top of page

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Jun 30
  • 32 min read

Updated: Aug 31

Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ

ЗХШ-ийн үйл ажиллагааг том зургаар харах, олж авсан мэдлэг бодит амьдралын нөхцөл байдалтай хэрхэн нийцэж буйг бүрэн дүүрэн ойлгох, контекстийг гаргаж өгөх зорилго өвөртлөн статистик дүн шинжилгээг хийж, гарсан үр дүнг тайлбарлан, судлаачийн үзэл бодлоо дэвшүүлж дүгнэлт хийлээ. Ерөнхий төсөөлөл өгөх, илүү ойлгомжтой байлгах үүднээс дүн шинжилгээнд ашигласан мэдээлэл, үр дүнгийн заримыг хүснэгтээр, ихэнхийг төрөл бүрийн график дүрслэлийн аргаар илэрхийлэн бүтэц, зүй тогтол, харьцуулалт, харилцан уялдаа, цаг хугацааны динамик өөрчлөлтийн чиг хандлагыг харуулав.


Дүн шинжилгээг хийхэд статистикийн мэдээллийн нэгдсэн сан, НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан[1], үйлчилгээний хэлтэс, тамгын газрын үйл ажиллагааны тайлан, ШЕЗ-өөс жил бүр нэгтгэн гаргадаг “Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ”[2], легал дата цахим хуудас[3] зэргээс тоо мэдээг авч ашиглав[4]. Хандаж ашигласан эх сурвалжуудад тухайн тайлант хугацааны үр дүнг харуулсан тоо мэдээ агуулагдах боловч, (i) хугацааны цуваа байдлаар; (ii) бусад шүүхтэй харьцуулсан байдлаар; (iii) тоо мэдээ дээр анализ хийж; (iv) ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоогүй байв. Эдгээр цоорхойг нөхөж НдЗХАШШ-ийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг ЗХАШШ-тэй харьцуулж, анализ хийв. Тодруулбал, эхний хэсэгт ЗХШ-ийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан бол хоёр дахь хэсэгт прогноз, тооцоог орууллаа.


Статистик дүн шинжилгээг хийснээр шүүхийн ирээдүйн ачаалал, сорилтыг урьдчилан таамаглаж, тогтолцоог зохих ёсоор бэлтгэх боломж бүрдэхээс гадна, харьцуулалт нь шүүхэд чиглэсэн шинэчлэл хийх, шүүгчийн тоог нэмэх, шүүхэд нэмэлт санхүүжилт олгох, хөрөнгө хуваарилах үндэслэл бүхий хөндлөнгийн судалгаа болно.


Дүгнэлт нь судлаачийн дүн шинжилгээ, ажиглалтад үндэслэсэн ба шүүхийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.


I. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий дүр зураг

Энэ ажилд ЗХШ-ийн хүртээмж; ЗХАШШ ба НДЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг, харьцуулалт; захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам; түгээмэл болон төдийлөн тохиолддоггүй нэхэмжлэл, хэрэг, маргааны төрөл, тэдгээрийн учир шалтгаан; үлдэгдэл хэрэг; хариуцагч болон нэхэмжлэгч; захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага; шүүгчийн ажлын ачаалал; шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоог тодруулсан. Эцэст ЗХАШШ-ийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг 2018-2023 оны байдлаар нэгдсэн байдлаар харж болох дашбордыг боловсруулсан (Хавсралт).


Захиргааны хэргийн шүүхийн хүртээмж

Манай улс 2023 оны байдлаар 3’396’788 хүн амтай[5] ба ЗХАШШ 90.4 шүүгчтэй, 37’575 хүн тутамд 1 шүүгч ногдож байна. Харин Улаанбаатар хотын хүн ам 1’640’781 ба НдЗХАШШ-д 22.8 шүүгч ажилласан нь 71’930 хүн тутамд 1 шүүгч ногдож байна[6]. ЗХШ-ийн 2023 оны байдлаар хамрах хүрээг илэрхийлэх тоо мэдээллийг, харьцуулалтын хамт хүснэгтэд харуулав.


Хүснэгт 1 Захиргааны хэргийн шүүхийн хамрах хүрээ

Үзүүлэлт

2023

Харьцуулалт

Монгол Улсын хүн амын тоо

3,396,788

 

Улаанбаатар хотын хүн амын тоо

1,640,781

48.30%

ЗХАШШ шүүгчийн тоо

90.4

 

НдЗХАШШ шүүгчийн тоо

22.8

3.96x ↓

Улсын хэмжээнд ЗХАШШ-ийн нэг шүүгчид ногдох хүний тоо

37,575

 

НдЗХАШШ-ийн нэг шүүгчид ногдох хүний тоо

71,930

1.91x ↑

Тоо мэдээнээс Улаанбаатар хотод хүн амын нягтрал өндөр буюу хүн амын 48 хувь оршин суудаг, НдЗХАШШ шүүгчийн тоо 4 дахин бага, 1 шүүгчид ногдох хүний тоо 2 дахин их байна.


Нийслэл хотод захиргааны байгууллагын төвлөрөл ихтэй, ЗХШ-ийн эрэлт хэрэгцээтэй, тэр хэмжээгээр хэргийн ачаалал бусад нутагтай харьцуулахад өндөр юм. Нөөцийн тэнцвэргүй хуваарилалт, шүүхийн хүртээмжийн хүрэлцээгүй байдлын үр дагавар нь эргээд шүүхийн ачаалалд нөлөөлж, шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдэл өсөх, нөөц хүрэлцэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах, шүүхийн шийдвэр гарах хугацааг уртсах, тэр бүү хэл шүүх хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг хязгаарлах үндсэн шалтгаан болдог байж болзошгүй.


Тиймээс, эхний ээлжид ажлын ачааллыг тэнцвэржүүлж, ХХША-ны үр ашгийг дээшлүүлэхийн тулд НдЗХАШШ-д шүүгч нэмж хуваарилах, орон тоог нэмэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрэв. Шүүгчийн томилгоог нэн даруй хийх боломжгүй бол нийслэлд илүү үр дүнтэй хэргийн удирдлага, хуваарилалтын системийг шинэчлэн хэрэгжүүлэх шаардлагатай.


Манай улс өргөн уудам газар нутагтай тул зарим асуудалд мажоритар буюу газар зүйн төлөөлөл зохицох ч шүүх тогтолцооны хувьд шүүхийн үйлчилгээний хүртээмж хүн амтай пропорциональ буюу хүн амын тоонд үндэслэх нь зүйтэй. Хэрэв шүүгчийн хуваарилалт пропорциональ бол хүн амын тоог харгалзан улсын нийт шүүгчийн тал хувь буюу 45 орчим шүүгч НдЗХАШШ-д байхаар байна. Товчхондоо, шүүгчийн хуваарилалтад мажоритар хандлагыг баримталдаг нь төдийлөн зүйтэй бус хэмээн харж байна.


Шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

2004-2023 онд ЗХАШШ нийт 40’246 нэхэмжлэл хүлээн авсан ба 20 жилийн хугацаанд жилд дунджаар 12.27 хувийн өсөлтийг үзүүлжээ. Харин шийдвэрлэсэн хэрэг 24’759 ба жилд дунджаар 18.94 хувь өссөн байна. Хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 61.52 хувь байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүлээн авсан нэхэмжлэл 6 дахин, шийдвэрлэсэн хэрэг 16 дахин нэмэгдсэн байна. 2004-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг, тэдгээрийн өсөлт, хүлээн авсан нэхэмжлэлд эзлэх шийдвэрлэсэн хэргийн хувь хэмжээг динамик өөрчлөлтийн диаграмм графикт буулгалаа.


График 1 ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

Нэг талаас шийдвэрлэсэн хэргийн тоо жил ирэх тутам өссөн нь иргэдийн эрх зүйн мэдлэг, соёл, ухамсар дээшилж, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхэд хандаж сэргээлгэх хандлага төлөвшиж байна. Харин нөгөө талаас, хүн, хуулийн этгээд ЗХШ-д хандахаас өмнө захиргааны акт хууль болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянуулахаар гомдлоо эрх бүхий дээд шатны захиргааны байгууллагад урьдчилан хандаж, асуудлаа шийдвэрлүүлсэн байхыг шаарддаг байтал жил ирэх тусам захиргааны асуудлаар шүүхэд хандах тоо үлэмж нэмэгдсэн нь дээд шатны захиргааны байгууллага асуудлыг бүрэн гүйцэт шийдвэрлэдэггүй, шийдвэрлэсэн ч төдийлөн хүссэн шийдвэрийг гаргадаггүй, захиргааны байгууллага өөрийгөө хянаж, алдаагаа засдаггүй, гомдол гаргагч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаанаас амжилт олдоггүй, эсвэл шүүхэд хандаж болох тул шүүх л шийдвэрийг гаргана гэсэн байдалтай асуудалд хандаж буйг илтгэнэ. Хуулийн дагуу нийтийн буюу төрийн захиргааны байгууллагын асуудлыг шийдвэрлэх шат дамжлага хэт олон, тэр хэмжээгээр гомдсон хүний цаг хугацаа, зардал мөнгө үрэгддэг байна.


Үүн дээр нэмээд, шүүхээс хянан шийдвэрлэх маргааныг тоочих зарчмаас[7] татгалзаж шүүхийн хөндлөнгийн, хараат бус хяналтын хүрээ захиргааны бүхий л хууль бус үйл ажиллагааг хамаарч өргөжсөнтэй[8] холбоотой ЗХАШШ-ийн хүлээн авах нэхэмжлэлийн тоо нэмэгджээ.


График 2 ЗХАШШ-ийн нэхэмжлэл

ЗХАШШ-ийн нэхэмжлэл

2023 онд ЗХАШШ нийт 3’277 нэхэмжлэл хүлээн авсан нь 2022 онтой харьцуулахад 196 нэхэмжлэлээр буюу 6.36 хувиар өссөн, хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 2’233 буюу 68.14 хувьд хэрэг үүсгэсэн бол 600 буюу 18.31 хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 296 буюу 9.03 хувьд нэхэмжлэлийг буцаасан, 95 буюу 2.90 хувийн нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байжээ.


График 3 ЗХАШШ-ийн хэрэг

ЗХАШШ-ийн хэрэг

2023 онд ЗХАШШ шийдвэрлэвэл зохих нийт 3’272 хэргээс 72.34 хувь буюу 2’367 хэрэг шийдвэрлэсэн нь 2022 онтой харьцуулахад 194 хэргээр буюу 8.93 хувиар өссөн, 27.66 хувь буюу 905 үлдэгдэл хэрэг нь 2022 онтой харьцуулахад 1 хэргээр буюу 0.11 хувиар өссөн байна. Үлдэгдэл 905 хэргээс 422 буюу 46.63 хувь нь хуулийн хугацаандаа, 197 буюу 21.77 хувийг түдгэлзүүлсэн, 286 буюу 31.60 хувь нь хуулийн хугацаа хэтэрсэн байна.


НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

НдЗХАШШ үүсгэн байгуулагдсан 2004 оноос хойш 2023 он хүртэл хугацаанд нийт 28’031 нэхэмжлэл хүлээн авсан нь 20 жилийн дунджаар 17.16 хувийн өсөлттэй байжээ. 2004-2023 онд тус шүүх нийт 13’618 хэрэг шийдвэрлэсэн нь жилд дунджаар 25.11 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 48.58 хувь буюу ойролцоогоор нэхэмжлэлийн тал хувийг шийддэг ба ЗХАШШ-тэй харьцуулахад 12.74 хувиар бага байна. 2004-2023 онд НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг, өсөлтийн тренд, хувь хэмжээг динамик өөрчлөлтийн диаграмм графикаар харуулав.


График 4 НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэрэг

2023 онд НдЗХАШШ нийт 2’514 нэхэмжлэл хүлээн авсан нь 2022 оны эцэстэй харьцуулахад 226 нэхэмжлэлээр буюу 9.88 хувиар өссөн бол 2023 онд нийт 1’193 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 2022 оны эцэстэй харьцуулахад 128 хэргээр буюу 12.02 хувиар өссөн байна.


ЗХАШШ болон НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцуулалт

2004-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд НдЗХАШШ-ийн эзлэх хувь нийт дүнгийн 70.06 хувь ба дунджаар 65.22 хувь байна. Харин улсын хэмжээнд шийдвэрлэсэн нийт захиргааны хэрэгт НдЗХАШШ-ийн эзлэх хувь нийт дүнгээс 55.08 хувь, дунджаар 55.11 хувь байна. 2004-2023 оны ЗХАШШ болон НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн харьцуулалтыг хийх зорилгоор үзүүлэлтийг давхцуулан, 20 жилийн дунджаар хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь хэмжээний динамик өөрчлөлтийг баганан диаграмм графикаар харуулав.


График 5 ЗХАШШ ба НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг

ЗХАШШ ба НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг

2023 оны байдлаар ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд НдЗХАШШ-ийн эзлэх хувь 81.31 хувь байжээ. Мөн хугацаанд ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэгт НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 50.32 хувь байв.


Хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

ЗХАШШ хянан шийдвэрлэсэн хэргийн тал хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар, харин 40 орчим хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх 10 орчим хувийг хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэдэг байна. ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журмын задаргаа, тэдгээрийн тоо болон хувь хэмжээг 2022, 2023 оны байдлаар бүтцийн дугуй диаграмм графикаар өнгөөр ялган харуулав.


График 6 ЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

ЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

2023 онд ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 49 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр 37 хувь, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр 8 хувь, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр 49 хувь, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн 6 хувь байна. Сонирхол татаж буй нь дээрх хувь хэмжээ нь 2022 онтой яг таг адил буюу өөрөөр хэлбэл, ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн хэргийг тоо хэмжээнээс үл хамааран он дараалан яг адил хувь хэмжээгээр шийдвэр гаргажээ.


2023 онд ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 41 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдол 21 хувь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол 73 хувь, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн тохиолдол 6 хувь байжээ. 2022 онтой харьцуулахад хувь хэмжээ яг таг адил биш ч гэлээ багахан хувиар л зөрүү гарсан байна.


2023 онд ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 10 хувийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь 77 хувь, нэхэмжлэлийг буцаасан нь 23 хувь байна. 2022 онтой харьцуулахад хувь хэмжээ яг адил байна.


Статистик тоог алдаагүй гэж үзвэл, ЗХАШШ хэргийн тооноос үл хамааран түүнийг нэг төлөвтэй хянан шийдвэрлэдэг тул цаашдын зүй тогтлыг хялбар таамаглаж болохоор байна.


НдЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

НдЗХАШШ хянан шийдвэрлэсэн хэргийн 60-70 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар, харин 20 орчим хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх хувийг хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэдэг байна. НдЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журмын задаргаа, тэдгээрийн тоо болон хувь хэмжээг 2022, 2023 оны байдлаар бүтцийн дугуй диаграмм графикаар өнгөөр ялган харуулав.


График 7 НдЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

НдЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

2023 онд НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 65 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр 35 хувь, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр 9 хувь, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр 49 хувь, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн 8 хувь байна.


2023 онд НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 19 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд 56 хувь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол 40 хувь, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн тохиолдол 4 хувь байжээ.


2023 онд НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 16 хувийг хэрэгсэхгүй болгосон байна.


2022 онтой харьцуулахад ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн хувь хэмжээ тус тус буурч, тэр хэмжээгээр хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээ өсжээ.


ЗХАШШ-тэй харьцуулахад НдЗХАШШ хэргийг хянан шийдвэрлэхдээ ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмыг илүүтэй баримталсан ба хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдол илүү байжээ.


Бусад ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

2023 онд улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 50 орчим хувь нь НдЗХАШШ ногдох тул НдЗХАШШ-ийг оруулахгүйгээр бусад ЗХАШШ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан журмын задаргаа, тоо болон хувь хэмжээг заан бүтцийн дугуй диаграмм графикаар өнгөөр ялган харуулав.


График 8 Бусад ЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

Бусад ЗХАШШ-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан журам

2023 онд бусад ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 34 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн бол НдЗХАШШ 65 хувь, бусад ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 63 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол НдЗХАШШ 19 хувьд баримталжээ. Гүнзгийрүүлбэл, нийслэлээс бусад газар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх хандлага илүү байна.


Бусад ЗХАШШ хянан шийдвэрлэсэн нийт хэргийн зөвхөн 3 хувийг л хэрэгсэхгүй болгосон байна. Товчхондоо, НдЗХАШШ-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээнээс шалтгаалж ЗХАШШ-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээ нэмэгджээ.


Шүүхийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл

ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл

2021, 2022, 2023 оны ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл, шийдвэрлэсэн нийт хэрэгт тус бүр эзлэх тоо хэмжээг 2023 оны үзүүлэлтээр ихээс бага хүртэл ногоон дэвсгэр өнгөөр уусган, эзлэх хувь хэмжээг цэнхэр график дүрслэлээр дэвсгэр байдлаар харуулан, өмнөх жилээс өссөн өөрчлөлтийг ногоон өнгөөр, буурсан өөрчлөлтийг улаан өнгөөр ялган хүснэгтэд харууллаа. Мөн нийт дүнд 5 болон түүнээс дээш хувь эзэлсэн бол шар дэвсгэр өнгөөр, 10 болон түүнээс дээш хувь эзэлсэн бол ягаан дэвсгэр өнгөөр ялгав.


Хүснэгт 2 ЗХАШШ-ийн хэргийн маргааны төрөл

ЗХАШШ-ийн хэргийн маргааны төрөл

Сүүлийн гурван жилд хэрэг, маргааны эерэг өөрчлөлт сөргөөс их тул шийдвэрлэсэн нийт хэрэг 9.11 хувиар нэмэгджээ. Өнгөц харахад бага мэт боловч эерэг өөрчлөлт 10.02 хувиар буурсан, харин сөрөг өөрчлөлт 131.67 хувиар өссөнтэй холбоотой. Сөрөг өөрчлөлт их байгаа нь абсолют тоогоор бусад маргаан 108, шинэ төрлийн маргаан 103 тус тус буурсантай холбоотой. Эдгээрт ямар төрлийн маргааныг ангилсан талаар тодруулбал зохилтой.


Эзлэх хувь хэмжээний хувьд 2023 онд төрийн хяналт шалгалтын маргаан шийдвэрлэсэн нийт хэрэгт 29.69 хувь, газрын маргаан 22.61 хувь, бусад төрлийн маргаан 10.04 хувь, төрийн албаны маргаан 9.28 хувь байжээ.


Өөрчлөлтийн хувьд зарим төрлийн маргааны тохиолдол тогтмол өсөлттэй бол зарим нь буурсан байна. Тухайлбал, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 2022 онд 300, 2023 онд 279-р нэмэгдсэн, газрын маргаан тогтмол 20 гаран хувиар өссөн, төрийн албатай холбоотой маргаан 10 орчим хувиар буурсан байна.


Онцлох зүйл нь сүүлийн жилүүдэд шинэ төрлийн маргаан гарах болсон ба хэдийгээр 2023 онд тохиолдол 103-р буурсан ч гэсэн шийдвэрлэсэн хэрэг дотор 7 дугаар байранд жагсаж байна[9]. Энэ нь жил ирэх тусам шүүхэд гаргах нэхэмжлэлийн агуулга өргөжиж буйг илтгэнэ.


Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтийн эрүүл мэндтэй холбоотой маргаан 2, нийгмийн өмчийг хамгаалахтай холбоотой маргаан 1, хүүхдийн эрхтэй холбоотой маргаан 1 гарсан байна[10]. Ийм төрлийн маргаан гарахгүй байгаа цаад учир шалтгааныг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж харлаа.


Ойлгомжтой байлгах үүднээс ЗХАШШ-ийн хэргийн маргааны төрөл тус бүрээр 2022-2023 оны өөрчлөлтийг холбоо цэгэн графикаар харуулав.


График 9 ЗХАШШ-ийн хэргийн түгээмэл маргааны өөрчлөлт

ЗХАШШ-ийн хэргийн түгээмэл маргааны өөрчлөлт

2023 онд ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийг түгээмэл маргааны төрлөөр авч үзвэл төрийн хяналт шалгалтын маргаан 425-аас 704 болж хамгийн их нэмэгдсэн, газрын маргаан 480-аас 536 болж өссөн бол бусад маргаан 346-аас 238, төрийн албаны маргаан 242-оос 220 болж тус тус буурсан байна.


НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл

2004-2023 онд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэргийг түгээмэл маргааны төрлөөр ангилж, гарсан тохиолдлын тоо, хувь хэмжээ болон 2023, 2022 онд гарсан тохиолдлыг энгийн туузан болон хувь хэмжээний бүтцийн туузан диаграмм графикаар харуулав.


График 10 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн түгээмэл маргааны төрөл

НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн түгээмэл маргааны төрөл

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэгт газрын маргаан дийлэнх буюу 26 хувийг эзэлж тэргүүлсэн бол бусад төрлийн маргаан 18 хувь, төрийн албаны маргаан 15 хувь, ашигт малтмалын маргаан 11 хувь гарсан байна.


2004-2023 онд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ерөнхийдөө өсөх трендтэй боловч маргаан тус бүрээр ялгаж харвал хэлбэлзэл ихтэй байжээ. Муруй шугам график цуглуулгад харууллаа.


График 11 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл

НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл

Газартай холбоотой хэрэг ерөнхийдөө өсөх хандлагатай, жил ирэх тусам ийм төрлийн эрх зүйн маргаан хурдацтай нэмэгдэж иржээ. Төрийн албаны маргаан идэвхжиж тодорхой цэг хүртэл тогтмол өсөж, улмаар буурч тогтворжсон байна. Ашигт малтмалтай холбоотой маргаан уул уурхайн салбарын зохицуулалтын өөрчлөлт, эсвэл эдийн засгийн нөхцөл байдлыг тусгаж өсөлт, бууралтын мөчлөг бүхий хэв маягтай. Улсын бүртгэлтэй холбоотой маргаан ерөнхийдөө өсөх хандлагатай, дунд зэргийн хэлбэлзэлтэй. Татвартай холбоотой маргаан гарах тохиолдол тодорхой хэлбэлзэлтэй, үе үе өсдөг ба үүнд төсвийн бодлого нөлөөлсөн байж болзошгүй. Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан тогтвортой өсөлттэй, зохицуулалт өөрчлөгдөх, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах үед нэмэгддэг хандлагатай. Тендерт төрийн худалдан авалтын мөчлөг, эсвэл зохицуулалтын өөрчлөлт нөлөөлдөг бололтой. Нийгмийн даатгалтай холбоотой маргаан сүүлийн жилүүдэд огцом өссөн. Сонгуультай холбоотой маргаан сонгуулийн жилүүдэд огцом өсөж бусад үед бараг гардаггүй. Гаальтай холбоотой маргаан тогтмол бус, зарим жилд огцом нэмэгдсэн, бусад жилд огт гардаггүй ажиглагдав. Харин ерөнхийн ангилалд хамаарахгүй өөр бусад төрлийн маргаан тогтмол нэмэгдэж, тэр хэмжээгээр нийт хэргийн тоонд нөлөөлж иржээ.


Үлдэгдэл хэрэг

Сүүлийн есөн жилийн хугацаанд буюу 2015[11]-2023 онд ЗХАШШ-ийн шийдвэрлэгдээгүй хэргийн нийт үлдэгдэлд НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг дунджаар 73.8 хувийг эзэлж байна. 2023 оны байдлаар ЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг 905 байсан бол НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг 655 буюу 72.4 хувийг эзэлж байна. 2015-2023 оны ЗХАШШ, НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэрэг, эзлэх хувийг баганан диаграмм графикт харуулав.


График 12 Үлдэгдэл хэрэг

Үлдэгдэл хэрэг

Тайлант хугацаанд НдЗХАШШ-ийн үлдэгдэл хэргийн тоо өндөр байдаг нь нийслэл хотод захиргааны байгууллагууд төвлөрсөн, тэр хэмжээгээр хүлээн авч буй нэхэмжлэл, шийдвэрлэж буй хэргийн тоо их, хянан хэлэлцэж буй хэрэг нь ээдрээ төвөгтэй, шийдвэрлэхэд хугацаа харьцангуй их шаарддаг, ачаалал өндөртэй холбоотой гэж харлаа.


НдЗХАШШ-ийн шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдлийг шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад талаас дээш хувийг эзэлж иржээ. 2018-2023 оны НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн ба шийдвэрлэгдээгүй хэргийн харьцаа, үлдэгдэл хэргийн эзлэх хувь хэмжээг гурван хэмжээст графикаар дүрслэв.


График 13 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн ба шийдвэрлэгдээгүй хэргийн харьцаа

НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн ба шийдвэрлэгдээгүй хэргийн харьцаа

Ийнхүү шийдвэрлээгүй хэргийн үлдэгдэл тогтмол өндөр байдаг нь шүүхийн зардал нэмэгдэх, эрх зүйн тодорхойгүй байдал бий болох, шүүхийн тогтолцоонд олон нийтийн итгэх байдалд сөргөөр нөлөөлж буй. Тиймээс, шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдлийг багасгах, үндсэн шалтгааныг тодруулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, онцлог хэрэгцээнд тохирсон тодорхой шийдлийг эрэлхийлэхэд чиглэсэн шуурхай арга хэмжээ авах стратеги боловсруулах хэрэгтэй.


Захиргааны хэргийн хариуцагч

2022, 2023 оны захиргааны хэргийн хариуцагчийн төрөл, тус бүрээр тоо болон хувь хэмжээг бүтцийн дугуй давхар диаграмм графикаар задлан харуулав.


График 14 Захиргааны хэргийн хариуцагч

Захиргааны хэргийн хариуцагч

2023 оны байдлаар захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан 2’490 этгээдийн 2’329 буюу 93.53 хувь нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан байжээ. Захиргааны хэргийн хариуцагчийн 10 хүрэхгүй хувь нь Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага; захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд; төрийн болон холимог өмчийн сургууль, эмнэлэг, эрчим хүч гэх зэрэг байгууллагын захиргаа; нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага; нийтийн эрх зүйн субъект бүхий бусад байгууллага, албан тушаалтан байна.


Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан захиргааны хэргийн хариуцагчаар татагдах нь зүйн хэрэг боловч бусад этгээд хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй, бусдын эрх ашгийг хөнддөггүй гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Чухам ямар учраас эдгээр этгээд захиргааны хэргийн хариуцагчаар татагдах тохиолдол цөөн байгааг тодруулах шаардлагатай.


Нэхэмжлэл гаргасан этгээд

ЗХАШШ-ийн нэхэмжлэл гаргасан этгээд

Хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 2023 онд ЗХАШШ-д нэхэмжлэл гаргасан нийт 2’612 этгээдийн хэргийг хянан шийдвэрлэсэн (2022: 2’222) бөгөөд 1’109 буюу 42.46 хувь нь иргэн, 760 буюу 29.10 хувь нь хуулийн этгээд, 605 буюу 23.16 хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтан, 55 буюу 2.11 хувь нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бусад этгээд 83 буюу 3.18 хувь байна.


2022, 2023 оны захиргааны хэргийн нэхэмжлэл гаргасан этгээдийн төрөл, тус бүрийн тоо болон хувь хэмжээг бүтцийн дугуй диаграмм графикаар харуулав.


График 15 ЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэгч

ЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэгч
НдЗХАШШ-ийн нэхэмжлэл гаргасан этгээд

2023 онд НдЗХАШШ-д нэхэмжлэл гаргасан нийт 2’008 этгээдийн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 1’053 буюу 52.44 хувь нь иргэн, 736 буюу 36.65 хувь нь хуулийн этгээд, 147 буюу 7.32 хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтан, 72 буюу 3.59 хувь нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд байна.


2023 онд НдЗХАШШ-д захиргааны хэргийн нэхэмжлэл гаргасан этгээдийн төрөл, тус бүрийн тоо болон хувь хэмжээг бүтцийн дугуй диаграмм графикаар харуулав.


График 16 НдЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэгч

НдЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэгч

Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий цөөн тооны этгээд (ЗХАШШ: 55; НдЗХАШШ: 72) шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд, нийгмийн өмч, хүүхдийн эрхийн асуудлаар маргаан төдийлөн үүсгэдэггүйг илтгэнэ. Учир шалтгаан нь дурын төрийн бус байгууллага нь дуртай асуудлаараа нэхэмжлэл гаргах боломжгүй, гагцхүү хуульд заасан шаардлагыг хангасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх этгээд л нэхэмжлэл гаргаж болдог, гаргах нэхэмжлэлийн төрөл хязгаартай байгаатай холбоотой байж болох талтай[12]. Тодруулбал, хуульд нэхэмжлэл гаргах субъектийн болон маргааны агуулгын аль алинд хязгаарлалт тавьжээ. Хуулийн зохицуулалтыг шинэчлэхгүй, эсвэл ийм төрлийн нэхэмжлэл гаргах этгээдэд тавих шаардлагыг зөөлрүүлэхгүй тохиолдолд нийтийн зөрчигдөж буй эрх ашгийг хамгаалах асуудалд тушаа болсоор байна. Энэ нь ч статистик дүн шинжилгээгээр давхар нотлогдож байна.


Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр

ЗХАШШ-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр

ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн үеийн байдлаар авч үзвэл нийт 2’543 нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэрийн 2’408 буюу 94.14 хувь нь захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр байжээ. Үлдэх багахан хувьд захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ, төлөвлөлт, захиргааны байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байсан бол захиргааны акттай холбоогүй нэхэмжлэлийн шаардлага тус хугацаанд 15 байв. 2023 оны захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага, тоо хэмжээг бүтцийн дугуй диаграмм болон бүтцийн баганан диаграмм графикийн хослолоор харуулав.


График 17 ЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага

ЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага

Захиргааны акттай холбоотой нэхэмжлэл 546-р нэмэгдэж 2’408 болсон байна. ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын сүүлийн гурван жилийн өөрчлөлтийг баганан диаграмм график цуглуулгад харууллаа. Нийт дүнг цэнхэр өнгөөр, өмнөх жилээс өссөн өөрчлөлтийн ногоон өнгөөр, буурсан өөрчлөлтийг улаан өнгөөр ялгав.


График 18 ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт

ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт

Захиргааны гэрээтэй холбоотой нэхэмжлэл буурсан бол бусад нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл өсжээ.


НдЗХАШШ-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр

2023 оны байдлаар НдЗХАШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэрэгт нийт 1’802 нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэрийн 1’733 буюу 96.17 хувь нь захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэр байжээ. Үлдэх багахан хувьд захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ, төлөвлөлт, захиргааны байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байжээ. 2023 оны захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага, тоо хэмжээг бүтцийн дугуй диаграмм болон бүтцийн баганан диаграмм графикийн хослолоор харуулав.


График 19 НдЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага

НдЗХАШШ-ийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага

Шүүгчийн ажлын ачаалал

2023 онд ЗХАШШ-д нийт 90.4 шүүгч ажилласан ба нэг шүүгчид 23.2 хэрэг ногдож, харин НдЗХАШШ-д нийт 22.8 шүүгч ажилласан ба нэг шүүгчид 52.3 хэрэг ногдож байжээ. ЗХАШШ ба НдЗХАШШ-ийн сүүлийн 6 жилийн болон шүүгчийн дундаж тоо, нэг шүүгчид ногдох хэргийн тоо, ачааллыг харьцуулан хүснэгт болон шугаман графикаар харуулав.


Хүснэгт 3 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн нэг шүүгчид ногдох хэрэг, ачааллын харьцуулалт

Шүүх

Үзүүлэлт

2018

2019

2020

2021

2022

2023

Дундаж

ЗХАШШ

 Шүүгчийн тоо

74.0

72.8

69.8

68.9

71.4

90.4

74.6

.

 Нэг шүүгчид ногдох хэрэг

22.1

24.0

21.8

25.6

29.4

23.2

24.4

НдЗХАШШ

 Шүүгчийн тоо

17.0

17.9

17.0

16.5

20.4

22.8

18.6

.

 Нэг шүүгчид ногдох хэрэг

56.7

59.9

52.6

59.6

52.3

52.3

55.6

 .

 Ачаалал харьцуулалт

2.6х

2.5х

2.4х

2.3х

1.8х

2.3х

2.3х

Шүүгчийн тоо 2018 оноос 2022 он хүртэл хэлбэлзэж, 2018 онд 74.0 байсан бол 2021 онд 68.9 болж буурч, улмаар 2022 онд 71.4 болж бага зэрэг өссөн боловч 2023 онд мэдэгдэхүйц үсрэлт гарч 90.4 болсон байна. 2023 онд шүүгчийн тоог нэмэгдүүлсэн нь шүүхийн чадавхыг өргөжүүлэх, магадгүй нэмэгдэж буй ачааллыг бууруулах, үлдэгдэл хэргийг илүү үр дүнтэй удирдахад чиглэгджээ. Эс бөгөөс, өмнөх жилүүдийн хэлбэлзлийн хариу арга хэмжээ, ачааллыг тогтворжуулах оролдлого байж болно.


Нэг шүүгчид ногдох хэрэг мөн хэлбэлзэж байжээ. 2018 онд 22.1-ээс эхэлж, 2022 онд 29.4-т хүрч, 2023 онд 23.2 болж буурчээ. 2023 онд нэг шүүгчид ногдох хэрэг буурсан нь тухайн жил шүүгчийн тоо өссөнийг илтгэж байна. Шүүгч ажилд олноор орохын хэрээр хэргийн ачаалал илүү олон шүүгчид тархаж, шүүгч бүрийн шийдвэрлэх хэргийн тоог цөөрүүлсэн.


Сүүлийн 6 жилийн хугацаанд салбарын дунджаар нэг шүүгчид 24.4 хэрэг ногдож байсан бол НдЗХАШШ-ийн нэг шүүгч 55.6 хэрэг ногдож, 2.3 дахин ачаалалтай ажилласан байна.


График 20 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн шүүгчийн тоо, нэг шүүгчид ногдох хэрэг

ЗХАШШ, НдЗХАШШ-ийн шүүгчийн тоо, нэг шүүгчид ногдох хэрэг

2023 онд улсын хэмжээнд нийт 90 шүүгч ажилласан ба НдЗХАШШ-ийн шүүгчдийг оруулахгүйгээр 68 шүүгч байна. Хэрэв шүүгчийн тоог нэмэхгүйгээр ачааллыг тэнцвэржүүлнэ гэвэл 68 шүүгчээс 30 шүүгчийг нийслэл рүү шилжүүлнэ гэсэн үг. Энэ нь зөвхөн математик тооцоо тул шүүх байгууллагын орон тоо нэмэх, эсвэл шүүгч, болон албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэр гаргахдаа илүү нарийвчилсан тооцоо дээр үндэслэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч, нийслэлтэй харьцуулахад бусад газар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хандлага ажиглагдсан нь хэргийг харьцангуй богино хугацаанд, амар шийдвэрлэдэг гэсэн дүгнэлтийг дагуулах тул боловсон хүчний нөөцийн хуваарилалтыг эргэн харах хэрэгтэй байна.


Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо

2023 онд улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1’971 шүүх хуралдаанд 1’803 иргэдийн төлөөлөгч оролцсон. Үүнээс захиргааны хэргийн нийт 123 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бол НдЗХАШШ-д 52 хүн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож ажиллажээ.


Тоо баримт шүүх хуралдаан иргэдийн оролцоотой явагдаж байгааг харуулах боловч иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг бүрэн гүйцэт ойлгож, хянаж, дуу хоолойгоо шүүхэд хүргэж, чанартай дүгнэлт хийн танилцуулж буйг илтгэхгүй билээ. Иргэдийн төлөөлөгчийн идэвх санаачилгатай оролцоо нь түүнд төлж буй цалин хөлснөөс шууд хамааралтай. Гэтэл, 2023 онд иргэдийн төлөөлөгчдөд нийт 78’155’661 төгрөгийн хөлс олгосон буюу нэг иргэдийн төлөөлөгчид дунджаар 43’348 төгрөг ногдсон байна. Энэ хэмжээний цалин хөлсөөр цаг хугацаа зарцуулах хүн олон байх эсэх нь эргэлзээ дагуулна.


II. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны прогноз, тооцоо

Энэ хэсэгт шүүхийн үйл ажиллагааны прогноз; хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн харьцуулалт шинжилгээ; ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэрэгт НдЗХАШШ-ийн эзэлж буй хувь хэмжээнд хийсэн анализ хийж; шүүхийн үйл ажиллагааны үр ашигт байдлын түлхүүр үзүүлэлт; шүүгчийн тоо, шийдвэрлэсэн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийн шинжилгээ; шийдвэрлэвэл зохих хэргийн шийдэх магадлал; шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлалыг тооцов.


Шүүхийн үйл ажиллагааны прогноз

Өнгөрсөн хугацааны тоон өгөгдөл дээр үндэслэн хэтийн төлөв буюу прогнозыг түлхүүр үзүүлэлтээр хийлээ.


2004-2023 онд НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлийн тоон өгөгдөл дээр тулгуурлан дараагийн 5 жилийн прогнозыг хийхэд дараагийн жилүүдэд 7.24-4.08 хувийн өсөлтийг үзүүлэхээр байна. Хүлээн авах нэхэмжлэлийн өсөлтийн хувь буурах трендтэй хэдий ч хүлээн авах нэхэмжлэлийн абсолют тоо өсөлтөө хадгалахаар байна.


2004-2023 онд НдЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба магадлалыг дээш доош 5 хувь хэлбэлзэнэ гэж үзэн дараагийн 5 жилийн прогнозыг муруй шугаман графикт буулгав.


График 21 НдЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба 5 жилийн прогноз

НдЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба 5 жилийн прогноз

Тус шүүх 2004 онд 160 нэхэмжлэл хүлээн авсан бол 2023 онд 2’514 болж ажлын ачаалал 16 дахин өссөн байна. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бусад этгээдээс ирэх нэхэмжлэл, хүсэл, гомдол ковид 19 цар тахлын үеийг эс тооцвол жил ирэх тутам нэмэгдэж байжээ. Өнгөрсөн хугацааны тоон өгөгдөл стандарт хазайлт багатай (R^2=0.95) тул өгөгдөл дээр шууд үндэслэн прогноз хийж үзэхэд хүлээн авах нэхэмжлэл 2024 онд 2’696, 2028 онд 3’197 болж өсөхөөр байна.


2004-2023 онд НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ба магадлалыг дээш доош 5 хувь хэлбэлзэнэ гэж үзэн дараагийн 5 жилийн прогнозыг хийж муруй шугаман графикаар дүрслэв.


График 22 НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ба 5 жилийн прогноз

НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн нийт хэрэг ба 5 жилийн прогноз

2004 онд захиргааны 48 хэрэг шийдвэрлэж байсан бол 2023 онд 1’193 болж 25 дахин өссөн байна. Шийдвэрлэх хэрэг 2024 онд 1’247, 2028 онд 1’476 болж өсөхөөр байна.


Хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн харьцуулалт шинжилгээ

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн дундаж өсөлтийг харьцуулан хүснэгтэд харуулав.


Хүснэгт 4 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн харьцуулалт

Үзүүлэлт

Хүлээн авсан нэхэмжлэл

 Их, бага

Шийдвэрлэсэн хэрэг

Зөрүү

ЗХАШШ

12.27%

<

18.94%

6.67%

Их, бага

v

 .

v

 .

НдЗХАШШ

17.16%

<

25.11%

7.95%

Зөрүү

4.89%

.

6.17%

.

Аль аль шүүхийн хүлээн авсан нэхэмжлэлийн өсөлт нь шийдвэрлэсэн хэргийн өсөлтөөс бага байна. Энэ нь шүүхүүд үр ашигтай ажиллаж, эрэлт хэрэгцээг тодорхой түвшинд хангаж, өсөн нэмэгдэж буй ачааллыг дааж байгааг илтгэнэ. НдЗХАШШ-ийн үр ашиг 1 пунктээр илүү байгаа нь гүйцэтгэлийн сайн үзүүлэлт билээ. Гэсэн хэдий ч, 6.67 болон 7.95 хувийн өсөлтийн зөрүүг бусад шүүхийн жишигтэй харьцуулан дүгнэх нь зүйтэй.


Улсын хэмжээнд хүлээн авсан нийт нэхэмжлэл, шийдвэрлэсэн нийт хэргийг НдЗХАШШ-тэй харьцуулахад зөрүү 4.89 хувь, 6.17 хувь тус тус байгаа нь ажлын ачааллын ялгаанаас улбаатай. Нийслэл хотод хүн амын суурьшил нягт, захиргааны байгууллагууд төвлөрсөн, үүнтэй холбоотой эдийн засгийн үйл ажиллагаа идэвхтэй тул холбоотой маргаан өсөн нэмэгдэж байгаагаас шалтгаалан НдЗХАШШ-ийн өсөлт арай өндөр байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд зонхилон тохиож буй захиргааны тодорхой асуудлаас шалтгаалан НдЗХАШШ-ийн ачаалал өндөр байх магадлалтай. Тийм хэдий ч, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор зөвхөн нийслэл бус бусад орон нутагт хүн амын суурьшил нягтрах, сийрэгжих нөхцөл байдлыг үнэлбэл зохилтой.


НдЗХАШШ-ийг ЗХАШШ-тэй харьцуулахад харьцангуй өндөр хувь хэмжээгээр нэхэмжлэл хүлээн авч, тэр хэмжээгээр олон хэргийг шийдвэрлэдэг нь шүүгч, шүүхийн албан хаагч, технологи, санхүүжилт зэрэг нөөц шаардлагатай гэдгийг урьдчилан сануулсан дохио болно. Одоогоор аль аль шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад бага хурдаар өсөж байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт байна.


НдЗХАШШ-ийн хүлээн авч буй нэхэмжлэлийн хэмжээ ЗХАШШ-ээс хурдан нэмэгдэж байгаа нь шүүгчийн тоог нэмэх, дэд бүтцийг өргөтгөх, эсвэл үйл явцыг сайжруулах хэрэгцээтэй байгааг нотолно. Шүүгчийн тоог нэмэх үү, эсвэл нийслэлийн шүүх рүү бусад шүүхээс шүүгчийг шилжүүлэх үү гэдгийг олон өгөгдөл тайлбарлах анализ дээр үндэслэн гаргах нь зүйтэй ч тайлангийн хүрээнд хийсэн дүн шинжилгээнээс шилжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хиймээр байна. Мөн шүүхийн зүгээс саатал, үр ашиггүй байдлаас зайлсхийхийн тулд ирээдүйд чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай.


Нөгөөтээгүүр, ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлийн өсөлт бага байгаа нь нийслэлээс бусад орон нутагт захиргаатай холбоотой маргааныг шүүхийн тогтолцооноос гадуур шийдвэрлэж байж болзошгүй гэдгийн анхааруулга болно.


Өнгөрсөн 20 жилийн хугацаанд захиргааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл хийгдсэн, түүний дотор ЗХШХШтХ нь иргэний шүүхэд хандах эрхийг өргөтгөсөн, маргааныг шүүхээр шуурхай шийдвэрлүүлэх нөхцөл бүрдүүлсэн, шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлсэн билээ. Тодруулбал, хүн зөрчигдсөн төдийгүй зөрчигдөж болзошгүй эрхийн асуудлаар шүүхэд хандах эрх нээгдсэн. Амьдралд нэвтэрсний бодит илрэл нь шийдвэрлэсэн хэргийн өсөлтийн хурд нэхэмжлэлийн өсөлтөөс давсан байгаад юм. Товчхондоо, төрийн бодлого буюу эрх зүйн шинэчлэлийн эерэг үр нөлөө нийслэлд тусгалаа олжээ.


ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэгт НдЗХАШШ-ийн эзэлж буй хувь хэмжээнд хийсэн анализ

20 жилийн хугацаанд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 61.52 хувь бол НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь 48.22 хувь, зөрүү нь 13.30 хувь байна. Энэ нь нийслэлд нэхэмжлэлийн харьяалал их, нарийн төвөгтэй хэргийн ачаалалтай холбоотой тогтолцооны асуудал болно. Товчхондоо, НдЗХАШШ-д хэргийн үлдэгдэл нэмэгдэж, ХХША-нд зарцуулж буй хугацааг уртасгахад хүргэж байгааг илэрхийлсэн үзүүлэлт болно. Нөгөөтээгүүр, ЗХАШШ-д хүлээн авч буй нэхэмжлэлд НдЗХАШШ-ийн эзлэх хувь өндөр байтал, шийдвэрлэсэн хэргийн хувь хэмжээ доогуур байгаа нь шүүхийн үйл ажиллагаа хоцрогдолтой, өөрөөр хэлбэл шүүхийн ажлын ачаалалтай харьцуулахад нөөц хомс байгааг давхар баталж байна.


2004-2004 онд ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэргийн дундаж тоо болон НдЗХАШШ-ийн эзлэх хувийг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 5 ЗХАШШ, НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэргийн дундаж тоо болон НдЗХАШШ-ийн эзлэх хувь

Үзүүлэлт

Хүлээн авсан нэхэмжлэл

Шийдвэрлэсэн хэрэг

Эзлэх хувь

ЗХАШШ

2,012

1,236

61.52%

НдЗХАШШ

1,412

681

48.22%

Зөрүү

.

 .

13.30%

Эзлэх хувь

70.18%

55.00%

15.18%

НдЗХАШШ-ийн хүлээн авч буй нэхэмжлэлийн өсөлт 17.16 хувь буюу ЗХАШШ-тэй харьцуулахад 4.89 хувиар өндөр байгаа ба 70.18 хувийг эзэлж байна. Энэ нь нийслэл харьцангуй динамик өсөлттэй, тэр дундаа эдийн засгийн өсөлтийг харуулсан барилга, газар ашиглалтын маргаан, бизнесийн эрх зүйн зохицуулалт зэрэгтэй холбоотой байж болно. Урт хугацааны чиг хандлагыг харьцуулснаар нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, зохицуулалтын нарийсал, хүн амын суурьшилт зэрэг гадаад хүчин зүйл захиргааны хэрэг, маргаанд хэрхэн нөлөөлж байгааг тодруулж болно.


НдЗХАШШ хүлээн авах нэхэмжлэл, шийдвэрлэх хэрэг өсөхөд шүүгчийн тоог 19 хэвээр хадгална гэж тооцоо хийвэл 2024-2028 онд нэг шүүгч сард дунджаар 12-14 нэхэмжлэл хүлээн авч, 5-6 хэрэг шийдвэрлэхээр байна. Шүүхийн хүлээн авсан нэхэмжлэлд эзлэх шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь (~50%) гэсэн харьцаа хадгалагдана. Дараагийн 5 жилд шүүгчийн ажлын ачааллыг хэвээр нь хадгалж үлдэх бол шүүгчийн орон тоог 24 болгон нэмэгдүүлэх шаардлагатай. Шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан нь НдЗХАШШ-ийн шүүгчийн ажлын ачааллыг салбарын дундажтай дүйцүүлэн бууруулахтай холбоотой юм.


Энд зөвхөн шүүгчийн ачаалал дангаар яригдаж буй хэрэг биш гэдгийг тэмдэглэж байна. Шүүхийн хүлээн авч буй нэхэмжлэл, шийдэж буй хэрэгтэй холбоотойгоор шүүхээс боловсруулах эрх зүйн акт, хуралдах шүүх хуралдаан, шүүхээс хийгдэх ажиллагаа зэрэг нь шүүхийн бусад албан хаагчийн ажлын ачаалалтай уялдана. Тиймээс, дэлгэрэнгүй тоо мэдээ, өгөгдөл дээр тулгуурлан шаардлагатай боловсон хүчний тоо, шүүх байр, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ зэргийн тооцооллыг хийх нь зүйтэй. Чухам ийм тооцоо, дүн шинжилгээ дээр үндэслэн хөрөнгө хуваарилах, нэмэлт санхүүжилт олгох асуудлыг шийднэ.


Шүүгчийн тоо, шийдвэрлэсэн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийн шинжилгээ

Корреляцийн шинжилгээ
Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны корреляци

2023 онд ЗХАШШ-ийн шүүгчийн тоо 71.4-өөс 90.4 болж өсөж, нэг шүүгчид ногдох хэргийн тоо 29.4-өөс 23.2 болж буурсан ба шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх замаар ажлын ачааллыг зохицуулах стратеги баримталжээ.


2018-2023 онд ЗХАШШ, НдЗХАШШ, бусад ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны корреляцийн тооцоог хүснэгтэд харуулав.


Хүснэгт 6 Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны корреляци

Шүүх 

Корреляци

Тайлбар

ЗХАШШ

0.73

Дунд зэрэг, төгс бус харилцан хамааралтай

НдЗХАШШ

0.88

1-тэй ойролцоо гэдэг нь харьцангуй хүчтэй эерэг харилцан хамааралтай

Бусад ЗХАШШ

0.47

Сул хамааралтай

Өнгөрсөн 6 жилийн байдлаар ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тоо хоорондын харилцан хамаарал төгс бус, дунд зэрэг 0.73 гарав. Хэдийгээр хувьсагчид нэг нь нөгөөгөө тайлбарлаж чадахуйц, хангалттай ч гэсэн ачааллыг баригдахуйц бууруулахад шүүгчийн тоог нэмэх нь хангалтгүй, цорын ганц шийдэл биш гэсэн үг.


НдЗХАШШ-ийн хувьд үзүүлэлтүүдийн корреляци 0.88 буюу 1-тэй ойролцоо, харьцангуй хүчтэй эерэг харилцан хамаарал юм. Энэ утга нь шүүгчийн тоо нэмэгдэхэд шийдвэрлэх хэргийн тоо тогтмол буурах хандлагатай буюу шүүхийн нэгж ачааллыг бууруулах үр дүнтэй арга төдийгүй нэлээд тогтвортой, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх магадлалтай байна.


Сонирхолтой зүйл нь ЗХАШШ-ээс НдЗХАШШ-ийн үзүүлэлтийг хасаж бусад ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тоо хоорондын хамаарлыг тооцож үзэхэд 0.47 буюу хоёр хувьсагчийн хооронд сул эерэг хамаарал байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг нэмэх, хасах нь шийдвэрлэх хэрэгт бага зэрэг л нөлөөлнө гэсэн үг. Үүнээс үзэхэд, бусад ЗХАШШ хянан шийдвэрлэх хэргийн тоонд бусад хүчин зүйл нөлөөлж байгаа бололтой. Ийм сул хамааралтай үед шүүгчийн тоог нэмбэл шүүхийн ачаалал харагдахуйц буурахгүй байх магадлалтай.


Товчхондоо, НдЗХАШШ-ийн ачааллыг бууруулахын тулд шүүгчийн тоог нэмж болно, харин бусад ЗХАШШ-ийн хувьд эсрэгээрээ хэвээр үлдээх, цаашилбал бууруулах хэрэгтэй. Шүүхийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх, ХХША-г оновчтой болгох, эсвэл хэргийн орох урсгал болон шийдвэрлэлтийн түвшинд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг олж илрүүлэхэд анхаарах нь зүйтэй. Хоёр хэмжигдэхүүнийг үргэлжлүүлэн хянах нь эдгээр өөрчлөлтийн үр нөлөөг цаг хугацааны явцад үнэлэхэд ач холбогдолтой болно.


Хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн корреляци

2011-2023 оны ЗХАШШ болон НдЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн корреляцийг тооцож үзэхэд 0.84, 0.96 тус тус гарсан нь 1-тэй ойролцоо, үзүүлэлтүүд хоорондоо хүчтэй эерэг шугаман хамааралтай буюу ерөнхийдөө нэхэмжлэлийн тоо нэмэгдэхийн хэрээр шийдвэрлэх хэргийн тоо ч нэмэгддэг гэсэн үг. Тайлбарлавал, хүлээн авч буй нэхэмжлэл харилцан адилгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх чадамжаа түүнд тохируулж байгааг илэрхийлнэ.


Корреляци нь учир шалтгааны хамаарлыг илэрхийлдэггүй тул хүчтэй холбоотой хэдий ч хүлээн авах нэхэмжлэлийн өсөлт нь шийдвэрлэх хэргийн өсөлтөд шууд нөлөөлнө гэж хэлж болохгүй. Нөөцийн хуваарилалт, боловсон хүчний өөрчлөлт зэрэг бусад хүчин зүйл шүүх хэргийг шийдвэрлэх чадварт нөлөөлж болно. Харин энэ хандлага үргэлжилбэл шүүх ирээдүйд ирэх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч, нэхэмжлэлийн тоо нэмэгдсээр байвал энэхүү тэнцвэрийг хадгалах, хоцрогдол үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно. Энэхүү бат бөх харилцаа нь бусад нөлөөлөгч хүчин зүйл тогтвортой гэж үзэн ирээдүйн хүлээн авах нэхэмжлэлийн тоонд тулгуурлан ирээдүйн шийдвэрлэх хэргийн тоо хэмжээг таамаглах боломж олгоно (Шийдвэрлэсэн хэрэг ба хүлээн авсан нэхэмжлэлийн регресс).


Регрессийн шинжилгээ
Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны регресс

2018-2023 оны ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны хоорондын хамаарлын шугаман регрессийн шинжилгээг хийхэд регрессийн тэгшитгэл:


Шийдвэрлэх хэргийн таамаг = 353.27+29.81*Шүүгчийн тоо


Энэ нь нэмэлт шүүгч бүр 30 орчим хэргийг шийдвэрлэнэ гэсэн үг. Өмнөх тооцоогоор ЗХАШШ-ийн нэг шүүгчид сүүлийн 6 жилийн дунджаар 24.4 хэрэг ногдож байсантай харьцуулахад 30 хэрэг нь өндөр үзүүлэлт юм. Гарсан үр дүн нь өөр хоорондоо үгүйсгэж байгаа нь буюу шийдвэрлэсэн хэргийн 52.61 хувийг шүүгчийн тоогоор тайлбарлаж байгаатай холбоотой. Товчхондоо, шүүгчийн тооноос гадна хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх өөр бусад хүчин зүйл байна.


Шүүгчийн тоо коэффициентын p-утга нь 0.103 буюу ажиглагдсан хамаарал 5 хувийн түвшинд статистикийн хувьд ач холбогдолгүй гэсэн үг. Шүүгчийн тоо өссөнөөр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх боломжтой боловч үр нөлөө нь энэхүү хязгаарлагдмал өгөгдлөөр батлагдаагүй.


Харин 2018-2023 оны НдЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны хоорондын хамаарлын шугаман регрессийн шинжилгээг хийж графикаар харуулав.


График 23 Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны регресс

Шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тооны регресс

Энэ нь нэмэлт шүүгч бүр 37 орчим хэргийг шийдвэрлэх буюу НдЗХАШШ-ийн нэг шүүгчид сүүлийн 6 жилийн дунджаар 55.6 хэрэг ногдож байсантай харьцуулахад бага үзүүлэлт юм.





Шүүгчийн тоо коэффициентын p-утга нь 0.022 буюу ажиглагдсан хамаарал 5 хувийн түвшинд статистикийн хувьд ач холбогдолтой. Шүүгчийн тоо өссөнөөр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх боломжтой.


Хэдийгээр түүврийн хэмжээ цөөн ч, стандарт хазайлт 77.05 хувь буюу шийдвэрлэсэн хэрэг ба шүүгчийн тоо хооронд хүчтэй хамааралтай тул загварыг ашиглан шүүгчийн тоонд өөрчлөлт оруулж хэргийн шийдвэрлэлтэд үзүүлэх нөлөөллийг ойролцоогоор тооцоолж болно. 2023 онд шүүгчийн тоо 22.8 байхад 1’193 хэрэг шийдвэрлэж байсан бол загварыг ашиглан 2024 оны шийдвэрлэх хэргийг таамаглахад 1’184 гэсэн ойролцоо хариу гарав.


Шүүгчийн тоог нэмэх нь үр ашигтай мэт боловч зөвхөн энэ өгөгдөлд тулгуурлан тийм ч сайн таамаглах боломжгүй. Өгөгдлийг нэмэх, эсвэл хэргийн адармаатай байдал, ажлын ачаалал гэх зэрэг нэмэлт хүчин зүйл нь загварын нарийвчлалыг сайжруулна.


Хүлээн авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн регресс

2011-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэлийн тоо (бие даасан хувьсагч) болон шийдвэрлэгдсэн хэргийн (хамаарах хувьсагч) хоорондын хамаарлын шугаман регрессийн шинжилгээ хийж үзэхэд буюу шийдвэрлэсэн хэргийн 70.24 хувийг хүлээн авсан нэхэмжлэлээр тайлбарлаж болно. Гэсэн хэдий ч нь 1-тэй ойролцоо биш байгаа нь шүүхийн нөөц, шүүгчийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэсэн хэргийн тоонд бусад хүчин зүйл нөлөөлж байна.


Хүлээн авсан нэхэмжлэлийн коэффициент 0.7341 нь нэмэлт нэхэмжлэл бүрд 0.73 орчим хэрэг шийдвэрлэгддэг гэсэн үг. Энэ коэффициент нь статистикийн хувьд өндөр ач холбогдолтой (p<0.001), утга учиртай хамаарлыг илтгэнэ. Харин нэхэмжлэл хүлээн аваагүй тохиолдолд шийдвэрлэсэн хэргийн тооцоолсон тоо -253.89 гэсэн хамаарах хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Хэдийгээр үүнийг бодит нөхцөл байдалд шууд тайлбарлах боломжгүй ч (нэхэмжлэлийн тоо үргэлж тэг биш) регрессийн тооцооллын нэг хэсэг гэж ойлгоно.


Загварыг ашиглан шүүхийн үр ашиг, нөөцийг тогтмол гэж үзэн таамагласан нэхэмжлэлийн хэмжээг ашиглан шийдвэрлэх хэргийг урьдчилан таамаглаж болно. 2004-2023 онд ЗХАШШ-ийн хүлээн авсан нийт нэхэмжлэл ба дараагийн 5 жилийн прогнозыг муруй шугаман графикаар харуулав.


График 24 ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба дараагийн 5 жилийн прогноз

ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл ба дараагийн 5 жилийн прогноз

Загварын дагуу ирэх 5 жилийн хүлээн авах нэхэмжлэлийг прогнозыг ашиглан хянан шийдвэрлэх хэргийг урьдчилан таамаглаж үр дүнг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 7 ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэх хэргийн таамаг

Үзүүлэлт

2024

2025

2026

2027

2028

ЗХАШШ-ийн хүлээн авах нэхэмжлэл

3,312

3,441

3,570

3,700

3,829

ЗХАШШ-ийн хянан шийдвэрлэх хэрэг

2,177

2,272

2,367

2,462

2,557

Бусад хүчин зүйлээс улбаатай шүүхийн үр ашиг сайжрах, нөөц нэмэгдэх тохиолдолд үр дүн өөрчлөгдөнө гэдгийг анхаарах хэрэгтэй.


Шүүхийн үйл ажиллагааны үр ашигт байдлын түлхүүр үзүүлэлт

Шүүхийн үйл ажиллагааны үр ашигт байдлыг илэрхийлэх шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа, үлдэгдэл хэргийг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа, нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл хэрэг гэх түлхүүр үзүүлэлт байна.


Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа

Шүүхийн үр ашигт байдлыг (CR) тооцохдоо тайлант хугацаанд шүүхийн хүлээж авсан нийт нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нийт хэрэгт хувааж хувиар илэрхийлж тооцно.


Шүүхийн үр ашигт байдал (CR) = Хүлээж авсан нэхэмжлэл / Шийдвэрлэсэн хэрэг * 100%


Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцааны үзүүлэлтийн утга, товч тайлбарыг инфографик зурагт харуулав.


Зураг 1 Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа

Шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа

CR нь 100 хувьтай тэнцүү байх нь шүүх үр ашигтай буюу тайлант хугацаанд хэдий хэмжээний нэхэмжлэл хүлээн авна төдий хэмжээгээр шийдвэрлэж чадахыг илтгэнэ. CR нь 100 хувиас дээш байх нь хүлээн авах нэхэмжлэлээс илүү хэрэг шийдвэрлэх чадвартай байгааг харуулна. Харин CR нь 100 хувиас бага байх шүүх үр ашиггүй төдийгүй үлдэгдэл хэрэг хуримтлагдаж буй дохио болно. Товчхондоо, шүүх хэргийн урсгалыг зохицуулж чадаж буй эсэхийг илэрхийлэх үзүүлэлт юм.


НдЗХАШШ-ийн шүүхийн хүлээж авсан нэхэмжлэл ба шийдвэрлэсэн хэргийн харьцаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд дунджаар 50 орчим хувьтай байсан ба 2023 оны байдлаар 47.45 хувь байжээ. Шүүх хэргийн урсгалыг зохицуулж чадахгүй, хуримтлагдсан үлдэгдэл хэрэгтэй, үр ашиггүй ажиллаж байна. Гэхдээ энэ тооцоог үлдэгдэл хэргийг дотор нь хуулийн хугацаанд байгаа, хугацаа хэтэрсэн, түдгэлзүүлсэн гэж задалж хийвэл үзүүлэлт бага зэрэг сайжрах болно.


Үлдэгдэл хэргийг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа

Үлдэгдэл хэргийг шийдвэрлэх хугацааны урьдчилсан таамаг буюу зарцуулах хугацааг шүүхийн одоогийн хүчин чадлыг харгалзан тооцож болно. Зарцуулах хугацааг (DT) тайлант хугацааны эцэст үлдэгдэл хэргийн тоог шийдвэрлэсэн нийт хэргийн тоод хувааж 365-д үржүүлж олно.


Зарцуулах хугацаа (DT) = Үлдэгдэл хэргийн тоо / Шийдвэрлэсэн хэргийн тоо * 365


Энэ үзүүлэлт нь ХХША-ны үргэлжлэх хугацаа биш, харин үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацааны онолын тооцоо юм. Үлдэгдэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны таамаг тооцох дарааллыг инфографик зургаар харуулав.


Зураг 2 Үлдэгдэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны таамаг

Үлдэгдэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны таамаг

Хуульд зааснаар шүүх хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгах ба хэрэг хянан шийдвэрлэх нийт хугацаа 105 хоног байна. Гэтэл НдЗХАШШ-ийн 2018-2023 оны үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацааны тооцоог хийж үзэхэд дунджаар 217 хоног буюу хуульд заасан хугацаанаас 2 дахин өндөр байна. 2018-2023 оны үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацааны тооцооны үр дүнг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 8 Үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаа

Үзүүлэлт

2018

2019

2020

2021

2022

2023

Дундаж

Зарцуулах хугацаа

211

186

246

225

232

200

217

Энэ нь (i) ХХША-ны явцад үүсэж болзошгүй хүндрэл, эсвэл хүлээн авч буй нэхэмжлэлийн хэмжээ ба шүүхийн хэрэг шийдвэрлэх чадавх харилцан тэнцвэргүй; (ii) шүүхээс хэргийг хуульд заасан хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхийн тулд шүүгч, албан хаагч, технологийн сайжруулалт зэрэг нэмэлт нөөц шаардлагатай; (iii) үлдэгдэл хэргийг шийдвэрлэх хугацаа нь нийт хэргийн урсгалд нөлөөлж, хэргийн оролцогчийн хүлээх хугацааг уртасгахад хүргэж, шүүхийн үйл ажиллагааны үр ашиг, шударга байдалд нөлөөлж болзошгүй; (iv) хуульд заасан хугацаатай уялдуулахын тулд шүүх сар бүр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, захиргааны процессыг оновчтой болгох, эсвэл илүү үр дүнтэй ХХША-ны арга барилыг хэрэгжүүлэх зэрэг стратегийг бодолцох хэрэгтэй байна. Эдгээр нь үр нөлөө үзүүлэхгүй аваас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг илтгэнэ. Чухам хуульд хугацааг тогтоохдоо анхлан ямар тооцоо дээр үндэслэсэн, олон улсын жишиг ямар байдаг, хэргийг хянан шийдвэрлэх цаанадах бодит хугацаа ба хуульд заасан хугацаа хооронд 2 дахин зөрүү гарч буйг тодруулбал зохилтой.


Нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл хэрэг

НдЗХАШШ-ийн УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан орон тоо ба 2023 онд ажилласан шүүгчийн тоог хүснэгтэд харуулав.


Хүснэгт 9 НдЗХАШШ-ийн батлагдсан орон тоо ба 2023 онд ажилласан шүүгч

Үзүүлэлт

Батлагдсан орон тоо

2023 онд ажилласан

Ерөнхий шүүгч

1

1

Шүүгч

19

18

Сэлгэн ажиллаж байгаа шүүгч

 

3

Жирэмсний болон амаржсаны амралттай шүүгч

 

1

Хүүхэд асрах чөлөөтэй шүүгч

 

2

ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдсон

 

1

Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн орон тоо

 

1

Нийт

20

27

2023 онд НдЗХАШШ-д 22.8 шүүгч ажилласан байна. Нэг шүүгч сард дунджаар 9 нэхэмжлэл хүлээн авч 4 хэрэг шийдвэрлэсэн байна.


Тайлант хугацаанд шүүхийн хүлээн авсан нийт нэхэмжлэлийн тоо, шийдвэрлэсэн нийт хэргийн тоо, шүүхийн үлдэгдэл хэргийн тоог шүүгчийн тоонд харьцуулж нэг шүүгчид ногдох тоо хэмжээг олно. 2018-2023 оны НдЗХАШШ-ийн нийт болон нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл хэргийн тоо хэмжээг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 10 НдЗХАШШ-ийн нийт болон нэг шүүгчид ногдох хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, үлдэгдэл

Үзүүлэлт

2018

2019

2020

2021

2022

2023

Шүүгчийн тоо

17.0

17.9

17.0

16.5

20.4

22.8

Хүлээн авсан нэхэмжлэл

2,076

2,193

2,031

2,064

2,288

2,514

Нэг шүүгчид ногдох

122.1

122.3

119.5

125.1

112.4

110.2

Шийдвэрлэсэн хэрэг

964

1,074

895

984

1,065

1,193

Нэг шүүгчид ногдох

56.7

59.9

52.6

59.6

52.3

52.3

Үлдэгдэл хэрэг

557

548

602

606

676

655

Нэг шүүгчид ногдох

32.8

30.6

35.4

36.7

33.2

28.7

Шүүгчийн тоо 2018 онд 17.0 байсан бол 2023 онд 22.8 болж нэмэгдсэн нь зургаан жилийн хугацаанд 34.18 хувиар өссөн. Шүүгчийн тоо ийнхүү нэмэгдсэн нь зөвхөн 2023 онд үлдэгдэл хэргийг багасгахад эергээр нөлөөлжээ.


НдЗХАШШ хүлээн авсан нийт нэхэмжлэл 2018 онд 2’076 байсан бол 2023 онд 2’514 болж, 6 жилийн хугацаанд 21.10 хувиар өссөн ба захиргааны байгууллагын шийдвэрт хөндлөнгийн давхар хяналт тавих шаардлагатай байгааг илэрхийлж байна. Харин нэг шүүгчид ногдох нэхэмжлэлийн хэмжээ 2018 онд 122.1 байсан бол 2023 онд 110.2 болж буурч нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 9.75 хувиар буурсан. Энэ үзүүлэлт буурсан нь шүүгчийн тооны өсөлттэй шууд хамааралтай ба нэг шүүгчид ногдох ачааллыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн шүүхийн хүчин чармайлт үр дүнгээ өгч, нэхэмжлэл бүрд илүү анхаарал хандуулах боломжийг олгожээ.


Шийдвэрлэсэн хэргийн тоо 2018 онд 964 байсан бол 2023 онд 1’193 болж, 6 жилийн хугацаанд 23.76 хувиар өссөн. Шийдвэрлэсэн хэрэг нэмэгдэж хүлээн авсан нэхэмжлэлийн өсөлтийг гүйцсэн. Гэсэн хэдий ч, өсөлтийн зөрүү багахан буюу 2.66 хувь гэдэг нь шүүхийн зүгээс үлдэгдэл хэргийг бууруулахаар ажиллаж байгаа боловч хэргийг хянан шийдвэрлэхэд бэрхшээлтэй тулгарсаар байна. Харин нэг шүүгчид ногдох шийдвэрлэсэн хэрэг 2018 онд 56.7 байсан бол 2023 онд 52.3 болж, 6 жилийн хугацаанд 7.77 хувиар буурсан. Энэ бууралт нь эхлээд харахад сөрөг үзүүлэлт мэт санагдах ч үнэн хэрэгтээ шүүгчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд ажлын ачааллыг жигд хуваарилах, тодорхой хэмжээнд бууруулах, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах алхам болжээ. Гэсэн хэдий ч, шүүгчийн тоо ба хэрэг шийдвэрлэлтийн хувь хэмжээ пропорциональ нэмэгдээгүй.


Үлдэгдэл хэргийн тоо хэлбэлзэж, 2018 онд 557 байсан бол 2022 онд 676 болж өсөж, 2023 онд 655 болж бага зэрэг буурчээ. Үлдэгдэл хэргийн тоо сүүлийн байдлаар бага зэрэг буурсан нь хоцрогдол арилгахад тодорхой ахиц дэвшил гарчээ. Гэвч жил ирэх тусам үлдэгдэл хэргийн тоо тогтмол буурахгүй байгаа нь шүүхийн зүгээс дорвитой ажил хийх хэрэгтэй байгааг илтгэнэ. Харин нэг шүүгчид ногдох үлдэгдэл хэрэг 2018 онд 32.8 байсан бол 2023 онд 28.7 болж, 12.36 хувиар буурсан байна. Энэ хандлага нь боловсон хүчний нөөц нэмэгдэж, ХХША-ны илүү үр дүнтэй арга барилтай холбоотой байх магадлалтай. Энэхүү буурах хандлага хэвээр хадгалагдвал хэрэг шийдвэрлэхэд зарцуулах нийт хугацаа буурахад хувь нэмэр оруулах болно. Шүүгчийн тоо нэмэгдэхэд үлдэгдэл хэрэг буурдаг хамааралтай боловч корреляци -0.62 байна.


Шүүгчийн орон тоог нэмэгдүүлсэн нь нэг шүүгчид ногдох нэхэмжлэл, үлдэгдэл хэргийн тоонд эергээр нөлөөлж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд тус болсон. Гэсэн хэдий ч хүчин чармайлтыг үл харгалзан үлдэгдэл хэргийн хэмжээ өндөр хувь хэмжээтэй байсаар байгаа. Нэг шүүгчид ногдох шийдвэрлэсэн хэргийн тоо буурч, харьцангуй цөөн хэрэг шүүн тасалдаг болсон ч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Хэргийн шийдвэрлэлтийн түвшнийг сайжруулахын тулд шүүх ХХША-ны үр ашгийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, сургалтыг чанаржуулах, технологи нэвтрүүлэх талаар бодолцох хэрэгтэй.


Үлдэгдэл хэрэг, түүний хамрах хүрээ, төрлийг илүү нарийвчлалтай тодорхойлохын тулд хэргийн тоон мэдээллийг цуглуулж, бүх шатны шүүхийн өнөөгийн байдлыг үнэлнэ. Гэсэн хэдий ч, хэргийн тоо дангаараа шүүхийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлж илэрхийлэхгүй тул үлдэгдэл хэргийн насжилтыг судалж, хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг, бусад түлхүүр үзүүлэлттэй харьцуулах хэрэгтэй. Эдгээр задаргаа бүхий тоо мэдээ байвал дурдсан шинжилгээг хийх боломжтой.


Шийдвэрлэвэл зохих хэргийг шийдэх магадлал

2015-2023 онд НдЗХАШШ ний 9’240 хэрэг шийдвэрлэж, 4’992 хэргийн үлдэгдэлтэй (нийт 14’232) байсан. Энэ нь шүүх тайлант хугацаанд шийдвэрлэвэл зохих хэргийн 54.43 хувийг шийддэг гэсэн үг. 9 жилийн дунджаар жилд 1’027 хэрэг шийдвэрлэж байсан.


Энэ тоо мэдээ дээр үндэслэн хэрэв шүүх шийдвэрлэвэл зохих ойролцоогоор 1’423 хэргийн 90-ээс доошгүй хувийг шийдвэрлэх зорилт тавивал биелэх магадлалыг бином тархалт ашиглан тооцож болно.

Бином тархалт

Энд,

n нийт хэргийн тоо (1423),

p амжилттай үр дүнгийн магадлал (0.90),

q буюу амжилтгүй байх магадлал (q) = 1 - p = 0.10 буюу (0.10),

k амжилттай үр дүнгийн тоо (1281).

Амжилттай үр дүнгийн тоо

n утга хэт өндөр тоо байгаа тул хэвийн тархалт ашиглан ойролцоогоор тооцоолж болно.

Хэвийн тархалт

Энд,

Хэвийн тархалт задаргаа




Хэвийн тархалтыг ашиглан магадлалыг тооцоолохын тулд Z оноог тооцоолно.

Z оноо

Стандарт хэвийн тархалтын хүснэгтээс Z (0.03) 0.512 магадлал буюу 2015-2023 оны түүхэн өгөгдөл болон бином тархалтын загварт үндэслэн ЗХШ нэг жилийн дотор шийдвэрлэвэл зохих нийт хэргийн 90-ээс доошгүй хувийг шийдвэрлэх магадлал ойролцоогоор 51.2 хувь байна гэсэн үг. Ийм өндөр зорилт тавих нь шүүхийн үр ашгийг дээшлүүлэх стратегийн зорилт боловч түүхэн тоо мэдээ зорилтыг биелүүлэхэд шаардлагатай үр ашгийн түвшинд хараахан хүрээгүй байна.


Шүүх шийдвэрлэвэл зохих хэргийн 60, 70, 80-аас доошгүй хувийг шийдвэрлэх зорилт тавьсан ч биелэх магадлал 50 орчим хувь хэвээр байх ба энэ нь шүүх өнгөрсөн хугацаанд шийдвэрлэвэл зохих хэргийн 54.43 хувийг шийддэг байсантай холбоотой. Үүний учир шалтгаан нь хэрэг, нэхэмжлэлийн тоо нэмэгдсэн ч шүүгч болон шүүхийн албан хаагчийн тоо тогтмол хэвээр, эсвэл орон тоо нэмэгдсэн ч хэргийн өсөлттэй нийцтэй бус, шийдвэрлэж буй хэрэг, маргаан ярвигтай, цаг хугацаа шаарддаг байж болно.


Тиймээс, шүүгчийн тоог нэмэх, эсвэл хэргийг илүү үр дүнтэй хуваарилах тогтолцоог нэвтрүүлэх, программ хангамжийг сайжруулах буюу гар ажиллагааг багасгаж, автоматжуулах, үлдэгдэл хэргийг бууруулах төлөвлөгөөт ажил хэрэгжүүлэх зэргээр шүүхийн үйл ажиллагааг чанаржуулах хэрэгтэй.


Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал

Сүүлийн гурван жилийн дунджаар ЗХАШШ хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 68.44 хувьд хэрэг үүсгэсэн байна. Харин шийдвэрлэсэн хэргийн 56.84 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар ердийн журмаар, 35.43 хувийг хялбаршуулсан журмаар, 7.73 хувийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдлыг амжилт гэж үзэн тооцоо хийж үзэхэд магадлал 14.47, 14.84 хувь тус тус байна. Өөрөөр хэлбэл, ЗХАШШ-ийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал 29.31 хувь буюу ойролцоогоор 3 хэрэг тутмын 1 байна. Хувь хэмжээ болон тооцооллыг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 11 Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал

Үзүүлэлт

%

%

%

👍

🤝

👎

ЗХАШШ-ийн хүлээн авсан нэхэмжлэл

100






Хэрэг үүсгэсэн

68.44






Ердийн журмаар шийдвэрлэсэн

56.84

38.90





Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан

37.19


14.47

14.47



Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон

8.73


3.40


3.40


Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон

48.33


18.80



18.80

Дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн

5.75


2.24


2.24


Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн

35.43

24.25





Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

30.08


7.29


7.29


Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн

61.21


14.84

14.84



Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн

8.71


2.11


2.11


Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

7.73

5.29





Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан

74.02


3.92



3.92

Нэхэмжлэлийг буцаасан

25.98


1.37


1.37


ЗХАШШ - Амжилтын магадлал




29.31

16.41

22.72

ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн давж заалдсан хувь хэмжээ

80.45






Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Магадлал

48.46

14.20


11.43



ЗХДЗШШ-ийн үлдэх хувь (амжилт)

19.55


29.31

5.73



ЗХДЗШШ - Амжилтын магадлал




17.16



ЗХДЗШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн УДШЗХТ-ээр хянан шийдвэрлэсэн хувь

30.37

 

 

 

 

 

Шийдвэр, Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон тогтоол

44.17

7.58

 

2.30

 

 

УДШЗХТ-ийн үлдэх хувь (амжилт)

69.63

 

17.16

11.95

 

 

УДШЗХТ - Амжилтын магадлал

 

 

 

14.25

 

 

Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдлыг харгалзан авч үзэн амжилтын магадлалыг тооцвол 17.16 хувь гарав. Магадлал буурч байгаа нь ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэргийн давж заалдсан хувь хэмжээ харьцангуй өндөр буюу 80.45 хувь, үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Магадлал 48.46 хувь буюу ойролцоогоор тал хувь байдагтай холбоотой байна.


Цааш үргэлжлүүлэн, хариуцагч талаас дээд шүүхэд гомдол гаргасан тохиолдлыг харгалзан авч үзэн магадлалыг тооцвол 14.25 хувь байна. Амжилтын магадлал буурч байгаа ч өмнөх шатны шүүхээс харьцангуй бага хувьтай байна. Энэ нь ЗХДЗШШ-ийн хянан шийдвэрлэсэн хэргийн УДШЗХТ-аар хянан шийдвэрлэсэн хувь харьцангуй бага буюу 30.37 хувь, үүнээс Шийдвэр, Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон тогтоол 44.17 хувь байгаатай холбоотой.


Хэрэв амжилтыг илүү өргөн хүрээтэй авч үзэж, тухайлбал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн тохиолдлыг нэмж тооцвол үзүүлэлт бага зэрэг өндөр гарна. Гэхдээ эдгээр тохиолдол нь нэхэмжлэгчийн хувьд амжилт гэж тооцогдох үзүүлэлт болохгүй билээ.


Энэхүү гарсан үр дүнг дотоодын бусад шүүхтэй болон ижил төстэй шүүх тогтолцоотой, олон нийтэд нээлттэй статистик мэдээлэлтэй гадаад улсын ЗХШ-ийн үзүүлэлттэй харьцуулж, олон улсын жишигт нийцэж буй талаар дүгнэлт хийж болно. Бэлэн тоо баримттай зарим судалгаанаас үзэхэд ЗХШ нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргадаг хувь хэмжээ ХБНГУ 60-70 хувь, Франц улс 30-40 хувь, Их Британи улс 50 орчим хувь, АНУ 30-40 хувь байна. Улс орнуудын ЗХШ татвар, цагаачлал, нийгмийн даатгалын маргаан зэрэг өргөн хүрээний хэргийг хянан шийдвэрлэхээс гадна нөхөн төлбөр төлөх, зуучлал, эвлэрүүлэх зэрэг аргыг түгээмэл ашигладаг. Үүнээс гадна олон шүүгчтэй, хэргийн удирдлагын тогтолцоо хөгжсөн, үлдэгдэл хэрэг бага улс орнуудын амжилтын түвшин өндөр байх хандлагатай байдаг.

Ж.Танан

Зүүлт тайлбар

[1] (НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан, 2023), (НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан, 2022).


[2] (2023 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2022 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2021 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2020 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2019 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2018 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2017 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2016 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2014 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2013 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2012 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2011 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2010 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2009 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2008 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2007 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2006 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (2005 оны шүүн таслах ажиллагааны мэдээ), (Монгол улсын шүүхийн 2004 оны шүүн таслах ажиллагааны мэдээ)


[3] (ЗХАШШ-ийн шийдвэрлэсэн хэрэг)


[4] Шүүхийн үйл ажиллагааны тайлант хугацаа тухайн оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болно.


[5] (ҮСХ, 2024)


[6] Шүүхийн хүртээмжийн харьцааг бусад шүүхтэй болон гадаад улсын жишигтэй харьцуулан дүгнэх нь зүйтэй.


[7] ЗХХШтХ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг ЗХШ хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино (ЗХХШтХ, 2002).


[8] ЗХШХШтХ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино (ЗХШХШтХ, 2016).


[9] Тухайлбал, хохирол барагдуулах нэхэмжлэлийн талаар тайлангийн Нэхэмжлэлтэй танилцах ажил хэсэгт танилцуулсан.


[10] Дэлгэрүүлэн нэхэмжлэл гаргасан этгээд хэсэгт тайлбарлана.


[11] 2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэгдсэн.


[12] ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь ардчилсан – плюралист концепцийн агуулгад хамаарна. Нэхэмжлэлийн төрөлд хязгаарлалт хийж өгсөн нь нийтийн захиргааны байгууллагад нийтийн ашиг сонирхол хийгээд хувийн ашиг сонирхлын хамгаалалтын балансыг барих боломж олгосон гэдэг утгаараа өнөөдрийн байдлаар оновчтой гаргалгаа гэж зарим эрдэмтэн үзсэн байна (Т.Мөнх-Эрдэнэ, 2017).


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.












НдЗХАШШ-ийн 
үйл ажиллагаа ба ирээдүйн хандлагын тоон шинжилгээ

2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Aug 31
Rated 5 out of 5 stars.

👍

Like

Guest
Jun 30
Rated 5 out of 5 stars.

🤩

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page