Юваль Ной Харари “XXI зууны 21н сургамж”
- Ж.Танан

- Nov 17, 2023
- 3 min read
Updated: Jan 23
Эргэцүүлэн бодоход хүргэсэн “XXI зууны 21н сургамж” номд зохиолч Юваль Ной Харари бидний цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэрээр хиймэл оюун ухааны хөгжлөөс эхлээд, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт хүртэл гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, алсыг харан судлахдаа, хүн төрөлхтний ирээдүйн талаар чухал асуултуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, “Компьютер, роботууд дэлхийг хэрхэн өөрчилж байна вэ?”, “Хүн байхын утга учир юу вэ?”, “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуурамч мэдээний тархалтыг хэрхэн даван туулах вэ?”, “Улс үндэстэн, шашин шүтлэг нийгэмд хамааралтай хэвээр байна уу?”, “Дижиталжсан аюултай ертөнцөд бид хүүхдүүддээ юу заах ёстой вэ?” зэрэг асуулт байлаа. Эдгээр нь хүн төрөлхтөн амьд үлдэх, ирээдүйгээ өөдрөгөөр харахын тулд зайлшгүй тодруулах чухал асуулт бөгөөд тулгамдаж буй олон сорилтуудыг давж гарахад хариултыг эрж хайх хэрэгтэй гэдгийг ухааруулна.

Түүхэндээ, хүн төрөлхтөн дэлхий хаашаа чиглэж байгаа талаар зохистой таамаглал дэвшүүлж чаддаг байв. Гэтэл, өнөөгийн хурдацтай хөгжиж буй технологид суурилсан соёл иргэншилд энэ нь улам бүр боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч, "Хариулж чадахгүй асуулт нь асуух боломжгүй хариултаас хамаагүй дээр" аж.
Израилын сэхээтэн, түүхч, Иерусалимын Еврейн их сургуулийн түүхийн тэнхимийн профессор болохын хувьд зохиолч түүх, шинжлэх ухаан, гүн ухаанд тулгуурлан XXI зууны ээдрээтэй байдалд нухацтай хандаж, ирээдүйн тодорхойгүй байдлыг туулахад түлхэц өгөх хорин нэгэн сургамжийг өгчээ.
Номын тэмдэглэлээ бичихдээ, хорин нэгэн сургамжийг бүгдийг нь хөндөхгүйгээр өөрт илүү ойр, санаанд үлдсэн гурван сургамжийг онцолж байна. Нэгт, мэдээллийг эзэмшиж буй хүн ялагч болдог, тийм ч учраас хүн бүр мэдээлэлтэй байхыг эрмэлздэг. Хоёрт, мэдэхгүй боловч мэддэг гэж боддог нь асуудал болдог. Гуравт, өнөөгийн ертөнцөд боловсрол бол чиглүүлэх л үүрэгтэй. Ингээд эдгээрийг арай дэлгэрэнгүй тайлбарлах оролдлого хийе.

Эхний сургамж нь мэдээлэл эзэмших, олж авах талаар. Хүн төрөлхтөн ертөнцийг хэрхэн харж, хэрхэн удирдан чиглүүлэх талаар янз бүрийн үзэл баримтлал, үзэл санаатай байдаг ч олон хүний дэмжлэг авсан идеолог бидний хэдэн арван жилийн ирээдүйг тодорхойлсоор ирсэн. Энэ давуу эрхийн төлөө өнгөрсөн XX зуунд фашизм, коммунизм, либерализм тэмцэж, эцэст нь либерализм ялагчаар тодорчээ. Нэгэнт либерализм ялж, давамгайлах болсон тул XXI зуунд технологи хамгийн үнэ цэнтэйд тооцогдож буй нь тодорхой. Тиймээс үндэстэн, улс орнуудын хооронд мэдээлэл, өгөгдөл олж авах тэмцэл өрнөж байна. Гэтэл үндэстэн дотор төлөөлөл болгон сонгосон улс төрчид нь идеологийн талаар бүрэн ухамсарлаагүйгээс чухал сэдвүүдийг хөнддөггүй, харин нөгөө талаас хүмүүсийн урам хугарч, үл тоомсорлож байгаа сэтгэгдэлтэй үлддэг байна. Энгийн жишээгээр тайлбарлавал, технологийн улмаас олон зуун ажлын байр шаардлагагүй болж хүмүүсээс хамаарал улам бүр багасаж ажилгүйдлийн нэг хүчин зүйл болж байгааг төдийлөн анзаарахгүй байна. Үнэн хэрэгтээ яригдаад буй технологийн талаар улс төрчид ч тэр, энгийн хүмүүс ч тэр гүн гүнзгийн мэдлэггүй аж.

Дараагийн сургамж нь мэдэхгүй боловч мэддэг гэж бодох нь аюулт үзэгдэл юм. Энд номын жишээг авалгүй, өөрийн орны бодит байдлыг бодлоо. Манай улсад өчигдөрхөн Хууль зүйн яамны сайд байсан хүн өнөөдөр хотын дарга болж, банкны захирал байсан хүн шударга өрсөлдөөнийг зохицуулж байна. Нэг хүн хуулийн талаар мэргэшсэн байж болох ч яг тэр хэмжээндээ аж ахуйн асуудал эрхлэх туршлагатай байж амжих уу? гэсэн бодол толгойд оров. Гэтэл бодит байдал ийм л байна. Бид илүү мэддэг, ухаантай гэж боддог маань үнэн хэрэгтээ өөр мэргэшсэн нэгнээс илүү байх үндэслэл биш. Мэдээллийг олж авах боломжтой юу гэвэл мэдээж боломжтой, гэхдээ тийм байлаа гээд яг энэ мөчид миний толгойд байгаа гэсэн үг биш юм. Тиймээс л зогсолгүй мэдэхийн, сурахын төлөө цагаа зарцуулах, хийж чадах бүгдийг гүйцэлдүүлэх ёстой байна.

Сүүлийн сургамж нь сургууль хэрхэн бодож сэтгэх талаар чиглүүлэн сургах үүрэгтэй. Өнөөгийн боловсрол хэрхэн биш харин юуг бодох талаар сургадаг. Энгийнээр хэлбэл, аль болох их мэдээллийг өгөхөд анхаарч, уг үндэс нь юу байсан, юунаас уламжлалтай, цаашид хэрхэх талаар орхигдуулдаг байна. Зохиолч түүх, биологи, математик болон бусад хичээлүүдээр өгдөг суурь мэдлэгийг үгүйсгээгүй, харин олон баримт мэдээллийг ой тогтоомждоо санахаас илүүтэйгээр орчин үеийн үлэмж мэдээллийн дотроос шүүн авах, худал ташаа мэдээллийг ялгаж салгахад суралцах нь чухал гэжээ. Нээрээ ч өргөн мэдээллийн сангаас мэдэх ёстой зүйлээ олж авах чадварыг эзэмших хэрэгтэй болжээ.
Миний хувьд зохиолчийн хүн төрөлхтний өнгөрсөн түүхийг судалсан Sapiens, бидний алс холын ирээдүйн тухай өгүүлсэн Homo Deus номуудыг уншсан. Харин 2018 онд бичсэн “XXI зууны 21н сургамж” номоос орчин үеийн ертөнцийн сорилтууд, тэдгээрийг даван туулах боломжууд, ирээдүй, тэр дундаа технологи, даяаршлын нөлөөллийн талаар сонирхон уншив. Ерөнхийдөө Юваль Ной Хараригийн номууд нь хүсэл зориг, ухамсар, оюун ухаан, зовлон, жаргалын талаар хөнддөг, өргөн мэдээлэлтэй, гэгээрүүлсэн түүхүүдтэй байдаг тул уйдах сэдэл төрөхгүй уншиж дуусгадаг билээ.
Эцэст нь унших зуур номд бичсэн зарим зүйлийн талаар өнгөцхөн, сонссон төдий мэдлэгтэй гэдгээ ойлгож, салбар дундын шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах хүсэл эрмэлзэл төрсөн. Зохиолчийн ойлголтуудыг багцлан хүргэх чадвар нь үнэлүүштэй санагдлаа.
Ж.Танан

#21рЗууны21нСургамж #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЮвальНойХарари #Сапиенс #ХомоДеус #Сорилтууд #Ирээлүй #Технологи #Даяршил #ХүсэлЗориг #Ухамсар #ОюунУхаан #Зовлон #Жаргал #Мэдээлэл #Түүх #МэдээллийнСан #Түүх #Биологи #Боловсрол #СуурьМэдлэг #ӨнөөгийнЕртөнц #Философи #ЕртөнцийнҮзэхҮзэл #ХарахӨнцөг #Сургамж

😍
.