top of page

Роналд Дворкин "Хэм хэмжээ ба зарчим"

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Dec 19, 2023
  • 5 min read

Updated: Mar 9




Роналд Дворкин Хэм хэмжээ ба зарчим

Удиртгал

Өнөө үеийн хамгийн нөлөө бүхий эрх зүйн нэрт философич Роналд Дворкины үзэл баримтлал нь эрх зүйн гол тулгуур баганын нэг гэж хэлж болно. Түүний бүтээлүүдээс Монгол хэл рүү “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх хуулийг тайлбарлан хэрэглэх тухай алдарт бүтээл орчуулагдсан билээ. Уг бүтээл нь зохиолчийн монограф дундаас хамгийн их иш татагдсан, олон сонирхолтой санааг агуулсан байдаг. Тэр дундаас, хэм хэмжээ болон зарчмын талаар “Элмерийн хэрэг” кейсийг авч үзэн, зохиолчийн үзэл баримтлалыг тайлбарлахыг оролдов. Судалгааны аргачлалын хувьд Дворкины “конструктив тайлбар” буюу онцлогийг ойлгох аргыг ашиглаж, судалгааны объектыг тайлбарлан харуулахыг зорилоо. Дворкины хэм хэмжээ ба зарчмын талаарх санаа нь манай оронд ч мөн хэрэглэгддэг байна.


Элмерийн хэрэг

1889 онд Нью-Йорк мужийн шүүх өв залгамжлагч боловч гэрээслэгчийн алуурчин өвийг авах эрхтэй эсэх асуудалтай тулгарсан. Уг хэрэг нь өв залгамжлагч Элмер гэрээслэлийн талаар мэдэж байсан ба түүнийг өөрчилж магадгүй гэж айж гэрээслэгч өвөг эцгээ хороосон байдаг. Элмер үхсэн тохиолдолд өвөг эцгийн охид Гонерил, Реган нар өв залгамжлах байсан ба тэд эцгийг нь хөнөөсөн тул өв хөрөнгө Элмерт бус тэдэнд шилжих ёстой хэмээн нэхэмжлэл гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан Гэрээслэлийн хуульд өв залгамжлагч гэрээслэгчийг хөнөөсөн тохиолдолд яах ёстойг тодорхой заагаагүй байсан тул Элмерийн өмгөөлөгч “гэрээслэлийн хуулийг зөрчөөгүй, гэрээслэл хүчин төгөлдөр тул өв залгамжлах эрхтэй” гэсэн үндэслэл гаргасан. Гонерил, Реган нарын талд шүүхийн шийдвэр гаргаж, хуулийг ёс суртахууны зэмлэлээр оруулан өөрчилнө гэсэн бол, Дээд шүүхийн шүүгчид шийдвэр хуульд нийцсэн байх ёстой гэж үзсэн.


Гэрээслэлийн хуулийг авч үзвэл Элмерт өв залгамжлалыг өгөх ёстойг үгүйсгээгүй, хуулийн шударга ёсны үүднээс өөрчлөн шинэчлэх ёстой гэж хэлээгүй, харин тухайн хэргийн хувьд зөв шийдэл нь юу болох тал дээр буюу хууль юу вэ, юуг шаардаад байгаа тухай санал зөрөлдсөн байна. Хууль ямар учиртай, яг юуг хуульчилсан талаар санал зөрөлдөж байгаа нь хууль бол үг хэллэгийн хэвлэмэл баримт бичиг, эсвэл баримт бичгийн баталснаар буй болох хууль гэсэн хоёр утгатай.


“Үгчилсэн” тайлбарын онолоор хуулийн үг хэллэгийг нөхцөл байдлаас үл хамаарах утга ногдуулах хэрэгтэй гэж үзнэ. Шүүгч Грей бодит хуульд хүн амины хэрэгтнийг тусгай авч үзэхгүй хэмээн үндэслэл гаргаж, Элмерийн талд шийдвэр гаргасан. Гэрээслэгч өөрийн хүссэнээр гэрээслэлээ хийж, түүнийг нь хүндэтгэн үзэж ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэлтэй байх, гэрээслэлийг хэрхэн шийдэх талаар мэдэж байх нь зүйд нийцнэ гэжээ. Түүнчлэн, Элмерийн хувьд хүн амины хэрэг хийсэн гэх үндэслэлээр өв залгамжлах эрхийг нь хасвал, энэ нь хийсэн хэргийнхээ төлөө шоронд сууж ял эдлэхийн зэрэгцээ бас нэг төрлийн шийтгэл болох болно. Шүүх таслах ажиллагааны нэгэн чухал зарчим бол тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлийг хуулиар урьдчилан тогтоосон байх ёстой бөгөөд хэрэг хийсний дараа шүүгч ял нэмэхгүй байх явдал юм.


Хэм хэмжээ ба зарчим

Дворкин үзэхдээ, хууль бол зөвхөн тэдгээрийн хэм хэмжээнээс бүрддэг төдийгүй стандарт гэж болох зарчмуудыг агуулдаг гэжээ. Тэрээр санаагаа тайлбарлахын тулд Элмерийн хэргийг жишээ болгон авсан байна.


Хэргийн нарийн төвөгтэй байдал нь тухайн үед алуурчин хохирогчоосоо гэрээслэлийг өвлөн авахыг шууд хориглоогүй байсанд оршино. Шүүхийн шийдвэрийн эхэнд: “Гэрээслэл гаргах, нотлох, үр дагавар, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг шууд утгаар нь тайлбарлавал, түүний хүчин төгөлдөр үйлчлэлийг ямар ч байдлаар, ямар ч нөхцөлд хянах боломжгүй бол өмчийг алуурчинд өгнө”. Гэсэн хэдий ч шүүх “Гэрээний үр нөлөөг хуулийн үндсэн зарчмын дагуу хянаж болно” гэж тэмдэглэжээ. “Залилан мэхэлж ашиг хонжоо олох, гэмт хэргээр эд хөрөнгө олж авахыг хориглоно” гэжээ.


Шүүхийн шийдвэрт дурдсан зарчмууд нь хууль зүйн хэм хэмжээнээс ялгаатай гэдгийг Дворкин онцолсон байна. Хуулийн хэм хэмжээ ба зарчим хоёул шүүхийг тодорхой шийдвэр гаргахад чиглэгдсэн стандартууд бөгөөд тэдгээрийн ялгаа нь зорилгод хэрхэн хүрэхэд оршдог. Тэрээр хэм хэмжээ ба зарчмын үндсэн хоёр ялгааг тодорхойлсон.


Эхний ялгаа нь, Дворкины үзэж байгаагаар хэм хэмжээг “бүгдийг нь, эсвэл алийг нь ч биш” зарчмын дагуу хэрэгжүүлдэг. Тухайлбал, хуулиар гэрээслэл нь гэрчийг байлцуулан үйлдсэн тохиолдолд л хүчин төгөлдөр, эс бөгөөс хүчин төгөлдөр бус юм.


Дворкин хуулийн зарчмууд огт өөрөөр ажилладаг гэжээ. Дүрэм журмаас ялгаатай нь зарчим бол тодорхой тохиолдолд л хүчинтэй, хэрэгжих боломжтой байх нь түүнийг хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Хүн өөрийнхөө гэмт хэрэг, бусармаг үйлдлээс ашиг олж чадахгүй гэсэн зарчмыг авч үзвэл хууль бус үйлдлээс ашиг хүртэх нь хуулийн дагуу хориглоогүй зүйл, харин ч хүн өөрийн буруутай үйлдлээс ашиг тус хүртдэг.


Зарчим нь түүнийг хэрэглэх шаардлагатай нөхцөлүүдийг агуулаагүй боловч тодорхой шийдлийн аргументыг өгдөг. Тодорхой зарчмыг хуулийн зарчим гэвэл үүнийг харгалзан шийдвэрийг дэмжих үндэслэл болгоно.


Дараагийн ялгаа нь, хэрэв дээрх хоёр зарчмын зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрөх юм бол ийм зөрчлийг хоёр хуулийн хэм хэмжээний тухай ярьж байгаа шиг хүлээн авах боломжгүй. Харин тодорхой хэмжүүр байх ёстой, тэдгээрийг харьцуулж тухайн тохиолдолд зөрчилтэй зарчмуудын алийг нь хэрэглэх, хэрэглэхгүйг тодорхойлно.


Дворкин ийм хэмжүүр нь тодорхой хэргийн хувьд тодорхой зарчмын дарах жин, түүний ач холбогдол болно гэжээ.


Харин хууль тогтоомжид ийм хэмжүүр байдаггүй. Мэдээжийн хэрэг, тодорхой дүрэм нь хүмүүсийн зан үйлийг зохицуулахад илүү чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Хэм хэмжээ зөрчилдсөн нөхцөлд эхнийх нь илүү чухал учраас нэг хэм хэмжээ хүчинтэй, хоёр дахь нь хүчин төгөлдөр бус гэж хэлж болохгүй. Хуулийн хоёр дүрэм зөрчилдвөл тэдгээрийн нэг нь хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй болно. Гэсэн хэдий ч, энэ асуулт нь зөрчилтэй дүрмийн агуулгаас давсан зүйлийг, тухайлбал, хуулийн зөрчлийн дүрмийг хэрэглэхийг шаарддаг бол, эрх зүйн зарчмын ач холбогдол нь агуулгаас урган гардаг.


Эдгээр нь Дворкины тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээ ба зарчмын ялгаа юм. Онолын хувьд үнэмшилтэй боловч бодит байдал дээр дүгнэлтийг аль ангилалд оруулах талаар эргэлзээтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Хуулийн зарим заалтыг хэм хэмжээ, эсвэл хуулийн зарчим гэж үзэх эсэх талаар маргаан байнга өрнөдөг. Хэм хэмжээ ба зарчмын хэрэглээ, зөрчилдөөн, бодит байдлыг хүснэгтлэн харуулав.


Хүснэгт 1 Хэм хэмжээ ба зарчмын ялгаа

 

Хэм хэмжээ

Зарчим

Хэрэглээ

Хууль нь хэргийг түүний шаардлагын дагуу шийдвэрлэх үндэслэл болдог.

Зарчим нь хэргийг түүний шаардлагын дагуу шийдвэрлэх шалтгаан болохгүй.

Зөрчилдөөн

Хүчин төгөлдөр хэм хэмжээнүүд нь хоорондоо зөрчилдөж болохгүй. Зөрчилдсөн тохиолдолд хоёул хүчинтэй байхгүй. Эрх зүйн тогтолцоо нь ийм зөрчлийг шийдвэрлэх тусгай механизмтай байдаг.

Нэг асуудалд хамаарах хоёр зарчим нь хүчинтэй хэвээр байхын зэрэгцээ бие биетэйгээ зөрчилдөж болно.

Бодит байдал

Хэм хэмжээнүүд нь хүчинтэй, эс бөгөөс хүчин төгөлдөр бус байна.

Зарчим нь бодит байдлыг тодорхойлохоос гадна хэмжүүртэй. Тухайн тохиолдолд зарчмуудаас хамгийн чухал нь хэрэглэгдэнэ.

Дүгнэлт

“Элмерийн хэрэг”-т хийсэн дүн шинжилгээ нь өнгөц харахад, хоёр зарчмын зөрчилдөөн биш, харин одоо байгаа өв залгамжлалын дүрэмтэй зарчмын зөрчилдөөний тухай байсан нь Дворкины хийсэн дүгнэлтээс зөрж байгаа мэт санагдаж магадгүй юм. Үнэн хэрэгтээ, Дворкины хувьд зөрчилтэй гэж үзсэн зүйл нь зарчим. Нэгт, буруутай үйлдлээс ашиг хүртэхгүй байх, хоёрт, хууль тогтоомжийг дагаж мөрдөх.


Шүүх эхний зарчмыг хоёр дахь зарчмаас дээгүүр хэмээн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Алуурчин хохирогчоосоо өв залгамжлах нь зарчмыг ноцтой зөрчих тул шүүх илүүд үзсэн.


Дворкины үзэж байгаагаар эрх зүйн хэм хэмжээ нь агуулгын хувьд бус харин хэлбэрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх дүрмээр тодорхойлогддог. Хэлбэр болон эх сурвалжийн шалгуур нь ёс зүйн нэг талыг барьсан дүгнэлтээс зайлсхийх боломжийг олгодог.


Зарчмуудыг хуулийн нэг хэсэг бус, зөвхөн ёс суртахууны үнэт зүйл, хууль зүйн дүрмүүд нь тодорхой хариулт өгөөгүй тохиолдолд шүүгчид хандаж болох стандарт уу? Тийм бол шүүгчид хуулийн шаардлагад захирагдахгүй, хүссэнээрээ өөрчлөх эрхтэй болно. Зарчмууд нь хуулийн нэг хэсэг биш бол хууль тогтоомж нь заавал дагаж мөрдөх хүчгүй, учир нь тэдгээрийг хэзээ ч шинэчилж болно. Харин эсрэгээрээ зарчмууд нь хэм хэмжээний нэгэн адил хуулийн нэг хэсэг гэж үзвэл, шүүхийн практикт харшлах шүүхийн шийдвэр нь шүүхийн үзэмжийн илрэл биш, харин хууль зүйн үндэслэлтэй байх болно. Тиймээс, одоо байгаа дүрмийг өөрчилсөн ч шүүгч хуулийг хэрэгжүүлдэг байна.


Хэм хэмжээ ба зарчмыг ялгах нь Дворкины эрх зүйн философийн гол үзэл баримтлал юм. Тэрээр хууль нь зөвхөн дүрмээс гадна зарчмуудаас бүрддэг бөгөөд эдгээр зарчмууд нь шүүхийн шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзжээ. Эрх зүйн позитивизмын талыг баримтлагч зарим эрх зүйн эрдэмтэн зөвхөн хэм хэмжээ нь шүүхийн шийдвэрийн эрх зүйн эх сурвалж гэж хүлээн зөвшөөрдөг бол, Дворкин хуулийг хэм хэмжээ ба зарчмын цогц хэмээн үзсэн аж. Тус ялгааг зааглан авч үзэх нь эцэстээ шүүгчид хуулийг тайлбарлах, хэрэглэх, ойлгоход чухал ач холбогдол бүхий байдлаар илэрнэ.


Төгсгөлд нь манай улсад шүүгч хэргийг үзэмжээр шийддэг байхаар хуульд тусгасан нь шүүгч өөрийн итгэл үнэмшил, тэр дундаа зарчимд үндэслэн шийдвэр гаргана гэж болно.

Ж.Танан

Роналд Дворкин "Хэм хэмжээ ба зарчим"

Роналд Дворкин Хэм хэмжээ ба зарчим










2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 03
Rated 5 out of 5 stars.

👍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page