top of page

Амьсгал бүр = Алдагдсан боломж

  • Writer: Б.Дайриймаа
    Б.Дайриймаа
  • May 23
  • 7 min read


Оршил

Энэ нийтлэлийг Хүрээлэн буй орчны сорилтууд (Environmental Challenges) сэтгүүлд хэвлэгдсэн, судлаач А.Баярбилэг, Dil B.Rahut, Subhasis Bera нарын “Амьсгалын үнэ цэн: Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэрхэн бууруулж байна вэ?” судалгааны гол агуулга, үр дүнг танилцуулах, түүнчлэн судалгааны гол сургамж, судалгааны хязгаарлалт, цаашдын судалгааны чиглэл, агаарын бохирдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор бичив.


Судлаачид Монгол Улсын Хөдөлмөрийн хүчний судалгаа болон агаарын чанарын өндөр нарийвчлалтай өгөгдлийг ашиглаж, агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтийг богино хугацаанд хэрхэн бууруулж буйг судалжээ. Ийнхүү судлахдаа хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудал болсон агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг олж тогтоох зорилго дэвшүүлсэн байна. Судалгаанд Улаанбаатар хотын өвлийн улирлын утаа нь иргэдийн эрүүл мэнд, ажиллах чадварт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хувьд бодит хохирол учруулж байгааг тэмдэглэсэн байна.


Судалгааны тойм

Хөгжингүй орнууд технологийн тусламжтайгаар утааг багасгаж чадаж байгаа бол хөгжиж буй орнууд ийм боломжгүй байна. Монголд хийгдсэн судалгаанууд эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, утааны эх үүсвэрт төвлөрсөн бол, харин тус судалгаа нь агаарын бохирдлын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө буюу эдийн засгийн хохирлыг нарийвчлан тооцоолохыг зорьжээ.


Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдал

Улаанбаатар хотын хүн амын тал хувь нь төвийн дулаанд холбогдоогүй гэр хороололд нүүрс, мод түлж амьдардаг. Өвлийн улиралд дулааны хэм -30°C хүрэх үед нүүрсний хэрэглээ эрс нэмэгдэж, үүний улмаас утаа ихээр ялгардаг. Улаанбаатар хот нь газарзүйн хувьд сав газарт байрлах тул агаарын бохирдлыг хашиж үлдээдэг. Агаарын бохирдлын хэмжээ жилийн 300 орчим өдөр ДЭМБ-ын зөвлөмжөөс хэтэрдэг, улмаар ялангуяа хүүхэд, өндөр настай иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг байна.


Судалгааны өгөгдөл ба аргачлал

Өгөгдөл: 2014–2018 оны Хөдөлмөрийн нийлүүлэлтийн судалгаа, Агаарын чанарын станцуудын мэдээлэл, цаг агаарын мэдээ зэргийг ашигласан.

Үндсэн үзүүлэлт: Ажилласан 7 хоногийн нийт цаг.

Статистикийн загвар: Давхар хаалттай загвар (Double-hurdle), Тобит загвар (Tobit), мөн салхины хурдыг ашигласан инструмент хувьсагчийн хоёр шатат загварын (Instrumental Variable using wind speed) тусламжтай агаарын бохирдол хөдөлмөрийн цагт хэрхэн нөлөөлж байгааг шинжлэн тогтоосон байна. Салхи нь агаарын бохирдлыг сийрэгжүүлэх, тараах замаар шууд бус нөлөө үзүүлдэг тул бодит шалтгаант хувьсагч болгон авчээ.


Судалгааны үр дүн

  • Инструмент хувьсагч ашиглахад SO₂ буюу хүхрийн давхар исэл нь хөдөлмөрийн цагт хамгийн хүчтэй сөрөг нөлөөтэй байжээ.

  • SO₂ буюу хүхрийн давхар исэл нэгжээр нэмэгдэхэд ажлын цаг 7 хоногт дунджаар 30 минут багассан байна.

  • Үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол нь 2014–2018 онд жилд дунджаар 81.2 тэрбум төгрөг (~36 сая ам.доллар) буюу ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэнэ.


Агаарын бохирдлын нөлөөлөл

  • Эмэгтэйчүүд, ялангуяа 6-аас доош насны хүүхэдтэй бол хөдөлмөрийн оролцоо эрс багассан.

  • Гадна орчинд ажил эрхлэгчид (барилга, зам засвар г.м.) байшин барилга дотор ажилладаг хүмүүстэй харьцуулахад илүү мэдрэмтгий гарчээ.

  • 40-өөс доош насны залуусын хөдөлмөрийн цаг агаарын бохирдлоос хамаарч илүү багассан байна.


Эдийн засгийн хохирол

  • Агаарын бохирдлоос үүдэлтэй хөдөлмөрийн цаг бууралтаас үүдэн Монгол Улс жилд дунджаар 36 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ДНБ-ийг алджээ.

  • Агаарын бохирдол их үед хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн эрүүл мэндийн зардал, ар гэртээ асаргаа үзүүлэх зэргээр шууд ба шууд бус эдийн засгийн ачаалал нэмэгддэг байна.


Дүгнэлт ба бодлогын зөвлөмж

Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд бодит хохирол үзүүлж буйг нотолсон. Агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой арга хэмжээг санал болгожээ.


  1. Агаарын чанарын хяналтыг сайжруулах, хяналтын станцын тоог нэмэгдүүлэх;

  2. Ногоон байр, цахилгаан халаалттай орон сууцыг дэмжих бодлого хэрэгжүүлэх;

  3. Гэр хорооллын иргэдэд зориулсан цэвэр түлш, сайжруулсан зуух, цахилгаан халаагуурыг нэвтрүүлэх;

  4. Иргэдийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг бий болгох;

  5. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх (мод тарих, цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэх);

  6. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, нүүрснээс аажмаар татгалзах бодлого хэрэгжүүлэх.


Энэхүү хураангуй нь А.Баярбилэг, Dil B.Rahut, Subhasis Bera нарын  нарын “Амьсгал боогдуулсан аюул: Агаарын бохирдол Улаанбаатар хот дахь хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэрхэн бууруулж байна вэ?” нэртэй судалгааны бүтээлийн агуулгад үндэслэсэн болно. Үүнд тусгагдсан мэдээлэл, тоон баримт, үндсэн дүгнэлтүүд нь судалгааны өгүүллээс шууд эш татан, судалгаанд дурдсан баримтат эх сурвалжуудаар баталгаажсан болно. Судалгааны үр дүн болон бодлогын зөвлөмжүүд нь зохиогчдын шинжилгээнд суурилсан бөгөөд ДЭМБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын статистик мэдээллээр нөхөж тайлбарласан болно. Бүх эшлэл, тоон үзүүлэлтийг эх нийтлэлээс авсан бөгөөд эх сурвалжийг алдагдуулалгүй, үнэн зөв тусгахыг зорьсон болно.


Судалгааны хязгаарлалт (Limitations)

Тус судалгаа нь агаарын бохирдлын хөдөлмөрийн нийлүүлэлтэд үзүүлэх богино хугацааны нөлөөг тоон аргаар анх удаа харуулсан онцлог давуу талтай ч, судалгааны арга зүй, ашигласан өгөгдөл болон хамрах хүрээтэй холбоотой хэд хэдэн хязгаарлалт байв. Судалгааны үр дүнг бодлогын шийдвэр гаргахад хэрэглэхдээ эдгээр хязгаарлалт, нөхцөл, хамаарлыг харгалзан үзэх нь чухал юм. Тус судалгааны гол хязгаарлалтуудыг ангилан тайлбарлав.


  1. Түүвэр: Судалгаанд давтагдан хэмжсэн өгөгдөл (panel data) биш, харин жил бүрийн өөр түүвэрт суурилсан хавсаргасан хөндлөн огтлолын өгөгдөл (pooled cross-section) буюу энгийнээр хэлбэл, жил бүр өөр хүнээс авсан мэдээллийг ашигласан. Тодруулбал, 2014–2018 оны Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа нь жил бүр өөр бүлгийг хамарсан. Ингэснээр, хувь хүний тогтмол, нууцлаг хүчин зүйлийн (unobserved heterogeneity) нөлөөг статистикийн аргаар ялгаж авч үзэх боломж хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, хувь хүний хэмжигдэхгүй, тогтвортой зан төлөв, шинж чанарын байнгын нөлөөг тусган тооцох, бүрэн хянах боломж бүрдээгүй нь загварын хазайлт үүсгэсэн байх эрсдэлтэй.


  2. Агаарын бохирдлын бүрэлдэхүүн, бүтцийг ялгаагүй: Агаарын бохирдлыг зөвхөн SO₂ буюу хүхрийн хэт ислээр төлөөлүүлсэн. Гэтэл эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт илүү хүчтэй сөрөг нөлөөтэй, PM2.5 буюу агаар дахь 2.5 мкм-ээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор, NO₂ буюу азотын давхар исэл, CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл, O₃ буюу озоны агууламж зэрэг бусад агаарын бохирдуулагчийг хамруулж судлаагүй. Цаашилбал, агаарын найрлагын өөрчлөлт, улирлын зөрүүг илүү нарийвчлан харуулж чадаагүй.


  3. Зөвхөн богино хугацааны нөлөөгөөр хязгаарлагдсан: Ажлын цаг 7 хоногоор хэмжсэн хэдий ч удаан хугацааны бүтээмж, орлого, мэргэжлийн замналд үзүүлэх нөлөө тусгагдаагүй.


  4. Инструмент хувьсагчийн эндогени (exogeneity) бүрэн батлагдаагүй: Салхины хурд нь SO₂ буюу хүхрийн хэт исэлд нөлөөлөх нь ойлгомжтой боловч гэр хороолол, дэд бүтэц хөгжөөгүй бүсэд салхины хурд нь амьдралын нөхцөлтэй шууд хамааралгүй байж болно. Энгийнээр хэлбэл, салхи нь шалтгаант хувьсагчийн шалгуурыг бүрэн хангаагүй.


  5. Нийгмийн бүлэг доторх ялгаа гүнзгийрүүлээгүй: Эмэгтэйчүүд, залуус, гадаа ажилладаг хүмүүс гэх зэргээр бүлгийг ялгасан ч хөдөө ба хот, албан ёсны ба албан бус хөдөлмөр, сүүдрийн эдийн засаг зэрэг нарийн дэд бүлгийг тусгайлан судлаагүй байна.


    Орхигдуулсан судлагдахууныг нэгтгэн хүснэгтэд харуулав.


    Хүснэгт 1 Орхигдуулсан судлагдахуун

Боломж

Яагаад чухал вэ?

Удаан хугацааны бүтээмж, орлого                      

Богино хугацааны цалингийн хорогдол төдийгүй карьерын нөлөөллийг харгалзах нь зөв.

PM2.5 зэрэг бусад бохирдуулагч                   

Монголд PM2.5 маш өндөр, эрүүл мэндийн гол аюул үүсгэгч.

Эрүүл мэндийн хандалт + хөдөлмөр                     

Агаар муу үед өвдөөд эмнэлэгт очиж үзүүлэх нь хөдөлмөрийн шийдвэрт нөлөөлж болно.

Сэтгэлзүйн нөлөө, стресс

Ажиллах хүсэл, идэвх буурах нь цэвэр физиологи биш, сэтгэлзүйн нөлөөтэй байж болзошгүй.

Утаатай өдрүүдэд хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын бодлого

Засгийн газрын бодлого хөдөлмөрт буфер болж чадаж байна уу гэдгийг хэмжих хэрэгтэй.

Боловсрол, сургуулийн хичээл таслалт ба хожмын хөдөлмөр эрхлэлт

Сурагчийн агаар муу, утаа ихтэй үеийн хичээл таслалт ирээдүйд хөдөлмөрт үзүүлэх нөлөөллийг хэмжиж болох юм.   

Цаашдын судалгааны чиглэл

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг богино хугацааны хөдөлмөрийн хариу үйлдлийн түвшинд анх удаа тоон загварын аргаар нарийвчлан харуулсан онцлогтой. Судалгааны үр дүн нь агаарын бохирдол ажлын цагийг бууруулж, хөдөлмөрийн нийлүүлэлтийг багасгаж байгааг баталгаажуулсан нь бодлогын түвшинд чухал суурь баримт болж байна.


Гэсэн хэдий ч уг судалгаа нь зөвхөн 7 хоногийн ажлын цагт суурилсан богино хугацааны нөлөөг харуулсан тул, удаан хугацааны бүтээмж, эрүүл мэндийн доройтол, сэтгэлзүйн хандлага, иргэдийн хөдөлмөрлөх сонголт, ажлын байраа солих шийдвэр зэрэг илүү нарийн, урт хугацааны үр нөлөөг тусгаагүй байна. Цаашид хувь хүний хөдөлмөрийн оролцоонд нөлөөлөх урт хугацааны зан төлөв, эрүүл мэндийн хуримтлагдах хохирол, хөдөлмөрийн зах зээлийн дасан зохицол зэрэг хүчин зүйлийг багтаасан, өргөтгөсөн судалгааг хийх нь зүйтэй.


Хөдөлмөрийн зах зээл сорилтод орсон үед, ялангуяа агаарын бохирдол ихтэй улиралд нийгмийн хамгааллын тогтолцоог хэрхэн оновчтой ажиллуулах вэ гэдэг нь цаашдын судалгааны чухал чиглэл юм. Уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах зохицуулалт, эрүүл мэндийн тэтгэмж, хөдөлмөрийн эрсдэлийн нөхөн олговор зэрэг бодлого, хөтөлбөрүүд агаарын бохирдолд өртсөн бүлгүүдийг хамгаалахад хувь нэмэр оруулж болохыг бодит баримтад тулгуурлан судлах шаардлагатай.


Үүнтэй уялдаатай судалгааны өөр нэг чиглэл бол агаарын бохирдлын улмаас үүссэн боловсролын тасалдлын ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөллийг судалж, боловсролын салбар дахь хариу арга хэмжээг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл өгөх боломжтой. Тодруулбал, агаарын бохирдлоос үүдэн хүүхдүүд хичээл таслах тохиолдол ихсэж буй нь урт хугацаандаа боловсролын чанар, үргэлжлэх чадвар, хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.


Хүрээлэн буй орчинтой холбоотойгоор судалгааг өргөжүүлэн, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг илүү бодитой, иж бүрэн үнэлэхийн тулд зөвхөн PM2.5 буюу агаар дахь 2.5 мкм-ээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор, NO₂ буюу азотын давхар ислээр хязгаарлах бус, PM2.5 буюу агаар дахь 2.5 мкм-ээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор, NO₂ буюу азотын давхар исэл зэрэг бусад гол агаар бохирдуулагчийг хамруулах шаардлагатай. Эдгээр бодис нь хүний эрүүл мэнд, ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл, амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлдөг тул олон төрлийн бохирдуулагчийг зэрэг харгалзан үзсэн загвар илүү оновчтой дүгнэлт гаргах үндэс болно.


Түүнчлэн статистик өгөгдлийг илүү нарийвчлан цуглуулж, богино хугацааны ажлын цагийн бууралтад үзүүлэх нөлөөнөөс гадна хувь хүний түвшинд илрэх урт хугацааны зан төлөв, хандлагын өөрчлөлтийг судлах нь чухал. Үүний тулд цуваа өгөгдөл ашиглан тухайн хүнд үзүүлэх тогтмол (fixed) нөлөөг хянаж, хувь хүнд агаарын бохирдол ялгаатай нөлөөлж байгааг нарийвчлан шинжлэх шаардлагатай. Ингэснээр нийгмийн бүлгүүдийн ялгааг илүү оновчтой илрүүлэх суурь болно.


Бид юу хийж чадах вэ?

Нэн тэргүүнд, өдөр тутмын амьдралдаа нийтийн тээврийг сонгож, хувийн автомашины хэрэглээг багасгах нь агаарын бохирдлыг бууруулах шууд бөгөөд бодит алхам болно. Тээврийн салбар нь бохирдлын томоохон эх үүсвэрийн нэг тул иргэн бүрийн дор бүрнээ хийж буй сонголт чухал нөлөөтэй. Үүний зэрэгцээ цахилгаан болон хийн түлшээр ажилладаг нийтийн тээврийн хүртээмжийг дэмжих бодлогод дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.


Гэр хорооллын бүсэд түүхий нүүрсний хэрэглээг халж, цахилгаан болон шингэрүүлсэн түлшний хэрэглээг өргөжүүлэх нь эрүүл орчны үндэс болно. Иргэн бүр цахилгаан халаалтыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх талаар засгаас дэмжлэгийг шаардах нь зүй. Түүнчлэн, иргэд өөрсдөө мэдээлэлтэй, хариуцлагатай байж, утааг нэмэгдүүлэх биш бууруулах шийдлийг сонгох нь чухал байна.


Агаар шүүн цэвэршүүлэх байгалийн хүчин зүйл болох мод, ногоон байгууламжийн нэмэгдүүлэх нь агаарын бохирдлын нөлөөг саармагжуулах урт хугацааны шийдэл юм. Үүнийг зөвхөн хот төлөвлөлтийн байгууллагын үүрэг хэмээн хүлээн авах бус, харин оршин суугч бүрийн оролцоотой хэрэгжих ажил гэж үзэн хүн бүр мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Ногоон бүсийг хамгаалах, хог хаягдал багасгах, уур амьсгалд ээлтэй орчныг бүрдүүлэхэд иргэний оролцоо зайлшгүй билээ.


Агаарын бохирдол бол ганцхан өвлийн улирлын асуудал бус, жил бүр давтагддаг амьдралын чанарыг хөндсөн ноцтой аюул юм. Иймд бодлого боловсруулагчдаас тодорхой хариуцлага, үр дүн шаардаж, төсөв, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих нь иргэдийн оролцооны нэг хэлбэр. Судалгаа, статистикт тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй ил тод бодлого шаардах нь иргэдийн хамтын үүрэг юм.


Хамгийн гол нь хүн болгон хүн бүрийн хийж чадах зүйл бол агаарын бохирдлын хор уршгийг өөрөө мэдээд өнгөрөх биш, бусдад мэдлэг, мэдээллийг түгээж, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал. Иргэн бүр энэ асуудлыг хөндөж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд залуусыг мэдээлэллээр хангах, өөрийн орчинд шийдлийг эрэлхийлэх зэргээр эерэг давлагаа үүсгэх боломжтой. Нэг хүний үйлдэл бага мэт санагдаж болох ч олон хүний ухамсарт үйлдэл нийлж байж том өөрчлөлт авчирна.


Дүгнэлт

Энэхүү нийтлэлийг бичих нь миний хувьд зөвхөн академик ажлын нэг хэсэг бус, нийгмийн өмнө хүлээх иргэний ухамсарт үүргийн илрэл байлаа. Судалгаанд тулгуурласан ойлголт, тоон баримт, урам өгсөн санаануудыг бусадтай хуваалцах нь нийгмийн мэдлэг, хамтын ухамсрыг дэмжих нэг хэлбэр юм. Энэ бол бидний хэн хэнд нь хамаатай, хойш суух бус оролцох ёстой сэдэв билээ.


Хүн эрхтэй байж болно, бусдын эрхийг хүндэлж болно, гэхдээ үүнээс ч илүү суурь ухамсар бол байгаль дэлхийгээ, амьсгалж буй агаараа хайрлах, хамгаалах, ирээдүйд өвлүүлэн үлдээх үүрэг юм. Бид зөвхөн өөрийн төлөө бус, үр хүүхдүүд, хойч үеийн амьдрах эрхийн төлөө өнөөдөр бодож, цаг алдалгүй үйлдэл хийх ёстой.


Тиймээс энэ нийтлэлээр дамжуулан нийтэд мэдлэг түгээх, нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьсон төдийгүй, “Амьсгал бүр = Алдагдсан боломж” гэсэн энгийн хэр нь гүн гүнзгий уриалгыг хүргэж байна. Байгаль эх бол бидний эрх чөлөөний үндэс, харин агаар бол оршихуйн эхлэл юм.


Хуульч Шувуухайн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй энэхүү ажлыг бусадтай хуваалцаж, мэдлэг түгээх, ухамсар нэмэгдүүлэх, эцэст нь амьсгалж буй агаараа хайрлах хамтын орон зайг бий болгоцгооё! Энэ нийтлэл болон Youtube видеонд Like дараад, Share хийж найзууддаа түгээгээрэй. Нэг ч болов хүнд хүргэснээр бид хамтдаа том өөрчлөлтийг эхлүүлж чадна. 🌿🕊️

Б.Дайриймаа




Амьсгал бүр = Алдагдсан боломж

#LawyerBirdie #ХуульчШувуухай #АмьсгалынҮнэЦэн #АгаарынБохирдол #Утаа #УлаанбаатарУтаа #ЦэвэрАгаар #ЭрүүлОрчин #ЭрүүлМэнд #ЭдийнЗасаг #ХөдөлмөрийнНийлүүлэлт #ХөдөлмөрийнЭрүүлМэнд #АгаарынЧанар #НийгмийнХариуцлага #БайгальОрчныСорилт #ТүүхийНүүрс #ЦахилгаанСтанц #ДулааныСтанц #ЭрүүлАжиллахОрчин #ХөдөлмөрийнЗахЗээл #ХөдөлмөрийнЦаг #АмьдралынЧанар #ОрчныБохирдол #Экологи #ЭкологийнЭрсдэл #Агаар #Судалгаа #УтааныНөлөө #МэргэжлийнХураангуй #СудалгаандТулгуурласан #БодлогынШийдэл #АкадемикКонтент #СудалгааныХураангуй #ТайлбарТанилцуулга #ХүнийХөгжил #АмьдрахОронЗай #АгаарынБохирдлынЭсрэг #ОрчныАюулгүйБайдал #ИргэнийОролцоо #БайгальОрчныБодлого #ТогтвортойХөгжил #СайнДурынИдэвх #ИрээдүйнТөлөө #СэтгэлСанаа #БодитНөлөө #МэдлэгТүгээе #БоловсролТүгээе #МэдрэмжтэйМэдлэг #МэдлэгТүгээхҮйлс


Амьсгал бүр = Алдагдсан боломж

Амьсгал бүр = Алдагдсан боломж постерийг татаж аваад тараагаарай!

Амьсгал бүр = Алдагдсан боломж

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Jun 04
Rated 5 out of 5 stars.

👍

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page