top of page

Шинжлэх ухааны хуурмаг үзлийг эвдсэн Хаосын онол

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Nov 26, 2025
  • 4 min read


Таны урьд өмнө нь гарцаагүй үнэн гэж итгэж байсан зүйл худал болж байсан уу?


Энэ ертөнц бол тооцоотой, бүх зүйл урьдаас тодорхойлогдсон механик цаг. Эвсэл амьдрал бол бадран дүрэлзээд л унтрах гал, хэзээ нэгэн цагт дуусна. Хувь тавилан бол өөрчлөгддөггүй бичигдсэн замаараа л яваа. Энэ бол зуу зуун дамжин ноёрхсон номлол юм. Шинжлэх ухаан, түүний дотор хууль, эдийн засгийн онолууд хүртэл энэ суурин дээр л тогтсон байдаг.


Гэтэл Нобелийн шагналт физикч Илья Пригожин орчин үеийн бодит байдлыг хувирч өөрчлөгдөхгүй үзэл тайлбарлахаа больсон гэдгийг харуулжээ. Тэрээр “Хаосоос дэг журам төрөхүй” номоороо орчлонг зогсонги машин биш, харин амьд, өөрийгөө бүтээж буй процесс хэмээн зарласан байна.


Тиймээс шинжлэх ухааны хуучин догмааг[1] үндсээр нь эвдсэн И.Пригожины онолын хамгийн радикал[2] дөрвөн дүгнэлтийг энгийнээр тайлбарлая.


1.     Хүн хаалттай хайрцаг биш

Сонгодог физикчид ертөнц бол лабораторийн шилэн доторх урвал шиг, орчинтойгоо харилцахгүй хаалттай систем гэж төсөөлж байжээ. Гэтэл бидний амьдарч буй хот, улс орон, дэлхий бүгд экосистемтэй, бодис, эрчим хүчийг тасралтгүй солилцож амьсгалдаг нээлттэй систем юм.


Хүн ч мөн адил идэвхгүй объект биш, харин орчноо байнга боловсруулж, өөрчилж байдаг оролцогч. Энэхүү энгийн үнэн дээр л И.Пригожины онол тогтоно. Хэрэв систем нээлттэй бол хувь тавилан урьдаас тодорхойлогдсон байх боломжгүй.


2.     Замбараагүй байдал бол бүтээлч эх

Хаос[3] гэдэг үгийг ихэвчлэн сөрөг утгаар ойлгодог. Замбараагүй байдал бол муу, задрал, сүйрэл. Гэтэл И.Пригожин энэ дүгнэлтийг 180 хэмээр эргүүлсэн байна. Тэрээр, гаднаас энерги авч буй нээлттэй системд, тогтворгүй байдал буюу хаос үүсэх үед, задрахын оронд гэнэт илүү нарийн төвөгтэй, зохион байгуулалттай шинэ бүтэц үүсгэж болдгийг нотолсон. Үүнийг диссипатив бүтэц гэж нэрлэсэн. Химийн урвалд хүртэл молекулууд гэнэт л хэмнэлтэй бүжиг хийж эхэлдэг нь үүний жишээ.


Товчхондоо тогтворгүй байдал бол мөхөл биш, харин шинэ зохион байгуулалт төрөх орчин гэсэн үг юм. Улс төр, эдийн засгийн хямрал, нийгмийн эмх замбараагүй байдал нь шинэ, илүү дээр тогтолцоо үүсэх боломжийг нууж байдаг.


3.     Хувь тавилан ба тохиолдол ээлжилдэг

Хүн төрөлхтөн олон зуун жил “Хүний амьдрал хувь заяатай, урьдаас бичигдсэн үү, эсвэл бүх зүйл санамсаргүй тохиолдол уу?” гэж маргалдсан. Шашинтнууд хувь тавиланг, харин эрдэмтэд тохиолдлыг батлах гэж оролдож иржээ. Харин И.Пригожин “Хоёулаа зөв, гэхдээ тайлбарын зөвхөн тал хувь нь” гэсэн байдаг.


Үндсэн санаа нь салаалах цэг[4] юм. Систем дурайсан замаар явж байгаад нэг мөчид тогтворгүй байдалд орно. Яг тэр мөчид, өчүүхэн, санамсаргүй хүчин зүйл, бага зэргийн флуктуаци[5] л системийг нэг тийш ханаруулж, чиглэлийг нь өөрчилдөг байна. Үүний дараа, шинэ замаар шинэ дэг журам үйлчилж эхэлнэ. Түүх, нийгэм, хүний амьдрал ч ялгаагүй.


Хүний хийх санамсаргүй сонголт, эсвэл өчүүхэн үйл явдал яг тэр салаалах цэг дээр гарч ирээд, бүхэл бүтэн ертөнцийн хувь заяаг өөрчилж чаддаг. Ганц асуудал нь дараагийн салаалах цэг хэзээ, хаана гэдгийг урьдчилан мэдэж чадахгүйд л байна.


4.     Ертөнц уруудаж бус харин дэвждэг

Термодинамикийн хоёрдугаар хууль[6] бол пессимизм[7], мөхлийн тухай яриа. Бүх зүйл замбараагүй болох ёстой. Гэтэл яагаад амьд системүүд улам бүр цогц, уялдаатай болж хөгжөөд байна вэ? Үүнд И.Пригожин “Энтропи[8] өөрөө дэг журмын эх үүсвэр байж болно” гэж хариулсан. Зарим систем доройтож байхдаа бусдад энерги өгдөг. Бусад систем нь энергийг ашиглан өөрийгөө илүү нарийн төвөгтэй түвшинд зохион байгуулдаг.


Орчлон ертөнц бол зүгээр нэг элэгдэж хуучраад дуусахаа хүлээж буй машин биш, харин өөрийгөө байнга бүтээж, хувьсан өөрчлөгдөж буй амьд үйл явц юм.


Төгсгөлийн бодол

И.Пригожин хүнийг үхмэл, пассив, хувь тавиландаа хүлэгдсэн гэх зэрэг хэвшмэл ойлголтоос чөлөөлсөн. Түүний дэвшүүлсэн онол нь хаос дундаас дэг журам төрж, тогтворгүй байдал бүтээлч байдлын түлхүүр болдог гэдгийг харуулсаар байна.


Хүний нийгэм, улс төр, амьдрал хэзээ ч тогтвортой, хаалттай систем байгаагүй. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрч чадвал, өөрчлөлтөөс айж эмээх бус, харин шинэ, илүү дээр дэг журам үүсгэх бүтээлч боломж гэж харж эхэлнэ.


Одоо харин уншигч танаас асууя: Таны амьдрал, бизнест тогтворгүй байдлын дараа шинэ дэг журам үүсэж байсан уу?

Ж.Танан


Зүүлт тайлбар

[1] Догма (Dogma) гэдэг нь батлагдах эсвэл няцаагдах шаардлагагүйгээр үнэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн, өөрчлөгддөггүй, хөдөлшгүй үндсэн зарчим, дүрэм буюу үзэл баримтлалыг хэлнэ.


[2] Радикал (Radical) гэдэг нь аливаа зүйлийн үндэс суурь, гүн гүнзгий хэсэгт нь чиглэсэн эсвэл уламжлалт хязгаарыг эрс эвдсэн өөрчлөлт, үзэл бодол, үйлдлийг хэлнэ.


[3] Хаос (Chaos) нь грек хэлний 'Khaos' буюу анхны хоосон, ангамал байдал гэсэн утгатай үгнээс гаралтай. Өдөр тутмын амьдралд эмх замбараагүй, дэг журамгүй, үймээн самуун гэсэн утгаар ойлгоно.

Хаосын онолд хаос гэдэг нь урьдчилан таамаглах боломжгүй мэт санагдах боловч, үнэндээ тодорхой дотоод дүрэм, хуульд захирагддаг, хөдөлгөөнт тогтолцооны төлөвийг хэлнэ.


[4] Салааллын цэг (Bifurcation Point) гэдэг нь аливаа тогтолцоо (систем) хуучин тогтвортой байдлаа алдаж, гэнэт, эрс өөрчлөгдөх боломжтой болсон, тогтворгүй байдлын онцгой мөчийг хэлнэ.


[5] Флуктуаци (Fluctuation) гэдэг нь аливаа тогтолцоо, эсвэл хэмжигдэхүүн тогтвортой дундаж утгаасаа түр зуур, санамсаргүй байдлаар хазайх, хэлбэлзэх үзэгдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, "Флуктуаци" гэдэг нь системийн дундаж төлөв болон бодит агшин зуурын төлөвийн хоорондох ялгаа юм.


[6] Термодинамикийн хуулиуд нь физик, хими, биологийн бүхий л тогтолцоонд эрчим хүч хэрхэн ажиллаж, өөрчлөгдөж, дамжуулагдаж байгааг тайлбарладаг, шинжлэх ухааны хамгийн суурь дөрвөн зарчим юм.

Термодинамикийн хоёрдугаар хууль (Second Law of Thermodynamics) нь цаг хугацааны чиглэл болон энтропи (Entropy) буюу эмх замбараагүй байдлын тухай ойлголтыг оруулж ирсэн. Бүх бие даасан тогтолцооны (хаалттай систем) нийт энтропи (эмх замбараагүй байдлын хэмжээ) үргэлж нэмэгддэг, эсвэл хамгийн багадаа тэнцүү байна (хэзээ ч буурахгүй). Энгийнээр хэлбэл, байгалийн бүх үйл явц нь дэг журмаас эмх замбараагүй байдал руу чиглэдэг. Жишээлбэл, аягатай халуун кофе хүйтэн болох нь энтропи нэмэгдэж буйн илрэл. Гаднаас хүч оруулахгүйгээр хүйтэн кофег халааж чадахгүй.

Термодинамик гэдэг нь дулаан (Therme) болон хүчний (Dynamics) харилцаа, буюу энергийг дулаан, ажил болгон хувиргахыг судалдаг шинжлэх ухаан юм.


[7] Пессимизм (Pessimism) нь хүн төрөлхтний сэтгэлгээний болон гүн ухааны үндсэн хандлагын нэг ба аливаа нөхцөл байдал, үйл явдал, эсвэл ирээдүйг муугаар, сөрөг талаас нь харж, хамгийн таагүй үр дүнг хүлээнэ. Гэхдээ сэтгэл санаагаар үргэлж унахыг хэлэхгүй, харин бодит байдлын тухай үндсэн итгэл үнэмшил болно.


[8] Энтропи (Entropy) бол термодинамикийн хуулиудын гол ойлголт бөгөөд шинжлэх ухаан, гүн ухааны олон салбарт хэрэглэгддэг чухал үзэл баримтлал юм. Энтропи нь аливаа тогтолцооны эмх замбараагүй байдал, зохион байгуулалтгүй байдал, эсвэл доройтлыг илэрхийлдэг хэмжигдэхүүн буюу энгийнээр хэлбэл, тогтолцоонд байгаа энергийн ажил хийх чадваргүй хэсгийг хэмжинэ.


Хаосоос дэг журам төрөхүй

Хаосоос дэг журам төрөхүй

 







Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page