“ORDER OUT OF CHAOS Man’s New Dialogue with Nature” (Хаосоос дэг журам төрөхүй) номын өмнөтгөл
- Хуульч Шувуухай

- Nov 5
- 3 min read
Америкийн нэрт ирээдүй судлаач, сэтгэгч Алвин Тоффлер (1928–2016) нь технологийн хувьсал, мэдээллийн эрин, нийгмийн өөрчлөлтийн тухай дэвшүүлсэн онолуудаараа дэлхийд танигдсан зохиолч бөгөөд “Future Shock”, “The Third Wave”, “Powershift” зэрэг бүтээлдээ хувьслын дунд бий болдог шинэ дэг журмыг ухаарах шаардлагыг онцолсон байдаг. Тэрээр Нобелийн шагналт эрдэмтэн Илья Пригожин, Изабелла Стенгерс нарын хамтран туурвисан “Order out of Chaos: Man’s New Dialogue with Nature” буюу “Хаосоос дэг журам төрөхүй: Хүн ба байгалийн харилцаа” номын өмнөтгөлийг бичихдээ замбараагүй байдлаас дэг журам үүсэх тухай байгалийн шинжлэх ухааны онолыг нийгмийн хөгжлийн логиктой холбон тайлбарласан юм. А.Тоффлерийн хувьд энэхүү ном нь зөвхөн физикийн тухай бүтээл бус, харин хүний оюун ухаан, соёл, технологийн эрс шинэчлэл дундаас үүсэн гарч ирэх шинэ дэг журмыг ойлгох түлхүүр байв. Тиймээс тэрээр номын өмнөтгөлд замбараагүй байдал нь сүйрэл бус, харин хувьслын боломж хэмээн тодорхойлж, шинжлэх ухаан ба нийгмийн харилцан яриаг эхлүүлэх урам зориг өгсөн билээ.
Номын өмнөтгөлд А.Тоффлер орчин үеийн шинжлэх ухааныг хэсэгчлэн задлах (dissection) арга барилаар туйлшран хөгжүүлсэн нь хожим юмс үзэгдлийг цогцоор харах чадварыг алдуулсан тухай өгүүлнэ. Энэхүү үзэгдэл нь шинжлэх ухаанд хэт нарийн мэргэшил, тусгаарлал үүсгэсэн бөгөөд И.Пригожин үүнийг сэргээж, шинжлэх ухааны салбаруудыг дахин нэгтгэх, байгалийн үзэгдэл, хүний ертөнцийг нэгэн цогц байдлаар авч үзэхийг зорьжээ. А.Тоффлер И.Пригожины замбараагүй байдлаас үүсэх дэг журам гэсэн онолыг шинжлэх ухааны хувьсгал гэж нэрлэж, сонгодог механик үзэл ба статик тогтвортой загварыг үгүйсгэн, нээлттэй систем, тогтворгүй байдал, хугацаа ба хувьсал зэрэг ойлголтыг шинжлэх ухааны төвд авчирсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, И.Пригожин, И.Стенгерс нарын бүтээл нь ертөнцийг машин мэт хаалттай систем гэж үзэх хандлагыг халж, нээлттэй, хувьсамтгай, шалтгаан ба тохиолдлын уялдаа бүхий дүр зургийг гаргаж иржээ.
А.Тоффлер мөн И.Пригожины диссипатив бүтэц (dissipative structures) ба өөрөө зохион байгуулах (self-organization) үзлийг тайлбарлаж, систем тодорхой нөхцөлд замбараагүй байдлаас шинэ бүтэц, шинэ дэг журам үүсгэдгийг онцолсон. Тэрээр энэхүү онолыг физик, химийн хүрээнээс хальж, нийгмийн систем, эдийн засаг, улс төр, хувьсгалын явцыг ойлгоход ч хэрэглэж болох парадигм хэмээн үзсэн байна. Цаашлаад А.Тоффлер энэхүү онолыг цаг хугацаа, энтропи[1], эргэлт буцалтгүй байдал, хүний нийгмийн хувьслын тухай ойлголттой холбосон. Энтропи бол зөвхөн задралын илрэл бус, тодорхой нөхцөлд шинэ дэг журам төрүүлэх хүч болж чадна гэж дүгнэжээ. Эцэст нь А.Тоффлер “Order Out of Chaos” номыг шинжлэх ухаан, нийгэм, философийн уялдаа холбоог сэргээсэн, хүнийг байгалийн салшгүй хэсэг гэж харуулах зорилготой, шинжлэх ухааны шинэ эрин үеийг нээсэн бүтээл хэмээн тодорхойлсон. Түүний үзэж байгаагаар энэхүү ном шинжлэх ухааны зорилго, арга зүй, мэдлэгийн философийг дахин авч үзэхэд түлхэц болсон, замбараагүй, тогтворгүй ертөнцөд шинэ дэг журам бүтээх урам зориг өгөх бүтээл аж.
Харин уншигчийн хувьд номын өмнөтгөлийг уншаад хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь А.Тоффлерийн дуу хоолойгоор дамжин хүрсэн нэгэн итгэл байлаа. Тэр бол замбараагүй байдлын гүнд эмх цэгцийн үр оршдог, задралын цаана дахин мэндлэх боломж нуугдаж байдаг гэсэн үзэл юм. Энэхүү үзэл нь шинжлэх ухаанд төдийгүй, хувь хүний амьдрал, нийгмийн хувьсалд ч хамаатай, ижил утгаар үйлчилдэг үнэн. Тогтворгүй нөхцөл байдлаас айж эмээх бус, харин түүнд шинэчлэл, утга учрыг шинээр зохион байгуулах боломж оршдогийг сануулан, урагш алхах урам зориг өгөх нь А.Тоффлерийн өгүүлсэн санааны гол цөм байлаа.
Ж.Танан

#ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НомынТэмдэглэл #НийгмийнХөгжил #ШинжлэхУхаан #ИльяПригожин #АлвинТоффлер #Хаос #OrderOutOfChaos #ШинэДэгЖурам #Энтропи #DissipativeStructures #SelfOrganization #ШинжлэхУхаан #НийгмийнӨөрчлөлт #ШинэПарадигм #FutureShock #TheThirdWave #Powershift #ИрээдүйСудлал #ЭрдэмШинжилгээ #НээлттэйСистем #ТогтворгүйБайдал #Хувьсал #SystemsThinking #Философи #NatureAndMan #ScienceAndSociety #МэдлэгийнЭдийнЗасаг #ЦахимИргэншил #МэдээллийнНийгэм #СоёлТехнологи #НийгмийнФилософи #ШинжлэхУхааныФилософи #Complexity #ChaosTheory #TimeAndChange #ЗамбараагүйБайдал #NewDialogue #ScientificRevolution #Prigogine #Stengers #Тоффлер #SelfOrganizingSystems #ModernScience #Evolution #НийгмийнСистем

















😀