Эрүүгийн процессын эрх зүйн удиртгал
- Ж.Танан

- 31 minutes ago
- 9 min read
Салбар эрх зүйн харьцуулалт
Эрүүгийн процессын эрх зүйн талаар авч үзэхээс өмнө, юун түрүүнд бусад суурь салбар эрх зүйтэй харьцуулах нь зүйтэй. Ийнхүү харьцуулалт хийх нь эрх зүйн салбар хоорондын ялгаа, түүнийг ойлгоход нэн чухал бөгөөд, эрх зүйн цогц сэтгэлгээг төлөвшүүлэхэд тус дэм болно.
Эрүүгийн процессын эрх зүй → Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулах ба мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гаргах ажиллагааг хамарна.
Иргэний эрх зүй → Эд хөрөнгөтэй холбоотой болон гэрээ, үүргийн харилцаа; талуудын тэгш эрхт харилцааг зохицуулна.
Арбитрын процесс → Иргэний болон худалдааны маргааныг хөнгөн шуурхай шийдвэрлэх хувийн зохицуулалт бүхий маргаан шийдвэрлэнэ. Олон нийт, төрийн оролцоо шаарддаггүй, талуудын хүсэл зоригт суурилдаг зэргээрээ эрүүгийн процессоос ялгаатай.
Захиргааны эрх зүй → Төрийн байгууллага, иргэн хооронд үүсэх захиргааны шинжтэй харилцааг зохицуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны шийдвэр, гомдол, хяналттай холбоотой асуудал үүсэж болно.
Зөрчлийн эрх зүй → Хөнгөн шинжтэй зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой. Эрүүгийн процессын эрх зүйтэй зарим тохиолдолд уялдах бөгөөд харьцангуй хялбаршуулсан журамтай. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын зарим элементтэй боловч илүү хөнгөн агуулгатай, богино хугацаанд шийдвэрлэгдэх зохицуулалттай. Энд “De minimis” буюу үл ялих харилцааны ойлголт хамааралтай. “De minimis non curat lex” гэдэг латин хэллэг нь “хууль өчүүхэн зүйлийн араас хөөцөлддөггүй” гэсэн утгатай бөгөөд ноцтой бус, нийгмийн хувьд бага ач холбогдолтой зөрчлийг эрүүгийн процессын иж бүрэн ажиллагаанд хамруулах нь зардалтай, зохисгүй байж болзошгүй тул ийм төрлийн харилцааг тусгай дэглэмээр, зөрчлийн эрх зүйгээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ.
Үндсэн хуулийн эрх зүй → Төрийн эрх мэдлийн хуваарилалт, хүний үндсэн эрх, эрх чөлөө, төрийн байгууламжийг зохицуулна. Эрүүгийн процессын зарчим Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдана. Энд ойлгох ёстой гол зүйл нь Үндсэн хуулийн эрх зүй нь улс төрийн оролцоо ихтэй, нийгмийн эрх ашиг, гадаад харилцааны бодлоготой шууд уялддаг онцлогтой. Жишээлбэл, Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай тул Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд тухайн асуудлыг зөвхөн эрх зүйн хэм хэмжээгээр бус, улс төр, геополитикийн нөхцөл байдалтай хамтатган харгалзах шаардлагатай болдог. Тиймээс, Үндсэн хуулийн эрх зүйг бусад салбар эрх зүйтэй энгийнээр харьцуулах нь зарим тохиолдолд өрөөсгөл байна.
Үүнээс гадна зайлшгүй дурдах зүйл бол эрүүгийн материаллаг эрх зүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, ял оногдуулах үндэслэл, төрийн ялын бодлогод анхаарал хандуулах бол эрүүгийн процессын эрх зүй нь өмнө нь хэлсэнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам, шүүх, прокурор, мөрдөн байцаалтын ажиллагааг хамаарна. Эрүүгийн процессын эрх зүйг хуучнаар эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйгэж нэрлэж байсан ба энэхүү ойлголт нь орчин үеийн процессын эрх зүйд шингэсэн. Эдгээрээс гадна, нууц аргаар хэрэг илрүүлэх ажиллагаа, тагнуул, цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг гүйцэтгэх ажлын эрх зүй гэх бол, шийтгэлийн эрх зүй гэдэг нь ял эдлүүлэх, шийтгэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг тусдаа салбар юм.
Эдгээрийг харьцуулан авч үзэх нь эрүүгийн эрх зүйн тогтолцооны талаарх цогц ойлголтод хүрэх, тус бүрийн зохицуулалтын цар хүрээг ойлгоход чухал ач холбогдолтой.
Эрүүгийн процессын эрх зүйн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндэс, түүний түүхэн хөгжил, суурь ойлголт, эрүүгийн процессын зарчим, түүнд оролцогч субъектийн эрх зүйн байдал зэрэг өргөн хүрээтэй агуулгыг авч үзнэ.
Юуны өмнө, эрүүгийн процессын эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны чухал нэгэн салбар гэдгийг онцлох хэрэгтэй. Практик хэрэглээ төдийгүй, онолын судалгааны хувьд гүнзгий хийгээд олон талт мэргэжлийн мэдлэг шаардсан салбар билээ. Эрүүгийн процессын эрх зүй нь эрүүгийн хэрэгт холбогдон явагдах ажиллагааг эрх зүйн талаас нь зохицуулсан, тусгай хууль журмаар баталгаажсан, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн цогц систем юм.
Эрүүгийн процессын эрх зүй нь дан ганц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдахгүй. Харин, энэ хуулийн суурилсан онол, цаадах үзэл баримтлал, зарчим, түүхэн хөгжил, эрх зүйн институтын харилцан уялдаа холбоо зэрэг өргөн хүрээг хамарна. Тухайлбал, прокурорын эрх мэдэл, шүүхийн хяналтын үүрэг, мөрдөгчийн бүрэн эрх, өмгөөлөгчийн байр суурь гэх зэрэг сэдэв бүгд эрүүгийн процессын эрх зүйн салбарт багтана.
Иймд эхний ээлжид, эрүүгийн процессын эрх зүйн судалгааны хүрээ, судлагдахууны тухай ойлголтыг авч үзнэ.
Эрүүгийн процессын эрх зүйн үүсэл, хөгжлийн тойм
Эрүүгийн процессын эрх зүй нь орчин үеийн төрийн тогтолцоо бүрэлдэн тогтохоос өмнө үүсэлтэй, түүхэн уламжлал бүхий салбар юм. Хүн төрөлхтний эрх зүйн хөгжлийн түүхэнд шүүхийн ажиллагаа, ял шийтгэл оногдуулах үйл явц, гэм бурууг тогтоох зарчим зэргийг зохицуулах шаардлага үргэлж байсаар иржээ. Тиймээс, эрүүгийн процессын эрх зүй нь шүүх эрх мэдэл тогтсон цаг үеэс эхтэй, зөвхөн өнөө цагийн ойлголт биш, харин хууль зүйн түүхэн хөгжлийн нэгээхэн хэсэг юм.
Эртний Ромын эрх зүй, Наполеоны кодекс, Оросын хаант улсын 1864 оны шүүхийн реформ зэрэг нь эрүүгийн процессын орчин үеийн тогтолцоонд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Монгол Улсын хувьд XX зууны эхэн үеэс эхлэн хойд хөршийн нөлөөгөөр эрүүгийн процессын эрх зүйн суурь тогтолцоо бүрэлдэж эхэлсэн. Тухайн үед ЗХУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, түүнд үндэслэсэн шүүх, прокурорын байгууллагын загвар манай улсад нэвтэрч, өнөөгийн тогтолцооны суурийг тавьжээ.
Харин эрүүгийн процессын эрх зүйд томоохон өөрчлөлтийг 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн зарчим авчирсан юм. Дэлгэрүүлэн тайлбарлавал, өмнөх социалист чиг баримжаатай, ял тулгахын тулд хэрэг мөрдөх үзэл санаа аажмаар халагдаж, хүний эрхийн баталгаа болсон, шүүхийн хяналтыг төв болгосон процессын шинэ хандлага нэвтэрсэн байна. Ингэснээр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү ил тод, шударга, хууль ёсны үндэслэлтэй явуулах нөхцөл бүрдсэн байна.
Түүхэн хөгжлийн тойм нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн үндсийн эх, хэлбэржилт, орсон нөлөөлөл, туулсан шилжилтийн зам зэргийг ойлгоход чухал ач холбогдолтой билээ.
Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс
Эрүүгийн процессын эрх зүйн онолын хүрээнд хамруулан судлах үндсэн ойлголт байна. Үүнд:
Эрүүгийн процессын зорилго юу вэ?
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яагаад заавал хуульчлагдсан журамтай байх ёстой вэ?
Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах вэ?
Эдгээр асуулт тус бүр нь онолын түвшинд тайлбарлагдаж, практикт хэрэгжих суурь зарчмын үндэс болно. Тухайлбал, эрүүгийн процессын эрх зүйн үндсэн зорилго нь гэм буруутай этгээдийг хууль ёсны дагуу тогтоох, гэм зэмгүй хүнийг хамгаалах, хүний эрхийг хангах, шударга шүүхийн зарчмыг хэрэгжүүлэх явдал юм.
Энэ үйл явц нь зөвхөн шүүхийн шатаар хязгаарлагдахгүй. Харин мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, урьдчилсан хэлэлцүүлэг, өмгөөлөгчийн оролцоо зэрэг бүхий л үе шатанд өрнөх нэгдмэл, цогц процессын зохицуулалт юм. Тиймээс, эрүүгийн процессын эрх зүйг зөвхөн шүүхийн ажиллагаа гэж явцууруулан ойлгох бус, харин тухайн хэрэг эрх зүйн хүрээнд хэрхэн судлагдан шийдвэрлэгдэж буй бүхэл бүтэн үйл явц хэмээн ойлгох нь зүйтэй.
Эрүүгийн процессын онолын үндэс нь энэ салбарын шинжлэх ухааны оршихуйн суурь агуулга бөгөөд олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүй, хүний эрхийн онол зэрэг олон чиглэлтэй уялдана. Тухайлбал, эрүүгийн процессын эрх зүй нь тухайн улсын эрх зүйн тогтолцооны үнэт зүйлийг шингээсэн байх тул түүний зарчим нь зөвхөн хуулийн заалтаар хязгаарлагдахгүй, харин эрх зүйн философид үндэслэгдэнэ.
Мөн эрүүгийн процессын онол нь шүүхийн хяналтын ач холбогдлыг онцлон тодорхойлно. Энэ хүрээнд “due process of law” буюу хууль ёсны журмын дагуу шүүлгэх эрх, “presumption of innocence” буюу гэм буруугүйд тооцох зарчим, нотлох баримтын шинжлэх ухаанч үнэлгээ буюу “scientific evaluation of evidence” зэрэг нь онолын хувьд гүнзгий судлагдана.
Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс нь практик хэрэгжилттэй салшгүй холбоотой бөгөөд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны хэм хэмжээ, хуульчдын ёс зүй, шүүхийн итгэлцэл, шударга байдлыг хэмжих шалгуур болно. Энэ утгаараа, процессын эрх зүйн онол нь хууль зүйн системийн цөмд оршдог, хүний эрх, шударга ёс, эрх зүйн шударга тогтолцоог бий болгох баталгаа юм.
Иймд эдгээр асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд энэхүү удиртгал хэсэгт гол ойлголтыг онолын түвшинд танилцуулж, чиг баримжаа өгөх зорилго агуулав.
Эрүүгийн процессын оролцогч талууд ба тэдний эрх зүйн байр суурь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасны дагуу тодорхой эрх, үүрэгтэй, эрх зүйн харилцаанд ялгаатай байр суурьтай гурван үндсэн бүлэгт ангилж болох хэд хэдэн оролцогч тал байна.
Хэрэг хянан шийдвэрлэгч субъект → шүүх, прокурор, мөрдөгч;
Эрх ашгаа хамгаалуулах этгээд → сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч;
Бусад этгээд → хохирогч, гэрч, шинжээч, орчуулагч зэрэг.
Шүүх бол эрүүгийн процессын төв байр суурь эзлэх оролцогч бөгөөд хэргийг шүүн таслах, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага юм. Шүүхийн үйл ажиллагаа нь хууль ёсны байдал, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хараат бус байдлын зарчимд тулгуурлана.
Прокурор нь хэрэгт хяналт тавих, мөрдөн байцаалтын ажиллагаанд удирдлага, хяналт хэрэгжүүлэх, яллах дүгнэлт гаргах, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрх бүхий субъект юм. Тэрээр эрүүгийн хариуцлагын бодлого хэрэгжүүлэгчийн хувьд процессын төв зангилаанд оршино.
Мөрдөгч нь эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулах, нотлох баримт цуглуулах, шинжилгээ хийх, баривчлах, нэгжих зэрэг хуульд заасан процессын ажиллагааг гүйцэтгэнэ. Түүний бүрэн эрх нь прокурорын хяналтад байх бөгөөд шүүхийн зөвшөөрлөөр хязгаарлагдана.
Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаагаар хангах үүрэгтэй бөгөөд тэднийг төлөөлөн процессын бүхий л шатанд оролцоно. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн үндсэн баталгаа болно. Өмгөөллийн оролцоо нь процессын тэнцвэрт байдлыг хангах чухал механизмын нэг юм.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт гаргах, өмгөөлүүлэх эрхтэй. Тэдгээр этгээд гэм буруугүй байх презумпцийн дор оршдог бөгөөд тэдний эрхийг зөрчихгүйгээр процесс явагдах ёстой.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол амссан этгээд бөгөөд үнэнийг тогтооход чиглэсэн ажиллагаанд оролцох, шаардлага тавих, нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэрч, шинжээч, орчуулагч зэрэг этгээд нь нотлох баримт бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төвийг сахисан, нэмэлт чиг үүрэг бүхий оролцогч байна.
Оролцогч талуудын хоорондын эрх зүйн зохистой харилцаа, эрх, үүргийн тэнцвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга, ил тод, хууль ёсны байдлыг хангах суурь нөхцөл болно. Эдгээр оролцогчийн эрх зүйн байр суурийг оновчтой тодорхойлох нь эрх зүйн зохицуулалтын цөм асуудал бөгөөд үүн дээр тулгуурлан шүүхийн тогтолцоо, итгэлцэл, хүний эрхийн хамгаалалт зэрэг хүчин зүйл шууд хамааралтай байна.
Эрүүгийн процессын зарчим
Эрүүгийн процессын ажиллагаанд удирдамж болох эрх зүйн суурь санааг процессын зарчим гэнэ. Эдгээр нь хууль тогтоомжид тусгагдсан төдийгүй, хүний эрхийн баталгаа болон шударга шүүхийн үндсэн нөхцөл болно. Зарчим нь зөвхөн хууль зүйн ойлголт биш, харин хэргийг шударгаар шийдвэрлэх, хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх тогтолцоог хэрэгжүүлэх механизм юм.
Процессын зарчмыг ерөнхий ба тусгай гэж ангилна.
Ерөнхий зарчим → бүх төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтлэг үйлчилнэ. Жишээ нь, хууль ёсны байдал, шүүхийн хараат бус байдал, хүний эрхийг хүндэтгэх зарчим байна.
Тусгай зарчим → зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна. Жишээ нь, сэжигтэн, яллагдагч өөрийгөө хамгаалуулах эрхтэй байх, хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр буруутайд тооцохгүй байх зарчим үйлчилнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эдгээр зарчмыг тусгай бүлгээр тодорхой заасан. Мөн эдгээр нь 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчимтай нягт уялдсан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэх суурь зарчмыг хуульчилсан.
Процессын зарчмын хэрэгжилт нь зөвхөн хуульчдын мэргэжлийн ур чадвараас хамаарахгүй. Харин шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч бүр зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, түүний агуулгыг бодитоор хүндэтгэж байж эрх зүйт төр, шударга шүүхийн тогтолцоо бэхэждэг байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэд хэдэн үе шаттай. Шат бүр нь өөрийн онцлог, зорилготой бөгөөд тухайн үе шатанд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой хууль, журмаар зохицуулагдана. Үе шат бүр хууль ёсны үндэслэлтэй, хүний эрхийг хүндэтгэсэн, нотлох баримтад тулгуурласан байх шаардлагатай.
Гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл хүлээн авах ба бүртгэх ажиллагаа → Энэ үед иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, мэдэгдлийн дагуу хэрэг бүртгэх байгууллага ажиллагаа явуулж эхэлнэ.
Урьдчилсан хэлэлцүүлэг → Шүүхээс өмнөх ажиллагаа бөгөөд нотлох баримт бүрдүүлэх, сэжигтэн тогтоох, яллагдагчаар татах зэрэг шийдвэр гаргана. Энэ шатанд прокурорын хяналт идэвхтэй хэрэгжинэ.
Шүүхийн хэлэлцүүлэг → Хэрэг шүүхэд шилжсэнээр шүүхийн шат эхэлнэ. Шүүгч нотлох баримтыг нягтлан үзэж, оролцогчдын байр суурийг сонсож, хэргийг шийдвэрлэнэ.
Шүүхийн шийдвэр, түүний биелэлт → Шүүхийн шийдвэр гарсны дараа ялын биелэлт хангагдаж байгаа эсэх, эсвэл давж заалдах эрхийг хэрэгжүүлэх үйл явц явагдана.
Гомдол гаргах, хяналтын шатны ажиллагаа → Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийг оролцогч талууд эдэлнэ. Энэ шатанд өмнөх шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломж бий.
Эдгээр үе шат бүрд процессын зарчим, оролцогчийн эрх, хууль ёсны ажиллагааны нөхцөл бүрэн хангагдсан байх нь эрүүгийн процессын үр нөлөөтэй, шударга байдалд хүрэх гол баталгаа болно.
Нотлох баримтын үнэлгээ ба хүний эрхийн баталгаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв шийдвэр гаргах үндэс нь нотлох баримтад суурилна. Шүүх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу цуглуулсан эсэх, үнэн зөв эсэх, хэрэгт хамааралтай эсэх зэргийг нарийвчлан шалгаж, бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Нотлох баримтыг үнэлэхэд баримтлах зарчим байна.
Баримт нь хууль ёсны эх үүсвэртэй байх;
Хүний эрх зөрчих замаар олж авсан баримтыг хэрэглэхгүй байх;
Тухайн баримтыг бүрэн, бодитой, хооронд нь уялдаа холбоотойгоор судлах.
Хүний эрхийн баталгаа нь эрүүгийн процессын бүх үе шатанд нэгэн адил чухал. Ялангуяа сэжигтэн, яллагдагч нь эрүү шүүлтээс ангид байх эрх; хувийн халдашгүй байдлын эрх; өмгөөлөгч авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх зэрэг нь олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцсэн байдлаар хамгаалагдах ёстой.
Процессын үед эдгээр эрхийг зөрчих тохиолдолд нотлох баримт хүчингүйд тооцогдох бөгөөд процессын бүх шатанд хүний эрхийг дээдэлсэн зарчим баримтлах шаардлагатай юм.
Дүгнэлт ба сэдвийн уялдаа
Материаллаг эрх зүйн ойлголтыг энгийнээр, тодорхойлолт гэж авч үзэж болох бол, амьдрал дээр бодит хэрэглээтэй болж, эрх зүйн зохицуулалт болохын тулд процессын эрх зүй зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс, эрх зүйн тогтолцоонд процессын эрх зүй нь амин чухал байр суурь эзэлнэ. Энэ нь хууль хэрэгжих эсэх, нийгмийн харилцааг жинхэнэ утгаар нь зохицуулах хүчин чадалтай байх эсэхийг шийднэ.
Эрүүгийн процессын эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны онол, практик, хүний эрх, төрийн эрх мэдлийн зохистой тэнцвэрийг нэгтгэсэн чухал салбар гэдгийг бүх талаас нь тайлбарлаж хүргэв. Процессын үе шат бүрд хүний эрх, хууль ёсны үндэслэл, нотлох баримтын найдвартай байдал зэрэг хүчин зүйл нэгэн цогц болсноор шударга шүүхийн үндэс суурь тавигдана.
Эрүүгийн процессын эрх зүйн суурь ойлголтыг бүрэн гүйцэт, зөв ойлгож, харилцан уялдаатайгаар хүлээн авч сурах нь хуульч мэргэжилтний хувьд зайлшгүй эзэмшсэн байх чадвар юм. Тухайлбал:
Процессын зарчим нь зөвхөн хуульд туссан заалт биш, харин шүүн таслах үйл ажиллагаанд мөрдөх зааварчилгаа;
Оролцогч талуудын эрх зүйн байр суурь нь процессын динамикт шууд нөлөөлнө;
Нотлох баримт, шүүхийн үнэлгээ нь бодит үнэнийг тогтоох, шийдвэрийн хууль ёсны үндэслэл болох гол тулгуур.
Эдгээрийг уялдуулах чадвар нь зөвхөн хууль унших биш, харин сэтгэн бодох, кейс дээр ажиллах, хүний эрхийг зөрчихгүй байх эрх зүйн сэтгэлгээний эхлэл болно. Хуульч хүн зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, эрх зүйн шинжилгээ хийж, үндэслэлтэй дүгнэлт гаргаж чаддаг сэтгэлгээтэй байхыг зорих ёстой.
Энэхүү удиртгал нь академик судалгааны агуулгад суурь тавьж, чиг баримжаа өгөх, анхдагч суурь ойлголтыг системтэйгээр төлөвшүүлэх зорилго агуулсан гэдгийг хэлээд төгсгөе!
Ж.Танан
***

#ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнПроцессынЭрхЗүй #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхХууль #Зарчим #Хуульч #Өмгөөлөгч #Шүүгч #Прокурор #Гэрч #Сэжигтэн #Яллагдагч #Шийтгэл #ШүүхХурал #Мөрдөгч #Арбитр #ЗөрчлийнЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #АкадемикСудалгаа #ХүнийЭрх #НотлохБаримт #ЭрхЗүйнБайрСуурь #ШударгаЁс #СалбарЭрхЗүй #ЭрхЗүйнСэтгэлгээ #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ГэмтХэрэг #УрьдчилсанХэлэлцүүлэг #ШүүхийнШийдвэр #ХяналтынШатныАжиллагаа #Гомдол #Хохирогч #МатериаллагЭрхЗүй


😁