top of page

"Шинжлэх ухаан ба далд зорилго" эссэ

  • Writer: М.Нямжаргал
    М.Нямжаргал
  • 13 minutes ago
  • 5 min read



Шинжлэх ухаан ба далд зорилго

Шинжлэх ухаан өөрийн мөн чанараараа үнэн зөвийг эрэлхийлэх мэдлэгийн систем боловч нийгэм, эдийн засгийн орчин, улс төрийн нөлөөгөөр тодорхой зорилго, ашиг сонирхлыг агуулсан хэлбэрээр ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, онолыг бүтээгч эрдэмтний санаа зорилго үргэлж ил тод байдаггүй, эсвэл байлаа ч түүнийг хэрэгжүүлэгч орчин нь үзэл суртал шингээдэг байна. Үүнийг салгаж танихын тулд (i) түүхэн нөхцөл байдалд дүгнэлт хийх, (ii) орхигдуулсан хувьсагчийг олж илрүүлэх, (iii) хэний эрх ашигт үйлчилж буйг ялган харах гэх зэргээр шүүмжлэлт хандлагыг ашиглаж болно.


Түүхэн нөхцөл байдалд дүгнэлт хийх

Онол ямар цаг үед, улс төр, эдийн засгийн ямар орчинд бүрэлдэн бий болсон, хэнд ашигтай гэдгийг шинжилж үзэх шаардлагатай. Шинжлэх ухааны онол улс төрийн далд зорилготой хэрэгсэл болон хувирсан жишээ татвал, XIX зуунд Чарльз Дарвины[1] байгаль дээр амьд үлдэх тэмцэл, өрсөлдөөний талаарх онолыг улс төр, эдийн засгийн хүрээнд нийгмийн дарвинизмыг (Social Darwinism) бий болгож колоничлол, капиталист өрсөлдөөн, аристократ давхаргын давамгай байдлыг зөвтгөхөд ашигласан. Сайн нь үлдэж сул нь устдаг биологийн санааг нийгэмд хуулбарласан хэрэг.


Шинжлэх ухааныг хүнийг ялгаварлах үзэл бодлын суурийг бэхжүүлэхэд ашигласан байдаг. XIX зуунд гавлын ясны хэлбэрээр хүний оюун ухааны чадамж, зан чанарыг тодорхойлж болно гэх Френологийн онол (Phrenology) гарсан. Эрдэм шинжилгээний үндэслэлгүй байсан ч тухайн үед аристократ ба боолын ялгаа, арьс өнгөөр ялгаварлах үзлийг зөвтгөх хэрэгсэл болон ашиглагдсан. Үүгээр зогсохгүй, криминологийн түүхэнд биологийн чиг хандлагатай онолын суурь болж, энэхүү үзэлтэй Чезаре Ломброзогийн[2] төрөлхийн гэмт хэрэгтэн гэх онол уялдсан байдаг. Тэрээр гэмт хэрэгтнийг нүүр царай, гавлын хэлбэр, биеийн төрөлхийн шинжээр нь ялгаж болно гэж үзсэн.


Шинжлэх ухааны ололт төвийг сахисан боловч түүнийг ашиглах улс төрийн зорилго нь тэс өөр болохыг харуулсан жишээ бол цөмийн физик юм. Цөмийн эрчим хүчийг анх энхийн зорилгоор ашиглана хэмээн АНУ “Atoms for Peace” хөтөлбөрөөр дамжуулан сурталчилж байсан ч Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаяж дайны зорилгоор ашигласан.


XX зууны дунд үеэс Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын байгууллага хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж түүнийгээ зөвтгөх, шинжлэх ухаанч мэт харагдуулах зорилгоор эконометрик ба хөгжлийн эдийн засгийн тоон загварыг ашигласан байдаг. Гэтэл бодит байдал дээр олон улс оронд, ялангуяа хөгжиж буй улс оронд сөргөөр нөлөөлж, улмаар ядуурал, тэгш бус байдал гүнзгийржээ.


Орхигдуулсан хувьсагчийг олж илрүүлэх

Эдийн засгийн зарим онол тодорхой үзэл суртал, суурь зорилгоор нөхцөлдөж, зарим хүчин зүйл, хувьсагчийг зориуд орхигдуулж, тогтмол мэтээр төсөөлөх[3] нь түгээмэл үзэгдэл юм. Жишээлбэл, Карл Маркс[4] капитализмын ангийн зөрчил, мөлжлөгийн механизмыг нарийн онолдсон, төлөвлөгөөний загварт үйлдвэрлэлийн өсөлт, нөөцийн төвлөрсөн хуваарилалтыг чухалчилсан. Гэсэн хэдий ч технологийн дэвшил, инноваци, бүтээлч санаачилга нь эдийн засгийн бүтцийг шинэчлэх чадамжтай хувьсагч болохыг авч үзээгүйн дээр тэдгээрийг хангалттай үнэлээгүй. Тэрээр үйлдвэрлэлийн хэрэгсэл капиталист ангид төвлөрөхийн хэрээр мөлжлөгийн зөрчил хурцдаж, улмаар пролетарийн хувьсгал зайлшгүй тохионо гэж үзсэн. Технологи бол капитализмын хямралыг зөөлрүүлэх бус, харин ангийн зөрчлийг улам хурцатгах хэрэгсэл мэтээр логикоо тайлбарласан. Үүний улмаас социалист төлөвлөгөөт эдийн засаг дэлхийн технологийн өрсөлдөөнд дасан зохицож чадалгүй хоцорсон билээ. Харин ХХ зуунд Жозеф Шумпетер К.Марксын орхигдуулсан хувьсагчийг нөхөн гаргаж, инновацийг капитализмын зүрх гэж тодорхойлсон байдаг. Түүний бүтээлч сүйтгэл хэмээх ойлголтоор хуучин салбар, үйлдвэрлэлийн хэлбэр нурж, шинэ салбар бий болох нь капитализмын дотоод логик бөгөөд эдийн засгийн хөгжлийн жинхэнэ хөдөлгөгч хүч нь зах зээлийн өрсөлдөөн төдийгүй инноваци юм.


К.Марксын онолд орхигдуулсан хүчин зүйлийг гагцхүү зориуд үл тоосон гэж ойлгохоос илүүтэйгээр тухайн цаг үеийн түүхэн нөхцөл, түүний онолд ангийн тэмцлийн логик давамгайлж байсантай холбон тайлбарлах нь зөв. Түүний гол зорилго нь капитализмын ангийн зөрчил, мөлжлөгийн мөн чанарыг онолын түвшинд илрүүлэх байсан бөгөөд энэ хүрээнд үйлдвэрлэлийн хэрэгслийн өмчлөлийн хэлбэрийг түүхийн хөдөлгөгч хүч болгон авч үзсэн. Ингэснээр технологийн дэвшил, инновацийн хүчин зүйл түүний онолд хоёрдогч байр сууринд орсон.


Энэхүү сул талыг улс төрийн зорилгоор өөрчилж болохыг Владимир Ильич Ленин харуулсан байдаг. Тэрээр К.Марксын онолыг Оросын нөхцөлд хэрэгжүүлэхдээ эх сурвалж болсон онолыг гуйвуулсан буюу хүчээр нийцүүлсэн гэж үзэх үндэстэй. К.Маркс капитализм бүрэн хөгжсөний дараа ангийн тэмцлийн улмаас пролетарийн хувьсгал гарна гэж үзсэн байхад В.И.Ленин энэхүү процессыг түргэтгэх зорилгоор капитализмын хөгжлийн шат дамжлагыг алгасан социализмд шилжих стратегийг баримталсан. Өөрөөр хэлбэл, К.Марксын орхигдуулсан хувьсагч нь түүний онолын суурь логиктой холбоотой бол В.И.Лениний гуйвуулалт нь улс төрийн хувьсгалын зорилгоос үүдэлтэй байжээ. Бодит амьдрал дээр үзүүлсэн нөлөөллөөр онолыг бүтээх явцад чухамдаа юуг чухалчилж, юуг дайвар гэж үзсэнийг сайтар ажиглаж болно.


Хэний эрх ашигт үйлчилж буйг ялган харах

Онол нь дан ганц үнэн мэт харагдах боловч бодит байдал дээр нийгмийн тодорхой анги, бүлэг, улс төрийн хүчинд үйлчилхээр тайлбарлагдаж, нөгөө талд нь хохиролтой байж болно. Иймээс ямар онол, нээлт, судалгаа хэний ашиг сонирхолд нийцэж байгаа, хэний дуу хоолойг орхигдуулж байгааг[5] ялган харах нь чухал.


Орчин цагийн жишээ болгон хиймэл оюуны хөгжлийг авч үзэж болно. Хэдийгээр технологи нь шинжлэх ухааны дэвшлийн бүтээгдэхүүн боловч цөөн тооны хүчирхэг улс, томоохон корпорацийн хяналтад төвлөрсөнөөр хөдөлмөрийн зах зээл, хүний эрх, өгөгдлийн аюулгүй байдал зэрэг асуудал дагуулдаг. Өөрөөр хэлбэл, онол, технологийн дэвшил, үнэн зөв байдалд эргэлзэхгүй байлаа ч түүнийг хэрэгжүүлэх орчин нь тодорхой бүлгийн ашиг сонирхолд үйлчилж болно.


Ийм тохиолдолд марксизм, постколониализм, феминист философи зэрэг шүүмжлэлт онолыг ашиглан шинжлэх ухааны цаана орших эрх мэдлийн бүтэц, ашиг сонирхлыг илрүүлнэ. Товчхондоо, “Шинжлэх ухаан хэний төлөө ажиллаж байна вэ?” гэсэн асуултад хариулт эрэлхийлэх шаардлагатай.


Аливаа онол, нээлт нь өөрийн дотоод логик, эрэл хайгуулын үр дүнд бий болдог ч түүнийг ашиглах зорилгоос хамааран үр дагавар нь нийгэмд харилцан адилгүй нөлөө үзүүлж болно. Хүний эрх, шударга ёс, энх тайван, нийгмийн сайн сайхныг үл харгалзан цөмийн зэвсэг, хиймэл оюун, генийн инженерчлэл зэрэг шинжлэх ухааны дэвшлийг буруу зорилгод ашиглавал ирээдүйд хор уршиг тарих эрсдэлтэй. Тиймээс, шинжлэх ухааныг үнэний эрэл хайгуул гэж хардаг шигээ, түүнийг хэрэгжүүлэгч хүний ёс суртахуун, хариуцлага нь нийгмийн хамгаалалтын гол баталгаа болно.

Роберт Оппенгеймер “Бид үхлийн бурхан болжээ” гэж хэлсэнгээс харвал,

өнөө цагийн эрдэмтэн, бодлого тодорхойлогчдын өмнө “Шинжлэх ухааны ололтыг хэний төлөө ашиглах вэ?” гэсэн ёс суртахууны асуулт мөнхийн тавигдсаар байна.

С.Нямжаргал

Зүүлт тайлбар

[1] Чарльз Дарвин (1809–1882) нь Английн нэрт байгаль судлаач бөгөөд амьд биет цаг хугацааны явцад байгалийн шалгаралын үр дүнд өөрчлөгдөн хөгждөг хэмээн тайлбарласан хувьслын онолыг (эволюц) үндэслэгч. Түүний гол бүтээл “Зүйлийн үүсэл” (1859) нь биологийн шинжлэх ухааныг шинэ түвшинд гаргаж, амьд ертөнцийг ойлгох үзэл баримтлалыг өөрчилсөн.


[2] Чезаре Ломброзо (1835–1909) нь Италийн нэрт эмч, криминологич бөгөөд гэмт хэрэг үйлдэгчийг төрөлхийн гэмт хэрэгтэн гэж үзсэн биологийн криминологийн “этиологийн” чиглэлийг үндэслэгчийн нэг. Тэрээр гавлын яс, нүүрний хэлбэр зэрэг анатомийн шинжээр хүний зан үйлийг тайлбарлахыг оролдсон. Орчин үеийн шинжлэх ухаанд түүний онолыг шүүмжилдэг ч тэрээр криминологийг туршилт, ажиглалт, статистикт тулгуурласан шинжлэх ухаан болгох суурийг тавьсан.


[3] Ceteris paribus гэдэг нь "бусад бүх зүйл тэнцүү", эсвэл "бусад бүх зүйл тогтмол" гэсэн утгатай Латин хэллэг юм. Эдийн засаг, шинжлэх ухаанд бодит ертөнцийн нарийн төвөгтэй нөхцөл байдлыг хялбаршуулах зорилгоор нэг хувьсагчийн нөлөөллийг тусгаарлан зарим хүчин зүйл, хувьсагчийг тогтмол гэж үзэх үндсэн таамаглалыг хэлнэ.


[4] Карл Маркс (1818–1883) нь Германы философич, эдийн засагч, нийгмийн онолч бөгөөд капиталист нийгмийн бүтцийг ангийн тэмцэл, үйлдвэрлэлийн харилцаа, эдийн засгийн суурь–дээд бүтцийн онол зэргээр тайлбарласан марксизмын үндэслэгч. Түүний “Капитал” болон “Коммунист Манифест” зэрэг бүтээл нь улс төрийн эдийн засаг, социологи, нийгмийн онолын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлж, өнөөг хүртэл нийгмийн бүтэц ба эрх мэдлийн харилцааг шинжлэх гол онолын суурь хэвээр байна.


[5] Cui bono? гэдэг нь "хэнд ашиг тустай вэ?" гэх Латин хэллэг юм. Энэхүү зарчмыг тухай үйлдлээс хэн ашиг хүртэж байгаагаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд, эсвэл үйлдлийн санаачлагчийг тодорхойлоход ашигладаг.





Шинжлэх ухаан ба далд зорилго



Шинжлэх ухаан ба далд зорилго

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ШинжлэхУхаан #ШинжлэхУхааныДалдЗорилго #РобертОппенгеймер #ЧарльзДарвин #ЧезареЛомброзо #КарлМаркс #Философи #ЭдийнЗасаг #Үнэн #Коммунизм #Эрдэмтэн #АшигСонирхол #ТүүхэнНөхцөлБайдал #Хувьсагч #Френологи #НийгмийнДарвинизм #Өрсөлдөөн #БайгалийнШалгарал #Нийгэм #Аристократ #Колоничлол #Өрсөлдөөн #ЯлгаварлахҮзэх #ТөрөлхийнГэмтХэрэгтэн #ЦөмийнЭрчинХүч #ДэлхийнБанк #ВалютынСан #Ядуурал #ТэгшБусБайдал #ҮйлдвэрлэлийнӨсөлт #АнгийнЗөрчил #ЖозефШумпетер #БүтээлчСүйрэл #ОрхигдуулсанХүчинЗүйл #Ленин #ФеминистФилософи #Постколониализм #Марксизм #ХиймэлОюун #ГенийнИнженерчлэл #ШударгаЁс #ХүнийЭрх #ЭнхТайван #АмьдШинжлэхУхаан #ЁсСуртахуун



Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page