top of page

Хайлтын үр дүн

213 results found with an empty search

  • Дипломат харилцааны тухай Венийн конвенц

    1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц нь геополитикийн өөрчлөлт, дэлхийн улс орнуудын харилцан уялдаа холбоо улам бүр өсөн нэмэгдэж буй үед бий болсон тусгаар тогтносон улс орнуудын дипломат харилцааг зохицуулах олон улсын эрх зүйн тулгын чулуу юм. Дэлхийн II дайны дараа болон Хүйтэн дайны үед дипломат харилцааг зохицуулах иж бүрэн, стандартчилсан тогтолцоо хэрэгцээтэй гэдэг нь улам бүр тодорхой болсон байдаг. Үүнтэй холбогдуулан, дэлхийн өнцөг булан бүрээс дипломатууд, хуулийн мэргэжилтнүүд Вена хотод чуулж, олон улсын дипломат ажиллагаа явуулахад улсууд болон тэдгээрийн төлөөлөгчдийн эрх, үүргийг хуульчлах гэрээний төслийг боловсруулжээ. Энэхүү конвенц нь иж бүрэн бүтэц, нарийн заалтуудаараа дипломат төлөөлөгчийн газар байгуулах, хадгалах, дуусгавар болгох, түүнчлэн дипломат төлөөлөгчдөд олгох эрх ямба, халдашгүй байдлын эрх зүйн үндсийг бүрдүүлдэг. Дипломат харилцааг стандартчилах төдийгүй улс хоорондын харилцан хүндэтгэл, ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн, Венийн конвенцод орчин үеийн олон улсын нийтийн эрх зүйн эрх тэгш, хөндлөнгөөс оролцохгүй, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмуудыг тусгасан байдаг. Дипломат байрны халдашгүй дархан байдал, харилцаа холбооны эрх чөлөөг баталгаажуулснаар энэхүү гэрээ нь яриа, хэлэлцээ хийх, мөргөлдөөнийг шийдвэрлэх чухал хэрэгсэл болох дипломат харилцааны ариун байдлыг бататгасан. Ингэснээр, маргааныг энхийн замаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, мөргөлдөөн болж хувирах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад томоохон хувь нэмэр оруулж байна. Венийн конвенц нь хууль эрх зүйн шууд үр дагавраас гадна улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх арга хэрэгсэл болох дипломат харилцааны тогтвортой байдлыг гэрчилнэ. Геополитикийн хурцадмал байдал, үндэстэн дамнасан сорилт, бэрхшээлүүд, технологийн хурдацтай дэвшлээр тэмдэглэгдсэн эрин үед гэрээний мөнхийн зарчмууд нь дипломатууд болон төрийн зүтгэлтнүүдийг олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдлыг зохицуулахад чиглүүлсээр байна. Иймээс, Венийн конвенц нь дипломат эрх зүйн салбарын суурь баримт бичиг төдийгүй хүн төрөлхтний энх тайван, шударга, эв найрамдалтай ертөнцийг бий болгох хамтын хүсэл эрмэлзлийн бэлгэдэл юм. Ж.Танан Зүүлт тэмдэглэл Дипломат харилцааны тухай Венийн конвенц (1961 ) https://legalinfo.mn/mn/detail?lawId=1164 Дипломат төлөөлөгчийн газрын эрх дарх (Immunity of Diplomatic Agency) Дипломат төлөөлөгчийн газрын байр, холбоо харилцаа, архив, баримт бичиг халдашгүй дархан байх, татвар буюу албанаас чөлөөлөгдөх, өөрийн улсынхаа сүлд, далбааг ашиглах эрх, дархыг эдэлнэ. Байрны халдашгүй дархан байдал гэдэг нь суугаа орны албаны хүмүүс дипломат төлөөлөгчийн газрын байранд түүний тэргүүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орохыг хориглосон хэрэг юм. Дипломат төлөөлөгчийн газрын өмчийн болон түрээсийн байранд тодорхой төрлийн үйлчилгээний (цахилгаа, ус, хэрэглээний зэрэг) үнэ хөлснөөс бусад улс, орон нутаг, хотын татвараас чөлөөлөгдөнө. Төлөөлөгчийн газрын архив бичиг баримтад ханаа ч, хэзээ ч халдаж үл болно. Төлөөлөгчийн газар өөрийн засгийн газар ба бусад төлөөлөгчийн газартай харилцахдаа тохиромжтой бүх хэрэгсэл, дипломат шуудан, шифрийн холбоог ашиглах эрхтэй. Гэхдээ радио холбоог гагцхүү суугаа орны зөвшөөрөлтэйгөөр тавьж ашиглана. Мөн дипломат төлөөлөгчийн газар, түүний тэргүүн томилогч улсын сүлд далбааг өөрийн байр, унаанд хэрэглэх эрхийг тус тус эдэлнэ. Дипломат эрх, дарх (Diplomatic Immunity) Олон улсын эрх зүй ёсоор гадаадын дипломат төлөөлөгчийн газар, түүний тэргүүн, бусад ажилтанд эдлүүлдэг тусгай эрхийг дипломат эрх, дарх гэнэ. Гадаадын дипломатын төлөөлөгчийн газар үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд үйл ажиллагаа нь суугаа улсын засаг захиргааны байгууллагын хяналтаас чөлөөтэй байх шаардлагатай. Иймд эртнээс нааш олон улсын эрх зүйд элчин сайдын биед нь үл халдах журам тогтжээ. Дипломатын эрх, дархын талаар Дипломат харилцааны тухай Венийн конвенцод заахдаа ийм эрх, дархыг ямар нэг этгээдийн ашиг сонирхлын тулд биш улс гүрнийг төлөөлж байгаа байгууллага Дипломат төлөөлөгчийн газраас үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлэх нөхцөлийг олгож байгаа юм гэжээ. Дипломат эрх, дархыг дипломат төлөөлөгчийн газрын эрх дарх, төлөөлөгчийн газрын ажилтны хувийн эрх дарх гэж ангилан үздэг. Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар: Цагдаагийн Академи. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ДипломатХарилцааныТухайВенийнКонвенц #ВенийнКонвенц #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ОлонУлсынКонвенц #ДипломатХарилцаа #ҮнлэстэнДамнасанСорилт #ТехнологийнХурдацтайДэвшил #ГэрээнийЗарчим #УлсОрнуудынХарилцанОйлголцол #ХамтынАжиллагаа #Геополитик #ТусгаарТогтнол #ДипломатБайрныХалдашгүйДарханБайдал #ХарилцааХолбооныЭрхЧөлөө #ЭрхТэгш #ХөндлөнгөөсОролцохгүйБайх #ЭнхТайвнаарЗэрэгцэнОрших #ОлонУлсынГэрээ #ДэлхийнIIДайн

  • Эрнест Хэмингуэй "Өвгөн тэнгис хоёр"

    Энэхүү алдарт тууж нь далайн эрэгт загасчилж амьдардаг Сантьяго гэх өндөр настай өвгөний ганцаардмал, гунигтай, тэсвэр тэвчээртэй байдлыг харуулжээ. Өвгөнд хань болж, тусалж асарч дэмждэг ганц хүн нь өрөвч сэтгэлтэй нэгэн бяцхан хүү юм. Хүү тавхан настай байхаасаа л өвгөнийг дагаж загасчлах тоног, тор өгөөш зэргийг нь зөөж тусалж ирсэн. Өвгөн дөлгөөхөн хэр нь догшин далайд амь тэмцэн аварга махчин загастай тэмцэж байхдаа ч бяцхан хүүг бодож хязгааргүй их тэсвэр тэвчээр гаргаж гэртээ эсэн мэнд ирнэ. "Өвгөн тэнгис хоёр" нь хүний амьдралын туршлага, арга мэх, тэсвэр тэвчээр ямар хүчтэй болохыг харуулсан гунигтай хэр нь сонирхолтой зохиол юм. 84 өдөр ямар ч олзгүй явсан өвгөн нэг л өдөр газрын бараа харагдахгүй болтол хязгааргүй далайн гүн рүү явна даа гэж боддог байж. Бодсоноороо ч далайд гаран загасчдын цугладаг эргүүлэгт худгийг долоо хоног тойрсон ч олзгүй л байсан тул цааш явж нэгэн том загас барих бөгөөд нэгэнтээ агнаж ачиж дийлэхгүй тул өөрөө үхэж далайн мандал дээр хөвж гарч ирэхийг нь хүлээн олон хоног загасны аясаар далайд хүнс усгүй болтлоо хөвнө. Загас ч өвгөний хүссэнээр үхэж хөвөн гарч ирэх ч гэр лүгээ авч явна гэдэг маш хэцүү даваа болон хувирна. Махчин загасанд олзоо алдахыг хүсэхгүй тэмцэх ч эцэстээ өөрөө гэртээ харихын хүслэн болно. Том загас барих хүсэл нь биелсэн ч гэртээ ирэхэд загасных нь данхар том толгой, урт том илд сүүл, хэдэн яс л үлдсэн байв. Н.Саруул #ӨвгөнТэнгисХоёр #НомынТэмдэглэл #ЭрнестХэмингуей #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХуульчШувуухай #LawyerBirdie #ХөгшинЗагасчин #ТэнгисДалай #ХүнийСорилт #АмьдралынТүүх #ХүчинЧадал #Тэсвэр #ЭрхэмЗорилго #УрлагийнБэлгэдэл #ХэмингуэйнБодол #БайгальБаХүн #ДалайТэмцэл #МарлинЗагас #Загасчин #Тэвчээр #ЗүрхСэтгэлийнТулаан #СэтгэлЗүй #БайгальОрчинТүүх #Тэнгис #ЭрхМэдэл #НомхонБайгалийнДүр #ХэмингуэйнДүрслэл #ГүнУтгаЗохиол #Далай #ЭмгэнэлтЯлалт

  • Эрнест Хэмингуэй “Өвгөн тэнгис хоёр”

    Уг зохиол нь загас барин насаараа ганцаараа амьдардаг Сантьяго гэх өвгөний тухай өгүүлнэ. Түүнд тусалж, ярилцаж хань болдог ганц хүн нь өрөвч сэтгэлтэй 5 настай хүү байлаа. Тэр хоёр хамт загас барихаар далайд гарсан хэдий ч загас барьж чадахгүй байсан тул хүүгийн эцэг эх нь өвгөнтэй далайд гарахыг зөвшөөрөхгүй байв. Сантьяго өвгөн 84 өдөр далайд гарч загас барихаар явсан ч нэг ч загас барьж чадсангүй боловч тэрээр 85 дахь өдрөө далайд гарч загас барихад нэлээд том загас барив. Загасаа алдалгүй барих гэж 3 өдөр 3 шөнө тэмцэлдэж хамаг хүч чадлаа шавхаж, тэсвэр тэвчээр гаргаж, бусад акул загаснуудтай булаацалдан амь тэмцэн гэртээ ирэхэд загасны араг яс чирсээр ирдэг. Энэ нь миний бодлоор хүн амьдралынхаа турш алдар нэр, албан тушаал, эд хөрөнгө гэх мэт хоосон зүйлийн төлөө бүхнээ зориулан түүний төлөө бүх зүйлээ дайчлан тэмцэгддэг хэдий ч эцэс сүүлд нь тэр ердөө хий хоосон зүйл байдгийг харуулахыг зорьж хүмүүст хийж буй зүйлээ ахин тунгаан бодох, эргэцүүлэх, эргэж нэг хараасай гэсэн бодол төрлөө. Хүн өөрийн зорьсон зүйл, утга учиртай зүйлийнхээ төлөө хичээн зүтгэж, бүх цаг зав, хүчин чармайлт, эрч хүч энергиэ зориулан байхад бусад хажуугаас хэмлэж зулгаах, хорлох, хойш татах зэрэг яг л зохиолд гардаг барьсан загас луу акулууд дайрч буй мэт байдаг нь харамсалтай. Сантьяго өвгөн тэр их тэмцэлд дунд амсхийх зуураа “Аз жаргал зардаг газар байвал, жаахан ч гэсэн худалдаж авах сан” гэсэн мөрөөдөлд автаж байдаг. Энэ нь хүн байгаа зүйлдээ сэтгэл хандгүйг харуулж байгааг харуулж байна. Учир нь тэр их тэмцэлдээн дунд хэсэг амралт бас хүчийг сэлбэж өгдөг. Тэгэхээр хүмүүс үргэлж илүү ихийг хүсэж байдгаас болоод өөрт олдох аз жаргалыг анзааралгүй өнгөрдгийг харуулж байна. Түүнчлэн өвгөн амсхийж ахин тэмцэлдээ бэлддэг. Энэ нь "Хүн хэдий шантравч, зорьсон зүйл, хүсэл тэмүүллийг юу ч зогсоож чадахгүй" гэсэн бодол төрүүллээ. Б.Дайриймаа #ӨвгөнТэнгисХоёр #НомынТэмдэглэл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #АмьдралынУтгаУчир #АмьдралынЗорилго #ХүсэлТэмүүлэл #Сантьяго #Тэмцэл #АзЖаргал #ХүчинЧармайлт #Эргэцүүлэл #АлдарНэр #ЭдХөрөнгө #ТунгаанБодох #ХүчЭнерги #Хэмингуэй #ШилдэгБүтээл #ХөгшинХүн #БайгалийнТэмцэл #Бэлгэдэл #ХүнийСэтгэлЗориг #АмерикийнСонгодогУранЗохиол #ХэмингуэйнХэвМаяг #ДалайБэлгэдэл #ТэсвэрХатуужил #НобелийнШагналтУранЗохиол #ЗагасчныТүүх #ЯлалтБолонЯлагдал #Далай #Байгаль #АмьдралынФилософи #ХэмингуэйнӨв #УранЗохиолБэлгэдэл #ХүнийНэрТөр #ЭпикТулаан #Зориг #МөнхийнСонгодогБүтээл

  • Габриель Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал”

    Габриель Гарсиа Маркесын туурвисан “Зуун жилийн ганцаардал” роман нь 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн, Латин Америкийн утга зохиолыг дэлхий дахинд таниулсан гайхалтай бүтээл юм. “Ямар учраас нэр хүндтэй, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шагналыг хүртдэг вэ?”, “Хагас зуун жил хамгийн өндөр борлуулалттай ном хэвээр байгаа учир юу вэ?” гэсэн асуулт төрж билээ. Романыг англи, орос, монгол хэлээр холин уншихаас гадна, суут зохиолч, түүний төрж өссөн Колумби орны талаар ч сонирхов. Зохиолч романаа 1965 онд эхэлж 18 сарын турш бичсэн бөгөөд Латин Америкийн өвөрмөц түүхийг өгүүлэхээс гадна, өөрийн бага насыг өнгөрөөсөн колоничлолын дараах нийгмийн бодит байдлыг харуулна. Заавал дурдах зүйл бол мэдээж, ид шид, уран сэтгэмжит жанр бөгөөд зохиол ер бусын, үлгэр мэт . Колумби орны соёлын баялаг өв нь үлгэр домогт гарах зүйлээр илэрхийлэгдэн, халуун дулаан уур амьсгал нь тод өнгөөр тусгагдсан мэт. Бодит амьдрал дээр тохиож байсан иргэний дайн, улс төрийн далд явуулгыг Буандиагийн гэр бүлийн долоон үеийн ер бусын хувь заяа, туулж буй гай зовлонгоор өгүүлдэг. Гэхдээ романыг зөвхөн түүхэн үйл явдлууд хэмээн хүлээн авах нь чамлалтай. Дүрүүдийн зан чанарыг дүрслэхдээ гоёж чимэглэсэн байх нь олон, тухайлбал, Америкийн жимсний компанийг тосгонд авчрах механикч залууг шар өнгөтэй эрвээхэй эргэлдэн нисэх нь түүний романтик байдлыг илэрхийлнэ. Дараагийн зүйл бол, зохиолын агуу гэдгийн тод илрэл нь уншигч бүр өөрийн өнцгөөс харж, түүндээ хөтлөгдөн цааш унших хүсэл төрөх явдал. Үлгэрээ дуустал уншаад зөвхөн уншигч надад төрсөн сэтгэгдлээр бус уг зохиолоор олон ангит кино хийхээр тавьсан саналд зохиолч татгалзсан тайлбар нь олон шимтэн унших сонирхлыг илтгэнэ. Саналын хариуд “Романыг зөвхөн кино найруулагчийн төсөөлөн бодож, илэрхийлсэн баригдмал хэвд оруулах нь буруу, миний уншигч бүр өөрийн киноны найруулагч нь байгаасай” гэсэн утгыг илэрхийлж, зохиолч амьд сэрүүн байхдаа зөвшөөрөл өгөөгүй байдаг. Гэхдээ зохиогчийн эрхийг өвлөн авсан үр хүүхдүүд нь дэлгэцийн бүтээл болгох бололтой. Миний бодлоор, зохиолч энгийн амьдралаар хүн төрөлхтний түүхийг өгүүлсэн санагдана. Амьдрал бол бичигдсэн, хэн нэгний төлөвлөгөө биш, харин тааж, таамаглаж болохгүй, элдэв үйл явдлаар баян гэдгийг санагдуулна. Романд шавж амьтанд идүүлж, цөхрөнгөө бартлаа хөдөлгөөнгүй хөлүүлж үхэх баатрууд гардаг. Яаж ч амьдарсан бай хүн нэг л өдөр байгалийн жамаараа, эсвэл зүй бусаар хорвоог илээдэг аж. Түүх гэснээс, ижилхэн нэртэй баатрууд, нэг ижил алдаа гаргах нь түүх давтагддаг, алдаагаа мартах л юм бол тун удахгүй хаалга тогшоод ороод ирнэ, эс бөгөөс сүнс хэлбэрээр сануулна гэдгийн уран зохиолын өгүүлэмж мөн гэвэл буруутахгүй байх. Үүний хойноос, дүрүүдийн хуваарилалт, тэдний зан байдал, ертөнцийг үзэх үзэл хэсэг бүлэг хүнийг төлөөлж буйг хэлмээр санагдана. Зохиолд ижил нэртэй, төстэй зан чанартай олон баатар гарах ч тус бүрдээ өөрийн гэсэн ялгарах онцлогтой. Аркадио нэр удаа дараа давтагдах нь толгой эргэм ч гэлээ учир начрыг төвөггүй ойлгоно. Миний хувьд зохиолын баатар Хосе Аркадио Буэндиа нь зохион байгуулах чадвартай, алсын хараатай нэгэн. Түүнд олон хүн итгэж, шинэ газар нутгийг зорих хэцүү бэрх аяллыг хамтдаа туулна. Макондо тосгон Буэндиа алс холыг зорьсны эцэст хүмүүс аж төрөх “Макондо” гэх нэртэй тосгон байгуулж, түүнийгээ өнөөдрийн бидний хэлдгээр гадаад ертөнцөөс хамааралгүйгээр оршихоор, голын эрэг дагуу өнгө үзэмжтэй, жигд нар үзэх, ундны усад ойрхон байшингуудтай, цэгцтэй зохион байгуулна. Тосгоноор суурин иргэншлийг дүрсэлжээ. Харин тосгонд амьдрах хүмүүс нийгмийн гишүүний үүрэг хариуцлагаа дор бүрнээ ухамсарлана. Нэг талаас, энэ үйлдэл нь хувь хүн бүр үүрэгтэй, бусдад хүлээн зөвшөөрөгдөх далд хүсэл байдгийг гүйцэлдүүлсэн хэрэг. Нөгөө талаас, нийгэмд үүрэг хариуцлага хүлээж, хөдөлмөрлөснийхөө шанд материаллаг хэрэгцээгээ хангаж жинхэнэ эрх чөлөөгөө эдэлсэн явдал. Үүнээс үүдэн, удмын тэргүүнийг алсын хараатай, орчин цагийн хэллэгээр манлайлагч, удирдагч гэж онцолж болно. Тэрээр олон давуу чанарыг агуулах ч гэлээ, сонирхсон зүйлээ хугацаа үл анзааран туршиж, судалж нэг цэгт хүрээд, эсвэл дараагийн шинэ, сонин хачин байваас нүд эрэмхийн зуур орхиж буй нь уйдамхай занг илтгэнэ. Гэхдээ дандаа ингэхгүй, үр хүүхдүүддээ ч мөн хамгийн сайн цагаа зарцуулах зүйтэй юм гэсэн бодолд хөтлөгдөнө. Асуулт тавихгүй, сонирхохгүй бол угаас хүн төрөлхтөн өдий хүрч, төдий хөгжихгүй байсан биз. Өөр нэг баатар бол гол дүрийн хүү, эрэлхэг зоригтой ч шантрамтгай нэгэн. Түүнийг зохиолч дүрслэхдээ хүдэр чийрэг өндөр биетэй, цэргийн дүрэмт хувцастай гэжээ. Залуу насандаа хийж бүтээсэн, хүртсэн гавьяа нэрээр насыг бардаг хүнийг олж харна. Үнэхээр ч бидний дунд ч байдаг, дүрэм журмыг ягштал баримталдаг, бусдыг ч мөн дэг журам хэм хэмжээнд байхыг шаарддаг хүн олон таарна. Романы дүрүүдийг нийгмийн төлөөлөл гэж үзэх нотолгоо нь зохиолчийн туулсан амьдрал, ойр дотнын хүмүүстэй төстэй байдал бас болно. Буэндиагийн хүү цэргийн хүн байдаг нь зохиолчийн хурандаа өвөөг санагдуулна. Газар орноор тэнүүчлэх цыган эр Мелькайдестэр нь мэдээллийг дамжуулагч, бусад газрын шинэ сэргэг бүхнийг түгээгчийн дүрээр гарна. Нийгэмд ийм төрлийн үүргийг гүйцэтгэгч төлөөлөл байхгүй аваас, шинэ технологи, ноу-хау, шинэ бүтээл, оновчтой санаа шилжихгүй, дахин дахин хийж, хүмүүний богино амьдралын адил уусан алга болж мартагдах байсан байх. Тэгсэн ч гэлээ хөгжилд алдаж онох, өөр нэг талаас давтаж хийх, нээлт ололт дэлхийн өөр тивд давхардан, нэгнээсээ хуулсан мэт байх нь тохиолдоно. Мелькайдестэр наймаа хийдэг ч гэлээ шударга, хүн чанартай байхыг эрмэлздэг явдал нь цыган хүнд баймгүй зан чанар гэлтэй . Өрөвдөх гэх үү, удаан хугацааны харилцааг хадгалах гэх үү түүний зарсан зүйл нь ашиг тусыг өгөөгүй бол буцаагаад авах, өөр зүйлээс сольж өгөх энүүхэнд. Мелькайдестэр болон Буэндиа хоёрын харьцааг хүн хоорондын холбоо, андын нандин чанар цаг хугацаа, орон зайд захирагддаггүй гэдгийг харуулж байна гэвэл дүрийн зан чанарын талаарх дүгнэлт болно. Харин Мелькайдестэр тоо тоймгүй олон янзын өвчин туссан ч хүний наснаас удаан амьдрах нь оюун мэдлэгийн сан бололтой гэвэл жишин ойлгож буй болно. Урсула бол бусдыг муутай, сайнтай аль алинтай нь ялгалгүй хайрлах, төвийг сахигч байж магад. Эсхүл, өөрт оногдсон заяа, өдөр тутмын үүрэгтээ дарагдсан энгийн нэгнийг харуулах гэсэн байх. Зарим хүн дэлхий ертөнцийг өөрчлөх суут бодол тээж байхад, зарим нь тэрхүү мөчийг тэвчээртэй хүлээж, арыг нь дааж, амьдралын өдрүүдийг давтагдах үйлдлээр дуусгана. Урсула нөхрийнхөө мөнхийн дуулгавартай дагалдагч байж, бүх зүйлд хүлцэнгүй хандаагүй гэдгийг зарим нэг үйлдэл нь тайлбарлана. Тэрээр урьдчилан бэлдэж, нөхцөл байдлыг зохицуулаад хүлээцтэйгээр хүслээ тодорхойлж илэрхийлнэ. Түүнчлэн, үр хүүхдүүдийнхээ төлөө хүнд бэрхийг үл ажин алс холыг зорих нь эх хүний нандин сэтгэлийн дүрслэл болжээ. Эдгээрээс гадна, зохиолд гарах насны зөрүүтэй, цусан төрөл хүндээ дурлаж байгаа нь нийгмийн тогтсон үзэл хүнийг асар их сэтгэлийн шаналалд оруулдгийг үзүүлж байна гэж бодогдсон. Болохгүй, бүтэхгүй, хүрэхгүй гэх хязгаарыг бид өөрсдөө л зохиож, тэр хэмжээгээр норм болгон явдаг билээ. Гэтэл хүн хязгаарлах, хорих тусам эсрэгээрээ тэмүүлэн өлсөж үхэх гэж байгаа араатан амьтан шиг авирлах нь хачирхалтай. Зохиолд гахайн сүүлтэй төрөх, эцэг эхийнхээ араг ясыг үүргэвчинд хийн олон зуун бээр газрыг туулдаг тухай гарна. Сүүл бол мэдээж хүний үйлийн үр, харин араг ясыг байшингийнхаа хананд нуух нь хүн дотоод ертөнцдөө муу гэсэн зүйлийг бодит амьдрал дээр атаа, хорсолд автан, эсвэл уур хэлэндээ хөтлөгдөн үйлдэж, түүнээсээ ичиж эмээж, гэмшиж, бусдын гэлтгүй өөрийн нүднээс далдлах ч дотроос нь хэмлэж, эвддэг гэдгийг тайлбарлажээ. Сэтгэлийн амар амгалан байдал үгүйгээс шороо идтэлээ галзуурч байгаагаар харуулсан мэт. Эцэст нь ганцаардал гэх үгний учрыг эргэцүүлмээр. Зохиолд Буэндиaгийн гэр бүлийн үр удмын тухай, тэдний орхигдсон ч юм шиг, бусдаас хол ч юм шиг амьдрал нь хүмүүн энэ яваа насаа ойр дотнын, таньж мэддэг цөөн хүмүүс дунд өнгөрөөдөг тухай аж. Дурсаж байвал ойрхон л хүний үйл, атаархаж, барьцаж байвал андын сэтгэл, цуу гарвал хөршийн үг, хэцүү бэрх үед түшвэл ойр нэгний энэрэл, аз жаргалтай мөчийг хуваалцвал гэр бүлийн жаргал, магтан сайшаавал мэддэг хүний хэрэг гэдгийг энгийнээр ойлгуулна. Solitude нь зөвхөн ганцаардал гэсэн утга бус, зэлүүд газар, тусгаарлагдах, зожгирох байдлыг ч мөн илэрхийлнэ. Үнэн хэрэгтээ, хүрээлсэн хүмүүс, газар нутгийн байрлалаас гадна, хүн өөрийн ухаан бодолдоо ганцаар гацан түгжигдэх санааг агуулжээ гэлтэй. Энэ мэтчилэн ургуулан бодоод бичээд байвал дуусахгүй байгаа нь гайхширал төрүүлнэ. Би “Зуун жилийн ганцаардал” романыг 2020 оны зун уншихдаа, хөрш айлын хүүхэнд хэдэн өдрийн турш ярьж өгч билээ. Зохиолын тайллуудыг маань жигтэйхэн хөхрөн инээж хүлээж авдаг байв. Романы үйл явдал, дүр баатрууд, үйл явдал зэргийг уншигч яаж л хармаар байна тэр хэмжээгээр хүлээн авч болох нь үнэхээр шилмэл байжээ гэхээс өөр хэлэх үггүй болгоно. Ж.Танан #ЗуунЖилийнГанцаардал #НомынТэмдэглэл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй  #ЭрхЗүйнБлог #ГабриельГарсиаМаркес #Ганцаардал #ҮрУдам #ХүнийАмьдрал #ШилдэгБүтээл #УхаанБодол #ГэрБүл #ҮрХүүхэд #Карма #Зожгирох #ГазарНутаг #Энэрэл #АзЖаргал #Хөрш #ЦусанТөрөл

  • Юваль Ной Харари “XXI зууны 21н сургамж”

    Эргэцүүлэн бодоход хүргэсэн “XXI зууны 21н сургамж” номд зохиолч Юваль Ной Харари бидний цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэрээр хиймэл оюун ухааны хөгжлөөс эхлээд, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт хүртэл гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, алсыг харан судлахдаа, хүн төрөлхтний ирээдүйн талаар чухал асуултуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, “Компьютер, роботууд дэлхийг хэрхэн өөрчилж байна вэ?”, “Хүн байхын утга учир юу вэ?”, “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуурамч мэдээний тархалтыг хэрхэн даван туулах вэ?”, “Улс үндэстэн, шашин шүтлэг нийгэмд хамааралтай хэвээр байна уу?”, “Дижиталжсан аюултай ертөнцөд бид хүүхдүүддээ юу заах ёстой вэ?” зэрэг асуулт байлаа. Эдгээр нь хүн төрөлхтөн амьд үлдэх, ирээдүйгээ өөдрөгөөр харахын тулд зайлшгүй тодруулах чухал асуулт бөгөөд тулгамдаж буй олон сорилтуудыг давж гарахад хариултыг эрж хайх хэрэгтэй гэдгийг ухааруулна. Түүхэндээ, хүн төрөлхтөн дэлхий хаашаа чиглэж байгаа талаар зохистой таамаглал дэвшүүлж чаддаг байв. Гэтэл, өнөөгийн хурдацтай хөгжиж буй технологид суурилсан соёл иргэншилд энэ нь улам бүр боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч, "Хариулж чадахгүй асуулт нь асуух боломжгүй хариултаас хамаагүй дээр" аж. Израилын сэхээтэн, түүхч, Иерусалимын Еврейн их сургуулийн түүхийн тэнхимийн профессор болохын хувьд зохиолч түүх, шинжлэх ухаан, гүн ухаанд тулгуурлан XXI зууны ээдрээтэй байдалд нухацтай хандаж, ирээдүйн тодорхойгүй байдлыг туулахад түлхэц өгөх хорин нэгэн сургамжийг өгчээ. Номын тэмдэглэлээ бичихдээ, хорин нэгэн сургамжийг бүгдийг нь хөндөхгүйгээр өөрт илүү ойр, санаанд үлдсэн гурван сургамжийг онцолж байна. Нэгт , мэдээллийг эзэмшиж буй хүн ялагч болдог, тийм ч учраас хүн бүр мэдээлэлтэй байхыг эрмэлздэг. Хоёрт , мэдэхгүй боловч мэддэг гэж боддог нь асуудал болдог. Гуравт , өнөөгийн ертөнцөд боловсрол бол чиглүүлэх л үүрэгтэй. Ингээд эдгээрийг арай дэлгэрэнгүй тайлбарлах оролдлого хийе. Эхний сургамж нь мэдээлэл эзэмших, олж авах талаар. Хүн төрөлхтөн ертөнцийг хэрхэн харж, хэрхэн удирдан чиглүүлэх талаар янз бүрийн үзэл баримтлал, үзэл санаатай байдаг ч олон хүний дэмжлэг авсан идеолог бидний хэдэн арван жилийн ирээдүйг тодорхойлсоор ирсэн. Энэ давуу эрхийн төлөө өнгөрсөн XX зуунд фашизм , коммунизм , либерализм тэмцэж, эцэст нь либерализм ялагчаар тодорчээ. Нэгэнт либерализм ялж, давамгайлах болсон тул XXI зуунд технологи хамгийн үнэ цэнтэйд тооцогдож буй нь тодорхой. Тиймээс үндэстэн, улс орнуудын хооронд мэдээлэл, өгөгдөл олж авах тэмцэл өрнөж байна. Гэтэл үндэстэн дотор төлөөлөл болгон сонгосон улс төрчид нь идеологийн талаар бүрэн ухамсарлаагүйгээс чухал сэдвүүдийг хөнддөггүй, харин нөгөө талаас хүмүүсийн урам хугарч, үл тоомсорлож байгаа сэтгэгдэлтэй үлддэг байна. Энгийн жишээгээр тайлбарлавал, технологийн улмаас олон зуун ажлын байр шаардлагагүй болж хүмүүсээс хамаарал улам бүр багасаж ажилгүйдлийн нэг хүчин зүйл болж байгааг төдийлөн анзаарахгүй байна. Үнэн хэрэгтээ яригдаад буй технологийн талаар улс төрчид ч тэр, энгийн хүмүүс ч тэр гүн гүнзгийн мэдлэггүй аж. Дараагийн сургамж нь мэдэхгүй боловч мэддэг гэж бодох нь аюулт үзэгдэл юм . Энд номын жишээг авалгүй, өөрийн орны бодит байдлыг бодлоо. Манай улсад өчигдөрхөн Хууль зүйн яамны сайд байсан хүн өнөөдөр хотын дарга болж, банкны захирал байсан хүн шударга өрсөлдөөнийг зохицуулж байна. Нэг хүн хуулийн талаар мэргэшсэн байж болох ч яг тэр хэмжээндээ аж ахуйн асуудал эрхлэх туршлагатай байж амжих уу? гэсэн бодол толгойд оров. Гэтэл бодит байдал ийм л байна. Бид илүү мэддэг, ухаантай гэж боддог маань үнэн хэрэгтээ өөр мэргэшсэн нэгнээс илүү байх үндэслэл биш. Мэдээллийг олж авах боломжтой юу гэвэл мэдээж боломжтой, гэхдээ тийм байлаа гээд яг энэ мөчид миний толгойд байгаа гэсэн үг биш юм. Тиймээс л зогсолгүй мэдэхийн, сурахын төлөө цагаа зарцуулах, хийж чадах бүгдийг гүйцэлдүүлэх ёстой байна. Сүүлийн сургамж нь сургууль хэрхэн бодож сэтгэх талаар чиглүүлэн сургах үүрэгтэй. Өнөөгийн боловсрол хэрхэн биш харин юуг бодох талаар сургадаг. Энгийнээр хэлбэл, аль болох их мэдээллийг өгөхөд анхаарч, уг үндэс нь юу байсан, юунаас уламжлалтай, цаашид хэрхэх талаар орхигдуулдаг байна. Зохиолч түүх, биологи, математик болон бусад хичээлүүдээр өгдөг суурь мэдлэгийг үгүйсгээгүй, харин олон баримт мэдээллийг ой тогтоомждоо санахаас илүүтэйгээр орчин үеийн үлэмж мэдээллийн дотроос шүүн авах, худал ташаа мэдээллийг ялгаж салгахад суралцах нь чухал гэжээ. Нээрээ ч өргөн мэдээллийн сангаас мэдэх ёстой зүйлээ олж авах чадварыг эзэмших хэрэгтэй болжээ. Миний хувьд зохиолчийн хүн төрөлхтний өнгөрсөн түүхийг судалсан Sapiens , бидний алс холын ирээдүйн тухай өгүүлсэн Homo Deus номуудыг уншсан. Харин 2018 онд бичсэн “XXI зууны 21н сургамж” номоос орчин үеийн ертөнцийн сорилтууд, тэдгээрийг даван туулах боломжууд, ирээдүй, тэр дундаа технологи, даяаршлын нөлөөллийн талаар сонирхон уншив. Ерөнхийдөө Юваль Ной Хараригийн номууд нь хүсэл зориг, ухамсар, оюун ухаан, зовлон, жаргалын талаар хөнддөг, өргөн мэдээлэлтэй, гэгээрүүлсэн түүхүүдтэй байдаг тул уйдах сэдэл төрөхгүй уншиж дуусгадаг билээ. Эцэст нь унших зуур номд бичсэн зарим зүйлийн талаар өнгөцхөн, сонссон төдий мэдлэгтэй гэдгээ ойлгож, салбар дундын шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах хүсэл эрмэлзэл төрсөн. Зохиолчийн ойлголтуудыг багцлан хүргэх чадвар нь үнэлүүштэй санагдлаа. Ж.Танан #21рЗууны21нСургамж #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЮвальНойХарари #Сапиенс #ХомоДеус #Сорилтууд #Ирээлүй #Технологи #Даяршил #ХүсэлЗориг #Ухамсар #ОюунУхаан #Зовлон #Жаргал #Мэдээлэл #Түүх #МэдээллийнСан #Түүх #Биологи #Боловсрол #СуурьМэдлэг #ӨнөөгийнЕртөнц #Философи #ЕртөнцийнҮзэхҮзэл #ХарахӨнцөг #Сургамж

  • Юваль Ной Харари “Sapiens Хүн төрөлхтний товч түүх”

    Израил зохиолч Юваль Ной Хараригийн 2010 онд бичсэн “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” ном нь хүн төрөлхтөн хэрхэн үүссэн тухай антропологийн шилдэг бүтээл бөгөөд хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон хүний хүсэмжлэн унших бүтээл болж, борлуулалтаараа ч олон улсад тэргүүлсэн байдаг. Тэр бүү хэл, зохиолч нэр алдартай нэгэн болж, олон нэвтрүүлэгт оролцож, сурвалжилга өгсөн. Уг номын араас цуврал болгон “Homo Deus Маргаашийн товч түүх” , “XXI зууны 21н сургамж” номууд гарсан нь ч мөн хэдэн сая хүний шимтгэн унших бүтээлийн жагсаалтын тэргүүнд мөн бичигдэх болжээ. Зохиолч эхний “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” номд бидний тухай бичсэн. Уншиж эхлэх даруйд л, биднийг шүүмжлээд байна уу даа, бид чинь байгаль дэлхий, хүрээлэн буй орчин , амьтан ургамалтай зүй бусаар харьцдаг, эвдэн сүйтгэдэг, байлдан дарангуйлдаг, уг үндсээр нь устган үгүй хийдэг яасан ч муу муухай төрөл вэ гэсэн бодол төрнө. Тэгээд удаагүй байтал, хэрэв бид тэгээгүй бол яах байсан бол оо гэсэн бодолд хөтлөгдөн, номд яригдаад буй устан үгүй болж, олон сая жилийн дараа хэн нэгэн, эсвэл аль нэгэн ухамсарт төрөл ухаж гаргаж ирээд судлах зүйл болгох байсан биз. Үүний дараагаар амьд үлдэхийн (survive) тулд үйлдлээ хийж, араатан хоорондоо идэш тэжээлийн төлөөх өрсөлдөөн дундах хатуу ширүүн байгалийн шалгарлын хүчийг давсан нь гайхалтай. Тийм ч болоод хүн төрөлхтөн өнөөдрийн оргилд хүрч, бөмбөрцгийг эзэгнэх болж, дээд төрөлд өөрсдийгөө тооцон амьдарч байгаагаа зөвтгөх сэтгэл төрнөм. Ингээд л дээш доош савлах сэтгэгдэл, төрсөн бодол маань хөвөрч энэ мэт амьдралд хандах хандлагын эцсийн зогсоол маань бидний бүтээсэн өнөөгийн ертөнцөд хэдийн зохицохоо больсон мэт санагдсан билээ. Иймийн учир номын талаар товчхон тэмдэглэл хөтлөв. Товчхондоо бол номд бидний түүхийг өгүүлэх ба хүн эзгүй талаар гүйхээс эхлээд машин жолоодох болтлоо хэрхэн хөгжсөн, шашин шүтлэг, зан заншлыг хэрхэн бий болгосон, бусад зургаан төрлийн хүнийг ялан дийлж устгасан, хов жив гэдэг зүйл хүний хувьд чухал зүйл болохыг хошигносон өнгө аястайгаар бичжээ. “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” ном нь танин мэдэхүйн хувьсгал, хөдөө аж ахуйн хувьсгал, хүн төрөлхтний нэгдэл, шинжлэх ухааны хувьсгал гэсэн дөрвөн том бүлэгт хуваагддаг. Үнэхээр ч эдгээр хувьсгалаар хүн төрөлхтний түүх тодорхойлогддог. Бүлэг бүрийн цаад санааг нарийвчлан, дэлгэрүүлэн тайлбарласан дөрвөөс зургаан хэсэгтэй. Танин мэдэхүйн хувьсгал гэх эхний бүлэгт 70’000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн хэрхэн хөгжиж, хүний долоон төрөл, тэр дундаас неандертальчууд болон бусад сапиенсийн төрөл зүйлээс юугаараа ялгагдаж байсан, дэлхийг захирч эхэлсэн тухай тайлбарладаг. Хомо Сапиенс гэдэг нь "мэргэн хүн" гэсэн утгатай аж. Үнэхээр ч хүний тархи биеийн хэмжээтэй харьцуулахад 2-3 хувийг эзэлдэг ч гэлээ, энергийн 25 хувийг ашигладаг хачирхалтай бүтэц. Эхний бүлэг Байдаг л нэг амьтан, Танин мэдэхүйн мод, Адам Ева хоёрын амьдралын нэг өдөр, Үер гэж нэрлэсэн хэсэгтэй. Хөдөө аж ахуйн хувьсгал гэх хоёрдугаар бүлэгт 10’000 жилийн тэртээ анчин байсан хүн хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх болсон талаар тайлбарлана. Ингэсний үр дүнд хүн илүү их ажиллаж, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон ч үүний хажуугаар өвдөхөөс эхлээд олон янзын шинэ асуудалтай нүүр тулсан байдаг. Гэсэн хэдий ч, хүний хувьд өөрчлөлтүүд нэг дор биш бага багаар гарсан тул анзаарах сөхөөгүй байсан бололтой. Хоёрдугаар бүлэг нь Түүхэн дэх хамгийн том луйвар, Пирамид байгуулсан нь, Ой санамжийг хэт ачаалсан нь, Түүх шударга биш хэмээсэн хэсгүүдийг агуулна. Пирамид байгуулсан нь хэсэгт эртний Египетчүүдийн нэгэн адил ихэнх хүмүүс пирамид барихад амьдралаа зориулдаг байна. Зүгээр л нэг соёлоос нөгөөд шилжихэд пирамидын нэр, хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдсөн бололтой. Хүний тархи биологи, амьтан судлал, нийгмийн мэдээллийг санахдаа илүү сайн байдаг атал тоог бүртгэх, бичих нь цоо шинэ түвшинд хүргэсэн, хүний сэтгэхүйг үнэхээр өөрчилсөн зүйл байсан талаар Ой санамжийг хэт ачаалсан нь хэсэгт бичжээ. Хүн төрөлхтний нэгдэл гуравдугаар бүлэгт 500 жилийн өмнө дэлхийн өнцөг бүрд соёл бүрэлдэн бий болж, улс орон үндэстэн бүр өөр өөрийн үүрэгтэйгээр хувь нэмэр оруулсан талаар сонирхолтойгоор буулгажээ. Энэ бүлэгт Түүхийн сум, Мөнгөний үнэр, Эзэнт гүрний хараа, Шашны хууль, Амжилтын нууцын талаар хүүрнэн өгүүлнэ. Харин сүүлийн Шинжлэх ухааны хувьсгал бүлэг нь хамгийн олон хэсэгтэйн зэрэгцээ уншигч миний хувьд сонирхол ихэд татсан. Орчин цагийн сүүлээр Европын орнууд дэлхийд ноёрхож эхэлж, үүнд капитализм, католик шашин, шинжлэх ухааны гүйцэтгэсэн үүргийн талаар бичжээ. Мунхгийн нээлт, Шинжлэх ухаан, эзэнт гүрэн хоёр, Капиталист номлол, Аж үйлдвэрийн хүрд, Том хувьсгал, Тэгээд амар сайхандаа жаргасан, Хомо сапиенсийн төгсгөл гэсэн гарчигтай хэсгүүдтэй. Ойролцоогоор 4 тэрбум жилийн турш организм бүр хувьслын дагуу хөгжсөн байтал, сүүлийн хэдхэн арван жилд хүн төрөлхтөн интелектээ ашиглан хөгжиж эхлэв. Улмаар генийн инженерчлэл ахисан түвшинд хүрч бид байгалийн шалгарлын хуулийг зөрчих боломжтой болжээ. Тиймээс дараагийн шатанд хүн төрөлхтний түүхэнд биологи, технологийн хөгжил гарахаас гадна хүний ухамсар, мөн чанар өөрчлөгдөх бололтой. Шилдэг бүтээл тул уншиж дуусаад надад юу үлдэв хэмээн эргэцүүлэв. Мэдээж түүх, гарал үүсэл, хүний зан байдлын талаар олон талын мэдлэг, мэдээлэл олж авсан . Хамгийн чухал нь номоос авсан сургамж байлаа. Тодруулбал, жижиг гэж чамлалгүй алхам алхмаар урагшлах . Зохиолчийн хэлсэнчлэн эргэн тойронд хүмүүстээ өөрийн санаа бодлоо ойлгуулж, тэднийг нэгэн зорилгоор нэгтгэхийн тулд сапиенс түүх ярихын чухлыг онцолсон. Тиймээс миний хийж чадах эхний алхам бол найз нөхөд, гэр бүлээсээ эхэлж тэдэнд өөрийгөө илүү сайн ойлгуулах явдал юм. Үүнээс гадна миний хувьд аливаа зүйлийг байгаагаар нь харах байлаа . Хүн хийсвэрлэн сэтгэх чадвартай тул компани , төр, тэр бүү хэл эрх чөлөө гэх ойлголтыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн хувьсгалаас хойш хүн төрөлхтөн бие махбодын байдал ба төсөөлөл гэсэн хоёрдмол бодит байдалд амьдарч иржээ. Төсөөлөл, хийсвэрлэл нь бидний салшгүй хэсэг болсон мэт боловч зарим зүйлийг уг гарлыг судлах, учир холбогдлыг ойлгох нь энд хэлээд буй байгаагаар нь харах билээ. Энгийн мэт боловч юуны төлөө, ямар учраас, яах гэж оршин байгаагаа, нэгэнт л байгаа бол учир утгатай байх талаар хэлэх гэсэн юм. Түүнчлэн, аз жаргалтай байх талаар бодол . Буддизм аз жаргалыг 2000 гаруй жилийн турш судалж, энэ талаарх олон үзэл бодлыг шинжлэх ухаантай хуваалцдаг. Гол санаа нь аз жаргал гадаад ертөнцөөс бус бие махбод дахь үйл явцын үр дүнд бий болдог гэжээ. Би бол миний мэдрэмж бус, мэдрэмж бол зүгээр л тусдаа зүйл хэмээн хүлээн авбаас учрыг нь олох, өөрийгөө ойлгоход дөхөм санагдав. Номыг зөвхөн би сонирхоод байна уу гэж ухан бодтол үгүй бололтой. Философи, антропологи, хувьслын сэтгэл судлалыг сонирхдог хэн бүхэн, хүн хоорондын харьцаанд амжилтад хүрэх гэсэн нэгэн, эсвэл энгийн сайхан яриа өрнүүлэх сэдэв болно. Харин юуны учир би сонирхоод байна вэ гэж өөрөөсөө асуун, уншигч юунд зорьж байгаатайгаа нийцүүлэн номоос хэрэгтэйгээ олж авах боломжтой юм байна гэж өөртөө хариулав. Тиймээс ч олон олон хүнийг байлдан дагуулж, тэд ч унших болсон байх. Эцэст нь хэлэхэд хөгжилтэй, хачирхалтай, сонирхолтой ном. Түүх, шинжлэх ухаан, антропологи, гүн ухаан, шашин шүтлэгийн талаар ойлголтуудыг өгөх хичээл мэт, нөгөөтээгүүр судлаачийн өнцгөөс таамаглал дэвшүүлж нотлох гэсэн оролдлого гэлтэй. Тухайлбал хомо сапиенс хэрхэн хөгжсөн талаар Үржлийн онол ба Орлуулах онол байдаг талаар таамаглал байдаг ч бодит байдал нь энэ хоёр онолын хослол байж магадгүй юм. Товчхондоо тодорхой бичсэн нь гээсэн дутуугүй санагдана. Уншигч би шүүмжилж болох бол номын зарим хэсэгт бодит факт, судалгаа шинжилгээний дүгнэлтээс илүүтэйгээр, сонирхолтой байлгах үүднээс реторик ашигласан явдал байсныг хэлмээр байна. Хэдийгээр номын тэмдэглэл гэж гарчигласан ч би өөрт төрсөн сэтгэгдлээ үлдээсэн бололтой. Зохиолчийн дараагийн ном удалгүй гарч би ч ихэд олзуурхан уншиж билээ. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НомынТэмдэглэл #ЭрхЗүйнФилософи #СапиенсХүнТөрөлхтнийТовчТүүх #ЮвальНойХарари #SapiensABriefHistoryOfHumanKind #Sapiens #ТөрсөнСэтгэгдэл #НомУнших #Реторик #ҮржлийнОнол #ОрлуулахОнол #Философи #Антропологи #ХувьслынСэтгэлСудлал #Түүх #ШинжлэхУхаан #ГүнУхаан #ШашинШүтлэг #ХомоСапиенс #Буддизм #АзЖаргал #ШилдэгБүтээл

  • Юваль Ной Харари “Homo Deus Маргаашийн товч түүх”

    Энэ тэмдэглэлийг эхлэхийн өмнө бичиж үлдээмээр санагдсан нэг зүйл нь анх номыг уншиж байхад хүн төрөлхтний том дайсан халдварт өвчнийг бид даван туулсан, эм эмчилгээ, анагаах ухаан хөгжсөн талаар өгүүлдэг. Гэтэл яг энэ асуудал хоёрхон жилийн өмнө хаалга тогшилгүй гэрт дахин орж ирсэн байдаг. Мөн дайн байлдааны талаар, хоморголон бие биеэ устгахаа больсон, хүйтэн зэвсэг хэрэглэх асуудал хол хойно хоцорсон сэтгэгдэл төрж байтал хөрш гүрэн маань сонгодог утгаар нь танктай, буутай дайн дэгдээсэн байдаг. Энэ мөчид зохиолчийн зарим санаатай мэтгэлцмээр санагдаж билээ. “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” эхний номыг уншиж дуусаад зохиолч Юваль Ной Хараригийн талаар сонирхон өгсөн ярилцлагыг сонсож байтал тэрээр олон нийтийн сүлжээ ер ашигладаггүй хэмээн дурдаж билээ. Би хэрэв түүний адил фейсбук, инстаграм хэрэглэхгүй бол яах вэ гэж бодов. Мэдээж минималист амьдралын хэв маягтай, тодорхой зорьсон зүйлдээ хазайлгүйгээр хүрэх байх. Гэхдээ ном маань маргаашийн түүх, технологийн дэвшил, ололт амжилт, ирээдүй биш гэж үү? Үүнээс гадна зохиолч веган хүн, тиймээс ч тэрээр өмнөх номдоо хөдөө аж ахуйн салбар, амьтдын харгислалыг буруушаасан аж. Өмнөх номоос гүн сэтгэгдэл үлдээсэн Буддын шашны үзэл санаа нь түүний сүсэг бишрэл, бясалгал хийдэгтэй холбоотой байжээ. Энэ тэмдэглэлд номоос гол сургамж санааг иш татаж, өөрийн бодлыг ч зэрэгцүүлэн бичив. Зохиолч Хараригийн 2016 онд хэвлүүлсэн энэхүү ном нь өмнөх ном болох хүн төрөлхтний түүхийн товч тоймын үргэлжлэл бөгөөд одоо цагаас эхэлж, хүн төрөлхтний ирээдүйн талаар таамаг дэвшүүлжээ. Тэрээр түүхэн хөгжлийн явцад хүн төрөлхтөн зонхилох, тэргүүлэх төрөл болсныг харуулсан бөгөөд өнөөдрийн бидний амьдралыг ямар түүх тодорхойлдог вэ, цаашдаа хөгжихийн тулд ямар саад бэрхшээлийг даван туулах ёстой вэ гэх асуултад хариулт өгөхийг оролдсон байна. Homo Deus нь латинаар ба homo нь хүмүүн, харин deus нь бурхан гэсэн утгатай ба ирээдүйд хүн-бурхан биднийг орлох аж. Эхэлж бичсэнчлэн, тахал өвчин, дайн, үүн дээр нэмээд өлсгөлөнг хүн төрөлхтөн давж гарсан, хяналтдаа байлгаж чадсантай мэдээж санал нийлэхгүй байгаа болно. Түүхэнд, хор хөнөөл учруулсаар ирсэн өмнөх асуудлаа шийдээгүй цагт шинэ зүйлийг түр ч болов хүлээлгэж болдог сон болоосой. Гэхдээ тоо баримт ашиглан тайлбарласан нь зохиолч өөрийн зоригтой мэдэгдлийг батлаад буй. Тухайлбал, дайн байлдаанаас илүү амиа хорлож, өлсгөлөнгөөс илүү таргалалт, ядуурлаас илүү хөгшрөлтөөс болж үхэх магадлал өндөр гэжээ. Тиймээс л, тэрээр "Үүнээс хойш юу болох вэ?" гэсэн дараагийн асуултаа тавьсан байгаа юм. Номоос үндсэн гурван санааг олж харлаа. Нэгд , хүмүүс мэдээлэл солилцож, мэдлэг дамжуулах тал дээр хамтран ажиллаж, нэг бүхэл болж чаддаг учраас төрөл зүйлүүд дотроо давамгайлах болсон. Хоёрт , бүхний дээр хүмүүнлэг байх шаардлагатай. Гуравт , бидний сонголтоос хамааран ирээдүйд алгоритмууд хүнийг орлож чадах бололтой. Ингээд эдгээр санааг илүү дэлгэрүүлье. Эхний санаа нь хамтран ажиллах чадвартай тул хүн төрөлхтөн хувьслын уралдаанд ялалт байгуулсан талаар. Үүний хамгийн тод жишээ нь дэлхийн олон улсад олон сая хүмүүс ардчилсан сонгуулиар тэргүүнээ сонгодог явдал юм. Үг хэллэг, харилцаа бий болсон цагаас хойш хүмүүс түүх ярих замаар мэдээллээ өөр хоорондоо солилцож, мэдлэгээ дамжуулах үүд нээгджээ. Зохиолч дундад зууны үед католик шашны загалмайтны аян дайн Европын олон үндэстнийг нэгтгэсэн талаар тайлбарлажээ. Энэ түүх нь хэр олон хүнд хамааралтай болохыг, үүнээс хамааран хийсэн үйлдэл нь ямар үр дагавар авчирсан талаар бид эргэцүүлэн дүгнэдэг. 1000 жилийн тэртээх Загалмайтны аян дайн нь шашны нөлөөтэй, сүсэг бишрэлтэй цөөн хүмүүст хамааралтай байсан. Харин өнөөдөр шинэ эрин үед хүмүүсийг хөдөлгөгч хүч нь юу болж, бид үүнийг юугаар орлуулсан юм бол? Үүнээс дараагийн буюу хүмүүнлэг үзэл нь бүхний дээр байх санаа урган гарна. Интернэтийн ачаар хүмүүс богино хугацаанд орон зайг үл харгалзан мэдээлэл солилцож тухайн бүс нутагт л хамааралтай байсан явцуу үзэл халагджээ. Дэлхий даяар олон янзын шашин, улс төрийн хөдөлгөөн, итгэл үнэмшил оршдог ч эдгээрийн дээр хүмүүнлэг үзэл ноёрхож байна. Хүмүүнлэгийн олон хувилбарууд байдаг бөгөөд хүндэтгэлтэй хандах нь чухал боловч либерализм хамгийн түгээмэл сонголт болжээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, дэвшил, технологи, танин мэдэхүйд итгэж, гол цөм нь хүн болж, хүний эрх чөлөөг дээдлэх болсон. Ингээд ирээдүйн түүхийн талаар асуулт ургаж, сонголтоо өнөөдөр л зөв хийхгүй аваас алгоритмууд биднийг орлоно гэсэн удаах санааг гаргажээ. Компьютер гэх зүйлийг зохион бүтээснээс хойш бидний амьдралын томоохон хэсэг болж, аливаа даалгаврыг гүйцэтгэхэд илүү хялбар, цаг хугацаанд хэмнэлтэй, тэр хэмжээгээр үр дүнтэй болов. Үүнээс үүдэн, алгоритмууд бидний ирээдүйн нэг хэсэг хэдийн болсон тул асуудлын гол нь цаашид бид хэрхэх тухай юм. Зохиолч ойрын ирээдүйд бидний амьдралд сонголт хийх техно-хүмүүнлэг байдал буюу өөрөөр трансхуманизм гэх эхний хандлага болон датаизм гэх хоёр дахь хандлагыг онцолжээ. Бид трансхуманизмыг сонговол өөрсдийн чадавхыг дээшлүүлэхийн тулд технологитой нэгдэж, алгоритмын хүчийг дагаж мөрдөх болно. Энэ нь цэргийн технологи, спорт, эрүүл мэндийн салбарт аль хэдийн илэрч, биднийг хүн болгодог бусдыг өрөвдөх, энэрэнгүй хандах, нинжин сэтгэлээс татгалзахыг уриалж буй мэт. Харин датаизмыг сонговол бидний оролцоогүйгээр алгоритмууд бие даан хүчирхэгжиж, уран зөгнөлт Матрикс кино болох бололтой. Хүн төрөлхтөн эдгээр замаас алийг нь ч сонгосон бай бидний амьдрал нэг хэвийн уйтгартай байхгүй нь лавтай аж. Миний бодлоор хүмүүнлэг байдал болон хиймэл оюун ухаан, технологийн хослол ирээдүйг арай гэгээлэг харах сонголт байж магад. Зохиолч, профессор, фичюрист Юваль Ной Харари нь шинжлэх ухаанд үндэслэслэлтэй аргументуудыг дэвшүүлж, жишээ сэлт авч хоорондоо уялдаа холбоотой дүр зургийг бий болгожээ. Энэхүү ном нь хил хязгаарыг давахгүй байхыг анхааруулсан, сэрэмжлүүлсэн өнгө аястай тул гуниг төрүүлэхийн зэрэгцээ харанхуй бараан, түгшүүртэй. Зохиолчийн бичиж үлдээсэн бүхэнтэй санал нийлэхгүй байгаа ч бүтээлээс суралцах зүйл их байгаа нь дамжиггүй. Дэлхийн түүхийн хичээлийн тойм, ирээдүйн талаар эргэцүүлэх сэдэв, хөгжил, ололт амжилтын сөрөг талыг ухаарахад тусална. Тиймээс хүний өнөөгийн байдлын талаар илүү сонирхолтой санаа авахыг хүсэн “XXI зууны 21н сургамж” номыг уншихаар шийдсэн билээ. Эцэст нь, судлаачийн өнцгөөс харахад тоон буюу өгөгдөл, тоо баримтад суурилсан судалгаатай харьцуулахад энэ бүтээл нь чанарын судалгааг дараагийн түвшинд гаргасан байна. Мэдээж чанарын судалгааны тоо мэдээлэлд дүгнэлт өгөх, дүрслэх, тайлбарлах арга аргачлалуудыг ашигласан, харин миний хэлэх гэсэн зүйл маань зохиолч эдгээрээс давж, номдоо бичсэн шиг дэвшүүлсэн таамгаа хиймэл оюун ухаанаар магадлалыг тооцоолуулж баталгаажуулсан мэт санаагаа буулгажээ. Түүний ретроспектив бодлогын судалгаа шинжилгээ нь нийгэмд бодитойгоор оршиж байгаа асуудлыг шийдэх хувилбарт арга замууд, хандлагуудыг харуулж, бидэнд оновчтой сонголтыг алдаа мадаг багатай, стандарт хазайлтгүй хийх зорилгыг агуулсан болно. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #НомынТэмдэглэл #ЭрхЗүйнБлог #ЮвальНойХарари #HomoDeus #ХүнТөрөлхтнийТовчТүүх #ИрээдүйнТүүх #ХиймэлОюунУхаан #Трансхуманизм #Датаизм #ХөгжлийнОлолтАмжилт #ТехнологийнДэвшил #Авлига #ДэлхийнТүүх #ХүнийЭрх #ШинжлэхУхааныҮзэлБаримтлал #НийгмийнӨөрчлөлт #АмьдралынУтгаУчир #Философи #ИрээдүйнТехнологи #Алгоритм #МэдлэгДамжуулах #ХүмүүнлэгҮзэл #ХүнийХөгжлийнГарц #ШинэТөрлийнШинжлэхУхаан #ХХIЗууныСургамж #ХүнТөрөлхтнийТүүхийнАсуудлууд #ХүнийАмьдралынУтга #ШударгаЁс #НийгмийнХэмХэмжээ #Философи #АмьдралынЗорилго

  • Жорж Оруэлл "Амьтны ферм"

    Жорж Оруэлл “Амьтны ферм” хошин зохиол 1945 онд хэвлэгджээ. Уг зохиолд эзнийхээ эсрэг босож буй фермийн амьтдаар 1917 оны хувьсгал, өрнөж буй үйл явдлаар ЗХУ-ын улс төр, түүний завхралыг элэглэл ашиглан адилтгаж, Сталиныг Наполеон, Троцкийг Цасан бөмбөг нэртэй гахайгаар төлөөлүүлж, аажмаар ялзарч буй тоталитаризмыг харуулж, тус дэглэмийн дарангуйллын мөн чанарыг шүүмжилжээ. Зохиолын үйл явдал нь Жонс гэх фермерийн мал амьтад, эзэн дарангуйлагчийн эсрэг босох санаа гаргаж эхэлнэ. Бослогыг амьтад дундаас ухаалаг, амбицтай Наполеон, Цасан бөмбөг нэртэй гахайнууд өдөөж, бусдыгаа тэргүүлж, Жонсыг түлхэн унагаж, эрх тэгш, шударга ёсны зарчимд тулгуурлан өөрсдийн Засгийн газрыг байгуулдаг. Тэд Амьтны тухай долоон зарлиг баталж, тэр дундаас хамгийн чухал “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээн тунхаглана. Гэтэл, цаг хугацаа өнгөрөх тусам, бослогын дараа хяналтыг авсан гахайнууд анхны зарчмаас бага багаар урваж, эрх баригч анги болж хувирна. “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээсэн нь “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй” болно. Ийнхүү гахайнууд бусад амьтдыг мөлжиж, зарлигуудыг хэрэгцээндээ тохируулан өөрчлөхөөс гадна яваандаа хүмүүстэй ч эвсдэг. Төгсгөлийн үзэгдэлд гахай хүнээс ялгагдахааргүй дарангуйлагч болсон байна. Амьтад эрх тэгш байдлыг эрэлхийлэх нь нийгмийн шударга ёсны төлөөх хүмүүсийн тэмцэл, түүхэн хувьсгалууд; зохиолын дүрүүд нь бодит амьдрал дээрх ижил төстэй хүмүүс; эрх мэдэл авсны дараах гахайнуудын үйлдэл, үйл явдал нь хяналтгүй эрх мэдлийн завхрал, засаглалын нарийн төвөгтэй байдал; хууран мэхлэн, заль мэх хэрэглэж, ойлголтыг гуйвуулж, худал хуурмаг мэдээллээр хангаж байгаа нь улс төрийн манипуляцтай харьцуулсан зүйрлэл гэлтэй. Орчин үед нийгмийн хайхрамжгүй, харалган дуулгавартай байдлын үр дагавар нь улс төрд хяналтгүй эрх мэдэл, авлига болж илэрдэг үзэгдэл хэвээр байгаа нь “Амьтны ферм” зохиолоос сургамж авах олон зүйл байгааг илтгэнэ. Хяналтгүй эрх мэдэлтэй удирдагчид үзэл баримтлал, зарчмаас амархан урваж болзошгүй. Дарангуйлал газар авахаас болгоомжлон эрх мэдлийг цөөн хүний гарт төвлөрүүлж болохгүй. Улс төрийн хөдөлгөөн, хувьсгалууд цаг хугацааны явцад авлигад өртөж, зорьсон замаасаа хазайж болно. Хуурамч мэдээтэй холбоотой асуудал өнөөгийн ертөнцөд ч хэвээр байгаа тул олон нийт мэдээллийг ялган салгаж, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Шүүмжлэлтэй сэтгэх, эргэлзэх, удирдагчдад хариуцлага тооцох нь орчин үеийн улс төрд хамааралтай хэвээр байгаа. Өнөөгийн нийгэмд баялгийн тэгш бус хуваарилалт байсаар байна. Олон нийт мэдээлэлтэй, идэвхтэй үүрэг, оролцоотой байх нь чухал. Эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд хандлага, эв нэгдэл, хамтын үйл ажиллагаа хэрэгтэй. Эцэст нь, хэрэв гахайнууд шударга, тэгш эрхтэй нийгмийг хадгалж үлдэхийн тулд зөв байсан бол түүх магадгүй өөрөөр эргэх байсан биз. Хэрэв бичиг үсэг тайлагдсан, боловсрол, соёлтой, зарчимтай амьтад олон байсан бол арай илүү үр дүнд хүрэх байсан биз. Харамсалтай нь бодит байдал дээр, гахайтай адил хүн эрх мэдэлтэй болсны дараа нийтийн сайн сайхны төлөө бус өөрсдийн өчүүхэн ашиг сонирхлыг урьтал болгодог. Номын тэмдэглэл нь хувь хүний үзэл бодол, үнэт зүйлсээс хамаардаг субъектив шинж чанартай гэдгийг хэлэх нь илүүц биз. Ж.Танан #АмьтныФерм #НомынТэмдэглэл #ЭрхЗүйнФилософи #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ТоталитарДэглэм #ЭрхЗүй #ЭвНэгдэл #Хандлага #ХамтынАжиллагаа #Дарангуйлал #ЭрхМэдэл #Боловсрол #НийтийнСайнСайхан #СайнСайхан #ҮзэлБодол #ҮнэтЗүйл #УлсТөрийнХөдөлгөөн #Хувьсгал #Авлига #ХуурамчМэдээлэл #Шүүмжлэл #Эргэлзэх #ОлонНийтийнОролцоо #УдирдагчдадХариуцлагаТооцох #УлсТөр #БаялгийнТэгшБусХуваарилалт

  • Хөөрхөн хүүхэн ба Цагаан баатар: Компанийг нөхөрсөг бус худалдан авалтаас хамгаалах аргууд

    Жулиа Робертс болон Ричард Гир нарын тоглосон хүмүүсийн үзэх дуртай романтик, хайр дурлалын жанрын Хөөрхөн хүүхэн / Pretty Womаn уран сайхны киног анх үзээд ядуу үзэсгэлэнтэй бүсгүй, амжилттай яваа баян залуутай учирснаар аль алиных нь амьдрал орвонгоороо эргэж, ертөнцийг харах өнцөг нь өөрчлөгдөж, жинхэнэ хайрын тухай л хэмээн өнгөц ойлгож байжээ. Нэг үгээр хэлбэл, бодит амьдралын Үнсгэлжингийн үлгэр л гэж хүлээн авч байв. Бизнесийн нэгдэл нийлэлтийн талаар судалж эхлээд удаагүй байхдаа дахин үзээд кинонд романтик үйл явдал гарахаас гадна, гол дүрийн баатрын эрхэлдэг бизнесийн талаар гарах ба тодруулбал, нэгдлийн дөрөв дэх мөчлөгийн үед түгээмэл байсан компанийг нөхөрсөг бус замаар худалдан авах (Hostile Merger / Takeover) , авсныхаа дараа түүний хөрөнгийг хэсэгчлэн зарах талаар гардаг гэдгийг ойлгосон билээ. Нэгдлийн дөрөв дэх мөчлөг 1980-аад оны дунд үеэс сүүл үе хүртэл үргэлжилсэн ба энэ үед нөхөрсөг бусаар, ихэвчлэн зээлийн эх үүсвэрээр худалдан авалт хийх явдал (Debt Financing) ид цэцэглэж, хар (Black Knight) ба цагаан баатар (White Knight Defense) гэх ойлголтууд бий болж, үүнтэй холбоотойгоор нөхөрсөг бус худалдан авалтаас сэргийлэх олон арга үүсжээ. “Хөөрхөн Хүүхэн” киноны Ричард Гирийн дүр болох Эдвард Льюис нь тэр үеийн “Хар баатар” -ын жишээ юм. Тэрээр санхүүгийн хүндрэлд орсон, зээл аваад эргэн төлөх болсон нөхцөл байдлыг нь ашиглан, компанийг хүчээр буюу шахалтаар, төрөл бүрийн хөшүүрэг хэрэглэж худалдан авч, түүнийхээ дараагаар хөрөнгийг хэсэгчлэн зарж ашиг олдог нэгэн. Энэ бизнестээ гаргуун сайн, ажилдаа ч дуртай, үнэнч хамтрагч хуульчтай, түүнтэйгээ гар нийлэн ажиллана. Эдвардын бизнесийн арга барил нь тухайн үеийн үр дүнд хэт төвлөрсөн , харгис гэж хэлж болох хандлагыг тусгасан байдаг. Тэрээр өөрийн холбоо харилцаагаа ашиглан компанид зориудаар санхүүгийн дарамт үүсгэж, зарж борлуулахаас өөр сонголтгүй шахалтад оруулна. Чухамдаа ашиг олох зорилгоор хэн нэгний эдийн засгийн сул талыг ашиглах нь бизнесийн ёс зүйн хувьд буруу ба зөв шударга байх зарчимтай мөнхийн зөрчилддөг билээ. Кинонд гарж буй нөхөрсөг бус худалдан авах дайралтад өртөж буй тал нь усан онгоцны үйлдвэрлэл эрхэлдэг олон жилийн түүхтэй, томоохон компани бөгөөд эзэн нь бизнесийн ёс зүйтэй, зарчимтай нэгэн байна. Тэрээр хөлс хөдөлмөрөө шингээж босгосон бизнесээ ач хүүдээ өвлүүлэхийг хүснэ. Гэвч ач хүү нь чинээлэг амьдралаар өссөн, гэнэн цайлган, номын мэдлэгтэй ч практик туршлагагүй, бизнесийн ертөнцөд дөнгөж хөл тавьж буй учраас том аварга махчин загаснуудын дайралтаас компаниа хамгаалах чадваргүйн дээр эдийн засгийн хүнд нөхцөлд зохих арга хэмжээ авч чадахааргүй байдалтай байна. Товчхондоо, кинонд гэр бүлийн бизнесийн удирдлагын шилжилтийн бэрхшээл болон өв залгамжлалын нийтлэг асуудлыг бодитой тусгасан байдаг. Ер нь бизнесийн түүхэнд гэр бүлийн бизнес удирдлагын шинэчлэлийн эмзэг үедээ махчин загасны хоол тэжээл, амархан идэш болох тохиолдол цөөнгүй. Залгамжлан авч буй дараагийн үе нь бизнесийг үргэлжлүүлэх чадваргүй, эсвэл сонирхолгүй байх нь нөхцөл байдлыг улам дордуулаад зогсохгүй өв залгамжлал, эрхийн хүрээний хууль эрх зүйн асуудлууд нь компанийн удирдлага, эзэмшлийн шилжилтүүдийг улам хүндрүүлдэг байна. Жулиа Робертсын дүр болох хөөрхөн хүүхэн Вивиан бол гэгээлэг сайхан амьдралд итгэдэг ч гэнэн бодол, буруу сонголтын улмаас биеэ үнэлж мөнгө олдог, гэхдээ бардам зантай эмэгтэй юм. Эдвард, Вивиан нар санамсаргүй байдлаар учирч, тэдний хооронд үүссэн харьцаа хурдан өрнөх ба аль аль нь ёс зүйн дотоод зөрчилтэй байгаагаа ухаарна. Вивиан биеэ үнэлэх ажлаасаа татгалзаж сургуульд сурахаар шийддэг бол Эдвард “Хар баатар”-аас энэрэнгүй, хамгаалагч “Цагаан баатар” болно. Аливаа бизнесийн шийдвэр гаргалтад хувь хүний харилцаа бодитой нөлөөлөх боломжтой, ёс зүй гэдэг зүйл хувь хүнээс салгаж болохгүй ойлголт байдаг. Тэр тусмаа хайр сэтгэл бол энэрэн, нигүүлсэнгүй хандлага дагуулдаг бизнесийн шийдвэрийг хүртэл зөв зүйтэй гаргах, хүнийг зөв замд чиглүүлдэг увдистай аж. Эдвард харгис арга барилаасаа татгалзаж бизнесийн ертөнцөд ч хүн чанар, ёс зүй давамгайлах боломжтойг харуулах бол Вивиан амар хөнгөн аргаар амьдрахаас татгалзаж зөв шийдвэр гаргана. Нэгдлийн дөрөв дэх мөчлөгийн үед компаниуд нөхөрсөг бус худалдан авалтаас сэргийлэх, хамгаалах янз бүрийн арга боловсруулсан байдаг. Тухайлбал: Poison Pill. Компани шинээр нэмж хувьцаа гаргах замаар худалдан авагч буюу нэгтгэгч компанийн эзэмших хувь хэмжээг бууруулж (Share Dillution) , зардлыг өсгөж, худалдан авалтыг үнэгүйдүүлдэг хамгаалалтын арга. Нэгдэгч компани энэ аргыг хэрэгжүүлэхдээ гаргаж буй хувьцааг одоо байгаа хувьцаа эзэмшигчдэд хямд үнээр худалдан авах эрх олгодог (Flip-in) байна. White Knight. Илүү тааламжтай нөхцөлөөр нэгдэх компанийг олох стратеги ба нэгтгэгч компанийн оронд нөхөрсөг этгээдтэй гэрээ байгуулж, түүнд компанийн хувьцаа, хяналтыг шилжүүлэх хамгаалалтын арга. Энэ аргын давуу тал нь компани одоогийн бүтцээ хадгалж үлдэхээс гадна компанийн үнэт зүйлс, соёлд нийцэх худалдан авагчтай хамтрах явдал юм. Crown Jewel Defense. Компани өөрийн хамгийн ашигтай буюу чухал хэсгүүдээ тусгаарлаж (Spin-off) , гуравдагч этгээдэд зарах замаар нэгтгэгч талын ашиг сонирхлыг бууруулах хамгаалалтын арга. Бизнесийн хамгийн их орлого олдог, эсвэл чухал хөрөнгийг алдсанаар урт хугацаанд санхүүгийн хүндрэлд орох, цаашилбал оршин тогтнох эсэх асуудалтай тулгарна. Golden Parachute. Компанийг нөхөрсөг бусаар худалдан авсны дараа гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халсан нөхцөлд багц нөхөн олговор олгох гэрээний заалтыг гүйцэтгэх захирлын контрактад тусгасан байна. Багцад цалин, урамшуулал, эсвэл гэрээнд заасан тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох хугацаа, давуу эрх, хувьцааны опционы урьдчилсан хэрэгжилт зэрэг орно. Ийм заалт байснаар нэгдэх үйл явцын дараа гүйцэтгэх удирдлага компанид үлдэх, эсвэл өмнөхтэй нэгэн адил нэгтгэгч компанийн зардлыг өсгөнө. Pac-Man Defense. Нэгдэгч компани нь нэгтгэгч компанийн хувьцааг сөргүүлж авах довтолгооны хамгаалалтын арга. Их хэмжээний хөрөнгө шаардах тул нэгдэгч компани санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Greenmail. Хувьцааг буцаан авах нөхцөлтэйгөөр компани гуравдагч талд премиум төлж буюу ашигтай нөхцөлөөр хувьцаа худалдан авхуулах хамгаалах арга. Хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгөн хөрөнгө шаардана, эргээд тэр нь цэвэр алдагдал болох тул санхүүгийн байдалд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Standstill Agreement. Талууд хэлэлцээр хийж, тодорхой хугацаанд эсвэл тодорхой нөхцөл биелтэл хувьцаа худалдаж авахыг хориглох, хязгаарлах, зогсоох гэрээ байгуулан хамтрах байдлаар хамгаалах арга. Гэхдээ энэ тохиолдолд нэгдэгч компани ямар нэгэн зүйл санал болгох хэрэгтэй. Нөхөрсөг бус худалдан авалтыг саатуулж, компанийн удирдлагад өөрийн байр суурийг бататгах, эсвэл нөхцөл байдлыг зохицуулах цаг авах боломжийг олгоно. Dual-Class Stock Structure. Компани саналын эрхийн хувьд ялгаатай хоёр төрлийн хувьцаа гаргана. Давуу эрхтэй хувьцааг компанийн үүсгэн байгуулагч, удирдлага эзэмших ба бусад хувьцаа эзэмшигчид энгийн хувьцаатай байна. Цөөн хүний мэдэлд саналын өндөр эрхтэй хувьцааг төвлөрүүлснээр компанийн хяналтыг гаднын хүн авах төвөгтэй болно. Employee Stock Ownership Plan. Компани нь ажилчдадаа зориулж хувьцаа эзэмшлийн итгэлцлийн сан байгуулах замаар тэднийг компанийн өмчлөгч болгодог хамгаалалтын арга. Ажилчдад компанийн хувьцааг тараан өгснөөр нөхөрсөг бус худалдан авалтын эсрэг санал өгөх магадлалтай үнэнч хувьцаа эзэмшигчдийг бий болгоно. Ажилчдын хувьд компанидаа эзний сэтгэлээр хандах хандлагатай болох давуу талтай ч хэрэгжүүлэхэд үнэтэй бөгөөд хувьцааны үнэ цэнийг бууруулах, хорогдуулах эрсдэл дагуулна. Macaroni Defense. Компанийг худалдан авсан тохиолдолд өндөр премиумтайгаар эргүүлэн авах үүрэг бүхий бонд гаргадаг ба худалдан авагчид санхүүгийн ихээхэн дарамт үүсгэх хамгаалалтын арга. Гоймонг чанаж болгосны дараа тэлж томордог тул ийнхүү нэрлэсэн ба заримдаа Poison Put буюу хор өгөх гэж нэрлэх нь бий. Litigation Defense. Компани нь худалдан авах ажиллагааг хойшлуулах эсвэл зогсоохын тулд нэгтгэгч компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах хамгаалалтын арга. Нэгдэгч компани нь тухайлбал, шударга өрсөлдөөгүй (Antitrust Violations) , дотоод мэдээллийг ашиглаж давуу байдлаар хувьцааны арилжаа хийсэн (Insider Trading) , эсвэл бусад зохицуулалтыг зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар худалдан авах үйл явцыг удаашруулж, эсвэл зогсоож чаддаг тул заримдаа Show-Stopper гэж нэрлэх нь бий. Нэгдэгч компанийн удирдлага бусад сонголтуудыг судлах, хамгаалалтыг бий болгох цаг хожих ч үлэмж зардал мөнгө гаргасны дараа зорилгодоо хүрэх эсэх нь эргэлзээтэй. Greenfield Investment. Нэгдэгч нь нэгтгэгч компанийн зорилгод нийцэхгүй, эсвэл сонирхол татахгүй, үндсэн бизнест огт хамааралгүй төсөлд хөрөнгө оруулалт хийх хамгаалалтын арга. Нэгдэгч компани нь үйл ажиллагааны багцаа төрөлжүүлснээр, нэгдлийн улмаас бий болох синергийг үгүй хийх замаар нэгтгэгчийн овоо хараанд өртсөн байхаа болино. Capital Structure Manipulation. Нэгдэгч компани нь боломжит худалдан авагчдын сонирхлыг татахгүй байхын тулд зээл авч санхүүгийн ачааллаа нэмэгдүүлэх хамгаалалтын арга. Өөрөөр хэлбэл, компанийн чөлөөт мөнгөн урсгалыг бууруулж, аливаа боломжит худалдан авагчийн санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг тул зарим тохиолдолд Scorched Earth Policy гэж нэрлэх нь бий. “Just Say No” Defense. Нэгдэгч компанийн төлөөлөн удирдах зөвлөл нэгтгэгч компанитай хэлэлцээр хийх, хамтран ажиллахаас татгалзана. Хувьцаа эзэмшигчдийн үнэнч байдалд тулгуурлаж, нэгтгэгч компани төлөөлөн удирдах зөвлөлөөс зайлшгүй зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг. Dead-Hand Provision гэж нэрлэх нь бий. Dead-Hand Poison Pill. Захирлуудыг албан тушаал нь чөлөөлөх бол шинэ захирлууд сонгогдсон ч зөвхөн анхны төлөөлөн удирдах зөвлөл хамгаалалтыг цуцалж чадах хамгаалалтын хувилбар. Эдгээрээс гадна Media Campaign, Golden Share, Reverse Takeover , Recapitalization, Staggered Board of Directors, Dead-Hand Poison Pill, Supermajority Amendment гэх зэрэг нөхөрсөг худалдан авалтаас сэргийлэх, хамгаалах арга байна. Компани өөрийгөө хамгаалах эдгээр тактик нь бодит амьдралын хэрэгцээ шаардлагын улмаас хөгжлийн явцад үүссэн ба өнөө үед улам боловсронгуй болжээ. Кинонд гарч буй усан онгоцны компани эдгээр аргуудаас хэрэгжүүлэх чадваргүй байдал нь түүнийг илүү эмзэг болгожээ. Гэхдээ хэрэв кинонд эдгээрийг оруулсан бол бизнест хэт төвлөрсөн, хайр дурлалын кино биш болох байсан болов уу 😅. "Хөөрхөн Хүүхэн" кино нь романтик түүхийг 1980-аад оны бизнесийн орчинд тулгарч байсан ёс зүйн сорилтууд, ашиг мөнгөний хойноос хөөцөлдөх бизнес дэх хувь хүний харилцааны нөлөөлөл зэргийг хослуулан харуулахаас гадна, энд бичиж үлдээх гэсэн зүйл нь компанийн өөрчлөн байгуулалт, тэр дундаа нөхөрсөг бус худалдан авалт, түүний эсрэг баримтлах хамгаалалтын стратегиудыг киноны үйл явдлаар дамжуулан танилцуулах явдал байлаа. Хуульч Шувуухайн “Бизнесийн нэгдэл” , “Нэгдэх хэлцэл” нийтлэлийг уншиж, нэгдэл нийлэлтийн гол ойлголтуудын талаар илүү ихийг мэдэж аваарай! Мэдээж “Хөөрхөн хүүхэн” киног дахин нэг үзээрэй гэж хэлээд дуусгая. Ж.Танан Компанийг нөхөрсөг бус худалдан авалтаас хамгаалах аргууд #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #БизнесийнЭрхЗүй #Судалгаа #ХөөрхөнХүүхэн #ЦагаанБаатар #ХарБаатар #ХувьцааныАрилжаа #БизнесийнНэгдэл #КомпанийХудалданАвах #НөхөрсөгБусНэгдэл #НэгдлийнМөчлөг #1980аадОн #РичардГир #ЖулиаРобертс #ХөрөнгөОруулалт #ШүүхийнХамгаалалт #Бонд #Премиум #ХувьцааЭзэмшигч #Нэгдэгч #Нэгтгэч #БизнесийнЁсЗүй #КомпаниТусгаарлах #КомпанийнХөрөнгийгЗарах #ХувьцааныАнгилал

  • Шарлотта Бронте “Жейн Эйр”

    Уг роман нь 1847 онд анх хэвлэгдсэн Английн уран зохиолын сонгодог бүтээл билээ. Гол баатар өнчин охин Жейн Эйр авга эгч хатагтай Ридийн асрамжид очих боловч, гадуурхагдан тун удалгүй хатуу хүмүүжил олгодог шашны Ловудын сургуульд илгээгдэнэ. Бие сэтгэлийн зүдүүр шаналгаа дунд түүний бага нас өнгөрөх ч Жейн хичээнгүй сурч, боловсрол эзэмшин, өөртөө итгэлтэй залуу эмэгтэй болж төлөвшдөг. Тэрээр сургуулиа төгсөөд нууцлаг, бодлогоширсон ноён Рочестерийн Торнфилд Холл дэх гэрт хүүхдийн сургагчаар ажилд орно. Үүнээс хойш романы гол үйл явдал Жейн болон ноён Рочестерийн хооронд үүсэх хайр дурлалын түүхийг өгүүлэх боловч ноён Рочестерийн нуун дарсан өмнөх гэрлэлт илэрч тэдний харилцаа төвөгтэй болно. Жейн бардам зан ба хайр хоёроос сонголт хийхэд хүрч өөрийг нь хуурсан ноён Рочестерт гомдон, түүнийг орхин явна. Хэдийгээр бие нь хайртай хүнээсээ хол байсан ч Жейн жинхэнэ хайраа орхиж явсандаа гэмшиж, сэтгэл зүрхээрээ мэдрэн буцан ирэхэд, сэтгэцийн өвчтэй эхнэр нь Торнфилд Холлийг галдан шатааж амиа алдаж, ноён Рочестер хараагүй болсон байна. Ийн амьдралын олон саад даваа, бэрх амьдрал туулсны эцэст хайртай хүнтэйгээ эргэн нийлж роман төгсөнө. Зохиолч анги давхаргын зөрүү, эмэгтэйчүүд дуулгавартай, хүлцэнгүй байх ёстой гэж үздэг тухайн үеийн нийгмийн хүлээлтийг сөрөн зогсож буй Жэйн Эйрийн дүрээр өөрийгөө нээн эрэлхийлэхийн хажуугаар бие даасан байдлаа хадгалахыг хичээж буй эмэгтэй хүнийг төлөөлүүлжээ. Жэйн Эйр өөрийн зарчим, үзэл баримтлалдаа үнэнч, хатуу шийдэмгий байж, нийгэмд эзлэх байр суурьгүй байсан ч бусдын түүнд тавьсан хязгаарлалтад хоригдохоос татгалздаг. Хамгийн гол нь бүх зүйл дардан байдаггүй, зүрх сэтгэлийг мохоох юу ч тохиосон бай, өөртөө үнэнч байх, сонголтоо бие даан хийх, өөрийгөө илэрхийлэхийн чухлыг харуулна. Роман эхлэхдээ эмгэнэлт зохиол мэт, дунд хэсэгтээ хайрын түүх мэт сэтгэгдэл төрүүлэх боловч уншиж дууссаны дараа жендерийн асуудлыг гарал сурвалжаас тайлбарласан нь ойлгогдоно. Романд феминист үзэл санаа нэвт шингэсэн нь эмэгтэй хүн эрх тэгш байдлыг эрмэлзэж, боловсрол эзэмшиж, бусдаас хамааралгүй байхыг хичээж буйгаар илэрнэ. Эмэгтэйчүүдэд ёс суртахууны хэм хэмжээг чанд сахиж, ариун явдалтай байх ёстой хэмээн тулгадаг атал, эрэгтэйчүүд ёс суртахуунгүй үйлдэл хийхийг хүлээн зөвшөөрсөн байдал нь нийгмийн анги давхаргын ялгаанаас илүүтэйгээр хор уршиг учруулдаг байна. Түүнээс гадна, “Жэйн Эйр” роман нь нийгмийн тогтсон хэм хэмжээ, түүний хувь хүнд үзүүлэх дарамт шахалт, нөлөөллийн талаар судлахад суурь мэдлэг болно. Нийгэмд ялгаатай стандарт байх аваас шударга бус байдал газар авч, хувь хүний эрх, эрх чөлөө үгүйсгэгдэж, зарим нэг нь гадуурхагдаж, тэр бүү хэл бие болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байна. Хэлэхгүй үлдээж болохгүй, романы чухал сургамжуудын нэг нь хүн хоорондын жинхэнэ харилцааг бий болгох энэрэн нигүүлсэхүйн хүч юм. Хэдийгээр бага балчир наснаасаа гадуурхагдаж, бүхий л байдлаар дарамтлуулж, тогтсон үзэлд шахагдаж, уучлал үзүүлэх боломжгүй мэт үйл явдал өрнөх ч, эцсийн дүнд гол дүр оюун ухааны хүчээр бүгдийг давж, шударга бусыг үзэж харж мэдэрч шаналж зовсон ч энэрэнгүй сэтгэлээр хандана. Ж.Цэрэндулам #LawyerBirdie #ХуульчШувуухай  #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЖейнЭйр #ЭрхЗүйнФилософи #НомынТэмдэглэл  #ШарлоттаБронте #Эмэгтэйчүүд #ЭмэгтэйчүүдийнЭрх #Жендер #ФеминистҮзэлСанаа #НийгмийнБайрСуурь #АнглийнУранЗохиол #СонгодогРоман #ЖендерийнТэгшБайдал #ФеминистҮзэлСанаа #НийгмийнТогтсонХэмХэмжээ #АнгиДавхаргынЯлгаа #БоловсролынАчХолбогдол #ӨөрийгөөНээх #ХайрДурлалынТүүх #ӨвЗалгамжлал #НийгмийнШударгаЁс #ЭрхЧөлөө #БиеДаасанБайдал #ЭнэрэнгүйСэтгэл #ШүүмжлэлтРоман #НийгмийнТогтсонҮзэл #НийгмийнАсуудлууд #ЗохиолынСургамж #ХувьХүнийХөгжил #ШударгаЁсныЭрэл #ЛовудынСургууль #ТорнфилдХолл #РомантикЗохиол #ӨнчинОхиныТүүх #ХүнийЭрхЧөлөө Хуульч Шувуухайн "Монгол улсад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн нийгэм, эдийн засгийн үр нөлөө" сэдэвтэй судалгааны ажилтай танилцаарай!

  • Аристотель “Улс төр” бүтээл, түүний эрх зүйн социологид оруулсан хувь нэмэр

    Дэлхийн хамгийн агуу философичдын нэг Аристотелийн “Улс төр” нь улс төрийн онол болон социологид гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гол бүтээлийн нэг юм. Хэдийгээр энэхүү бүтээл нь эрх зүйн социологид төвлөрөөгүй ч хууль, улс төр, нийгмийн хоорондын харилцааг ойлгоход хамааралтай олон санааг агуулдаг. Тухайлбал, хуулийн мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг, төрийн янз бүрийн дэглэм, шударга ёс ба тэгш байдал, нийгмийн зохион байгуулалтыг дурдаж болно. Хуулийн мөн чанар Аристотель нийгмийг өрхөөс эхлээд хот муж хүртэл хэрхэн удирдаж байгааг судалж үзээд хуулийг хэрхэн санаачилж, дагаж мөрдөж болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнд дэг журмыг сахиулах, шударга ёсыг дэмжихэд хуулийн гүйцэтгэх үүргийн талаар авч үзсэн. Тэрээр сайн хуулиудын онцлог шинж чанаруудыг судалж, зохистой нийгмийг төлөвшүүлэхэд хуулийг хэрэгжүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байдаг. Төрийн дэглэм Аристотель хаант, язгууртны, ардчилсан зэрэг төрийн янз бүрийн дэглэм байдаг хэмээн ангилж, тэдгээрийн давуу болон сул талуудад дүн шинжилгээ хийсэн. Энэ нь түүний анхааралтай ажиглалт, гүн ухааны дүн шинжилгээг хослуулан, төрийн мөн чанарыг эргэцүүлэн бодож тунгаасны үр дүн юм. Тэрээр дэглэм бүрийн хууль тогтоомж, эрх зүйн институт нь түүний үйл ажиллагааг тодорхойлж, нийгмийн динамик байдалд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлжээ. Шударга ёс ба тэгш байдал Аристотель шударга ёсны тухай ойлголт, түүний хууль, улс төрийн засаглалтай нөхцөлдсөн харилцааг судалсан. Тэрээр хуулийн засаглалд эрх тэгш байхын ач холбогдол, нийгмийн нийтлэг эрх ашгийг тусгах хуулиудын хэрэгцээ шаардлагын талаар авч үзсэн. Иргэншил ба иргэдийн оролцоо Аристотель улс төрийн нийгэм дэх иргэдийн гүйцэтгэх үүрэг, тэдний засаглалд оролцох оролцооны ач холбогдлыг судалсан. Тэрээр эрх зүйн орчин нь иргэдийн оролцоотой нийгмийг бүрдүүлэхэд хэрхэн тус дөхөм, эсвэл саад болж болох талаар бичиж үлдээсэн байна. “Улс төр” бүтээл нь орчин үеийн социологи шинжлэх ухаан болон хөгжихөөс өмнө бүтээгдсэн боловч түүний хууль, улс төр, нийгмийн мөн чанарын талаарх ойлголт нь хожим социологийн сэтгэлгээний үндэс суурь болсон гэж болно. Орчин үеийн эрх зүйн социологичид эрх зүйн тогтолцоо, нийгмийн бүтэц, улс төрийн институт хоорондын харилцаанд дүн шинжилгээ хийхдээ түүхэн дэх хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг Аристотелийн дэвшүүлсэн санааг ашигладаг. Тиймээс “Улс төр” бүтээл нь эрх зүйн социологи, улс төрийн онол сонирхогч хэн бүхэнд өдгөө ч чухал ач холбогдолтой, нөлөө бүхий агуу бүтээл хэвээр байна. Ж.Танан Зүүлт тэмдэглэл Сонгодог эртний үеийн төлөөлөгчдийн нэг, Грекийн гүн ухаантан, эрдэмтэн Аристотель МЭӨ IV зуунд амьдарч байжээ. Тэрээр Афин дахь Платоны Академийн хамгийн алдартай сурагч байсан бөгөөд түүний зохиол бүтээлүүд нь эцсийн дүндээ өрнөдийн философийн цогц тогтолцоог бүрдүүлсэн юм. Түүний бүтээлүүд нь судалгааны зөвхөн нэг чиглэлээр хязгаарлагдаагүй, физик, биологи, метафизик, логик, ёс зүй, гоо зүй, риторик, хэл шинжлэл, улс төр, засгийн газар зэрэг төрөл бүрийн салбаруудыг хамардаг. Улс төр гэдэг үг нь Грекийн “polis” буюу хот гэсэн үгнээс гаралтай бөгөөд хоттой холбоотой зүйл гэсэн утгатай. Эрт дээр үед хүн ам цөөхөн байсан ба хотыг хамгийн дээд түвшний нийгэм гэж үздэг байсан учраас хот нь улс төрийн асуудлыг хэлэлцэхэд хамгийн их хамааралтай байв. Аристотелийн "Улс төр" бүтээл нь найман боть бөгөөд тус бүр бүлгүүдэд хуваагддаг. Аристотель “Улс төр” #ЭрхЗүйнСоциологи #АристотельУлсТөр #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #Аристотель #УлсТөр #ХуулийнМөнЧанар #ТөрийнДэглэм #ШударгаЁс #ТэгшБайдал #ГрекийнГүнУхаантан #ПлатоныАкадеми #ӨрнөдийнФилософи #Физик #Биологи #Метафизик #Логик #ЁсЗүй #ГооЗүй #Риторик #ХэлШинжлэл #УлсТөр #ЗасгийнГазар #НийгмийнМөнЧанар #ЭрхЗүйнТогтолцоо #НийгмийнБүтэц #УлсТөрийнИнститут #ЭрхЗүйнОрчин #ИргэдийнОролцоо #Засаглал #НийгмийнНийтлэгЭрхАшиг #ТөрийнДэглэм #ХаантДэглэм #ЯзгууртныДэглэм #АрдчилсанДэглэм #ГүнУхаан #ШударгаЁс #ТэгшБайдал #ХуулийнГүйцэтгэхҮүрэг

  • Платон “Хуулиуд” бүтээл, түүний эрх зүйн социологид оруулсан хувь нэмэр

    Платоны “Хуулиуд” бол хууль, улс төр, нийгмийн хоорондын харилцааг судалсан суут бүтээл юм. Түүний “Төр улс” алдартай бүтээлд хамгийн тохиромжтой төрийг харуулсан бол, “Хуулиуд” бүтээлд Платоны хуулийн тухай үзэл бодол илүүтэй тусгагдсан ба хууль тогтоомж, засаглалын талаар илүү бодитой, нарийвчлан судалсан. Эрх зүйн социологийн үүднээс авч үзвэл уг бүтээлд нийгмийн дэг журмыг сахих хувь хүний зан төлөвийг бүрдүүлэхэд хуулийн гүйцэтгэх үүргийг онцолжээ. Хууль тогтоомж ба засаглал Платон “Хуулиуд” бүтээлдээ Магнези гэх хот - улсын эрх зүйн хамгийн тохиромжтой тогтолцоог тодорхойлсон. Тэрээр засгийн бүтэц, шударга ёс, хууль тогтоох үйл явц, иргэдийн гүйцэтгэх үүрэг зэрэг засаглалын янз бүрийн асуудлыг авч үзсэн. Платон Магнезийн хуулиудын дагуу шударга ёсны зарчмуудыг баримталдаг эв найртай, ариун журамтай нийгмийг бий болгохыг эрмэлзжээ. Боловсрол ба ёс суртахууны төлөвшил “Төр улс”-тай адил “Хуулиуд” бүтээлд ариун журамт иргэнийг төлөвшүүлэхэд боловсрол чухал гэдгийг онцолсон. Платон ёс суртахууны үнэт зүйлс, иргэний ариун журам, төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахуйц хүмүүжлийн тогтолцоог бий болгохыг дэмжсэн байдаг. Боловсрол нь хотын тогтвортой, сайн сайхан байдлыг хангах, мөн оршин суугчдын зан чанарыг төлөвшүүлэх чухал хэрэгсэл гэж үзжээ. Нийгмийн дэг журам дахь хуулийн үүрэг Платоны “Хуулиуд” бүтээлд хуулийн үүргийг нийгмийн дэг журмыг сахиулах, хүний зан үйлийг зохицуулах үндсэн хэрэгсэл болохыг онцолсон байдаг. Тэрээр хуулиуд нь нийгмийн ёс суртахууны зарчим, үнэт зүйлсийг тусгаж, ариун журамтай зан үйлийг удирдан чиглүүлж, муу муухайгаас урьдчилан сэргийлэх ёстой гэж үзжээ. Платон, хуулиудыг хэрэгжүүлэх замаар хот дахь шударга ёс, эв найрамдал, нийтлэг сайн сайхныг дэмжинэ гэжээ. Философич - хамгаалагч ба хууль тогтоогчид Философич - хаадын тухай тодорхой өгүүлээгүй ч, хууль боловсруулж хэрэгжүүлэхэд ухаалаг удирдагчдын чухлыг онцолсон. Платон Магнезийн асран хамгаалагчид болон хууль тогтоогчид оюуны мэдлэг ба ёс суртахууны шударга байдлыг аль алиныг нь эзэмшиж, хууль тогтоомж нь шударга ёсны зарчим, олон нийтийн ашиг сонирхлыг тусгасан байх ёстой гэж үзжээ. Ардчиллын шүүмжлэл “Хуулиуд” нь ардчиллын тухай шүүмжийг агуулдаг бөгөөд үүнийг Платон, ёс суртахууны доройтолд өртөмтгий тогтворгүй байдал гэж үзжээ. Тэрээр ардчилсан дэглэмүүд нь демагогизм [1] , бүлэглэл, олонхын дарангуйлалд өртөмтгий байдаг бөгөөд шударга ёс, нийтийн сайн сайхны зарчмыг баримталж чаддаггүй гээд. Засаглалын тухай алтернатив үзэл баримтлалыг дэвшүүлж, ардчиллын хор уршгаас хамгаалах хамгаалалт бол, хууль дээдлэх ёс, философич - хаадын мэргэн ухаан хэмээн онцолсон байдаг. Эртний Грекийн улс төрийн сэтгэлгээний хамгийн чухал бүтээлүүдийн нэг “Хуулиуд” нь шударга ёсны мөн чанар, засаглал дахь хуулийн үүрэг, эрх баригчид болон иргэдийн хоорондын харилцаа зэрэг асуудлыг хөндсөн эрх зүй, улс төрийн онолын нарийвчилсан судалгаа юм. Уг бүтээл нь улс төрийн сэтгэлгээний түүхэнд чухал ач холбогдолтой бүтээл бөгөөд хууль, улс төр, нийгмийг сонирхдог эрдэмтдийн дунд мэтгэлцээн, хэлэлцүүлгийг өрнүүлсэн хэвээр байгаа нь агуу гэдгийн нотолгоо билээ. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1] Демагогизм гэдэг нь үндэслэлтэй аргумент ашиглахын оронд жирийн хүмүүсийн хүсэл, өрөөсгөл үзлийг давах гэсэн улс төрийн үйл ажиллагааг хэлнэ. Платон “Хуулиуд” #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнСоциологи #ПлатонХуулиуд #Платон #Хуулиуд #Демагогизм #Ардчилал #ЁсСуртахууныДоройтол #ОлонхынДарангуйлал #ШударгаЁс #НийтийнСайнСайхан #Засаглал #ҮзэлБаримтлал #ХуульДээдлэхЁс #Философич #ХаадынМэргэнУхаан #ЭртнийГрек #УлсТөрийнСэтгэлгээ #ХуулийнҮүрэг #ЭрхБаригчид #Иргэд #УлсТөрийнОнол #Судалгаа #УхаалагУдирдагчид #Магнези #ЭвНайрамдал #НийтийнАшигСонирхол #ЁсСуртахууныҮнэтЗүйл #ИргэнийАриунЖурам #ТөрийнҮүрэг

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page