Жорж Оруэлл "Амьтны ферм"
- Ж.Танан
- Jan 27, 2024
- 2 min read
Updated: Jan 23

Жорж Оруэлл “Амьтны ферм” хошин зохиол 1945 онд хэвлэгджээ. Уг зохиолд эзнийхээ эсрэг босож буй фермийн амьтдаар 1917 оны хувьсгал, өрнөж буй үйл явдлаар ЗХУ-ын улс төр, түүний завхралыг элэглэл ашиглан адилтгаж, Сталиныг Наполеон, Троцкийг Цасан бөмбөг нэртэй гахайгаар төлөөлүүлж, аажмаар ялзарч буй тоталитаризмыг харуулж, тус дэглэмийн дарангуйллын мөн чанарыг шүүмжилжээ.
Зохиолын үйл явдал нь Жонс гэх фермерийн мал амьтад, эзэн дарангуйлагчийн эсрэг босох санаа гаргаж эхэлнэ. Бослогыг амьтад дундаас ухаалаг, амбицтай Наполеон, Цасан бөмбөг нэртэй гахайнууд өдөөж, бусдыгаа тэргүүлж, Жонсыг түлхэн унагаж, эрх тэгш, шударга ёсны зарчимд тулгуурлан өөрсдийн Засгийн газрыг байгуулдаг. Тэд Амьтны тухай долоон зарлиг баталж, тэр дундаас хамгийн чухал “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээн тунхаглана.

Гэтэл, цаг хугацаа өнгөрөх тусам, бослогын дараа хяналтыг авсан гахайнууд анхны зарчмаас бага багаар урваж, эрх баригч анги болж хувирна. “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээсэн нь “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй” болно. Ийнхүү гахайнууд бусад амьтдыг мөлжиж, зарлигуудыг хэрэгцээндээ тохируулан өөрчлөхөөс гадна яваандаа хүмүүстэй ч эвсдэг. Төгсгөлийн үзэгдэлд гахай хүнээс ялгагдахааргүй дарангуйлагч болсон байна.
Амьтад эрх тэгш байдлыг эрэлхийлэх нь нийгмийн шударга ёсны төлөөх хүмүүсийн тэмцэл, түүхэн хувьсгалууд; зохиолын дүрүүд нь бодит амьдрал дээрх ижил төстэй хүмүүс; эрх мэдэл авсны дараах гахайнуудын үйлдэл, үйл явдал нь хяналтгүй эрх мэдлийн завхрал, засаглалын нарийн төвөгтэй байдал; хууран мэхлэн, заль мэх хэрэглэж, ойлголтыг гуйвуулж, худал хуурмаг мэдээллээр хангаж байгаа нь улс төрийн манипуляцтай харьцуулсан зүйрлэл гэлтэй.
Орчин үед нийгмийн хайхрамжгүй, харалган дуулгавартай байдлын үр дагавар нь улс төрд хяналтгүй эрх мэдэл, авлига болж илэрдэг үзэгдэл хэвээр байгаа нь “Амьтны ферм” зохиолоос сургамж авах олон зүйл байгааг илтгэнэ.
Хяналтгүй эрх мэдэлтэй удирдагчид үзэл баримтлал, зарчмаас амархан урваж болзошгүй.
Дарангуйлал газар авахаас болгоомжлон эрх мэдлийг цөөн хүний гарт төвлөрүүлж болохгүй.
Улс төрийн хөдөлгөөн, хувьсгалууд цаг хугацааны явцад авлигад өртөж, зорьсон замаасаа хазайж болно.
Хуурамч мэдээтэй холбоотой асуудал өнөөгийн ертөнцөд ч хэвээр байгаа тул олон нийт мэдээллийг ялган салгаж, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
Шүүмжлэлтэй сэтгэх, эргэлзэх, удирдагчдад хариуцлага тооцох нь орчин үеийн улс төрд хамааралтай хэвээр байгаа.
Өнөөгийн нийгэмд баялгийн тэгш бус хуваарилалт байсаар байна.
Олон нийт мэдээлэлтэй, идэвхтэй үүрэг, оролцоотой байх нь чухал.
Эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд хандлага, эв нэгдэл, хамтын үйл ажиллагаа хэрэгтэй.
Эцэст нь, хэрэв гахайнууд шударга, тэгш эрхтэй нийгмийг хадгалж үлдэхийн тулд зөв байсан бол түүх магадгүй өөрөөр эргэх байсан биз. Хэрэв бичиг үсэг тайлагдсан, боловсрол, соёлтой, зарчимтай амьтад олон байсан бол арай илүү үр дүнд хүрэх байсан биз. Харамсалтай нь бодит байдал дээр, гахайтай адил хүн эрх мэдэлтэй болсны дараа нийтийн сайн сайхны төлөө бус өөрсдийн өчүүхэн ашиг сонирхлыг урьтал болгодог. Номын тэмдэглэл нь хувь хүний үзэл бодол, үнэт зүйлсээс хамаардаг субъектив шинж чанартай гэдгийг хэлэх нь илүүц биз.
Ж.Танан

#АмьтныФерм #НомынТэмдэглэл #ЭрхЗүйнФилософи #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ТоталитарДэглэм #ЭрхЗүй #ЭвНэгдэл #Хандлага #ХамтынАжиллагаа #Дарангуйлал #ЭрхМэдэл #Боловсрол #НийтийнСайнСайхан #СайнСайхан #ҮзэлБодол #ҮнэтЗүйл #УлсТөрийнХөдөлгөөн #Хувьсгал #Авлига #ХуурамчМэдээлэл #Шүүмжлэл #Эргэлзэх #ОлонНийтийнОролцоо #УдирдагчдадХариуцлагаТооцох #УлсТөр #БаялгийнТэгшБусХуваарилалт
🐷
🎖️