top of page

Хайлтын үр дүн

213 results found with an empty search

  • “Мөрч” УСК: Гэмт хэргийн шалтгаан, уялдаа, эрх зүйн тайлал

    “Мөрч” киног үзээд, энгийн нэг зохиомол хэрэг биш, харин задлан шинжлэх, эргэцүүлэн тайлах, зөвхөн үзэж биш ухаж ойлгох ёстой кино гэж бодогдов. Монгол уламжлалт ахуй, хүний дотоод зөрчил, эрх мэдлийн дарамт, нийгмийн дуугүй хүлцэнгүй байдал, үнэнд хүрэх гэсэн ганц хүний эрэл зэрэг үйл явдал нь зөвхөн үзээд өнгөрөх бус, харин хуулийн оюутны хувьд шинжлэн судлах, бичиж тэмдэглэх сэдлийг төрүүлсэн билээ. Тиймээс энэ нийтлэлийг бичихдээ уран сайхны дүрслэл, сэтгэлзүйн зан төлөв, эрх зүйн онол гурвыг огтлолцуулахыг зорилоо. Хураангуй Энэхүү нийтлэл нь Монголын түүхэн, гэмт хэргийн мөрдлөгийн төрлийн “Мөрч” уран сайхны кинонд суурилсан эрх зүйн дүн шинжилгээг  агуулсан болно. Судалгааны зорилго нь кинонд гарч буй гэмт хэргийн үйл явц, нийгмийн шалтгаан, мөрдөн шалгах ажиллагааг криминалистик , криминологи , эрүүгийн эрх зүйн гурван үндсэн чиглэлээр задлан шинжлэхэд оршино. Криминалистикийн үүднээс хэрэг мөрдөх ажиллагааны арга зүй, нотлох баримт цуглуулах хэлбэрүүдийг судалсан бол, криминологийн талаас гэмт хэрэгтний сэдэл, нийгмийн давхаргын ялгаа, сэтгэл зүйн хүчин зүйлсийг тайлбарлав. Харин эрүүгийн эрх зүйн хүрээнд гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрх зүйн онолтой уялдуулан хууль зүйн үнэлгээ хийв. Үр дүнд нь “Мөрч” кино нь хууль зүйн боловсрол, нийгмийн ухамсарт эерэг нөлөө үзүүлж болох уран сайхны бүтээл болохыг харуулсан бөгөөд уран сайхны бүтээлийг судалгааны эх сурвалж болгон ашиглах боломж, ач холбогдлыг тодотгож байна. Түлхүүр үгс: Мөрч кино , гэмт хэрэг , криминалистик , криминологи , эрүүгийн эрх зүй , нотлох баримт , шүүхийн үнэлгээ , хэрэг мөрдөх ажиллагаа , уран сайхны бүтээлийн дүн шинжилгээ , Монголын кино урлаг ба хууль зүй , нийгмийн шалтгаан , эрх мэдэл ба шударга ёс. Удиртгал Монголын кино урлагт сүүлийн жилүүдэд олон талт сэдэв, төрөл жанр өргөжин хөгжиж, нийгмийн үнэт зүйл, шударга ёс, гэмт хэрэг , эрх мэдэл зэрэг асуудлыг хөндсөн бүтээлүүд олноор төрөн гарч, үзэгчдийн анхаарлыг татах боллоо. Ийм бүтээлүүд нь хууль зүйн судалгааны шинэ чиглэл, боломжийг нээж байгаа боловч тэдгээрт суурилсан системтэй, онолын үндэслэлтэй, эрх зүйн үүднээс хийсэн дүн шинжилгээ ховор байна. Кино зохиолыг анхлан бичихдээ тус бүрийн чиглэлээр мэргэшсэн судлаачдын оролцоотой, системтэй, шинжлэх ухаанч үндэслэлтэй ханддаг нь мэдээж боловч уран сайхны бүтээлд дүрслэгдэж буй гэмт хэргийн үйл явц, мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэр гаргалтын процесс зэрэг нь эрүүгийн эрх зүй, криминологи, криминалистикийн суурь ойлголт, зарчимтай хэрхэн уялдаж байгааг задлан шинжлэх нь академик түвшинд цөөн хүрээнд хийгдэж иржээ. Үүнээс уран сайхны бүтээл ба хууль зүйн шинжлэх ухааны огтлолцолд тодорхой анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Энэхүү нийтлэл нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн, “Оранж энтертайнмент” болон “VOO”  платформын хамтран бүтээсэн, XIX зууны Монголын нийгэм, соёл, хууль цаазын орчныг харуулсан “Мөрч” кинонд гардаг гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа, эрх мэдлийн харилцаа, нийгмийн үнэт зүйлсийн хэм хэмжээг түүхэн нөхцөлд уран сайхны аргаар хэрхэн тусгасан болохыг судалгааны үндэс болгон авч үзсэн юм. Кино нь зөвхөн уран сайхны хүүрнэл төдийгүй гэмт хэрэг үйлдэгчийн сэдэл, зан үйл, нийгмийн нөлөөлөл зэрэг олон талт хүчин зүйлийг тусгаж, хууль зүйн онол, практикт уялдах боломжтой агуулгыг багтааснаараа шинжилгээ хийх үндэслэл болсон. Онцлох зүйл нь киноны эх зохиолыг хуульч мэргэжилтэй хүн бичсэн ба энэ нь кинонд гарч буй гэмт хэрэг, үйл явдлыг улам сонирхолтой, амьдрал дээр бодитоор гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болгожээ. Судалгааны зорилго нь “Мөрч” кинонд дүрслэгдсэн гэмт үйл явдлыг эрх зүйн шинжлэх ухааны үндсэн чиглэл болох криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйг түшиглэн дүн шинжилгээ хийхэд оршино. Кинонд гардаг үйл явдлыг тохиолдлын шинжилгээний аргаар [1] авч үзэж, криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн онолын үндсэн хандлагыг ашиглан эрх зүйн зохицуулалтын уялдаа, зөрчлийг харьцуулан тайлбарлалаа. Судалгааны хүрээнд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг криминалистикийн шинжилгээний зарчим, гэмт хэрэгтний сэдэл ба зан авирыг криминологийн онолын суурь загварууд, эрх зүйн үнэлгээг эрүүгийн эрх зүйн бүрэлдэхүүн [2] , онолын хариуцлагын үндэслэлээр шинжилсэн бөгөөд уран сайхны дүрслэл нь хууль зүйн ойлголттой хэрхэн нийцэж буйг онолын түвшинд тодруулсан болно. Хэдийгээр судалгааны цар хүрээ нь нэг кинонд төвлөрч буй ч кейсийн гүнзгий шинжилгээ хийх, нийгэмд үзүүлэх хууль зүйн болон соёлын нөлөөллийг тодорхойлох зорилготой юм. Цаашид ижил төрлийн уран сайхны бүтээлүүдийг харьцуулан судлах нь илүү өргөн дүгнэлт гаргахад тустай. I. Криминалистик дүн шинжилгээ Криминалистик нь гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, нотлох баримтыг цуглуулах, задлан шинжлэх, үнэлэх мэргэжлийн арга зүйд тулгуурладаг шинжлэх ухаан юм. Монголын уламжлалт ахуйд суурилсан эрх зүйн үйл явц нь байгальтай ойр, бичмэл бус, зан үйлийн хэлбэр давамгайлж байсан нь “Мөрч” кинонд тод томруунаар дүрслэгджээ. Тус кино нь XIX зууны сүүл үеийн Монголын нүүдэлчин нийгмийн нөхцөлд хэрэг мөрдөн илрүүлэх ажиллагаа хэрхэн өрнөж байсан, тухайн үеийн мөрч хүний гярхай ажиглалт, хурц мэдрэмж, ухаалаг эргэцүүлэл, логик дүгнэлт хийх чадварт тулгуурлан хэрэг явдлын зангилааг тайлж буй үйл явцыг харуулснаараа онцлогтой. Үүн дээр үндэслэн, орчин үеийн криминалистикийн онол, арга зүй, зарчмуудтай харьцуулж, кинонд дүрслэгдсэн мөрдөн шалгах ажиллагааг шинжлэх замаар түүхэн нөхцөл ба шинжлэх ухааны хандлагын хоорондын уялдаа, зөрчлийг тодорхойлох боломж бүрдэж байна. “Мөрч” киноны үйл явдал намрын дунд сарын үед, Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууны Юндэндорж ноёны угсаа залгамжлах агь цаг бусаар, учир битүүлгээр өөд болсноор эхэлнэ. Залуу агь модноос дүүжлээстэй олдсон ч "Тэрээр өөрийн амиа егүүтгэсэн үү?" , эсвэл "Хэн нэгэн түүний амь насыг бүрэлгэсэн үү?" гэх эргэлзээ үүсгэж хэргийн учир шалтгааныг тайлахаар Дамдин гэх мөрч 7 аймгийн цаанаас залагдан ирнэ. Холын газраас тусгайлан дуудан ирүүлдэг нь тухайн үед ийм төрлийн ажил хийдэг хүн ховор ч гэлээ байсан, илрүүлсэн хэргээр нь хүмүүс ам дамжуулан цуурч, алдаршуулдаг байжээ. Кинонд Дамдин мөрчийг хүний ул шагайж, шиншилж явдаг гэж нэгэн бөө хэлдэг ч үнэн хэрэгтээ мөрчийн үүрэг, нэр хүнд, мэргэжлийн ур чадварыг ямар хэмжээнд үнэлэгдэж байсныг харуулна. Мөрч нь тухайн үеийн нөхцөлд тусгай мэргэжилтэн буюу өнөө цагийн ойлголтоор криминалист шинжээчтэй дүйцэхүйц үүрэг байв. Хэрэг гарсан газар олон хоног үргэлжилсэн бороо орж нотолгоо гэх зүйл бараг бүрэн арилсан байсан ч мөрч Дамдин байгаль, орчин хэрхэн нөлөөлж болохыг харгалзан үзэж, ул мөр үлдсэн байх магадлалтай хэсгийг системтэйгээр ажигладаг. Хөрсний чийг, модон дээр үлдсэн ул мөр зэргийг шинжилж, байгаль орчны өөрчлөлтөөс шалтгаалсан байж болох ул мөрийг нөхцөл байдлын хүрээнд дахин бүрдүүлэн дүгнэж буй нь гэмт хэргийн газрын үзлэгийн үндсэн зарчим болох ул мөрийг алдагдуулахгүй хадгалах , байгаль орчны нөхцөлийг бүрэн дүгнэх , ул мөр бүрийг шалгаж баталгаажуулах криминалистик хандлагатай нийцэж байна. Үүний дараа мөрч Дамдин сэрүүн агуйд хадгалсан цогцост хийсэн үзлэгийн үеэр хумсны завсарт үлдсэн хүний арьсны хэлтэрхийг олно. Тухайн үед гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд шинжилгээний лаборатори, ДНХ-ийн шинжилгээ, микроскоп зэрэг техник, орчин үед гарын дор ашиглагдах криминалистикийн мэдээллийн систем, дижитал нотолгоо, бичил ул мөрийн шинжилгээ зэрэг техник, технологийн дэвшилтэд зүйл байгаагүй ч гэлээ гярхай ажиглалт, логик дүгнэлт [3] , трасеологийн шинжилгээ [4]  дээр суурилсан гэмт хэргийн биет баримт [5] цуглуулах оролдлого байв. Мөн Дамдин хэргийн газрын өвсөн доороос олсон сувдан даруулга  болон цогцсыг анх харсан анчин Сүрэнгийн хэргийн газраас олж, хожим Дамдинтай таарахдаа өгсөн уран хийцтэй сэтгүүрийг хэрэгт хамаарах нотлох баримт хэмээн авч үздэг. Эдгээр нь тухайн хэрэгт гуравдагч этгээд оролцсон, эсвэл эмэгтэй хүн холбоотой байж болох тухай таамаг дэвшүүлэх логик үндэс болж буй юм. Ялангуяа сэтгүүр нь тухайн үеийн хувийн эд хэрэглэл болохын хувьд тодорхой хүний хэрэглээтэй уялдуулан холбох боломжтой бөгөөд бие даасан криминалистик объект болж хувирдаг. Мөрдөн шалгах явцад мөрч Дамдин гэрч, сэжигтнүүдтэй харилцахдаа тэдний үйл хөдлөл, ярианы логик зөрүү, биеийн хэлэмж болон нүүрний илэрхийлэл, сэтгэл хөдлөлийн хариу зэргийг ажиглан дүгнэлт хийдэг. Энэ нь сэжигтэй этгээдийн сэтгэлзүйн төлөв байдлыг тодорхойлох оролдлого байсан бөгөөд сэтгэлзүйн ажиглалт хэмээх орчин үеийн криминалистикийн арга барилтай дүйцэхүйц ажиллагаа юм. Кинонд гардаг нотлох баримтыг жагсаав. Үүнд: Гэрчийн аман мэдүүлэг; Хэргийн газрын байршил, байгалийн нөлөөлөл; Хувийн эд зүйлс (сэтгүүр, үсний даруулга г.м.); Хүний сэтгэл хөдлөлийн илрэл (уй гашуу, сандрал, хөндий хандлага г.м.). Эдгээр нь орчин үеийн криминалистикт хэрэглэгддэг биет болон субъектив нотолгооны аль алинд хамаарах бөгөөд уран сайхны кинонд бодит байдлыг дүрслэхдээ хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах боломжтойг харуулж байна. II. Криминологийн дүн шинжилгээ Криминологи нь гэмт хэргийн үүсэл шалтгаан, нийгмийн нөхцөл, хувь хүний сэдэл, сэтгэл зүйн нөлөөллийг шинжилдэг шинжлэх ухаан юм. “Мөрч” киноны төгсгөлд хэрэг илрэх үед илэрхий болж буй зан төлөв, сэтгэл зүйн уялдаа, нийгмийн байр суурь, үүрэг хариуцлага зэрэг нь тухайн гэмт хэргийн учир шалтгааныг криминологийн өнцгөөс тайлбарлах боломж олгож байна. Киноны “Заяанаас зайлж болдоггүй, учралаас урваж болдоггүй” гэх 10 дугаар ангид мөрч Дамдин хэргийн газарт холбоотой хүмүүсийг нэг дор цуглуулж, гэмт хэргийн сэжүүрүүдийг он цагийн дарааллаар танилцуулж, сэжигтнүүдийн зан авир, сэтгэл хөдлөл, үйлдлийн уялдааг задлан шинжилдэг. Үзэгчдэд эхлээд агийн үхэл гол хэрэг мэт санагдавч, уг хэрэг нь дангаараа бус, өмнөх болон дараагийн үйл явдлуудтай нягт уялдаатай байсныг мөрч тайлбарлаж илчилдэг. Тэрээр зөвхөн агийн үхлийг бус, өмнө нь үйлдэгдсэн данжаадын аллага, Лувсан болон түүний хүү Жамъянгийн аллага, дээрэм, өргөмөл охиноо хүчирхийлж, дарамталсан гэр бүлийн хүчирхийлэл, нохой алж, гэр шатаасан зэрэг гэмт хэргийг мөн илрүүлдэг. Өнгөц харахад эдгээр нь хоорондоо хамааралгүй мэт боловч үнэн хэрэгтээ нэг хүнээс үүдэлтэй, өмнөх гэмт хэргүүдээ нуух, эргэлзээг өөр тийш чиглүүлэх зорилгоор шат дараатай зохион байгуулсан хэд хэдэн гэмт хэрэг болох нь тодорхой болдог. Энэ нөхцөл байдал нь төлөвлөгөөтэй, хүйтэн сэтгэлтэй, өндөр түвшний манипуляц хийх чадвартай гэмт хэрэгтний сэтгэл зүйн зураглалыг харуулж байна. Хэрэгтэн өөрийн бурууг бусдад тохох, дүрээ хадгалах, нийгмийн итгэлийг алдахгүйн тулд эрх мэдэл, нэр хүндээ ашиглан гэмт хэргийг зохион байгуулах оролдлого хийсэнг буруугаа зөвтгөх болон ухаалаг сонголтын онолоор тайлбарлаж болно. Буруугаа зөвтгөх онол  → гэмт хэрэгтэн өөрийгөө “өөр аргагүй байсан”  гэх мэтээр дотоод ёс суртахуунаа саармагжуулж, үйлдлээ зөвтгөх хандлага; Ухаалаг сонголтын онол  → гэмт хэрэгтэн ашиг, эрсдэлийг тооцоолж, өөрт хамгийн ашигтай шийдвэрийг гарган гэмт хэрэг үйлддэг логик сэтгэлгээний хандлагын жишээ юм. Нөгөө талаас, агь өөрөө ч сэтгэлзүйн эмзэг байдал, гутралын шинжтэй байсныг түүний үлдээсэн тэмдэглэл, үйл хөдлөл харуулдаг. Түүнийг орхигдсон мэдрэмж, нэр төрийн дарамт, шаналал зовоож байсан нь сэтгэлзүйн зөрчлийн онолын хүрээн тайлбарлагдана. Сэтгэлзүйн зөрчлийн онол  → хувь хүний дотоод сэтгэлийн хямрал, шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн зөрчил гэмт хэрэгт нөлөөлдөг байна. Юндэндорж ноёны гэр бүл, тэдний хүрээлэл, албан тушаал, угсаа гарал зэрэг нь тухайн үеийн нийгмийн шаталсан бүтэц, эрх мэдлийн төвлөрөл, доод давхаргад шударга ёсны боломж хаалттай байсныг харуулна. Зөрчлийн онол  → эрх мэдэл, баялаг, нэр хүндийн хуваарилалт тэгш бус үед доод давхаргын хүмүүс шударга бус байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх нь зүйн хэрэг мэт харагддаг; Стрессийн онол  → хувь хүн нийгмийн зорилгод хүрэх боломжгүй үед хууль бус аргыг сонгодог гэсэн онол. Мөрч Дамдины хэрэг илрүүлэх арга барил нь зөвхөн баримтад тулгуурлахаас гадна сэтгэлзүйн ажиглалт, нүүрний илэрхийлэл, ярианы уялдаа, хариу үйлдлийг шинжлэхэд оршино. Сэтгэлзүйн ажиглалт  → хүний үг, үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг шууд ажиглаж, хариу үйлдлээс үнэн худлыг тогтоох аргачлал юм. Кинонд гэрчүүдийн дуугүй байдал, сэжигтнүүдийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, нийгмийн хүлээн зөвшөөрөл гэх мэт олон хүчин зүйл гарна. Хэвшмэл үйл ажиллагааны онол → гэмт хэрэг үйлдэх боломжийг хялбаршуулдаг орчны сул хяналт, идэвхгүй оролцогчийн нөхцөлийг илтгэнэ; Дэд соёлын онол  → тодорхой бүлэг нийгмийн өөрийн дотоод үнэт зүйл, хүлээлтэд тулгуурлан хууль бус үйлдлийг зөвтгөх нөхцөл болдог. Эцэст нь, “Мөрч” киноны олон, үе шаттай гэмт хэргийн илрүүлэлт нь зөвхөн нэг хүний үйлдэл бус, тухайн үеийн нийгмийн бүтцийн гажуудал, эрх мэдлийн зүй бус ашиглалт, гэр бүл дэх хүчирхийллийг үл тоомсорлосон хандлага зэрэг нийгмийн хариуцлагагүй дүр төрх болохыг харуулж байна. III. Эрүүгийн эрх зүйн дүн шинжилгээ “Мөрч” кинонд дүрслэгдэж буй олон үйл явдал нь зөвхөн уран сайхны хүүрнэл бус, эрх зүйн хувьд гэмт хэргийн тодорхой төрөл, бүтэц, хариуцлагын үндэс бүхий үйлдлүүд юм. Эдгээр үйлдлийг онолын үүднээс үнэлэхдээ эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэд хэдэн гэмт хэргийн уялдаа, оролдлого, санаатай байдал, үйлдэл ба үр дагавар зэрэг гол ойлголт дээр төвлөрөх нь зүйтэй. Хүний амь насанд халдсан гэмт хэргийн оролдлого ба хэрэгжилт Кинонд хэд хэдэн этгээдийн амь насанд халдах буюу санаатайгаар хөнөөсөн болон хөнөөхөөр оролдсон үйлдэл гардаг. Агийн үхэл → гуравдагч этгээдийн санаатай үйлдэл; Данжаадын амь насыг хороосон хэрэг → эд хөрөнгийн шалтгаантай; Ноёныг хордуулах оролдлого → хорын нөлөөгөөр биеийг нь муутгах, үйл ажиллагаанд оролцох чадваргүй болгох зорилготой, гэхдээ аллага болоогүй зөвхөн оролдлого төдий байсан. Эдгээр нь гэмт хэрэг төдийгүй гэмт хэрэгт хүрэх зорилготой оролдлого, төлөвлөж далд байдлаар хэрэгжүүлсэн санаатай үйлдэл юм. Эрүүгийн эрх зүйн онолын дагуу гэмт хэргийн бүрэн үйлдэл гэдэг нь үйлдэл хийж, үр дагавар нь биелсэн нөхцөл бол, гэмт хэрэг үйлдэх оролдлого нь санаатай үйлдэл эхэлсэн ч үр дагавар нь биелээгүй, тасалдсан нөхцөл болно. Ноёныг хордуулах явдал бол амь насыг хөнөөх зорилготой, биелээгүй оролдлого бөгөөд энэ нь мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно. Бэлгийн халдашгүй байдал, гэр бүлийн эсрэг гэмт хэрэг Равданы үйлдэл нь өргөмөл охиныхоо эсрэг байнгын, давтамжтай хүчирхийлэл, дарамт үзүүлсэн зан авир байв. Энэ нь зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, гэмт хэргийн объект нь гэр бүлийн хамаарал бүхий эмзэг этгээд байдаг онцлогтой. Эрүүгийн эрх зүйд бэлгийн шинжтэй гэмт хэргийг үнэлэхдээ харгалзан үзэх зүйл байна. Хүч хэрэглэсэн эсэх; Хохирогчийн нас, сэтгэхүй; Хоорондын харилцааны онцлог; Давтамж, үргэлжилсэн шинж. Энэ нь хөнгөн бус, харин онц хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна. Өмч, эд хөрөнгө шатаах гэмт хэрэг Данжаадын эд хөрөнгийг булааж, өрийн бичгийг устгаж, гэр шатаасан үйлдэлд эрх зүйн үнэлгээ хийж болно. Өмчийн халдашгүй байдал → хувийн өмчийн эрх зөрчигдөж байгаа нь эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг; Баримт бичиг устгах → хариуцлагын суурь нотолгоог зориуд сүйтгэх үйлдэл; Гэр шатаах → эд хөрөнгө устгах, ул мөр баллах, айдас төрүүлэх, өмнөх гэмт хэргийг нуух зорилготой. Онолын хувьд эдгээрийг эд хөрөнгийн эсрэг санаатай үйлдсэн нийлмэл гэмт хэрэг хэмээн үзнэ. Амьтанд халдсан үйлдэл Сэжигтэн хэргээ нуух, гэрчийг сүрдүүлэх зорилгоор тэдний үнэнч нохойг хороосон нь зөвхөн эд зүйлийн эсрэг үйлдэл биш, харин эрүүгийн эрх зүйн үнэлгээнд сэтгэлзүйн дарамт үүсгэх сэдэлтэй нэмэлт хүчин зүйл болно. Айдас, дарамт бий болгох; Хүчирхийллийн дохио өгөх. Хэд хэдэн гэмт хэрэг, бүлэглэн үйлдсэн байдал Кинонд Равдан, түүний урд газраас авчирсан, өмнө нь донцпал байсан Төвд алуурчин нар санаатай нэгдэж бүлэглэн, үе шаттайгаар, дараалсан хэд хэдэн гэмт хэрэг үйлддэг. Хүний амь бүрэлгэсэн; Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн; Баримт устгасан; Дээрэм хийсэн; Гэр шатаасан; Хүн хордуулсан (амжилтгүй болсон); Амьтан хороосон. Эдгээр нь хуулийн хэлээр тодорхой илэрхийлэлтэй. Нийлмэл гэмт хэрэг → хэд хэдэн өөр төрлийн гэмт хэрэг нэг үйлдлээр нэгтгэгдсэн; Цуврал гэмт хэрэг → цаг хугацааны хувьд тусдаа боловч нэг этгээдийн үйлдсэн холбоотой хэргүүд; Зохион байгуулалттай гэмт хэрэг → зорилготой, төлөвлөсөн, ул мөр баллах арга хэмжээ авсан зэрэг шинжтэй. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд “Мөрч” кино нь гэмт хэрэг үйлдэх явц, шалтгаан, хэрэгжилт, ул мөр баллах оролдлого зэрэг олон талаас сургалтын бодитой жишээ болохуйц материал юм. Гэмт хэргийн бүрэн бүтцийг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн нь шинжлэх ухааны үнэлгээ хийх үндэс суурийг хангаж байна. IV. Хууль зүйн болон нийгмийн үнэлгээ, сургамж “Мөрч” кино нь зөвхөн уран сайхны бүтээл төдийгүй Монголын нийгмийн эрх зүйн ухамсар, соёл, шударга ёсны тухай ойлголтыг сэргээх, шинээр төсөөлүүлэх томоохон оролдлого болсон бүтээл юм. Тус кинонд дүрслэгдсэн гэмт хэргийн шинж, илрүүлэлтийн үйл явц, зан авир, нийгмийн давхарга хоорондын харилцаа зэрэг нь эрх зүйн ухамсрын илрэл, төлөвшлийн судлагдахуун болж байна. Киноны туршид үзэгч зөвхөн нэг хэргийн, нэг хүний хувь заяаг бус, тухайн нийгмийн эрх мэдэл, нэр хүнд, үнэт зүйлс, шударга ёсны тогтолцоонд хандах олон нийтийн дотоод хандлага, итгэл, сэтгэл зүйг шүүн тунгаах боломжоор хангагддаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь зөвхөн хувь хүн биш, харин тухайн нийгмийн хүлцэнгүй байдал, эрх мэдэлд туйлширсан соёл, дуугүй хүлээн зөвшөөрөгч олонхын сүүдэрт үйл ажиллагаагаа далд хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь харагддаг. Энэ нь Монголын уламжлалт нийгмийн бүтэц, нэр төрийн тогтолцоо, шүүмжлэлээс зайлсхийх хандлага зэрэг соёлын эрх зүйн хүчин зүйлийн тусгал юм. Эрх зүйн үүднээс авч үзвэл, киноны туршид мөрч Дамдины баримтлах арга барил, логик дүгнэлт, сэтгэлзүйн ажиглалт, нотлох баримтын үндэслэл зэрэг нь хууль зүйн процессын үндсэн зарчим болох үнэн бодит байдал тогтоох, нотлох баримтад тулгуурлах, шударга шийдвэр гаргах зарчимтай нягт уялдаж байна. Түүхэн нөхцөлд ч шударга ёсыг тогтоох, үнэн мөнийг тогтоох шүүх эрх мэдлийн хэрэгцээ байсаар ирснийг харуулж байгаа юм. Тус кинонд дүрслэгдсэн хэрэг илрүүлэх хэлбэр нь орчин үеийн эрүүгийн процессын суурь ойлголтуудтай сэтгэлзүйн, логик, нотлох ажиллагааны хувьд гүн уялдаатай байгаа нь анхаарал татна. Нийгмийн талаас авч үзвэл “Мөрч” кино нь үзэгчдэд зөвхөн гэмт хэргийн тухай бус, бидний үнэт зүйл, тэвчдэг хэм хэмжээ, дуугүй байдал, айдас, шударга бусын эсрэг хариу үйлдэл үзүүлэх механизм хэр байна вэ гэдгийг асууж буй. Гэмт хэргийг нууж хаах нөхцөл бүрдэж байгаа нь зөвхөн нэг хүний буруу бус, харин нийгмийн хариуцлагагүй байдал юм. Энгийнээр хэлбэл, нийгмийн эрүүл төлөвшлийн хувьд эрх зүйн соёл, хуулийг дээдлэх хандлагын ач холбогдлыг дахин сануулж байна. Кинонд дүрслэгдсэн олон төрлийн гэмт хэрэг, нийгмийн анги давхаргын сөргөлдөөн, гэр бүлийн хүчирхийлэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл, итгэлцлийн системийн нуралт зэрэг нь орчин үеийн Монголын нийгэмд ч оршсоор байгаа бодит аюул, соёлын гажуудлын сүүдэр гэж үзэж болно. Тиймээс энэхүү кино нь хуульч, судлаач, оюутан төдийгүй өргөн олон нийтэд эрх зүйн ухамсар, соёлыг сэргээх, нийгмийн шударга ёсны тухай эргэцүүлэл өрнүүлэх уриалга болжээ. Дүгнэлт “Мөрч” нь Монголын уран сайхны кино дундаас түүхэн нөхцөл, нийгмийн сэтгэл зүй, хууль ёсны уялдаа, гэмт хэрэг илрүүлэх ажиллагааг цогцоор нь харуулсан онцгой бүтээл юм. Энэхүү нийтлэлд тус киноны агуулгыг криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн гурван үндсэн чиглэлээр шинжилсэн бөгөөд кинонд гарах хэрэг явдал, дүрүүд, тэдний зан авир, хэрэг илрүүлэлтийн арга барил нь эрх зүйн шинжлэх ухааны үндсэн онол, ойлголт, зарчмуудтай хэрхэн уялдаж буйг тодорхойлсон. Кинонд дүрслэгдсэн олон үйл явдал нь зөвхөн уран сайхны хүүрнэл бус, харин гэмт хэргийн бүтцийг бүрэн гүйцэд илэрхийлсэн, олон төрлийн хууль зөрчил, эрх мэдэл ба хариуцлагын зөрчлийг тусгасан, бодит амьдралд тулгарч болохуйц асуудлуудыг хөндсөн агуулгатай юм. Иймээс “Мөрч” кино нь хууль зүйн боловсрол, нийгмийн ухамсарт үзүүлэх нөлөө бүхий, олон нийтийн шүүмжлэл, эргэцүүлэлд суурилсан уран сайхны бүтээлийн жишиг болж байна. Цаашид ижил төстэй уран сайхны бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, эрх зүйн судалгаанд ашиглах нь нийгмийн сэтгэл зүйг таних, соёлын хүчин зүйлийг тайлбарлах, хууль зүйн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар түгээх шинэ арга замын нэг байх боломжтой. Ийм хандлага нь хууль зүйн судалгаа, уран сайхны бүтээлийн огтлолцолд шинэлэг хандлага нэвтрүүлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна. Ж.Танан 💡 Мөрч УСК-д гарах гэмт хэргүүдийг 🇲🇳 Монгол Улсын Эрүүгийн хуулиар зүйлчилж болно. Сэтгэгдэл хэсэгт гэмт хэргийн төрөл, хуулийн зүйл, заалтыг 📝 бичиж үлдээгээрэй 🤓. 💭 Кинонд гарсан боловч нийтлэлд дурдагдаагүй гэмт хэргийг 🔎 коммент хэсэгт 👩🏻‍💻👨🏻‍💻📱 бичээрэй 🧐! Кинонд гардаг сонин содон үг хэллэг Донцпал  (төвөдөөр  don tshan pa ) → Төвдийн агаарт оршуулах ёсны дагуу нас барагсдын цогцсыг задлан боловсруулж, яс махыг жижиглэн хэрчиж, тас шувуудад зориулан бэлтгэдэг тусгай хүн юм. Энэ нь үхлийг амьдралын үргэлжлэл хэмээн үзэх буддын шашны гүн ухаантай уялдсан Төвдийн зан үйл юм. Сувдан даруулга  → чамин хийцтэй эмэгтэй хүний үсээ дарж боох, сувд хэлхэн чимэглэсэн зүүсгэл, хэрэгсэл. Сэтгүүр  → гаансны толгойг сэтгэх, цэвэрлэх соёо хэлбэртэй хэрэгсэл. Агь → (i) Хаад ноёдын хүү: ноёны агь (ноёны хүү), хааны агь (хааны хүү); (ii) Эрэгтэй хүүхдийг хүндэтгэх нэр. [хуучин] Чин улсын үеийн хаад ноёдын хөвгүүнийг хүндэтгэх дуудлага. Зүүлт тайлбар [1]   Тохиолдлын шинжилгээний арга (case study method)  нь нэг кейс буюу жишээг гүнзгий судлах замаар тухайн үзэгдэл, үзэл баримтлал, зохицуулалтыг тайлбарлах судалгааны арга юм. Уг арга нь эрх зүйн судалгаанд, ялангуяа уран сайхны бүтээлийг шинжилгээний объект болгон ашиглахад нэн тохиромжтой. [2]   Гэмт хэргийн бүрэлдэхүүн   (elements of crime)  гэдэг нь эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуульд хэрэглэгддэг нэр томьёо юм. Гэмт хэрэг болохын тулд заавал байх шаардлагатай объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн байна. [3]   Логик дүгнэлт гэдэг нь аливаа үзэгдэл, үйл явдлын шалтгаан ба үр дагаврын хоорондын уялдааг тогтоож, үндэслэлтэй таамаг, шийдэл дэвшүүлэх эртний философийн арга бөгөөд орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэлгээний гол зарчим болон хөгжжээ. Энэ нь Аристотелийн үеэс эхтэй дедукц, индукц, абдукц зэрэг дүгнэлтийн үндсэн хэлбэрүүдэд тулгуурладаг бөгөөд нотолгоо, ул мөр, шинж тэмдэг, шалтгаан зэргийг харьцуулан анализ хийх замаар шийдвэрт хүрэх оюуны процесс юм. Орчин үеийн криминалистик, шүүх сэтгэл зүй, мөрдөн шалгах ажиллагаанд логик дүгнэлт нь баримтаас дүгнэлт гаргах, сэжигтэн тогтоох, буруутай этгээдийг илрүүлэх чухал арга зүй болон ашиглагдаж байна. Ийм дүгнэлт нь зөвхөн мэдрэмж бус, шинжлэх ухаанд суурилсан эргэцүүлэл, сэтгэлгээний үр дүн гэдгээрээ онцлогтой. Дедукц (deduction) → Ерөнхийгөөс тусгайд шилжих буюу ерөнхий дүрэм, хууль, зарчим дээр тулгуурлан тухайн тохиолдолд юу болохыг урьдчилан таамаглах логик арга юм. Жишээлбэл, бүх хүн нас бардаг, Сүхбаатар бол хүн, тэгэхээр Сүхбаатар нас барах тавилантай. Шалтгаан нь батлагдсан бол үр дүн заавал зөв байдаг. Хууль зүйн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэс ихэнхдээ дедукц байдаг. Индукц (induction) → Тусгайгаас ерөнхийд хүрэх буюу тусгай олон тохиолдлын ажиглалтаас ерөнхий дүгнэлт гаргах логик арга юм. Жишээлбэл, хэд хэдэн удаа шүүхийн үйл ажиллагааг ажиглахад, шүүгч үргэлж түргэн шийдвэр гаргаж байсан тул шүүгч нар түргэн шийдвэр гаргадаг гэж дүгнэв. Үр дүн нь магадлалтай баттай биш. Судалгаа, статистик, практик ажиглалтад өргөн хэрэглэгддэг. Абдукц (abduction) → Шилдэг боломжит тайлбарыг дэвшүүлэх буюу өнөөдрийн байгаа нотолгоонд хамгийн боломжит, тайлбар болох хувилбарыг дэвшүүлэх арга юм. Жишээлбэл, хаалганы цоож эвдэрсэн, эд зүйлс байхгүй болсон нь хулгай байж болзошгүй. Шууд баталгаа биш боловч үндэслэлтэй таамаглал дэвшүүлэх арга. Мөрдөн шалгах ажиллагаа, гэмт хэрэг шинжилгээнд чухал байр суурь эзэлдэг. Кинонд мөрч Дамдин абдукц болон дедукцийн хослолоор ажиллаж байгаа нь ажиглагддаг. [4]   Трасеологийн шинжилгээ  ( trace analysis ) гэдэг нь гэмт хэрэгт үлдсэн мөр, бичил ул мөр, биет хоорондын хүрэлцэл, шилжилт зэргийг судалдаг криминалистикийн нарийвчилсан дэд салбар юм. Тухайн этгээдийн хэрэг үйлдэх явцад үлдээсэн хумсны завсар дахь арьсны эд, үсний хэлтэрхий, даавууны ширхэг, гутлын мөр, зэвсгийн ирмэгийн хонхорхой, гадаргуу дээрх бичил үрэлт зэрэг бараг мэдэгдэхгүй хэмжээтэй, нүдэнд үл анзаарагдах ул мөрийг тусгай арга зүйгээр цуглуулж, лабораторид шинжилдэг. Энэхүү шинжилгээ нь локардын солилцооны онол буюу аливаа харилцан үйлчлэл мөр үлдээдэг гэсэн зарчим дээр суурилдаг бөгөөд гэмт хэрэгтэн, хохирогч, орчны хоорондын холбоог нотлох үнэтэй шинжлэх ухаанч арга зүй болдог. Мөн трасеологийн шинжилгээ нь зөвхөн илрүүлэлт бус, ул мөрийн бүтэц, хэлбэр, байрлал, химийн найрлагаар нь дамжуулан гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах дарааллыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. [5]   Гэмт хэргийн биет баримт  ( material or sensitive trace evidence ) гэдэг нь гэмт хэргийн үйлдэлтэй шууд холбогдох, хүний биеэс, хэрэг гарсан газраас, эсвэл эд зүйлийн гадаргуу дээрээс илэрч болох мэдэгдэхүйц хэмжээтэй, материаллаг шинжтэй ул мөр, эд өлгийн зүйлс юм. Үүнд цус, үс, арьсны хэлтэрхий, даавууны ширхэг, хурууны хээ, гутлын мөр, зэвсгийн үлдэгдэл, шил, металл, бууны дарь, будаг, шорооны хэсэг зэрэг микроскопоор илрэхүйц хэмжээтэй боловч хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт орно. Эдгээр нь гэмт хэрэгтэн, хохирогч болон орчны хоорондын биет холбоо, хүрэлцэл, шилжилтийг нотлох үнэтэй суурь мэдээлэл болдог. Мөн эдгээр баримт нь зөвхөн хэрэгтнийг илрүүлэхэд бус, хэрэг гарсан дараалал, үйл явдлын өрнөл, гэмт хэргийн үйлдлийн арга хэлбэрийг сэргээн тодорхойлох үндэслэл болдог бөгөөд криминалистикийн шинжилгээний салбарт мэдрэг (sensitive)  буюу амархан алдагдаж, эвдэрч, устах магадлал өндөртэй, нарийн харьцах шаардлагатай ангилалд хамаардаг. Криминологийн онол Буруугаа зөвтгөх онол (neutralization theory) нь 1957 онд Америкийн нийгэм судлаач Грешам Сайкс (Gresham Sykes) , Дэвид Матза (David Matza) нарын дэвшүүлсэн криминологийн онол юм. Тэд хүнд гэмт хэрэг үйлддэггүй, гэхдээ зарим үед хууль зөрчиж болох хандлагатай жирийн хүн өөрийн үйлдлийг дотроо зөвтгөдөг механизм байдгийг тайлбарлахыг зорьсон. Тус онолд дурдсанаар гэмт хэрэг үйлдэгч нь өөрийгөө муу хүн гэж харахгүй бөгөөд тухайн нөхцөл байдалд түр зуур ёс зүйн дотоод хоригуудаа саармагжуулдаг буюу өөрийгөө зөвтгөх тайлбаруудыг ашиглан сэтгэлзүйн дарамтаа багасгадаг байна. Грешам Сайкс, Дэвид Матза нар гэмт хэрэг үйлдэгчид таван төрлийн зөвтгөх хэлбэрийг нийтлэг ашигладаг гэж тодорхойлсон. Үүнд: (i) хохирогчийг буруутгах, (ii) хохирлыг үгүйсгэх, (iii) нийгмийн тогтолцоог эсэргүүцэгч хүчний өмнө өөрийгөө хүчгүйд тооцох, (iv) үйлдэл нь илүү том зорилгын төлөө байсан гэж үзэх, (v) бүгд л ингэдэг гэх өөрийгөө зөвтгөх хандлага орно. Энэ онол нь сэтгэлзүйн талаасаа өөрөө өөртөө гэм буруугүй мэт мэдрэмж төрүүлж, гэмт хэрэгтэн ухамсарт эргэлзээ багатай үйлдэл гаргадгийг тайлбарлахад чухал суурь болж өгдөг. Ухаалаг сонголтын онол  ( rational choice theory ) нь XVIII зууны сүүлээр сонгодог либерал сэтгэгч Цезарэ Беккариа (Cesare Beccaria) , Жереми Бентам (Jeremy Bentham)  нарын бичсэн бүтээлүүдэд суурилсан бөгөөд орчин үеийн криминологи, эдийн засаг, улс төр судлалын хүрээнд өргөн хэрэглэгддэг. Гэмт хэрэг бол тухайн хүний ухамсартай, логик үндэслэлтэй шийдвэрийн үр дүн гэж уг онолд үздэг. Өөрөөр хэлбэл, хувь хүн аливаа үйлдлийг хийхийн өмнө ашиг ба эрсдэлийг тооцоолж, дэнсэлсний үндсэн дээр хэрэв ашиг нь эрсдэлээс илүү гэж үзвэл гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэж үздэг. Орчин үеийн криминологид уг онолыг Корниш, Кларк нар (Cornish & Clarke)  (1986) нар нарийвчлан гэмт хэрэг бол сэтгэл хөдлөлөөс илүүтэй ашгийн тооцооллын үр дүн хэмээн тайлбарласан. Тэдний үзэж байгаагаар, гэмт хэрэг үйлдэгч нь шийдвэр гаргахдаа байршил, цаг хугацаа, хамгаалалтын түвшин, гэрч зэрэг олон хүчин зүйлийг үнэлдэг. Онолын дагуу цагаан захтны гэмт хэрэг, төлөвлөсөн аллага, өмчийн эсрэг гэмт хэрэгт тайлбарлагдах нь элбэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгчийг сэтгэлзүйн эмгэгтэй бус, харин зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тооцоотой этгээд хэмээн үздэг. Сэтгэлзүйн зөрчлийн онол  ( psychodynamic criminology ) нь Австрийн нэрт сэтгэл зүйч Зигмунд Фройдын (Sigmund Freud) XX зууны эхээр дэвшүүлсэн психоаналитик онолд  тулгуурладаг. Энэхүү онол нь хүний зан үйл, түүний дотор гэмт хэрэг үйлдэх хандлага нь ухамсар, ухамсрын өмнөх ба далд ухамсрын хоорондын зөрчил, бага насны сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой гэж үздэг. Зигмунд Фройд хүний сэтгэцийг дур хүсэл (id) , ухаалаг хянагч (ego) , ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээ (superego)  гэсэн гурван хэсэгт хуваан, эдгээрийн тэнцвэргүй байдал нь хүн гэмт үйлдэл хийхэд хүргэдэг гэж тайлбарласан. Хожим энэ онолыг криминологийн салбарт ашиглахдаа гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэл зүйн бүтцийг задлан шинжлэх, тэр дундаа бага насны сэтгэлзүйн гэмтэл, атаархал, уур хилэн, орхигдсон мэдрэмж, гадуурхал зэрэг хүчин зүйл хүний далд сэтгэлд хэрхэн хуримтлагдаж, хожим нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэж буйг судалдаг болжээ. Сэтгэлзүйн зөрчлийн онол нь тухайн этгээдийг муу хүн гэхээс илүүтэйгээр дотоодод эмгэгтэй, шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн зөрчилтэй хүн гэж үздэгээрээ онцлог бөгөөд хүн төвтэй, оношилгоо-шалтгаан дээр тулгуурласан тайлбарыг санал болгодог. Зөрчлийн онол  ( conflict theory ) нь XIX зуунд Германы нэрт философич, эдийн засагч Карл Марксын ( Karl Marx ) нийгмийн бүтцийн шүүмжлэлд үндэслэсэн бөгөөд XX зуунд энэ онолыг гэмт хэрэг судлалд өргөжүүлэн хэрэглэсэн эрдэмтдийн нэг нь Георг Руше ( Georg Rusche ), Ричард Куини ( Richard Quinney ), Уильям Чамблисс ( William Chambliss ) нар байв. Энэхүү онолд нийгэм нь нийтлэг үнэт зүйл, зохицолд бус, харин эрх мэдэл, нөөц баялгийг хянах тэмцэлтэй бүлгүүдийн хоорондын тогтмол зөрчилд тулгуурладаг гэж үздэг. Криминологийн хүрээнд зөрчлийн онол нь гэмт хэргийг нийгмийн бүтцийн тэгш бус байдал, анги давхаргын тэмцлийн үр дүн гэж тайлбарладаг. Хууль нь бүх нийтийн эрх ашгийг хамгаалагч биш, харин давамгай ангийн ашиг сонирхлыг хуульчлан баталгаажуулах, доод ангийн иргэдийг хязгаарлах хэрэгсэл болон хувирдаг. Иймээс доод давхаргынхны зөрчил, эсэргүүцлийг гэмт хэрэг хэмээн ангилж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь нийгмийн шударга бусын хариу үйлдэл байж болно хэмээн онолын хүрээнд дүгнэдэг. Стрессийн онол  ( strain theory ) нь Америкийн нийгмийн онолч Роберт Кинг Мертоны ( Robert K. Merton ) дэвшүүлсэн онол бөгөөд XX зууны дунд үед, тодруулбал 1938 онд бичсэн “Social Structure and Anomie” өгүүлэлд анх дэлгэрэнгүй танилцуулсан. Уг онолд хүний хүсэл, зорилго болон тэрхүү зорилгод хүрэх хууль ёсны боломжийн хооронд зөрчил, тэгш бус байдал үүсэх үед хувь хүн нийгмийн хүлээлттэй зөрчилдөж, гэмт үйлдэл гаргах магадлал нэмэгддэг гэж үздэг. Ялангуяа амжилтад хүрэх гэдэг зорилгыг бүх хүн ижил мэдэрдэг ч, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, боловсрол, нийгмийн бололцоо тэгш биш байвал стресс (strain)  буюу дотоод зөрчил үүсэж, хууль бус арга зам эрэлхийлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбарладаг. Хожим нь энэхүү онолыг Альберт Коэн ( Albert K. Cohen ), Роберт Агнью ( Robert Agnew ) зэрэг судлаач өргөтгөн хөгжүүлж, өсвөр үеийнхэн, бага орлоготой бүлэг, цөөнхийн бүлгийн дунд стресс хэрхэн нийгмийн гажуудал, гэмт хэрэгт хүргэж байгааг судалсан. Роберт Агньюгийн хөгжүүлсэн Ерөнхий стрессийн онол ( General Strain Theory ) нь зөвхөн материаллаг зорилго бус, харилцааны дарамт, үнэлэмжийн зөрчил, сэтгэл хөдлөлийн хүлээлт биелээгүй зэрэг өргөн хүрээний хүчин зүйлийг хамруулсан нь онолын цар хүрээг тэлсэн. Энэхүү онол нь ялангуяа соёлын ялгаатай, шаталсан нийгмийн бүтцэд гэмт хэргийн нөхцөл бүрддэг шалтгааныг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг. Сэтгэлзүйн ажиглалт   (cold reading ) нь тухайн хүний хувийн мэдээлэл, түүх, намтрыг урьдчилан мэдэхгүйгээр зөвхөн түүний биеийн хэлэмж, нүүрний илэрхийлэл, ярианы өнгө аяс, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл зэрэгт тулгуурлан дүгнэлт хийдэг сэтгэлзүйн аргачлал юм. Энэ аргыг анх XX зууны эхээр илбэчид, зурхайчид, сэтгэл судлаачид ашиглаж эхэлсэн бөгөөд хожим нь Берхард Кляйн (Bernhard Kleine), Иан Роуланд (Ian Rowland) зэрэг сэтгэл зүй, харилцааны мэргэжилтэн сэтгэлзүйн ажиглалтыг онолын түвшинд нарийвчилж боловсруулсан. Арга зүйн хувьд болж магадгүй гэх таамаглал дэвшүүлж, тухайн хүний хариу үйлдэлд тулгуурлан ажиглалт, эерэг баталгаажуулалтаар сэтгэхүйд нь нөлөөлөх зарчимд тулгуурладаг. Сүүлийн жилүүдэд энэ аргыг криминалистик байцаалт, мөрдөн шалгах ажиллагаанд өргөн ашиглах болжээ. Тухайлбал, сэжигтэн, гэрчийн үгний зөрүү, дууны өнгө, нүдний хөдөлгөөн, биеийн түгшүүртэй илэрхийлэл зэргийг шинжлэх замаар худал мэдүүлж буй эсэх, тухайн хүний мэдэж буй мэдээлэл, сэтгэл хөдлөлийн хариуг таамаглах боломжтой. Сэтгэлзүйн ажиглалт нь худал мэдүүлэг шалгах төхөөрөмж буюу полиграфаас (polygraph) ялгаатай нь ямар ч техник хэрэгсэл шаардахгүй, зөвхөн ажиглалт, туршлага, сэтгэл зүйн мэдрэмжээр хэрэгждэг. Тиймээс туршлагатай мөрдөгч, сэтгэл зүйн мэдрэмж сайтай хууль сахиулагчдын практикт чухал байр суурь эзэлдэг энэ арга нь шүүхийн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй ч, байцаалтын стратеги ба тактикийн хувьд чухал хэрэгсэл болж өгдөг. Хэвшмэл үйл ажиллагааны онол  ( routine activity theory ) нь Лоуренс Коэн ( Lawrence E. Cohen ), Маркус Фелсон ( Marcus Felson ) нарын боловсруулсан гэмт хэрэг судлалын онол бөгөөд XX зууны сүүл үе, тодруулбал 1979 онд хэвлэгдсэн “Social Change and Crime Rate Trends” өгүүллээр албан ёсоор танилцуулсан. Энэхүү онолд гэмт хэрэг үйлдэгдэх нь зөвхөн гэмт хэрэгтний сэдлээс шалтгаалдаггүй, харин хохирогч, орчин, хяналтгүй нөхцөл гэсэн гурван хүчин зүйлийн давхцалын үр дүн гэж үздэг. Тодруулбал, гэмт хэрэг гарахын тулд: (i) гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй этгээд, (ii) хамгаалалт багатай зорилтот объект (хүн, эд зүйл), (ii) хэрэг үйлдэхийг сааруулах хяналтгүй орчин зэрэг нь нэгэн зэрэг орших шаардлагатай гэж тайлбарладаг. Уг онол нь нийгмийн өдөр тутмын амьдралын хэв маяг, орчны нөхцөл өөрчлөгдөхөд гэмт хэргийн эрсдэл нэмэгддэгийг тодорхойлсон нь онцлог юм. Жишээлбэл, оройн цагаар хяналтгүй, гэрэлтүүлэх муу гудамж бүхий орчинд ганцаараа явах, хамгаалалтгүй орон байр, болгоомжгүй хэрэглээ зэрэг нь гэмт хэрэг үйлдэх боломж нэмэгдүүлдэг гэж үздэг. Энэ онол нь ялангуяа хулгай, дээрэм, хүчирхийлэл  зэрэг боломжит орчинд илүү хамааралтай гэмт хэргийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг бөгөөд урьдчилан сэргийлэх бодлогын үндэс болдог. Мөн хохирогчийн байршил, цаг хугацаа, нийгмийн хариуцлагагүй орчны нөлөөг судлахад чухал онолын хүрээ болж өгдөг. Дэд соёлын онол  ( subculture theory ) нь XX зууны дунд үед  гэмт хэрэг судлалын хүрээнд хөгжсөн бөгөөд үүнийг Америкийн нийгмийн судлаач Альберт Коэн  ( Albert K. Cohen ) 1955 онд “Delinquent Boys: The Culture of the Gang”  номдоо анх дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрээр нийгмийн үндсэн үнэт зүйл, амжилт, хууль ёсны зорилгод хүрэх бололцооноос тусгаарлагдсан бүлгүүд өөрийн гэсэн дэд соёл буюу үнэт зүйл, дүрэм, зан үйл бүхий нийгмийн зохион байгуулалттай болдог гэж үзжээ. Энэхүү дэд соёл нь нийгмийн нийтлэг хэм хэмжээнд зөрчилтэй байж болох ч тухайн бүлгийн дотор зөвшөөрөгдөж, дэмжигддэг хандлага, зан үйлийг бүрдүүлдэг. Дэд соёлын онол нь ялангуяа өсвөр насныхны бүлэглэл, хотын ядуу бүсийн залуучууд , цөөнхийн бүлгийн оршихуйд хамаарах гэмт хэргийг тайлбарлахад тохиромжтой. Энэ онолд зааснаар гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд ёс суртахуунгүй биш, харин өөр үнэт зүйлд захирагдаж буй дэд соёлын хүрээнд өөрсдийнхөө хувьд зөв зүйл  хийж байгаа гэж үздэг. Хожим нь энэхүү онолыг Ричард Кловард  ( Richard Cloward ), Ллойд Олин ( Lloyd Ohlin ) нар “Differential Opportunity Theory”  нэртэйгээр өргөтгөж, дэд соёл үүсэхэд нөлөөлөх боломж, орчны ялгаа, нийгмийн тэгш бус байдлыг улам тодотгосон. Энэ онол нь хувь хүний гэм буруугийн оронд нийгмийн нөхцөл, бүлгийн үнэт зүйлийн ялгаанд төвлөрдөг гэдгээрээ онцлог юм. Мөрч УСК #LawyerBirdie #ХуульчШувуухай #LawyerBirdie #ХуульчШувуухай #МөрчКино #МонголКино #КиноШинжилгээ #Криминалистик #Криминологи #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтХэрэгШинжилгээ #ШударгаЁс #ЭрүүгийнХууль #ХуульЗүйнБоловсрол #СэтгэлЗүй #ХүнийСэдэл #УранСайхныБүтээл #Шүүх #КейсСудалгаа #ДүнШинжилгээ #СудалгааныВидео #СургалтынКонтент #ТанинМэдэхүй #НийгмийнШүүмж #ХүнийЭрх #НэрТөр #ШударгаЁс #ХуульЗүйнСоёл #МонголСудалгаа #ХуульМэдэхЭрх #МөрдөнШалгах #БаримтШинжилгээ #ГэмтХэргийнСэтгэлЗүй #ЭрхМэдэл #СэтгэлЗүй #Криминалист #НийгмийнСэдэв #МонголКонтент #VOOКино #ОранжЭнтертайнмент #КиноДүгнэлт #ХэрэгИлрүүлэлт #ЭрүүгийнПроцесс #КриминалКейс #Детектив #ТүүхэнКино #ЭргэлзээТайлах

  • Роналд Дворкин "Хэм хэмжээ ба зарчим"

    Удиртгал Өнөө үеийн хамгийн нөлөө бүхий эрх зүйн нэрт философич Роналд Дворкины үзэл баримтлал нь эрх зүйн гол тулгуур баганын нэг гэж хэлж болно. Түүний бүтээлүүдээс Монгол хэл рүү “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх хуулийг тайлбарлан хэрэглэх тухай алдарт бүтээл орчуулагдсан билээ. Уг бүтээл нь зохиолчийн монограф дундаас хамгийн их иш татагдсан, олон сонирхолтой санааг агуулсан байдаг. Тэр дундаас, хэм хэмжээ болон зарчмын талаар “Элмерийн хэрэг” кейсийг авч үзэн, зохиолчийн үзэл баримтлалыг тайлбарлахыг оролдов. Судалгааны аргачлалын хувьд Дворкины “конструктив тайлбар” буюу онцлогийг ойлгох аргыг ашиглаж, судалгааны объектыг тайлбарлан харуулахыг зорилоо. Дворкины хэм хэмжээ ба зарчмын талаарх санаа нь манай оронд ч мөн хэрэглэгддэг байна. Элмерийн хэрэг 1889 онд Нью-Йорк мужийн шүүх өв залгамжлагч боловч гэрээслэгчийн алуурчин өвийг авах эрхтэй эсэх асуудалтай тулгарсан. Уг хэрэг нь өв залгамжлагч Элмер гэрээслэлийн талаар мэдэж байсан ба түүнийг өөрчилж магадгүй гэж айж гэрээслэгч өвөг эцгээ хороосон байдаг. Элмер үхсэн тохиолдолд өвөг эцгийн охид Гонерил, Реган нар өв залгамжлах байсан ба тэд эцгийг нь хөнөөсөн тул өв хөрөнгө Элмерт бус тэдэнд шилжих ёстой хэмээн нэхэмжлэл гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан Гэрээслэлийн хуульд өв залгамжлагч гэрээслэгчийг хөнөөсөн тохиолдолд яах ёстойг тодорхой заагаагүй байсан тул Элмерийн өмгөөлөгч “гэрээслэлийн хуулийг зөрчөөгүй, гэрээслэл хүчин төгөлдөр тул өв залгамжлах эрхтэй” гэсэн үндэслэл гаргасан. Гонерил, Реган нарын талд шүүхийн шийдвэр гаргаж, хуулийг ёс суртахууны зэмлэлээр оруулан өөрчилнө гэсэн бол, Дээд шүүхийн шүүгчид шийдвэр хуульд нийцсэн байх ёстой гэж үзсэн. Гэрээслэлийн хуулийг авч үзвэл Элмерт өв залгамжлалыг өгөх ёстойг үгүйсгээгүй, хуулийн шударга ёсны үүднээс өөрчлөн шинэчлэх ёстой гэж хэлээгүй, харин тухайн хэргийн хувьд зөв шийдэл нь юу болох тал дээр буюу хууль юу вэ, юуг шаардаад байгаа тухай санал зөрөлдсөн байна. Хууль ямар учиртай, яг юуг хуульчилсан талаар санал зөрөлдөж байгаа нь хууль бол үг хэллэгийн хэвлэмэл баримт бичиг , эсвэл баримт бичгийн баталснаар буй болох хууль гэсэн хоёр утгатай. “Үгчилсэн” тайлбарын онолоор хуулийн үг хэллэгийг нөхцөл байдлаас үл хамаарах утга ногдуулах хэрэгтэй гэж үзнэ. Шүүгч Грей бодит хуульд хүн амины хэрэгтнийг тусгай авч үзэхгүй хэмээн үндэслэл гаргаж, Элмерийн талд шийдвэр гаргасан. Гэрээслэгч өөрийн хүссэнээр гэрээслэлээ хийж, түүнийг нь хүндэтгэн үзэж ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэлтэй байх, гэрээслэлийг хэрхэн шийдэх талаар мэдэж байх нь зүйд нийцнэ гэжээ. Түүнчлэн, Элмерийн хувьд хүн амины хэрэг хийсэн гэх үндэслэлээр өв залгамжлах эрхийг нь хасвал, энэ нь хийсэн хэргийнхээ төлөө шоронд сууж ял эдлэхийн зэрэгцээ бас нэг төрлийн шийтгэл болох болно. Шүүх таслах ажиллагааны нэгэн чухал зарчим бол тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлийг хуулиар урьдчилан тогтоосон байх ёстой бөгөөд хэрэг хийсний дараа шүүгч ял нэмэхгүй байх явдал юм. Хэм хэмжээ ба зарчим Дворкин үзэхдээ, хууль бол зөвхөн тэдгээрийн хэм хэмжээнээс бүрддэг төдийгүй стандарт гэж болох зарчмуудыг агуулдаг гэжээ. Тэрээр санаагаа тайлбарлахын тулд Элмерийн хэргийг жишээ болгон авсан байна. Хэргийн нарийн төвөгтэй байдал нь тухайн үед алуурчин хохирогчоосоо гэрээслэлийг өвлөн авахыг шууд хориглоогүй байсанд оршино. Шүүхийн шийдвэрийн эхэнд: “Гэрээслэл гаргах, нотлох, үр дагавар, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг шууд утгаар нь тайлбарлавал, түүний хүчин төгөлдөр үйлчлэлийг ямар ч байдлаар, ямар ч нөхцөлд хянах боломжгүй бол өмчийг алуурчинд өгнө” . Гэсэн хэдий ч шүүх “Гэрээний үр нөлөөг хуулийн үндсэн зарчмын дагуу хянаж болно” гэж тэмдэглэжээ. “Залилан мэхэлж ашиг хонжоо олох, гэмт хэргээр эд хөрөнгө олж авахыг хориглоно” гэжээ. Шүүхийн шийдвэрт дурдсан зарчмууд нь хууль зүйн хэм хэмжээнээс ялгаатай гэдгийг Дворкин онцолсон байна. Хуулийн хэм хэмжээ ба зарчим хоёул шүүхийг тодорхой шийдвэр гаргахад чиглэгдсэн стандартууд бөгөөд тэдгээрийн ялгаа нь зорилгод хэрхэн хүрэхэд оршдог. Тэрээр хэм хэмжээ ба зарчмын үндсэн хоёр ялгааг тодорхойлсон. Эхний ялгаа нь , Дворкины үзэж байгаагаар хэм хэмжээг “бүгдийг нь, эсвэл алийг нь ч биш” зарчмын дагуу хэрэгжүүлдэг. Тухайлбал, хуулиар гэрээслэл нь гэрчийг байлцуулан үйлдсэн тохиолдолд л хүчин төгөлдөр, эс бөгөөс хүчин төгөлдөр бус юм. Дворкин хуулийн зарчмууд огт өөрөөр ажилладаг гэжээ. Дүрэм журмаас ялгаатай нь зарчим бол тодорхой тохиолдолд л хүчинтэй, хэрэгжих боломжтой байх нь түүнийг хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Хүн өөрийнхөө гэмт хэрэг, бусармаг үйлдлээс ашиг олж чадахгүй гэсэн зарчмыг авч үзвэл хууль бус үйлдлээс ашиг хүртэх нь хуулийн дагуу хориглоогүй зүйл, харин ч хүн өөрийн буруутай үйлдлээс ашиг тус хүртдэг. Зарчим нь түүнийг хэрэглэх шаардлагатай нөхцөлүүдийг агуулаагүй боловч тодорхой шийдлийн аргументыг өгдөг. Тодорхой зарчмыг хуулийн зарчим гэвэл үүнийг харгалзан шийдвэрийг дэмжих үндэслэл болгоно. Дараагийн ялгаа нь , хэрэв дээрх хоёр зарчмын зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрөх юм бол ийм зөрчлийг хоёр хуулийн хэм хэмжээний тухай ярьж байгаа шиг хүлээн авах боломжгүй. Харин тодорхой хэмжүүр байх ёстой, тэдгээрийг харьцуулж тухайн тохиолдолд зөрчилтэй зарчмуудын алийг нь хэрэглэх, хэрэглэхгүйг тодорхойлно. Дворкин ийм хэмжүүр нь тодорхой хэргийн хувьд тодорхой зарчмын дарах жин, түүний ач холбогдол болно гэжээ. Харин хууль тогтоомжид ийм хэмжүүр байдаггүй. Мэдээжийн хэрэг, тодорхой дүрэм нь хүмүүсийн зан үйлийг зохицуулахад илүү чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Хэм хэмжээ зөрчилдсөн нөхцөлд эхнийх нь илүү чухал учраас нэг хэм хэмжээ хүчинтэй, хоёр дахь нь хүчин төгөлдөр бус гэж хэлж болохгүй. Хуулийн хоёр дүрэм зөрчилдвөл тэдгээрийн нэг нь хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй болно. Гэсэн хэдий ч, энэ асуулт нь зөрчилтэй дүрмийн агуулгаас давсан зүйлийг, тухайлбал, хуулийн зөрчлийн дүрмийг хэрэглэхийг шаарддаг бол, эрх зүйн зарчмын ач холбогдол нь агуулгаас урган гардаг. Эдгээр нь Дворкины тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээ ба зарчмын ялгаа юм. Онолын хувьд үнэмшилтэй боловч бодит байдал дээр дүгнэлтийг аль ангилалд оруулах талаар эргэлзээтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Хуулийн зарим заалтыг хэм хэмжээ, эсвэл хуулийн зарчим гэж үзэх эсэх талаар маргаан байнга өрнөдөг. Хэм хэмжээ ба зарчмын хэрэглээ, зөрчилдөөн, бодит байдлыг хүснэгтлэн харуулав. Хүснэгт 1 Хэм хэмжээ ба зарчмын ялгаа   Хэм хэмжээ Зарчим Хэрэглээ Хууль нь хэргийг түүний шаардлагын дагуу шийдвэрлэх үндэслэл болдог. Зарчим нь хэргийг түүний шаардлагын дагуу шийдвэрлэх шалтгаан болохгүй. Зөрчилдөөн Хүчин төгөлдөр хэм хэмжээнүүд нь хоорондоо зөрчилдөж болохгүй. Зөрчилдсөн тохиолдолд хоёул хүчинтэй байхгүй. Эрх зүйн тогтолцоо нь ийм зөрчлийг шийдвэрлэх тусгай механизмтай байдаг. Нэг асуудалд хамаарах хоёр зарчим нь хүчинтэй хэвээр байхын зэрэгцээ бие биетэйгээ зөрчилдөж болно. Бодит байдал Хэм хэмжээнүүд нь хүчинтэй, эс бөгөөс хүчин төгөлдөр бус байна. Зарчим нь бодит байдлыг тодорхойлохоос гадна хэмжүүртэй. Тухайн тохиолдолд зарчмуудаас хамгийн чухал нь хэрэглэгдэнэ. Дүгнэлт “Элмерийн хэрэг” -т хийсэн дүн шинжилгээ нь өнгөц харахад, хоёр зарчмын зөрчилдөөн биш, харин одоо байгаа өв залгамжлалын дүрэмтэй зарчмын зөрчилдөөний тухай байсан нь Дворкины хийсэн дүгнэлтээс зөрж байгаа мэт санагдаж магадгүй юм. Үнэн хэрэгтээ, Дворкины хувьд зөрчилтэй гэж үзсэн зүйл нь зарчим. Нэгд , буруутай үйлдлээс ашиг хүртэхгүй байх, хоёрт , хууль тогтоомжийг дагаж мөрдөх. Шүүх эхний зарчмыг хоёр дахь зарчмаас дээгүүр хэмээн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Алуурчин хохирогчоосоо өв залгамжлах нь зарчмыг ноцтой зөрчих тул шүүх илүүд үзсэн. Дворкины үзэж байгаагаар эрх зүйн хэм хэмжээ нь агуулгын хувьд бус харин хэлбэрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх дүрмээр тодорхойлогддог. Хэлбэр болон эх сурвалжийн шалгуур нь ёс зүйн нэг талыг барьсан дүгнэлтээс зайлсхийх боломжийг олгодог. Зарчмуудыг хуулийн нэг хэсэг бус, зөвхөн ёс суртахууны үнэт зүйл, хууль зүйн дүрмүүд нь тодорхой хариулт өгөөгүй тохиолдолд шүүгчид хандаж болох стандарт уу? Тийм бол шүүгч хуулийн шаардлагад захирагдахгүй, хүссэнээрээ өөрчлөх эрхтэй болно. Зарчмууд нь хуулийн нэг хэсэг биш бол хууль тогтоомж нь заавал дагаж мөрдөх хүчгүй, учир нь тэдгээрийг хэзээ ч шинэчилж болно. Харин эсрэгээрээ зарчмууд нь хэм хэмжээний нэгэн адил хуулийн нэг хэсэг гэж үзвэл, шүүхийн практикт харшлах шүүхийн шийдвэр нь шүүхийн үзэмжийн илрэл биш, харин хууль зүйн үндэслэлтэй байх болно. Тиймээс, одоо байгаа дүрмийг өөрчилсөн ч шүүгч хуулийг хэрэгжүүлдэг байна. Хэм хэмжээ ба зарчмыг ялгах нь Дворкины эрх зүйн философийн гол үзэл баримтлал юм. Тэрээр хууль нь зөвхөн дүрмээс гадна зарчмуудаас бүрддэг бөгөөд эдгээр зарчмууд нь шүүхийн шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзжээ. Эрх зүйн позитивизмын талыг баримтлагч зарим эрх зүйн эрдэмтэн зөвхөн хэм хэмжээ нь шүүхийн шийдвэрийн эрх зүйн эх сурвалж гэж хүлээн зөвшөөрдөг бол, Дворкин хуулийг хэм хэмжээ ба зарчмын цогц хэмээн үзсэн аж. Тус ялгааг зааглан авч үзэх нь эцэстээ шүүгчид хуулийг тайлбарлах, хэрэглэх, ойлгоход чухал ач холбогдол бүхий байдлаар илэрнэ. Төгсгөлд нь манай улсад шүүгч хэргийг үзэмжээр шийддэг байхаар хуульд тусгасан нь шүүгч өөрийн итгэл үнэмшил, тэр дундаа зарчимд үндэслэн шийдвэр гаргана гэж болно. Ж.Танан Роналд Дворкин "Хэм хэмжээ ба зарчим" #ХуулийнЭзэнтГүрэн #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #Зарчим #ХэмХэмжээ #РоналдДворкин #Гэрээслэл #ХүнАлахГэмтХэрэг #ГэмтХэрэг #Философи #Шүүгч #Зарчим

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль - IV бүлэг - Нотлох баримт

    Нотлох баримт: Шударга шийдвэрийн үндэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт нь тухайн хэргийг бодит үнэнээр тогтооход чиглэсэн гол эрх зүйн хэрэгсэл бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэс суурь болдог. Хэргийг шийдвэрлэхдээ шүүх зөвхөн хуульд заасан дагуу цуглуулсан, хэрэгт ач холбогдол бүхий, нотолгооны шаардлагыг хангаж буй баримтад үндэслэх үүрэгтэй. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” (ИХШХШтХ)-ийн IV бүлэгт нотлох баримтын ойлголт, төрөл, бүрдүүлэлт, үнэлгээ, хамгаалалтын зохицуулалтууд дэлгэрэнгүй тусгагдсан байна. ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлд нотлох баримт гэдэг нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход хэрэгцээтэй бөгөөд шүүхийн шийдвэрт ач холбогдол бүхий, хуульд нийцүүлэн олж авсан аливаа мэдээллийг хэлнэ. Үүнд зохигч, гуравдагч этгээд, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл болон цахим баримт, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, дүрс, дууны бичлэг, зураг, схем, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтын төрөл бүрийн хэлбэр хамаарна. 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх нь талуудын хүсэлтээр нотлох баримтыг бусдаас шаардаж, гаргуулж болох бөгөөд энэ нь шүүхийн эрх мэдлийн хүрээнд явагдана. Хуурамч буюу хууль зөрчин олж авсан баримтыг нотолгоонд тооцохыг хориглодог бөгөөд ийм баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга, хууль ёсны нөхцөлийг алдагдуулдаг. Цахим баримтын тухайд тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг үгүйсгэхийн тулд үндэслэл бүхий нотолгоо шаардагдана. Цахим баримт хуурамч гэж сэжиглэгдсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ. ИХШХШтХ-ийн 39 дүгээр зүйлд зааснаар хэрэв нотлох баримт гадаад улсад байршиж буй бол тухайн улстай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээ болон олон улсын эрх зүйн зарчмын дагуу нотолгоо бүрдүүлж болно. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзэж болох ба нотлох ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэх ёстой. 40 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар зохицуулсан. Шүүгч нотлох баримтыг дотоод итгэл үнэмшил, хуульд нийцсэн хандлагаар дүгнэнэ. Баримтыг урьдчилан үнэн гэж үзэхгүй бөгөөд нотолгоо бүрийн ач холбогдлыг бусадтай харьцуулан цогцоор нь үнэлнэ. Харин нийтэд илэрхий, маргаангүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж хуульчилсан байдаг. 41-49 дүгээр зүйлд шүүхийн даалгаврын дагуу нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, орчуулга, хэлмэрчийн оролцоо, гэрчийн мэдүүлгийг авах журам тусгагдсан. Эдгээр ажиллагаа нь нотлох баримтын бодитой байдлыг тогтооход дэмжлэг үзүүлдэг бөгөөд процессын үйл ажиллагааг хууль ёсны, тэнцвэртэй байлгах үндэс болдог. 50 дугаар зүйлд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг устгах, нуун дарагдуулах, хуурамчаар үүсгэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх хамгаалах арга хэмжээ авч болохыг хуульчилсан. Энэ нь нотлох баримтын бүрэн бүтэн байдал, шүүхийн шийдвэрийн найдвартай байдлыг хангахад чухал үүрэгтэй. ИХШХШтХ-ийн IV бүлэг Нотлох баримттай холбоотой латин  эрх зүйн зарчмуудыг хүснэгтэд харуулав. ИХШХШтХ-тэй холбоотой ойлголт Латин зарчим Тайлбар Нотлох үүрэг Actori incumbit probatio Нэхэмжлэгч нотлох баримтыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Шүүхийн үнэлгээний эрх Intime convictionis judicis Шүүх нотолгооны ач холбогдлыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хуурамч баримт хэрэглэхээс зайлсхийх Falsus in uno, falsus in omnibus Нэг баримт хуурамч бол бүх баримтад итгэл буурна. Цахим нотолгооны үнэн зөв байдал Authenticitas documentorum electronicorum Цахим баримтыг жинхэнэ эсэхийг нотлох шаардлагатай. Нийтэд илэрхий баримтыг дахин нотлохгүй Notoria non egent probatione Илэрхий, нийтэд мэдэгдсэн зүйл нотолгоо шаардахгүй. Гэрч, шинжээчийн мэдүүлэг Testis unus, testis nullus Ганц гэрчийн мэдүүлэг хангалтгүйд тооцогдож болно. Хэлмэрч, орчуулагчийн оролцоо Ius interpretandi linguarum Оролцогч хэл ойлгохгүй бол орчуулга заавал байх ёстой. Дуугүй байх нь зөвшөөрсөнд тооцогдох нөхцөл Qui tacet, consentire videtur Хуулиар эсэргүүцэх боломжтой нөхцөлд дуугүй байвал зөвшөөрсөнд тооцогдоно. Нотолгоогүй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй Ei incumbit probatio qui dicit, non qui negat Аливаа зүйлийг нотолж чадахгүй бол түүнийг үнэн гэж үзэхгүй, нотлогчид үүрэг оногдоно. Баримт нууцлах, устгах оролдлогыг хориглох Suppressio veri, suggestio falsi Баримтыг зориуд нуух буюу ташаа мэдээлэл өгөх нь хуурамч нотолгооны нэг хэлбэрт тооцогдоно. Нотлох баримтын хууль зүйн үндэс, нотлох үүрэг, шүүхийн үнэлгээ, цахим баримт, гэрч, орчуулга зэрэг сэдвийг уламжлалт латин зарчмуудтай холбосноор эрх зүйн ойлголтыг гүнзгий ойлгоход хэрэгтэй юм. Нотлох баримтын талаарх зохицуулалт олон улсын иргэний процессын эрх зүйн жишигтэй харьцуулахад зарим талдаа бүрэн боловсронгуй бус, зарим чухал элемент дутуу байгаа нь анзаарагддаг. Жишээлбэл, АНУ, Их Британи зэрэг Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой орнуудад буюу нотлох баримтыг урьдчилан ил тод болгох (discovery) , хоёр тал хооронд баримт солилцох, нуун дарагдуулсан тохиолдолд процессын хариуцлага хүлээлгэх механизмыг маш нарийн зохицуулсан байдаг. Мөн Европын холбооны улсуудад цахим нотолгооны стандарт, нотолгооны хамгаалалт, мэдээллийн нууцлалын хүрээнд шүүхээс тусгай хамгаалалтын шийдвэр гаргах (protection order) зохицуулалттай. Монгол Улсын хувьд эдгээр зохицуулалт ИХШХШтХ-ийн хүрээнд нарийвчлан тусгагдаагүй, ерөнхий агуулгаар бичигдсэн байдаг. Мөн баримтыг зориуд устгасан (spoliation of evidence) тохиолдолд шүүхийн шийдвэрт сөрөг үр дагавар тооцох ойлголт Монголын хууль тогтоомжид тусгагдаагүй байна. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны хүч, түүнийг ямар шалгуураар үнэлэх тухай тодорхой аргачлал ч бас дутагдалтай гэж болно. Жишээ нь, ганц гэрч хангалтгүйд тооцогдох (testis unus, testis nullus) уламжлалт зарчим зарим орны шүүхийн практикт хэрэглэгддэг бол манай улсад энэ талаар нарийвчилсан шалгуур үгүйлэгдэж байна. Нотлох баримт бол шударга шийдвэр гаргах шүүхийн цорын ганц хууль ёсны үндэслэл юм. Хуульд нийцсэн, нотолгооны шаардлагыг хангасан баримт дээр тулгуурласан шийдвэр л шударга ёсны илэрхийлэл болдог. Хэн нотолж чадна, тэр ялдаг гэсэн хууль зүйн зарчим нь өнөөгийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн дүйцэж буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын ИХШХШтХ-д олон улсын жишигт нийцсэн зарим чухал зохицуулалт, механизмууд дутуу байгааг анхаарч, хууль тогтоомжийг сайжруулах, хэрэгжилтийн арга зүйг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Иймд иргэн, хуулийн этгээд шүүхэд хандахдаа баримт нотолгоонд тулгуурлан, хуулийн зохицуулалтыг гүнзгий ойлгож оролцох нь эрхээ хамгаалах хамгийн чухал алхам болно. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #НотлохБаримт #ИХШХШтХ #ИргэнийХэрэг #ИргэнийПроцесс #ШүүхПрактик #ШүүхэдХандахЭрх #Хууль #ШүүхХуралдаан #ЦахимНотолгоо #БаримтҮнэлгээ #БаримтБүрдүүлэлт #ЭрхЗүйнМэдлэг #ХуульЗүйнТайлбар #ХуульСуралцагч #ХуульчОюутан #ШүүхШийдвэр #ЭрхээХамгаалъя #ХуульСудлал #ХуульТайлбар #Нэхэмжлэгч #Хариуцагч #ШударгаШүүх #НотолгооныЗарчмууд #ШүүхЭрхМэдэл #ЭрхЗүйнТэнцвэр #Өмгөөлөгч #Төлөөлөгч #Гэрч

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль - Гуравдугаар бүлэг - Хэргийн оролцогч

    Хэргийн оролцогч: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны төвд буй этгээдүүд Монгол Улсад иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар (ИХШХШтХ) баталгаажсан байдаг. Тэгвэл тухайн эрхийг хэрэгжүүлэх иргэн, байгууллага хэргийн ямар оролцогчоор оролцох вэ? Ямар нөхцөлд хэргийн оролцогч гэж үзэх вэ? Тэдний эрх, үүрэг, чадамж ямар байдлаар тодорхойлогддог вэ? гэсэн асуултад тус хуулийн III бүлэг дэлгэрэнгүй хариулт өгдөг. Хуульд зааснаар хэргийн оролцогч нь зохигч, гуравдагч этгээд, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг этгээдийг хамарна. Зохигч гэж нэхэмжлэгч болон хариуцагчийг хэлэх ба нэхэмжлэгч нь өөрийн болон бусдын нэрийн өмнөөс эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг бол хариуцагч нь тухайн нэхэмжлэлд нэр заагдсан этгээд байна. Эдгээр оролцогч нь маргааныг шийдвэрлүүлэх, нотлох баримт бүрдүүлэх, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эвлэрэл хийх зэрэг эрх эдлэхийн зэрэгцээ үнэн зөв тайлбар гаргах, нотлох үүрэг хүлээнэ. Хэргийн оролцогчид ижил эрх зүйн чадвартай байх ёстой бөгөөд үүнийг иргэний эрх зүйн чадвар  хэмээн хуульчилсан байдаг. Харин тухайн чадварыг хэрэгжүүлэх буюу шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх, хамгаалах чадамжийг иргэний эрх зүйн чадамж  гэж нэрлэдэг. Насанд хүрээгүй хүн, сэтгэцийн өвчтэй этгээд, зарим чадамжгүй иргэдийг төлөөллөөр дамжуулан шүүхэд оролцуулж, тэдний эрхийг хамгаалах механизмыг тусгайлан заасан. Хэргийн оролцогч бүр хуульд заасан ижил эрх, үүрэгтэй байх нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Үүнд талуудын мэтгэлцэх эрх, нотлох боломж, гомдол гаргах эрх, оролцох боломж адил тэгш хангагдсан байхыг шаардана. Аль нэг тал нь хэт давуу эрх эдэлж, нөгөө нь шүүхийн ажиллагаанд оролцох бололцоогүй байвал шударга шүүхийн зарчим алдагдана. Иймд  нэхэмжлэгч–хариуцагч–гуравдагч этгээд –ийн процессын эрхийг тус бүрд нь зохицуулж, тэдний оролцооны тэнцвэрт байдлыг хангах замаар шүүхийн хараат бус, шударга, хуулийн дагуу шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг. Өмгөөлөгч, төлөөлөгч, прокурор, бусад оролцогчдын эрх, хариуцлагыг ижил зарчмаар тодорхойлж, талуудын эрх зүйн хамгаалалтыг бодит утгаар хангаж өгдөг. Хуулийн 29 дүгээр зүйлд гуравдагч этгээдийг  тодорхойлсон байдаг. Гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр түүний эрх, үүрэгт нөлөөлөхөөр бол шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. Гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан эсэхээс шалтгаалан зохигчтой ижил эрх эдэлж, үүрэг хүлээх, эсвэл хязгаарлагдмал эрх бүхий оролцогчоор татагдана. Түүнчлэн шүүхэд оролцож буй иргэн, хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх, өмгөөлөгчийн эрх, үүрэг, прокурор, төрийн бусдын эрхийг хамгаалагч этгээдийн оролцооны зохицуулалт тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдөө биечлэн оролцохоос гадна  өмгөөлөгчөөр төлөөлүүлэн эрхээ хамгаалуулах эрхтэй. ИХШХШтХ-ийн 34 дүгээр зүйлд өмгөөлөгчийн эрх, чиг үүргийг нарийвчлан зохицуулсан ба тэдгээр нь нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх зүйн байр суурийг бодитой хамгаалах зорилготой. Өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож, нотлох баримт гаргах, тайлбар хийх, хүсэлт гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эвлэрлийн хэлцэл хийх, хариуцагчийн нэрийн өмнөөс зохицуулалт хийх зэрэг өргөн хүрээний процессын эрх эдэлнэ. Үүний зэрэгцээ хуульд заасан ёс зүйн хэм хэмжээг сахих, нууц хадгалах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх үүрэгтэй. Өмгөөлөгч нь талуудын мэдлэг, мэдээллийн зөрүүгээс үүдэх эрх зүйн тэнцвэргүй байдлыг арилгаж, шүүхийн өмнө илүү тэгш оролцоог хангах гүүр болдог. Хувь иргэн шүүхийн ажиллагааны онцлог, эрх зүйн үндэслэл, баримт бүрдүүлэлтийн нарийн шаардлагыг хангаж чадахгүй тохиолдолд өмгөөлөгчийн оролцоо шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлөхүйц хүчин зүйл болдог байна. ИХШХШтХ-ийн энэ бүлгийн бүх зохицуулалт нь шүүх хуралдаанд оролцож буй аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэнцвэртэй, шударгаар хангах зорилготой билээ. Хэргийн оролцогчтой холбоотой нэр томьёог уламжлалт латин эрх зүйн зарчимтай уялдуулан тайлбарын хамт хүснэгтэд жагсаав. ИХШХШтХ-ийн нэр томьёо / ойлголт Латин зарчим Тайлбар Нэхэмжлэгч Actori incumbit probatio Нэхэмжлэгчид нотлох үүрэг ноогдоно — нэхэмжлэл гаргасан этгээд баримтаар эрхээ батална. Хариуцагч Reus in excipiendo fit actor Хариуцагч нь сөрөг шаардлага гаргавал нотлох үүрэг шилжинэ. Гуравдагч этгээд Interveniens Гуравдагч этгээд шүүхийн шийдвэрээр эрх, үүрэгт нь нөлөөлөх учраас хэрэгт оролцоно. Өмгөөлөгч Ius representationis Өмгөөлөгч нь нэхэмжлэгч, хариуцагчийг хууль ёсоор төлөөлж оролцох эрхтэй. Иргэний эрх зүйн чадамж Capacitas / Persona standi in judicio Шүүхэд оролцохын тулд тухайн этгээд эрх зүйн чадамжтай байх шаардлагатай. Төлөөлөгч Ius procurationis Иргэний хуулиар тогтоосон үндэслэлтэй этгээд бусдыг төлөөлөх эрхтэй байна. Шүүхийн өмнө тэгш эрх Aequitas / Ius aequum Хэргийн оролцогч бүх талд шүүхийн өмнө тэгш боломжийг хангах зарчим. Мэтгэлцэх зарчим Audiatur et altera pars Шүүх тал бүрийн тайлбар, нотолгоог тэнцвэртэй сонсож шийдвэр гаргана. Шүүгчийн хараат бус байдал Nemo iudex in causa sua Шүүгч нь өөрт хамаарах ашиг сонирхол бүхий хэрэгт оролцох ёсгүй. ИХШХШтХ-ийн III бүлэгт заасан хэргийн оролцогчтой холбоотой нэр томьёог уламжлалт латин эрх зүйн зарчимтай уялдуулан тайлбарлах нь зөвхөн нэр томьёоны утгыг тайлбарлахаас гадна тухайн ойлголтын ард орших эрх зүйн логик, философи, түүхэн уламжлалыг илэрхийлдэг. Ийнхүү үндэсний хууль тогтоомжийг дэлхийн эрх зүйн уламжлалтай холбон ойлгох нь хуульч, судлаач, оюутнуудад онол-практикийн гүн гүнзгий мэдлэг өгөхөөс гадна шүүхийн үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх, үүргийг олон улсын эрх зүйн хүрээнд хэрхэн ойлгож, хэрэглэдэг болохыг бодитоор харуулж буй хэрэг юм. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ИргэнийХэрэгШүүхэдХянанШийдвэрлэхТухайХууль #ИргэнийХэрэг #ШүүхХуралдаан #ХэргийнОролцогч #ИХШХШтХ #ШүүхэдХандахЭрх #ШударгаШүүх #Өмгөөлөгч #Нэхэмжлэгч #Хариуцагч #ГуравдагчЭтгээд #Төлөөлөгч #ИргэнийЭрхЗүйнЧадамж #ЛатинЗарчмууд #ЭрхЗүйнСудалгаа #ХуульСудлал #ШүүхийнПрактик #МэтгэлцэхЗарчим #ШүүхийнИлТодБайдал #ЭрхийнХамгаалал #ПроцессынЭрхЗүй #ХуульСуралцагч #ХуульчОюутан #ЭрхЗүйнФилософи #ЭрхЗүйнЧадвар #ӨмгөөллийнЭрх #ТэнцвэртэйШүүх #Шүүх #ХуульДээдлэхЗарчим #ШүүхийнОролцоо #ШүүхЭрхМэдэл #ШүүхийнШийдвэр

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль - Хоёрдугаар бүлэг - Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяалал

    Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяалал: Эрхээ шүүхээр хамгаалуулах эхний алхам Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд тэдгээрийн эрхийг сэргээх, хамгаалах хамгийн чухал арга зам нь шүүхэд хандах явдал билээ. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах нь иргэн бүрийн баталгаатай эрх юм. Гэвч энэ эрхийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяаллыг зөв тогтоох нь зүй ёсны шаардлага бөгөөд энэ талаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” -ийн II бүлэгт тодорхой зохицуулсан байдаг. Иргэний хэрэг үүсгэх үндэслэл ИХШХШтХ-ийн 12 дугаар зүйлд иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг заасан байна. Үүнд: Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл; Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл; Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар гаргасан хүсэлт; Захиргааны байгууллага , албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, захиргааны актын талаарх гомдол; Хуульд заасан бусад үндэслэл. Эдгээрийн аль нэг нөхцөлийг хангасан тохиолдолд шүүх хэрэг үүсгэх бөгөөд хэрэв үндэслэл хангагдаагүй, эсвэл тухайн маргаан шүүхийн харьяалалд үл хамаарах бол шүүх хэрэг үүсгэхээс татгалзана. Нэхэмжлэл нь хуульд заасан бүтэц, агуулгыг хангаж, холбогдох нотлох баримтаар дэмжигдсэн байх нь зайлшгүй шаардлага юм. Хэргийн харьяалал Хэрэг үүсэхийн зэрэгцээ тухайн хэргийг аль шүүх хянан шийдвэрлэх вэ гэдгийг тогтоох шаардлага бий. Үүнийг хэргийн харьяалал гэнэ. ИХШХШтХ-ийн 13–21 дүгээр зүйлд хэргийн харьяаллын зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгасан байдаг. Нутаг дэвсгэрийн харьяалал  (14 дүгээр зүйл): Нэхэмжлэлийг хариуцагчийн байнга оршин суугаа газар буюу хуулийн этгээдийг үйл ажиллагааны байрлалаар тогтоож, тухайн нутаг дэвсгэрийг хамаарах шүүхэд гаргана. Хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тохиолдолд түүний эд хөрөнгө байгаа газрын шүүх харьяалах үндэслэл болно. Сонгох харьяалал  (15 дугаар зүйл): Зарим тохиолдолд нэхэмжлэгч хэрэг маргаанаа аль шүүхэд мэдүүлэхээ сонгох боломжтой. Тухайлбал, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт хариуцагч, эсвэл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын аль нэгийг сонгож болно. Мөн гэрээний маргаанд гэрээг гүйцэтгэх газар, хэд хэдэн хариуцагчтай хэргийн хувьд тэдний аль нэгийн оршин суугаа газрыг сонгож болдог. Онцгой харьяалал  (16 дугаар зүйл): Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл, өв залгамжлал, гадаадад буй иргэнтэй холбоотой маргаан зэрэгт хуульд заасан шүүх онцгой харьяалах бөгөөд талууд энэ харьяаллыг хэлэлцэн өөрчлөх боломжгүй. Харьяаллыг өөрчлөх, шилжүүлэх  (18–21 дүгээр зүйл): Зарим тохиолдолд шүүх өөр шүүхэд хэрэг шилжүүлэх зохицуулалттай. Тухайлбал, харьяаллыг буруу тогтоосон, нотлох баримт дийлэнх нь өөр газарт байгаа, шүүхийн бүх шүүгч татгалзсан зэрэг тохиолдолд шүүх хэрэг шилжүүлэх тогтоол гаргаж болно. Дүгнэлт Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, харьяаллыг зөв тогтоох нь шүүхэд хандах эрхээ бодитоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай алхам юм. Эдгээр нь зөвхөн процедурын хэлбэр бус, нэхэмжлэл, шаардлагыг хүлээн авах, хэрэг үүсгэх эсэхийг шийдэх эрх зүйн хязгаарыг тодорхойлдог. Тиймээс нэхэмжлэл гаргахаар зэхэж буй иргэн, хуульч, өмгөөлөгч шүүхэд хандахаасаа өмнө уг бүлгийн зохицуулалтыг сайтар судалж, үндэслэл бүрэн бүрдсэн эсэхийг нягтлах нь зүйтэй. Энэ бол шударга шүүхийн үйл ажиллагаанд итгэх, эрхээ хамгаалуулах эхний бат бөх алхам юм. Монгол Улсын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” -ийн II бүлэгт заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяаллын зохицуулалтыг уламжлалт латин эрх зүйн зарчимтай уялдуулан тайлбарлаж хүснэгтэд жагсаав. ИХШХШтХ-ийн ойлголт Латин зарчим Тайлбар, агуулга Иргэний хэрэг үүсгэх үндэслэл Actio nata Нэхэмжлэл гаргах эрх нь эрх зөрчигдсөн үеэс эхлэн үүсдэг. Харьяаллыг зөв тогтоох Forum domicilii Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах үндэслэл. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Ius standi in judicio Нэхэмжлэгч тухайн хэрэгт оролцох хууль ёсны байр суурьтай байх ёстой. Шүүхийн харьяаллын маргааныг шийдвэрлэх Lex fori Шүүх маргааныг шийдвэрлэхдээ өөрийн улсын процессын хуулийг хэрэглэнэ . Онцгой харьяаллын хязгаарлалт Prorogatio fori non permittitur Онцгой харьяалал бүхий хэргийг талууд тохиролцож өөр шүүхэд шилжүүлэх боломжгүй. Хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл Interesse legitimum Хувь хүний эрх зөрчигдсөн бол хууль ёсны ашиг сонирхол үүсэж, нэхэмжлэх эрхтэй. Хэргийн харьяаллыг өөрчлөх үндэслэл Forum non conveniens Харьяаллыг өөр шүүхэд шилжүүлэх нь шударга, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлд хамаарна. Үл хөдлөх эд хөрөнгийн харьяалал Lex rei sitae Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг тухайн хөрөнгийн байршлын шүүх шийдвэрлэнэ . Нэхэмжлэгчийн байршил бус, хариуцагчийн байршлыг харгалзах Actor sequitur forum rei Нэхэмжлэгч бус, хариуцагчийн оршин суугаа газрыг үндэслэн харьяаллыг тогтооно. Үйлдэл болсон газрын эрх зүйн хэрэглээ Locus regit actum Гэрээ, гэм хохирол зэрэг үйлдэл болсон газрын хууль хэрэглэгдэх үндэс. Гэрээний хэрэг маргаанд гэрээ байгуулсан газар Forum contractus Гэрээтэй холбоотой хэрэг маргааныг гэрээ байгуулсан газрын шүүх хянана. Гэм хохирол учирсан газар Forum delicti commissi Хохирол учирсан газрын шүүхэд харьяалагдана. Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил Nemo iudex in causa sua Шүүгч өөртэй нь холбоотой хэргийн шийдвэрт оролцох ёсгүй. Гуравдагч этгээдийн хамааралгүй баримт Res inter alios acta Холбогдохгүй гуравдагч этгээдийн мэдээлэл нотолгоонд ашиглагдахгүй. Ижил хэрэг давхар шүүгдэж буй нөхцөл Lis alibi pendens Өмнө нь шийдэгдэж байгаа ижил агуулгатай хэрэг байвал дахин шийдвэрлэхгүй. Латин зарчмууд нь олон улсын эрх зүйн хөгжлийн түүхэнд тогтсон суурь ойлголтууд бөгөөд шүүхэд хандах эрх, харьяалал, нэхэмжлэлийн үндэслэл, шүүгчийн хараат бус байдал зэрэг процессын зарчмыг философийн хувьд гүнзгийрүүлэн ойлгоход тусална. Жишээлбэл, “Lex rei sitae”  нь үл хөдлөх хөрөнгийн байршлаар харьяаллыг тогтоодог бол “Actor sequitur forum rei” нь хариуцагчийн байршилд суурилсан харьяаллыг илэрхийлдэг. Ийм төрлийн уялдаа холбоо бүхий тайлбар нь зөвхөн хуульч, судлаачдад төдийгүй хуулийг хэрэглэх энгийн хүнд эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн суурь зарчимтай харьцуулан ойлгоход чухал ач холбогдолтой юм. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ИргэнийХэрэг #ИргэнийХууль #Нэхэмжлэл #ХэргийнХарьяалал #ШүүхэдХандахЭрх #ШүүхПрактик #ИХШХШтХ #ШүүхЭрхМэдэл #ЭрхЗүйнБоловсрол #Шүүх #ШүүхийнЖурам #ШударгаШүүх #НотолгооныЭрхЗүй #НэхэмжлэлГаргах #ЭрхТэгшБайдал #ЭрхЗүйОюутан #ЭрхЗүйнТайлбар #ЭрхЗүйнКонтент #ИргэнийХэрэгҮүсгэхҮндэслэл #ХэрэгШилжүүлэх #ХарьяаллыгӨөрчлөх #ШүүхийнХарьяалал #НутагДэвсгэр

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль - Нэгдүгээр бүлэг - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ерөнхий үндэслэл

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ерөнхий үндэслэл: Иргэний эрхийг шүүхээр хамгаалуулах эрх зүйн үндэс Монгол Улсад иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд тухайн маргааныг хэрхэн, ямар журмаар шийдвэрлүүлэх боломжтой вэ? Энэ асуултад хариулах эрх зүйн суурь баримт бичиг бол “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” юм. Тус хуулийн I хэсгийн I бүлэгт “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг үндэслэл” -ийг хууль зүйн зарчим, журам, зохицуулалтын хүрээнд тодорхойлсон байдаг. Энэхүү товч нийтлэлээр дээрх бүлгийн гол агуулгыг товч, дүн шинжилгээтэй байдлаар тайлбарлан хүргэж байна. Шүүхэд хандах эрх – Хуульд заасан үндэслэл байгаа бол хүн бүрд нээлттэй Хуулийн 3 дугаар зүйлд зааснаар, аливаа этгээд нь Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Энэ нь ардчилсан, эрх зүйт төрийн амин сүнс болсон шүүхэд хандах эрхийг баталгаажуулсан суурь зохицуулалт юм. Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим Эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэн нэгнийг үндэс угсаа, хэл, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, эрхэлсэн ажил зэрэг аль ч шинжээр ялгаварлан гадуурхалгүй, бүх талд тэгш боломжийг олгох нь шүүхийн үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах зарчим юм. Энэ нь 4 дүгээр зүйлд хуульчлагдсан бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд хүний эрхийн хамгаалалт бодитоор тусгалаа олдог. Мэтгэлцэх зарчим – Шударга шүүхийн үндэс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш оролцоог хангаж, бодит байдлыг нотлох баримтаар тогтоох үндсэн дээр явагддаг. Хуулийн 6 дугаар зүйлд тусгаснаар, талууд нотлох баримт гаргаж, тайлбар хийх, хариу мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох бүрэн эрхтэй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр ил тод, үндэслэлтэй байхын үндэс болдог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх хэл, бичиг Хуулийн 7 дугаар зүйлд зааснаар, шүүхийн ажиллагаа нь Монгол хэлээр явагдаж, төрийн албан бичиг хөтлөх журмыг баримтална. Монгол хэл мэдэхгүй этгээдэд орчуулагч, хэлмэрчийн тусламж үзүүлэх зохицуулалттай бөгөөд цахим шүүх ажиллагаа, мэдээлэл солилцооны дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглах боломжийг хуульчилсан нь эрх зүйн хүртээмжийг нэмэгдүүлсэн болно. Шүүхийн ил тод байдал, нээлттэй ажиллагаа Хуулийн 8 дугаар зүйлд зааснаар, иргэний хэргийн шүүх хуралдаан нь нээлттэй явагдах ёстой. Гэхдээ насанд хүрээгүй оролцогч, хүний хувийн нууцад халдах эрсдэл зэргээс үүдэн шүүх хуралдааныг тодорхой нөхцөлд хаалттай явуулах боломжийг хуулиар олгосон нь хүний эрхийн хамгаалал, олон нийтийн хяналтыг тэнцвэржүүлсэн зохицуулалт болдог. Хуулийн хэрэглээ, хэрэглэх дараалал 10 дугаар зүйл нь шүүх хэрхэн хуулийг хэрэглэж, хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн эрх зүйн шийдвэр гаргах тухай заасан. Шүүх нь Үндсэн хууль болон хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэх ба зохицуулалт байхгүй тохиолдолд төсөөтэй харилцааг үндэслэх, цаашлаад Үндсэн хуулийн үзэл санаа, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг баримтлан шийдвэр гаргах боломжтой. Мөн хууль хоорондын зөрчил үүссэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах зохицуулалт энэ зүйлд тусгагдсан. Шүүхийн шийдвэр – Хуулийн биелэлтийн баталгаа 11 дүгээр зүйлд зааснаар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн хувьд заавал биелэгдэх бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдана. Энэ нь шүүх эрх мэдлийн үр нөлөө, хэрэгжилтийн баталгааг хангаж өгдөг чухал зохицуулалт юм. Дүгнэлт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” -ийн I хэсгийн I бүлэг нь шүүхэд хандах эрх, эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчим, шүүхийн хараат бус байдал, нээлттэй ажиллагаа, цахим дэвшил, хэл бичгийн зохицуулалт зэрэг иргэний процессын эрх зүйн суурь зарчмыг илэрхийлдэг. Энэ нь зөвхөн шүүхийн ажиллагааны журмыг тодорхойлох бус, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн төрийн үйл ажиллагааны суурь хэм хэмжээг илтгэсэн эрх зүйн тулгуур юм. Иргэн эдгээр эрх, боломжоо мэддэг, хэрэглэж чаддаг байх нь шударга ёсыг биелүүлэх анхны алхам болно. Монгол Улсын  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” -ийн I бүлэгт туссан үндсэн зарчмуудыг уламжлалт латин эрх зүйн ойлголттой холбон  тайлбарлах нь эрх зүйн үндэслэл, философийг гүнзгийрүүлэн ойлгоход тусална. Тиймээс хуулийн зарчим, латин ойлголт, товч тайлбар, агуулгын уялдаатай байдлаар хүснэгтэд жагсаав. Монгол нэр томьёо (ИХШХШтХ) Латин зарчим Агуулга, тайлбар Шүүхэд хандах эрх Jus ad judicium Хувь хүн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдлоор мэдүүлэх эрхтэй. Эрх тэгш байдал Aequitas / Ius aequum Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, иргэн бүр шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй байна. Шүүгчийн хараат бус байдал Impartialitas judicum / Nemo iudex in causa sua Шүүгч зөвхөн хуульд захирагдах бөгөөд аливаа гаднын дарамт, нөлөөллөөс ангид байх ёстой. Мэтгэлцэх зарчим Audiatur et altera pars Талууд нотлох баримт гаргаж, тайлбар хийх, хариу үг хэлэх тэгш эрхтэй. Шүүх мэтгэлцээн дээр үндэслэн шийдвэр гаргана. Үндсэн хуульд нийцүүлэн хууль хэрэглэх Lex superior derogat legi inferiori Үндсэн хууль нь дээд хүчин чадалтай. Түүнд харш хууль хэрэглэхийг хориглоно. Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх байдал Res judicata pro veritate habetur Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд заавал биелэгдэх үүрэгтэй. Хэл, бичгийн зохицуулалт Ius linguarum Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол хэлээр явагдах бөгөөд оролцогч этгээд хэл, бичгийн хязгаарлалтгүй оролцох боломжоор хангагдана. Шүүхийн ажиллагааны ил тод байдал Publicum iudicium Шүүх хуралдаан зарчмын хувьд нээлттэй байх бөгөөд тодорхой нөхцөлд хаалттай явагдаж болно. Хэргийг тасралтгүй шийдвэрлэх Celeritas iustitiae est fundamentum Шүүх хуралдаан тасралтгүй явагдаж, шүүгч нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг дуусгах хүртлээ үргэлжлүүлэх үүрэгтэй. Хуульд заагаагүй маргааныг шийдвэрлэх Ex aequo et bono Шууд зохицуулсан хууль байхгүй тохиолдолд төсөөтэй харилцаанд тулгуурлан, шударга ёсны зарчмаар шийдвэрлэнэ. Хуулийн зарчмуудыг уламжлалт латин эрх зүйн ойлголттой холбон тайлбарлах нь эрх зүйн үндэслэл, философийг гүнзгийрүүлэн ойлгоход тусална. Шүүх бол зөвхөн маргаан шийдвэрлэх байгууллага биш, харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шударга ёсыг сэргээх үндэсний институтийн хамгийн өндөр илэрхийлэл  юм. Шүүхэд хандах нь нийгмийн хамтын итгэл, хууль дээдлэх зарчимд тулгуурласан хариуцлагатай алхам тул шүүхийн өмнө тэгш байдал, мэтгэлцэх эрх, нотлох баримтын бүрдүүлэлт, шүүхийн шийдвэрийн биелэлт зэрэг процессын суурь зарчмууд хангагдаж буй эсэхийг үнэлж, хянах нь зөвхөн шүүгчийн биш, иргэн бүрийн үүрэг байдаг. Шүүх хуралдаан бол хууль зүйн тулаан биш, шударга ёсны тайван өргөө юм. Ж.Танан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ерөнхий үндэслэл #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ИргэнийХэрэгШүүхэдХянанШийдвэрлэхТухайХууль #ШүүхэдХандахЭрх #ИргэнийХэрэг #ИХШХШтХ #ХуульСудлал #ШударгаЁс #ШүүхХуралдаан #Нэхэмжлэл #МэтгэлцэхЗарчим #ЭрхТэгшБайдал #ХуулийнБоловсрол #ҮндсэнХууль #ЭрхЗүйнБоловсрол #ХуульДээдлэх #Шүүх #ШүүхийнШийдвэр #НотлохБаримт #ХуульчОюутан #ЭрхЗүйнСэтгэлгээ #ИргэнийПроцессынЭрхЗүй #ЦахимШүүх #ИргэнийЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүй

  • "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим, ач холбогдлын тухай эргэцүүлэл" эссэ

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт, баримтлах зарчмыг тодорхойлон тусгасан бөгөөд шүүхийн шударга шийдвэр гаргах эрх зүйн үндэс суурийг бүрдүүлдэг. Энэхүү бүлэг нь зөвхөн эрүүгийн шүүх ажиллагааны явцыг зохицуулаад зогсохгүй, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх зүйн баталгааг бодит ажил хэрэг болгох зорилготой. Иймээс, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх зүйт төрийн үндсэн зарчмыг хэрэгжүүлж, иргэдийн хуульд итгэх итгэлийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн болон хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, харин гэм буруугүй этгээдийг ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдуулан яллахгүй байх, улмаар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Энэхүү хоёр талт зорилт нь зөвхөн гэмт хэрэгтнийг шийтгэхээс гадна, гэм зэмгүй хүний эрхийг хамгаалахыг тэнцвэртэйгээр шаарддаг. Ийм байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга ёсны зарчимд нийцэж, хүний эрхийн баталгааг бодитойгоор хангах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд нь хуулийн засаглалыг чанд сахиулах үндсэн шаардлагыг тавьдаг. Хуулийн засаглал гэдэг нь төрийн бүх байгууллага, албан тушаалтан, хэрэгт оролцогч талууд хүчин төгөлдөр хуулийг чанд мөрдөж, дур мэдэн шийдвэр гаргах, хууль зөрчих аливаа үйлдлийг таслан зогсоох эрх зүйн механизм юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх зүйн үндэслэлтэй, хууль ёсны дагуу явагдаж, хувь хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарлахаас хамгаалах баталгаа болж үйлчилдэг. Мөн хүний болон хуулийн этгээдийн эрхийг хууль, шүүхийн өмнө тэгш хүндэтгэх нь эрүүгийн процессын хоёр дахь тулгуур зарчим юм. Эрүүгийн хэрэгт оролцогч бүх этгээд үндэс, угсаа, нас, хүйс, эрхэлсэн ажил, хөрөнгөөр үл ялгаварлан эрх тэгш оролцох ёстой. Энэ зарчим нь мөрдөн шалгах, яллах, өмгөөлөх, шүүхийн шат бүрд бүх оролцогчийн эрхийг адил тэгш эдлүүлэх замаар шударга шүүхийн эрхийг хангахад чиглэнэ. Ийм байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа аль нэг талын ашиг сонирхлыг давамгайлуулахгүй, талуудыг ижил тэгш оролцоотойгоор мэтгэлцүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Гуравдугаарт, хүний эрх , эрх чөлөөг дээдлэх зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны амин сүнс болдог. Ялангуяа баривчлах, цагдан хорих, нэгжлэг хийх зэрэг хүний эрх чөлөөнд шууд нөлөөлдөг ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хамгийн бага хязгаарлалтаар хэрэгжүүлэх ёстой. Эрүүгийн процессын явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хамгаалах, эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцаанаас ангид байлгах шаардлага бүрэн хэрэгжих ёстой бөгөөд ингэснээр хүний эрх, нэр төрийг хамгаалах олон улсын жишгийг хангаж чадна. Эцэст нь, гэм буруугүйн зарчмыг чанд сахих нь эрүүгийн процессын хамгийн чухал баталгаа юм. Хүнийг гэм буруутай нь эцэслэн тогтоогдох хүртэл гэм буруугүйд тооцох ёстой бөгөөд сэжигтэн, яллагдагч өөрийгөө цайруулах нотолгоо гаргах үүрэггүй байна. Нотлох баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж, шүүхийн талуудын мэтгэлцээний үндсэн дээр үнэлж, зөвхөн эргэлзээгүйгээр тогтоогдсон гэм бурууд үндэслэн ял оногдуулах ёстой. Ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга, хүний эрхэд нийцсэн байдлаар явагдаж, эрх зүйн зүй ёсны зарчмуудыг бодитой хэрэгжүүлж чадна. Үүнтэй уялдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэгт хуулийн нэр томьёоны тайлбар байх ба энэ нь бусад хууль тогтоомжтой харьцуулахад илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан байдаг нь хэд хэдэн онцлог шалтгаантай. Нэгдүгээрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөнд шууд нөлөөлдөг тул аливаа ойлголт, нэр томьёог хоёрдмол утгагүй, тодорхой зааж өгөх шаардлага үүсдэг. Хоёрдугаарт, мөрдөн шалгах, яллах, шүүхийн ажиллагаа нь олон шат дамжлагатай, оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах өндөр шаардлагатай тул нэр томьёоны эрх зүйн агуулга тодорхой, утга агуулгаар баялаг байх ёстой. Гуравдугаарт, эрүүгийн процессын үе шат бүрд нарийвчилсан журам, нөхцөл тавигддаг учраас практик хэрэгжилтэд маргаан үүсгэхгүйгээр ойлголтыг нэг мөр болгож, эрх зүйн зохицуулалтын нарийвчлалыг хангахын тулд дэлгэрэнгүй тайлбар хийх зайлшгүй шаардлагатай болдог. Иймд энэхүү хууль нь хүний эрхийн баталгаа, хууль ёсны ажиллагааг хангахын тулд нэр томьёоны талаар илүү тодорхой, иж бүрэн тайлбарласан онцлогтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэгт Үндсэн хуулийн цэцэд хандах зохицуулалтыг хэд хэдэн удаа тусгайлан дурдсан нь эрх зүйн хяналт, Үндсэн хуулийг дээдлэх зарчмыг сахиулах чухал ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж буй хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байх ёстой бөгөөд хэрэв шүүх, прокурор, мөрдөгч нь хэрэглэж буй хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлж, холбогдох саналаа Улсын дээд шүүх, эсвэл Улсын ерөнхий прокурорт уламжлуулна. Эдгээр байгууллага нь уг асуудлыг үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй. Энэ үйл явц нь гэм буруугүй хүний эрхийг зөрчихгүй байх, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хангах, хууль зүйн баталгааг хэрэгжүүлэх үндсэн механизм болдог. Цаашилбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний, эсвэл захиргааны эрх зүйн маргаанаас ялгаатай онцлогтой бөгөөд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь нөхөн сэргээх боломжгүй хор уршгийг дагуулдаг. Хэрэв хүнийг гэм буруугүй атал буруу шийтгэвэл амьдралын алдагдсан хугацаа, эрх чөлөө, нэр төр, нийгэмд эзлэх байр суурийг нөхөн сэргээх боломжгүй байдаг. Иймээс эрүүгийн процессын аливаа ажиллагаа хуулийн дагуу, Үндсэн хуулийн зарчмыг чанд мөрдөх шаардлагатай бөгөөд Үндсэн хуулийн цэцэд хандах зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нөхөж баршгүй хохирлоос сэргийлэх хамгаалалтын баталгаа болж өгдөг байна. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэг нь Монгол Улсад хууль ёсыг сахин хамгаалах, шударга шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндэс суурийг тавьдаг. Энэхүү эрх зүйн зохицуулалтыг тууштай хэрэгжүүлснээр нийгэмд шударга ёс тогтож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, үр нөлөө дээшилж, иргэдийн хуульд итгэх итгэл бэхэждэг байна. Эрүүгийн процессын энэхүү зохицуулалт нь эрх зүйт төрийн үндсэн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол хөшүүрэг болдог. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнХэрэг #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэх #ЭрүүгийнХууль #ХүнийЭрх #ШударгаШүүх #ҮндсэнХууль #ХуульЗасаглал #ЭрүүгийнПроцесс #ГэмБуруугүйнЗарчим #ЭрүүгийнШүүх #ШүүхийнШийдвэр #МөрдөнШалгахАжиллагаа #ЦагданХорих #НотлохБаримт #МэтгэлцээнийЗарчим #ӨмгөөлүүлэхЭрх #ШүүхХуралдаан #ХүнийЭрхийнХамгаалалт #ЭрүүгийнХариуцлага #ҮндсэнХуулийнЦэц #ХуулийнНэрТомьёоныТодорхойлолт #НэрТомьёоныТайлбар #ИлТодШүүх #ХуульЁсныАжиллагаа #ШударгаЁсныЗарчим #ХуульЗүйнБаталгаа #ШүүхийнЭрх #ШүүхийнИтгэл #ЭрүүгийнХэрэг #НотлохБаримтынЧанар #ХуульДээдлэхЗарчим #ХүнийЭрхийнБаталгаа #ҮндсэнХуулийнЦэц #ШүүхЭрхМэдэл #ЭрүүгийнХэрэгИлрүүлэх #ХуульЁсныПроцесс #ШүүхПрактик #ХуулийнШаардлага #ЭрүүгийнПроцессынХууль #ШүүхийнХамгаалалт #ШударгаЁс #ХүнийЭрх

  • Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил

    Захиргааны хэргийн шүүхээс (ЗХШ) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (ХХША) явцад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гэх процессын буюу завсрын шинжтэй шийдвэр гарна. Шүүгч дангаараа гаргаж байгаа бол шүүгчийн захирамж , харин шүүх бүрэлдэхүүн [1] гаргаж байгаа бол шүүхийн тогтоол гэсэн хэлбэртэй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (ЗХШХШтХ) 122 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргах процессын шийдвэрийг тусгайлан заасан ба шүүх ажлын 3 хоногийн дотор гаргана. Гомдол гаргах хугацаа дуусмагц, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэж дууссанаар хүчин төгөлдөр болно. Харин гомдол гаргах эрхгүй процессын шийдвэр тэр даруйд хүчин төгөлдөр болно. Нэмж дурдахад, шүүхээс гарах эрх зүйн актад гомдол гаргах эрхтэй, эрхгүй байх нь энгийн ойлгомжтой мэт боловч цаад учрыг удирдагч тайлбарласны дараа ухамсарлан ойлгосон. Тухайлбал, шүүгчийн захирамжаар хугацаа тогтоож буй бол хэргийн оролцогч гомдох шалтгаан байхгүй байна. ХХША-ны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар гаргасан шүүгч захирамж, шүүх тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. [1]   Шүүх бүрэлдэхүүн гэдэг нь анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр хоёр шүүгчтэй хамтдаа хэрэг, маргааныг хянан хэлэлцэхийг хэлнэ. Дадлагын хугацаанд бичиж дадлагажсан, танилцсан ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоотын төрлийг нэгтгэн хүснэгтэд, харин тэдгээрийн төсөл, загварыг хавсралтад харуулав. Хүснэгт 13 Бичиж дадлагажсан, танилцсан захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоотын жагсаалт Д/д ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот 1. Нэхэмжлэлтэй холбоотой шүүгчийн захирамж Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж 2. Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж 3. Хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамж 4. Шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж 5. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж 6. Эрх залгамжлах тухай шүүгчийн захирамж 7. Гуравдагч этгээд татах тухай шүүгчийн захирамж 8. Шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж 9. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж 10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 11. Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 12. Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж 13. Шүүхийн тогтоол 14. Шүүхийн шийдвэр 15. Гүйцэтгэх хуудас 16. Албан тоот Хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох тухай албан тоот Нотлох баримт гаргуулах тухай албан тоот Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоот Давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх тухай албан тоот 17. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол 18. Ерөнхий шүүгчийн захирамж Шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж Даргалагч албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Шүүх бүрэлдэхүүн албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Шүүгчийн захирамж [2] [2] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт  заасны дагуу “шүүгчийн захирамж”  гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүгчийн захирамж нь ХХША-ны явцад шүүгч дангаар гаргах процессын шийдвэр юм. Нэхэмжлэлтэй холбоотой шүүгчийн захирамж Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд танилцсан нэхэмжлээс бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл олон байсан бөгөөд нягтлан шалгаж чухам ямар бүрдүүлбэр дутуу, орхигдуулсан байгааг тодорхойлж, асуудлыг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон шүүгчийн захирамжийн төслийг бичсэн (Хавсралт 8) . ЗХШХШтХ 52 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй байна. Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 9) . ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.4.Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүх буцаана. Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй боловч 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн төсөл бичиж дадлагажсан (Хавсралт 10) . ЗХШХШтХ 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхтэй байна. ЗХШХШтХ 109 дүгээр зүйлийн 109.2.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 11) . ЗХШХШтХ 14 дүгээр зүйлийн 14.6.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн ЗХШ-д гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно. Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж боловсруулж сурсан (Хавсралт 12) . ЗХШХШтХ 55 дугаар зүйлийн 55.1.Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 13) . ЗХШХШтХ 24 дүгээр зүйл. Хамтран хариуцагч 24.1.Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь ХХША-нд бие даан оролцох эрхтэй. 24.2.Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно. ЗХШХШтХ 25 дугаар зүйл. Хариуцагчийг солих 25.1.Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино. 25.2.Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна. 25.3.Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж, үнэлүүлэхийг шаардах эрхтэй. Шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд ХХША-г сэргээж, шүүх хуралдаан товлох тухай шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 14) . ЗХШХШтХ 71 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг товлон зарлах 71.1.Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ. 71.2.Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Эрх залгамжлах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд эрх залгамжлах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 15) . ЗХШХШтХ 26 дугаар зүйл. ХХША-нд эрх залгамжлан авах 26.1.Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан (хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан) бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа ХХША-ны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. 26.2.Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг ЗЕХ-ийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. 26.3.Эрх залгамжлагч ХХША-наас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Гуравдагч этгээд татах, эсвэл оролцуулахаас татгалзах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд гуравдагч этгээд татах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 16) . ЗХШХШтХ 17 дугаар зүйлийн 17.5.Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт , захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ. ЗХШХШтХ 56 дугаар зүйлийн 56.1.6.Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах орно. ЗХШХШтХ 22 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн эрх, үүрэг 22.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч ХХША-нд оролцуулна. 22.2.Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд ХХША-нд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана. 22.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 22.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Гуравдагч этгээдийг татан оролцуулах нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн (ЗХАШШ) ХХША дуусахаас өмнө буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдэх бөгөөд түүнийг шүүх өөрийн санаачилгаар, эсвэл тухайн этгээдийн хүсэлтээр, эсвэл хэргийн оролцогчоос гаргана. Бусад этгээдээс хүсэлт гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь эерэг, эсвэл сөрөг байдлаар хөндөгдөж буй тохиолдолд тухайн этгээдийг шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулах үүрэгтэй гэж үзнэ. Хэрэв ЗХАШШ оролцуулах ёстой гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй бол энэ нь процессын алдаа болж, цаашилбал хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ШИНБ-ын улмаас хянуулах үндэслэл болж болно. Шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж боловсруулсан (Хавсралт 17) . ЗХШХШтХ 111 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх 111.1.Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. 111.2.Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана. 111.3.Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж боловсруулсан (Хавсралт 18) . Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарна. ЗХШХШтХ 80 дугаар зүйлийн 80.2.Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно; ЗХШХШтХ 91 дүгээр зүйлийн 91.3.Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана; ЗХШХШтХ 91 дүгээр зүйлийн 91.7.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна; ЗХШХШтХ 96 дугаар зүйлийн 96.2.Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно; ЗХШХШтХ 96 дугаар зүйлийн 96.3.Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд ХХША түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн төсөл бичсэн (Хавсралт 19) . ХХША-г түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах хуульд заасан тохиолдлыг хүснэгтэд харуулав. Хүснэгт 1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах тохиолдол ЗХШХШтХ заалт ХХША-г түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах тохиолдол 65.1.1. хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал; 65.1.2. хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа; 65.1.3. эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй; 65.1.4. хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй; 65.1.5. хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар УДШ-д санал оруулсан; 65.1.6. хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн; 65.1.7. энэ хуулийн 33, 35, 40 дүгээр зүйлд [3]  заасан ажиллагаа явуулж байгаа. [3]   ЗХШХШтХ 33 дугаар зүйл. Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх 33.1.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно. 33.2.Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар тохиролцоно. ЗХШХШтХ   35 дугаар зүйл. Шүүхийн даалгавар, түүнийг биелүүлэх 35.1.Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана. 35.2.Энэ хуулийн 35.1-д заасан шүүхийн даалгаварт хэргийн товч агуулга, бүрдүүлбэл зохих нотлох баримтыг зааж, даалгавар биелүүлэх хугацааг тогтоож, ХХША-г түдгэлзүүлнэ. 35.3.Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд биелүүлнэ. 35.4.Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ. ЗХШХШтХ 40 дүгээр зүйл. Шинжээчийн дүгнэлт 40.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно. 40.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Эдгээрээс бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглох ба заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ. Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 20) . ЗХШХШтХ 61 дүгээр зүйлд заасны дагуу Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. 61.1.Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. 61.2.Захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж болно. 61.3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. ЗХШХШтХ 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байна. 62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол; 62.1.2.хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол; 62.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол; 62.1.4.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр бол. 62.1.5.хуульд заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол. 62.1.6.энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.4.1-д заасан маргааныг шийдвэрлэсэн холбогдох сонгуулийн хорооны шийдвэр бол. Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн төслийг бичсэн (Хавсралт 21) . ЗХШХШтХ Долдугаар бүлэг. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах 66.1.Нэхэмжлэгч ХХША-ны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. 66.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох ХХША ердийн журмаар явагдана. 66.4.Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. 67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. 68 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх 68.1.Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. 68.2.Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна. 68.3.Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана. 68.4.Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. 69 дүгээр зүйл. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар 69.1.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ. 69.2.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. ЗХШХШтХ 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Шүүхийн тогтоол [4] [4] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.5 заалтад  заасны дагуу “шүүхийн тогтоол”  гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүхийн тогтоол бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас гарна. Дадлагын хугацаанд шүүхийн тогтоолын төсөл бичив (Хавсралт 22) . ЗХШХШтХ 74 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүн 74.1.ЗХШ дараах хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ: 74.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан; 74.1.2.захиргааны хэм хэмжээний акттай холбоотой; 74.1.3.тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон. 74.2.Энэ хуулийн 74.1-д зааснаас бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ. 74.3.Давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. 74.4.Хяналтын журмаар хэргийг УДШ таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр [5] [5] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.4 заалтад  заасны дагуу “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүхийн шийдвэрийг шүүгч дангаар, эсвэл бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана. Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр; давж заалдах шатны шүүх магадлал; хяналтын шатны шүүх тогтоол хэлбэртэй байна. Эдгээрээс бусад тохиолдолд ХХША-тай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гарна. ЗХШ-ийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага , хуулийн этгээд , албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. ЗХШ-ийн шийдвэрийн хэлбэрийг хүснэгтэд харууллаа. Хүснэгт 2 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэлбэр ЗХШХШтХ заалт ЗХШ-ийн шийдвэрийн хэлбэр 12.1.1. анхан шатны шүүхийн шийдвэр (Хавсралт 23) ; 12.1.2. магадлал; 12.1.3. тогтоол; 12.1.4. шүүгчийн захирамж; 12.1.5. шийтгэвэр. ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэрийг хүснэгтэд харуулав. Хүснэгт 3 Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэр ЗХШХШтХ заалт ЗХШ хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэр 106.3.1. захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; 106.3.2. захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох; 106.3.3. захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол МБА хууль бус байсан болохыг тогтоох; 106.3.4. захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; 106.3.5. эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; 106.3.6. төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах; 106.3.7. захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох; 106.3.8. захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох; 106.3.9. захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох; 106.3.10. захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох; 106.3.11. шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; 106.3.12. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах; 106.3.13. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох; 106.3.14. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох. Шүүхийн шийдвэрийн агуулгын бүрдэх хэсгийг хүснэгтэд жагсаав. Хүснэгт 4 Шүүхийн шийдвэрийн агуулга ЗХШХШтХ хэсэг Шүүхийн шийдвэрийн агуулга 107.1. Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ. 107.2. Удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана. 107.3. Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана. 107.4. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана. 107.5. Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана. 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг МБА-ыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. 107.7. Энэ хуулийн 107.5-д заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна. Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна. Энэхүү аргачлал, журмыг УДШ батална (УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2021) . Шүүхийн шийдвэрт тухайн маргаанд хамааралтай хуулийг үе шаттайгаар хэрэглэнэ. Үүнд: Шүүх хэргийн бодит байдлыг тогтооно; Хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг (хуулийг сонгоно); Хэрэглэгдэх хуулийн бүтцийг нэг бүрчлэн шинжээр задлан шинжлэх (гипотез, диспозици, санкцыг тодорхойлох [6] ); Хуулийн урьдчилсан нөхцөл нь хэргийн бодит байдалд нийцэж буй эсэхийг тогтоох (зүйлчлэл буюу субсумц); Хэргийн эрх зүйн үр дагаврыг тодорхойлох буюу маргааныг шийдэх. [6]  Эрх зүйн хэм хэмжээ нь бүтцийн хувьд гипотез, диспозици, санкци гэх гурван зүйлээс бүрдэнэ. Нэг талаас, эрх зүйн зүй тогтол гэж ойлгож болох ч нөгөө талаас авч үзвэл бүх субъектэд хамаарал бүхий эрх зүйн зохицуулалтын ерөнхий хэм хэмжээ юм. Практикт шууд хууль тогтоомжийн хэлбэртэй, эсвэл хуулийн ерөнхий утга санааны хэлбэртэйгээр хэрэгждэг. Гипотез нь төрийн хүсэл сонирхлыг төдийгүй хууль зүйн ач холбогдол бүхий амьдралын тодорхой орчныг заана. Ганц нөхцөлөөс хамаарч байвал энгийн гипотез, хоёр ба түүнээс дээш нөхцөлөөс хамаарч байвал нийлмэл гипотез гэнэ. Диспозици нь хүн, хуулийн этгээдийн зүйтэй болон зүй бус үйлдлийг заана. Иргэний болон зохицуулах эрх зүйн салбарт диспозици үйл байдлын зүйтэй байдлыг тусгасан дүрэм журмын хэлбэртэй бол эрүүгийн эрх зүйд үйлдлийг хориглосон шинж давамгай гарч ирдэг. Тодорхойлох байдлаар нь диспозицийг энгийн, тодорхойлох, бланкет гэх зэргээр ангилна. Санкци нь хууль эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлээгүй улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын заан а. Хууль хэрэглэхдээ агуулгын хувьд тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой хуулийг сонгоход болон түүнийг хэрэглэхдээ баримтлах шалгуур буюу хууль хэрэглэх зарчмыг ашиглана. ЗХШХШтХ 11 дүгээр зүйл. Хууль хэрэглэх 11.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. 11.2.Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн ХХША-г түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана. 11.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 11.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана. 11.4.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. 11.5.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. 11.6.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй. 11.7.Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй. Хуулийн ерөнхий хийсвэр зохицуулалтын улмаас хууль тодорхой бус, ойлгомжгүй, зөрчилтэй, тэр ч бүү хэл огт зохицуулалтгүй орхигдсон тохиолдол гарвал шүүхээс тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхийн тулд хууль хэрэглэхдээ хууль тайлбарлах арга [7] буюу казуал тайлбар ашиглана. Хуулийг үгчлэн, системчлэн, Үндсэн хууль нийцүүлэн, түүхчлэн, телеоги зэрэг тайлбарлах, төсөөтэй хэрэглэх арга байна. Эдгээрийг товч тайлбарын хамт инфографик зурагт харуулав. [7]  Хэм хэмжээг хөгжүүлэх, хуулийг төгөлдөржүүлэх Зураг 1 Хуулийн тайлбар хийх арга Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй эрх зүйн үндэслэл буюу хууль өөрчлөгдсөн, эсхүл бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нэхэмжлэлийн агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зорилго болон түүний эрх хамгаалагдах боломжийг илүүтэй анхаарч шинэ процессын зохицуулалтыг хэрэглэнэ. Харин материаллаг хууль өөрчлөгдвөл нэхэмжлэлийн төрлөөс хамааран хэрэглэх хуулийн талаар хүснэгтэд харууллаа. Хүснэгт 5 Хууль өөрчлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэрт баримтлах хууль Нэхэмжлэлийн төрөл Шүүхийн баримтлах хууль Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл Шүүх МБА гарсан үеийн хууль, бодит нөхцөл байдлыг үнэлэх ёстой боловч МБА нь одоо үзүүлж буй үр дагавар нь чухал байдаг. Үүрэг хүлээлгэх буюу даалгах нэхэмжлэл Захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж, нөхцөл байдалд нийцсэн байх ёстой тул шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж дагуу шийдвэрлэнэ. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэл Нэхэмжлэгчийн тогтоолгох гэж буй харилцаа нь тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа эсэхээс хамаарна. Захиргааны акт, гэрээг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэл Тухайн цаг үеийн хууль тогтоомж, нөхцөл байдлыг үнэлж шийдвэрлэнэ. Дадлагын хугацаанд шүүгч, шүүгчийн туслахын зааварчилгааны дагуу, шүүхийн шийдвэрийн загвар, ЗХАШШ-ийн шийдвэр боловсруулах аргачлалыг ашиглан шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулж өөрийгөө сорьсон ба хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрийг хавсаргав (Хавсралт 24) . Гүйцэтгэх хуудас Дадлагын хугацаанд гүйцэтгэх хуудас бичиж боловсруулсан болно (Хавсралт 25) . Энэхүү баримт бичиг нь шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг дагаж гардаг. ЗХШХШтХ 136 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл 136.1.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна. Албан тоот Хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох тухай албан тоот Дадлагын хугацаанд хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох албан тоотуудтай танилцсан (Хавсралт 26) . Нотлох баримт гаргуулах тухай албан тоот Дадлагын хугацаанд нотлох баримт шаардах албан тоотын төслийг бичиж боловсруулсан (Хавсралт 27) . Шүүгч хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс шаардан гаргуулахдаа албан бичиг болон шүүгчийн захирамж явуулж болно. Албан бичигт нотлох баримт гаргуулах болсон шалтгаан, ямар нотлох баримтыг гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацааг заана (Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал) . Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоот Дадлагын хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тооттой танилцсан (Хавсралт 28) . Давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх тухай албан тоот Дадлагын хугацаанд давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх албан тооттой танилцсан (Хавсралт 29) . Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Дадлагын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын төсөл бичив (Хавсралт 30) . ЗХШХШтХ 63 дугаар зүйл. ХХША-ны хугацаа 63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 63.2.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 63.3.Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно. 63.4.ХХША-ны явцад бусад хугацааг энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацааны дотор шүүгч тогтоож болно. 63.5.ХХША-ны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн хугацаа энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацаанд хамаарахгүй. Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Дадлагын хугацаанд хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх зөвлөгөөний тогтоолтой танилцсан (Хавсралт 31) . Ерөнхий шүүгчийн захирамж Шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 32) . Даргалагч албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд даргалагч албажуулах ерөнхий шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 33) . ЗХШХШтХ 72 дугаар зүйлийн 72.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна. Шүүх бүрэлдэхүүн албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн албажуулах ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 34) . Шүүгчийн туслах нь дурдсан эрх зүйн баримт бичгийг боловсруулаад зогсохгүй шүүх хуралдааны өмнө болон дараа хэргийн оролцогч болон бусад талд танилцуулах, тараах, хүргэх зэрэг үүргийг бичиг хэрэгтэй хамтран гүйцэтгэдэг. ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоотыг боловсруулж, бичиж дадлагажсанаар: (i) эрх зүйн актын төрөлтэй танилцах; (ii) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон процессын шийдвэрийг ялгах; (iii) шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, гаргах эрхгүй тохиолдол, хуульд заасан хугацаа, хүчин төгөлдөр болох тохиолдлыг мэдэх; (iv) шүүх хуралдаанд шүүгч дангаар болон бүрэлдэхүүнтэйгээр оролцох тохиолдлыг ялгах; (v) илт үндэслэлгүй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх тохиолдлыг мэдэж авах; (vi) эрх зүйн үр дагаврыг ойлгох; (vii) эрх зүйн акт боловсруулах арга зүйд дадлагажих; (viii) хууль хэрэглээний талаар суралцах; (ix) ХХША-г системтэйгээр үр дүнтэй явуулахад эрх зүйн баримт бичгийн урсгалын зохион байгуулалтыг ойлгож авах ач холбогдолтой байлаа. Ж.Танан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Ашигласан эх сурвалж УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол . (2021, 9 20). Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай. Монгол Улсын Дээд шүүх. ШЕЗ . (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол . Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоот #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныХэргийнШүүх #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЭрхЗүйнАкт #АлбанТоот #ШүүгчийнЗахирамж #ШүүхийнТогтоол #ШүүхийнШийдвэр #ГүйцэтгэхХуудас #АлбанТоот #ШүүгчдийнЗөвлөгөөнийТогтоол #ЕрөнхийШүүгчийнЗахирамж #ЗахиргааныПроцесс #ПроцессынШийдвэр #ШүүхБүрэлдэхүүн #ГомдолГаргахЭрх #ХамтранХариуцагч #ГуравдагчЭтгээд #ГуравдагчЭтгээд #НотлохБаримт #Нэхэмжлэгч #Хариуцагч #шүүхХуралдаан #ЭрхЗалгамжлагч #ЗахиргааныАкт

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль → Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зарчим

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндэс, зорилго, зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг иж бүрэн зохицуулсан бөгөөд шударга ёсыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн эрх зүйн суурь орчныг бүрдүүлдэг. Энэхүү бүлэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу ял оногдуулах, гэм буруугүй хүнийг аливаа үндэслэлгүй яллахгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэнэ. Үүний зэрэгцээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн засаглал, шүүх, хуулийн өмнө эрх тэгш байх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, гэм буруугүйн зарчмыг чанд сахих зарчмууд дээр тулгуурлан явагдах ёстойг тодорхойлсон бөгөөд эдгээр зарчим нь мөрдөн шалгах, яллах, шүүхийн шат бүрд бүх оролцогч талын эрхийг хамгаалж, хууль ёсны ажиллагааг хангах үндэс болдог. Нэгдүгээр бүлэгт мөн хуульд хэрэглэгдэх нэр томьёог тодорхой нарийвчилсан байдлаар тайлбарласнаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хоёрдмол ойлголт үүсэхээс сэргийлэх, маргаангүй хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн, хэрэв эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж буй хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн ажиллагааг түр түдгэлзүүлж, асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандуулах замаар эрх зүйн хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан нь хүний эрх, шударга ёсыг хангах хамгаалалтын механизм болохыг онцлон тодорхойлжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэг нь эрүүгийн процессын үе шат бүрд хүний эрхийг дээдлэн хамгаалах, шударга шүүхийн зарчмыг хэрэгжүүлэх, хууль ёсыг чанд сахиулах эрх зүйн суурь үндэс болж байна. Ж.Танан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #ЭрүүгийнПроцессынЭрхЗүй #ЭрүүгийнХэрэг #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныЗорилт #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныХэмжээХязгаар #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааЯвуулахХэрБичиг #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааЯвуулжБолохгүйТохиолдол #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааХуульЁсныБайх #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ХэргийнБодитБайдлыгТогтоох #ХүнийХалзашгүйБайхЭрхийнХангах #ЭрүүШүүлтХүнлэгБусХарьцаанаасАнгидБайх #ОронБайрныХалдашгүйБайдлыгХангах #ИргэнийГэрБүл #ЗахидалХарилцаа #МэдээллийгХамгаалах #ХуульШүүхийнӨмнөЭрхТэгшБайх #ШүүхэдХандах #ӨмгөөлүүлэхЭрх #ХуульЗүйнТуслалцааАвахЭрх #ГэмБуруугүйдТооцох #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаагЦахимаарЯвуулах

  • Татварын ерөнхий хууль, сонирхолтой мэдээлэл

    Энэхүү ажлаар ТЕХ-ийн зарим заалтыг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс төдийгүй, практик хэрэглээний талаас онцолж, татвар төлөгчдийн нүдээр хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгааг товч, анхаарал татахуйц байдлаар харуулахыг зорив. Татварын хуулийн эрх зүйн шинж чанар нь зөвхөн хууль тогтоомжийн зохицуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн хуулийг хэрэглэгчид, тэр дундаа иргэд, аж ахуйн нэгж, татварын албан хаагчид хэрхэн ойлгож, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг байдалд шууд хамааралтай. Тиймээс тааламжтай болон тааламжгүй гэж ангилсан дүн шинжилгээ нь хуулийн зарим заалтыг харьцангуй үнэлэх, иргэн ↔︎ төрийн харилцаанд үүсэх бодит ойлголтлыг тодотгоход тус дэм болно. Түүнчлэн, татварын улсын байцаагчдад олгогдсон онцгой эрх, ТЕХ-д тусгагдсан өвөрмөц, бусад улсын эрх зүйн зохицуулалтад тэр бүр тохиолддоггүй заалтуудыг онцлон авч үзсэн болно. Энэ нь зөвхөн хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд төдийгүй, татварын бодлого, удирдлагын өнөөгийн чиг хандлага, харьцуулсан эрх зүйн судалгаанд ач холбогдолтой хөндлөнгийн өгүүлэмж болж үйлчилнэ. Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн хувьд хамгийн тааламжгүй заалт Татвар төлөгчийн эрх, үүрэг, хяналт шалгалт, мэдээллийн ил тод байдал зэрэг нь ТЕХ-р тодорхой зохицуулагдсан ч зарим зүйл, заалт татвар төлөгчийн хувьд практик хэрэгжилт дээр тодорхойгүй байдал, нэг талын дарамт учруулах эрсдэл дагуулж буйг анхаарах нь зүйтэй. Тиймээс хуулийн онцлох заалтыг жагсаав. Үүнд: 1.     Татвар төлөгчийн мэдээллийг урьдчилан сануулгагүй олон нийтэд нийтлэх эрх ТЕХ-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр жагсаалт хэлбэрээр албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлнэ:”  гээд, 13.4.1-д “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагаас мэдээлэл ирсэн тухай бүрд;” гэжээ. Энэ зохицуулалт нь үндсэндээ зөрчлийг шүүхээр тогтоогоогүй байхад олон нийтэд мэдээлэх боломжийг нээж байгаа бөгөөд татвар төлөгчийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэл дагуулна. Хэдийгээр 13.5-д “урьдчилан мэдэгдэх”  заалттай ч бодит нөхцөлд уг мэдээлэл зөвхөн формаль байдлаар хийгддэг талаар гомдол гардаг. 2.     Эрсдэлийн үнэлгээний шалгуурыг нууцлах ТЕХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Татварын алба энэ хуулийн 12.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтад хамруулах эрсдэлийн үнэлгээний нарийвчилсан үзүүлэлтийг татвар төлөгчид мэдээлэхгүй.”  гэжээ. Татварын хяналт шалгалтад өртөх эсэх нь эрсдэлийн үнэлгээнд үндэслэдэг ч тухайн шалгуур нууц байгаа нь татвар төлөгчийн хувьд тодорхой бус байдал үүсгэж, бэлтгэлгүйгээр шалгалтад өртөх, зардал нэмэгдэх нөхцөл болно. 3.     Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм ТЕХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Татварын хяналт шалгалтын үеэр доор дурдсан нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон боловч хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй бол Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эрхтэй байна:”  гэжээ. Энэхүү заалт нь татварын схем [1] гэх өргөн ойлголтыг тайлбаргүйгээр хэрэглэснээс гадна, нөхөн ногдуулалтыг хэт ерөнхий үндэслэлээр шийдэх боломжтой болгож, татвар төлөгчийн эрх зүйн баталгааг сулруулна. Олон улсын татварын практикт Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм  (General Anti-Avoidance Rule - GAAR)  нь ихэвчлэн нарийн зааг, хязгаартайгаар хэрэглэгддэг бол манай улсын хувьд илүү өргөн хүрээтэй хэрэгжих аюултай. Хэдийгээр эдгээр заалт хуульд хууль ёсны үндэслэлтэйгээр туссан ч бодит амьдрал дээр хэрэгжих явцад татвар төлөгчийн эрх зүйн байдлыг сулруулах, ил тод, шударга зарчим алдагдах эрсдэл дагуулж болзошгүй нь эдгээрийг хамгийн тааламжгүй заалт гэж үнэлэх үндэслэл болно. Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн хувьд хамгийн тааламжтай заалт Татвар төлөгчийн эрхийг хамгаалсан, тэдэнд ээлтэй гэж үзэж болох ТЕХ-ийн зарим зохицуулалтыг татвар төлөгчийн хувьд хамгийн тааламжтай заалт гэж онцолж болно. Эдгээр заалт нь татвар төлөгчийн мэдээлэлтэй байх, өөрийгөө хамгаалах, зохицуулалтад оролцох, эдийн засгийн нөхцөл байдалдаа нийцүүлэн төлбөр хийх боломжийг хуулиар баталгаажуулсан байдлаар илэрхийлэгддэг. Үүнээс хамгийн онцлох гурван заалтыг тодорхойллоо. 1.     Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт ТЕХ-ийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно:”  гэжээ. Түүнчлэн, 53 дугаар зүйлийн 53.2-т “Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна.”  гэж заажээ. Татварын өр төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой нь  иргэн, аж ахуйн нэгжийн бодит амьдрал дахь төлбөрийн чадвар, нийгэм - эдийн засгийн хүндрэлийг харгалзан үзэж, уян хатан зохицуулалт хийх эрх зүйн боломжийг олгож буй. 2.     Тооцох алдангийн хөнгөлөлт ТЕХ-ийн 53 дугаар зүйлийн 53.5-д  “Энэ хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийг 20 хувиар хөнгөлнө”  гэжээ. Энэ нь татвар төлөгчийн хувьд зохистой хамгаалалт, санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх нөхцөл болно. 3.     Гомдол гаргах эрх ТЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй.”  гэжээ. Татвар төлөгч нь татварын албаны гаргасан актад шууд захирагдахгүй, харин өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны журмаар давж заалдах, маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Энэ бол захиргааны үйл ажиллагаанд хяналт тогтоох механизм бөгөөд татвар төлөгчдөд илүү ойлгомжтой, зардал багатай хэлбэрээр маргааныг шийдвэрлэх боломж олгож байна. Үүний дараа шүүхэд хандах эрх нээлттэй хадгалагдана. Эдгээр заалт нь ТЕХ-ийн нийгэмд чиглэсэн, татвар төлөгчийг хамгаалсан бодлогын илэрхийлэл бөгөөд эрх зүйн итгэлцлийг нэмэгдүүлж, хуулийн хэрэглээний үр нөлөөг бодит амьдралд мэдрүүлэх чухал нөлөөтэй зохицуулалт юм. Хуульд тусгасан энэхүү эерэг эрх нь татварын сахилга батыг зөвхөн хяналтаар бус, харилцан хүндлэл, ойлголцлоор хангах орчныг бүрдүүлдэг байна. Татварын алба, татварын улсын байцаагчид олгосон ер бусын эрх ТЕХ-д зааснаар татварын улсын байцаагч нь ердийн төрийн албан хаагчаас ялгаатайгаар нийгэм, эдийн засгийн харилцаанд шууд нөлөөлөхүйц албадан гүйцэтгэх эрх, үзлэг, шалгалт хийх бүрэн эрх, мэдээлэл цуглуулах онцгой бүрэн эрхийг эдэлдэг. Тухайлбал, ТЕХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээний газар, албан байр, агуулах, зооринд нэвтрэн орж, ажлын зураг авалт, үзлэг хийх, тооллого явуулах, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй.”  гэжээ. Энэ нь захиргааны байгууллагын мэдүүлэг авах ерөнхий эрхээс хальж, тодорхой арга хэмжээг газар дээр нь шууд хэрэгжүүлэх түвшний эрх мэдэл юм. Ийм төрлийн өөр нэг жишээ татвал, ТЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж, татвар төлөгч татвараа төлөхгүй нь тодорхой болсон тохиолдолд ногдол нь тодорхой татварыг татварын алба урьдчилан хурааж болно:”  гэжээ. Энэ нь татвар төлөгчийн өмчлөх эрхийг шууд хязгаарлах өндөр эрх мэдэлд тооцогдоно. Энэ зохицуулалт нь эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч, хэрэгжүүлэхдээ иргэний эрхийн баталгааг сайтар хангах шаардлагатай. Түүнчлэн, ТЕХ-ийн 20 дугаар зүйлийн 20.2-т, “Татварын улсын байцаагч мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах зорилгоор байр, агуулахаас гадна татвар төлөгчийн орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэн орох эрхтэй.”  гэжээ [2] . Үүн дээр үндэслэн татвар ногдуулах нь эрх зүйн чадамжтайд тооцогдох эсэх нь эргэлзээ дагуулах ба энэ нь төр ↔︎ иргэний хоорондын итгэлцэл, хувийн мэдээллийн хамгаалалт зэрэг эрх зүйн суурь зарчимтай уялдах ёстой нарийн тэнцвэр шаардсан зохицуулалт юм. Иймд эдгээр эрх нь татварын улсын байцаагч болон Татварын албаны захиргаанд олгосон ер бусын буюу онцгой эрх болохыг анзаарч, эрх мэдлийн хязгаар, хяналтын механизм хангагдсан эсэхэд эрх зүйн хяналт, судалгаа хийх шаардлагатай юм. Бусад улсын татварын хуульд байдаггүй, зөвхөн Монгол Улсын Татварын ерөнхий хуульд тусгагдсан хуулийн зохицуулалт ТЕХ нь зарим талаараа олон улсын татварын эрх зүйн жишигт нийцсэн, нөгөө талаар Монгол Улсын хууль зүйн орчны онцлог, зах зээл болон төрийн институтийн бүтцэд суурилсан өвөрмөц зохицуулалтуудыг агуулдгаараа онцлог юм. Тэдгээрээс хамгийн анхаарал татах нь татварын суутган тооцох, буцаан олгох, өр төлөх үйл ажиллагаанд иргэдийн хандив, буцалтгүй тусламжийг ашиглах боломжоор холбогдсон зохицуулалт юм. Тухайлбал, ТЕХ-ийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэхэд дараах зарчим баримтална: 53.3.1.татвар төлөх хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийн дүн нь 10.0 сая төгрөгөөс доош, эсхүл хөнгөлөх хугацаа нь 3 сар хүртэлх татварын өрд барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд бусад тохиолдолд сунгасан хугацаанд хамаарах алдангийн хэмжээг оруулсан дүнгээс багагүй хэмжээний барьцаа хөрөнгийг шаардана; 53.3.2.барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, Засгийн газрын үнэт цаас байх ба барьцаалах ажиллагааг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримтлан хэрэгжүүлнэ; 53.3.3.энэ хуулийн 53.3.1-д заасан барьцааны оронд бусад этгээдийн батлан даалтыг ашиглаж болно; 53.3.4.татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн чадавхыг тэмдэглэн, түүнд үндэслэн гаргасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарийг тусгана.” Эдгээд зохицуулалт нь татварын өр төлөх хугацааг хөнгөлөхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн барьцаа хөрөнгөөр төлбөр хойшлуулах, гуравдагч этгээд батлан даах, татвар төлөх хуваарьт хөрөнгийн байдал тусгасан хүсэлт гаргах, барьцаа нь Засгийн газрын үнэт цаас байж болох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан нь олон улсын жишигт түгээмэл харагддаггүй [3] . Мөн ТЕХ-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр жагсаалт хэлбэрээр албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлнэ:” гэж заасан. Татвар төлөгчийн татварын мэдээллийг олон нийтэд зарлах эрхийг Татварын албанд байдаг нь хүний хувийн мэдээллийг хамгаалах олон улсын зарчимтай зарим талаар зөрчилдөж болох ч, Монгол Улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үзэл санааны илрэл юм. Үүнээс гадна, ТЕХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.”  гэжээ. Энэ заалтыг гүйцэд тунгаан ойлговол, татварын алба тухайн этгээдийн бүртгүүлэх хүсэлт, эсвэл бүртгэлтэй холбоотой гуравдагч этгээдийн зөвшөөрөл, мэдээлэл дээр үндэслэн тухайн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд өөрөө татвар төлөгч болохоос татгалзсан эсэхээс үл хамааран, бусад эх сурвалжаас ирүүлсэн бодит мэдээлэл, үйл ажиллагаа, өмчлөлд үндэслэн татвар төлөгч хэмээн тооцох боломжийг нээж өгч байна. Энэхүү зохицуулалт нь бодит байдалд үндэслэсэн буюу   de facto [4] үүрэг оноох, нийгмийн нийтлэг ашиг сонирхлыг урьтал болгосон механизм гэж үзэж болно. Татварын эрх зүйн практикт энэ нь гэрээ, хэлцлийн эрх чөлөөтэй зөрчилдөхгүй, харин эдийн засгийн бодит хөдөлгөөнийг татварын зохицуулалтад бүрэн хамруулахад чиглэсэн хандлага юм. Иймэрхүү зохицуулалт нь дэлхийн олон оронд байдаггүй, харин Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн онцлог аргачлалын нэг мөн. Эдгээр заалт нь Монголын татварын эрх зүйн орчны тогтвортой байдал, төрийн хяналтын зохицуулалт, эрсдэлийн удирдлагын чиг хандлагыг илэрхийлж байгаа бөгөөд ирээдүйд олон улсын эрх зүйн уялдаа, мэдээллийн хамгаалалт, татварын эрх зүйг хүний эрхийг хангасан, тэнцвэрт байдлыг эрэлхийлсэн асуудлуудад нийцүүлэх шаардлагатай байж болохыг харуулж байна. Ж.Танан Зүүлт тайлбар [1]  Татварын схем гэж татварын ашиг хүртэх үндсэн зорилгоор хэрэгжүүлэх татвараас зайлсхийх үйл ажиллагааг хэлнэ. [2]  Иргэний гар утсыг үзэх бүрэн эрхтэй гэсэн үг. [3]  Банкны санхүүгийн байгууллагын зээл олгох, барьцаа хөрөнгө авах зэрэг тусгай эрхтэй адил эрх олгогдсон байна. [4] De facto гэдэг нь латин хэлний бодит байдал дээр гэсэн утгатай хэлц үг юм. Энэ нь хууль ёсоор (de jure) баталгаажаагүй ч бодит амьдрал дээр хэрэгжиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөл байдлыг илэрхийлдэг. Жишээлбэл, ямар нэг этгээд албан ёсоор эрх мэдэлтэй биш ч тухайн үүргийг хэрэгжүүлж байгаа бол түүнийг de facto удирдагч гэж хэлнэ. Ашигласан эх сурвалж УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ТатварынХууль #Хууль #ТатварТөлөгч #ТатварынБайцаагч #ТатварынЭрхЗүй #ЭрхЗүйнБоловсрол #ТатварынШинжилгээ #ТатварынХяналт #ТатварТайлагнал #ТатварынӨр #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #ОлонУлсынТатвар #ТатварынЕрөнхийХууль #ЭрхЗүй #МонголынТатварынАлба #ҮзлэгХийх #ЗурагАвах

  • Татварын үүслийн түүхэн тойм

    Удиртгал Орчин үеийн татварын ойлголт нь мөнгө болон орлогоос тодорхой хувь төлөхтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, хувь хүн болон аж ахуйн нэгж нь олсон ашгаасаа тухайн үйл ажиллагаа явуулж буй нутгийн захиргаа болон улсад тодорхой хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Татвар төлөхийн зорилго нь энгийн бөгөөд ойлгомжтой: нийгмийн ямар ч тогтолцоо, соёлын хэв маягтай байсан ч хүн татвар төлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авна. Хамгаалалт гэх үгийн цаана зөвхөн батлан хамгаалах, цэргийн хүчин төдийгүй төрийн зохион байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг ил, далд олон талт ойлголт багтдаг. Эдгээр нь татварын орлогоор санхүүждэг төрийн үндсэн үүргийн илэрхийлэл юм. Түүхийн урт хугацаанд татварыг зөвхөн мөнгөөр бус, эд бараа, хөрөнгө, хөдөлмөр, цаашлаад биеэрээ ч төлж ирсэн байдаг. Зарим тохиолдолд хүн зөвхөн өөрөө бус, үр хүүхдээрээ, удам дамжин төлөхөөс өөр аргагүй нөхцөлд ордог байжээ. Үүнээс л “Амьдрах үнэн бол татвар төлөх нь гарцаагүй”  гэх хэлц үг гаралтай [1] . Үеийн үед татвар нь аливаа улсын эдийн засгийн үндсэн тулгуур бөгөөд төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл байсаар ирсэн. Иймд татварын тогтолцоо нь тухайн улсын түүх, төрийн засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, эрх зүйн тогтолцоотой салшгүй уялдаатайгаар хөгжиж иржээ. Орчин цагийн татварын эрх зүйг гүн гүнзгий ухааран ойлгохын тулд түүний түүхэн үүслийг шинжлэх ухааны үүднээс судлах нь зайлшгүй бөгөөд туйлын ач холбогдолтой юм. Энэхүү ажлын зорилго нь татварын тогтолцооны түүхэн хөгжил, олон улс дахь татварын үүслийг тоймлон харуулахын зэрэгцээ Монгол Улсын татварын эрх зүйн тогтолцооны үүсэл, хөгжлийн үе шатыг шинжлэхэд оршино. Иймд энэхүү судалгаагаар татварын ойлголтын үүсэл, олон улс болон Монголын түүхэн хөгжлийн замнал, хууль зүйн тогтолцоонд шилжсэн процессыг түүхэн аргаар шинжлэх болно. Энэ ажил нь зөвхөн хууль зүйн талаас татварыг авч үзэх бус, нийгэм - эдийн засгийн хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал, олон улсын туршлага зэргийг хослуулан харуулах зорилготой юм. 1.     Олон улсын татварын түүхэн хөгжил Татварын тогтолцоо нь төрийн үүсэл, хөгжилтэй салшгүй холбоотойгоор бүрэлдэн тогтсон бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн бүхий л үе шатанд ул мөрөө тодорхой үлдээжээ. Эрт үед татвар нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах хэрэгсэл бус, харин төрийн хамгаалалт, зам харилцаа, дотоод журам, шашны ёслол зэрэг нийгмийн үндсэн хэрэгцээг санхүүжүүлэх чухал механизм байв. Хаммурабигийн хуулийн цуглуулга  нь Месопотамийн [2] эртний Вавилон улсад (~МЭӨ 1754 он) хэрэгжиж байсан хамгийн эртний хууль зүйн тогтолцооны нэг бөгөөд татварын зохицуулалтыг тусгасан анхны бичмэл баримтын нэг гэж тооцогддог. Энэхүү хуульд татварын хэмжээ, төлбөрийн хугацаа, хариуцлагын талаар тодорхой заалтууд орсон бөгөөд татварыг заасан хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр төлөхгүй бол хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тусгажээ. Үүнийг татварын эрх зүйн зохицуулалтын анхны хэлбэрийн нэг гэж үздэг. Марта Т. Ротын “Law Collections Mesopotamia and Asia Minor” (1997) номд эдгээр хууль зүйн заалтыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт, эдийн засгийн харилцаанд татварын тогтолцооны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэхүү бүтээл нь Месопотамийн хууль зүйн уламжлал, түүний татварын зохицуулалттай холбоотой түүхэн баримтуудыг судлахад чухал эх сурвалж болдог. Хаммурабигийн хуулийн цуглуулга нь татварын тогтолцооны үүсэл, хөгжлийг судлахад чухал ач холбогдолтой бөгөөд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт, төрийн эрх мэдлийн хэрэгжилт, эдийн засгийн харилцаанд татварын гүйцэтгэсэн үүргийг ойлгоход тусалдаг  (Roth, 1997) . Эртний Египетийн  татварын тогтолцоо нь төвлөрсөн төрийн бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг байжээ. Тоби Уилкинсоны “The Rise and Fall of Ancient Egypt”  номд дурдсанаар, анхны хаант улсын үед л төр улс орон даяар татварын системийг бий болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өөрийн хэрэгцээнд ашиглах зорилготой байв. Энэ систем нь бичиг үсгийн хэрэглээнд тулгуурлаж, улс орны баялгийг бүртгэх, татвар ногдуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Нармерийн үеийн вааран савнуудад [3] бичигдсэн хамгийн эртний бэхэн бичээснүүд нь өмнөд ба умард Египетээс хураан авсан орлогыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь татварын зорилгоор улсыг хоёр хуваан зохион байгуулсныг харуулдаг. Татвар хураагчид буюу бичээчид (scribes) нь ургац хураалтын үеэр тариалангийн талбайн ургацын хэмжээг тооцоолж, иргэдээс тодорхой хувийг татвар болгон хураадаг байв. Тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд хүч хэрэглэдэг байсан бөгөөд татвар төлөөгүй иргэдэд хатуу шийтгэл ногдуулдаг байжээ. Тухайлбал, татвар төлөөгүй иргэдийг зодож, зарим тохиолдолд үхэлд хүргэх хүртэл шийтгэдэг байсан тухай баримтууд байдаг. Энэ нь татварын тогтолцооны хатуу чанарыг илтгэнэ. Эртний Египетийн татварын систем нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангахаас гадна төрийн эрх мэдлийг тогтвортой байлгах, нийгмийн зохион байгуулалтыг хангах чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Татварын орлогоор төрийн үйл ажиллагааг санхүүжүүлж, нөөц хуримтлуулж, ирээдүйн гамшигт нөхцөлд бэлтгэл хангадаг байсан нь тухайн үеийн төрийн зохион байгуулалтын онцлогийг харуулдаг  (Wilkinson, 2013) . Энэ нь татварыг эд бараагаар төлөх хэлбэрийн сонгодог жишээ юм. Ромын эзэнт гүрэнд  татварын тогтолцоо нь төрийн төсвийн гол үндэс суурь болж байв. Татварыг төрөлжүүлэн ногдуулах систем бүрэлдэж, хувь хүн, газар, боомт, боол, худалдаа зэрэг бүхий л эдийн засгийн харилцаанд татвар ногдуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Тусгай эрх бүхий гэрээт этгээд болох  Publicani  нар татвар хураах үүрэгтэй байж, тэднийг гэрээний үндсэн дээр ажиллуулдаг байсан нь төр ба хувийн хэвшлийн хоорондын хамгийн эртний институтийн гэрээт татварын тогтолцооны нэг жишээ юм (Brunt, 1971) . Түүнчлэн энэ тогтолцоо нь Ромын захиргааны байгуулалт, эдийн засгийн зохион байгуулалт өндөр түвшинд хөгжсөнийг илтгэнэ. Гэсэн ч тухайн нийгмийн бүтэц, иргэний зэрэг зиндаа нь татварын ачаалалд шууд нөлөөлж байв. А.Х.М. Жонсын тэмдэглэснээр, язгууртнууд болон газар эзэмшигч дээд давхаргынхан татварын хөнгөлөлт эдэлж, зарим тохиолдолд татварын журмыг өөрсдөө тогтоох хэмжээний эрх мэдэлтэй байжээ (Jones, 1974) .  Энэ нь төрийн бүтцэд нийгмийн анги давхаргын нөлөө, эрх мэдлийн төвлөрөл хэр гүнзгий байсныг харуулдаг. Хятадын Тан улсын үед  төвлөрсөн төрийн тогтолцоо бэхэжсэнтэй уялдан, татварын тогтолцоо хүн амын тоо, газар тариалангийн үр өгөөжийг үндэслэн тооцдог нарийн системд суурилж байв. Төр нь газар бүрийн хүн ам, газар эзэмшлийн хэмжээг бүртгэж, тэдгээрийн нөөц боломжид тохируулан татвар ногдуулах тогтолцоог хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд шуудан татвар   (yifu)  болон ажил хөдөлмөрийн алба   (yaoyi)  зэрэг татварын хэлбэр түгээмэл хэрэглэгдэж байсан нь төрийн хэрэгцээг хангах ажиллах хүчийг шууд татан төвлөрүүлэх хэрэгсэл болж байв (Twitchett, 2008) . Эдгээр татвар нь мөнгөөр бус, хөдөлмөрөөр буюу биеэр гүйцэтгэгддэг байснаараа хожмын үед нэршсэн биеэр төлөх татварын  уламжлалыг илтгэж байна. Жишээлбэл, тариачдыг зам барих, хүрээ хотоос бараа зөөх, цэргийн хангалт тээвэрлэх зэрэг төрийн үйлчилгээнд татан оролцуулж, оронд нь эдийн засгийн хөнгөлөлт үзүүлдэг байв. Ийнхүү Тан гүрний татварын тогтолцоо нь төрийн хүчний шууд илрэл байхаас гадна хүн ам зүйн болон эдийн засгийн бодит мэдээлэлд тулгуурласан   төвлөрсөн захиргааны дэвшилтэт бүтэц   байсныг харуулдаг. Чарльз Тиллигийн үзэж байгаагаар, Европын улс гүрнүүд дайны бэлтгэл хангах, дайн хийх явцад хэрэгцээтэй нөөцийг төвлөрүүлэх зорилгоор татварын тогтолцоог хөгжүүлсэн. Тэрээр төр нь дайн хийх замаар бүрэлдэж, дайн нь төрийн тогтолцоог хөгжүүлэх гол шалтгаан болдог  гэж үзсэн нь татварын тогтолцооны үүсэл, хөгжлийг тайлбарлах чухал онол юм. Дайны зардлыг санхүүжүүлэхийн тулд улс гүрнүүд татварын тогтолцоог бий болгож, улмаар төвлөрсөн төрийн бүтэц, бюрократ системийг хөгжүүлсэн байна. Онолын дагуу төрийн үндсэн үйл ажиллагаа нь дайн хийх, төрийг бий болгох, иргэддээ хамгаалалт үзүүлэх, нөөц татан төвлөрүүлэх гэсэн дөрвөн чиглэлд төвлөрдөг. Эдгээр үйл ажиллагаа нь харилцан уялдаа холбоотой бөгөөд татварын тогтолцоо нь эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг хангах үндсэн хэрэгсэл болдог  (Tilly, 1992) . Татварын тогтолцоо нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах төдийгүй, төрийн эрх мэдлийг тогтвортой байлгах, нийгмийн зохион байгуулалтыг хангах чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Иш татсан түүхэн жишээнүүдээс харвал, татварын тогтолцоо нь тухайн нийгмийн төрийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэц, засаглалын чадамжтай салшгүй уялдаатайгаар хөгжиж иржээ. Татвар нь зөвхөн эдийн засгийн хэрэгсэл бус, төрийн оршихуйн бодит илэрхийлэл, нийгмийн хяналт, дэг журмыг тогтоох хэрэгсэл болж байв. Баррингтон Мур Жр.-ийн дүгнэснээр, эрх мэдлийн төвлөрөл, хөрөнгийн хуваарилалт, тариачдын татварын ачаалал зэрэг нь аливаа нийгмийн төрийн хэлбэр, цаашлаад ардчилал эсвэл дарангуйллын төлөвшилд ч нөлөөлөх хүчин зүйл болдог  (Moore, 1993) . Түүхийн олон үе шатанд шударга бус, хэт өндөр татвар нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, эсэргүүцэл, бослого хөдөлгөөнийг өдөөгч болж иржээ. Жишээ нь, Хятадын Тан улсын сүүл үед хууль бус татварууд нэмэгдсэн нь тариачдын өргөн хүрээтэй бослого (An Lushan Rebellion) [4] гаргах шалтгааны нэг болж байв. Түүнчлэн Францын XIV Людовикийн үед анги давхаргын ялгавартай татварын тогтолцоо нь улс төр, нийгмийн хямралд хүргэж, Францын хувьсгалын шалтгаанд ч нөлөөлсөн гэж судлаачид тэмдэглэдэг. Иймд татвар нь зөвхөн төсвийн хэрэгсэл бус, нийгмийн тэнцвэр, засаглалын үр нөлөөг тодорхойлогч гол хүчин зүйл байсан гэдгийг түүх нотолдог. 2.     Монгол нутаг дахь татварын уламжлал Монголын нутаг дэвсгэрт татвартай дүйцэхүйц ойлголт эрт дээр үеэс оршиж ирсэн. Энэ нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээнээс үүдэлтэй бус, төрийн үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр, иргэн - төрийн харилцааны үндэс болж байжээ  (Б.Баярсайхан, 2002) . Монголын Их хаадын үед   алба , гувчуур зэрэг уламжлалт татварын хэлбэр нь төрийн орлогын гол эх үүсвэр байж, улс төр, цэргийн тогтолцоог санхүүжүүлэх үндсэн хэрэгсэл болж байв. Эдгээр албыг төвлөрүүлэх, хяналт тавих зохион байгуулалт нь төрийн захиргааны суурь үүргийн нэг гэж тооцогдож байснаараа татвар гэх ойлголтын эртний илрэл, төрийн нэгдмэл бодлогын хэрэгжилт байжээ  (Atwood, 2004) . Хамгийн анхдагч эрх зүйн эх сурвалж болох Их Засаг хуульд  төрийн хэрэгцээнд зориулан хүн хүч, эд хөрөнгө, зэвсэг болон бусад нөөцийг хэрхэн, ямар хугацаанд, хэн нийлүүлэх талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Энэ цаг үеийн татварын зохицуулалт зөвхөн эдийн засгийн хэрэгцээ бус, цэргийн дайчилгаа, нийгмийн зохион байгуулалттай нягт уялдаж байсныг нотолдог (Ц.Батбаяр, 2002) . Чингис хааны үеийн Монголын төрийн орлогын тогтолцоо нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засгийн бүтэцтэй нягт уялдаж байв. Байгалийн баялаг дээр үндэслэсэн нийгэмд татвар нь мөнгөн бус, харин мал сүрэг, арьс шир, зэр зэвсэг, хүнс болон хөдөлмөрийн хүчээр биелэгддэг байсан нь нүүдэлчдийн аж ахуйн хэлбэрт нийцсэн зохицуулалт байлаа. Нийгмийн баялаг болох мал, эд хөрөнгө нь овог аймгийн язгууртнуудын мэдэлд төвлөрсөн бөгөөд тэдгээрээс татвар, алба татах замаар төрийн хэрэгцээг хангаж байжээ. Ш.Бирагийн тэмдэглэснээр, Монголын нийгмийн зохион байгуулалт овгийн нэгдэл, язгууртны давамгайлалд тулгуурлаж, улмаар төвлөрсөн төрийн бүтэц рүү шилжиж байсан энэ үе шатанд алба, гувчуурын харьцаа нь зөвхөн эдийн засгийн үүрэг бус, язгууртан болон харьяат иргэдийн хоорондын захирагдах, өргөл хүндлэх ёс суртахууны илэрхийлэл болж байв. Ийнхүү татвар нь тухайн үеийн нийгмийн шаталсан бүтэц, төвлөрсөн төрийн эрх мэдлийг хангах, тогтвортой байлгах чухал механизм болж хөгжсөн байна  (Bira, 1998) . Юань гүрний үед  Монголын төрийн захиргаа Хятад, Төвөд, Зүүн гар, Хар Хорин зэрэг бүс нутгийг багтаасан өргөн уудам газар нутагт төвлөрсөн татварын тогтолцоог бий болгож, суурин иргэншлийн онцлогийг тусгасан төвлөрсөн эдийн засгийн бүтэцтэй болжээ. Зах зээл, худалдааны гол зангилаа газруудад гаалийн алба байгуулж, бараа бүтээгдэхүүн, малын арилжаа, газар эзэмшилд ногдуулах олон төрлийн татвар тогтоон хурааж байсан нь зах зээлийн харилцааг зохицуулах бодлогын эхлэл байв. Албан татвар хураах үйл ажиллагаа нь тухайн үеийн төрийн институтийн зохион байгуулалтын дэвшлийг харуулж байлаа. Албан тушаалтнууд тусгай тамга бүхий зөвшөөрөлтэйгөөр татвар хураах эрхийг эдэлж, хураалтын тоо хэмжээг нарийн бүртгэж, тайлагнах үүрэг хүлээдэг байв. Энэ нь зөвхөн татварын төдийгүй, төрийн мэдээлэл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэж эхэлсний илрэл юм. Юань төрийн энэ төрлийн бүртгэл, дэг журмыг хэрэгжүүлсэн нь төрийн хяналт, нэгдмэл бодлогыг бататгасан томоохон институтийн шинэчлэлд тооцогддог  (Atwood, 2004) . Манж Чин улсын эрхшээлд байсан  XVII-XX зууны Монгол нутагт татварын уламжлалт хэлбэрүүд хадгалагдаж, өөрчлөгдөн хөгжиж байв. Монголчууд Манжийн төрд өргөл , гувчуур , тайжийн татвар  гэх мэт албан ёсны болон ёс уламжлалын шинжтэй алба хураамж төлдөг байжээ. Эдгээрийг ихэвчлэн мал сүрэг, арьс шир, ноос ноолуур зэрэг хэлбэрээр төвлөрүүлдэг байсан нь тухайн үеийн бэлэн мөнгөөр бус, харин бараа таваараар төлөх эдийн засгийн тогтолцоотой уялдана. Татвар хураалт нь орон нутгийн захиргааны шугамаар, хошуу ноёд, тайж нарын оролцоотойгоор хэрэгждэг бөгөөд энэ нь төвөөс зах хүртэлх захиргааны шатлалаар дамжуулан татвар цуглуулах тогтолцоог бүрдүүлж байв. Йохан Элверскогийн судалгаанд тэмдэглэснээр, Манжийн төр Монголыг буддын шашин, язгууртны давхаргыг ашиглан дотоод захирах системээр удирдаж байсан нь татварын бүтэц, цуглуулалтын хэв маягт тодорхой тусгалаа олжээ. Энэ систем нь Монголын ноёдод харьяат иргэдээс татвар, алба ногдуулах эрхийг тодорхой хэмжээгээр олгож, оронд нь Манжийн төрд тогтсон хэмжээний хураамжийг хүргүүлэх үүрэг хүлээлгэж байв. Ийнхүү захиргааны түвшинд төвлөрсөн биш, дам зуучлалтай татварын хэлбэр нь тухайн үеийн төрийн удирдлагын арга барил, нийгмийн зохион байгуулалттай нягт уялдсан байжээ  (Elverskog, 2008) . 1921 оны Ардын хувьсгалын дараа  байгуулагдсан Ардын Засгийн газар нийгмийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор албан татварын олон хэлбэрийг шинээр тогтоож эхэлсэн. 1920-иод оны эхээр эд хөрөнгө, мал сүрэгт ногдуулах алба, мөнгө хураамж зэрэг олон төрлийн төлбөрийг нэгтгэн, улмаар төрийн орлого  хэмээн нэрлэх болсон. Энэхүү орлогыг хураах ажлыг орон нутгийн Засаг захиргаа болон Сангийн яамны харьяа байгууллагууд хариуцаж байв. Ардын засаг тэгш буюу бүхнээс адил хувь ногдуулах зарчмыг баримталж байсан ч, иргэдийн амьжиргааны ялгаа, орон нутаг дахь нөхцөл байдал харилцан адилгүй тул зарим тохиолдолд тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжүүлж байжээ. 1930-аад он гэхэд Монгол Улсад ЗХУ-ын төлөвлөгөөт эдийн засгийн зарчим бүрэн нутагшиж, татварын тогтолцоо ч энэ загварт шилжив. Улс ардын аж ахуйн бүх салбар төвлөрсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж, хувь хүн, хоршоо, нэгдэл, байгууллагад ногдуулах албан татвар нь орлогоос бус, төлөвлөсөн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн даалгаврын биелэлтэд үндэслэгдэх болжээ. Төлөвлөгөөний орлого  хэмээн нэрлэгдэх болсон энэ төрлийн алба нь ашигт байдал гэхээс илүүтэйгээр намын удирдлага, төлөвлөгөөний сахилга бат, улс төрийн хяналтыг илэрхийлж байв. Энэ нь татварын гол утга санааг өөрчилж, төрийн хяналтыг эдийн засгийн бүх түвшинд тогтоох хэрэгсэл болгон ашиглаж байсныг илтгэнэ  (Лувсандорж, 1980) . 1990-ээд онд ардчилсан өөрчлөлт гарж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, татварын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдсэн эрх зүйн суурь бүрэлдсэн байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа, 1993 онд Монгол Улсын анхны Татварын ерөнхий хууль батлагдаж, орчин үеийн татварын эрх зүйн тогтолцооны үндэс тавигдсан юм. Зүүлт тэмдэглэл [1]   “Амьдрах үнэн бол татвар төлөх нь гарцаагүй” хэлц нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Бенжамин Франклины ( Benjamin Franklin ) алдартай үгнээс үүдэлтэй: “In this world nothing is certain except death and taxes.” , орчуулгын хувьд “Энэ хорвоо дээр үхэл, татвар хоёроос өөр гарцаагүй зүйл үгүй.” гэж мөн хэлж болно. [2] Месопотами нь Тигр-Евфрат голын хооронд оршиж байсан, баруун Азийн түүхэн газар нутгийн нэр ба одоогийн Ирак юм. 6000 гаруй жилийн өмнө Месопотамид, дэлхийн анхны соёл иргэншлийг шумерууд бүтээсэн гэж үздэг. [3] Нармерийн үеийн вааран сав нь МЭӨ IV мянганы төгсгөл буюу Египетийн эртний төрийн үүсэлтэй уялдах чухал археологийн дурсгалд тооцогддог. Тухайн үеийн вааран эдлэлүүд нь зөвхөн ахуй хэрэглээ төдийгүй төрийн төвлөрөл, эрх мэдлийн бэлгэдэл болон хөгжсөн байх шинжтэй. Нармерийн үеийн ваар нь ихэвчлэн улаан өнгийн шавар, заримдаа хар улаан өнгийн өнгөлгөөтэй хийцтэй бөгөөд дээр нь хаан Нармерийн дүрслэл, тахилгын зан үйл, эсвэл дайн байлдаантай холбоотой зураг дүрс бүхий сийлбэр, хээ угалзыг ашигласан байдаг. Эдгээр ваар нь эрх мэдэл, эдийн засгийн хяналтыг илэрхийлэхийн зэрэгцээ төрийн зан үйлд ашиглагддаг байв. Ийм ваар нь зөвхөн хэрэглээний зүйл бус, Египетийн анхны нэгдсэн төр байгуулагдаж, фараоны эрх мэдлийг тодорхойлж эхэлсэн үеийн соёл, улс төрийн хөгжлийн илэрхийлэл болж өгдөг. Нармерийн палет зэрэг дурсгалтай адил эдгээр ваар нь төрийн символик нөлөө, төвлөрсөн засаглалын шинжийг археологийн хувьд батлан харуулдаг. [4] An Lushan-ийн бослого (755–763 он) нь Тан улсын үед болсон Хятадын түүхэн дэх хамгийн том, сүйрэл дагуулсан дотоодын иргэний дайн байв. Энэ бослогыг харийн гаралтай жанжин Ан Лушань удирдаж, хойт нутгийн цэргийн хүчийг ашиглан нийслэл Чананийг эзэлж, өөрийгөө “Шинь улс”-ын хаанд өргөмжилсөн. Уг бослого нь зөвхөн цэргийн сөргөлдөөн байгаагүй бөгөөд Тан улсын захиргааны төвлөрсөн тогтолцооны доройтол, санхүүгийн ачаалал, язгууртны дундах эрх мэдлийн тэмцэл зэрэг олон хүчин зүйлийн нийлмэл илрэл байсан юм. Бослогын улмаас хэдэн сая хүн амь үрэгдэж, улс орны эдийн засаг, хүн ам, засаг захиргааны бүтэц ноцтой доройтож, Тан улс хэзээ ч дахин бүрэн сэргэж чадаагүй. Энэхүү бослого нь Хятадын түүхэнд төрийн төвлөрлийг задлан, феодалжих урсгалыг эхлүүлсэн эргэлтийн үеийн нэг болсон гэж үздэг. Ашигласан эх сурвалж Roth, M. T. (1997). (Roth, Martha T. Law Collections from Mesopotamia and Asia Minor. Scholars Press, 1997.)  (2nd ed.). Society of Biblical Literature. Wilkinson, T. (2013). The Rise and Fall of Ancient Egypt.  Random House Trade Paperbacks. Brunt, P. A. (1971). Italian Manpower 225 BC-AD 14.  Oxford: Clarendon Press.   Jones, A. H. (1974). The Roman economy Studies in ancient economic and administrative history.  (P.A.Brunt, Ed.) Oxford: Basil Blackwell. Twitchett, D. C. (2008). The Cambridge History of China  (Vols. 3: Sui and T'ang China, 589–906 AD, Part One). Cambridge University Press. Tilly, C. (1992). Coercion, Capital and European States  (Revised ed.). Wiley-Blackwell. Moore, B. (1993). Social Origins of Dictatorship and Democracy: Lord and Peasant in the Making of the Modern World. Boston: Beacon Press. Б.Баярсайхан. (2002). Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэр.  Улаанбаатар: МУИС Пресс. Atwood, C. P. (2004). Encyclopedia of Mongolia and the Mongol Empire.  Facts on File. Ц.Батбаяр . (2002). Чингис хаан ба ХХ зуун. Улаанбаатар. Bira, S. (1998). The Mongols and their State in the Twelfth to the Thirteenth Century. In UNESCO, History of Civilizations of Central Asia  (Vol. 4, pp. 243–259). UNESCO. Elverskog, J. (2008). Our Great Qing: The Mongols, Buddhism, and the State in Late Imperial China.  University of Hawaii Press. Лувсандорж, П. (1980). БНМАУ-ын эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудлууд.  Улаанбаатар: ШУАХ. Татварын үүслийн түүхэн тойм Татварын үүслийн түүхэн тойм #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Татвар #ТатварынЭрхЗүй #ТатварынҮүсэл #ТатварынХөгжил #Ардчилал #ҮндсэнХууль #ТатварынЕрөнхийХууль #ИхХаад #ЮаньУлс #МанжЧинУлс #Египед #РомынЭзэнтГүрэн #МонголынЭзэнтГүрэн #ЗахЗээлийнЭдийнЗасаг #ТатварынТогтолцоо #ТөрийнҮүсэл #Төр #Хамгаалалт #Алба #Гувчуур #Өргөл #Хаммураби #Месопотами #Вавилон #ДайнБайлдаан #ТөрийнТөсөв #ТайжийнТатвар

  • “Braveheart” кинонд Хүний эрхийн талаар юу өгүүлдэг вэ?

    “Braveheart” (1995) [1]  уран сайхны кинонд Уильям Уоллес “Эрх чөлөө!” хэмээн цуурайтуулан хашхирдаг нь хүний эрхийн мөн чанар, үнэ цэнийг эргэцүүлэхэд хүргэнэ. Тэрхүү агшин зөвхөн нэг хүний бус, бүхэл бүтэн үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцлийг илэрхийлж, өнөө цагт хүний эрхийн үзэл баримтлалтай хэрхэн холбогдох талаар бодоход хүргэдэг. Хэрэв энэ үйл явдал орчин үед өрнөсөн бол олон улсын эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авах байсан бэ? Энэхүү нийтлэлд “Braveheart” киноны талаар товч мэдээлэл өгөөд, өрнөж буй түүхэн үйл явдал, эрх чөлөөний төлөөх тэмцэл нь орчин үеийн хүний эрхийн талаарх ойлголт болон олон улсын эрх зүйтэй хэрхэн уялдаж байгаа талаар бичив. Эхэлж киноны тухай товчхон мэдээлэл өгье. “Braveheart” бол 13 дугаар зуунд Шотландын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг өрнүүлж буй үндэсний баатар Уильям Уоллесын (William Wallace) тухай өгүүлсэн түүхэн кино юм. Мел Гибсон тус киноны найруулагчаар ажилласан ба гол дүрийг бүтээсэн бөгөөд Хатан хаан Изабеллагийн (Princess Isabella) дүрд Софи Марсо, Роберт Брюсийн (Robert the Bruce) дүрд Ангус Макфадьен, I Эдуардын (Longshanks) дүрд Патрик МакГуэхан, Хунтайж Эдуардын (Prince Edward) дүрд Питер Ханли тоглодог. Кино нь Английн хаан I Эдуардын хатуу дарангуйлал, Шотландын ард түмний эрх чөлөөний хязгаарлалт, боолчлолд автсан байдлыг дүрслэн эхэлдэг. Уильям бага насандаа Англичуудын халдлагын улмаас гэр бүлээ алдаж, хилийн чанадад өсөж, боловсрол эзэмшин, насанд хүрснийхээ дараа эх нутагтаа эргэн ирнэ. Тэрээр хайрт бүсгүйтэйгээ учирч, түүнтэйгээ нууцаар гэрлэнэ. Учир нь Английн хаан I Эдуард Шотландын ард түмнийг дарамтлах зорилгоор харц гаралтай бүсгүйчүүдийг Английн цэргүүдтэй хүчээр нөхцүүлэх “Эхний шөнийн эрх” (Jus Primae Noctis) [2] гэх хууль гаргасан байв. Энэ хуулийг зөрчсөн нь түүний эхнэрийг хэрцгийгээр хөнөөх шалтгаан болж, үүнээс үүдэн Уильям эргэлт буцахгүй сэтгэл шулуудан Шотландын эрх чөлөөний төлөөх тэмцлийн бослогыг тэргүүлнэ. Уильям Уоллес Шотландын ард түмнийг нэгтгэж, Английн эсрэг бослого гаргаж, хэд хэдэн тулалдаанд ялалт байгуулна. Шотландын язгууртнуудад хандаж, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалдаг ч тэдний зарим нь Английн хаанаас газар, алт, хөрөнгө, хэргэм зэрэг авсан байдаг тул түүнийг хуурч мэхлэн урвана. Үүний улмаас Уильям баригдаж, Лондонд Английн шүүхээр яллагдаж, хэрцгийгээр цаазлуулна. Цаазлуулах мөчид тэрээр “Эрх чөлөө!” хэмээн хашхирч, Шотландын ард түмэнд эрх чөлөөний төлөө тэмцэх сүүлчийн уриалгаа илгээдэг билээ. Киноны төгсгөлд түүний үхэл дэмий хоосон зүйл байгаагүйг батлан харуулдаг ба энэ үйл явдлаас хэдэн жилийн дараа Шотландын армийг Роберт Брюс удирдан, Английн эсрэг Баннокбёрны тулалдаанд (1314) ялалт байгуулснаар англичуудыг Шотландаас хөөн гаргажээ. “Braveheart” кино нь эрх чөлөө, эх оронч үзэл, шударга ёсны төлөө тэмцэх хүний хүсэл зоригийг тод томруун харуулдаг. Уильям Уоллесын тэмцэл бол ердөө нэг хүний хувь заяа бус, харин бүхэл бүтэн үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцэл байсныг онцолсон юм. Мөн кинонд эрх чөлөөний төлөө тэмцлээс гадна, шударга ёс, төрийн дарангуйлал, урвалт, эх оронч үзэл гэсэн сэдвүүдийг хүчтэй тусгасан. Тийм ч учраас, түүний “Эрх чөлөө!” гэсэн эцсийн үг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг болж, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Кино нь Шотландын түүхэн үйл явдлууд дээр суурилсан боловч зарим хэсэг нь уран сайхны хэтрүүлэгтэй, түүхийг гуйвуулсан байдаг. Тухайлбал,   Английн хаан I Эдуард “Эхний шөнийн эрх” хуулийг хэрэгжүүлсэн мэтээр дүрсэлсэн нь түүхэн үндэслэлээс илүүтэйгээр драматик үйл явдал өрнүүлэх зорилготой байв. Изабелла Уильям нарын харилцаа цэвэр зохиомол юм. Бодит түүхэнд Францын гүнж Изабелла тухайн үед ердөө 10 настай байсан бөгөөд Английн хаан II Эдуардтай гэрлэхээсээ өмнө Уильямтай огт уулзаж байгаагүй. Тиймээс тэдний хооронд романтик холбоо байсан гэх нь зохиомол нь ойлгомжтой. Роберт Брюсийн уяман өвчтэй эцгийн дүрээр Шотландын язгууртнууд Английн талд орсныг харуулдаг ч бодит байдал дээр тэрээр Английн хааны үнэнч дэмжигч байсан гэдэг нь бүрэн батлагдаагүй. Тэр бүү хэл уяман өвчтэй байсан гэх баталгаа байхгүй. Харин Роберт Брюс Уильямын бослогод анхнаасаа идэвхтэй оролцоогүй нь үнэн юм. Киноны тулаануудын ихэнх нь бодит түүхэн тулалдаанууд дээр суурилсан ч, тэдгээрийн дүрслэлүүд нь илүү уран сайхны шийдэлтэй. Тухайлбал, киноны төгсгөлд Баннокбёрны тулалдаан гарах боловч бодит байдал дээр Уильям Уоллесын үхлээс хойш 9 жилийн дараа болсон байдаг. Харин Шотландын дайчид нүүрээ цэнхэр будгаар будаж, дайсандаа өгзгөө харуулан үл хүндэтгэлийн дохио үзүүлдэг байсныг зарим эх сурвалж баталдаг. Үүнийг эртний Кельт, Пикт овог аймгийн [3]  дайтах ёс заншилтай холбоотой гэж үздэг байна. 1996 онд “Braveheart” кино нь Оскарын шагналын 10-н төрөлд нэр дэвшиж, шилдэг кино (Best Picture), шилдэг найруулагч (Best Director), шилдэг киноны зураглал (Best Cinematography), шилдэг хөгжим (Best Sound Effects Editing), шилдэг нүүр хувиргалт (Best Makeup) гэх 5-н шагнал хүртсэн юм. “Braveheart” киноны үйл явдлыг орчин үеийн олон улсын эрх зүй болон хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйтэй хэд хэдэн үндсэн зарчмаар холбож болно. Өөрийгөө тодорхойлох эрх (Right to Self-Determination) Уильям Уоллесын удирдсан Шотландын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь өнөөгийн өөрийгөө тодорхойлох эрх гэсэн олон улсын эрх зүйн зарчимтай тохирно. Энэ эрх нь НҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын [4] 1 дүгээр зүйлд "Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтөй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтөй хөгжүүлнэ." гэж заасан. Дайны хууль ба дайны гэмт хэрэг (Laws of War & War Crimes) Кинонд Английн арми энгийн иргэдийг олноор нь хөнөөж, хэрцгийгээр хандаж буйг дүрсэлдэг. Орчин үед ийм үйлдлүүд нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, тэр дундаа Женевийн конвенцүүдийн [5] [6 ] [7]  дагуу дайны гэмт хэрэгт тооцогдоно. Хэдийгээр эдгээр хууль Уильямын үед байгаагүй ч, иргэдийг хамгаалах, олзлогдсон хүмүүстэй хүнлэг харьцах нь өнөөгийн олон улсын эрх зүйн үндсэн зарчим болжээ. Дарангуйлал, дарлалаас ангид байх эрх (Prohibition of Tyranny & Oppression) Английн хаан I Эдуард Шотландын ард түмнийг дарлан мөлжиж байгаа нь колоничлол, албадмал засаглал, үндэсний дарлалын жишээ болж байна. Энэ нь НҮБ-ын 1960 оны "Колони улс, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглал"-д тусгагдсан олон улсын эрх зүйн зарчимтай нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх эрх ба хууль ёсны ажиллагаа (Unfair Trials & Judicial Rights) Кинонд Уильямыг баривчилж, хууль ёсны өмгөөлөлгүй, шударга бус шүүхийн шийдвэрээр цаазалж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Өнөөдөр ийм үйлдэл нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын [8] 10 дугаар зүйл "Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй." гэж заасан ба Олон улсын хүний эрхийн гэрээнүүдээр хамгаалагдсан хууль ёсны шүүхийн ажиллагааны эрхийг зөрчсөнд тооцогдоно. Тамлан зовоох, харгис ял шийтгэлээс ангид байх эрх (Prohibition of Torture & Inhuman Punishment) Уильямыг шүүхийн шийдвэрээр, гэдсийг нь хүүлж, дотор эрхтнийг нь гаргаж авч, биеийг нь тэлж, толгойг нь тасдаж дээд зэргийн харгис аргаар цаазалж буй нь өнөөдрийн олон улсын эрх зүйд харгис, хүнлэг бус ял шийтгэл гэж тооцогдох байв. Энэ нь 1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-оор [9] бүрэн хориотой үйлдэл юм. “Braveheart” бол зөвхөн нэг хүний тэмцлийн тухай өгүүлсэн биш, харин ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийг дүрслэн харуулсан хүчирхэг бүтээл юм. Уильям Уоллесын түүх бодит түүхэн үйл явдалд тулгуурласан бөгөөд түүний үлдээсэн өв, урам зориг нь одоо ч олон хүний сэтгэлд хоногшсоор байна. Хэдийгээр “Braveheart” нь түүхэн баримтад суурилсан ч мэдээж уран сайхны хэтрүүлэгтэй. Киноны үндсэн сэдэв болох эрх чөлөө, дарангуйллын эсрэг тэмцэл, ард түмэн өөрөө засан тохинох эрх зэрэг санаа нь орчин үеийн олон улсын эрх зүйн өөрийгөө тодорхойлох эрх, хүний эрхийн хамгаалалт, шударга шүүх, дайн дахь гэмт хэргүүдийн хориг зэрэг үндсэн зарчимтай нийцнэ. Хэрэв үйл явдал өнөө үед өрнөсөн бол Олон улсын эрүүгийн шүүх ийм төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хариуцлага тооцох боломжтой байх байв. Хуульч Шувуухайн “Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжил” нийтлэлийг уншихыг зөвлөж байна. Ж.Анарбат  Зүүлт тэмдэглэл [1]  “Braveheart”-ыг Монголоор Хатанзоригтон хэмээн орчуулсан байдаг. [2]  “Эхний шөнийн эрх” нь латинаар Jus Primae Noctis ба тухайн нутгийн язгууртан буюу ноён нь өөрийн харьяанд байгаа шинэхэн гэрлэсэн эмэгтэйг хуримын анхны шөнө нь эзэмдэх эрхтэй гэсэн утгатай юм. Энэ нь ихэвчлэн феодалын тогтолцоотой холбогддог ба зарим уран зохиол, кинонд дарангуйллын бэлгэдэл болгон дүрсэлдэг.   Гэсэн хэдий ч, бодит түүхэнд “Эхний шөнийн эрх” оршин байсан талаар хангалттай нотолгоо байдаггүй. Дундад зууны Европт албан ёсоор хэрэгжиж байсан гэх тодорхой баримт байдаггүй тул түүхчид энэ ойлголтыг ихэвчлэн домог, уран зохиолын хэтрүүлэг гэж үздэг байна. [3]  Кельт (Celts) болон Пикт (Picts) нь эртний Британи, Ирланд болон Шотландын нутаг дэвсгэрт оршин байсан уугуул овог аймгууд юм. Кельтүүд нь төмөр зэвсгийн үеэс эхлэн (МЭӨ 1200 – МЭ 400) Баруун болон Төв Европ, Их Британи, Ирландын нутаг дэвсгэрт өргөн тархсан Европын эртний соёл иргэншилтэй ард түмэн байжээ. Тэд өөрсдийн хэл, шашин, соёлын өвөрмөц онцлогтой, олон жижиг овог аймгаас бүрдэж байв. Кельт хэл нь өнөөдрийг хүртэл Ирланд, Шотланд, Уэльс, Бретань зэрэг бүс нутагт хадгалагдсаар байна. Ромын эзэнт гүрний үед кельт олон овог аймгууд Ромын ноёрхолд орсон ч Шотланд, Ирланд зэрэг газар үлдсэн кельтүүд хараат бус байсаар байв. Кельтүүд байгаль шүтлэгт шашинтай, друидүүд гэх бөө, номлогчид нь нийгэмд чухал байр суурь эзэлдэг байжээ. Пиктүүд нь МЭӨ I-МЭ IX зуун хүртэл Шотландын хойд хэсэгт амьдарч байсан нууцлаг овог аймаг юм. Тэднийг Picti буюу будагдсан гэсэн утгатай “зураасан хүмүүс” гэж латинаар нэрлэсэн нь биеэ шивээсээр бүрхдэг заншилтай нь холбоотой байна. Пиктүүд Ромын эзэнт гүргийн эсрэг удаа дараа тулалдаж, Хадрианы болон Антонины хэрмийг барихад хүргэсэн. Тэд голчлон чулуу, сийлбэр бүхий дурсгалт зүйлс үлдээсэн ч бичгийн хэлгүй байсан тул түүхийн эх сурвалж хомс байдаг. IX зуунд пиктүүд кельтүүдтэй нэгдэж, улмаар Шотландын хаант улсын үндэс суурийг тавьсан юм. Кельтүүд болон пиктүүдийн ялгаа нь кельтүүд өргөн тархсан, бичгийн хэлтэй, харьцангуй нэгдмэл соёлтой байсан бол пиктүүд илүү хязгаарлагдмал нутаг дэвсгэрт амьдарч, нууцлаг овог аймаг байсанд оршино. Шотландын түүхэнд эдгээр хоёр аймаг чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний өв соёл өнөөг хүртэл хадгалагдсаар байна. [4] 1966.12.16 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [5] 1949.8.12 Дайнд олзлогдогчидтой харьцах тухай Женевийн (III) конвенц . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [6] 1949.8.12 Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай Женевийн (IV) конвенц . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [7] 1977.6.08 Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын нэмэлт I протокол . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [8] 1948.12.10 Хүний эрхийн түгээмэл тунхаглал . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [9] 1984.12.10 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Хатанзоригтон #Braveheart #МэлГибсон #ХүнийЭрх #ЭрхЧөлөө #Шотланд #Дайн #ИргэнийЭрх #УлсТөрийнЭрх #Хүнлэг #ЖеневийнКонвенц #ОлонУлсынЭрхЗүй #ОлонУлсынГэрээ #ОлонУлсынКонвенц #Шүүх #ТамланЗовоох #ЯлШийтгэл #Дарангуйлал

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page