчим, иргэний хяналт, төрийн чадавхын бодит үзүүлэлтээр дүгнэх шаардлагатай. Хэрэв улс төрийн ялзрал тасралтгүй үргэлжилбэл ардчиллын мөн чанар алдагдаж, улс орны хөгжлийн боломж хумигдана. Харин институцийн шинэчлэл, мерит зарчмын төлөвшил, нотолгоонд тулгуурласан шийдвэр, иргэдийн идэвхтэй оролцоо нь улс төрийн ялзралыг үгүй хийж, тогтвортой хөгжлийн замд хөтлөх гол нөхцөл болно. Шүүмжлэлт өнцөг Ф.Фукуяма улс төрийн тогтолцооны доройтлыг институцийн чанартай нягт уялдуулан тайлбарлаж, төрийн чадавх, хууль дээдлэх зарчим, ардчилсан хариуцлагын тэнцвэрийг улс төрийн амжилтын үндсэн нөхцөл хэмээн тодорхойлсон нь онолын хувьд чухал хувь нэмэр болсон. Гэсэн ч түүний онол хэд хэдэн талаараа төгөлдөр бус, шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Юуны өмнө, Ф.Фукуяма улс төрийн хөгжлийн үндсэн нэгжийг институцийн бүтэц, чадавхтай хэт уяж, соёлын онцлог, түүхэн нөхцөл, эдийн засгийн бүтцийн ялгааг дутуу үнэлсэн гэж үзэх байр суурь түгээмэл бий. Ижил төрлийн институцийн загварыг өөр бүс нутагт дуурайн нэвтрүүлсэн ч үр дүн өөр гардаг байтал Ф.Фукуямагийн онол үүнийг хангалттай тайлбарлаж чаддаггүй. Тухайлбал, мерит зарчим, хууль дээдлэх зарчмыг нэвтрүүлэх нь зөв боловч нутгийн соёл, уламжлал, улс төрийн сонирхлын бүтэц өөр тохиолдолд үр ашиг нь эрс ялгаатай. Ийм нөхцөлд институцийн шилжүүлэлтийг техникийн шинэчлэл мэтээр үзэх нь бодит бус юм. Эрх мэдлийн харилцаа, хэвшмэл соёл, нийгмийн сэтгэлгээтэй салшгүй уялдааг Бенедикт Андерсон [1] , Дарон Асемоглу [2]  нар авч үзсэн байдаг. Дараа нь, Ф.Фукуяма улс төрийн тогтолцооны ялзралыг дотоод институцийн доголдлоор ихэвчлэн тайлбарласан, харин геополитик, эдийн засгийн хамаарал, дэлхийн зах зээл, технологийн шилжилт зэрэг гадаад орчны нөлөө бүхий хүчин зүйлийг харьцангуй сул авч үзсэн. Жижиг, нээлттэй эдийн засагтай улс орны хувьд институцийн чадвар дангаараа улс төрийн тогтвортой байдлыг хангах боломжгүй нөхцөл байнга үүсдэг гэдгийг анхаарах нь зүй. Ялангуяа хөгжиж буй орны хувьд чухал бөгөөд Ф.Фукуямагийн загварын тусгаар тогтносон тэгш байдлын төсөөлөл бодит нөхцөлтэй нийцэхгүй улмаас онолын зөрчил үүсгэнэ. Гуравдугаарт, Ф.Фукуяма институцийн шинэчлэл, мерит зарчмыг улс төрийн ялзралаас гарах үндсэн гарц хэмээн тайлбарладаг ч шинэчлэл ямар улс төрийн нөхцөлд, ямар механизмаар хэрэгжих боломжтой талаар хангалттай загвар боловсруулаагүй. Шинэчлэл хийх улс төрийн хүсэл эрмэлзэл хаанаас үүсэх, эсвэл авлига, ашиг сонирхлын сүлжээний дунд реформыг хэрэгжүүлэх эхлэл хаанаас тавигдах нь онолын хүрээнд тодорхой бус. Институцийн шинэчлэлийг зөвхөн зохион байгуулалтын түвшний арга хэмжээ мэтээр харах нь улс төрийн бодит нөхцөл болох хүчний тэнцвэр, сонирхлын нөлөөллийг орхигдуулах эрсдэлтэй. Мөн түүний онолд ардчиллын хямралыг институцийн доройтлын үр дагавар гэж үздэг атлаа ардчиллын бүтэц, улс төрийн намын хувьсал, төлөөллийн хямралыг онолын төвд авч үзээгүй байдал анзаарагдана. Мэдээллийн тэгш бус байдал, олон нийтийн сэтгэл зүй, масс медиа, популизмын өсөлт зэрэг ардчилсан тогтолцооны дотоод зөрчил нь институцийн гүйцэтгэлээс илүүтэйгээр ардчиллын өөрийнх нь механизмтай холбоотой гэдгийг Ф.Фукуяма хангалттай авч үзээгүй гэж эрдэмтэд шүүмжилдэг байна. Өөр нэгэн шүүмжлэл нь Ф.Фукуямагийн улс төрийн хөгжилд баруун төвтэй ханддаг үзэлтэй холбоотой. Тэрээр улс төрийн институцийн өндөр үр ашиг, хууль дээдлэх зарчмыг Европын түүхэн туршлагаар голлон тайлбарлаж, баруун төвтэй хэв шинжийг загвар хэмээн дөвийлгөх хандлага ажиглагдана. Энэ үүднээс түүний онолыг зарим судлаач хөгжлийн шатлалын төсөөлөлтэй, улмаар хөгжиж буй орны улс төр, соёлын онцлогийг бууруулан үнэлэх хандлагатай гэж үздэг. Эцэст нь, Ф.Фукуямагийн анхны том онол болох “Түүхийн төгсгөл” үзэл нь дараагийн бүтээлд тодорхой хэмжээгээр үгүйсгэгдсэн ч шинэ бүтээлдээ либерал ардчиллыг улс төрийн хөгжлийн хамгийн дэвшилт загвар мэтээр дүгнэх суурь хэвээр хадгалсан тал харагдана. Онолын хувьд нэгдмэл мэт боловч бодит байдал дээр олон улс оронд өөр замнал, өөр институцийн хэлбэр амжилттай хэрэгжиж болохыг дутуу үнэлсэн явдал болно. Иймд Ф.Фукуямагийн онол улс төрийн институцийн ач холбогдлыг тодорхой, ил тод болгосон давуу талтай боловч улс төрийн хувьсал, хүчний тэнцвэр, соёлын хэв шинж, гадаад орчны нөлөө, ардчиллын дотоод зөрчил, реформын бодит механизм зэргийг дутуу хамарсан сул талтай. Ийн шүүмжлэлтэй хандах нь онол бүрэн бус гэсэн үг биш, харин бодит улс төрийг тайлбарлах олон өнцөгт хандлагыг шаарддагийг сануулж буй хэрэг юм. Монголд буулгах бол Энэ онолыг Монголын нөхцөлд буулгаж ойлговол, улс төрийн ялзралын илрэл нь зөвхөн институцийн чадавхын асуудал бус, харин эрх мэдлийн төвлөрөл, улс төр болон эдийн засгийн ашиг сонирхлын гинжин хамаарал, нийгмийн соёлын хэв шинжтэй салшгүй холбоотой. Тухайлбал, намын томилгоо нь төрийн албаны мерит зарчмыг алдагдуулж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад улс төрийн нөлөө давамгайлах нөхцөл үүсгэдэг. Үүнтэй уялдан бодлого нь шинжлэх ухаан, нотолгоонд бус, харин богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд тулгуурлах хандлагатай болж байна. Ийм тогтсон клиентелизм нь Ф.Фукуямагийн тодорхойлсон институцийн доройтлын шинжийг илтгэнэ. Монголын улс төрийн орчинд хэвшсэн үзэгдлийн нэг нь хариуцлагын тогтолцоо бодитоор үйлчлэхгүй байгаа явдал юм. Сонгогдсон албан тушаалтны хариуцлагын механизм сул, ил тод байдал хангалтгүй, олон нийтийн хяналт бэхжээгүй нь төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг улам давамгай болгодог. Хуулийн хэрэгжилт, шүүхийн хараат бус байдлын талаарх эргэлзээ ч мөн институцийн чанарыг сулруулах эрсдэлтэй. Энэ бүхнээс шалтгаалж иргэдийн төрд итгэх итгэл буурч, улс төрийн оролцоо сулрах хандлага ажиглагдаж буй нь Ф.Фукуямагийн тайлбарласан улс төрийн мөчлөг дахин давтагдах нөхцөл бүрдүүлнэ. Улс төрийн ялзралын голомт зөвхөн институцийн түвшинд бий болдоггүй, харин нийгмийн сэтгэл зүй, соёлын хандлага , хэвшмэл ойлголтыг дагаж тогтдог онцлогтой. Монголын хувьд үндэстний нэгдмэл соёл, язгуурын үнэт зүйл уламжлалын бат бөх, улс төр, төрийн уламжлал харьцангуй богино зэргээс шалтгаалж, институцийн тогтолцоо амархан ганхдаг. Өөрөөр хэлбэл, нөлөө бүхий бүлэг, гэр бүлийн сүлжээ, улс төр, эдийн засгийн элитийн нөлөө нь төрийн институцийг тогтвортой хөгжүүлэх үйл явцыг удаашруулах хүчин зүйл болж байна. Түүнчлэн хууль тогтоомжийн тогтворгүй байдал , бодлогын давтамжтай өөрчлөлт нь төрийн чадавхыг сулруулах гол хүчин зүйл юм. Бодлого урт хугацааны зорилго руу чиглэж чадахгүй, засаглалын мөчлөгөөс хэт хамааралтай байгаа нь институцийн хөгжлийг сааруулж, реформын үр дүнг бүдгэрүүлдэг. Үүнтэй уялдан бизнесийн орчин тогтворгүй, хөрөнгө оруулалтын итгэл сул, зах зээлийн бүтэц хэврэг байгаа нь улс төрийн ялзралын эдийн засгийн үр дагавар болон харагдана. Ф.Фукуямагийн онолд өгүүлсэнчлэн, улс төрийн ялзралаас гарахын тулд институцийн шинэчлэл идэвхтэй явагдах шаардлагатай. Монгол Улсад шинэчлэл гурван үндсэн чиглэлд хэрэгжих боломжтой. Нэгдүгээрт , төрийн албаны мерит зарчмыг бодитоор хэрэгжүүлж, чадвар, туршлагад суурилсан томилгоог хэвшүүлэх. Хоёрдугаарт , хууль дээдлэх зарчмыг хангаж, хуулийн хэрэгжилтийг нэг мөр сахиулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх. Гуравдугаарт , иргэдийн оролцоо, хяналтыг бодитоор нэмэгдүүлэх замаар хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох. Эдгээр чиглэлд амжилттай хэрэгжилттэй бодлого шаардагдана. Төрийн албанд мерит зарчмыг нэлээд өрөөсгөлөөр ойлгож, удаан ажилласан, шат дараатай дэвшсэн, ахмад зэрэг үзүүлэлтийг гол шалгуур хэмээн хандах нь түгээмэл. Үнэн хэрэгтээ мерит зарчим нь хугацаа, нас, албан тушаалын түүх бус, харин тухайн хүний мэдлэг, ур чадвар, ажил гүйцэтгэл, мэргэшлийн түвшнийг үнэлж, чадвартайгаа нотолсон хүнийг сонгон шалгаруулж томилох шударга, ил тод зохицуулалт юм. Мерит зарчмын гол утга нь хүнийг албан тушаалын шат дамжсан хугацаагаар бус, тухайн ажил үүргийг хамгийн өндөр чадвараар гүйцэтгэж чадах бүтээмж, мэдлэг, ур чадвараар нь үнэлэхэд оршино. Монголд хууль дээдлэх зарчмыг заримдаа төр төмөр нүүртэй хэмээн зүйрлэж, хуулийн хариуцлагыг дан ганц чангатгах асуудалтай андуурч ойлгох нь бий. Үнэн хэрэгтээ хууль дээдлэх зарчим нь иргэн, албан тушаалтан, байгууллага гэлтгүй бүгд хуулийн өмнө тэгш байх, төрийн үйл ажиллагаа дур зоргоор бус хуулийн үндэслэлтэй, ил тод, хязгаартай байхыг шаардсан өргөн хүрээний ойлголт бөгөөд зөвхөн ял шийтгэлээр айлгах бус, хууль хэрэгжих орчныг шударга, нээлттэй, хариуцлагатай болгохыг хэлнэ. Иргэдийн оролцоо, хяналтыг бодитоор нэмэгдүүлэх гэдэг нь төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд зөвхөн сонгуулийн үеэр санал өгөхөөс цаашгүй байхаар хязгаарлахгүй, харин бодлого боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх, мэдээлэл авах, санал хүсэлт хүргүүлэх, ил тод байдлыг шаардах зэргээр идэвхтэй оролцохыг хэлнэ. Энэ хүрээнд олон нийтийн сонсгол, иргэний зөвлөл, хараат бус ажиглалт, мэдээллийн нээлттэй сан, аудитын тайлан, хэвлэл мэдээллийн хяналт зэрэг арга хэрэгслээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ. Иргэдийн бодит оролцоо нь төрийн ил тод байдлыг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэн, төрийн бодлого олон нийтийн хэрэгцээнд нийцэх баталгаа болно. Гэхдээ институцийн шинэчлэл зөвхөн эрх зүйн хүрээнд хийснээр хангалтгүй, харин улс төрийн соёл, нийгмийн хандлага, иргэдийн үнэт зүйлийг өөрчлөх өргөн хүрээний өөрчлөлт дагалдах ёстой. Үүнд авлигыг үл тэвчих ёс суртахууны хэм хэмжээ, төрийн үйлчилгээг чанартай авах соёл, олон нийтийн оролцоо, мэдээллийн ил тод байдал зэрэг үндсэн үнэт зүйл багтана. Энэ бол зөвхөн институцийг шинэчлэх бус, харин нийгмийн өргөн хүрээний өөрчлөлтийн үүд хаалга гэдгийг Ф.Фукуяма онцолсон нь Монголын хувьд ч үнэ цэнтэй. Иймд Ф.Фукуямагийн онолыг Монголын нөхцөлд буулгавал, улс төрийн ялзрал бол институцийн доголдлын шууд үр дүн гэхээс илүүтэй түүхэн туршлага, уламжлалт хандлага, улс төр, эдийн засгийн сонирхлын нийлмэл бүтэцтэй уялдсан үзэгдэл болох нь харагдана. Улс төрийн соёл, эрх мэдлийн бүтэц, нийгмийн оролцоог хамтад нь өөрчлөх шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж байж улс төрийн ялзралаас гарч болно. С.Нямжаргал Зүүлт тайлбар [1]  Бенедикт Андерсон (Benedict Anderson, 1936–2015) нь улс төрийн шинжлэх ухаан, түүх, соёлын антропологийн чиглэлээр ажилласан нэрт судлаач. Тэрээр 1983 онд хэвлүүлсэн “Imagined Communities”  (Төсөөллийн нийгэм) бүтээлээрээ танигдсан. Уг бүтээлд үндэстэн гэдэг нь биологийн, цусны, газар нутгийн зайлшгүй холбоо бус, харин хүмүүсийн оюун санаанд төсөөлөн бүтээсэн улс төр болон соёлын хамтын нэгдэл гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, үндэстэн бол хүмүүсийн төсөөллийн түвшинд бэхэжсэн, хэл, хэвлэл мэдээлэл, түүхэн ой санамж, бэлгэдэл дээр тулгуурласан хийсвэр хамтын бүтэц. Түүний үзэл нь үндэстний тухай уламжлалт ойлголтыг эрс шинэчилсэн тул Б.Андерсоныг XX зууны нөлөө бүхий онолчийн нэг гэж тооцдог. [2]  Дарон Асемоглу (Daron Acemoglu, 1967–) нь Массачусетсийн Технологийн Их Сургуулийн профессор, эдийн засаг, улс төрийн институцийн судалгааны чиглэлээр дэлхийд танигдсан эдийн засагч. Ж.Робинсонтой хамтран бичсэн “ Why Nations Fail”  (Яагаад улс орнууд бүтэлгүйддэг вэ?) болон “The Narrow Corridor”  (Давчуу хонгил) зэрэг бүтээл туурвисан. Тэрээр улс орны хөгжил, ядуурал, ардчилал, баялгийн хуваарилалт нь байгалийн баялаг, соёл, газар зүйгээр бус харин институцийн чанараар тодорхойлогдоно гэж онцолсон. Ялангуяа оролцоо, хариуцлага, эрх тэгш байдлыг хангадаг “inclusive institutions” хөгжлийг дэмждэг бол, эрх мэдлийг цөөнхийн гарт төвлөрүүлсэн “extractive institutions”  улс орныг удаан хугацаанд хоцрогдуулдаг гэж тайлбарласан нь эдийн засаг болон улс төрийн шинжлэх ухаанд шинэ чиг хандлага нээсэн гэж үнэлэгддэг. Улс төрийн тогтолцооны ялзрал #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #УлсТөрийнТогтолцооныЯлзрал #ФранцисФукуяма #УлсТөр #ЭрхЗүйнСоциологи #БиднийУншсан100Ном #НомынТэмдэглэл #Авлига #ТөрийнИнституц #Ардчилал #УлсТөрийнТогтолцоо #Хөгжил #ДундадДавхарга #Нийгэм #Сонгууль #ЭрхМэдэл #АлбанХаагч #Соёл #Уламжлал #ХуульДээдлэхЗарчим #ШүүхЭрхМэдэл #Төр #НаполеоныКод #ФранцынХувьсгал #Амьжиргаа #ТөрдИтгэхИтгэл #ИргэдийнОролцоо #ПрүүсТөр #ХөгжлийнОронЗай #Онол #УлсТөрийнШинжлэхУхаан #Хонжооч #БялууХуваалт #Сонгогч #ЭдийнЗасаг #Хариуцлага #Хууль

  • “ORDER OUT OF CHAOS Man’s New Dialogue with Nature” (Хаосоос дэг журам төрөхүй) номын өмнөтгөл

    Америкийн нэрт ирээдүй судлаач, сэтгэгч Алвин Тоффлер (1928–2016) нь технологийн хувьсал, мэдээллийн эрин, нийгмийн өөрчлөлтийн тухай дэвшүүлсэн онолуудаараа дэлхийд танигдсан зохиолч бөгөөд “Future Shock” ,  “The Third Wave” ,  “Powershift”  зэрэг бүтээлдээ хувьслын дунд бий болдог шинэ дэг журмыг ухаарах шаардлагыг онцолсон байдаг. Тэрээр Нобелийн шагналт эрдэмтэн Илья Пригожин, Изабелла Стенгерс нарын хамтран туурвисан “Order out of Chaos: Man’s New Dialogue with Nature”  буюу “Хаосоос дэг журам төрөхүй: Хүн ба байгалийн харилцаа” номын өмнөтгөлийг бичихдээ замбараагүй байдлаас дэг журам үүсэх  тухай байгалийн шинжлэх ухааны онолыг нийгмийн хөгжлийн логиктой холбон тайлбарласан юм. А.Тоффлерийн хувьд энэхүү ном нь зөвхөн физикийн тухай бүтээл бус, харин хүний оюун ухаан, соёл, технологийн эрс шинэчлэл дундаас үүсэн гарч ирэх шинэ дэг журмыг ойлгох түлхүүр байв. Тиймээс тэрээр номын өмнөтгөлд замбараагүй байдал нь сүйрэл бус, харин хувьслын боломж хэмээн тодорхойлж, шинжлэх ухаан ба нийгмийн харилцан яриаг эхлүүлэх урам зориг өгсөн билээ. Номын өмнөтгөлд А.Тоффлер орчин үеийн шинжлэх ухааныг хэсэгчлэн задлах  (dissection) арга барилаар туйлшран хөгжүүлсэн нь хожим юмс үзэгдлийг цогцоор харах чадварыг алдуулсан тухай өгүүлнэ. Энэхүү үзэгдэл нь шинжлэх ухаанд хэт нарийн мэргэшил, тусгаарлал үүсгэсэн бөгөөд И.Пригожин үүнийг сэргээж, шинжлэх ухааны салбаруудыг дахин нэгтгэх, байгалийн үзэгдэл, хүний ертөнцийг нэгэн цогц байдлаар авч үзэхийг зорьжээ. А.Тоффлер И.Пригожины замбараагүй байдлаас үүсэх дэг журам гэсэн онолыг шинжлэх ухааны хувьсгал гэж нэрлэж, сонгодог механик үзэл ба статик тогтвортой загварыг үгүйсгэн, нээлттэй систем, тогтворгүй байдал, хугацаа ба хувьсал зэрэг ойлголтыг шинжлэх ухааны төвд авчирсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, И.Пригожин, И.Стенгерс нарын бүтээл нь ертөнцийг машин мэт хаалттай систем гэж үзэх хандлагыг халж, нээлттэй, хувьсамтгай, шалтгаан ба тохиолдлын уялдаа бүхий дүр зургийг гаргаж иржээ. А.Тоффлер мөн И.Пригожины диссипатив бүтэц (dissipative structures)  ба өөрөө зохион байгуулах (self-organization)  үзлийг тайлбарлаж, систем тодорхой нөхцөлд замбараагүй байдлаас шинэ бүтэц, шинэ дэг журам үүсгэдгийг онцолсон. Тэрээр энэхүү онолыг физик, химийн хүрээнээс хальж, нийгмийн систем, эдийн засаг, улс төр, хувьсгалын явцыг ойлгоход ч хэрэглэж болох парадигм хэмээн үзсэн байна. Цаашлаад А.Тоффлер энэхүү онолыг цаг хугацаа, энтропи [1] , эргэлт буцалтгүй байдал, хүний нийгмийн хувьслын тухай ойлголттой холбосон. Энтропи бол зөвхөн задралын илрэл бус, тодорхой нөхцөлд шинэ дэг журам төрүүлэх хүч болж чадна гэж дүгнэжээ. Эцэст нь А.Тоффлер “Order Out of Chaos”  номыг шинжлэх ухаан, нийгэм, философийн уялдаа холбоог сэргээсэн, хүнийг байгалийн салшгүй хэсэг гэж харуулах зорилготой, шинжлэх ухааны шинэ эрин үеийг нээсэн бүтээл хэмээн тодорхойлсон. Түүний үзэж байгаагаар энэхүү ном шинжлэх ухааны зорилго, арга зүй, мэдлэгийн философийг дахин авч үзэхэд түлхэц болсон, замбараагүй, тогтворгүй ертөнцөд шинэ дэг журам бүтээх урам зориг өгөх бүтээл аж. Харин уншигчийн хувьд номын өмнөтгөлийг уншаад хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь А.Тоффлерийн дуу хоолойгоор дамжин хүрсэн нэгэн итгэл байлаа. Тэр бол замбараагүй байдлын гүнд эмх цэгцийн үр оршдог, задралын цаана дахин мэндлэх боломж нуугдаж байдаг гэсэн үзэл юм. Энэхүү үзэл нь шинжлэх ухаанд төдийгүй, хувь хүний амьдрал, нийгмийн хувьсалд ч хамаатай, ижил утгаар үйлчилдэг үнэн. Тогтворгүй нөхцөл байдлаас айж эмээх бус, харин түүнд шинэчлэл, утга учрыг шинээр зохион байгуулах боломж оршдогийг сануулан, урагш алхах урам зориг өгөх нь А.Тоффлерийн өгүүлсэн санааны гол цөм байлаа. Зүүлт тайлбар [1]   Энтропи (entropy)  гэдэг нь физик, мэдээлэл зүй, философи зэрэг олон салбарт хэрэглэгддэг ч үндсэндээ замбараагүй байдлын хэмжүүр гэсэн утгатай ойлголт юм. Ж.Танан #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НомынТэмдэглэл #НийгмийнХөгжил #ШинжлэхУхаан #ИльяПригожин #АлвинТоффлер #Хаос #OrderOutOfChaos #ШинэДэгЖурам #Энтропи #DissipativeStructures #SelfOrganization #ШинжлэхУхаан #НийгмийнӨөрчлөлт #ШинэПарадигм #FutureShock #TheThirdWave #Powershift #ИрээдүйСудлал #ЭрдэмШинжилгээ #НээлттэйСистем #ТогтворгүйБайдал #Хувьсал #SystemsThinking #Философи #NatureAndMan #ScienceAndSociety #МэдлэгийнЭдийнЗасаг #ЦахимИргэншил #МэдээллийнНийгэм #СоёлТехнологи #НийгмийнФилософи #ШинжлэхУхааныФилософи #Complexity #ChaosTheory #TimeAndChange #ЗамбараагүйБайдал #NewDialogue #ScientificRevolution #Prigogine #Stengers #Тоффлер #SelfOrganizingSystems #ModernScience #Evolution #НийгмийнСистем

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ

    Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ ЗХШ-ийн үйл ажиллагааг том зургаар харах, олж авсан мэдлэг бодит амьдралын нөхцөл байдалтай хэрхэн нийцэж буйг бүрэн дүүрэн ойлгох, контекстийг гаргаж өгөх зорилго өвөртлөн статистик дүн шинжилгээг хийж, гарсан үр дүнг тайлбарлан, судлаачийн үзэл бодлоо дэвшүүлж дүгнэлт хийлээ. Ерөнхий төсөөлөл өгөх, илүү ойлгомжтой байлгах үүднээс дүн шинжилгээнд ашигласан мэдээлэл, үр дүнгийн заримыг хүснэгтээр, ихэнхийг төрөл бүрийн график дүрслэлийн аргаар илэрхийлэн бүтэц, зүй тогтол, харьцуулалт, харилцан уялдаа, цаг хугацааны динамик өөрчлөлтийн чиг хандлагыг харуулав. Дүн шинжилгээг хийхэд статистикийн мэдээллийн нэгдсэн сан, НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан [1] , үйлчилгээний хэлтэс, тамгын газрын үйл ажиллагааны тайлан, ШЕЗ-өөс жил бүр нэгтгэн гаргадаг “Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ” [2] , легал дата цахим хуудас [3]  зэргээс тоо мэдээг авч ашиглав [4] . Хандаж ашигласан эх сурвалжуудад тухайн тайлант хугацааны үр дүнг харуулсан тоо мэдээ агуулагдах боловч, (i) хугацааны цуваа байдлаар; (ii) бусад шүүхтэй харьцуулсан байдлаар; (iii) тоо мэдээ дээр анализ хийж; (iv) ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоогүй байв. Эдгээр цоорхойг нөхөж НдЗХАШШ-ийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг ЗХАШШ-тэй харьцуулж, анализ хийв. Тодруулбал, эхний хэсэгт ЗХШ-ийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан бол хоёр дахь хэсэгт прогноз, тооцоог орууллаа. Статистик дүн шинжилгээг хийснээр шүүхийн ирээдүйн ачаалал, сорилтыг урьдчилан таамаглаж, тогтолцоог зохих ёсоор бэлтгэх боломж бүрдэхээс гадна, харьцуулалт нь шүүхэд чиглэсэн шинэчлэл хийх, шүүгчийн тоог нэмэх, шүүхэд нэмэлт санхүүжилт олгох, хөрөнгө хуваарилах үндэслэл бүхий хөндлөнгийн судалгаа болно. Дүгнэлт нь судлаачийн дүн шинжилгээ, ажиглалтад үндэслэсэн ба шүүхийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. I. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий дүр зураг Энэ ажилд ЗХШ-ийн хүртээмж ; ЗХАШШ  ба НДЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг , харьцуулалт ; захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам ; түгээмэл болон төдийлөн тохиолддоггүй нэхэмжлэл, хэрэг, маргааны төрөл, тэдгээрийн учир шалтгаан; үлдэгдэл хэрэг ; хариуцагч  болон нэхэмжлэгч ; захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага ; шүүгчийн ажлын ачаалал ; шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоог  тодруулсан. Эцэст ЗХАШШ-ийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг 2018-2023 оны байдлаар нэгдсэн байдлаар харж болох дашбордыг боловсруулсан (Хавсралт) . Захиргааны хэргийн шүүхийн хүртээмж Манай улс 2023 оны байдлаар 3’396’788 хүн амтай [5]  ба ЗХАШШ 90.4 шүүгчтэй, 37’575 хүн тутамд 1 шүүгч ногдож байна. Харин Улаанбаатар хотын хүн ам 1’640’781 ба НдЗХАШШ-д 22.8 шүүгч ажилласан нь 71’930 хүн тутамд 1 шүүгч ногдож байна [6] . ЗХШ-ийн 2023 оны байдлаар хамрах хүрээг илэрхийлэх тоо мэдээллийг, харьцуулалтын хамт хүснэгтэд харуулав. Хүснэгт 1 Захиргааны хэргийн шүүхийн хамрах хүрээ Үзүүлэлт 2023 Харьцуулалт Монгол Улсын хүн амын тоо 3,396,788   Улаанбаатар хотын хүн амын тоо 1,640,781 48.30% ЗХАШШ шүүгчийн тоо 90.4   НдЗХАШШ шүүгчийн тоо 22.8 3.96x ↓ Улсын хэмжээнд ЗХАШШ-ийн нэг шүүгчид ногдох хүний тоо 37,575   НдЗХАШШ-ийн нэг шүүгчид ногдох хүний тоо 71,930 1.91x ↑ Тоо мэдээнээс Улаанбаатар хотод хүн амын нягтрал өндөр буюу хүн амын 48 хувь оршин суудаг, НдЗХАШШ шүүгчийн тоо 4 дахин бага, 1 шүүгчид ногдох хүний тоо 2 дахин их байна. Нийслэл хотод захиргааны байгууллагын төвлөрөл ихтэй, ЗХШ-ийн эрэлт хэрэгцээтэй, тэр хэмжээгээр хэргийн ачаалал бусад нутагтай харьцуулахад өндөр юм. Нөөцийн тэнцвэргүй хуваарилалт, шүүхийн хүртээмжийн хүрэлцээгүй байдлын үр дагавар нь эргээд шүүхийн ачаалалд нөлөөлж, шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдэл өсөх, нөөц хүрэлцэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах, шүүхийн шийдвэр гарах хугацааг уртсах, тэр бүү хэл шүүх хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг хязгаарлах үндсэн шалтгаан болдог байж болзошгүй. Тиймээс, эхний ээлжид ажлын ачааллыг тэнцвэржүүлж, ХХША-ны үр ашгийг дээшлүүлэхийн тулд НдЗХАШШ-д шүүгч нэмж хуваарилах, орон тоог нэмэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрэв. Шүүгчийн томилгоог нэн даруй хийх боломжгүй бол нийслэлд илүү үр дүнтэй хэргийн удирдлага, хуваарилалтын системийг шинэчлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Манай улс өргөн уудам газар нутагтай тул зарим асуудалд мажоритар буюу газар зүйн төлөөлөл зохицох ч шүүх тогтолцооны хувьд шүүхийн үйлчилгээний хүртээмж хүн амтай пропорциональ буюу хүн амын тоонд үндэслэх нь зүйтэй. Хэрэв шүүгчийн хуваарилалт пропорциональ бол хүн амын тоог харгалзан улсын нийт шүүгчийн тал хувь буюу 45 орчим шүүгч НдЗХАШШ-д байхаар байна. Товчхондоо, шүүгчийн хуваарилалтад мажоритар хандлагыг баримталдаг нь төдийлөн зүйтэй бус хэмээн харж байна. Шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг 2004-2023 онд ЗХАШШ нийт 40’246 нэхэмжлэл хүлээн авсан ба 20 жилийн хугацаанд жилд дунджаар 12.27 хувийн өсөлтийг үзүүлжээ. Харин шийдвэрлэсэн хэрэг 24’759 ба жилд дунджаар 18.94 хувь өссөн байна. Хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 61.52 хувь байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүлээн авсан нэхэмжлэл 6 дахин, шийдвэрлэсэн хэрэг 16 дахин нэмэгдсэн байна. 2004-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг, тэдгээрийн өсөлт, хүлээн авсан нэхэмжлэлд эзлэх шийдвэрлэсэн хэргийн хувь хэмжээг динамик өөрчлөлтийн диаграмм графикт буулгалаа. График 1 ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг Нэг талаас шийдвэрлэсэн хэргийн тоо жил ирэх тутам өссөн нь иргэдийн эрх зүйн мэдлэг, соёл, ухамсар дээшилж, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхэд хандаж сэргээлгэх хандлага төлөвшиж байна. Харин нөгөө талаас, хүн, хуулийн этгээд ЗХШ-д хандахаас өмнө захиргааны акт хууль болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянуулахаар гомдлоо эрх бүхий дээд шатны захиргааны байгууллагад урьдчилан хандаж, асуудлаа шийдвэрлүүлсэн байхыг шаарддаг байтал жил ирэх тусам захиргааны асуудлаар шүүхэд хандах тоо үлэмж нэмэгдсэн нь дээд шатны захиргааны байгууллага асуудлыг бүрэн гүйцэт шийдвэрлэдэггүй, шийдвэрлэсэн ч төдийлөн хүссэн шийдвэрийг гаргадаггүй, захиргааны байгууллага өөрийгөө хянаж, алдаагаа засдаггүй, гомдол гаргагч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаанаас амжилт олдоггүй, эсвэл шүүхэд хандаж болох тул шүүх л шийдвэрийг гаргана гэсэн байдалтай асуудалд хандаж буйг илтгэнэ. Хуулийн дагуу нийтийн буюу төрийн захиргааны байгууллагын асуудлыг шийдвэрлэх шат дамжлага хэт олон, тэр хэмжээгээр гомдсон хүний цаг хугацаа, зардал мөнгө үрэгддэг байна. Үүн дээр нэмээд, шүүхээс хянан шийдвэрлэх маргааныг тоочих зарчмаас [7]  татгалзаж шүүхийн хөндлөнгийн, хараат бус хяналтын хүрээ захиргааны бүхий л хууль бус үйл ажиллагааг хамаарч өргөжсөнтэй [8]  холбоотой ЗХАШШ-ийн хүлээн авах нэхэмжлэлийн тоо нэмэгджээ. График 2 ЗХАШШ-ийн нэхэмжлэл 2023 онд ЗХАШШ нийт 3’277 нэхэмжлэл хүлээн авсан нь 2022 онтой харьцуулахад 196 нэхэмжлэлээр буюу 6.36 хувиар өссөн, хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 2’233 буюу 68.14 хувьд хэрэг үүсгэсэн бол 600 буюу 18.31 хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 296 буюу 9.03 хувьд нэхэмжлэлийг буцаасан, 95 буюу 2.90 хувийн нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байжээ. График 3 ЗХАШШ-ийн хэрэг 2023 онд ЗХАШШ шийдвэрлэвэл зохих нийт 3’272 хэргээс 72.34 хувь буюу 2’367 хэрэг шийдвэрлэсэн нь 2022 онтой харьцуулахад 194 хэргээр буюу 8.93 хувиар өссөн, 27.66 хувь буюу 905 үлдэгдэл хэрэг нь 2022 онтой харьцуулахад 1 хэргээр буюу 0.11 хувиар өссөн байна. Үлдэгдэл 905 хэргээс 422 буюу 46.63 хувь нь хуулийн хугацаандаа, 197 буюу 21.77 хувийг түдгэлзүүлсэн, 286 буюу 31.60 хувь нь хуулийн хугацаа хэтэрсэн байна. НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг НдЗХАШШ үүсгэн байгуулагдсан 2004 оноос хойш 2023 он хүртэл хугацаанд нийт 28’031 нэхэмжлэл хүлээн авсан нь 20 жилийн дунджаар 17.16 хувийн өсөлттэй байжээ. 2004-2023 онд тус шүүх нийт 13’618 хэрэг шийдвэрлэсэн нь жилд дунджаар 25.11 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 48.58 хувь буюу ойролцоогоор нэхэмжлэлийн тал хувийг шийддэг ба ЗХАШШ-тэй харьцуулахад 12.74 хувиар бага байна. 2004-2023 онд НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг, өсөлтийн тренд, хувь хэмжээг динамик өөрчлөлтийн диаграмм графикаар харуулав. График 4 НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг 2023 онд НдЗХАШШ нийт 2’514 нэхэмжлэл хүлээн авсан нь 2022 оны эцэстэй харьцуулахад 226 нэхэмжлэлээр буюу 9.88 хувиар өссөн бол 2023 онд нийт 1’193 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 2022 оны эцэстэй харьцуулахад 128 хэргээр буюу 12.02 хувиар өссөн байна. ЗХАШШ болон НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцуулалт 2004-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд НдЗХАШШ-ийн эзлэх хувь нийт дүнгийн 70.06 хувь ба дунджаар 65.22 хувь байна. Харин улсын хэмжээнд шийдвэрлэсэн нийт захиргааны хэрэгт НдЗХАШШ-ийн эзлэх хувь нийт дүнгээс 55.08 хувь, дунджаар 55.11 хувь байна. 2004-2023 оны ЗХАШШ болон НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн харьцуулалтыг хийх зорилгоор үзүүлэлтийг давхцуулан, 20 жилийн дунджаар хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь хэмжээний динамик өөрчлөлтийг баганан диаграмм графикаар харуулав. График 5 ЗХАШШ ба НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг 2023 оны байдлаар ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд НдЗХАШШ-ийн эзлэх хувь 81.31 хувь байжээ. Мөн хугацаанд ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэгт НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 50.32 хувь байв. Хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журам ЗХАШШ хянан шийдвэрлэсэн хэргийн тал хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар, харин 40 орчим хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх 10 орчим хувийг хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэдэг байна. ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журмын задаргаа, тэдгээрийн тоо болон хувь хэмжээг 2022, 2023 оны байдлаар бүтцийн дугуй диаграмм графикаар өнгөөр ялган харуулав. График 6 ЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам 2023 онд ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 49 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр 37 хувь, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр 8 хувь, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр 49 хувь, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн 6 хувь байна. Сонирхол татаж буй нь дээрх хувь хэмжээ нь 2022 онтой яг таг адил буюу өөрөөр хэлбэл, ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн хэргийг тоо хэмжээнээс үл хамааран он дараалан яг адил хувь хэмжээгээр шийдвэр гаргажээ. 2023 онд ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 41 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдол 21 хувь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол 73 хувь, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн тохиолдол 6 хувь байжээ. 2022 онтой харьцуулахад хувь хэмжээ яг таг адил биш ч гэлээ багахан хувиар л зөрүү гарсан байна. 2023 онд ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 10 хувийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь 77 хувь, нэхэмжлэлийг буцаасан нь 23 хувь байна. 2022 онтой харьцуулахад хувь хэмжээ яг адил байна. Статистик тоог алдаагүй гэж үзвэл, ЗХАШШ хэргийн тооноос үл хамааран түүнийг нэг төлөвтэй хянан шийдвэрлэдэг тул цаашдын зүй тогтлыг хялбар таамаглаж болохоор байна. НдЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журам НдЗХАШШ хянан шийдвэрлэсэн хэргийн 60-70 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар, харин 20 орчим хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх хувийг хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэдэг байна. НдЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журмын задаргаа, тэдгээрийн тоо болон хувь хэмжээг 2022, 2023 оны байдлаар бүтцийн дугуй диаграмм графикаар өнгөөр ялган харуулав. График 7 НдЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам 2023 онд НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 65 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр 35 хувь, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр 9 хувь, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр 49 хувь, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн 8 хувь байна. 2023 онд НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 19 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд 56 хувь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол 40 хувь, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн тохиолдол 4 хувь байжээ. 2023 онд НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 16 хувийг хэрэгсэхгүй болгосон байна. 2022 онтой харьцуулахад ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн хувь хэмжээ тус тус буурч, тэр хэмжээгээр хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээ өсжээ. ЗХАШШ-тэй харьцуулахад НдЗХАШШ хэргийг хянан шийдвэрлэхдээ ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмыг илүүтэй баримталсан ба хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдол илүү байжээ. Бусад ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журам 2023 онд улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 50 орчим хувь нь НдЗХАШШ ногдох тул НдЗХАШШ-ийг оруулахгүйгээр бусад ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журмын задаргаа, тоо болон хувь хэмжээг заан бүтцийн дугуй диаграмм графикаар өнгөөр ялган харуулав. График 8 Бусад ЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам 2023 онд бусад ЗХАШШ-ийн  хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 34 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн бол НдЗХАШШ 65 хувь, бусад ЗХАШШ-ийн  хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 63 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол НдЗХАШШ 19 хувьд баримталжээ. Гүнзгийрүүлбэл, нийслэлээс бусад газар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх хандлага илүү байна. Бусад ЗХАШШ  хянан шийдвэрлэсэн нийт хэргийн зөвхөн 3 хувийг л хэрэгсэхгүй болгосон байна. Товчхондоо, НдЗХАШШ-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээнээс шалтгаалж ЗХАШШ-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээ нэмэгджээ. Шүүхийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл 2021, 2022, 2023 оны ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл, шийдвэрлэсэн нийт хэрэгт тус бүр эзлэх тоо хэмжээг 2023 оны үзүүлэлтээр ихээс бага хүртэл ногоон дэвсгэр өнгөөр уусган, эзлэх хувь хэмжээг цэнхэр график дүрслэлээр дэвсгэр байдлаар харуулан, өмнөх жилээс өссөн өөрчлөлтийг ногоон өнгөөр, буурсан өөрчлөлтийг улаан өнгөөр ялган хүснэгтэд харууллаа. Мөн нийт дүнд 5 болон түүнээс дээш хувь эзэлсэн бол шар дэвсгэр өнгөөр, 10 болон түүнээс дээш хувь эзэлсэн бол ягаан дэвсгэр өнгөөр ялгав. Хүснэгт 2 ЗХАШШ-ийн хэргийн маргааны төрөл Сүүлийн гурван жилд хэрэг, маргааны эерэг өөрчлөлт сөргөөс их тул шийдвэрлэсэн нийт хэрэг 9.11 хувиар нэмэгджээ. Өнгөц харахад бага мэт боловч эерэг өөрчлөлт 10.02 хувиар буурсан, харин сөрөг өөрчлөлт 131.67 хувиар өссөнтэй холбоотой. Сөрөг өөрчлөлт их байгаа нь абсолют тоогоор бусад маргаан 108, шинэ төрлийн маргаан 103 тус тус буурсантай холбоотой. Эдгээрт ямар төрлийн маргааныг ангилсан талаар тодруулбал зохилтой. Эзлэх хувь хэмжээний хувьд 2023 онд төрийн хяналт шалгалтын маргаан шийдвэрлэсэн нийт хэрэгт 29.69 хувь, газрын маргаан 22.61 хувь, бусад төрлийн маргаан 10.04 хувь, төрийн албаны маргаан 9.28 хувь байжээ. Өөрчлөлтийн хувьд зарим төрлийн маргааны тохиолдол тогтмол өсөлттэй бол зарим нь буурсан байна. Тухайлбал, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 2022 онд 300, 2023 онд 279-р нэмэгдсэн, газрын маргаан тогтмол 20 гаран хувиар өссөн, төрийн албатай холбоотой маргаан 10 орчим хувиар буурсан байна. Онцлох зүйл нь сүүлийн жилүүдэд шинэ төрлийн маргаан гарах болсон ба хэдийгээр 2023 онд тохиолдол 103-р буурсан ч гэсэн шийдвэрлэсэн хэрэг дотор 7 дугаар байранд жагсаж байна [9] . Энэ нь жил ирэх тусам шүүхэд гаргах нэхэмжлэлийн агуулга өргөжиж буйг илтгэнэ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтийн эрүүл мэндтэй холбоотой маргаан 2, нийгмийн өмчийг хамгаалахтай холбоотой маргаан 1, хүүхдийн эрхтэй холбоотой маргаан 1 гарсан байна [10] . Ийм төрлийн маргаан гарахгүй байгаа цаад учир шалтгааныг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж харлаа. Ойлгомжтой байлгах үүднээс ЗХАШШ-ийн хэргийн маргааны төрөл тус бүрээр 2022-2023 оны өөрчлөлтийг холбоо цэгэн графикаар харуулав. График 9 ЗХАШШ-ийн хэргийн түгээмэл маргааны өөрчлөлт 2023 онд ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийг түгээмэл маргааны төрлөөр авч үзвэл төрийн хяналт шалгалтын маргаан 425-аас 704 болж хамгийн их нэмэгдсэн, газрын маргаан 480-аас 536 болж өссөн бол бусад маргаан 346-аас 238, төрийн албаны маргаан 242-оос 220 болж тус тус буурсан байна. НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл 2004-2023 онд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэргийг түгээмэл маргааны төрлөөр ангилж, гарсан тохиолдлын тоо, хувь хэмжээ болон 2023, 2022 онд гарсан тохиолдлыг энгийн туузан болон хувь хэмжээний бүтцийн туузан диаграмм графикаар харуулав. График 10 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн түгээмэл маргааны төрөл Өнгөрсөн 20 жилийн хугацаанд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэгт газрын маргаан дийлэнх буюу 26 хувийг эзэлж тэргүүлсэн бол бусад төрлийн маргаан 18 хувь, төрийн албаны маргаан 15 хувь, ашигт малтмалын маргаан 11 хувь гарсан байна. 2004-2023 онд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ерөнхийдөө өсөх трендтэй боловч маргаан тус бүрээр ялгаж харвал хэлбэлзэл ихтэй байжээ. Муруй шугам график цуглуулгад харууллаа. График 11 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл Газартай холбоотой хэрэг ерөнхийдөө өсөх хандлагатай, жил ирэх тусам ийм төрлийн эрх зүйн маргаан хурдацтай нэмэгдэж иржээ. Төрийн албаны маргаан идэвхжиж тодорхой цэг хүртэл тогтмол өсөж, улмаар буурч тогтворжсон байна. Ашигт малтмалтай холбоотой маргаан уул уурхайн салбарын зохицуулалтын өөрчлөлт, эсвэл эдийн засгийн нөхцөл байдлыг тусгаж өсөлт, бууралтын мөчлөг бүхий хэв маягтай. Улсын бүртгэлтэй холбоотой маргаан ерөнхийдөө өсөх хандлагатай, дунд зэргийн хэлбэлзэлтэй. Татвартай холбоотой маргаан гарах тохиолдол тодорхой хэлбэлзэлтэй, үе үе өсдөг ба үүнд төсвийн бодлого нөлөөлсөн байж болзошгүй. Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан тогтвортой өсөлттэй, зохицуулалт өөрчлөгдөх, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах үед нэмэгддэг хандлагатай. Тендерт төрийн худалдан авалтын мөчлөг, эсвэл зохицуулалтын өөрчлөлт нөлөөлдөг бололтой. Нийгмийн даатгалтай холбоотой маргаан сүүлийн жилүүдэд огцом өссөн. Сонгуультай холбоотой маргаан сонгуулийн жилүүдэд огцом өсөж бусад үед бараг гардаггүй. Гаальтай холбоотой маргаан тогтмол бус, зарим жилд огцом нэмэгдсэн, бусад жилд огт гардаггүй ажиглагдав. Харин ерөнхийн ангилалд хамаарахгүй өөр бусад төрлийн маргаан тогтмол нэмэгдэж, тэр хэмжээгээр нийт хэргийн тоонд нөлөөлж иржээ. Үлдэгдэл хэрэг Сүүлийн есөн жилийн хугацаанд буюу 2015 [11] -2023 онд ЗХАШШ-ийн шийдвэрлэгдээгүй хэргийн нийт үлдэгдэлд НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг дунджаар 73.8 хувийг эзэлж байна. 2023 оны байдлаар ЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг 905 байсан бол НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг 655 буюу 72.4 хувийг эзэлж байна. 2015-2023 оны ЗХАШШ, НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг, эзлэх хувийг баганан диаграмм графикт харуулав. График 12 Үлдэгдэл хэрэг Тайлант хугацаанд НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэргийн тоо өндөр байдаг нь нийслэл хотод захиргааны байгууллагууд төвлөрсөн, тэр хэмжээгээр хүлээн авч буй нэхэмжлэл, шийдвэрлэж буй хэргийн тоо их, хянан хэлэлцэж буй хэрэг нь ээдрээ төвөгтэй, шийдвэрлэхэд хугацаа харьцангуй их шаарддаг, ачаалал өндөртэй холбоотой гэж харлаа. НдЗХАШШ-ийн шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдлийг шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад талаас дээш хувийг эзэлж иржээ. 2018-2023 оны НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн ба шийдвэрлэгдээгүй хэргийн харьцаа, үлдэгдэл хэргийн эзлэх хувь хэмжээг гурван хэмжээст графикаар дүрслэв. График 13 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн ба шийдвэрлэгдээгүй хэргийн харьцаа Ийнхүү шийдвэрлээгүй хэргийн үлдэгдэл тогтмол өндөр байдаг нь шүүхийн зардал нэмэгдэх, эрх зүйн тодорхойгүй байдал бий болох, шүүхийн тогтолцоонд олон нийтийн итгэх байдалд сөргөөр нөлөөлж буй. Тиймээс, шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдлийг багасгах, үндсэн шалтгааныг тодруулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, онцлог хэрэгцээнд тохирсон тодорхой шийдлийг эрэлхийлэхэд чиглэсэн шуурхай арга хэмжээ авах стратеги боловсруулах хэрэгтэй. Захиргааны хэргийн хариуцагч 2022, 2023 оны захиргааны хэргийн хариуцагчийн төрөл, тус бүрээр тоо болон хувь хэмжээг бүтцийн дугуй давхар диаграмм графикаар задлан харуулав. График 14 Захиргааны хэргийн хариуцагч 2023 оны байдлаар захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан 2’490 этгээдийн 2’329 буюу 93.53 хувь нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага , албан тушаалтан байжээ. Захиргааны хэргийн хариуцагчийн 10 хүрэхгүй хувь нь Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага; захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд; төрийн болон холимог өмчийн сургууль, эмнэлэг, эрчим хүч гэх зэрэг байгууллагын захиргаа; нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага; нийтийн эрх зүйн субъект бүхий бусад байгууллага, албан тушаалтан байна. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан захиргааны хэргийн хариуцагчаар татагдах нь зүйн хэрэг боловч бусад этгээд хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй, бусдын эрх ашгийг хөнддөггүй гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Чухам ямар учраас эдгээр этгээд захиргааны хэргийн хариуцагчаар татагдах тохиолдол цөөн байгааг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэл гаргасан этгээд ЗХАШШ-ийн нэхэмжлэл гаргасан этгээд Хүн, хуулийн этгээд , захиргааны байгууллага , албан тушаалтан болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 2023 онд ЗХАШШ-д нэхэмжлэл гаргасан нийт 2’612 этгээдийн хэргийг хянан шийдвэрлэсэн (2022: 2’222) бөгөөд 1’109 буюу 42.46 хувь нь иргэн, 760 буюу 29.10 хувь нь хуулийн этгээд, 605 буюу 23.16 хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтан, 55 буюу 2.11 хувь нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бусад этгээд 83 буюу 3.18 хувь байна. 2022, 2023 оны захиргааны хэргийн нэхэмжлэл гаргасан этгээдийн төрөл, тус бүрийн тоо болон хувь хэмжээг бүтцийн дугуй диаграмм графикаар харуулав. График 15 ЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэгч НдЗХАШШ-ийн нэхэмжлэл гаргасан этгээд 2023 онд НдЗХАШШ-д нэхэмжлэл гаргасан нийт 2’008 этгээдийн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 1’053 буюу 52.44 хувь нь иргэн, 736 буюу 36.65 хувь нь хуулийн этгээд, 147 буюу 7.32 хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтан, 72 буюу 3.59 хувь нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд байна. 2023 онд НдЗХАШШ-д захиргааны хэргийн нэхэмжлэл гаргасан этгээдийн төрөл, тус бүрийн тоо болон хувь хэмжээг бүтцийн дугуй диаграмм графикаар харуулав. График 16 НдЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэгч Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий цөөн тооны этгээд (ЗХАШШ: 55; НдЗХАШШ: 72) шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд, нийгмийн өмч, хүүхдийн эрхийн асуудлаар маргаан төдийлөн үүсгэдэггүйг илтгэнэ. Учир шалтгаан нь дурын төрийн бус байгууллага нь дуртай асуудлаараа нэхэмжлэл гаргах боломжгүй, гагцхүү хуульд заасан шаардлагыг хангасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх этгээд л нэхэмжлэл гаргаж болдог, гаргах нэхэмжлэлийн төрөл хязгаартай байгаатай холбоотой байж болох талтай [12] . Тодруулбал, хуульд нэхэмжлэл гаргах субъектийн болон маргааны агуулгын аль алинд хязгаарлалт тавьжээ. Хуулийн зохицуулалтыг шинэчлэхгүй, эсвэл ийм төрлийн нэхэмжлэл гаргах этгээдэд тавих шаардлагыг зөөлрүүлэхгүй тохиолдолд нийтийн зөрчигдөж буй эрх ашгийг хамгаалах асуудалд тушаа болсоор байна. Энэ нь ч статистик дүн шинжилгээгээр давхар нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр ЗХАШШ-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн үеийн байдлаар авч үзвэл нийт 2’543 нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэрийн 2’408 буюу 94.14 хувь нь захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр байжээ. Үлдэх багахан хувьд захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ , төлөвлөлт, захиргааны байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байсан бол захиргааны акттай холбоогүй нэхэмжлэлийн шаардлага тус хугацаанд 15 байв. 2023 оны захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага, тоо хэмжээг бүтцийн дугуй диаграмм болон бүтцийн баганан диаграмм графикийн хослолоор харуулав. График 17 ЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага Захиргааны акттай холбоотой нэхэмжлэл 546-р нэмэгдэж 2’408 болсон байна. ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын сүүлийн гурван жилийн өөрчлөлтийг баганан диаграмм график цуглуулгад харууллаа. Нийт дүнг цэнхэр өнгөөр, өмнөх жилээс өссөн өөрчлөлтийн ногоон өнгөөр, буурсан өөрчлөлтийг улаан өнгөөр ялгав. График 18 ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт Захиргааны гэрээтэй холбоотой нэхэмжлэл буурсан бол бусад нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл өсжээ. НдЗХАШШ-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр 2023 оны байдлаар НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэрэгт нийт 1’802 нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэрийн 1’733 буюу 96.17 хувь нь захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр байжээ. Үлдэх багахан хувьд захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ, төлөвлөлт, захиргааны байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байжээ. 2023 оны захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага, тоо хэмжээг бүтцийн дугуй диаграмм болон бүтцийн баганан диаграмм графикийн хослолоор харуулав. График 19 НдЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага Шүүгчийн ажлын ачаалал 2023 онд ЗХАШШ-д нийт 90.4 шүүгч ажилласан ба нэг шүүгчид 23.2 хэрэг ногдож, харин НдЗХАШШ -д нийт 22.8 шүүгч ажилласан ба нэг шүүгчид 52.3 хэрэг ногдож байжээ. ЗХАШШ ба НдЗХАШШ-ийн сүүлийн 6 жилийн болон шүүгчийн дундаж тоо, нэг шүүгчид ногдох хэргийн тоо, ачааллыг харьцуулан хүснэгт болон шугаман графикаар харуулав. Хүснэгт 3 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн нэг шүүгчид ногдох хэрэг, ачааллын харьцуулалт Шүүх Үзүүлэлт 2018 2019 2020 2021 2022 2023 Дундаж ЗХАШШ  Шүүгчийн тоо 74.0 72.8 69.8 68.9 71.4 90.4 74.6 .  Нэг шүүгчид ногдох хэрэг 22.1 24.0 21.8 25.6 29.4 23.2 24.4 НдЗХАШШ  Шүүгчийн тоо 17.0 17.9 17.0 16.5 20.4 22.8 18.6 .  Нэг шүүгчид ногдох хэрэг 56.7 59.9 52.6 59.6 52.3 52.3 55.6  .  Ачаалал харьцуулалт 2.6х 2.5х 2.4х 2.3х 1.8х 2.3х 2.3х Шүүгчийн тоо 2018 оноос 2022 он хүртэл хэлбэлзэж, 2018 онд 74.0 байсан бол 2021 онд 68.9 болж буурч, улмаар 2022 онд 71.4 болж бага зэрэг өссөн боловч 2023 онд мэдэгдэхүйц үсрэлт гарч 90.4 болсон байна. 2023 онд шүүгчийн тоог нэмэгдүүлсэн нь шүүхийн чадавхыг өргөжүүлэх, магадгүй нэмэгдэж буй ачааллыг бууруулах, үлдэгдэл хэргийг илүү үр дүнтэй удирдахад чиглэгджээ. Эс бөгөөс, өмнөх жилүүдийн хэлбэлзлийн хариу арга хэмжээ, ачааллыг тогтворжуулах оролдлого байж болно. Нэг шүүгчид ногдох хэрэг мөн хэлбэлзэж байжээ. 2018 онд 22.1-ээс эхэлж, 2022 онд 29.4-т хүрч, 2023 онд 23.2 болж буурчээ. 2023 онд нэг шүүгчид ногдох хэрэг буурсан нь тухайн жил шүүгчийн тоо өссөнийг илтгэж байна. Шүүгч ажилд олноор орохын хэрээр хэргийн ачаалал илүү олон шүүгчид тархаж, шүүгч бүрийн шийдвэрлэх хэргийн тоог цөөрүүлсэн. Сүүлийн 6 жилийн хугацаанд салбарын дунджаар нэг шүүгчид 24.4 хэрэг ногдож байсан бол НдЗХАШШ-ийн нэг шүүгч 55.6 хэрэг ногдож, 2.3 дахин ачаалалтай ажилласан байна. График 20 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн шүүгчийн тоо, нэг шүүгчид ногдох хэрэг 2023 онд улсын хэмжээнд нийт 90 шүүгч ажилласан ба НдЗХАШШ-ийн шүүгчдийг оруулахгүйгээр 68 шүүгч байна. Хэрэв шүүгчийн тоог нэмэхгүйгээр ачааллыг тэнцвэржүүлнэ гэвэл 68 шүүгчээс 30 шүүгчийг нийслэл рүү шилжүүлнэ гэсэн үг. Энэ нь зөвхөн математик тооцоо тул шүүх байгууллагын орон тоо нэмэх, эсвэл шүүгч, болон албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэр гаргахдаа илүү нарийвчилсан тооцоо дээр үндэслэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч, нийслэлтэй харьцуулахад бусад газар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хандлага ажиглагдсан нь хэргийг харьцангуй богино хугацаанд, амар шийдвэрлэдэг гэсэн дүгнэлтийг дагуулах тул боловсон хүчний нөөцийн хуваарилалтыг эргэн харах хэрэгтэй байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо 2023 онд улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1’971 шүүх хуралдаанд 1’803 иргэдийн төлөөлөгч оролцсон. Үүнээс захиргааны хэргийн нийт 123 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бол НдЗХАШШ-д 52 хүн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож ажиллажээ. Тоо баримт шүүх хуралдаан иргэдийн оролцоотой явагдаж байгааг харуулах боловч иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг бүрэн гүйцэт ойлгож, хянаж, дуу хоолойгоо шүүхэд хүргэж, чанартай дүгнэлт хийн танилцуулж буйг илтгэхгүй билээ. Иргэдийн төлөөлөгчийн идэвх санаачилгатай оролцоо нь түүнд төлж буй цалин хөлснөөс шууд хамааралтай. Гэтэл, 2023 онд иргэдийн төлөөлөгчдөд нийт 78’155’661 төгрөгийн хөлс олгосон буюу нэг иргэдийн төлөөлөгчид дунджаар 43’348 төгрөг ногдсон байна. Энэ хэмжээний цалин хөлсөөр цаг хугацаа зарцуулах хүн олон байх эсэх нь эргэлзээ дагуулна. II. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны прогноз, тооцоо Энэ хэсэгт шүүхийн үйл ажиллагааны прогноз ; хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн харьцуулалт шинжилгээ ; ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэрэгт НдЗХАШШ-ийн эзэлж буй хувь хэмжээнд хийсэн анализ  хийж; шүүхийн үйл ажиллагааны үр ашигт байдлын түлхүүр үзүүлэлт ; шүүгчийн тоо, шийдвэрлэсэн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийн шинжилгээ ; шийдвэрлэвэл зохих хэргийн шийдэх магадлал ; шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлалыг  тооцов. Шүүхийн үйл ажиллагааны прогноз Өнгөрсөн хугацааны тоон өгөгдөл дээр үндэслэн хэтийн төлөв буюу прогнозыг түлхүүр үзүүлэлтээр хийлээ. 2004-2023 онд НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлийн тоон өгөгдөл дээр тулгуурлан дараагийн 5 жилийн прогнозыг хийхэд дараагийн жилүүдэд 7.24-4.08 хувийн өсөлтийг үзүүлэхээр байна. Хүлээн авах нэхэмжлэлийн өсөлтийн хувь буурах трендтэй хэдий ч хүлээн авах нэхэмжлэлийн абсолют тоо өсөлтөө хадгалахаар байна. 2004-2023 онд НдЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба магадлалыг дээш доош 5 хувь хэлбэлзэнэ гэж үзэн дараагийн 5 жилийн прогнозыг муруй шугаман графикт буулгав. График 21 НдЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба 5 жилийн прогноз Тус шүүх 2004 онд 160 нэхэмжлэл хүлээн авсан бол 2023 онд 2’514 болж ажлын ачаалал 16 дахин өссөн байна. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бусад этгээдээс ирэх нэхэмжлэл, хүсэл, гомдол ковид 19 цар тахлын үеийг эс тооцвол жил ирэх тутам нэмэгдэж байжээ. Өнгөрсөн хугацааны тоон өгөгдөл стандарт хазайлт багатай (R^2=0.95) тул өгөгдөл дээр шууд үндэслэн прогноз хийж үзэхэд хүлээн авах нэхэмжлэл 2024 онд 2’696, 2028 онд 3’197 болж өсөхөөр байна. 2004-2023 онд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ба магадлалыг дээш доош 5 хувь хэлбэлзэнэ гэж үзэн дараагийн 5 жилийн прогнозыг хийж муруй шугаман графикаар дүрслэв. График 22 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ба 5 жилийн прогноз 2004 онд захиргааны 48 хэрэг шийдвэрлэж байсан бол 2023 онд 1’193 болж 25 дахин өссөн байна. Шийдвэрлэх хэрэг 2024 онд 1’247, 2028 онд 1’476 болж өсөхөөр байна. Хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн харьцуулалт шинжилгээ Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн дундаж өсөлтийг харьцуулан хүснэгтэд харуулав. Хүснэгт 4 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн харьцуулалт Үзүүлэлт Хүлээн авсан нэхэмжлэл  Их, бага Шийдвэрлэсэн хэрэг Зөрүү ЗХАШШ 12.27% < 18.94% 6.67% Их, бага v  . v  . НдЗХАШШ 17.16% < 25.11% 7.95% Зөрүү 4.89% . 6.17% . Аль аль шүүхийн хүлээн авсан нэхэмжлэлийн өсөлт нь шийдвэрлэсэн хэргийн өсөлтөөс бага байна. Энэ нь шүүхүүд үр ашигтай ажиллаж, эрэлт хэрэгцээг тодорхой түвшинд хангаж, өсөн нэмэгдэж буй ачааллыг дааж байгааг илтгэнэ. НдЗХАШШ-ийн үр ашиг 1 пунктээр илүү байгаа нь гүйцэтгэлийн сайн үзүүлэлт билээ. Гэсэн хэдий ч, 6.67 болон 7.95 хувийн өсөлтийн зөрүүг бусад шүүхийн жишигтэй харьцуулан дүгнэх нь зүйтэй. Улсын хэмжээнд хүлээн авсан нийт нэхэмжлэл, шийдвэрлэсэн нийт хэргийг НдЗХАШШ-тэй харьцуулахад зөрүү 4.89 хувь, 6.17 хувь тус тус байгаа нь ажлын ачааллын ялгаанаас улбаатай. Нийслэл хотод хүн амын суурьшил нягт, захиргааны байгууллагууд төвлөрсөн, үүнтэй холбоотой эдийн засгийн үйл ажиллагаа идэвхтэй тул холбоотой маргаан өсөн нэмэгдэж байгаагаас шалтгаалан НдЗХАШШ-ийн өсөлт арай өндөр байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд зонхилон тохиож буй захиргааны тодорхой асуудлаас шалтгаалан НдЗХАШШ-ийн ачаалал өндөр байх магадлалтай. Тийм хэдий ч, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор зөвхөн нийслэл бус бусад орон нутагт хүн амын суурьшил нягтрах, сийрэгжих нөхцөл байдлыг үнэлбэл зохилтой. НдЗХАШШ-ийг ЗХАШШ-тэй харьцуулахад харьцангуй өндөр хувь хэмжээгээр нэхэмжлэл хүлээн авч, тэр хэмжээгээр олон хэргийг шийдвэрлэдэг нь шүүгч, шүүхийн албан хаагч , технологи, санхүүжилт зэрэг нөөц шаардлагатай гэдгийг урьдчилан сануулсан дохио болно. Одоогоор аль аль шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад бага хурдаар өсөж байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт байна. НдЗХАШШ-ийн хүлээн авч буй нэхэмжлэлийн хэмжээ ЗХАШШ-ээс хурдан нэмэгдэж байгаа нь шүүгчийн тоог нэмэх, дэд бүтцийг өргөтгөх, эсвэл үйл явцыг сайжруулах хэрэгцээтэй байгааг нотолно. Шүүгчийн тоог нэмэх үү, эсвэл нийслэлийн шүүх рүү бусад шүүхээс шүүгчийг шилжүүлэх үү гэдгийг олон өгөгдөл тайлбарлах анализ дээр үндэслэн гаргах нь зүйтэй ч тайлангийн хүрээнд хийсэн дүн шинжилгээнээс шилжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хиймээр байна. Мөн шүүхийн зүгээс саатал, үр ашиггүй байдлаас зайлсхийхийн тулд ирээдүйд чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөөтээгүүр, ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлийн өсөлт бага байгаа нь нийслэлээс бусад орон нутагт захиргаатай холбоотой маргааныг шүүхийн тогтолцооноос гадуур шийдвэрлэж байж болзошгүй гэдгийн анхааруулга болно. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд захиргааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл хийгдсэн, түүний дотор ЗХШХШтХ нь иргэний шүүхэд хандах эрхийг өргөтгөсөн, маргааныг шүүхээр шуурхай шийдвэрлүүлэх нөхцөл бүрдүүлсэн, шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлсэн билээ. Тодруулбал, хүн зөрчигдсөн төдийгүй зөрчигдөж болзошгүй эрхийн асуудлаар шүүхэд хандах эрх нээгдсэн. Амьдралд нэвтэрсний бодит илрэл нь шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн хурд нэхэмжлэлийн өсөлтөөс давсан байгаад юм. Товчхондоо, төрийн бодлого буюу эрх зүйн шинэчлэлийн эерэг үр нөлөө нийслэлд тусгалаа олжээ. ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэгт НдЗХАШШ-ийн эзэлж буй хувь хэмжээнд хийсэн анализ 20 жилийн хугацаанд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 61.52 хувь бол НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 48.22 хувь, зөрүү нь 13.30 хувь байна. Энэ нь нийслэлд нэхэмжлэлийн харьяалал их, нарийн төвөгтэй хэргийн ачаалалтай холбоотой тогтолцооны асуудал болно. Товчхондоо, НдЗХАШШ-д хэргийн үлдэгдэл нэмэгдэж, ХХША-нд зарцуулж буй хугацааг уртасгахад хүргэж байгааг илэрхийлсэн үзүүлэлт болно. Нөгөөтээгүүр, ЗХАШШ-д хүлээн авч буй нэхэмжлэлд НдЗХАШШ-ийн эзлэх хувь өндөр байтал, шийдвэрлэсэн хэргийн хувь хэмжээ доогуур байгаа нь шүүхийн үйл ажиллагаа хоцрогдолтой, өөрөөр хэлбэл шүүхийн ажлын ачаалалтай харьцуулахад нөөц хомс байгааг давхар баталж байна. 2004-2004 онд ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэргийн дундаж тоо болон НдЗХАШШ-ийн эзлэх хувийг хүснэгтэд харуулав. Хүснэгт 5 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэргийн дундаж тоо болон НдЗХАШШ-ийн эзлэх хувь Үзүүлэлт Хүлээн авсан нэхэмжлэл Шийдвэрлэсэн хэрэг Эзлэх хувь ЗХАШШ 2,012 1,236 61.52% НдЗХАШШ 1,412 681 48.22% Зөрүү .  . 13.30% Эзлэх хувь 70.18% 55.00% 15.18% НдЗХАШШ-ийн хүлээн авч буй нэхэмжлэлийн өсөлт 17.16 хувь буюу ЗХАШШ-тэй харьцуулахад 4.89 хувиар өндөр байгаа ба 70.18 хувийг эзэлж байна. Энэ нь нийслэл харьцангуй динамик өсөлттэй, тэр дундаа эдийн засгийн өсөлтийг харуулсан барилга, газар ашиглалтын маргаан, бизнесийн эрх зүйн зохицуулалт зэрэгтэй холбоотой байж болно. Урт хугацааны чиг хандлагыг харьцуулснаар нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, зохицуулалтын нарийсал, хүн амын суурьшилт зэрэг гадаад хүчин зүйл захиргааны хэрэг, маргаанд хэрхэн нөлөөлж байгааг тодруулж болно. НдЗХАШШ хүлээн авах нэхэмжлэл, шийдвэрлэх хэрэг өсөхөд шүүгчийн тоог 19 хэвээр хадгална гэж тооцоо хийвэл 2024-2028 онд нэг шүүгч сард дунджаар 12-14 нэхэмжлэл хүлээн авч, 5-6 хэрэг шийдвэрлэхээр байна. Шүүхийн хүлээн авсан нэхэмжлэлд эзлэх шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь (~50%) гэсэн харьцаа хадгалагдана. Дараагийн 5 жилд шүүгчийн ажлын ачааллыг хэвээр нь хадгалж үлдэх бол шүүгчийн орон тоог 24 болгон нэмэгдүүлэх шаардлагатай. Шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан нь НдЗХАШШ-ийн шүүгчийн ажлын ачааллыг салбарын дундажтай дүйцүүлэн бууруулахтай холбоотой юм. Энд зөвхөн шүүгчийн ачаалал дангаар яригдаж буй хэрэг биш гэдгийг тэмдэглэж байна. Шүүхийн хүлээн авч буй нэхэмжлэл, шийдэж буй хэрэгтэй холбоотойгоор шүүхээс боловсруулах эрх зүйн акт , хуралдах шүүх хуралдаан, шүүхээс хийгдэх ажиллагаа зэрэг нь шүүхийн бусад албан хаагчийн ажлын ачаалалтай уялдана. Тиймээс, дэлгэрэнгүй тоо мэдээ, өгөгдөл дээр тулгуурлан шаардлагатай боловсон хүчний тоо, шүүх байр, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ зэргийн тооцооллыг хийх нь зүйтэй. Чухам ийм тооцоо, дүн шинжилгээ дээр үндэслэн хөрөнгө хуваарилах, нэмэлт санхүүжилт олгох асуудлыг шийднэ. Шүүгчийн тоо, шийдвэрлэсэн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийн шинжилгээ Корреляцийн шинжилгээ Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны корреляци 2023 онд ЗХАШШ-ийн шүүгчийн тоо 71.4-өөс 90.4 болж өсөж, нэг шүүгчид ногдох хэргийн тоо 29.4-өөс 23.2 болж буурсан ба шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх замаар ажлын ачааллыг зохицуулах стратеги баримталжээ. 2018-2023 онд ЗХАШШ, НдЗХАШШ, бусад ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны корреляцийн тооцоог хүснэгтэд харуулав. Хүснэгт 6 Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны корреляци Шүүх  Корреляци Тайлбар ЗХАШШ 0.73 Дунд зэрэг, төгс бус харилцан хамааралтай НдЗХАШШ 0.88 1-тэй ойролцоо гэдэг нь харьцангуй хүчтэй эерэг харилцан хамааралтай Бусад ЗХАШШ 0.47 Сул хамааралтай Өнгөрсөн 6 жилийн байдлаар ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тоо хоорондын харилцан хамаарал төгс бус, дунд зэрэг 0.73 гарав. Хэдийгээр хувьсагчид нэг нь нөгөөгөө тайлбарлаж чадахуйц, хангалттай ч гэсэн ачааллыг баригдахуйц бууруулахад шүүгчийн тоог нэмэх нь хангалтгүй, цорын ганц шийдэл биш гэсэн үг. НдЗХАШШ-ийн хувьд үзүүлэлтүүдийн корреляци 0.88 буюу 1-тэй ойролцоо, харьцангуй хүчтэй эерэг харилцан хамаарал юм. Энэ утга нь шүүгчийн тоо нэмэгдэхэд шийдвэрлэх хэргийн тоо тогтмол буурах хандлагатай буюу шүүхийн нэгж ачааллыг бууруулах үр дүнтэй арга төдийгүй нэлээд тогтвортой, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх магадлалтай байна. Сонирхолтой зүйл нь ЗХАШШ-ээс НдЗХАШШ-ийн үзүүлэлтийг хасаж бусад ЗХАШШ-ийн  шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тоо хоорондын хамаарлыг тооцож үзэхэд 0.47 буюу хоёр хувьсагчийн хооронд сул эерэг хамаарал байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг нэмэх, хасах нь шийдвэрлэх хэрэгт бага зэрэг л нөлөөлнө гэсэн үг. Үүнээс үзэхэд, бусад ЗХАШШ хянан шийдвэрлэх хэргийн тоонд бусад хүчин зүйл нөлөөлж байгаа бололтой. Ийм сул хамааралтай үед шүүгчийн тоог нэмбэл шүүхийн ачаалал харагдахуйц буурахгүй байх магадлалтай. Товчхондоо, НдЗХАШШ-ийн ачааллыг бууруулахын тулд шүүгчийн тоог нэмж болно, харин бусад ЗХАШШ-ийн  хувьд эсрэгээрээ хэвээр үлдээх, цаашилбал бууруулах хэрэгтэй. Шүүхийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх, ХХША-г оновчтой болгох, эсвэл хэргийн орох урсгал болон шийдвэрлэлтийн түвшинд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг олж илрүүлэхэд анхаарах нь зүйтэй. Хоёр хэмжигдэхүүнийг үргэлжлүүлэн хянах нь эдгээр өөрчлөлтийн үр нөлөөг цаг хугацааны явцад үнэлэхэд ач холбогдолтой болно. Хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн корреляци 2011-2023 оны ЗХАШШ болон НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн корреляцийг тооцож үзэхэд 0.84, 0.96 тус тус гарсан нь 1-тэй ойролцоо, үзүүлэлтүүд хоорондоо хүчтэй эерэг шугаман хамааралтай буюу ерөнхийдөө нэхэмжлэлийн тоо нэмэгдэхийн хэрээр шийдвэрлэх хэргийн тоо ч нэмэгддэг гэсэн үг. Тайлбарлавал, хүлээн авч буй нэхэмжлэл харилцан адилгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх чадамжаа түүнд тохируулж байгааг илэрхийлнэ. Корреляци нь учир шалтгааны хамаарлыг илэрхийлдэггүй тул хүчтэй холбоотой хэдий ч хүлээн авах нэхэмжлэлийн өсөлт нь шийдвэрлэх хэргийн өсөлтөд шууд нөлөөлнө гэж хэлж болохгүй. Нөөцийн хуваарилалт, боловсон хүчний өөрчлөлт зэрэг бусад хүчин зүйл шүүх хэргийг шийдвэрлэх чадварт нөлөөлж болно. Харин энэ хандлага үргэлжилбэл шүүх ирээдүйд ирэх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч, нэхэмжлэлийн тоо нэмэгдсээр байвал энэхүү тэнцвэрийг хадгалах, хоцрогдол үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно. Энэхүү бат бөх харилцаа нь бусад нөлөөлөгч хүчин зүйл тогтвортой гэж үзэн ирээдүйн хүлээн авах нэхэмжлэлийн тоонд тулгуурлан ирээдүйн шийдвэрлэх хэргийн тоо хэмжээг таамаглах боломж олгоно (Шийдвэрлэсэн хэрэг ба хүлээн авсан нэхэмжлэлийн регресс) . Регрессийн шинжилгээ Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны регресс 2018-2023 оны ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны хоорондын хамаарлын шугаман регрессийн шинжилгээг хийхэд регрессийн тэгшитгэл: Шийдвэрлэх хэргийн таамаг = 353.27+29.81*Шүүгчийн тоо Энэ нь нэмэлт шүүгч бүр 30 орчим хэргийг шийдвэрлэнэ гэсэн үг. Өмнөх тооцоогоор ЗХАШШ-ийн нэг шүүгчид сүүлийн 6 жилийн дунджаар 24.4 хэрэг ногдож байсантай харьцуулахад 30 хэрэг нь өндөр үзүүлэлт юм. Гарсан үр дүн нь өөр хоорондоо үгүйсгэж байгаа нь буюу шийдвэрлэсэн хэргийн 52.61 хувийг шүүгчийн тоогоор тайлбарлаж байгаатай холбоотой. Товчхондоо, шүүгчийн тооноос гадна хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх өөр бусад хүчин зүйл байна. Шүүгчийн тоо коэффициентын p-утга нь 0.103 буюу ажиглагдсан хамаарал 5 хувийн түвшинд статистикийн хувьд ач холбогдолгүй гэсэн үг. Шүүгчийн тоо өссөнөөр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх боломжтой боловч үр нөлөө нь энэхүү хязгаарлагдмал өгөгдлөөр батлагдаагүй. Харин 2018-2023 оны НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны хоорондын хамаарлын шугаман регрессийн шинжилгээг хийж графикаар харуулав. График 23 Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны регресс Энэ нь нэмэлт шүүгч бүр 37 орчим хэргийг шийдвэрлэх буюу НдЗХАШШ-ийн нэг шүүгчид сүүлийн 6 жилийн дунджаар 55.6 хэрэг ногдож байсантай харьцуулахад бага үзүүлэлт юм. Шүүгчийн тоо коэффициентын p-утга нь 0.022 буюу ажиглагдсан хамаарал 5 хувийн түвшинд статистикийн хувьд ач холбогдолтой. Шүүгчийн тоо өссөнөөр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Хэдийгээр түүврийн хэмжээ цөөн ч, стандарт хазайлт 77.05 хувь буюу шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тоо хооронд хүчтэй хамааралтай тул загварыг ашиглан шүүгчийн тоонд өөрчлөлт оруулж хэргийн шийдвэрлэлтэд үзүүлэх нөлөөллийг ойролцоогоор тооцоолж болно. 2023 онд шүүгчийн тоо 22.8 байхад 1’193 хэрэг шийдвэрлэж байсан бол загварыг ашиглан 2024 оны шийдвэрлэх хэргийг таамаглахад 1’184 гэсэн ойролцоо хариу гарав. Шүүгчийн тоог нэмэх нь үр ашигтай мэт боловч зөвхөн энэ өгөгдөлд тулгуурлан тийм ч сайн таамаглах боломжгүй. Өгөгдлийг нэмэх, эсвэл хэргийн адармаатай байдал, ажлын ачаалал гэх зэрэг нэмэлт хүчин зүйл нь загварын нарийвчлалыг сайжруулна. Хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн регресс 2011-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлийн тоо (бие даасан хувьсагч) болон шийдвэрлэгдсэн хэргийн (хамаарах хувьсагч) хоорондын хамаарлын шугаман регрессийн шинжилгээ хийж үзэхэд буюу шийдвэрлэсэн хэргийн 70.24 хувийг хүлээн авсан нэхэмжлэлээр тайлбарлаж болно. Гэсэн хэдий ч нь 1-тэй ойролцоо биш байгаа нь шүүхийн нөөц, шүүгчийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэсэн хэргийн тоонд бусад хүчин зүйл нөлөөлж байна. Хүлээн авсан нэхэмжлэлийн коэффициент 0.7341 нь нэмэлт нэхэмжлэл бүрд 0.73 орчим хэрэг шийдвэрлэгддэг гэсэн үг. Энэ коэффициент нь статистикийн хувьд өндөр ач холбогдолтой (p<0.001), утга учиртай хамаарлыг илтгэнэ. Харин нэхэмжлэл хүлээн аваагүй тохиолдолд шийдвэрлэсэн хэргийн тооцоолсон тоо -253.89 гэсэн хамаарах хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Хэдийгээр үүнийг бодит нөхцөл байдалд шууд тайлбарлах боломжгүй ч (нэхэмжлэлийн тоо үргэлж тэг биш) регрессийн тооцооллын нэг хэсэг гэж ойлгоно. Загварыг ашиглан шүүхийн үр ашиг, нөөцийг тогтмол гэж үзэн таамагласан нэхэмжлэлийн хэмжээг ашиглан шийдвэрлэх хэргийг урьдчилан таамаглаж болно. 2004-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба дараагийн 5 жилийн прогнозыг муруй шугаман графикаар харуулав. График 24 ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба дараагийн 5 жилийн прогноз Загварын дагуу ирэх 5 жилийн хүлээн авах нэхэмжлэлийг прогнозыг ашиглан хянан шийдвэрлэх хэргийг урьдчилан таамаглаж үр дүнг хүснэгтэд харуулав. Хүснэгт 7 ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэх хэргийн таамаг Үзүүлэлт 2024 2025 2026 2027 2028 ЗХАШШ-ийн хүлээн авах нэхэмжлэл 3,312 3,441 3,570 3,700 3,829 ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэх хэрэг 2,177 2,272 2,367 2,462 2,557 Бусад хүчин зүйлээс улбаатай шүүхийн үр ашиг сайжрах, нөөц нэмэгдэх тохиолдолд үр дүн өөрчлөгдөнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Шүүхийн үйл ажиллагааны үр ашигт байдлын түлхүүр үзүүлэлт Шүүхийн үйл ажиллагааны үр ашигт байдлыг илэрхийлэх шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа, үлдэгдэл хэргийг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа, нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл хэрэг гэх түлхүүр үзүүлэлт байна. Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа Шүүхийн үр ашигт байдлыг (CR)  тооцохдоо тайлант хугацаанд шүүхийн хүлээж авсан нийт нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нийт хэрэгт хувааж хувиар илэрхийлж тооцно. Шүүхийн үр ашигт байдал (CR) = Хүлээж авсан нэхэмжлэл / Шийдвэрлэсэн хэрэг * 100% Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцааны үзүүлэлтийн утга, товч тайлбарыг инфографик зурагт харуулав. Зураг 1 Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа CR  нь 100 хувьтай тэнцүү байх нь шүүх үр ашигтай буюу тайлант хугацаанд хэдий хэмжээний нэхэмжлэл хүлээн авна төдий хэмжээгээр шийдвэрлэж чадахыг илтгэнэ. CR  нь 100 хувиас дээш байх нь хүлээн авах нэхэмжлэлээс илүү хэрэг шийдвэрлэх чадвартай байгааг харуулна. Харин CR  нь 100 хувиас бага байх шүүх үр ашиггүй төдийгүй үлдэгдэл хэрэг хуримтлагдаж буй дохио болно. Товчхондоо, шүүх хэргийн урсгалыг зохицуулж чадаж буй эсэхийг илэрхийлэх үзүүлэлт юм. НдЗХАШШ-ийн шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд дунджаар 50 орчим хувьтай байсан ба 2023 оны байдлаар 47.45 хувь байжээ. Шүүх хэргийн урсгалыг зохицуулж чадахгүй, хуримтлагдсан үлдэгдэл хэрэгтэй, үр ашиггүй ажиллаж байна. Гэхдээ энэ тооцоог үлдэгдэл хэргийг дотор нь хуулийн хугацаанд байгаа, хугацаа хэтэрсэн, түдгэлзүүлсэн гэж задалж хийвэл үзүүлэлт бага зэрэг сайжрах болно. Үлдэгдэл хэргийг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа Үлдэгдэл хэргийг шийдвэрлэх хугацааны урьдчилсан таамаг буюу зарцуулах хугацааг шүүхийн одоогийн хүчин чадлыг харгалзан тооцож болно. Зарцуулах хугацааг (DT) тайлант хугацааны эцэст үлдэгдэл хэргийн тоог шийдвэрлэсэн нийт хэргийн тоод хувааж 365-д үржүүлж олно. Зарцуулах хугацаа (DT) = Үлдэгдэл хэргийн тоо / Шийдвэрлэсэн хэргийн тоо * 365 Энэ үзүүлэлт нь ХХША-ны үргэлжлэх хугацаа биш, харин үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацааны онолын тооцоо юм. Үлдэгдэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны таамаг тооцох дарааллыг инфографик зургаар харуулав. Зураг 2 Үлдэгдэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны таамаг Хуульд зааснаар шүүх хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгах ба хэрэг хянан шийдвэрлэх нийт хугацаа 105 хоног байна. Гэтэл НдЗХАШШ-ийн 2018-2023 оны үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацааны тооцоог хийж үзэхэд дунджаар 217 хоног буюу хуульд заасан хугацаанаас 2 дахин өндөр байна. 2018-2023 оны үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацааны тооцооны үр дүнг хүснэгтэд харуулав. Хүснэгт 8 Үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаа Үзүүлэлт 2018 2019 2020 2021 2022 2023 Дундаж Зарцуулах хугацаа 211 186 246 225 232 200 217 Энэ нь (i) ХХША-ны явцад үүсэж болзошгүй хүндрэл, эсвэл хүлээн авч буй нэхэмжлэлийн хэмжээ ба шүүхийн хэрэг шийдвэрлэх чадавх харилцан тэнцвэргүй; (ii) шүүхээс хэргийг хуульд заасан хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхийн тулд шүүгч, албан хаагч, технологийн сайжруулалт зэрэг нэмэлт нөөц шаардлагатай; (iii) үлдэгдэл хэргийг шийдвэрлэх хугацаа нь нийт хэргийн урсгалд нөлөөлж, хэргийн оролцогчийн хүлээх хугацааг уртасгахад хүргэж, шүүхийн үйл ажиллагааны үр ашиг, шударга байдалд нөлөөлж болзошгүй; (iv) хуульд заасан хугацаатай уялдуулахын тулд шүүх сар бүр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, захиргааны процессыг оновчтой болгох, эсвэл илүү үр дүнтэй ХХША-ны арга барилыг хэрэгжүүлэх зэрэг стратегийг бодолцох хэрэгтэй байна. Эдгээр нь үр нөлөө үзүүлэхгүй аваас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг илтгэнэ. Чухам хуульд хугацааг тогтоохдоо анхлан ямар тооцоо дээр үндэслэсэн, олон улсын жишиг ямар байдаг, хэргийг хянан шийдвэрлэх цаанадах бодит хугацаа ба хуульд заасан хугацаа хооронд 2 дахин зөрүү гарч буйг тодруулбал зохилтой. Нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл хэрэг НдЗХАШШ-ийн УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан орон тоо ба 2023 онд ажилласан шүүгчийн тоог хүснэгтэд харуулав. Хүснэгт 9 НдЗХАШШ-ийн батлагдсан орон тоо ба 2023 онд ажилласан шүүгч Үзүүлэлт Батлагдсан орон тоо 2023 онд ажилласан Ерөнхий шүүгч 1 1 Шүүгч 19 18 Сэлгэн ажиллаж байгаа шүүгч   3 Жирэмсний болон амаржсаны амралттай шүүгч   1 Хүүхэд асрах чөлөөтэй шүүгч   2 ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдсон   1 Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн орон тоо   1 Нийт 20 27 2023 онд НдЗХАШШ-д 22.8 шүүгч ажилласан байна. Нэг шүүгч сард дунджаар 9 нэхэмжлэл хүлээн авч 4 хэрэг шийдвэрлэсэн байна. Тайлант хугацаанд шүүхийн хүлээн авсан нийт нэхэмжлэлийн тоо, шийдвэрлэсэн нийт хэргийн тоо, шүүхийн үлдэгдэл хэргийн тоог шүүгчийн тоонд харьцуулж нэг шүүгчид ногдох тоо хэмжээг олно. 2018-2023 оны НдЗХАШШ-ийн нийт болон нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл хэргийн тоо хэмжээг хүснэгтэд харуулав. Хүснэгт 10 НдЗХАШШ-ийн нийт болон нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл Үзүүлэлт 2018 2019 2020 2021 2022 2023 Шүүгчийн тоо 17.0 17.9 17.0 16.5 20.4 22.8 Хүлээн авсан нэхэмжлэл 2,076 2,193 2,031 2,064 2,288 2,514 Нэг шүүгчид ногдох 122.1 122.3 119.5 125.1 112.4 110.2 Шийдвэрлэсэн хэрэг 964 1,074 895 984 1,065 1,193 Нэг шүүгчид ногдох 56.7 59.9 52.6 59.6 52.3 52.3 Үлдэгдэл хэрэг 557 548 602 606 676 655 Нэг шүүгчид ногдох 32.8 30.6 35.4 36.7 33.2 28.7 Шүүгчийн тоо 2018 онд 17.0 байсан бол 2023 онд 22.8 болж нэмэгдсэн нь зургаан жилийн хугацаанд 34.18 хувиар өссөн. Шүүгчийн тоо ийнхүү нэмэгдсэн нь зөвхөн 2023 онд үлдэгдэл хэргийг багасгахад эергээр нөлөөлжээ. НдЗХАШШ хүлээн авсан нийт нэхэмжлэл 2018 онд 2’076 байсан бол 2023 онд 2’514 болж, 6 жилийн хугацаанд 21.10 хувиар өссөн ба захиргааны байгууллагын шийдвэрт хөндлөнгийн давхар хяналт тавих шаардлагатай байгааг илэрхийлж байна. Харин нэг шүүгчид ногдох нэхэмжлэлийн хэмжээ 2018 онд 122.1 байсан бол 2023 онд 110.2 болж буурч нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 9.75 хувиар буурсан. Энэ үзүүлэлт буурсан нь шүүгчийн тооны өсөлттэй шууд хамааралтай ба нэг шүүгчид ногдох ачааллыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн шүүхийн хүчин чармайлт үр дүнгээ өгч, нэхэмжлэл бүрд илүү анхаарал хандуулах боломжийг олгожээ. Шийдвэрлэсэн хэргийн тоо 2018 онд 964 байсан бол 2023 онд 1’193 болж, 6 жилийн хугацаанд 23.76 хувиар өссөн. Шийдвэрлэсэн хэрэг нэмэгдэж хүлээн авсан нэхэмжлэлийн өсөлтийг гүйцсэн. Гэсэн хэдий ч, өсөлтийн зөрүү багахан буюу 2.66 хувь гэдэг нь шүүхийн зүгээс үлдэгдэл хэргийг бууруулахаар ажиллаж байгаа боловч хэргийг хянан шийдвэрлэхэд бэрхшээлтэй тулгарсаар байна. Харин нэг шүүгчид ногдох шийдвэрлэсэн хэрэг 2018 онд 56.7 байсан бол 2023 онд 52.3 болж, 6 жилийн хугацаанд 7.77 хувиар буурсан. Энэ бууралт нь эхлээд харахад сөрөг үзүүлэлт мэт санагдах ч үнэн хэрэгтээ шүүгчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд ажлын ачааллыг жигд хуваарилах, тодорхой хэмжээнд бууруулах, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах алхам болжээ. Гэсэн хэдий ч, шүүгчийн тоо ба хэрэг шийдвэрлэлтийн хувь хэмжээ пропорциональ нэмэгдээгүй. Үлдэгдэл хэргийн тоо хэлбэлзэж, 2018 онд 557 байсан бол 2022 онд 676 болж өсөж, 2023 онд 655 болж бага зэрэг буурчээ. Үлдэгдэл хэргийн тоо сүүлийн байдлаар бага зэрэг буурсан нь хоцрогдол арилгахад тодорхой ахиц дэвшил гарчээ. Гэвч жил ирэх тусам үлдэгдэл хэргийн тоо тогтмол буурахгүй байгаа нь шүүхийн зүгээс дорвитой ажил хийх хэрэгтэй байгааг илтгэнэ. Харин нэг шүүгчид ногдох үлдэгдэл хэрэг 2018 онд 32.8 байсан бол 2023 онд 28.7 болж, 12.36 хувиар буурсан байна. Энэ хандлага нь боловсон хүчний нөөц нэмэгдэж, ХХША-ны илүү үр дүнтэй арга барилтай холбоотой байх магадлалтай. Энэхүү буурах хандлага хэвээр хадгалагдвал хэрэг шийдвэрлэхэд зарцуулах нийт хугацаа буурахад хувь нэмэр оруулах болно. Шүүгчийн тоо нэмэгдэхэд үлдэгдэл хэрэг буурдаг хамааралтай боловч корреляци -0.62 байна. Шүүгчийн орон тоог нэмэгдүүлсэн нь нэг шүүгчид ногдох нэхэмжлэл, үлдэгдэл хэргийн тоонд эергээр нөлөөлж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд тус болсон. Гэсэн хэдий ч хүчин чармайлтыг үл харгалзан үлдэгдэл хэргийн хэмжээ өндөр хувь хэмжээтэй байсаар байгаа. Нэг шүүгчид ногдох шийдвэрлэсэн хэргийн тоо буурч, харьцангуй цөөн хэрэг шүүн тасалдаг болсон ч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Хэргийн шийдвэрлэлтийн түвшнийг сайжруулахын тулд шүүх ХХША-ны үр ашгийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, сургалтыг чанаржуулах, технологи нэвтрүүлэх талаар бодолцох хэрэгтэй. Үлдэгдэл хэрэг, түүний хамрах хүрээ, төрлийг илүү нарийвчлалтай тодорхойлохын тулд хэргийн тоон мэдээллийг цуглуулж, бүх шатны шүүхийн өнөөгийн байдлыг үнэлнэ. Гэсэн хэдий ч, хэргийн тоо дангаараа шүүхийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлж илэрхийлэхгүй тул үлдэгдэл хэргийн насжилтыг судалж, хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, бусад түлхүүр үзүүлэлттэй харьцуулах хэрэгтэй. Эдгээр задаргаа бүхий тоо мэдээ байвал дурдсан шинжилгээг хийх боломжтой. Шийдвэрлэвэл зохих хэргийг шийдэх магадлал 2015-2023 онд НдЗХАШШ ний 9’240 хэрэг шийдвэрлэж, 4’992 хэргийн үлдэгдэлтэй (нийт 14’232) байсан. Энэ нь шүүх тайлант хугацаанд шийдвэрлэвэл зохих хэргийн 54.43 хувийг шийддэг гэсэн үг. 9 жилийн дунджаар жилд 1’027 хэрэг шийдвэрлэж байсан. Энэ тоо мэдээ дээр үндэслэн хэрэв шүүх шийдвэрлэвэл зохих ойролцоогоор 1’423 хэргийн 90-ээс доошгүй хувийг шийдвэрлэх зорилт тавивал биелэх магадлалыг бином тархалт ашиглан тооцож болно. Энд, n  нийт хэргийн тоо (1423), p  амжилттай үр дүнгийн магадлал (0.90), q буюу амжилтгүй байх магадлал (q) = 1 - p = 0.10  буюу (0.10), k  амжилттай үр дүнгийн тоо (1281). n  утга хэт өндөр тоо байгаа тул хэвийн тархалт ашиглан ойролцоогоор тооцоолж болно. Энд, Хэвийн тархалтыг ашиглан магадлалыг тооцоолохын тулд Z оноог тооцоолно. Стандарт хэвийн тархалтын хүснэгтээс Z (0.03) 0.512 магадлал буюу 2015-2023 оны түүхэн өгөгдөл болон бином тархалтын загварт үндэслэн ЗХШ нэг жилийн дотор шийдвэрлэвэл зохих нийт хэргийн 90-ээс доошгүй хувийг шийдвэрлэх магадлал ойролцоогоор 51.2 хувь байна гэсэн үг. Ийм өндөр зорилт тавих нь шүүхийн үр ашгийг дээшлүүлэх стратегийн зорилт боловч түүхэн тоо мэдээ зорилтыг биелүүлэхэд шаардлагатай үр ашгийн түвшинд хараахан хүрээгүй байна. Шүүх шийдвэрлэвэл зохих хэргийн 60, 70, 80-аас доошгүй хувийг шийдвэрлэх зорилт тавьсан ч биелэх магадлал 50 орчим хувь хэвээр байх ба энэ нь шүүх өнгөрсөн хугацаанд шийдвэрлэвэл зохих хэргийн 54.43 хувийг шийддэг байсантай холбоотой. Үүний учир шалтгаан нь хэрэг, нэхэмжлэлийн тоо нэмэгдсэн ч шүүгч болон шүүхийн албан хаагчийн тоо тогтмол хэвээр, эсвэл орон тоо нэмэгдсэн ч хэргийн өсөлттэй нийцтэй бус, шийдвэрлэж буй хэрэг, маргаан ярвигтай, цаг хугацаа шаарддаг байж болно. Тиймээс, шүүгчийн тоог нэмэх, эсвэл хэргийг илүү үр дүнтэй хуваарилах тогтолцоог нэвтрүүлэх, программ хангамжийг сайжруулах буюу гар ажиллагааг багасгаж, автоматжуулах, үлдэгдэл хэргийг бууруулах төлөвлөгөөт ажил хэрэгжүүлэх зэргээр шүүхийн үйл ажиллагааг чанаржуулах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал Сүүлийн гурван жилийн дунджаар ЗХАШШ хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 68.44 хувьд хэрэг үүсгэсэн байна. Харин шийдвэрлэсэн хэргийн 56.84 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар, 35.43 хувийг хялбаршуулсан журмаар, 7.73 хувийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдлыг амжилт гэж үзэн тооцоо хийж үзэхэд магадлал 14.47, 14.84 хувь тус тус байна. Өөрөөр хэлбэл, ЗХАШШ-ийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал 29.31 хувь буюу ойролцоогоор 3 хэрэг тутмын 1 байна. Хувь хэмжээ болон тооцооллыг хүснэгтэд харуулав. Хүснэгт 11 Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал Үзүүлэлт % % % 👍 🤝 👎 ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл 100 Хэрэг үүсгэсэн 68.44 Ердийн журмаар шийдвэрлэсэн 56.84 38.90 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан 37.19 14.47 14.47 Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон 8.73 3.40 3.40 Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 48.33 18.80 18.80 Дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн 5.75 2.24 2.24 Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 35.43 24.25 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан 30.08 7.29 7.29 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн 61.21 14.84 14.84 Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн 8.71 2.11 2.11 Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 7.73 5.29 Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 74.02 3.92 3.92 Нэхэмжлэлийг буцаасан 25.98 1.37 1.37 ЗХАШШ - Амжилтын магадлал 29.31 16.41 22.72 ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн давж заалдсан хувь хэмжээ 80.45 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Магадлал 48.46 14.20 11.43 ЗХДЗШШ-ийн үлдэх хувь (амжилт) 19.55 29.31 5.73 ЗХДЗШШ - Амжилтын магадлал 17.16 ЗХДЗШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн УДШЗХТ-ээр хянан шийдвэрлэсэн хувь 30.37           Шийдвэр, Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон тогтоол 44.17 7.58   2.30     УДШЗХТ-ийн үлдэх хувь (амжилт) 69.63   17.16 11.95     УДШЗХТ - Амжилтын магадлал       14.25     Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдлыг харгалзан авч үзэн амжилтын магадлалыг тооцвол 17.16 хувь гарав. Магадлал буурч байгаа нь ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн давж заалдсан хувь хэмжээ харьцангуй өндөр буюу 80.45 хувь, үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Магадлал 48.46 хувь буюу ойролцоогоор тал хувь байдагтай холбоотой байна. Цааш үргэлжлүүлэн, хариуцагч талаас дээд шүүхэд гомдол гаргасан тохиолдлыг харгалзан авч үзэн магадлалыг тооцвол 14.25  хувь байна. Амжилтын магадлал буурч байгаа ч өмнөх шатны шүүхээс харьцангуй бага хувьтай байна. Энэ нь ЗХДЗШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн УДШЗХТ-аар хянан шийдвэрлэсэн хувь харьцангуй бага буюу 30.37 хувь, үүнээс Шийдвэр, Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон тогтоол 44.17 хувь байгаатай холбоотой. Хэрэв амжилтыг илүү өргөн хүрээтэй авч үзэж, тухайлбал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн тохиолдлыг нэмж тооцвол үзүүлэлт бага зэрэг өндөр гарна. Гэхдээ эдгээр тохиолдол нь нэхэмжлэгчийн хувьд амжилт гэж тооцогдох үзүүлэлт болохгүй билээ. Энэхүү гарсан үр дүнг дотоодын бусад шүүхтэй болон ижил төстэй шүүх тогтолцоотой, олон нийтэд нээлттэй статистик мэдээлэлтэй гадаад улсын ЗХШ-ийн үзүүлэлттэй харьцуулж, олон улсын жишигт нийцэж буй талаар дүгнэлт хийж болно. Бэлэн тоо баримттай зарим судалгаанаас үзэхэд ЗХШ нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргадаг хувь хэмжээ ХБНГУ 60-70 хувь, Франц улс 30-40 хувь, Их Британи улс 50 орчим хувь, АНУ 30-40 хувь байна. Улс орнуудын ЗХШ татвар, цагаачлал , нийгмийн даатгалын маргаан зэрэг өргөн хүрээний хэргийг хянан шийдвэрлэхээс гадна нөхөн төлбөр төлөх, зуучлал, эвлэрүүлэх зэрэг аргыг түгээмэл ашигладаг. Үүнээс гадна олон шүүгчтэй, хэргийн удирдлагын тогтолцоо хөгжсөн, үлдэгдэл хэрэг бага улс орнуудын амжилтын түвшин өндөр байх хандлагатай байдаг. Ж.Танан Зүүлт тайлбар [1]   (НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан, 2023) , (НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан, 2022) . [2]   (2023 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2022 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2021 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2020 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2019 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2018 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2017 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2016 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2014 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2013 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2012 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2011 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2010 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2009 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2008 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2007 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2006 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (2005 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) , (Монгол улсын шүүхийн 2004 оны шүүн таслах ажиллагааны мэдээ) [3]   (ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг) [4]  Шүүхийн үйл ажиллагааны тайлант хугацаа тухайн оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болно. [5]   (ҮСХ, 2024) [6]  Шүүхийн хүртээмжийн харьцааг бусад шүүхтэй болон гадаад улсын жишигтэй харьцуулан дүгнэх нь зүйтэй. [7]   ЗХХШтХ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг ЗХШ хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (ЗХХШтХ, 2002) . [8]   ЗХШХШтХ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (ЗХШХШтХ, 2016) . [9] Тухайлбал, хохирол барагдуулах нэхэмжлэлийн талаар тайлангийн Нэхэмжлэлтэй танилцах ажил  хэсэгт танилцуулсан. [10]  Дэлгэрүүлэн нэхэмжлэл гаргасан этгээд хэсэгт тайлбарлана. [11]  2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх  хэмээн өөрчлөн нэрлэгдсэн. [12]  ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь ардчилсан – плюралист концепцийн агуулгад хамаарна. Нэхэмжлэлийн төрөлд хязгаарлалт хийж өгсөн нь нийтийн захиргааны байгууллагад нийтийн ашиг сонирхол хийгээд хувийн ашиг сонирхлын хамгаалалтын балансыг барих боломж олгосон гэдэг утгаараа өнөөдрийн байдлаар оновчтой гаргалгаа гэж зарим эрдэмтэн үзсэн байна  (Т.Мөнх-Эрдэнэ, 2017) . НдЗХАШШ-ийн статистик дашборд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #НдЗХАШШ #ЗахиргааныХэргийнШүүх #Нэхэмжлэгч #Хариуцагч #Статистик #ТоонШинжилгээ #Шүүгч #Шүүх #ЗХШХШтХ #НийтийнАшигСонирхол #ЗахиргааныБайгууллага #ҮлдэгдэлХэрэг #Хэрэг #Маргаан #Магадлал #ШүүхийнШийдвэр #Судалгаа #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #Нэхэмжлэл #ШүүхийнҮйлАжиллагаа

  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго 2024 - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хариултгүй тестийн хариу, тайлбар

    1.  Анхан шатны шүүхэд А-ийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 15.00 цагт эхэлсэн боловч ажлын цаг дууcсан үндэслэлээр шүүх хуралдааныг шүүгч 19.00 цагт завсарлуулжээ. Шүүгч уг шүүх хуралдааныг маргааш өдрийн 10.00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэж захирамж гаргасан. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчим зөрчигдсөн үү? a. Шүүх хуралдааныг 22.00 цагт завсарлуулах байсан тул шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчсөн байна b. Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулах тул зарчим зөрчигдөөгүй c. Шүүх хуралдааныг маргааш өдрийн ажил эхлэх цаг болох 9.00 цагт эхлүүлэх байсан тул зарчим зөрчигдсөн d. Хэргийн оролцогчоос асуулгүйгээр шийдвэрлэсэн тул зарчим зөрчигдсөн Зөв хариулт: b 👉 ИХШХШтХ 9 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах 9.1 . “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” → Шүүх хуралдааныг ажлын бус цагаар (19.00) завсарлуулж, маргааш өдрийн цагаар үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ, зарчим зөрчсөн гэж үзэхгүй. 2. Иргэн А нь харилцагч “Б” ХХК-д холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохирол 5.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх А-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар төрлийн ажиллагааг явуулах вэ? a. Гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа b. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа c. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа d. Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Зөв хариулт: d 👉 ИХШХШтХ 12 дугаар зүйл. Иргэний хэрэг үүсгэх үндэслэл 12.1.1.  “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;” 👉  ИХШХШтХ 13 дугаар зүйл. Хэргийн харьяалал 13.1.  “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ.” → Энэ төрлийн хэрэг нь ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна. → Гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх нь Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн бөгөөд ердийн журмаар шийдвэрлэнэ. Ямар журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах вэ гэж асуувал, ИХШХШтХ-д шууд тодорхой байдлаар ердийн журмаар  гэж заасан тусгай зүйл байхгүй. Гэхдээ хуулийн бүтцээс ердийн журмаар гэсэн ойлголт дараах байдлаар хэрэглэгдэнэ. Нэг. Хуулийн бүтцийн логик 👉 ИХШХШтХ-ийн бүтэц нь дараах хэсэгтэй: I ХЭСЭГ. ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ II ХЭСЭГ. ИРГЭНИЙ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ → Энэ хэсэгт ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зохицуулалт ордог (жишээ нь, нэхэмжлэл гаргах, хэрэг үүсгэх, харьяалал, нотлох баримт гэх мэт). 13 дугаар бүлэг. Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа → Энд онцгой ажиллагааны журмаар явуулах хэргүүд (жишээ нь, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох, нотариатын бичиг баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэр бүлийн байдлыг тогтоолгох гэх мэт) орно. III ХЭСЭГ. ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ IV ХЭСЭГ. ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ V ХЭСЭГ. ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ VI ХЭСЭГ. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ VII ХЭСЭГ. ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА БА ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ Хоёр. Хуулийн хэрэглээний жишиг → Иргэний эрх зүйн маргаан (гэм хор, гэрээний үүргийн биелэлт гэх мэт) нь: Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх асуудлын жагсаалтад ороогүй; Гэр бүлийн холбогдолтой хэрэг биш; Онцгой журмаар зохицуулагддаг тусгай хууль (жишээ нь: Хөдөлмөрийн хэрэг гэх мэт) биш тул, → Ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд автоматаар хамаарна гэж хууль зүйн практик, шүүхийн хэрэглээнд үздэг. Гурав. Жишээ 👉 ИХШХШтХ 12 дугаар зүйл. Иргэний хэрэг үүсгэх үндэслэл 12.1.1.  “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;” 👉  ИХШХШтХ 13 дугаар зүйл. Хэргийн харьяалал 13.1.  “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ.” Дөрөв. Шүүхийн практик Шүүхийн практикт ИХШХШтХ II ХЭСЭГ Ерөнхий журамд хамрагдах маргааныг “ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж нэрлэдэг. → Энэ нэр томьёо шүүхийн шийдвэрт “ердийн журмаар” гэж тогтмол хэрэглэгддэг. Тиймээс хуульд заагаагүй ч хуульд суурилсан тогтсон хэрэглээ юм. Дүгнэлт Тодорхой заасан шууд заалт: “ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж нэрлэсэн тусдаа зүйл байхгүй. Хуулийн бүтцийн хувьд II ХЭСЭГ ИРГЭНИЙ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ-аар явагддаг хэргийг “ердийн журмаар” гэж нэрлэдэг. 12.1.1 болон 13.1-д заасан үндэслэлээр үүссэн эд хөрөнгийн маргаан ердийн журмаар шийдвэрлэгдэнэ гэдгийг практикт хэрэглэдэг. 👉  Онцгой ажиллагааны журам ба ердийн журмын ялгаа ИХШХШтХ-ийн 13 дугаар бүлэг . “Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа”-нд орсон хэргүүдийг онцгой ажиллагааны журмаар , үүнд ороогүй бусад хэргийг II ХЭСЭГ-ийн дагуу ердийн журмаар  шийднэ. 3. Иргэн А нь ойрын хамаатны дүү болох иргэн Б-г өөрийн орон сууцандаа 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр суулгажээ. 1 жил өнгөрсөн боловч Б нь орон сууцны эзэмшлийг А-д шилжүүлэхээс татгалзсан байна. А нь Б-ийн эзэмшлээс орон сууцаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ. Шүүх хүсэлтийг хангаж захирамж гаргасан. А-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн явдал хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчсөн гэж Б тайлбарлан маргажээ. Шүүх А-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимтай нийцэх үү? a. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх асуудал нь хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцэхгүй b. Улсын тэмдэгтийн хураамжаас хэн нэгнийг чөлөөлөх нь шүүхэд олгосон эрх хэмжээ тул хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимд хамаарахгүй c. Хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцнэ d. Иргэнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь байдаг л асуудал тул хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлэхгүй Зөв хариулт: b 👉 ИХШХШтХ 58 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хураамжаас чөлөөлөх 58.3. “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө.” → Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж байгаа нь зарчимд шууд хамаарахгүй  гэж үзэж болно. → Тэгш байх зарчимд хамаарахгүй гэж байгаа нь зарчим зөрчиж байна, зөрчөөгүй байна гэж биш,  харин шүүхэд олгосон эрх хэмжээний асуудал тул зарчим зөрчсөн эсэх талаар ярих шаардлагагүй гэсэн утгатай юм. Яагаад c хариулт биш вэ? → c  хариулт “хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх нь тэгш байх зарчимд нийцнэ” гэж байгаа нь зөв ч асуулт доторх Б-ийн маргалдаж буй логик дээр бэлэн шууд хариулт биш юм. → “Шүүхийн өмнө тэгш байх зарчимд хамаарах уу, үгүй юу?” гэдгийг асууж байгаа тул энэ тохиолдолд b хариулт хамгийн оновчтой байна. 4. Иргэн А нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт харьяалан оршин суудаг бөгөөд тэрээр Хөвсгөл аймагт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа нэхэмжлэгч А өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан гэв. Шүүгчийн захирамж үндэслэлтэй юу? a. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвхөн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах тул захирамж үндэслэлтэй b. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалалд хамаарах тул шүүгчийн захирамж үндэслэлгүй c. Ажиллаж байгаа байдлыг тогтоолгох нэхэмжлэл шүүхийн онцгой харьяалалд хамаарах тул захирамж үндэслэлтэй d. Нэхэмжлэлийн харьяаллыг нэхэмжлэгч өөрчлөх эрхтэй тул шүүгчийн захирамж үндэслэлтэй Зөв хариулт: b 👉 ИХШХШтХ 15 дугаар зүйл. Нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал 15.4. “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.” → Энэ заалт нь сонголт  олгож байна: Өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газар Тухайн үйл явдал болсон газар → Асуултад: А ажиллаж байгаа байдлаа тогтоолгохоор үйл явдал болсон газар буюу Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь хуульд заасан сонголт мөн байна. Тиймээс шүүхийн “зөвхөн оршин суугаа газрын шүүхэд гаргах ёстой” гэсэн захирамж үндэслэлгүй болж байна. 5. “А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж заажээ. “А” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг “Б” ХХК биелүүлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргажээ. Шүүгчийн захирамж үндэслэлтэй юу? a. Шүүхийн харьяалал зөрчсөн тул шүүгчийн захирамж үндэслэлгүй b. Хэргийн харьяалал зөрчсөн тул шүүгчийн захирамж үндэслэлгүй c. Шүүх дээр талууд харьяаллаа өөрчилж болох тул шүүгчийн захирамж үндэслэлтэй d. Ямар ч тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй тул шүүгчийн захирамж үндэслэлтэй Зөв хариулт: b 👉 ИХШХШтХ 13 дугаар зүйл. Хэргийн харьяалал 13.2. “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.” 13.3. “Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.” → Асуултад: “...маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж заажээ.” Арбитрын заалт байна! → Гэрээнд арбитрын заалт байгаа тул хэргийн харьяалал арбитрт байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан нь хэргийн харьяалал зөрчсөн байна. 6. Нэхэмжлэгч А нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг. Тэрээр Төв аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг хариуцагч Б-тэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэгт байдаг орон сууцыг хөлслөх, Б хөлс төлөх үүргийг хүлээсэн гэрээ байгуулж, гэрээндээ маргаан гарвал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заажээ. Талуудын тохиролцоо хуульд нийцсэн үү? a. Орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө тул шүүхийн онцгой харьяалал зөрчсөн гэж үзнэ. Талуудын тохиролцоо хуульд нийцээгүй b. Хариуцагч Б нь Төв аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг тул талуудын тохиролцоо хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн харьяалал зөрчжээ c. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд тэдгээр нь хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчилж болно. Иймд хуульд нийцжээ d. Нэхэмжлэгч нутаг дэвсгэрийн харьяаллыг дангаар тогтоох учир гэрээний заалт хуульд нийцжээ Зөв хариулт: c 👉 ИХШХШтХ 18 дугаар зүйл. Харьяаллыг өөрчлөх 18.1.  “Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно.” 18.2 . “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүхийн онцгой харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болохгүй.” → Асуултад: Эд хөрөнгийн эрх зүйн харилцаа нь орон сууц хөлслөх гэрээ; Талууд гэрээнд маргаан гарвал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон; Шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй (16 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн маргаан, үл хөдлөх хөрөнгийн маргаан биш). Зөвхөн гэрээний эрх зүйн харилцаа байна. 7. Иргэн А нь иргэн Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлийг Б автомашинаараа А-гийн 10 настай хүү В-ийн унадаг дугуйг мөргөж эвдэлсэн гэв. А нь Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж болох уу? a. А зөвхөн өөрийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй b. А-гийн хүү В-ээс итгэмжлэл өгсөн тохиолдолд А нэхэмжлэл гаргана c. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэх маргаан тул А хүсэлт гаргана d. Бусдын буюу насанд хүрээгүй өөрийн хүүхдийн эрхийг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх А-д хуулиар олгогдсон байна Зөв хариулт: d 👉 ИХ 17 дугаар зүйл. Иргэний эрх зүйн зарим чадамж 17.2.  “7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ.” 👉 ИХШХШтХ 12 дугаар зүйл. Иргэний хэрэг үүсгэх үндэслэл 12.1.2.  “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл” → Хүү 10 настай, 7-14 насны хүүхдийн эцэг, эх (хууль ёсны төлөөлөгч) нь хүүхдийн нэрийн өмнөөс шүүхэд хандах эрхтэй. → Эцэг, эх нь хүүхдийн эрхийг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрхтэй этгээдэд тооцогдоно. 8. 14 настай А нь иргэн Б-д холбогдуулан 5.0 сая төгрөгийн зээлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх А-гийн эцэг, эхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах уу? a. Шүүх насанд хүрээгүй иргэний нэхэмжлэлээр үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эцэг, эхийг татан оролцуулах үүрэгтэй b. Шүүх насанд хүрээгүй иргэний нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эцэг, эхийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ c. Шүүх насанд хүрээгүй иргэний оролцоотой явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эцэг, эхийнх нь зөвшөөрлийг үндэслэн тэднийг татан оролцуулна d. Насанд хүрээгүй иргэний зээлийн маргааныг шийдвэрлэхэд эцэг, эхийг нь оролцуулах шаардлагагүй Зөв хариулт: a 👉 ИХШХШтХ 24 дүгээр зүйл. Хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадамж 24.2. “ Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй.” 24.3.  “Шүүх энэ хуулийн 24.2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин насанд хүрээгүй иргэнтэй холбоотой хэргийг Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр хянан шийдвэрлэхдээ түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” → 14-18 насны хүүхэд өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж оролцох эрхтэй. → 14-18 насны хүүхэд өөрөө нэхэмжлэл гаргасан ч, шүүх эцэг, эхийг татан оролцуулах үүрэгтэй. 9. Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А шүүхэд хүсэлт гаргаж автомашины өмчлөгч нь өөрийнх нь төрсөн хүү В бөгөөд тэрээр 19 настай тул В-г жинхэнэ нэхэмжлэгчээр сольж өгнө үү гэжээ. Шүүх нэхэмжлэгч А-г нэхэмжлэгч В-ээр солих ажиллагааг хэрхэн явуулах вэ? a. Хариуцагч Б зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч А-г жинхэнэ нэхэмжлэгч В-ээр солино b. Хариуцагч Б-ийн зөвшөөрлөөс үл хамааран нэхэмжлэгч А-г нэхэмжлэгч В-ээр солихгүй c. Нэхэмжлэгч А-гийн хүсэлтээр түүнийг жинхэнэ нэхэмжлэгч В-ээр солино d. Гуравдагч этгээд зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч өөрчлөхгүй бөгөөд жинхэнэ нэхэмжлэгч В-ээр солих боломжгүй Зөв хариулт: c 👉 ИХШХШтХ 28 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагчийг солих 28.1.  “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” → А өөрийн хүсэлтээр шүүхэд хүсэлт гаргасан байна. Хүү В нь 19 настай буюу бүрэн эрх зүйн чадамжтай, өмчлөгч, жинхэнэ нэхэмжлэгч байх эрхтэй. Иймд шүүх А-гийн хүсэлтээр түүнийг жинхэнэ нэхэмжлэгч В-ээр солино. 10. Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулж зуслангийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б шүүхэд гаргасан хүсэлтдээ уг зуслангийн газрыг иргэн В эзэмшиж байгаа тул жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэв. Шүүх ямар ажиллагаа хийх вэ? a. Нэхэмжлэгч А-гийн зөвшөөрөлгүйгээр шүүх хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-ээр солино b. Шүүх энэ ажиллагааг хийхэд нэхэмжлэгчид мэдэгдэх шаардлагагүй тул хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-ээр солино c. Нэхэмжлэгч А зөвшөөрөөгүй тул шүүх хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-ээр солихгүй d. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуугаагүй тохиолдолд шүүх хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-ээр солихгүй Зөв хариулт: c 👉 ИХШХШтХ 28 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагчийг солих 28.1.  “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” Анхаарах хэсэг  → нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр. → Энэ тохиолдолд: Хариуцагч Б хүсэлт гаргасан. Харин нэхэмжлэгч А зөвшөөрсөн эсэх талаар заагаагүй. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, зөвшөөрөлгүйгээр хариуцагчийг сольж болохгүй. Хуульч Шувуухайн пост таалагдаж байвал 👍 Like дараад 📝 коммент үлдээгээрэй! Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго #LawyerBirdie #ХуульчШувуухай #ИргэнийПроцессынЭрхЗүй #ХуульчийнМэргэжлийнШалгалт #ИХШХШтХ #ИргэнийХэрэгШүүхэдШийдвэрлэх #ШүүхийнПрактик #ХуульчБэлтгэх #МэргэжлийнШалгалт #ХуульчСуралцагч #ЭрхЗүйСудлал #ИргэнийХэрэг #Нэхэмжлэл #Хариуцагч #ШүүхэдХандахЭрх #ШүүхийнЭрхЗүй #ИргэнийХууль #ШүүхийнПрактикийнЖишээ #ШүүхийнЗарчмууд #ШүүхийнХуралдаан #ТасралтгүйХуралдаан #ШүүхийнШийдвэр #Харьяалал #ШүүхэдХандах #НэхэмжлэгчийнЭрх #ХариуцагчийгСолих #ПроцессынЭрхЗүй #ЗахиргааныШүүх #МонголынХуульчид #ЭрхЗүйнБоловсрол #МэргэжлийнШалгалтынБэлтгэл #ХуульчийнЗамнал #ИргэнийПроцесс #НэхэмжлэлГаргах #Шүүх #ШүүхэдНэхэмжлэлГаргах #ШүүхийнОнцгойЖурам #ШүүхэдИтгэхИтгэл #ШүүхийнШийдвэрГүйцэтгэл #ИргэнийЭрхийнХамгаалалт #ХуульчОюутан #ИргэнийХэрэгШүүхэдХянанШийдвэрлэхТухайХууль #ЭрхЗүйнБлог #ИргэнийХууль #Шалгалт #НотлохБаримт #Сорилго #ЭрхЗүйнСорилго #LawyerBlog #LegalEducation #ХариултгүйТест

  • Амьсгал бүр = Алдагдсан боломж

    Оршил Энэ нийтлэлийг Хүрээлэн буй орчны сорилтууд (Environmental Challenges)  сэтгүүлд хэвлэгдсэн, судлаач А.Баярбилэг, Dil B.Rahut, Subhasis Bera  нарын   “Амьсгалын үнэ цэн: Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэрхэн бууруулж байна вэ?” судалгааны гол агуулга, үр дүнг танилцуулах, түүнчлэн судалгааны гол сургамж, судалгааны хязгаарлалт, цаашдын судалгааны чиглэл, агаарын бохирдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор бичив. Судлаачид Монгол Улсын Хөдөлмөрийн хүчний судалгаа болон агаарын чанарын өндөр нарийвчлалтай өгөгдлийг ашиглаж, агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтийг богино хугацаанд хэрхэн бууруулж буйг судалжээ. Ийнхүү судлахдаа хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудал болсон агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг олж тогтоох зорилго дэвшүүлсэн байна. Судалгаанд Улаанбаатар хотын өвлийн улирлын утаа нь иргэдийн эрүүл мэнд, ажиллах чадварт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хувьд бодит хохирол учруулж байгааг тэмдэглэсэн байна. Судалгааны тойм Хөгжингүй орнууд технологийн тусламжтайгаар утааг багасгаж чадаж байгаа бол хөгжиж буй орнууд ийм боломжгүй байна. Монголд хийгдсэн судалгаанууд эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, утааны эх үүсвэрт төвлөрсөн бол, харин тус судалгаа нь агаарын бохирдлын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө буюу эдийн засгийн хохирлыг нарийвчлан тооцоолохыг зорьжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдал Улаанбаатар хотын хүн амын тал хувь нь төвийн дулаанд холбогдоогүй гэр хороололд нүүрс, мод түлж амьдардаг. Өвлийн улиралд дулааны хэм -30°C хүрэх үед нүүрсний хэрэглээ эрс нэмэгдэж, үүний улмаас утаа ихээр ялгардаг. Улаанбаатар хот нь газарзүйн хувьд сав газарт байрлах тул агаарын бохирдлыг хашиж үлдээдэг. Агаарын бохирдлын хэмжээ жилийн 300 орчим өдөр ДЭМБ-ын зөвлөмжөөс хэтэрдэг, улмаар ялангуяа хүүхэд, өндөр настай иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг байна. Судалгааны өгөгдөл ба аргачлал Өгөгдөл:  2014–2018 оны Хөдөлмөрийн нийлүүлэлтийн судалгаа, Агаарын чанарын станцуудын мэдээлэл, цаг агаарын мэдээ зэргийг ашигласан. Үндсэн үзүүлэлт:  Ажилласан 7 хоногийн нийт цаг. Статистикийн загвар:  Давхар хаалттай загвар (Double-hurdle) , Тобит загвар (Tobit) , мөн салхины хурдыг ашигласан инструмент хувьсагчийн хоёр шатат загварын (Instrumental Variable using wind speed)  тусламжтай агаарын бохирдол хөдөлмөрийн цагт хэрхэн нөлөөлж байгааг шинжлэн тогтоосон байна. Салхи нь агаарын бохирдлыг сийрэгжүүлэх, тараах замаар шууд бус нөлөө үзүүлдэг тул бодит шалтгаант хувьсагч болгон авчээ. Судалгааны үр дүн Инструмент хувьсагч ашиглахад SO₂ буюу хүхрийн давхар исэл нь хөдөлмөрийн цагт хамгийн хүчтэй сөрөг нөлөөтэй байжээ. SO₂ буюу хүхрийн давхар исэл нэгжээр нэмэгдэхэд ажлын цаг 7 хоногт дунджаар 30 минут багассан байна. Үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол нь 2014–2018 онд жилд дунджаар 81.2 тэрбум төгрөг (~36 сая ам.доллар) буюу ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэнэ. Агаарын бохирдлын нөлөөлөл Эмэгтэйчүүд , ялангуяа 6-аас доош насны хүүхэдтэй бол хөдөлмөрийн оролцоо эрс багассан. Гадна орчинд ажил эрхлэгчид (барилга, зам засвар г.м.) байшин барилга дотор ажилладаг хүмүүстэй харьцуулахад илүү мэдрэмтгий гарчээ. 40-өөс доош насны залуусын хөдөлмөрийн цаг агаарын бохирдлоос хамаарч илүү багассан байна. Эдийн засгийн хохирол Агаарын бохирдлоос үүдэлтэй хөдөлмөрийн цаг бууралтаас үүдэн Монгол Улс жилд дунджаар 36 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ДНБ-ийг алджээ. Агаарын бохирдол их үед хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн эрүүл мэндийн зардал, ар гэртээ асаргаа үзүүлэх зэргээр шууд ба шууд бус эдийн засгийн ачаалал нэмэгддэг байна. Дүгнэлт ба бодлогын зөвлөмж Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд бодит хохирол үзүүлж буйг нотолсон. Агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой арга хэмжээг санал болгожээ. Агаарын чанарын хяналтыг сайжруулах, хяналтын станцын тоог нэмэгдүүлэх; Ногоон байр, цахилгаан халаалттай орон сууцыг дэмжих бодлого хэрэгжүүлэх; Гэр хорооллын иргэдэд зориулсан цэвэр түлш, сайжруулсан зуух, цахилгаан халаагуурыг нэвтрүүлэх; Иргэдийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг бий болгох; Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх (мод тарих, цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэх); Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, нүүрснээс аажмаар татгалзах бодлого хэрэгжүүлэх. Энэхүү хураангуй нь А.Баярбилэг, Dil B.Rahut, Subhasis Bera  нарын    нарын “Амьсгал боогдуулсан аюул: Агаарын бохирдол Улаанбаатар хот дахь хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэрхэн бууруулж байна вэ?”  нэртэй судалгааны бүтээлийн агуулгад үндэслэсэн болно. Үүнд тусгагдсан мэдээлэл, тоон баримт, үндсэн дүгнэлтүүд нь судалгааны өгүүллээс шууд эш татан, судалгаанд дурдсан баримтат эх сурвалжуудаар баталгаажсан болно. Судалгааны үр дүн болон бодлогын зөвлөмжүүд нь зохиогчдын шинжилгээнд суурилсан бөгөөд ДЭМБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын статистик мэдээллээр нөхөж тайлбарласан болно. Бүх эшлэл, тоон үзүүлэлтийг эх нийтлэлээс авсан бөгөөд эх сурвалжийг алдагдуулалгүй, үнэн зөв тусгахыг зорьсон болно. Судалгааны хязгаарлалт (Limitations) Тус судалгаа нь агаарын бохирдлын хөдөлмөрийн нийлүүлэлтэд үзүүлэх богино хугацааны нөлөөг тоон аргаар анх удаа харуулсан онцлог давуу талтай ч, судалгааны арга зүй, ашигласан өгөгдөл болон хамрах хүрээтэй холбоотой хэд хэдэн хязгаарлалт байв. Судалгааны үр дүнг бодлогын шийдвэр гаргахад хэрэглэхдээ эдгээр хязгаарлалт, нөхцөл, хамаарлыг харгалзан үзэх нь чухал юм. Тус судалгааны гол хязгаарлалтуудыг ангилан тайлбарлав. Түүвэр: Судалгаанд давтагдан хэмжсэн өгөгдөл (panel data)  биш, харин жил бүрийн өөр түүвэрт суурилсан хавсаргасан хөндлөн огтлолын өгөгдөл (pooled cross-section)  буюу энгийнээр хэлбэл, жил бүр өөр хүнээс авсан мэдээллийг ашигласан. Тодруулбал, 2014–2018 оны Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа нь жил бүр өөр бүлгийг хамарсан. Ингэснээр, хувь хүний тогтмол, нууцлаг хүчин зүйлийн (unobserved heterogeneity)  нөлөөг статистикийн аргаар ялгаж авч үзэх боломж хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, хувь хүний хэмжигдэхгүй, тогтвортой зан төлөв, шинж чанарын байнгын нөлөөг тусган тооцох, бүрэн хянах боломж бүрдээгүй нь загварын хазайлт үүсгэсэн байх эрсдэлтэй. Агаарын бохирдлын бүрэлдэхүүн, бүтцийг ялгаагүй:  Агаарын бохирдлыг зөвхөн SO₂ буюу хүхрийн хэт ислээр төлөөлүүлсэн. Гэтэл эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт илүү хүчтэй сөрөг нөлөөтэй, PM2.5 буюу агаар дахь 2.5 мкм-ээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор, NO₂ буюу азотын давхар исэл, CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл, O₃ буюу озоны агууламж зэрэг бусад агаарын бохирдуулагчийг хамруулж судлаагүй. Цаашилбал, агаарын найрлагын өөрчлөлт, улирлын зөрүүг илүү нарийвчлан харуулж чадаагүй. Зөвхөн богино хугацааны нөлөөгөөр хязгаарлагдсан: Ажлын цаг 7 хоногоор хэмжсэн хэдий ч удаан хугацааны бүтээмж, орлого, мэргэжлийн замналд үзүүлэх нөлөө тусгагдаагүй. Инструмент хувьсагчийн эндогени  (exogeneity)  бүрэн батлагдаагүй: Салхины хурд нь SO₂ буюу хүхрийн хэт исэлд нөлөөлөх нь ойлгомжтой боловч гэр хороолол, дэд бүтэц хөгжөөгүй бүсэд салхины хурд нь амьдралын нөхцөлтэй шууд хамааралгүй байж болно. Энгийнээр хэлбэл, салхи нь шалтгаант хувьсагчийн шалгуурыг бүрэн хангаагүй. Нийгмийн бүлэг доторх ялгаа гүнзгийрүүлээгүй:  Эмэгтэйчүүд, залуус, гадаа ажилладаг хүмүүс гэх зэргээр бүлгийг ялгасан ч хөдөө ба хот, албан ёсны ба албан бус хөдөлмөр, сүүдрийн эдийн засаг зэрэг нарийн дэд бүлгийг тусгайлан судлаагүй байна. Орхигдуулсан судлагдахууныг нэгтгэн хүснэгтэд харуулав. Хүснэгт 1 Орхигдуулсан судлагдахуун Боломж Яагаад чухал вэ? Удаан хугацааны бүтээмж, орлого                       Богино хугацааны цалингийн хорогдол төдийгүй карьерын нөлөөллийг харгалзах нь зөв. PM2.5 зэрэг бусад бохирдуулагч                    Монголд PM2.5 маш өндөр, эрүүл мэндийн гол аюул үүсгэгч. Эрүүл мэндийн хандалт + хөдөлмөр                      Агаар муу үед өвдөөд эмнэлэгт очиж үзүүлэх нь хөдөлмөрийн шийдвэрт нөлөөлж болно. Сэтгэлзүйн нөлөө, стресс Ажиллах хүсэл, идэвх буурах нь цэвэр физиологи биш, сэтгэлзүйн нөлөөтэй байж болзошгүй. Утаатай өдрүүдэд хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын бодлого Засгийн газрын бодлого хөдөлмөрт буфер болж чадаж байна уу гэдгийг хэмжих хэрэгтэй. Боловсрол, сургуулийн хичээл таслалт ба хожмын хөдөлмөр эрхлэлт Сурагчийн агаар муу, утаа ихтэй үеийн хичээл таслалт ирээдүйд хөдөлмөрт үзүүлэх нөлөөллийг хэмжиж болох юм.    Цаашдын судалгааны чиглэл Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг богино хугацааны хөдөлмөрийн хариу үйлдлийн түвшинд анх удаа тоон загварын аргаар нарийвчлан харуулсан онцлогтой. Судалгааны үр дүн нь агаарын бохирдол ажлын цагийг бууруулж, хөдөлмөрийн нийлүүлэлтийг багасгаж байгааг баталгаажуулсан нь бодлогын түвшинд чухал суурь баримт болж байна. Гэсэн хэдий ч уг судалгаа нь зөвхөн 7 хоногийн ажлын цагт суурилсан богино хугацааны нөлөөг харуулсан тул, удаан хугацааны бүтээмж, эрүүл мэндийн доройтол, сэтгэлзүйн хандлага, иргэдийн хөдөлмөрлөх сонголт, ажлын байраа солих шийдвэр зэрэг илүү нарийн, урт хугацааны үр нөлөөг тусгаагүй байна. Цаашид хувь хүний хөдөлмөрийн оролцоонд нөлөөлөх урт хугацааны зан төлөв, эрүүл мэндийн хуримтлагдах хохирол, хөдөлмөрийн зах зээлийн дасан зохицол зэрэг хүчин зүйлийг багтаасан, өргөтгөсөн судалгааг хийх нь зүйтэй. Хөдөлмөрийн зах зээл сорилтод орсон үед, ялангуяа агаарын бохирдол ихтэй улиралд нийгмийн хамгааллын тогтолцоог хэрхэн оновчтой ажиллуулах вэ гэдэг нь цаашдын судалгааны чухал чиглэл юм. Уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах зохицуулалт, эрүүл мэндийн тэтгэмж, хөдөлмөрийн эрсдэлийн нөхөн олговор зэрэг бодлого, хөтөлбөрүүд агаарын бохирдолд өртсөн бүлгүүдийг хамгаалахад хувь нэмэр оруулж болохыг бодит баримтад тулгуурлан судлах шаардлагатай. Үүнтэй уялдаатай судалгааны өөр нэг чиглэл бол агаарын бохирдлын улмаас үүссэн боловсролын тасалдлын ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөллийг судалж, боловсролын салбар дахь хариу арга хэмжээг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл өгөх боломжтой. Тодруулбал, агаарын бохирдлоос үүдэн хүүхдүүд хичээл таслах тохиолдол ихсэж буй нь урт хугацаандаа боловсролын чанар, үргэлжлэх чадвар, хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хүрээлэн буй орчинтой  холбоотойгоор судалгааг өргөжүүлэн, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг илүү бодитой, иж бүрэн үнэлэхийн тулд зөвхөн PM2.5 буюу агаар дахь 2.5 мкм-ээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор, NO₂ буюу азотын давхар ислээр хязгаарлах бус, PM2.5 буюу агаар дахь 2.5 мкм-ээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор, NO₂ буюу азотын давхар исэл зэрэг бусад гол агаар бохирдуулагчийг хамруулах шаардлагатай. Эдгээр бодис нь хүний эрүүл мэнд, ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл, амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлдөг тул олон төрлийн бохирдуулагчийг зэрэг харгалзан үзсэн загвар илүү оновчтой дүгнэлт гаргах үндэс болно. Түүнчлэн статистик өгөгдлийг илүү нарийвчлан цуглуулж, богино хугацааны ажлын цагийн бууралтад үзүүлэх нөлөөнөөс гадна хувь хүний түвшинд илрэх урт хугацааны зан төлөв, хандлагын өөрчлөлтийг судлах нь чухал. Үүний тулд цуваа өгөгдөл ашиглан тухайн хүнд үзүүлэх тогтмол (fixed)  нөлөөг хянаж, хувь хүнд агаарын бохирдол ялгаатай нөлөөлж байгааг нарийвчлан шинжлэх шаардлагатай. Ингэснээр нийгмийн бүлгүүдийн ялгааг илүү оновчтой илрүүлэх суурь болно. Бид юу хийж чадах вэ? Нэн тэргүүнд, өдөр тутмын амьдралдаа нийтийн тээврийг сонгож, хувийн автомашины хэрэглээг багасгах нь агаарын бохирдлыг бууруулах шууд бөгөөд бодит алхам болно. Тээврийн салбар нь бохирдлын томоохон эх үүсвэрийн нэг тул иргэн бүрийн дор бүрнээ хийж буй сонголт чухал нөлөөтэй. Үүний зэрэгцээ цахилгаан болон хийн түлшээр ажилладаг нийтийн тээврийн хүртээмжийг дэмжих бодлогод дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Гэр хорооллын бүсэд түүхий нүүрсний хэрэглээг халж, цахилгаан болон шингэрүүлсэн түлшний хэрэглээг өргөжүүлэх нь эрүүл орчны үндэс болно. Иргэн бүр цахилгаан халаалтыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх талаар засгаас дэмжлэгийг шаардах нь зүй. Түүнчлэн, иргэд өөрсдөө мэдээлэлтэй, хариуцлагатай байж, утааг нэмэгдүүлэх биш бууруулах шийдлийг сонгох нь чухал байна. Агаар шүүн цэвэршүүлэх байгалийн хүчин зүйл болох мод, ногоон байгууламжийн нэмэгдүүлэх нь агаарын бохирдлын нөлөөг саармагжуулах урт хугацааны шийдэл юм. Үүнийг зөвхөн хот төлөвлөлтийн байгууллагын үүрэг хэмээн хүлээн авах бус, харин оршин суугч бүрийн оролцоотой хэрэгжих ажил гэж үзэн хүн бүр мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Ногоон бүсийг хамгаалах, хог хаягдал багасгах, уур амьсгалд ээлтэй орчныг бүрдүүлэхэд иргэний оролцоо зайлшгүй билээ. Агаарын бохирдол бол ганцхан өвлийн улирлын асуудал бус, жил бүр давтагддаг амьдралын чанарыг хөндсөн ноцтой аюул юм. Иймд бодлого боловсруулагчдаас тодорхой хариуцлага, үр дүн шаардаж, төсөв, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих нь иргэдийн оролцооны нэг хэлбэр. Судалгаа, статистикт тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй ил тод бодлого шаардах нь иргэдийн хамтын үүрэг юм. Хамгийн гол нь хүн болгон хүн бүрийн хийж чадах зүйл бол агаарын бохирдлын хор уршгийг өөрөө мэдээд өнгөрөх биш, бусдад мэдлэг, мэдээллийг түгээж, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал. Иргэн бүр энэ асуудлыг хөндөж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд залуусыг мэдээлэллээр хангах, өөрийн орчинд шийдлийг эрэлхийлэх зэргээр эерэг давлагаа үүсгэх боломжтой. Нэг хүний үйлдэл бага мэт санагдаж болох ч олон хүний ухамсарт үйлдэл нийлж байж том өөрчлөлт авчирна. Дүгнэлт Энэхүү нийтлэлийг бичих нь миний хувьд зөвхөн академик ажлын нэг хэсэг бус, нийгмийн өмнө хүлээх иргэний ухамсарт үүргийн илрэл байлаа. Судалгаанд тулгуурласан ойлголт, тоон баримт, урам өгсөн санаануудыг бусадтай хуваалцах нь нийгмийн мэдлэг, хамтын ухамсрыг дэмжих нэг хэлбэр юм. Энэ бол бидний хэн хэнд нь хамаатай, хойш суух бус оролцох ёстой сэдэв билээ. Хүн эрхтэй байж болно, бусдын эрхийг хүндэлж болно, гэхдээ үүнээс ч илүү суурь ухамсар бол байгаль дэлхийгээ, амьсгалж буй агаараа хайрлах, хамгаалах, ирээдүйд өвлүүлэн үлдээх үүрэг юм. Бид зөвхөн өөрийн төлөө бус, үр хүүхдүүд, хойч үеийн амьдрах эрхийн төлөө өнөөдөр бодож, цаг алдалгүй үйлдэл хийх ёстой. Тиймээс энэ нийтлэлээр дамжуулан нийтэд мэдлэг түгээх, нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьсон төдийгүй, “Амьсгал бүр = Алдагдсан боломж”  гэсэн энгийн хэр нь гүн гүнзгий уриалгыг хүргэж байна. Байгаль эх бол бидний эрх чөлөөний үндэс, харин агаар бол оршихуйн эхлэл юм. Хуульч Шувуухайн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй энэхүү ажлыг бусадтай хуваалцаж, мэдлэг түгээх, ухамсар нэмэгдүүлэх, эцэст нь амьсгалж буй агаараа хайрлах хамтын орон зайг бий болгоцгооё! Энэ нийтлэл болон Youtube видеонд Like дараад, Share хийж найзууддаа түгээгээрэй. Нэг ч болов хүнд хүргэснээр бид хамтдаа том өөрчлөлтийг эхлүүлж чадна. 🌿🕊️ Б.Дайриймаа #LawyerBirdie #ХуульчШувуухай #АмьсгалынҮнэЦэн #АгаарынБохирдол #Утаа #УлаанбаатарУтаа #ЦэвэрАгаар #ЭрүүлОрчин #ЭрүүлМэнд #ЭдийнЗасаг #ХөдөлмөрийнНийлүүлэлт #ХөдөлмөрийнЭрүүлМэнд #АгаарынЧанар #НийгмийнХариуцлага #БайгальОрчныСорилт #ТүүхийНүүрс #ЦахилгаанСтанц #ДулааныСтанц #ЭрүүлАжиллахОрчин #ХөдөлмөрийнЗахЗээл #ХөдөлмөрийнЦаг #АмьдралынЧанар #ОрчныБохирдол #Экологи #ЭкологийнЭрсдэл #Агаар #Судалгаа #УтааныНөлөө #МэргэжлийнХураангуй #СудалгаандТулгуурласан #БодлогынШийдэл #АкадемикКонтент #СудалгааныХураангуй #ТайлбарТанилцуулга #ХүнийХөгжил #АмьдрахОронЗай #АгаарынБохирдлынЭсрэг #ОрчныАюулгүйБайдал #ИргэнийОролцоо #БайгальОрчныБодлого #ТогтвортойХөгжил #СайнДурынИдэвх #ИрээдүйнТөлөө #СэтгэлСанаа #БодитНөлөө #МэдлэгТүгээе #БоловсролТүгээе #МэдрэмжтэйМэдлэг #МэдлэгТүгээхҮйлс Амьсгал бүр = Алдагдсан боломж Амьсгал бүр = Алдагдсан боломж постерийг татаж аваад тараагаарай!

  • Гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн орчин: Монгол Улсын ба олон улсын зохицуулалт

    Агуулга Удиртгал I. Үнэт цаасны төрөл ба хөрөнгө оруулалтын үндсэн хэлбэр Үнэт цаасны төрөл Үндсэн төрлийн үнэт цаас Төрөлжүүлсэн багцын хэрэгсэл Уламжлагдсан буюу дериватив үнэт цаас Хөрөнгө оруулалтын хэлбэр Шууд хөрөнгө оруулалт Зуучлалын хөрөнгө оруулалт II. Монгол Улсын эрх зүйн зохицуулалт Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж Үнэт цаасны зах зээлийн тухай хууль Валютын зохицуулалтын тухай хууль СЗХ-ны дүрэм, журам Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Шууд хөрөнгө оруулалт Зуучлалын байгууллагаар дамжуулах хөрөнгө оруулал т Хууль тогтоомжийн давхардал, хийдэл Давхардсан зохицуулалт Зохицуулалтын хийдэл III. Олон улсын эрх зүйн орчны жишээ Америкийн Нэгдсэн Улс Европын Холбоо Ази тивийн орнууд Монгол Улс IV. Эрсдэл, хязгаарлалт ба хөрөнгө оруулагчийн эрх Эрх зүйн эрсдэл Валютын эрсдэл ба хөрөнгийн урсгалын хязгаарлалт Зуучлал ба зах зээлийн нэвтрэлтийн эрсдэл Мэдээллийн ил тод байдлын эрсдэл Хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт ба тайлагналын эрсдэл Судлаачийн дүгнэлт ба санал Ашигласан эх сурвалж Товчилсон үгийн жагсаалт АНУ Америкийн Нэгдсэн Улс БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс ГХЯ Гадаад хэргийн яам ЕХ Европын Холбоо МУИС Монгол Улсын Их Сургууль СЗХ Санхүүгийн зохицуулах хороо СЭЗИС Санхүү Эдийн Засгийн Их Сургууль МТА Монголын татварын алба УИХ Улсын Их Хурал Хүснэгтийн жагсаалт Хүснэгт 1 Гадаад зах зээлийн зохицуулалтын харьцуулалт Хүснэгт 2 Гадаадын үнэт цаас худалдан авах үйл явцтай холбоотой эрсдэлийн нэгтгэл Зургийн жагсаалт Зураг 1 Гадаад үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулалт хийх үйл явц Хавсралтын жагсаалт Хавсралт 1 Нэр томьёоны тайлбар Хураангуй Дэлхийн үнэт цаасны зах зээл глобал буюу нээлттэй, хүртээмжтэй хэлбэрт шилжихийн хэрээр хувь хүн болон байгууллага хөрөнгөө олон улсын санхүүгийн хэрэгслээр дамжуулан тараан байршуулж, өгөөж, эрсдэлийн харьцааг оновчлох хандлага эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсын хувьд иргэн, аж ахуйн нэгжийн гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах боломж нь Үндсэн хууль болон холбогдох хуулиар онолын түвшинд нээлттэй боловч, практик хэрэгжилтийн түвшинд валютын зохицуулалт, гадаад зуучлалын эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал зэрэг олон саад бэрхшээл тулгарч буйг энэхүү судалгаанд дүгнэв. Судалгаанд АНУ, Европын Холбоо, Сингапур, Япон, БНХАУ зэрэг улсын эрх зүйн зохицуулалтыг Монголын онцлогтой харьцуулсан дүн шинжилгээ хийсэн бөгөөд хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт, валютын эрсдэл, гадаадын үнэт цаасны мэдээллийн хүртээмж зэрэг чухал хүчин зүйлийг онцлон авч үзлээ. Цаашид Монгол Улс гадаад үнэт цаасны зах зээлд нэвтрэхэд зориулсан тусгай зохицуулалтын эрх зүйн горим бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн платформ бий болгох, валютын гүйлгээний журамд оновчлол хийх, хөрөнгө оруулагчийн эрхийг олон улсын хэмжээнд хамгаалах механизмыг хөгжүүлэх нь чухал болохыг судлаач санал болгов. Түлхүүр үгс:  гадаадын үнэт цаас, хөрөнгө оруулалт, эрх зүйн зохицуулалт, валютын гүйлгээ, хөрөнгө оруулагчийн эрх, зуучлалын үйлчилгээ, олон улсын эрх зүй, санхүүгийн зах зээл, эрсдэл ба хязгаарлалт. Удиртгал XXI зууны хоёр дахь аравны эхэн үеэс эхлэн дэлхийн санхүүгийн зах зээл илүү нээлттэй, интеграцлагдсан шинжтэй болж, хөрөнгө оруулагчид хөрөнгийн хуваарилалт, өгөөжийн оновчийг зөвхөн дотоод зах зээлээр хязгаарлахгүй, гадаад зах зээл рүү чиглүүлэх хандлага хүчтэй өрнөж байна. Технологийн дэвшил, гадаадын биржийн цахим хандалтын хүртээмжтэй, нээлттэй байдал, олон улсын санхүүгийн байгууллагын зохицуулалтын уялдаа зэрэг хүчин зүйл нь хувь хүн, хуулийн этгээдийн хувьд гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох нөхцөлийг урьд өмнөхөөс илүү хялбаршуулжээ. Монгол Улс ч энэхүү глобалчлалын урсгалд өөрийн байр суурийг эрэлхийлж буй. Түүний нэг илрэл нь дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө гадаадын хөрөнгийн биржид хуваарилах, улмаар эрсдэлийг олон улсын зах зээлд тараан байршуулах, валютын өгөөж болон хөрөнгийн өсөлтөөс ашиг хүртэх боломжийг сонирхон судлах болжээ. Тухайлбал, АНУ, Япон, Хонгконг, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орны хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бонд эзэмших замаар Монголын иргэд хөрөнгө оруулж эхэлсэн нь энэ чиглэлийн нарийн зохицуулалтыг судлах шаардлагатайг илтгэнэ. Ийм төрлийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өгөөжийн шинж чанараас гадна хэд хэдэн түвшний эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог шаарддаг. Тухайлбал, валютын урсгалын хяналт, гадаад төлбөр тооцоо, үнэт цаасны зуучлалын эрх, олон улсын татварын зохицуулалт, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах механизм нь бүгд энэхүү үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болдог. Иймээс гадаад улсын үнэт цаас худалдан авах, зуучлах үйл ажиллагааг Монгол Улсын дотоод зохицуулалт болон олон улсын эрх зүйн нийтлэг жишигтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай билээ. Энэхүү ажлаар Монгол Улсын эрх зүйн орчин гадаадын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг хэрхэн зохицуулж буйг олон улсын туршлагатай харьцуулан шинжилж, хууль тогтоомжийн давхардал, хийдэл , хөгжлийн боломжийг тодорхойлохыг зорив. Мөн Монголын хөрөнгө оруулагчийн эрхийг илүү найдвартай хамгаалсан, гадаад зах зээлтэй харилцах итгэлцлийг нэмэгдүүлсэн эрх зүйн цогц зохицуулалтын хэрэгцээ шаардлага, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон дэвшүүлнэ. Судалгааны аргачлалд эрх зүйн эх сурвалжийн шинжилгээ болон харьцуулалтын аргыг ашиглаж, Монгол болон олон улсын зохицуулалтыг уялдуулан дүгнэв. I. Үнэт цаасны төрөл ба хөрөнгө оруулалтын үндсэн хэлбэр Санхүүгийн зах зээл дээр арилжаалагддаг голлох хэрэгслийн нэг болох үнэт цаас (securities)  нь хөрөнгө оруулагчийн хувьд өгөөж хүртэх, өмчлөл эзэмших, санхүүгийн үүрэг хариуцлагаа хуваарилах чухал хэрэгсэл юм. Эрх зүйн хувьд үнэт цаас нь тодорхой өмчийн эрх, өр төлбөр, эсвэл хөрөнгө оруулалтын эрсдэл, өгөөжийг илэрхийлсэн бичмэл буюу цахим баримт бичиг бөгөөд түүний үндсэн зорилго нь хөрөнгийн урсгалыг зохион байгуулж, хөрөнгө оруулагч, хөрөнгө татагчийн хоорондын эрх зүйн харилцааг тодорхойлох явдал юм. Үнэт цаасны төрөл Хөрөнгө оруулагч зах зээлээс төрөл бүрийн үнэт цаасыг худалдан авах замаар өөрийн хөрөнгийг тодорхой хугацаанд эргэлтэд оруулж, өгөөж хүртэх боломжтой байдаг. Үнэт цаасыг түүний эрх, үүргийн шинж чанар, өрийн эсвэл өмчийн хэлбэр, зах зээл дээр арилжаалагдах байдлаар нь үндсэн төрлийн үнэт цаас, төрөлжүүлсэн багц, уламжлагдсан буюу дериватив [1] үнэт цаас гэсэн төрөлд ангилж үздэг. Үндсэн төрлийн үнэт цаас Хувьцаа (stocks, equities) : Компанийн өмчийн тодорхой хэсгийг илэрхийлнэ. Хувьцаа эзэмшигч нь компанийн ногдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох зэрэг эрх эдэлнэ. Бонд (bonds) : Өр төлбөрийн шинжтэй үнэт цаас. Засгийн газар, компани зэрэг этгээд тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг (coupon) эргүүлэн төлөх үүрэгтэйгээр гаргадаг. Төрөлжүүлсэн багцын хэрэгсэл Үнэт цаасны сан (Exchange Traded Funds → ETF) : Нэгж хувьцаа хэлбэрээр бирж дээр арилжаалагддаг сангийн бүтээгдэхүүн бөгөөд хувьцаа, бонд, индекс, түүхий эд зэрэг олон төрлийн үнэт цаасыг нэг дор багцалсан байна. Эрсдэлээ тараах давуу байдлыг бий болгохоос гадна, өгөөжийг тогтворжуулсан хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалтын арга хэлбэр юм. Уламжлагдсан буюу дериватив үнэт цаас Дериватив (derivatives) : Ирээдүйн ханшийн өөрчлөлтөд үндэслэн арилжаалагддаг фьючерс (futures) , опцион (options) , своп (swaps)  гэх мэт гэрээний хэлбэрт санхүүгийн хэрэгсэл юм. Эдгээр нь анхдагч үнэт цааснаас хамаарал ихтэй тул хөрөнгө оруулалт хийхээс өмнө зах зээлийн нарийн мэргэжлийн шинжилгээ шаарддаг ба тэр хэмжээгээр өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тооцогддог. Хөрөнгө оруулалтын хэлбэр Монгол Улсын хөрөнгө оруулагч гадаадын үнэт цаасны зах зээлд шууд болон зуучлалын гэсэн хоёр үндсэн хэлбэрээр оролцоно. Шууд хөрөнгө оруулалт Шууд хөрөнгө оруулалт гэдэг нь хөрөнгө оруулагч өөрийн нэр дээр гадаад улсын үнэт цаасны брокер, дилерт данс нээж, тухайн зах зээл дээр хувьцаа, бонд, дериватив гэх мэт үнэт цаасыг шууд худалдан авдаг ажиллагаа юм. Хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид гадаадын брокерын платформ (жишээлбэл, Interactive Brokers, TD Ameritrade, Saxo Bank ) ашиглах шаардлага гарах ба үүнтэй холбоотойгоор хувь хүний гадаад валютын данс эзэмших, санхүүгийн гүйлгээ хийх зохицуулалтын асуудал гарна. Зуучлалын хөрөнгө оруулалт Зуучлалын хөрөнгө оруулалт гэдэг нь Монголд үйл ажиллагаа эрхэлдэг үнэт цаасны зуучлагч компаниар дамжуулан гадаадын зах зээлд хөрөнгө оруулах хэлбэр юм. Монголын СЗХ-ны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг компаниар дамжуулан хөрөнгө оруулалт хийх ба үнэт цаасны арилжааны талаар мэргэжлийн зөвлөгөө авах, эрсдэлийг удирдуулах давуу талтай. Ингэснээр, хөрөнгө оруулагчийн эрх, өгөөжийг баталгаатай хамгаалах үндэс бий болгоно. Гэхдээ одоогоор Монголын зуучлагч байгууллагын гадаадын үнэт цаасны арилжаанд оролцох эрх зүйн хүрээ хязгаарлагдмал байгаа. Энэ нь эргээд гадаад хөрөнгө оруулалтын шууд нэвтрэлтийг хязгаарлаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. II. Монгол Улсын эрх зүйн зохицуулалт Гадаад улсын үнэт цаасанд хөрөнгө оруулах, зуучлах үйл ажиллагаа нь олон улсын санхүүгийн интеграцид татагдан орж буй Монгол Улсад зөвхөн зах зээлийн хэрэгцээ бус, мөн эрх зүйн нарийн зохицуулалт шаардсан шинэ төрлийн харилцаа болж хөгжиж байна. Энэхүү харилцаа нь өмчлөх эрх, валютын урсгал, банк санхүүгийн тогтолцоо, зах зээлийн ил тод байдал зэрэг хууль, зохицуулалттай уялдаатай. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хуулийн дэд бүтцийн эрх зүйн суурь нь өмчлөх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулах эрхийг иргэн бүрд баталгаажуулсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж зааснаар өмчлөх эрхийг дотоод, гадаадын хөрөнгөөр хязгаарлалгүй тунхагласан байдаг  (Монгол Улсын Үндсэн хууль, 1992) . Үүнийг дагаад иргэн гадаадад үнэт цаас худалдаж авах нь тухайн хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэх эрх зүйн үндэслэл болж, гадаад үнэт цаас эзэмших боломжийг Үндсэн хуулийн түвшинд хязгаарлаагүй гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч, Үндсэн хуулийн заалт нь зарчмын шинжтэй эрх зүйн хэм хэмжээ учраас түүнийг хэрэгжүүлэхэд тусгай хууль, захиргааны зохицуулалт, техникийн шаардлага зайлшгүй шаардлагатай болдог. Энэ хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, журам суурь зохицуулалт болж онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль Энэ хууль нь Монгол Улсад үнэт цаас гаргах, арилжаалах, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, зохицуулагч байгууллагын чиг үүргийг тогтоох зэрэг цогц зохицуулалтыг агуулдаг. Гадаадын үнэт цаасанд хамаарахтай холбоотойгоор нарийн зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал: гадаад үнэт цаас гэж юуг ойлгох, түүний хөрвөх чадвар, ил тод байдал; Монголын зах зээлд арилжаалах боломжтой эсэх; Монголын иргэн гадаадын бирж дээр оролцохтой холбогдсон үйл ажиллагааны хүрээг тодорхойлсон байна  (Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2013) . Валютын зохицуулалтын тухай хууль Энэ хууль нь Монгол Улсаас гадаад улс руу валют шилжүүлэх, гадаадад валютын орлого оруулах, валютын данстай байх эрх зүйн үндэслэл, хязгаарлалтыг тодорхойлдог. Хуулийн дагуу хувь хүн гадаадад үнэт цаас худалдаж авахын тулд тодорхой шалгуурыг хангахын зэрэгцээ зохицуулалтад хамрагдах ёстой. Тухайлбал, валютын зөвшөөрөлтэй данс нээх; санхүүгийн гүйлгээ, ашиг орлого, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хууль ёсоор нотлох; мэдээлэл тайлагнах, татварын үүрэг хүлээх зэргийг дурдаж болно  (Валютын зохицуулалтын тухай хууль, 1994) . СЗХ-ны дүрэм, журам СЗХ нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн төв байгууллага бөгөөд зах зээлийн тогтвортой ажиллагааг хангах, хөрөнгө оруулагчийг хамгаалах, зохистой үйл ажиллагааг дэмжих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус хороо нь зөвхөн дотоод зах зээлийг бус, гадаад үнэт цаасны арилжаанд оролцох боломж, үйл ажиллагааг тодорхой хүрээнд зохицуулдаг. 2024 оны байдлаар СЗХ нь 58 нэр төрлийн дүрэм, журам, заавар боловсруулан мөрдүүлж байна. Эдгээрээс гадаад зах зээлтэй холбоотойгоор онцлох гол зохицуулалт байна. Зуучлагч байгууллагын газарзүйн үйл ажиллагааны хүрээ СЗХ нь үнэт цаасны зуучлалын үйлчилгээ эрхлэх байгууллагад газарзүйн хувьд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжийг тусгай зөвшөөрлийн дагуу нээсэн. Тухайн байгууллага нь гадаад улсын зохицуулагч байгууллагатай хамтран ажиллах протоколтой байх; олон улсын стандарт хангасан тайлагнал, мэдээллийн ил тод байдал бүхий системтэй байх; хөрөнгө оруулагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах үйл ажиллагааны журамтай байх зэрэг шаардлага тавигдана. Гадаадын үнэт цаасны мэдээлэл, тайлагналын ил тод байдал СЗХ нь тайлант онд “Кастодианы үйл ажиллагааны журам” болон “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам” -ыг шинэчилж баталсан. Эдгээр журамд гадаад үнэт цаасны төвлөрсөн болон тухайлсан бүртгэлийн мэдээллийг Монголын хөрөнгө оруулагчид ойлгомжтой байдлаар хүргэх; арилжаанд оролцогч этгээдийн ил тод байдлыг хангах; олон улсын тайлагналын стандартад нийцүүлэх зохицуулалт тусгагдсан. Хөрөнгө оруулагчийг хамгаалах журам СЗХ нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор (investor protection rules)  хэд хэдэн чиглэлд ажилладаг. Тухайлбал, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын журам” -аар дамжуулан гүйлгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх; хөрөнгө оруулагчийн эрхийг хөндсөн тохиолдолд гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх албан ёсны процедуртай байх; арилжаанд оролцогч зуучлагч этгээд нь хөрөнгө оруулагчийн мөнгөн хөрөнгийг өр төлбөрөөс тусгаарлан хадгалах нөхцөлийг биелүүлж буй эсэхэд хяналт тавих зэргийг дурдаж болно. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо, хууль бус үйл ажиллагааны хяналт СЗХ 2024 онд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх журам” , “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” , “Мөнгөн зээлийн үйлчилгээний журам”  зэрэг баримт бичгийг баталсан. Эдгээр нь гадаад гүйлгээг ашиглан зохион байгуулалттай зөрчил гаргах эрсдэлийг бууруулах; санхүүгийн зуучлагч байгууллагад дотоод аудит, хяналт ↔︎ шалгалтын тогтолцоо бүрдүүлэх; системийн эрсдэлийг эрт илрүүлэх эрх зүйн нийцлийн эрсдэлийн матриц (compliance risk matrix) [2] ашиглах шаардлагыг тусгажээ  (Үйл ажиллагааны жилийн тайлан, 2024) . Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Монгол Улсын иргэн гадаад зах зээлд оролцох хоёр гол зам бол (i) шууд хөрөнгө оруулалт хийх; (ii) зуучлагч байгууллагаар дамжуулах юм. Шууд хөрөнгө оруулалт Иргэн гадаадад брокерын данс нээж, үнэт цаас худалдан авах тохиолдолд гадаад валютын гүйлгээний тухай журамд заасан нөхцөл хангагдсан байх; Монголбанкны зөвшөөрөлтэй валютын данстай байх хэрэгтэй. Гол анхаарах зүйл нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу хянах боломжгүй тул өргөн хүрээний эрсдэлтэй гэж үздэг байна. Зуучлалын байгууллагаар дамжуулах хөрөнгө оруулалт Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй брокер, дилерийн компани нь гадаад үнэт цаасны арилжаанд оролцох бол СЗХ-ноос олгосон үнэт цаасны зуучлагчийн эрх зэрэг тусгай зөвшөөрөлтэй байх; санхүүгийн тайлагнал олон улсын стандартын дагуу байх; эрсдэлийн удирдлагын тогтолцоо, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах дотоод хяналтын системтэй байх; гадаадын зохицуулагч байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ бүхий платформ ашиглах нөхцөлийг хангасан байна. Хууль тогтоомжийн давхардал, хийдэл Гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах үйл ажиллагаа нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомж, дүрэм журмын огтлолцолд оршдог бөгөөд энэхүү огтлолцол нь зарим тохиолдолд хоорондоо давхардсан зохицуулалт [3] , эсвэл хийдэл [4] үүсгэсэн зохицуулалтын вакум [5] байдалд, эсвэл эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөнт [6] байдалд хүргэдэг. Ийм зохицуулалтын хийдэл, зөрчил нь хөрөнгө оруулагчид тодорхой бус байдал, хэрэгжилтийн хүндрэл, зарим тохиолдолд хууль зөрчих эрсдэл дагуулж байна. Давхардсан зохицуулалт Валютын гүйлгээний давхар хяналт Гадаадад үнэт цаас худалдан авахад төгрөгийг гадаад валют руу хөрвүүлж, гадаад данс руу шилжүүлдэг бөгөөд энэхүү гүйлгээний хяналт нь гурван өөр зохицуулагч байгууллагын шаардлагад нэгэн зэрэг хамаардаг. Үүнд: Монголбанкны валютын зохицуулалтын журам; СЗХ-ны хөрөнгө оруулалтын зуучлалын журам; Татварын ерөнхий хуулийн гадаад эх үүсвэрийн тайлагналтай холбоотой зохицуулалт. Гэтэл эдгээр хуулийн хооронд нэг мөр тайлбар, уялдаа зохицуулалт байхгүй учир гүйлгээг зөв хийхийн тулд хөрөнгө оруулагч олон шат дамжлага, ойлгомжгүй тайлбарын дунд ордог. Хөрөнгийн бүртгэл, тайлагналын давхардал Монгол Улсын иргэн гадаадын үнэт цаас эзэмших явцдаа ногдол ашиг, хүү, хөрөнгийн өгөөж зэргийг хүлээн авсан тохиолдолд тухайн орлогыг бүртгэх, тайлагнах үүрэгтэй. Гэвч энэ үйл явц нь өөр хоорондоо зохицолгүй, хугацааны зөрүүтэй, бүртгэлийн ялгаатай шаардлагуудтай тулгардаг нь тайлагналын давхардал болон буруу тайлан өгөх эрсдэлийг бий болгодог. Тухайлбал: Татварын ерөнхий хуульд зааснаар, гадаадаас авсан өгөөж нь хувь хүний орлогын албан татварын ногдуулалтын үндэслэл болдог  (Татварын ерөнхий хууль, 2019) ; Сангийн сайдын тушаал нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, нэгтгэх, гадаад орлого тайлагнах маягтыг заавал бөглөхийг шаарддаг; СЗХ-ны зүгээс үнэт цаастай холбоотой орлого, өмчлөлийн тайлагналын журмыг тодорхойлон хяналт тавьдаг. Эдгээр нь тус тусдаа эрх зүйн үндэслэлтэй боловч нэгдсэн тайлагналын стандарт, хугацааны уялдаа, цахим бүртгэлийн нэгдмэл байдал хангагдаагүй тул хөрөнгө оруулагчид нэг орлогыг давхар тайлагнах, эсвэл эсрэгээрээ тайлагнал хийхгүй орхих эрсдэл үүсгэж болзошгүй. Цаашлаад татварын зөрчил, торгууль, эрх зүйн маргаан дагуулах нөхцөл болдог. Зохицуулалтын хийдэл Гадаад зуучлагчийн хууль зүйн байр суурь тодорхойгүй Монголын брокерын байгууллага гадаадын Interactive Brokers, Saxo Bank  зэрэг платформтой хамтарч ажиллахыг эрмэлздэг ч гадаадын үнэт цаасны платформтой холбогдон зуучлал хийх эрх зүйн статус; Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилгээгээ дамжуулан үзүүлж буй гадаад зуучлагчийн бүртгэл, татварын үүрэг зэрэг зохицуулалт хуульд тусгагдаагүй бөгөөд СЗХ-ны түвшинд ч зөвшөөрлийн горим бүрэн боловсроогүй байна. Гадаадад авсан өгөөжийн хууль ёсны нотлох баримт тодорхой бус Монголын иргэн гадаадад үнэт цааснаас өгөөж хүртэх үед (жишээлбэл, ETF -ийн ногдол ашиг, бондын хүү гэх мэт) татвар, тайлагнал, нотлох баримтын хувьд хэд хэдэн тодорхойгүй байдал ажиглагдаж байна. Юуны өмнө, тухайн өгөөжийг хувь хүний орлогын албан татвар ногдуулах орлого гэж үзэхэд аль баримт бичгийг үндэслэл болгох, гадаадын брокерын цахим тайлан, хураангуй мэдээг татварын алба хүлээн зөвшөөрөх эсэх нь хуульд тодорхой тусгагдаагүй байна. Мөн санхүүгийн тайлагналд ашиглагдах албан ёсны хэл, нотолгооны хэлбэрийн шаардлага нь Монгол Улсын хууль тогтоомжид нарийвчлан заагдаагүй бөгөөд практикт хөрөнгө оруулагчид гадаадын орлогоо нотолж тайлагнахад хүндрэл учруулдаг. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын платформын тайлангууд нь олон улсын (IFRS)  стандартын дагуу бүрддэг ч Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон татварын байгууллагын хэрэглээтэй бүрэн нийцэхгүй байх нөхцөл үүсдэг. Энгийнээр хэлбэл, олон улсын санхүүгийн тайлагналын стандарт болон дотоод эрх зүйн хүрээнд үйлчилж буй Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хооронд шинж чанарын болон хэрэглээний зөрчил үүсгэж байгааг илтгэнэ. Иймд Монгол Улсын эрх зүйн орчинд эдгээр зөрчлийг залруулах хоёр боломж байна. (i) Дотоод хуулиудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, эсвэл (ii) олон улсын бүртгэлийн стандартыг гадаад орлого, хөрөнгө оруулалтын тайлагналын хүрээнд тусгай журам хэлбэрээр нэг мөр дагаж мөрдүүлэх (Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2015)   (IFRS, 2025) . Иргэн гадаадад данс нээх, хөрөнгө хадгалах нөхцөл журам дутуу Монголбанкны гадаад төлбөр тооцооны журамд иргэн гадаадад данс эзэмших нөхцөлийг багцалсан байдлаар дурдсан ч, үнэт цаас эзэмших, өгөөж хүлээн авах зорилгоор данс нээх, хадгалах, тайлагнах журам тусгайлан байдаггүй. Иргэн хууль ёсоор үнэт цаас эзэмшиж байгаа ч, мөнгөө оруулж ирэхэд гадаад валютын орлого нотлогдоогүй гэх үндэслэлээр гацаанд орох эрсдэл бий болгож байна. Дүгнэн хэлбэл, хууль тогтоомжийн дээрх давхардал, хийдэл нь гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох оролдлогыг саармагжуулах, хөрөнгө оруулагчийг хариуцлага хүлээх эрсдэлд оруулах, хөрөнгийн хөдөлгөөнд саад үүсгэх ноцтой шалтгаан болж байна. Эдгээр зөрчлийг засахын тулд салбар хоорондын уялдаа бүхий нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх; гадаад хөрөнгө оруулалтын тусгай журмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмж тусгах; СЗХ, МТА, Монголбанк хоорондын уялдаа зохицуулалтыг журамлаж, нэг цонхны тайлагналын систем нэвтрүүлэх нь оновчтой шийдэл болох юм.  III. Олон улсын эрх зүйн орчны жишээ Гадаадын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах үйл ажиллагаа нь улс орон бүрд өөр өөрийн онцлогтой эрх зүйн орчинд явагддаг бөгөөд тухайн улсын санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал, институтийн чадавх, хөрөнгө оруулагчийг хамгаалах тогтолцоо, мөн валютын урсгалын бодлого зэрэгтэй нягт уялддаг. Иймд Монгол Улсын эрх зүйн орчныг олон улсын жишигтэй харьцуулан судлах нь бодлогын шинэчлэл, дотоод зохицуулалтыг боловсронгуй болгоход чухал суурь өгөгдөл болно. Америкийн Нэгдсэн Улс Америк бол дэлхийн хамгийн том үнэт цаасны зах зээлийг эзэлдэг улс бөгөөд үнэт цаасны зохицуулалт нь өндөр түвшний ил тод байдал, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах институтийн нарийн тогтолцоотойгоороо онцлог. Үнэт цаас, биржийн хороо (Securities and Exchange Commission → SEC)  нь үнэт цаасны арилжаанд оролцогч бүх этгээдийг хянах үндсэн зохицуулагч байгууллага юм  (U.S. Securities and Exchange Commission, 2025) . Харин Санхүүгийн салбарын зохицуулалтын байгууллага (Financial Industry Regulatory Authority → FINRA)  нь брокер, дилерийг өөрийн гишүүнчлэлд хамруулж, үйл ажиллагаанд нь өдөр тутмын хяналт тавьдаг  (FINRA, 2025) . Rule 15a-6  дүрэм нь АНУ-д бүртгэлгүй гадаадын брокер, дилер тодорхой нөхцөлийн дагуу хөрөнгө оруулагчид зуучлалын үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрдөг. Ингэхдээ тус улсад байрлалтай гадаадын брокертой (chaperoning broker) [7] хамтран ажиллах; Санхүүгийн зохицуулах хороонд хязгаарлагдмал бүртгэлтэй байх зэрэг шаардлага тавигдана  (Securities Act Rules, 2025) . Regulation S  зохицуулалт нь АНУ-ын зах зээлд бус, хилийн чанад дахь үнэт цаасны арилжааг хамаарна. Хилийн чанадад хийгдсэн арилжааг (offshore trading) [8] АНУ-ын бүртгэлээс чөлөөлөх боломжийг олгодог бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид зориулагдсан анхдагч болон хоёрдогч зах зээл дээр үнэт цаасны арилжааг зөвшөөрдөг (Securities Act Rules, 2025) . Европын Холбоо ЕХ нь олон гишүүн оронтой хэдий ч санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг нэг цонхны бодлогоор нэгтгэн хэрэгжүүлдэг. Үүний тулгуур баримт бичиг бол Санхүүгийн хэрэгслийн зах зээлийн тухай II удирдамж  (Markets in Financial Instruments Directive II → MiFID II) [9] юм  (ESMA Guidelines, 2023)   (Financial services legislation, 2020)   (European Union law, 2014) . Энэхүү заавар нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Европ даяар үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагааг хөтлөх нийтлэг стандартыг тогтоосон. Хөрөнгө оруулагчийг мэргэжлийн (professional clients)  болон жирийн хэрэглэгч (retail clients)  хэмээн ангилан, мэдээлэл авах эрх, эрсдэл хүлээх чадамжид нь үндэслэн өөр өөр хамгаалалт үзүүлдэг. Хил дамнасан зуучлал хийхэд тусгай шаардлагын дагуу тухайн оронд тусгай эрхийн (passporting system) [10] хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог. Түүнчлэн, үйлчилгээ үзүүлэгч этгээд харилцагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах үүрэгтэй бөгөөд мэдээллийн ил тод байдал, зардлын бүтцийг заавал тайлагнах үүрэг хүлээдэг байна. Ази тивийн орнууд Азийн орнууд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, хөрөнгийн урсгалын зохицуулалт, гадаадын оролцогч нэвтрэх боломжоороо өөр өөрийн онцлогтой байдаг. Сингапур  нь дэлхийн санхүүгийн төвийн нэг болсон улс ба гадаад, дотоодын хөрөнгө оруулагч болон зуучлагчид өндөр стандарт тавьдаг. Сингапурын Төв банк (Monetary Authority of Singapore → MAS) зохицуулалтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах (custodian arrangement) , харилцагчийг таньж мэдэх (know-your-customer → KYC) [11] болон мөнгө угаахтай тэмцэх ( anti-money laundering → AML) [12] хяналтыг чанд мөрддөг байна. Товчхондоо, харилцагчийн мэдээллийг үнэлэх, эрсдэлийг ангилах, сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээдэг. Гадаадын брокерын платформ тус улсад үйл ажиллагаа явуулахын тулд Сингапурын Төв банканд бүртгүүлсэн байх шаардлагатай  (Government of Singapore, 2025) . Япон улсад Санхүүгийн үйлчилгээний агентлаг (Financial Services Agency → FSA)  нь үнэт цаасны зах зээлийг зохицуулдаг.   Зөвхөн Японд санхүүгийн хэрэгслийн тусгай бизнес эрхлэх   бүртгэлтэй этгээд (Financial Instruments Business Operator → FIBO) [13] лицензтэй байгууллага үнэт цаасны зуучлал хийх эрхтэй байна.   Давуу тал нь   хөрөнгө оруулагчийг хамгаалах олон үе шаттай механизмтай бөгөөд хөрөнгөөр баталгаажсан зуучлагчдын жагсаалтыг ил тод байршуулдагт оршино  (Financial Services Agency Japan, 2025) . БНХАУ-д  валютын урсгалын хяналт өндөр бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад тавигдах хязгаарлалт үлэмж гэж болно (China Securities Regulatory Commission, 2025) . Мэргэшсэн гадаадын институциональ [14] хөрөнгө оруулагч (Qualified Foreign Institutional Investor → QFII) [15] статустай этгээд тусгай квотын хүрээнд хөрөнгө оруулах, үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой. Харин Хонгконг  бол олон улсын санхүүгийн төв тул үнэт цаасны хөрөнгө оруулалт нь Үнэт Цаас, Фьючерсийн Зохицуулах Хорооны (Securities and Futures Commission → SFC)  хяналтын дор ажилладаг  (Securities and Futures Commission Hong Kong, 2025) . Товчхондоо, гадаадын иргэн, байгууллага үнэт цаасны арилжаанд саадгүй оролцох боломжийг хангадаг. Ингэснээр, ил тод байдал, хөрөнгийн хамгаалалт, татварын тогтвортой байдлаараа онцгойрч, Нэг улс, хоёр систем (One Country, Two Systems) [16] бодлогын хүрээнд санхүүгийн харьцангуй чөлөөтэй зах зээл бүхий орчинд тооцогддог байна. Монгол Улс Олон улсын туршлагаас үзэхэд, нэн тэргүүнд Монгол Улсын хувьд үнэт цаасны гадаад худалдаа хийхэд өөрийн зохицуулалтыг олон улсын жишигтэй уялдуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах, ил тод мэдээлэл түгээх, ерөнхий эрхийн хамгаалалт зэрэг зарчмыг хуульд тусгах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор гадаад зах зээлтэй холбогдох зуучлагч платформын эрх зүйн байр суурийг тодорхой болгох шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. АНУ, Европын Холбоо, Сингапур, Япон, БНХАУ зэрэг төлөөлөл бүхий бүс нутгийн үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулагч оролцохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг харьцуулан хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт нь зохицуулагч байгууллагын бүтэц, хөрөнгө оруулагчийг ангилах тогтолцоо, хөрөнгийн тусгаарлалт (custody) , зуучлалын нөхцөл зэргийг харьцуулснаар олон улсын туршлагаас суралцах, бодлогын шийдэл боловсруулахад суурь мэдээлэл болох ач холбогдолтой юм. Хүснэгт 1 Гадаад зах зээлийн зохицуулалтын харьцуулалт Улс / Бүс Зохицуулалтын байгууллага Хөрөнгө оруулагчийн ангилал Тусгаарлалт (custody) Зуучлалын нөхцөл АНУ SEC, FINRA Retail / Institutional Байгаа Chaperoning broker  шаардлагатай ЕХ ESMA, MiFID II Retail / Professional Байгаа Passporting system Сингапур MAS General Байгаа Бүртгэл шаардлагатай Япон FSA, FIBO лиценз General Байгаа FIBO лицензтэй байх ёстой Хятад CSRC, QFII Limited Байгаа Квотоор хязгаарлагддаг Эх сурвалж: Судлаачийн харьцуулалт  IV. Эрсдэл, хязгаарлалт ба хөрөнгө оруулагчийн эрх Гадаадын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах нь олон улсын санхүүгийн орчинд оролцох, өгөөжөө өсгөх, эрсдэлийн диверсификац [17] хийх стратегийн ач холбогдолтой ч, үүнийг дагаад олон талт эрсдэл, эрх зүйн хязгаарлалт, хөрөнгө оруулагчийн эрхийн асуудал хөндөгддөг. Эдгээр хүчин зүйл нь гадаадын зах зээлд оролцох оролдлогыг хязгаарлах, эсвэл бүрэн ойлгомжгүй байх шалтгаан болохоос гадна, тухайн хөрөнгө оруулагчийн санхүүгийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах чадварт шууд нөлөөлдөг байна. Монголын иргэн гадаадын үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулалт хийх үйл явц нь шат дамжлагатай бөгөөд тус бүрд холбогдох эрх зүйн зохицуулалт, хяналт шалгалт, мэдээлэл дамжуулалт шаардлагатай болдог. Монголын иргэн гадаад үнэт цаас худалдан авахад гадаад брокер сонгох; гадаад платформ дээр данс нээх; валютын гүйлгээ хийх зөвшөөрөл авах; үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулалт хийх; дивиденд, хүү, өсөлт зэрэг хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх; Монголд тайлагнах гэсэн үндсэн 6 үе шаттай байна. Энэхүү үйл явцыг товчлон диаграммаар харуулав. Зураг 1 Гадаад үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулалт хийх үйл явц Эх сурвалж: Судлаачийн зураглал Эрх зүйн эрсдэл Монгол Улсын иргэн гадаадын үнэт цаасны арилжаанд оролцох үед тухайн улсын хууль, журам, зохицуулалтыг бүрэн дагаж мөрдөх үүрэгтэй. Гэвч эдгээр эрх зүйн орчин нь байнга өөрчлөгдөж, зарим тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид тавих шаардлага нэмэгдэх, зуучлагч байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, эсвэл үнэт цаасны бүртгэл, шилжүүлгийн нөхцөл өөрчлөгдөх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Үүний улмаас хөрөнгө оруулагч нь эрхийн зөрчилд өртөх, эсвэл хөрөнгөө бүрэн хамгаалах боломжгүй болох зэрэг эрх зүйн эрсдэл (legal and regulatory risk)  хүлээх магадлалтай. Жишээлбэл, АНУ-ын Сангийн яам (U.S. Department of the Treasury) , Европын Холбооны Зөвлөл (European Council)  зэрэг байгууллагаас тавьж буй санхүүгийн хориг арга хэмжээ, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчид хамаарах зохицуулалтын гэнэтийн өөрчлөлт нь тодорхой үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоох, цуцлах, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах эрсдэлийг дагуулдаг. Валютын эрсдэл ба хөрөнгийн урсгалын хязгаарлалт Гадаадын үнэт цаасны арилжаа ам.доллар, евро, иен зэрэг дэлхийн тэргүүлэх валютаар ихэвчлэн явагддаг. Харин Монгол төгрөг нь олон улсын санхүүгийн зах зээлд хязгаарлагдмал хэрэглээтэй, инфляцад мэдрэмтгий валют тул валютын ханшийн хэлбэлзэл нь хөрөнгө оруулалтын өгөөж буурах, арилжаа хийх үеийн алдагдал нэмэгдэх, мөн валют арилжааны шимтгэл болон дамжуулалтын зардал өсөх зэрэг валютын эрсдэлийг (currency risk)  үүсгэх магадлал өндөр байна. Иймд Монголын иргэн гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулахдаа валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор валютын хеджинг [18] хийх, эсвэл зардлын тооцооллыг урьдчилан нарийвчлан боловсруулах шаардлагатай болдог. Нөгөөтээгүүр, Монгол Улсад гадаад валютын урсгалыг хязгаарлах тодорхой зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилдэг. Тухайлбал, Монголбанкны гадаад төлбөр тооцооны журмаар иргэн болон хуулийн этгээд гадаадад валютын гүйлгээ хийхийн тулд тодорхой тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагатай. Мөн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаад валютын данс эзэмших, гадаадад орлого хадгалах зэрэг үйл ажиллагаанд нэмэлт хязгаарлалт үүсэх эрсдэл бий. Эдгээр хязгаарлалтад гадаад валютаар бэлэн мөнгө авах дээд хэмжээ, гадаад гүйлгээний дүнгийн хязгаарлалт, мөн татварын болон валютын хууль тогтоомжийн хүрээнд гүйлгээг тайлагнах, мэдээлэх үүрэг зэрэг зохицуулалт хамаардаг. Хэрэв хөрөнгө оруулагч эдгээр хязгаарлалтыг үл харгалзан гадаадад хөрөнгө байршуулбал, тухайн үйлдэл нь хууль бус валютын гүйлгээ, татварын зөрчил гэж тооцогдох хөрөнгийн урсгалын хяналтын эрсдэл (capital control risk)  дагуулж болзошгүй. Зуучлал ба зах зээлийн нэвтрэлтийн эрсдэл Гадаадын үнэт цаасны зах зээлд шууд оролцох боломж нь Монголын жижиг хөрөнгө оруулагчийн хувьд зуучлагчийн хүртээмж, хууль ёсны оролцооны бололцоо гэх мэт хэд хэдэн хязгаарлалттай тулгардаг. Гадаадын ихэнх зах зээл дээр зөвхөн тухайн улсын санхүүгийн зохицуулагч байгууллагад бүртгэлтэй, тусгай зөвшөөрөл бүхий брокер, дилерийн байгууллагаар дамжуулан арилжаанд оролцох шаардлагатай байдаг. Монголын брокерын байгууллага гадаад зах зээлд нэвтрэх эрх зүйн суурь байхгүй тул гадаад брокерын платформтой хамтран ажиллах, эсвэл харилцагчийг гадаадад данс нээлгэх замаар зуучлал хийж байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагч нь тусгай зөвшөөрөлтэй гадаад зуучлагч сонгох, зуучлагчийн хариуцлагын хуваарилалт тодорхой бус байх, арилжааны зардал нэмэгдэх, валют арилжааны нэмэлт үе шаттай нүүр тулах зэрэг зуучлалтай холбоотой эрсдэл (intermediary risk)  хүлээхэд хүрдэг. Түүнчлэн зарим зах зээлд гадаадын иргэний оролцоог хязгаарлах, зөвхөн институциональ хөрөнгө оруулагчийг хүлээн зөвшөөрөх, эсвэл хязгаарлагдмал бүтээгдэхүүн санал болгох зэрэг нөхцөл бий. Үүнийг зах зээлд нэвтрэх эрсдэл (market access risk)  хэмээн нэрлэдэг. Мэдээллийн ил тод байдлын эрсдэл Гадаад зах зээлд хөрөнгө оруулж буй иргэнд түгээмэл тулгардаг эрсдэлийн нэг нь санхүүгийн мэдээлэл, эрсдэлийн мэдэгдэл, компанийн тайлангийн ил тод байдал, хүртээмжийн асуудал юм. Зарим үнэт цаасны мэдээлэл нь цөөн хэл дээр, нарийн мэргэжлийн санхүүгийн хэллэгтэй, хугацаа хоцорсон байдлаар нийтлэгддэг. Хөрөнгө оруулагч тухайн үнэт цаас, гаргагч компанийн талаарх санхүүгийн байдал, эрсдэлийн мэдэгдэл, тайлангийн бодит байдлыг бүрэн хянахгүй байж болзошгүй. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргах чадамжийг сулруулж, буруу мэдээлэлд үндэслэн алдагдал хүлээх шалтгаан болно. Жишээ нь, зарим олон улсын платформ компанийн тайланг зөвхөн англи хэл дээр нийтлэх буюу зөвхөн төлбөртэй системээр (Bloomberg, Thomson Reuters)  дамжуулан мэдээлэл түгээдэг. Үүний улмаас жижиг хөрөнгө оруулагч хангалттай мэдээлэл авах боломжгүй, эсвэл мэдээллийг бүрэн дүүрэн ойлгохгүй байж болно. Энэ нөхцөл байдал нь мэдээллийн ил тод байдлын эрсдэл (information transparency risk)  үүсгэж, улмаар хөрөнгө оруулагчийн итгэлцэл, зах зээлд оролцох идэвхийг бууруулахад хүргэдэг байна. Хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт ба тайлагналын эрсдэл Монгол Улсын иргэн гадаадын үнэт цаасны зах зээлд оролцохдоо тухайн улсын эрх зүйн тогтолцоо, арбитрын журам, шүүхийн харьяалалд захирагдан эрхээ хамгаалах шаардлагатай болдог. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаалах систем нь улсын бүртгэлтэй байгууллага, даатгалын схем, өр төлбөрийн нөхөн олговор зэрэгт хамаарахгүй байх, эсвэл зөвхөн тухайн улсын иргэнд зориулсан хамгаалалтаар хязгаарлагдах эрх хамгаалалтын эрсдэл (investor protection risk)  үүсэх магадлалтай. Монголын Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагын хяналт, дэмжлэг нь гадаад зах зээлд шууд хүрч үйлчлэх боломжгүй байдаг тул иргэн, хуулийн этгээд гадаадад хөрөнгө оруулахаасаа өмнө зохицуулалтын бүтэц, эрх хамгаалалтын механизм, гэрээний нөхцөлийг гүнзгий ойлгох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн брокер, хуульчийн зөвлөгөө авах нь зайлшгүй чухал. Мөн гадаадад гаргасан үнэт цааснаас авсан өгөөжийг Монгол Улсад ялган тайлагнах, татварын зориулалтаар бүртгэх зэрэг тайлагналын нарийн зохицуулалт тодорхойгүй байгаа нь эрх зүйн маргаан, торгууль, давхар тайлагналын эрсдэл үүсгэх хандлагатай. Үүнийг тайлагналын эрсдэл (reporting and compliance risk)  гэж нэрлэдэг бөгөөд хөрөнгө оруулагчийн хууль ёсны байдлыг тодорхойлоход хүндрэл үүсгэдэг. Эдгээр эрсдэл, хязгаарлалтыг бууруулахын тулд Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн ойлголцлыг сайжруулах, валютын гүйлгээ болон үнэт цаасны хөрөнгө оруулалтад зориулсан тусгай журам боловсруулах, хөрөнгө оруулагчийг хамгаалах зорилгоор гадаад зах зээлтэй хамтран ажиллах механизм (гишүүнчлэл, арбитрын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо) бий болгох нь зүйтэй хэмээн судлаачийн хувьд үзэж байна. Хүснэгт 2 Гадаадын үнэт цаас худалдан авах үйл явцтай холбоотой эрсдэлийн нэгтгэл Эрсдэлийн төрөл Жишээ Нөлөөлөл Хууль зүйн үндэслэл Эрх зүйн эрсдэл Гадаадын хууль, журам өөрчлөгдөж хөрөнгө оруулалт хориглогдох Хөрөнгө оруулалт зогсох, эрх зүйн маргаанд орох Гадаад зах зээлийн зохицуулалт ( Regulation S, Rule 15a-6 гэх мэт) Валютын болон хөрөнгийн урсгалын эрсдэл Төгрөгийн ханшийн хэлбэлзэл, гадаад валютын гүйлгээний хязгаарлалт Өгөөж буурах, санхүүгийн алдагдал хүлээх Гадаад валютын зохицуулалтын тухай хууль, Монголбанкны журам Зуучлал ба зах зээлд нэвтрэх эрсдэл Монголын брокер гадаад зах зээлд нэвтрэх боломжгүй, дам зуучлагч шаардлагатай болох Зардал нэмэгдэх, арилжаа хийх боломж хязгаарлагдах Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, СЗХ-ны журам Мэдээллийн ил тод байдлын эрсдэл Гадаад бирж дээрх санхүүгийн мэдээлэл хязгаарлагдмал, ойлгомжгүй байх Мэдээлэл дутмаг байснаас буруу шийдвэр гаргах, эрсдэл үүсэх MiFID II, MAS  зэрэг ил тод байдлын шаардлага Хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт ба тайлагналын эрсдэл Өгөөжийг Монголд тайлагнах журам тодорхойгүй, шүүх, арбитрын хамгаалалт дутмаг байх Татварын маргаан, торгууль, хууль ёсны эрхээ хамгаалж чадахгүй байх Татварын ерөнхий хууль, Сангийн яамны тушаал Эх сурвалж: Судлаачийн харьцуулалт Судлаачийн дүгнэлт ба санал Дэлхийн санхүүгийн зах зээл улам бүр харилцан хамааралтай болж буй өнөө үед Монголын иргэн, хуулийн этгээдийн гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох хэрэгцээ бодит болжээ. Үүний зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн суурь ойлголт, стандарт Монгол Улсын хууль тогтоомжтой харьцуулахад тодорхой хэмжээнд нийцэж буй ч, бодит хэрэгжилтийн түвшинд саад бэрхшээлтэй, хязгаарлагдмал  орчин ажиглагдаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Гадаад валютын зохицуулалтын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны журам, зааврын хүрээнд иргэн болон хуулийн этгээд нь гадаад зах зээлд хөрөнгө оруулах боломж нээлттэй боловч хэд хэдэн асуудал практикт ноцтой хүндрэл учруулсаар байна. Тухайлбал: Гадаад зуучлагч байгууллагатай харилцах эрх зүйн үндэс тодорхой бус : Монголын брокер гадаад зах зээлтэй шууд холбогдох эрх зүйн тусгай механизмаар бүрэн хангагдаагүй. Түүнчлэн гадаад зуучлагчтай хамтарч ажиллахдаа Монголын хуулийн дагуу хөрөнгө оруулагчийн эрхийг бүрэн хамгаалах баталгааг олж авахад хүндрэлтэй байна. Валютын гүйлгээний зохицуулалт хязгаарлагдмал : Иргэн гадаадад үнэт цаас худалдаж авахын тулд валютын гүйлгээ хийх, гадаад данс ашиглах шаардлагатай боловч Монголбанк болон татварын байгууллагын хяналттай холбогдсон хүнд суртал, журам хоорондын зөрчилтэй байдал бодит саад болж байна. Гадаад үнэт цаасны мэдээллийн ил тод байдал, хүлээн зөвшөөрөлтийн асуудал : Гадаад зах зээлээс гаргаж буй тайлан, мэдээллийг Монголын татвар, санхүүгийн хяналтын байгууллага бүрэн хүлээн зөвшөөрөх эрх зүйн тодорхой суурь бүрдээгүй байна. Үүний улмаас хөрөнгө оруулагч гадаадад авсан өгөөжөө тайлагнах, нотлох, хамгаалах үйл явц хүндрэлтэй болдог. Хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалтын сул байдал : Монголын эрх бүхий байгууллага нь гадаад зах зээл дээр эрх нь зөрчигдсөн хөрөнгө оруулагчийн асуудлыг шууд зохицуулах боломжгүй тул хөрөнгө оруулагч гадаад хууль, шүүх, арбитрын механизмд найдахаас өөр аргагүйд хүрдэг. Судлаачийн хувьд бодлогын түвшний шийдлийн санал дэвшүүлж байна. Нэрлэвэл: Олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох тусгай эрх зүйн горим бий болгох Монголын үнэт цаасны зах зээлийн оролцогчид олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулах, хамтын ажиллагаа өрнүүлэх эрх зүйн үндсийг тусгай журмаар зохицуулсан гадаад хөрөнгө оруулалтын үнэт цаасны горим боловсруулах шаардлагатай. Хил дамнасан хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн хамгаалалт зайлшгүй байх ёстой. Үүнээс гадна, Монгол ↔︎ Сингапур, Монгол ↔︎ АНУ, Монгол ↔︎ ЕХ гэх мэт гадаад харилцагч улсын зохицуулагч нартай хамтарсан протокол, харилцан зөвшөөрөлтэй платформ бий болгох нь зүйтэй юм. Мэдээллийн сан, ил тод байдал, хөрөнгө оруулагчийн боловсрол Гадаад үнэт цаасны талаарх мэдээллийг төвлөрүүлсэн хувийн бус, ерөнхий чиглэл, анхааруулга, зах зээлийн ерөнхий зураглал бүхий цахим сан бүрдүүлэх хэрэгтэй. Улмаар Монгол хэлээр хөрвүүлсэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ эрсдэлийн мэдэгдэл, хөрөнгө оруулалтын зөвлөмж, кейс судалгаа зэрэг агуулгатай хөрөнгө оруулагчийн боловсролын платформ байгуулах шаардлагатай. Валютын гүйлгээ, хөрөнгө оруулалтын урсгалыг оновчтой зохицуулах Монголбанк болон ТЕГ-аас гаргасан гадаад гүйлгээний хяналт, татварын тайлагналын журмыг олон улсын хөрөнгийн урсгалын онцлогт тохируулан шинэчлэх. Ялангуяа, хөрөнгө оруулагчийн гадаадаас орж ирж буй өгөөжийг татварын зорилгоор хэрхэн бүртгэх; Монголбанкнаас гадаад данстай харьцах журамд үнэт цаасны зорилгоор гүйлгээ хийх ангилал тусгах зэрэг нь зайлшгүй шаардлагатай. Эрх хамгаалалтын механизм бий болгох Хөрөнгө оруулагчийн эрхийн зөрчлийг олон улсын хэмжээнд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор, гадаад зах зээлд хөрөнгө оруулж буй этгээдийг хамруулсан арбитрын дотоод шүүхтэй төстэй механизм бүрдүүлэх; Монголын СЗХ, ГХЯ болон гадаад улсын зохицуулагч хооронд мэдээлэл солилцох суваг тогтоох; эрсдэл тохиолдсон үед шууд ханддаг холбогдох цэг (point-of-contact) байгууллагын зохион байгуулалт хэрэгтэй байна. Эцэст нь, гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох үйл явцыг бүрэн утгаар нь дэмжихийн тулд Монгол Улс эрх зүйн, институтийн, мэдээллийн болон олон улсын харилцааны түвшинд системтэй шинэчлэл хийх шаардлагатай байна. Ингэж байж дотоодын хөрөнгө оруулагч дэлхийн зах зээлд өөрийн бололцоог ашиглах, улмаар Монголын санхүүгийн салбар гадагш тэлэх бодит боломж бүрдэнэ. Б.Минжин   Ашигласан эх сурвалж УИХ . (1992, 1 13). Монгол Улсын Үндсэн хууль .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2013, 5 24). Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (1994, 5 12). Валютын зохицуулалтын тухай хууль .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. U.S. Securities and Exchange Commission . (2025, 1 23). About the SEC . U.S . Securities and Exchange Commission. U.S. Securities and Exchange Commission . (2025, 3 20). Securities Act Rules . U.S . Securities and Exchange Commission. FINRA . (2025). FINRA Rules . FINRA. ESMA . (2023). ESMA Guidelines . European Securities and Markets Authority. European Commission . (2020). Financial services legislation . European Commission. European Union . (2014, 5 15). European Union law . EUR-Lex. China Securities Regulatory Commission . (2025). Rules & Regulations . China Securities Regulatory Commission. Securities and Futures Commission Hong Kong . (2025). About the SFC and its role . Securities and Futures Commission Hong Kong. Financial Services Agency Japan . (2025). Outline of the FSA .  Financial Services Agency Japan. Government of Singapore . (2025). MAS Supervisory Approach and Regulatory Framework . Regulation. СЗХ . (2024). Үйл ажиллагааны жилийн тайлан 2024 он .  Улаанбаатар: СЗХ. УИХ . (2015, 6 19). Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. IFRS . (2025). IFRS projected changes .  IFRS. Ч.Нямсүрэн . (2010). Эрх зүйн ерөнхий онол.  Улаанбаатар: Соёмбо принтинг. УИХ . (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Хавсралт 1 Нэр томьёоны тайлбар Монгол нэр томьёо Англи нэр томьёо Тайлбар Бонд Bond Засгийн газар, компаниас гаргасан тогтмол хүүтэй өрийн хэрэгсэл. Валютын ханшийн эрсдэл Currency Risk Төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал хүлээх эрсдэл. Гадаадын брокер Chaperoning Broker АНУ-д үйл ажиллагаа явуулах гадаад брокер нь дотоодын бүртгэлтэй брокероор дамжих шаардлага. Дериватив Derivative Үндсэн хөрөнгийн ханшаас хамаарах гэрээт санхүүгийн хэрэгсэл (форвард, фьючерс, опцион г.м.). Диверсификац Diversification Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, нэг салбарт төвлөрүүлэхгүй байх замаар эрсдэлийг тараах стратеги. Институциональ хөрөнгө оруулагч Institutional Investor Их хэмжээний хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирддаг байгууллагын хөрөнгө оруулагч. Капитал урсгалын хяналтын эрсдэл Capital Control Risk Валютын гүйлгээг хууль бусаар хийх, хяналтгүй урсгах эрсдэл. Кастодиан үйлчилгээ Custody / Custodian Arrangement Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах үйлчилгээ. Мөнгө угаахтай тэмцэх Anti-Money Laundering → AML Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх зохицуулалт. Мэргэшсэн гадаадын институциональ хөрөнгө оруулагч Qualified Foreign Institutional Investor → QFII БНХАУ-ын тусгай зөвшөөрлөөр гадаадын институциональ хөрөнгө оруулагч нэвтрэх боломж. Санхүүгийн хэрэгслийн зах зээлийн тухай II удирдамж Markets in Financial Instruments Directive II → MiFID II Европын Холбооны үнэт цаасны зах зээлийн оролцогчдын үйл ажиллагааны нийтлэг зохицуулалт. Санхүүгийн хэрэгслийн тусгай бизнес эрхлэх бүртгэлтэй этгээд Financial Instruments Business Operator → FIBO Япон улсад тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны бизнес эрхлэгч этгээд. Тайлагналын эрсдэл Reporting Risk Өгөөж, гүйлгээг тайлагнах тодорхой бус байдал, давхардсан тайлан гаргах эрсдэл. Үнэт цаас Securities Хөрөнгө оруулалтын өгөөж, өмчлөлийн эрхийг илэрхийлдэг санхүүгийн хэрэгсэл. Үнэт цаасны сан Exchange Traded Fund → ETF Бирж дээр арилжаалагддаг багцалсан үнэт цаасны хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Харилцагчийг таньж мэдэх Know-Your-Customer → KYC Санхүүгийн байгууллага харилцагчаа таних, баталгаажуулах хууль ёсны журам. Хеджинг Hedging Валютын ханш, хөрөнгийн үнэ зэргийн хэлбэлзлээс үүсэх эрсдэлийг бууруулах хамгаалалтын арга. Хил дамнан үйл ажиллагаа эрхлэх эрх Passporting System Европын Холбооны гишүүн оронд бүртгэлтэй байгууллага бусад гишүүн улсад шууд үйл ажиллагаа явуулах эрхтэй байх тогтолцоо. Хилийн чанадад хийгдсэн арилжаа Offshore trading Гадаад зах зээлийн арилжаа. Хувьцаа Stock / Equity Компанийн өмчийн тодорхой хувийг илэрхийлсэн үнэт цаас. Эрх зүйн нийцлийн эрсдэлийн матриц Compliance Risk Matrix Эрх зүйн нийцлийг хангах эрсдэлийн үнэлгээний матриц. Эрх зүйн эрсдэл Legal and Regulatory Risk Гадаад улсын хууль өөрчлөгдөх, зохицуулалт шинэчлэгдэх зэргээс үүдэх хүндрэл. Зүүлт тайлбар [1]  Дериватив (derivative)  гэдэг нь үндсэн хөрөнгийн үнэ, ханшаас хамаарч үнэлэгддэг санхүүгийн хэрэгсэл юм. Ирээдүйн тодорхой хугацаанд үнэт цаас, валют, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсвэл зарах эрх, үүрэг бүхий форвард, фьючерс, опцион, своп зэрэг гэрээний төрөл буюу хэлцлийг хэлнэ. Монголбанк, СЗХ, Хөрөнгийн бирж, СЭЗИС, МУИС-ийн Эдийн засгийн сургууль зэрэг Монголын мэргэжлийн байгууллага, сургуулиуд дериватив   гэсэн нэр томьёог шууд хэрэглэх нь түгээмэл болсон. [2]   Compliance Risk Matrix  гэдэг нь байгууллага хууль, журам, стандартыг биелүүлэхтэй холбоотой эрсдэлийг үнэлэх, ангилах, удирдах хэрэгсэл юм. Ихэвчлэн эргэн хяналт тавих, хууль зөрчихөөс сэргийлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой ашиглагддаг. [3]  Позитив эрх зүйн зөрчилдөөн буюу коллизи нь өөр хоорондоо зөрчилтэй хоёр буюу хэд хэдэн хэм хэмжээ нэг асуудлыг зохицуулах байдлыг хэлнэ  (Ч.Нямсүрэн, 2010) . [4]   Позитив эрх зүйн хийдэл гэдэг нь нэгэнт бий болсон нийгмийн зарим харилцааг зохицуулах болон хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хэм хэмжээ бүрэн буюу хэсэгчлэн дутагдах байдал. Бүрэн дутагдахыг эрх зүйн зохицуулалтгүй орчин гэж үзэх бол, хагас дутуу зохицуулалтыг хуулийн цоорхой (ярианы хэллэг) гэнэ  (Ч.Нямсүрэн, 2010) . [5]   Вакум гэдэг нь эрх зүйн зохицуулалтгүй орчныг хэлэх ба шинээр үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн хэм хэмжээ дутагдах байдал юм  (Ч.Нямсүрэн, 2010) . [6]  Позитив эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөн буюу конкуренци нь   өөр хоорондоо зөрчилгүй хоёр буюу хэд хэдэн хэм хэмжээ нэг харилцааг зохицуулах байдал юм  (Ч.Нямсүрэн, 2010) . [7]   Chaperoning broker  гэдэг нь АНУ-ын Rule 15a-6-д зааснаар гадаадын брокер, дилер нь АНУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулахын тулд заавал хамтран ажиллах шаардлагатай дотоодын бүртгэлтэй брокерын нэр томьёо юм. Хуулийн хүрээнд төлөөлөн зуучлагч болон хамтран хянагч брокер гэсэн хоёр санааг агуулдаг. [8]   Offshore trading  гэдэг нь шууд орчуулбал гадаад нутаг дэвсгэр дээр явагдаж буй арилжаа гэсэн утгатай. Монгол хэлнээ илүү ойлгомжтой, мэргэжлийн хэллэгээр хилийн чанадад хийгдэж буй арилжаа, эсвэл гадаад зах зээл дэх бүртгэлийн бус үнэт цаасны арилжаа гэж орчуулах нь зохимжтой. [9]   Markets in Financial Instruments Directive II → MiFID II  Санхүүгийн хэрэгслийн зах зээлийн хоёрдугаар удирдамж гэж үгчлэн орчуулж болно. Хэрэглэгчдэд танил, хэвшмэл нэр томьёог хадгалж, хаалт дотор утгыг тайлбарласан болно. [10]   Passporting system   гэдэг нь ЕХ-ны санхүүгийн зах зээлийн хүрээнд ашиглагддаг тусгай эрх зүйн механизм бөгөөд тухайн гишүүн оронд бүртгэлтэй санхүүгийн байгууллага бусад гишүүн оронд дахин тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог тогтолцоо юм. [11]   Know-Your-Customer → KYC гэдэг нь санхүүгийн байгууллагууд, ялангуяа банк, үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын зуучлагчид болон даатгалын компаниудын үйлчлүүлэгчтэй холбоотой шинжилгээ, таньж тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийх хуульчилсан үүрэг юм. Өөрөөр, харилцагчийн таних, үнэлэх тогтолцоо гэж болно. [12]   Anti-Money Laundering → AML гэдэг нь мөнгө угаахтай тэмцэх эрх зүйн болон байгууллагын тогтолцоог хэлдэг олон улсын нэр томьёо бөгөөд Монгол Улсын хууль, журамд мөнгө угаахтай тэмцэх гэж орчуулагддаг. AML  нь ихэвчлэн KYC  болон CDD  ( customer due diligence)  гэх ойлголттой хамт хэрэглэгддэг. AML  нь KYC -ийн үр дүнг үндэслэн сэжигтэй гүйлгээг илрүүлэх, төлбөрийн гарал үүслийг шалгах, хамрагдах эрсдэлийн түвшнийг ангилах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. [13]   Financial Instruments Business Operator → FIBO гэдэг нь Япон улсын санхүүгийн зах зээлд ашиглагддаг хууль ёсны нэр томьёо бөгөөд Японы Financial Instruments and Exchange Act → FIEA -д зааснаар FIBO  нь санхүүгийн хэрэгслийн арилжаа эрхлэх, үнэт цаасны зуучлал хийх, хөрөнгө удирдах зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр Японы Financial Services Agency → FSA- д тусгайлан бүртгүүлсэн этгээд юм. [14]  Институциональ хөрөнгө оруулагч (institutional investor)  гэдэг нь аливаа хувь хүний биш, харин байгууллагын хэлбэртэй, их хэмжээний хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан хөрөнгө оруулалт хийдэг этгээдийг хэлнэ. Тэтгэврийн сан, даатгалын компани, банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан ( mutual fund, hedge fund) ,   Засгийн газрын хөрөнгө оруулалтын сан (sovereign wealth funds) , мэргэжлийн үнэт цаасны дилер, брокер зэрэг байгууллага орно. [15]   Qualified Foreign Institutional Investor → QFII гэдэг нь БНХАУ-ын үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчийг хязгаарлагдмал байдлаар оролцуулах зорилготой тусгай эрх зүйн тогтолцоо юм. 2002 оноос эхлэн БНХАУ-ын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид хандсан анхдагч хөтөлбөрийн нэг байв. [16]  Нэг улс, хоёр систем гэдэг нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд багтаж буй Хонгконг, Макао зэрэг онцгой захиргааны бүсийг дотооддоо өөрийн тусгай хууль, захиргааны системтэйгээр оршихыг зөвшөөрсөн улс төрийн тогтолцоо юм. Энэ тогтолцоо нь 1997 онд Их Британиас Хонгконгийг БНХАУ-д буцаах нөхцөлийн гол зарчим байсан. Үндсэн санаа нь нэг Хятад улс байна, харин нэгдмэл улсад хоёр өөр эрх зүйн систем зэрэгцэн оршиж болно. [17]  Диверсификац (diversification)  гэдэг нь хөрөнгө оруулалтыг зөвхөн нэг зах зээл, салбар, үнэт цааснаас хэт хамааралтай байлгахгүйгээр олон төрлийн хөрөнгөд тархаан хуваарилах санхүүгийн стратеги юм. [18]  Хеджинг (hedging)  гэдэг нь валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилготой санхүүгийн хамгаалалтын арга хэмжээ юм. Энгийнээр хэлбэл, хеджинг нь болзошгүй алдагдлаас өөрийгөө урьдчилан хамгаалах стратеги бөгөөд форвард, фьючерс, опцион, своп зэрэг дериватив хэрэгсэл ашиглан хэрэгжүүлдэг. Хеджинг нь ханш өсөх, буурах магадлалаас үл хамааран өргөн хүрээний төлөвлөлт хийх, тогтвортой өгөөж хадгалах зорилготой. Үнэт цаасны арилжаанд оролцогчид ам.доллароор үнэ тогтоогдсон хөрөнгө авахдаа төгрөгийн ханш суларвал алдагдал хүлээдэг тул ийм эрсдэлийг хеджингийн хэрэгслээр хаах нь түгээмэл. Гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн орчин #LawyerBirdie #ХуульчШувуухай #ҮнэтЦаас #ХөрөнгөОруулалтынЭрхЗүйнОрчин #ГадаадынҮнэтЦаас #ХөрөнгөОруулалт #СанхүүгийнЭрхЗүй #КомпанийнХууль #Брокер #ГадаадХөрөнгөОруулалт #ЗуучлагчБайгууллага #ВалютынЭрсдэл #МэдээллийнИлТодБайдал #ҮнэтЦаасныХөрөнгөОруулалт #ХуульЭрхЗүй #ХуульЗүйнСудалгаа #ОлонУлсынХууль #ГадаадЗахЗээл #СанхүүгийнМэдлэг #ХөрөнгөОруулагчийнЭрх #СанхүүгийнХяналт #IFRS #ВалютынЗохицуулалт #МонголБанк #СанхүүгийнЗохицуулахХороо #ҮЦЗЗТХ #ВалютынГүйлгээ #ТайлагналынЭрсдэл #LegalRisk #InvestorProtection #ХуульчийнӨгүүлэл #АкадемикВидео #БоловсролынКонтент #YoutubeМэдлэг #ЭдийнЗасагСанхүү #ГадаадДанс #АрбитрынХамгаалалт #ЭрхЗүйнХийдэл #ТатварынМаргаан #ХуульЗүйнТайлбар #ГлобалЗахЗээл #СанхүүгийнТайлбар #МонголХөрөнгөОруулагч #МонголИнвестор #ГадаадБирж #СанхүүгийнГарынАвлага #ХөрөнгийнБирж #СанхүүгийнЗохицуулалт

  • “Мөрч” УСК: Гэмт хэргийн шалтгаан, уялдаа, эрх зүйн тайлал

    “Мөрч” киног үзээд, энгийн нэг зохиомол хэрэг биш, харин задлан шинжлэх, эргэцүүлэн тайлах, зөвхөн үзэж биш ухаж ойлгох ёстой кино гэж бодогдов. Монгол уламжлалт ахуй, хүний дотоод зөрчил, эрх мэдлийн дарамт, нийгмийн дуугүй хүлцэнгүй байдал, үнэнд хүрэх гэсэн ганц хүний эрэл зэрэг үйл явдал нь зөвхөн үзээд өнгөрөх бус, харин хуулийн оюутны хувьд шинжлэн судлах, бичиж тэмдэглэх сэдлийг төрүүлсэн билээ. Тиймээс энэ нийтлэлийг бичихдээ уран сайхны дүрслэл, сэтгэлзүйн зан төлөв, эрх зүйн онол гурвыг огтлолцуулахыг зорилоо. Хураангуй Энэхүү нийтлэл нь Монголын түүхэн, гэмт хэргийн мөрдлөгийн төрлийн “Мөрч” уран сайхны кинонд суурилсан эрх зүйн дүн шинжилгээг  агуулсан болно. Судалгааны зорилго нь кинонд гарч буй гэмт хэргийн үйл явц, нийгмийн шалтгаан, мөрдөн шалгах ажиллагааг криминалистик , криминологи , эрүүгийн эрх зүйн гурван үндсэн чиглэлээр задлан шинжлэхэд оршино. Криминалистикийн үүднээс хэрэг мөрдөх ажиллагааны арга зүй, нотлох баримт цуглуулах хэлбэрүүдийг судалсан бол, криминологийн талаас гэмт хэрэгтний сэдэл, нийгмийн давхаргын ялгаа, сэтгэл зүйн хүчин зүйлсийг тайлбарлав. Харин эрүүгийн эрх зүйн хүрээнд гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрх зүйн онолтой уялдуулан хууль зүйн үнэлгээ хийв. Үр дүнд нь “Мөрч” кино нь хууль зүйн боловсрол, нийгмийн ухамсарт эерэг нөлөө үзүүлж болох уран сайхны бүтээл болохыг харуулсан бөгөөд уран сайхны бүтээлийг судалгааны эх сурвалж болгон ашиглах боломж, ач холбогдлыг тодотгож байна. Түлхүүр үгс: Мөрч кино , гэмт хэрэг , криминалистик , криминологи , эрүүгийн эрх зүй , нотлох баримт , шүүхийн үнэлгээ , хэрэг мөрдөх ажиллагаа , уран сайхны бүтээлийн дүн шинжилгээ , Монголын кино урлаг ба хууль зүй , нийгмийн шалтгаан , эрх мэдэл ба шударга ёс. Удиртгал Монголын кино урлагт сүүлийн жилүүдэд олон талт сэдэв, төрөл жанр өргөжин хөгжиж, нийгмийн үнэт зүйл, шударга ёс, гэмт хэрэг , эрх мэдэл зэрэг асуудлыг хөндсөн бүтээлүүд олноор төрөн гарч, үзэгчдийн анхаарлыг татах боллоо. Ийм бүтээлүүд нь хууль зүйн судалгааны шинэ чиглэл, боломжийг нээж байгаа боловч тэдгээрт суурилсан системтэй, онолын үндэслэлтэй, эрх зүйн үүднээс хийсэн дүн шинжилгээ ховор байна. Кино зохиолыг анхлан бичихдээ тус бүрийн чиглэлээр мэргэшсэн судлаачдын оролцоотой, системтэй, шинжлэх ухаанч үндэслэлтэй ханддаг нь мэдээж боловч уран сайхны бүтээлд дүрслэгдэж буй гэмт хэргийн үйл явц, мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэр гаргалтын процесс зэрэг нь эрүүгийн эрх зүй, криминологи, криминалистикийн суурь ойлголт, зарчимтай хэрхэн уялдаж байгааг задлан шинжлэх нь академик түвшинд цөөн хүрээнд хийгдэж иржээ. Үүнээс уран сайхны бүтээл ба хууль зүйн шинжлэх ухааны огтлолцолд тодорхой анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Энэхүү нийтлэл нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн, “Оранж энтертайнмент” болон “VOO”  платформын хамтран бүтээсэн, XIX зууны Монголын нийгэм, соёл, хууль цаазын орчныг харуулсан “Мөрч” кинонд гардаг гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа, эрх мэдлийн харилцаа, нийгмийн үнэт зүйлсийн хэм хэмжээг түүхэн нөхцөлд уран сайхны аргаар хэрхэн тусгасан болохыг судалгааны үндэс болгон авч үзсэн юм. Кино нь зөвхөн уран сайхны хүүрнэл төдийгүй гэмт хэрэг үйлдэгчийн сэдэл, зан үйл, нийгмийн нөлөөлөл зэрэг олон талт хүчин зүйлийг тусгаж, хууль зүйн онол, практикт уялдах боломжтой агуулгыг багтааснаараа шинжилгээ хийх үндэслэл болсон. Онцлох зүйл нь киноны эх зохиолыг хуульч мэргэжилтэй хүн бичсэн ба энэ нь кинонд гарч буй гэмт хэрэг, үйл явдлыг улам сонирхолтой, амьдрал дээр бодитоор гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болгожээ. Судалгааны зорилго нь “Мөрч” кинонд дүрслэгдсэн гэмт үйл явдлыг эрх зүйн шинжлэх ухааны үндсэн чиглэл болох криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйг түшиглэн дүн шинжилгээ хийхэд оршино. Кинонд гардаг үйл явдлыг тохиолдлын шинжилгээний аргаар [1] авч үзэж, криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн онолын үндсэн хандлагыг ашиглан эрх зүйн зохицуулалтын уялдаа, зөрчлийг харьцуулан тайлбарлалаа. Судалгааны хүрээнд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг криминалистикийн шинжилгээний зарчим, гэмт хэрэгтний сэдэл ба зан авирыг криминологийн онолын суурь загварууд, эрх зүйн үнэлгээг эрүүгийн эрх зүйн бүрэлдэхүүн [2] , онолын хариуцлагын үндэслэлээр шинжилсэн бөгөөд уран сайхны дүрслэл нь хууль зүйн ойлголттой хэрхэн нийцэж буйг онолын түвшинд тодруулсан болно. Хэдийгээр судалгааны цар хүрээ нь нэг кинонд төвлөрч буй ч кейсийн гүнзгий шинжилгээ хийх, нийгэмд үзүүлэх хууль зүйн болон соёлын нөлөөллийг тодорхойлох зорилготой юм. Цаашид ижил төрлийн уран сайхны бүтээлүүдийг харьцуулан судлах нь илүү өргөн дүгнэлт гаргахад тустай. I. Криминалистик дүн шинжилгээ Криминалистик нь гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, нотлох баримтыг цуглуулах, задлан шинжлэх, үнэлэх мэргэжлийн арга зүйд тулгуурладаг шинжлэх ухаан юм. Монголын уламжлалт ахуйд суурилсан эрх зүйн үйл явц нь байгальтай ойр, бичмэл бус, зан үйлийн хэлбэр давамгайлж байсан нь “Мөрч” кинонд тод томруунаар дүрслэгджээ. Тус кино нь XIX зууны сүүл үеийн Монголын нүүдэлчин нийгмийн нөхцөлд хэрэг мөрдөн илрүүлэх ажиллагаа хэрхэн өрнөж байсан, тухайн үеийн мөрч хүний гярхай ажиглалт, хурц мэдрэмж, ухаалаг эргэцүүлэл, логик дүгнэлт хийх чадварт тулгуурлан хэрэг явдлын зангилааг тайлж буй үйл явцыг харуулснаараа онцлогтой. Үүн дээр үндэслэн, орчин үеийн криминалистикийн онол, арга зүй, зарчмуудтай харьцуулж, кинонд дүрслэгдсэн мөрдөн шалгах ажиллагааг шинжлэх замаар түүхэн нөхцөл ба шинжлэх ухааны хандлагын хоорондын уялдаа, зөрчлийг тодорхойлох боломж бүрдэж байна. “Мөрч” киноны үйл явдал намрын дунд сарын үед, Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууны Юндэндорж ноёны угсаа залгамжлах агь цаг бусаар, учир битүүлгээр өөд болсноор эхэлнэ. Залуу агь модноос дүүжлээстэй олдсон ч "Тэрээр өөрийн амиа егүүтгэсэн үү?" , эсвэл "Хэн нэгэн түүний амь насыг бүрэлгэсэн үү?" гэх эргэлзээ үүсгэж хэргийн учир шалтгааныг тайлахаар Дамдин гэх мөрч 7 аймгийн цаанаас залагдан ирнэ. Холын газраас тусгайлан дуудан ирүүлдэг нь тухайн үед ийм төрлийн ажил хийдэг хүн ховор ч гэлээ байсан, илрүүлсэн хэргээр нь хүмүүс ам дамжуулан цуурч, алдаршуулдаг байжээ. Кинонд Дамдин мөрчийг хүний ул шагайж, шиншилж явдаг гэж нэгэн бөө хэлдэг ч үнэн хэрэгтээ мөрчийн үүрэг, нэр хүнд, мэргэжлийн ур чадварыг ямар хэмжээнд үнэлэгдэж байсныг харуулна. Мөрч нь тухайн үеийн нөхцөлд тусгай мэргэжилтэн буюу өнөө цагийн ойлголтоор криминалист шинжээчтэй дүйцэхүйц үүрэг байв. Хэрэг гарсан газар олон хоног үргэлжилсэн бороо орж нотолгоо гэх зүйл бараг бүрэн арилсан байсан ч мөрч Дамдин байгаль, орчин хэрхэн нөлөөлж болохыг харгалзан үзэж, ул мөр үлдсэн байх магадлалтай хэсгийг системтэйгээр ажигладаг. Хөрсний чийг, модон дээр үлдсэн ул мөр зэргийг шинжилж, байгаль орчны өөрчлөлтөөс шалтгаалсан байж болох ул мөрийг нөхцөл байдлын хүрээнд дахин бүрдүүлэн дүгнэж буй нь гэмт хэргийн газрын үзлэгийн үндсэн зарчим болох ул мөрийг алдагдуулахгүй хадгалах , байгаль орчны нөхцөлийг бүрэн дүгнэх , ул мөр бүрийг шалгаж баталгаажуулах криминалистик хандлагатай нийцэж байна. Үүний дараа мөрч Дамдин сэрүүн агуйд хадгалсан цогцост хийсэн үзлэгийн үеэр хумсны завсарт үлдсэн хүний арьсны хэлтэрхийг олно. Тухайн үед гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд шинжилгээний лаборатори, ДНХ-ийн шинжилгээ, микроскоп зэрэг техник, орчин үед гарын дор ашиглагдах криминалистикийн мэдээллийн систем, дижитал нотолгоо, бичил ул мөрийн шинжилгээ зэрэг техник, технологийн дэвшилтэд зүйл байгаагүй ч гэлээ гярхай ажиглалт, логик дүгнэлт [3] , трасеологийн шинжилгээ [4]  дээр суурилсан гэмт хэргийн биет баримт [5] цуглуулах оролдлого байв. Мөн Дамдин хэргийн газрын өвсөн доороос олсон сувдан даруулга  болон цогцсыг анх харсан анчин Сүрэнгийн хэргийн газраас олж, хожим Дамдинтай таарахдаа өгсөн уран хийцтэй сэтгүүрийг хэрэгт хамаарах нотлох баримт хэмээн авч үздэг. Эдгээр нь тухайн хэрэгт гуравдагч этгээд оролцсон, эсвэл эмэгтэй хүн холбоотой байж болох тухай таамаг дэвшүүлэх логик үндэс болж буй юм. Ялангуяа сэтгүүр нь тухайн үеийн хувийн эд хэрэглэл болохын хувьд тодорхой хүний хэрэглээтэй уялдуулан холбох боломжтой бөгөөд бие даасан криминалистик объект болж хувирдаг. Мөрдөн шалгах явцад мөрч Дамдин гэрч, сэжигтнүүдтэй харилцахдаа тэдний үйл хөдлөл, ярианы логик зөрүү, биеийн хэлэмж болон нүүрний илэрхийлэл, сэтгэл хөдлөлийн хариу зэргийг ажиглан дүгнэлт хийдэг. Энэ нь сэжигтэй этгээдийн сэтгэлзүйн төлөв байдлыг тодорхойлох оролдлого байсан бөгөөд сэтгэлзүйн ажиглалт хэмээх орчин үеийн криминалистикийн арга барилтай дүйцэхүйц ажиллагаа юм. Кинонд гардаг нотлох баримтыг жагсаав. Үүнд: Гэрчийн аман мэдүүлэг; Хэргийн газрын байршил, байгалийн нөлөөлөл; Хувийн эд зүйлс (сэтгүүр, үсний даруулга г.м.); Хүний сэтгэл хөдлөлийн илрэл (уй гашуу, сандрал, хөндий хандлага г.м.). Эдгээр нь орчин үеийн криминалистикт хэрэглэгддэг биет болон субъектив нотолгооны аль алинд хамаарах бөгөөд уран сайхны кинонд бодит байдлыг дүрслэхдээ хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах боломжтойг харуулж байна. II. Криминологийн дүн шинжилгээ Криминологи нь гэмт хэргийн үүсэл шалтгаан, нийгмийн нөхцөл, хувь хүний сэдэл, сэтгэл зүйн нөлөөллийг шинжилдэг шинжлэх ухаан юм. “Мөрч” киноны төгсгөлд хэрэг илрэх үед илэрхий болж буй зан төлөв, сэтгэл зүйн уялдаа, нийгмийн байр суурь, үүрэг хариуцлага зэрэг нь тухайн гэмт хэргийн учир шалтгааныг криминологийн өнцгөөс тайлбарлах боломж олгож байна. Киноны “Заяанаас зайлж болдоггүй, учралаас урваж болдоггүй” гэх 10 дугаар ангид мөрч Дамдин хэргийн газарт холбоотой хүмүүсийг нэг дор цуглуулж, гэмт хэргийн сэжүүрүүдийг он цагийн дарааллаар танилцуулж, сэжигтнүүдийн зан авир, сэтгэл хөдлөл, үйлдлийн уялдааг задлан шинжилдэг. Үзэгчдэд эхлээд агийн үхэл гол хэрэг мэт санагдавч, уг хэрэг нь дангаараа бус, өмнөх болон дараагийн үйл явдлуудтай нягт уялдаатай байсныг мөрч тайлбарлаж илчилдэг. Тэрээр зөвхөн агийн үхлийг бус, өмнө нь үйлдэгдсэн данжаадын аллага, Лувсан болон түүний хүү Жамъянгийн аллага, дээрэм, өргөмөл охиноо хүчирхийлж, дарамталсан гэр бүлийн хүчирхийлэл, нохой алж, гэр шатаасан зэрэг гэмт хэргийг мөн илрүүлдэг. Өнгөц харахад эдгээр нь хоорондоо хамааралгүй мэт боловч үнэн хэрэгтээ нэг хүнээс үүдэлтэй, өмнөх гэмт хэргүүдээ нуух, эргэлзээг өөр тийш чиглүүлэх зорилгоор шат дараатай зохион байгуулсан хэд хэдэн гэмт хэрэг болох нь тодорхой болдог. Энэ нөхцөл байдал нь төлөвлөгөөтэй, хүйтэн сэтгэлтэй, өндөр түвшний манипуляц хийх чадвартай гэмт хэрэгтний сэтгэл зүйн зураглалыг харуулж байна. Хэрэгтэн өөрийн бурууг бусдад тохох, дүрээ хадгалах, нийгмийн итгэлийг алдахгүйн тулд эрх мэдэл, нэр хүндээ ашиглан гэмт хэргийг зохион байгуулах оролдлого хийсэнг буруугаа зөвтгөх болон ухаалаг сонголтын онолоор тайлбарлаж болно. Буруугаа зөвтгөх онол  → гэмт хэрэгтэн өөрийгөө “өөр аргагүй байсан”  гэх мэтээр дотоод ёс суртахуунаа саармагжуулж, үйлдлээ зөвтгөх хандлага; Ухаалаг сонголтын онол  → гэмт хэрэгтэн ашиг, эрсдэлийг тооцоолж, өөрт хамгийн ашигтай шийдвэрийг гарган гэмт хэрэг үйлддэг логик сэтгэлгээний хандлагын жишээ юм. Нөгөө талаас, агь өөрөө ч сэтгэлзүйн эмзэг байдал, гутралын шинжтэй байсныг түүний үлдээсэн тэмдэглэл, үйл хөдлөл харуулдаг. Түүнийг орхигдсон мэдрэмж, нэр төрийн дарамт, шаналал зовоож байсан нь сэтгэлзүйн зөрчлийн онолын хүрээн тайлбарлагдана. Сэтгэлзүйн зөрчлийн онол  → хувь хүний дотоод сэтгэлийн хямрал, шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн зөрчил гэмт хэрэгт нөлөөлдөг байна. Юндэндорж ноёны гэр бүл, тэдний хүрээлэл, албан тушаал, угсаа гарал зэрэг нь тухайн үеийн нийгмийн шаталсан бүтэц, эрх мэдлийн төвлөрөл, доод давхаргад шударга ёсны боломж хаалттай байсныг харуулна. Зөрчлийн онол  → эрх мэдэл, баялаг, нэр хүндийн хуваарилалт тэгш бус үед доод давхаргын хүмүүс шударга бус байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх нь зүйн хэрэг мэт харагддаг; Стрессийн онол  → хувь хүн нийгмийн зорилгод хүрэх боломжгүй үед хууль бус аргыг сонгодог гэсэн онол. Мөрч Дамдины хэрэг илрүүлэх арга барил нь зөвхөн баримтад тулгуурлахаас гадна сэтгэлзүйн ажиглалт, нүүрний илэрхийлэл, ярианы уялдаа, хариу үйлдлийг шинжлэхэд оршино. Сэтгэлзүйн ажиглалт  → хүний үг, үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг шууд ажиглаж, хариу үйлдлээс үнэн худлыг тогтоох аргачлал юм. Кинонд гэрчүүдийн дуугүй байдал, сэжигтнүүдийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, нийгмийн хүлээн зөвшөөрөл гэх мэт олон хүчин зүйл гарна. Хэвшмэл үйл ажиллагааны онол → гэмт хэрэг үйлдэх боломжийг хялбаршуулдаг орчны сул хяналт, идэвхгүй оролцогчийн нөхцөлийг илтгэнэ; Дэд соёлын онол  → тодорхой бүлэг нийгмийн өөрийн дотоод үнэт зүйл, хүлээлтэд тулгуурлан хууль бус үйлдлийг зөвтгөх нөхцөл болдог. Эцэст нь, “Мөрч” киноны олон, үе шаттай гэмт хэргийн илрүүлэлт нь зөвхөн нэг хүний үйлдэл бус, тухайн үеийн нийгмийн бүтцийн гажуудал, эрх мэдлийн зүй бус ашиглалт, гэр бүл дэх хүчирхийллийг үл тоомсорлосон хандлага зэрэг нийгмийн хариуцлагагүй дүр төрх болохыг харуулж байна. III. Эрүүгийн эрх зүйн дүн шинжилгээ “Мөрч” кинонд дүрслэгдэж буй олон үйл явдал нь зөвхөн уран сайхны хүүрнэл бус, эрх зүйн хувьд гэмт хэргийн тодорхой төрөл, бүтэц, хариуцлагын үндэс бүхий үйлдлүүд юм. Эдгээр үйлдлийг онолын үүднээс үнэлэхдээ эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэд хэдэн гэмт хэргийн уялдаа, оролдлого, санаатай байдал, үйлдэл ба үр дагавар зэрэг гол ойлголт дээр төвлөрөх нь зүйтэй. Хүний амь насанд халдсан гэмт хэргийн оролдлого ба хэрэгжилт Кинонд хэд хэдэн этгээдийн амь насанд халдах буюу санаатайгаар хөнөөсөн болон хөнөөхөөр оролдсон үйлдэл гардаг. Агийн үхэл → гуравдагч этгээдийн санаатай үйлдэл; Данжаадын амь насыг хороосон хэрэг → эд хөрөнгийн шалтгаантай; Ноёныг хордуулах оролдлого → хорын нөлөөгөөр биеийг нь муутгах, үйл ажиллагаанд оролцох чадваргүй болгох зорилготой, гэхдээ аллага болоогүй зөвхөн оролдлого төдий байсан. Эдгээр нь гэмт хэрэг төдийгүй гэмт хэрэгт хүрэх зорилготой оролдлого, төлөвлөж далд байдлаар хэрэгжүүлсэн санаатай үйлдэл юм. Эрүүгийн эрх зүйн онолын дагуу гэмт хэргийн бүрэн үйлдэл гэдэг нь үйлдэл хийж, үр дагавар нь биелсэн нөхцөл бол, гэмт хэрэг үйлдэх оролдлого нь санаатай үйлдэл эхэлсэн ч үр дагавар нь биелээгүй, тасалдсан нөхцөл болно. Ноёныг хордуулах явдал бол амь насыг хөнөөх зорилготой, биелээгүй оролдлого бөгөөд энэ нь мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно. Бэлгийн халдашгүй байдал, гэр бүлийн эсрэг гэмт хэрэг Равданы үйлдэл нь өргөмөл охиныхоо эсрэг байнгын, давтамжтай хүчирхийлэл, дарамт үзүүлсэн зан авир байв. Энэ нь зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, гэмт хэргийн объект нь гэр бүлийн хамаарал бүхий эмзэг этгээд байдаг онцлогтой. Эрүүгийн эрх зүйд бэлгийн шинжтэй гэмт хэргийг үнэлэхдээ харгалзан үзэх зүйл байна. Хүч хэрэглэсэн эсэх; Хохирогчийн нас, сэтгэхүй; Хоорондын харилцааны онцлог; Давтамж, үргэлжилсэн шинж. Энэ нь хөнгөн бус, харин онц хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна. Өмч, эд хөрөнгө шатаах гэмт хэрэг Данжаадын эд хөрөнгийг булааж, өрийн бичгийг устгаж, гэр шатаасан үйлдэлд эрх зүйн үнэлгээ хийж болно. Өмчийн халдашгүй байдал → хувийн өмчийн эрх зөрчигдөж байгаа нь эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг; Баримт бичиг устгах → хариуцлагын суурь нотолгоог зориуд сүйтгэх үйлдэл; Гэр шатаах → эд хөрөнгө устгах, ул мөр баллах, айдас төрүүлэх, өмнөх гэмт хэргийг нуух зорилготой. Онолын хувьд эдгээрийг эд хөрөнгийн эсрэг санаатай үйлдсэн нийлмэл гэмт хэрэг хэмээн үзнэ. Амьтанд халдсан үйлдэл Сэжигтэн хэргээ нуух, гэрчийг сүрдүүлэх зорилгоор тэдний үнэнч нохойг хороосон нь зөвхөн эд зүйлийн эсрэг үйлдэл биш, харин эрүүгийн эрх зүйн үнэлгээнд сэтгэлзүйн дарамт үүсгэх сэдэлтэй нэмэлт хүчин зүйл болно. Айдас, дарамт бий болгох; Хүчирхийллийн дохио өгөх. Хэд хэдэн гэмт хэрэг, бүлэглэн үйлдсэн байдал Кинонд Равдан, түүний урд газраас авчирсан, өмнө нь донцпал байсан Төвд алуурчин нар санаатай нэгдэж бүлэглэн, үе шаттайгаар, дараалсан хэд хэдэн гэмт хэрэг үйлддэг. Хүний амь бүрэлгэсэн; Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн; Баримт устгасан; Дээрэм хийсэн; Гэр шатаасан; Хүн хордуулсан (амжилтгүй болсон); Амьтан хороосон. Эдгээр нь хуулийн хэлээр тодорхой илэрхийлэлтэй. Нийлмэл гэмт хэрэг → хэд хэдэн өөр төрлийн гэмт хэрэг нэг үйлдлээр нэгтгэгдсэн; Цуврал гэмт хэрэг → цаг хугацааны хувьд тусдаа боловч нэг этгээдийн үйлдсэн холбоотой хэргүүд; Зохион байгуулалттай гэмт хэрэг → зорилготой, төлөвлөсөн, ул мөр баллах арга хэмжээ авсан зэрэг шинжтэй. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд “Мөрч” кино нь гэмт хэрэг үйлдэх явц, шалтгаан, хэрэгжилт, ул мөр баллах оролдлого зэрэг олон талаас сургалтын бодитой жишээ болохуйц материал юм. Гэмт хэргийн бүрэн бүтцийг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн нь шинжлэх ухааны үнэлгээ хийх үндэс суурийг хангаж байна. IV. Хууль зүйн болон нийгмийн үнэлгээ, сургамж “Мөрч” кино нь зөвхөн уран сайхны бүтээл төдийгүй Монголын нийгмийн эрх зүйн ухамсар, соёл, шударга ёсны тухай ойлголтыг сэргээх, шинээр төсөөлүүлэх томоохон оролдлого болсон бүтээл юм. Тус кинонд дүрслэгдсэн гэмт хэргийн шинж, илрүүлэлтийн үйл явц, зан авир, нийгмийн давхарга хоорондын харилцаа зэрэг нь эрх зүйн ухамсрын илрэл, төлөвшлийн судлагдахуун болж байна. Киноны туршид үзэгч зөвхөн нэг хэргийн, нэг хүний хувь заяаг бус, тухайн нийгмийн эрх мэдэл, нэр хүнд, үнэт зүйлс, шударга ёсны тогтолцоонд хандах олон нийтийн дотоод хандлага, итгэл, сэтгэл зүйг шүүн тунгаах боломжоор хангагддаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь зөвхөн хувь хүн биш, харин тухайн нийгмийн хүлцэнгүй байдал, эрх мэдэлд туйлширсан соёл, дуугүй хүлээн зөвшөөрөгч олонхын сүүдэрт үйл ажиллагаагаа далд хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь харагддаг. Энэ нь Монголын уламжлалт нийгмийн бүтэц, нэр төрийн тогтолцоо, шүүмжлэлээс зайлсхийх хандлага зэрэг соёлын эрх зүйн хүчин зүйлийн тусгал юм. Эрх зүйн үүднээс авч үзвэл, киноны туршид мөрч Дамдины баримтлах арга барил, логик дүгнэлт, сэтгэлзүйн ажиглалт, нотлох баримтын үндэслэл зэрэг нь хууль зүйн процессын үндсэн зарчим болох үнэн бодит байдал тогтоох, нотлох баримтад тулгуурлах, шударга шийдвэр гаргах зарчимтай нягт уялдаж байна. Түүхэн нөхцөлд ч шударга ёсыг тогтоох, үнэн мөнийг тогтоох шүүх эрх мэдлийн хэрэгцээ байсаар ирснийг харуулж байгаа юм. Тус кинонд дүрслэгдсэн хэрэг илрүүлэх хэлбэр нь орчин үеийн эрүүгийн процессын суурь ойлголтуудтай сэтгэлзүйн, логик, нотлох ажиллагааны хувьд гүн уялдаатай байгаа нь анхаарал татна. Нийгмийн талаас авч үзвэл “Мөрч” кино нь үзэгчдэд зөвхөн гэмт хэргийн тухай бус, бидний үнэт зүйл, тэвчдэг хэм хэмжээ, дуугүй байдал, айдас, шударга бусын эсрэг хариу үйлдэл үзүүлэх механизм хэр байна вэ гэдгийг асууж буй. Гэмт хэргийг нууж хаах нөхцөл бүрдэж байгаа нь зөвхөн нэг хүний буруу бус, харин нийгмийн хариуцлагагүй байдал юм. Энгийнээр хэлбэл, нийгмийн эрүүл төлөвшлийн хувьд эрх зүйн соёл, хуулийг дээдлэх хандлагын ач холбогдлыг дахин сануулж байна. Кинонд дүрслэгдсэн олон төрлийн гэмт хэрэг, нийгмийн анги давхаргын сөргөлдөөн, гэр бүлийн хүчирхийлэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл, итгэлцлийн системийн нуралт зэрэг нь орчин үеийн Монголын нийгэмд ч оршсоор байгаа бодит аюул, соёлын гажуудлын сүүдэр гэж үзэж болно. Тиймээс энэхүү кино нь хуульч, судлаач, оюутан төдийгүй өргөн олон нийтэд эрх зүйн ухамсар, соёлыг сэргээх, нийгмийн шударга ёсны тухай эргэцүүлэл өрнүүлэх уриалга болжээ. Дүгнэлт “Мөрч” нь Монголын уран сайхны кино дундаас түүхэн нөхцөл, нийгмийн сэтгэл зүй, хууль ёсны уялдаа, гэмт хэрэг илрүүлэх ажиллагааг цогцоор нь харуулсан онцгой бүтээл юм. Энэхүү нийтлэлд тус киноны агуулгыг криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн гурван үндсэн чиглэлээр шинжилсэн бөгөөд кинонд гарах хэрэг явдал, дүрүүд, тэдний зан авир, хэрэг илрүүлэлтийн арга барил нь эрх зүйн шинжлэх ухааны үндсэн онол, ойлголт, зарчмуудтай хэрхэн уялдаж буйг тодорхойлсон. Кинонд дүрслэгдсэн олон үйл явдал нь зөвхөн уран сайхны хүүрнэл бус, харин гэмт хэргийн бүтцийг бүрэн гүйцэд илэрхийлсэн, олон төрлийн хууль зөрчил, эрх мэдэл ба хариуцлагын зөрчлийг тусгасан, бодит амьдралд тулгарч болохуйц асуудлуудыг хөндсөн агуулгатай юм. Иймээс “Мөрч” кино нь хууль зүйн боловсрол, нийгмийн ухамсарт үзүүлэх нөлөө бүхий, олон нийтийн шүүмжлэл, эргэцүүлэлд суурилсан уран сайхны бүтээлийн жишиг болж байна. Цаашид ижил төстэй уран сайхны бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, эрх зүйн судалгаанд ашиглах нь нийгмийн сэтгэл зүйг таних, соёлын хүчин зүйлийг тайлбарлах, хууль зүйн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар түгээх шинэ арга замын нэг байх боломжтой. Ийм хандлага нь хууль зүйн судалгаа, уран сайхны бүтээлийн огтлолцолд шинэлэг хандлага нэвтрүүлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна. Ж.Танан 💡 Мөрч УСК-д гарах гэмт хэргүүдийг 🇲🇳 Монгол Улсын Эрүүгийн хуулиар зүйлчилж болно. Сэтгэгдэл хэсэгт гэмт хэргийн төрөл, хуулийн зүйл, заалтыг 📝 бичиж үлдээгээрэй 🤓. 💭 Кинонд гарсан боловч нийтлэлд дурдагдаагүй гэмт хэргийг 🔎 коммент хэсэгт 👩🏻‍💻👨🏻‍💻📱 бичээрэй 🧐! Кинонд гардаг сонин содон үг хэллэг Донцпал  (төвөдөөр  don tshan pa ) → Төвдийн агаарт оршуулах ёсны дагуу нас барагсдын цогцсыг задлан боловсруулж, яс махыг жижиглэн хэрчиж, тас шувуудад зориулан бэлтгэдэг тусгай хүн юм. Энэ нь үхлийг амьдралын үргэлжлэл хэмээн үзэх буддын шашны гүн ухаантай уялдсан Төвдийн зан үйл юм. Сувдан даруулга  → чамин хийцтэй эмэгтэй хүний үсээ дарж боох, сувд хэлхэн чимэглэсэн зүүсгэл, хэрэгсэл. Сэтгүүр  → гаансны толгойг сэтгэх, цэвэрлэх соёо хэлбэртэй хэрэгсэл. Агь → (i) Хаад ноёдын хүү: ноёны агь (ноёны хүү), хааны агь (хааны хүү); (ii) Эрэгтэй хүүхдийг хүндэтгэх нэр. [хуучин] Чин улсын үеийн хаад ноёдын хөвгүүнийг хүндэтгэх дуудлага. Зүүлт тайлбар [1]   Тохиолдлын шинжилгээний арга (case study method)  нь нэг кейс буюу жишээг гүнзгий судлах замаар тухайн үзэгдэл, үзэл баримтлал, зохицуулалтыг тайлбарлах судалгааны арга юм. Уг арга нь эрх зүйн судалгаанд, ялангуяа уран сайхны бүтээлийг шинжилгээний объект болгон ашиглахад нэн тохиромжтой. [2]   Гэмт хэргийн бүрэлдэхүүн   (elements of crime)  гэдэг нь эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуульд хэрэглэгддэг нэр томьёо юм. Гэмт хэрэг болохын тулд заавал байх шаардлагатай объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн байна. [3]   Логик дүгнэлт гэдэг нь аливаа үзэгдэл, үйл явдлын шалтгаан ба үр дагаврын хоорондын уялдааг тогтоож, үндэслэлтэй таамаг, шийдэл дэвшүүлэх эртний философийн арга бөгөөд орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэлгээний гол зарчим болон хөгжжээ. Энэ нь Аристотелийн үеэс эхтэй дедукц, индукц, абдукц зэрэг дүгнэлтийн үндсэн хэлбэрүүдэд тулгуурладаг бөгөөд нотолгоо, ул мөр, шинж тэмдэг, шалтгаан зэргийг харьцуулан анализ хийх замаар шийдвэрт хүрэх оюуны процесс юм. Орчин үеийн криминалистик, шүүх сэтгэл зүй, мөрдөн шалгах ажиллагаанд логик дүгнэлт нь баримтаас дүгнэлт гаргах, сэжигтэн тогтоох, буруутай этгээдийг илрүүлэх чухал арга зүй болон ашиглагдаж байна. Ийм дүгнэлт нь зөвхөн мэдрэмж бус, шинжлэх ухаанд суурилсан эргэцүүлэл, сэтгэлгээний үр дүн гэдгээрээ онцлогтой. Дедукц (deduction) → Ерөнхийгөөс тусгайд шилжих буюу ерөнхий дүрэм, хууль, зарчим дээр тулгуурлан тухайн тохиолдолд юу болохыг урьдчилан таамаглах логик арга юм. Жишээлбэл, бүх хүн нас бардаг, Сүхбаатар бол хүн, тэгэхээр Сүхбаатар нас барах тавилантай. Шалтгаан нь батлагдсан бол үр дүн заавал зөв байдаг. Хууль зүйн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэс ихэнхдээ дедукц байдаг. Индукц (induction) → Тусгайгаас ерөнхийд хүрэх буюу тусгай олон тохиолдлын ажиглалтаас ерөнхий дүгнэлт гаргах логик арга юм. Жишээлбэл, хэд хэдэн удаа шүүхийн үйл ажиллагааг ажиглахад, шүүгч үргэлж түргэн шийдвэр гаргаж байсан тул шүүгч нар түргэн шийдвэр гаргадаг гэж дүгнэв. Үр дүн нь магадлалтай баттай биш. Судалгаа, статистик, практик ажиглалтад өргөн хэрэглэгддэг. Абдукц (abduction) → Шилдэг боломжит тайлбарыг дэвшүүлэх буюу өнөөдрийн байгаа нотолгоонд хамгийн боломжит, тайлбар болох хувилбарыг дэвшүүлэх арга юм. Жишээлбэл, хаалганы цоож эвдэрсэн, эд зүйлс байхгүй болсон нь хулгай байж болзошгүй. Шууд баталгаа биш боловч үндэслэлтэй таамаглал дэвшүүлэх арга. Мөрдөн шалгах ажиллагаа, гэмт хэрэг шинжилгээнд чухал байр суурь эзэлдэг. Кинонд мөрч Дамдин абдукц болон дедукцийн хослолоор ажиллаж байгаа нь ажиглагддаг. [4]   Трасеологийн шинжилгээ  ( trace analysis ) гэдэг нь гэмт хэрэгт үлдсэн мөр, бичил ул мөр, биет хоорондын хүрэлцэл, шилжилт зэргийг судалдаг криминалистикийн нарийвчилсан дэд салбар юм. Тухайн этгээдийн хэрэг үйлдэх явцад үлдээсэн хумсны завсар дахь арьсны эд, үсний хэлтэрхий, даавууны ширхэг, гутлын мөр, зэвсгийн ирмэгийн хонхорхой, гадаргуу дээрх бичил үрэлт зэрэг бараг мэдэгдэхгүй хэмжээтэй, нүдэнд үл анзаарагдах ул мөрийг тусгай арга зүйгээр цуглуулж, лабораторид шинжилдэг. Энэхүү шинжилгээ нь локардын солилцооны онол буюу аливаа харилцан үйлчлэл мөр үлдээдэг гэсэн зарчим дээр суурилдаг бөгөөд гэмт хэрэгтэн, хохирогч, орчны хоорондын холбоог нотлох үнэтэй шинжлэх ухаанч арга зүй болдог. Мөн трасеологийн шинжилгээ нь зөвхөн илрүүлэлт бус, ул мөрийн бүтэц, хэлбэр, байрлал, химийн найрлагаар нь дамжуулан гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах дарааллыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. [5]   Гэмт хэргийн биет баримт  ( material or sensitive trace evidence ) гэдэг нь гэмт хэргийн үйлдэлтэй шууд холбогдох, хүний биеэс, хэрэг гарсан газраас, эсвэл эд зүйлийн гадаргуу дээрээс илэрч болох мэдэгдэхүйц хэмжээтэй, материаллаг шинжтэй ул мөр, эд өлгийн зүйлс юм. Үүнд цус, үс, арьсны хэлтэрхий, даавууны ширхэг, хурууны хээ, гутлын мөр, зэвсгийн үлдэгдэл, шил, металл, бууны дарь, будаг, шорооны хэсэг зэрэг микроскопоор илрэхүйц хэмжээтэй боловч хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт орно. Эдгээр нь гэмт хэрэгтэн, хохирогч болон орчны хоорондын биет холбоо, хүрэлцэл, шилжилтийг нотлох үнэтэй суурь мэдээлэл болдог. Мөн эдгээр баримт нь зөвхөн хэрэгтнийг илрүүлэхэд бус, хэрэг гарсан дараалал, үйл явдлын өрнөл, гэмт хэргийн үйлдлийн арга хэлбэрийг сэргээн тодорхойлох үндэслэл болдог бөгөөд криминалистикийн шинжилгээний салбарт мэдрэг (sensitive)  буюу амархан алдагдаж, эвдэрч, устах магадлал өндөртэй, нарийн харьцах шаардлагатай ангилалд хамаардаг. Криминологийн онол Буруугаа зөвтгөх онол (neutralization theory) нь 1957 онд Америкийн нийгэм судлаач Грешам Сайкс (Gresham Sykes) , Дэвид Матза (David Matza) нарын дэвшүүлсэн криминологийн онол юм. Тэд хүнд гэмт хэрэг үйлддэггүй, гэхдээ зарим үед хууль зөрчиж болох хандлагатай жирийн хүн өөрийн үйлдлийг дотроо зөвтгөдөг механизм байдгийг тайлбарлахыг зорьсон. Тус онолд дурдсанаар гэмт хэрэг үйлдэгч нь өөрийгөө муу хүн гэж харахгүй бөгөөд тухайн нөхцөл байдалд түр зуур ёс зүйн дотоод хоригуудаа саармагжуулдаг буюу өөрийгөө зөвтгөх тайлбаруудыг ашиглан сэтгэлзүйн дарамтаа багасгадаг байна. Грешам Сайкс, Дэвид Матза нар гэмт хэрэг үйлдэгчид таван төрлийн зөвтгөх хэлбэрийг нийтлэг ашигладаг гэж тодорхойлсон. Үүнд: (i) хохирогчийг буруутгах, (ii) хохирлыг үгүйсгэх, (iii) нийгмийн тогтолцоог эсэргүүцэгч хүчний өмнө өөрийгөө хүчгүйд тооцох, (iv) үйлдэл нь илүү том зорилгын төлөө байсан гэж үзэх, (v) бүгд л ингэдэг гэх өөрийгөө зөвтгөх хандлага орно. Энэ онол нь сэтгэлзүйн талаасаа өөрөө өөртөө гэм буруугүй мэт мэдрэмж төрүүлж, гэмт хэрэгтэн ухамсарт эргэлзээ багатай үйлдэл гаргадгийг тайлбарлахад чухал суурь болж өгдөг. Ухаалаг сонголтын онол  ( rational choice theory ) нь XVIII зууны сүүлээр сонгодог либерал сэтгэгч Цезарэ Беккариа (Cesare Beccaria) , Жереми Бентам (Jeremy Bentham)  нарын бичсэн бүтээлүүдэд суурилсан бөгөөд орчин үеийн криминологи, эдийн засаг, улс төр судлалын хүрээнд өргөн хэрэглэгддэг. Гэмт хэрэг бол тухайн хүний ухамсартай, логик үндэслэлтэй шийдвэрийн үр дүн гэж уг онолд үздэг. Өөрөөр хэлбэл, хувь хүн аливаа үйлдлийг хийхийн өмнө ашиг ба эрсдэлийг тооцоолж, дэнсэлсний үндсэн дээр хэрэв ашиг нь эрсдэлээс илүү гэж үзвэл гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэж үздэг. Орчин үеийн криминологид уг онолыг Корниш, Кларк нар (Cornish & Clarke)  (1986) нар нарийвчлан гэмт хэрэг бол сэтгэл хөдлөлөөс илүүтэй ашгийн тооцооллын үр дүн хэмээн тайлбарласан. Тэдний үзэж байгаагаар, гэмт хэрэг үйлдэгч нь шийдвэр гаргахдаа байршил, цаг хугацаа, хамгаалалтын түвшин, гэрч зэрэг олон хүчин зүйлийг үнэлдэг. Онолын дагуу цагаан захтны гэмт хэрэг, төлөвлөсөн аллага, өмчийн эсрэг гэмт хэрэгт тайлбарлагдах нь элбэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгчийг сэтгэлзүйн эмгэгтэй бус, харин зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тооцоотой этгээд хэмээн үздэг. Сэтгэлзүйн зөрчлийн онол  ( psychodynamic criminology ) нь Австрийн нэрт сэтгэл зүйч Зигмунд Фройдын (Sigmund Freud) XX зууны эхээр дэвшүүлсэн психоаналитик онолд  тулгуурладаг. Энэхүү онол нь хүний зан үйл, түүний дотор гэмт хэрэг үйлдэх хандлага нь ухамсар, ухамсрын өмнөх ба далд ухамсрын хоорондын зөрчил, бага насны сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой гэж үздэг. Зигмунд Фройд хүний сэтгэцийг дур хүсэл (id) , ухаалаг хянагч (ego) , ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээ (superego)  гэсэн гурван хэсэгт хуваан, эдгээрийн тэнцвэргүй байдал нь хүн гэмт үйлдэл хийхэд хүргэдэг гэж тайлбарласан. Хожим энэ онолыг криминологийн салбарт ашиглахдаа гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэл зүйн бүтцийг задлан шинжлэх, тэр дундаа бага насны сэтгэлзүйн гэмтэл, атаархал, уур хилэн, орхигдсон мэдрэмж, гадуурхал зэрэг хүчин зүйл хүний далд сэтгэлд хэрхэн хуримтлагдаж, хожим нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэж буйг судалдаг болжээ. Сэтгэлзүйн зөрчлийн онол нь тухайн этгээдийг муу хүн гэхээс илүүтэйгээр дотоодод эмгэгтэй, шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн зөрчилтэй хүн гэж үздэгээрээ онцлог бөгөөд хүн төвтэй, оношилгоо-шалтгаан дээр тулгуурласан тайлбарыг санал болгодог. Зөрчлийн онол  ( conflict theory ) нь XIX зуунд Германы нэрт философич, эдийн засагч Карл Марксын ( Karl Marx ) нийгмийн бүтцийн шүүмжлэлд үндэслэсэн бөгөөд XX зуунд энэ онолыг гэмт хэрэг судлалд өргөжүүлэн хэрэглэсэн эрдэмтдийн нэг нь Георг Руше ( Georg Rusche ), Ричард Куини ( Richard Quinney ), Уильям Чамблисс ( William Chambliss ) нар байв. Энэхүү онолд нийгэм нь нийтлэг үнэт зүйл, зохицолд бус, харин эрх мэдэл, нөөц баялгийг хянах тэмцэлтэй бүлгүүдийн хоорондын тогтмол зөрчилд тулгуурладаг гэж үздэг. Криминологийн хүрээнд зөрчлийн онол нь гэмт хэргийг нийгмийн бүтцийн тэгш бус байдал, анги давхаргын тэмцлийн үр дүн гэж тайлбарладаг. Хууль нь бүх нийтийн эрх ашгийг хамгаалагч биш, харин давамгай ангийн ашиг сонирхлыг хуульчлан баталгаажуулах, доод ангийн иргэдийг хязгаарлах хэрэгсэл болон хувирдаг. Иймээс доод давхаргынхны зөрчил, эсэргүүцлийг гэмт хэрэг хэмээн ангилж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь нийгмийн шударга бусын хариу үйлдэл байж болно хэмээн онолын хүрээнд дүгнэдэг. Стрессийн онол  ( strain theory ) нь Америкийн нийгмийн онолч Роберт Кинг Мертоны ( Robert K. Merton ) дэвшүүлсэн онол бөгөөд XX зууны дунд үед, тодруулбал 1938 онд бичсэн “Social Structure and Anomie” өгүүлэлд анх дэлгэрэнгүй танилцуулсан. Уг онолд хүний хүсэл, зорилго болон тэрхүү зорилгод хүрэх хууль ёсны боломжийн хооронд зөрчил, тэгш бус байдал үүсэх үед хувь хүн нийгмийн хүлээлттэй зөрчилдөж, гэмт үйлдэл гаргах магадлал нэмэгддэг гэж үздэг. Ялангуяа амжилтад хүрэх гэдэг зорилгыг бүх хүн ижил мэдэрдэг ч, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, боловсрол, нийгмийн бололцоо тэгш биш байвал стресс (strain)  буюу дотоод зөрчил үүсэж, хууль бус арга зам эрэлхийлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбарладаг. Хожим нь энэхүү онолыг Альберт Коэн ( Albert K. Cohen ), Роберт Агнью ( Robert Agnew ) зэрэг судлаач өргөтгөн хөгжүүлж, өсвөр үеийнхэн, бага орлоготой бүлэг, цөөнхийн бүлгийн дунд стресс хэрхэн нийгмийн гажуудал, гэмт хэрэгт хүргэж байгааг судалсан. Роберт Агньюгийн хөгжүүлсэн Ерөнхий стрессийн онол ( General Strain Theory ) нь зөвхөн материаллаг зорилго бус, харилцааны дарамт, үнэлэмжийн зөрчил, сэтгэл хөдлөлийн хүлээлт биелээгүй зэрэг өргөн хүрээний хүчин зүйлийг хамруулсан нь онолын цар хүрээг тэлсэн. Энэхүү онол нь ялангуяа соёлын ялгаатай, шаталсан нийгмийн бүтцэд гэмт хэргийн нөхцөл бүрддэг шалтгааныг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг. Сэтгэлзүйн ажиглалт   (cold reading ) нь тухайн хүний хувийн мэдээлэл, түүх, намтрыг урьдчилан мэдэхгүйгээр зөвхөн түүний биеийн хэлэмж, нүүрний илэрхийлэл, ярианы өнгө аяс, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл зэрэгт тулгуурлан дүгнэлт хийдэг сэтгэлзүйн аргачлал юм. Энэ аргыг анх XX зууны эхээр илбэчид, зурхайчид, сэтгэл судлаачид ашиглаж эхэлсэн бөгөөд хожим нь Берхард Кляйн (Bernhard Kleine), Иан Роуланд (Ian Rowland) зэрэг сэтгэл зүй, харилцааны мэргэжилтэн сэтгэлзүйн ажиглалтыг онолын түвшинд нарийвчилж боловсруулсан. Арга зүйн хувьд болж магадгүй гэх таамаглал дэвшүүлж, тухайн хүний хариу үйлдэлд тулгуурлан ажиглалт, эерэг баталгаажуулалтаар сэтгэхүйд нь нөлөөлөх зарчимд тулгуурладаг. Сүүлийн жилүүдэд энэ аргыг криминалистик байцаалт, мөрдөн шалгах ажиллагаанд өргөн ашиглах болжээ. Тухайлбал, сэжигтэн, гэрчийн үгний зөрүү, дууны өнгө, нүдний хөдөлгөөн, биеийн түгшүүртэй илэрхийлэл зэргийг шинжлэх замаар худал мэдүүлж буй эсэх, тухайн хүний мэдэж буй мэдээлэл, сэтгэл хөдлөлийн хариуг таамаглах боломжтой. Сэтгэлзүйн ажиглалт нь худал мэдүүлэг шалгах төхөөрөмж буюу полиграфаас (polygraph) ялгаатай нь ямар ч техник хэрэгсэл шаардахгүй, зөвхөн ажиглалт, туршлага, сэтгэл зүйн мэдрэмжээр хэрэгждэг. Тиймээс туршлагатай мөрдөгч, сэтгэл зүйн мэдрэмж сайтай хууль сахиулагчдын практикт чухал байр суурь эзэлдэг энэ арга нь шүүхийн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй ч, байцаалтын стратеги ба тактикийн хувьд чухал хэрэгсэл болж өгдөг. Хэвшмэл үйл ажиллагааны онол  ( routine activity theory ) нь Лоуренс Коэн ( Lawrence E. Cohen ), Маркус Фелсон ( Marcus Felson ) нарын боловсруулсан гэмт хэрэг судлалын онол бөгөөд XX зууны сүүл үе, тодруулбал 1979 онд хэвлэгдсэн “Social Change and Crime Rate Trends” өгүүллээр албан ёсоор танилцуулсан. Энэхүү онолд гэмт хэрэг үйлдэгдэх нь зөвхөн гэмт хэрэгтний сэдлээс шалтгаалдаггүй, харин хохирогч, орчин, хяналтгүй нөхцөл гэсэн гурван хүчин зүйлийн давхцалын үр дүн гэж үздэг. Тодруулбал, гэмт хэрэг гарахын тулд: (i) гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй этгээд, (ii) хамгаалалт багатай зорилтот объект (хүн, эд зүйл), (ii) хэрэг үйлдэхийг сааруулах хяналтгүй орчин зэрэг нь нэгэн зэрэг орших шаардлагатай гэж тайлбарладаг. Уг онол нь нийгмийн өдөр тутмын амьдралын хэв маяг, орчны нөхцөл өөрчлөгдөхөд гэмт хэргийн эрсдэл нэмэгддэгийг тодорхойлсон нь онцлог юм. Жишээлбэл, оройн цагаар хяналтгүй, гэрэлтүүлэх муу гудамж бүхий орчинд ганцаараа явах, хамгаалалтгүй орон байр, болгоомжгүй хэрэглээ зэрэг нь гэмт хэрэг үйлдэх боломж нэмэгдүүлдэг гэж үздэг. Энэ онол нь ялангуяа хулгай, дээрэм, хүчирхийлэл  зэрэг боломжит орчинд илүү хамааралтай гэмт хэргийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг бөгөөд урьдчилан сэргийлэх бодлогын үндэс болдог. Мөн хохирогчийн байршил, цаг хугацаа, нийгмийн хариуцлагагүй орчны нөлөөг судлахад чухал онолын хүрээ болж өгдөг. Дэд соёлын онол  ( subculture theory ) нь XX зууны дунд үед  гэмт хэрэг судлалын хүрээнд хөгжсөн бөгөөд үүнийг Америкийн нийгмийн судлаач Альберт Коэн  ( Albert K. Cohen ) 1955 онд “Delinquent Boys: The Culture of the Gang”  номдоо анх дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрээр нийгмийн үндсэн үнэт зүйл, амжилт, хууль ёсны зорилгод хүрэх бололцооноос тусгаарлагдсан бүлгүүд өөрийн гэсэн дэд соёл буюу үнэт зүйл, дүрэм, зан үйл бүхий нийгмийн зохион байгуулалттай болдог гэж үзжээ. Энэхүү дэд соёл нь нийгмийн нийтлэг хэм хэмжээнд зөрчилтэй байж болох ч тухайн бүлгийн дотор зөвшөөрөгдөж, дэмжигддэг хандлага, зан үйлийг бүрдүүлдэг. Дэд соёлын онол нь ялангуяа өсвөр насныхны бүлэглэл, хотын ядуу бүсийн залуучууд , цөөнхийн бүлгийн оршихуйд хамаарах гэмт хэргийг тайлбарлахад тохиромжтой. Энэ онолд зааснаар гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд ёс суртахуунгүй биш, харин өөр үнэт зүйлд захирагдаж буй дэд соёлын хүрээнд өөрсдийнхөө хувьд зөв зүйл  хийж байгаа гэж үздэг. Хожим нь энэхүү онолыг Ричард Кловард  ( Richard Cloward ), Ллойд Олин ( Lloyd Ohlin ) нар “Differential Opportunity Theory”  нэртэйгээр өргөтгөж, дэд соёл үүсэхэд нөлөөлөх боломж, орчны ялгаа, нийгмийн тэгш бус байдлыг улам тодотгосон. Энэ онол нь хувь хүний гэм буруугийн оронд нийгмийн нөхцөл, бүлгийн үнэт зүйлийн ялгаанд төвлөрдөг гэдгээрээ онцлог юм. Мөрч УСК #LawyerBirdie #ХуульчШувуухай #LawyerBirdie #ХуульчШувуухай #МөрчКино #МонголКино #КиноШинжилгээ #Криминалистик #Криминологи #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтХэрэгШинжилгээ #ШударгаЁс #ЭрүүгийнХууль #ХуульЗүйнБоловсрол #СэтгэлЗүй #ХүнийСэдэл #УранСайхныБүтээл #Шүүх #КейсСудалгаа #ДүнШинжилгээ #СудалгааныВидео #СургалтынКонтент #ТанинМэдэхүй #НийгмийнШүүмж #ХүнийЭрх #НэрТөр #ШударгаЁс #ХуульЗүйнСоёл #МонголСудалгаа #ХуульМэдэхЭрх #МөрдөнШалгах #БаримтШинжилгээ #ГэмтХэргийнСэтгэлЗүй #ЭрхМэдэл #СэтгэлЗүй #Криминалист #НийгмийнСэдэв #МонголКонтент #VOOКино #ОранжЭнтертайнмент #КиноДүгнэлт #ХэрэгИлрүүлэлт #ЭрүүгийнПроцесс #КриминалКейс #Детектив #ТүүхэнКино #ЭргэлзээТайлах

  • Роналд Дворкин "Хэм хэмжээ ба зарчим"

    Удиртгал Өнөө үеийн хамгийн нөлөө бүхий эрх зүйн нэрт философич Роналд Дворкины үзэл баримтлал нь эрх зүйн гол тулгуур баганын нэг гэж хэлж болно. Түүний бүтээлүүдээс Монгол хэл рүү “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх хуулийг тайлбарлан хэрэглэх тухай алдарт бүтээл орчуулагдсан билээ. Уг бүтээл нь зохиолчийн монограф дундаас хамгийн их иш татагдсан, олон сонирхолтой санааг агуулсан байдаг. Тэр дундаас, хэм хэмжээ болон зарчмын талаар “Элмерийн хэрэг” кейсийг авч үзэн, зохиолчийн үзэл баримтлалыг тайлбарлахыг оролдов. Судалгааны аргачлалын хувьд Дворкины “конструктив тайлбар” буюу онцлогийг ойлгох аргыг ашиглаж, судалгааны объектыг тайлбарлан харуулахыг зорилоо. Дворкины хэм хэмжээ ба зарчмын талаарх санаа нь манай оронд ч мөн хэрэглэгддэг байна. Элмерийн хэрэг 1889 онд Нью-Йорк мужийн шүүх өв залгамжлагч боловч гэрээслэгчийн алуурчин өвийг авах эрхтэй эсэх асуудалтай тулгарсан. Уг хэрэг нь өв залгамжлагч Элмер гэрээслэлийн талаар мэдэж байсан ба түүнийг өөрчилж магадгүй гэж айж гэрээслэгч өвөг эцгээ хороосон байдаг. Элмер үхсэн тохиолдолд өвөг эцгийн охид Гонерил, Реган нар өв залгамжлах байсан ба тэд эцгийг нь хөнөөсөн тул өв хөрөнгө Элмерт бус тэдэнд шилжих ёстой хэмээн нэхэмжлэл гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан Гэрээслэлийн хуульд өв залгамжлагч гэрээслэгчийг хөнөөсөн тохиолдолд яах ёстойг тодорхой заагаагүй байсан тул Элмерийн өмгөөлөгч “гэрээслэлийн хуулийг зөрчөөгүй, гэрээслэл хүчин төгөлдөр тул өв залгамжлах эрхтэй” гэсэн үндэслэл гаргасан. Гонерил, Реган нарын талд шүүхийн шийдвэр гаргаж, хуулийг ёс суртахууны зэмлэлээр оруулан өөрчилнө гэсэн бол, Дээд шүүхийн шүүгчид шийдвэр хуульд нийцсэн байх ёстой гэж үзсэн. Гэрээслэлийн хуулийг авч үзвэл Элмерт өв залгамжлалыг өгөх ёстойг үгүйсгээгүй, хуулийн шударга ёсны үүднээс өөрчлөн шинэчлэх ёстой гэж хэлээгүй, харин тухайн хэргийн хувьд зөв шийдэл нь юу болох тал дээр буюу хууль юу вэ, юуг шаардаад байгаа тухай санал зөрөлдсөн байна. Хууль ямар учиртай, яг юуг хуульчилсан талаар санал зөрөлдөж байгаа нь хууль бол үг хэллэгийн хэвлэмэл баримт бичиг , эсвэл баримт бичгийн баталснаар буй болох хууль гэсэн хоёр утгатай. “Үгчилсэн” тайлбарын онолоор хуулийн үг хэллэгийг нөхцөл байдлаас үл хамаарах утга ногдуулах хэрэгтэй гэж үзнэ. Шүүгч Грей бодит хуульд хүн амины хэрэгтнийг тусгай авч үзэхгүй хэмээн үндэслэл гаргаж, Элмерийн талд шийдвэр гаргасан. Гэрээслэгч өөрийн хүссэнээр гэрээслэлээ хийж, түүнийг нь хүндэтгэн үзэж ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэлтэй байх, гэрээслэлийг хэрхэн шийдэх талаар мэдэж байх нь зүйд нийцнэ гэжээ. Түүнчлэн, Элмерийн хувьд хүн амины хэрэг хийсэн гэх үндэслэлээр өв залгамжлах эрхийг нь хасвал, энэ нь хийсэн хэргийнхээ төлөө шоронд сууж ял эдлэхийн зэрэгцээ бас нэг төрлийн шийтгэл болох болно. Шүүх таслах ажиллагааны нэгэн чухал зарчим бол тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлийг хуулиар урьдчилан тогтоосон байх ёстой бөгөөд хэрэг хийсний дараа шүүгч ял нэмэхгүй байх явдал юм. Хэм хэмжээ ба зарчим Дворкин үзэхдээ, хууль бол зөвхөн тэдгээрийн хэм хэмжээнээс бүрддэг төдийгүй стандарт гэж болох зарчмуудыг агуулдаг гэжээ. Тэрээр санаагаа тайлбарлахын тулд Элмерийн хэргийг жишээ болгон авсан байна. Хэргийн нарийн төвөгтэй байдал нь тухайн үед алуурчин хохирогчоосоо гэрээслэлийг өвлөн авахыг шууд хориглоогүй байсанд оршино. Шүүхийн шийдвэрийн эхэнд: “Гэрээслэл гаргах, нотлох, үр дагавар, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг шууд утгаар нь тайлбарлавал, түүний хүчин төгөлдөр үйлчлэлийг ямар ч байдлаар, ямар ч нөхцөлд хянах боломжгүй бол өмчийг алуурчинд өгнө” . Гэсэн хэдий ч шүүх “Гэрээний үр нөлөөг хуулийн үндсэн зарчмын дагуу хянаж болно” гэж тэмдэглэжээ. “Залилан мэхэлж ашиг хонжоо олох, гэмт хэргээр эд хөрөнгө олж авахыг хориглоно” гэжээ. Шүүхийн шийдвэрт дурдсан зарчмууд нь хууль зүйн хэм хэмжээнээс ялгаатай гэдгийг Дворкин онцолсон байна. Хуулийн хэм хэмжээ ба зарчим хоёул шүүхийг тодорхой шийдвэр гаргахад чиглэгдсэн стандартууд бөгөөд тэдгээрийн ялгаа нь зорилгод хэрхэн хүрэхэд оршдог. Тэрээр хэм хэмжээ ба зарчмын үндсэн хоёр ялгааг тодорхойлсон. Эхний ялгаа нь , Дворкины үзэж байгаагаар хэм хэмжээг “бүгдийг нь, эсвэл алийг нь ч биш” зарчмын дагуу хэрэгжүүлдэг. Тухайлбал, хуулиар гэрээслэл нь гэрчийг байлцуулан үйлдсэн тохиолдолд л хүчин төгөлдөр, эс бөгөөс хүчин төгөлдөр бус юм. Дворкин хуулийн зарчмууд огт өөрөөр ажилладаг гэжээ. Дүрэм журмаас ялгаатай нь зарчим бол тодорхой тохиолдолд л хүчинтэй, хэрэгжих боломжтой байх нь түүнийг хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Хүн өөрийнхөө гэмт хэрэг, бусармаг үйлдлээс ашиг олж чадахгүй гэсэн зарчмыг авч үзвэл хууль бус үйлдлээс ашиг хүртэх нь хуулийн дагуу хориглоогүй зүйл, харин ч хүн өөрийн буруутай үйлдлээс ашиг тус хүртдэг. Зарчим нь түүнийг хэрэглэх шаардлагатай нөхцөлүүдийг агуулаагүй боловч тодорхой шийдлийн аргументыг өгдөг. Тодорхой зарчмыг хуулийн зарчим гэвэл үүнийг харгалзан шийдвэрийг дэмжих үндэслэл болгоно. Дараагийн ялгаа нь , хэрэв дээрх хоёр зарчмын зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрөх юм бол ийм зөрчлийг хоёр хуулийн хэм хэмжээний тухай ярьж байгаа шиг хүлээн авах боломжгүй. Харин тодорхой хэмжүүр байх ёстой, тэдгээрийг харьцуулж тухайн тохиолдолд зөрчилтэй зарчмуудын алийг нь хэрэглэх, хэрэглэхгүйг тодорхойлно. Дворкин ийм хэмжүүр нь тодорхой хэргийн хувьд тодорхой зарчмын дарах жин, түүний ач холбогдол болно гэжээ. Харин хууль тогтоомжид ийм хэмжүүр байдаггүй. Мэдээжийн хэрэг, тодорхой дүрэм нь хүмүүсийн зан үйлийг зохицуулахад илүү чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Хэм хэмжээ зөрчилдсөн нөхцөлд эхнийх нь илүү чухал учраас нэг хэм хэмжээ хүчинтэй, хоёр дахь нь хүчин төгөлдөр бус гэж хэлж болохгүй. Хуулийн хоёр дүрэм зөрчилдвөл тэдгээрийн нэг нь хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй болно. Гэсэн хэдий ч, энэ асуулт нь зөрчилтэй дүрмийн агуулгаас давсан зүйлийг, тухайлбал, хуулийн зөрчлийн дүрмийг хэрэглэхийг шаарддаг бол, эрх зүйн зарчмын ач холбогдол нь агуулгаас урган гардаг. Эдгээр нь Дворкины тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээ ба зарчмын ялгаа юм. Онолын хувьд үнэмшилтэй боловч бодит байдал дээр дүгнэлтийг аль ангилалд оруулах талаар эргэлзээтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Хуулийн зарим заалтыг хэм хэмжээ, эсвэл хуулийн зарчим гэж үзэх эсэх талаар маргаан байнга өрнөдөг. Хэм хэмжээ ба зарчмын хэрэглээ, зөрчилдөөн, бодит байдлыг хүснэгтлэн харуулав. Хүснэгт 1 Хэм хэмжээ ба зарчмын ялгаа   Хэм хэмжээ Зарчим Хэрэглээ Хууль нь хэргийг түүний шаардлагын дагуу шийдвэрлэх үндэслэл болдог. Зарчим нь хэргийг түүний шаардлагын дагуу шийдвэрлэх шалтгаан болохгүй. Зөрчилдөөн Хүчин төгөлдөр хэм хэмжээнүүд нь хоорондоо зөрчилдөж болохгүй. Зөрчилдсөн тохиолдолд хоёул хүчинтэй байхгүй. Эрх зүйн тогтолцоо нь ийм зөрчлийг шийдвэрлэх тусгай механизмтай байдаг. Нэг асуудалд хамаарах хоёр зарчим нь хүчинтэй хэвээр байхын зэрэгцээ бие биетэйгээ зөрчилдөж болно. Бодит байдал Хэм хэмжээнүүд нь хүчинтэй, эс бөгөөс хүчин төгөлдөр бус байна. Зарчим нь бодит байдлыг тодорхойлохоос гадна хэмжүүртэй. Тухайн тохиолдолд зарчмуудаас хамгийн чухал нь хэрэглэгдэнэ. Дүгнэлт “Элмерийн хэрэг” -т хийсэн дүн шинжилгээ нь өнгөц харахад, хоёр зарчмын зөрчилдөөн биш, харин одоо байгаа өв залгамжлалын дүрэмтэй зарчмын зөрчилдөөний тухай байсан нь Дворкины хийсэн дүгнэлтээс зөрж байгаа мэт санагдаж магадгүй юм. Үнэн хэрэгтээ, Дворкины хувьд зөрчилтэй гэж үзсэн зүйл нь зарчим. Нэгд , буруутай үйлдлээс ашиг хүртэхгүй байх, хоёрт , хууль тогтоомжийг дагаж мөрдөх. Шүүх эхний зарчмыг хоёр дахь зарчмаас дээгүүр хэмээн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Алуурчин хохирогчоосоо өв залгамжлах нь зарчмыг ноцтой зөрчих тул шүүх илүүд үзсэн. Дворкины үзэж байгаагаар эрх зүйн хэм хэмжээ нь агуулгын хувьд бус харин хэлбэрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх дүрмээр тодорхойлогддог. Хэлбэр болон эх сурвалжийн шалгуур нь ёс зүйн нэг талыг барьсан дүгнэлтээс зайлсхийх боломжийг олгодог. Зарчмуудыг хуулийн нэг хэсэг бус, зөвхөн ёс суртахууны үнэт зүйл, хууль зүйн дүрмүүд нь тодорхой хариулт өгөөгүй тохиолдолд шүүгчид хандаж болох стандарт уу? Тийм бол шүүгч хуулийн шаардлагад захирагдахгүй, хүссэнээрээ өөрчлөх эрхтэй болно. Зарчмууд нь хуулийн нэг хэсэг биш бол хууль тогтоомж нь заавал дагаж мөрдөх хүчгүй, учир нь тэдгээрийг хэзээ ч шинэчилж болно. Харин эсрэгээрээ зарчмууд нь хэм хэмжээний нэгэн адил хуулийн нэг хэсэг гэж үзвэл, шүүхийн практикт харшлах шүүхийн шийдвэр нь шүүхийн үзэмжийн илрэл биш, харин хууль зүйн үндэслэлтэй байх болно. Тиймээс, одоо байгаа дүрмийг өөрчилсөн ч шүүгч хуулийг хэрэгжүүлдэг байна. Хэм хэмжээ ба зарчмыг ялгах нь Дворкины эрх зүйн философийн гол үзэл баримтлал юм. Тэрээр хууль нь зөвхөн дүрмээс гадна зарчмуудаас бүрддэг бөгөөд эдгээр зарчмууд нь шүүхийн шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзжээ. Эрх зүйн позитивизмын талыг баримтлагч зарим эрх зүйн эрдэмтэн зөвхөн хэм хэмжээ нь шүүхийн шийдвэрийн эрх зүйн эх сурвалж гэж хүлээн зөвшөөрдөг бол, Дворкин хуулийг хэм хэмжээ ба зарчмын цогц хэмээн үзсэн аж. Тус ялгааг зааглан авч үзэх нь эцэстээ шүүгчид хуулийг тайлбарлах, хэрэглэх, ойлгоход чухал ач холбогдол бүхий байдлаар илэрнэ. Төгсгөлд нь манай улсад шүүгч хэргийг үзэмжээр шийддэг байхаар хуульд тусгасан нь шүүгч өөрийн итгэл үнэмшил, тэр дундаа зарчимд үндэслэн шийдвэр гаргана гэж болно. Ж.Танан Роналд Дворкин "Хэм хэмжээ ба зарчим" #ХуулийнЭзэнтГүрэн #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #Зарчим #ХэмХэмжээ #РоналдДворкин #Гэрээслэл #ХүнАлахГэмтХэрэг #ГэмтХэрэг #Философи #Шүүгч #Зарчим

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль - IV бүлэг - Нотлох баримт

    Нотлох баримт: Шударга шийдвэрийн үндэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт нь тухайн хэргийг бодит үнэнээр тогтооход чиглэсэн гол эрх зүйн хэрэгсэл бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэс суурь болдог. Хэргийг шийдвэрлэхдээ шүүх зөвхөн хуульд заасан дагуу цуглуулсан, хэрэгт ач холбогдол бүхий, нотолгооны шаардлагыг хангаж буй баримтад үндэслэх үүрэгтэй. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” (ИХШХШтХ)-ийн IV бүлэгт нотлох баримтын ойлголт, төрөл, бүрдүүлэлт, үнэлгээ, хамгаалалтын зохицуулалтууд дэлгэрэнгүй тусгагдсан байна. ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлд нотлох баримт гэдэг нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход хэрэгцээтэй бөгөөд шүүхийн шийдвэрт ач холбогдол бүхий, хуульд нийцүүлэн олж авсан аливаа мэдээллийг хэлнэ. Үүнд зохигч, гуравдагч этгээд, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл болон цахим баримт, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, дүрс, дууны бичлэг, зураг, схем, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтын төрөл бүрийн хэлбэр хамаарна. 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх нь талуудын хүсэлтээр нотлох баримтыг бусдаас шаардаж, гаргуулж болох бөгөөд энэ нь шүүхийн эрх мэдлийн хүрээнд явагдана. Хуурамч буюу хууль зөрчин олж авсан баримтыг нотолгоонд тооцохыг хориглодог бөгөөд ийм баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга, хууль ёсны нөхцөлийг алдагдуулдаг. Цахим баримтын тухайд тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг үгүйсгэхийн тулд үндэслэл бүхий нотолгоо шаардагдана. Цахим баримт хуурамч гэж сэжиглэгдсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ. ИХШХШтХ-ийн 39 дүгээр зүйлд зааснаар хэрэв нотлох баримт гадаад улсад байршиж буй бол тухайн улстай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээ болон олон улсын эрх зүйн зарчмын дагуу нотолгоо бүрдүүлж болно. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзэж болох ба нотлох ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэх ёстой. 40 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар зохицуулсан. Шүүгч нотлох баримтыг дотоод итгэл үнэмшил, хуульд нийцсэн хандлагаар дүгнэнэ. Баримтыг урьдчилан үнэн гэж үзэхгүй бөгөөд нотолгоо бүрийн ач холбогдлыг бусадтай харьцуулан цогцоор нь үнэлнэ. Харин нийтэд илэрхий, маргаангүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж хуульчилсан байдаг. 41-49 дүгээр зүйлд шүүхийн даалгаврын дагуу нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, орчуулга, хэлмэрчийн оролцоо, гэрчийн мэдүүлгийг авах журам тусгагдсан. Эдгээр ажиллагаа нь нотлох баримтын бодитой байдлыг тогтооход дэмжлэг үзүүлдэг бөгөөд процессын үйл ажиллагааг хууль ёсны, тэнцвэртэй байлгах үндэс болдог. 50 дугаар зүйлд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг устгах, нуун дарагдуулах, хуурамчаар үүсгэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх хамгаалах арга хэмжээ авч болохыг хуульчилсан. Энэ нь нотлох баримтын бүрэн бүтэн байдал, шүүхийн шийдвэрийн найдвартай байдлыг хангахад чухал үүрэгтэй. ИХШХШтХ-ийн IV бүлэг Нотлох баримттай холбоотой латин  эрх зүйн зарчмуудыг хүснэгтэд харуулав. ИХШХШтХ-тэй холбоотой ойлголт Латин зарчим Тайлбар Нотлох үүрэг Actori incumbit probatio Нэхэмжлэгч нотлох баримтыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Шүүхийн үнэлгээний эрх Intime convictionis judicis Шүүх нотолгооны ач холбогдлыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хуурамч баримт хэрэглэхээс зайлсхийх Falsus in uno, falsus in omnibus Нэг баримт хуурамч бол бүх баримтад итгэл буурна. Цахим нотолгооны үнэн зөв байдал Authenticitas documentorum electronicorum Цахим баримтыг жинхэнэ эсэхийг нотлох шаардлагатай. Нийтэд илэрхий баримтыг дахин нотлохгүй Notoria non egent probatione Илэрхий, нийтэд мэдэгдсэн зүйл нотолгоо шаардахгүй. Гэрч, шинжээчийн мэдүүлэг Testis unus, testis nullus Ганц гэрчийн мэдүүлэг хангалтгүйд тооцогдож болно. Хэлмэрч, орчуулагчийн оролцоо Ius interpretandi linguarum Оролцогч хэл ойлгохгүй бол орчуулга заавал байх ёстой. Дуугүй байх нь зөвшөөрсөнд тооцогдох нөхцөл Qui tacet, consentire videtur Хуулиар эсэргүүцэх боломжтой нөхцөлд дуугүй байвал зөвшөөрсөнд тооцогдоно. Нотолгоогүй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй Ei incumbit probatio qui dicit, non qui negat Аливаа зүйлийг нотолж чадахгүй бол түүнийг үнэн гэж үзэхгүй, нотлогчид үүрэг оногдоно. Баримт нууцлах, устгах оролдлогыг хориглох Suppressio veri, suggestio falsi Баримтыг зориуд нуух буюу ташаа мэдээлэл өгөх нь хуурамч нотолгооны нэг хэлбэрт тооцогдоно. Нотлох баримтын хууль зүйн үндэс, нотлох үүрэг, шүүхийн үнэлгээ, цахим баримт, гэрч, орчуулга зэрэг сэдвийг уламжлалт латин зарчмуудтай холбосноор эрх зүйн ойлголтыг гүнзгий ойлгоход хэрэгтэй юм. Нотлох баримтын талаарх зохицуулалт олон улсын иргэний процессын эрх зүйн жишигтэй харьцуулахад зарим талдаа бүрэн боловсронгуй бус, зарим чухал элемент дутуу байгаа нь анзаарагддаг. Жишээлбэл, АНУ, Их Британи зэрэг Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой орнуудад буюу нотлох баримтыг урьдчилан ил тод болгох (discovery) , хоёр тал хооронд баримт солилцох, нуун дарагдуулсан тохиолдолд процессын хариуцлага хүлээлгэх механизмыг маш нарийн зохицуулсан байдаг. Мөн Европын холбооны улсуудад цахим нотолгооны стандарт, нотолгооны хамгаалалт, мэдээллийн нууцлалын хүрээнд шүүхээс тусгай хамгаалалтын шийдвэр гаргах (protection order) зохицуулалттай. Монгол Улсын хувьд эдгээр зохицуулалт ИХШХШтХ-ийн хүрээнд нарийвчлан тусгагдаагүй, ерөнхий агуулгаар бичигдсэн байдаг. Мөн баримтыг зориуд устгасан (spoliation of evidence) тохиолдолд шүүхийн шийдвэрт сөрөг үр дагавар тооцох ойлголт Монголын хууль тогтоомжид тусгагдаагүй байна. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны хүч, түүнийг ямар шалгуураар үнэлэх тухай тодорхой аргачлал ч бас дутагдалтай гэж болно. Жишээ нь, ганц гэрч хангалтгүйд тооцогдох (testis unus, testis nullus) уламжлалт зарчим зарим орны шүүхийн практикт хэрэглэгддэг бол манай улсад энэ талаар нарийвчилсан шалгуур үгүйлэгдэж байна. Нотлох баримт бол шударга шийдвэр гаргах шүүхийн цорын ганц хууль ёсны үндэслэл юм. Хуульд нийцсэн, нотолгооны шаардлагыг хангасан баримт дээр тулгуурласан шийдвэр л шударга ёсны илэрхийлэл болдог. Хэн нотолж чадна, тэр ялдаг гэсэн хууль зүйн зарчим нь өнөөгийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн дүйцэж буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын ИХШХШтХ-д олон улсын жишигт нийцсэн зарим чухал зохицуулалт, механизмууд дутуу байгааг анхаарч, хууль тогтоомжийг сайжруулах, хэрэгжилтийн арга зүйг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Иймд иргэн, хуулийн этгээд шүүхэд хандахдаа баримт нотолгоонд тулгуурлан, хуулийн зохицуулалтыг гүнзгий ойлгож оролцох нь эрхээ хамгаалах хамгийн чухал алхам болно. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #НотлохБаримт #ИХШХШтХ #ИргэнийХэрэг #ИргэнийПроцесс #ШүүхПрактик #ШүүхэдХандахЭрх #Хууль #ШүүхХуралдаан #ЦахимНотолгоо #БаримтҮнэлгээ #БаримтБүрдүүлэлт #ЭрхЗүйнМэдлэг #ХуульЗүйнТайлбар #ХуульСуралцагч #ХуульчОюутан #ШүүхШийдвэр #ЭрхээХамгаалъя #ХуульСудлал #ХуульТайлбар #Нэхэмжлэгч #Хариуцагч #ШударгаШүүх #НотолгооныЗарчмууд #ШүүхЭрхМэдэл #ЭрхЗүйнТэнцвэр #Өмгөөлөгч #Төлөөлөгч #Гэрч

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page