Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил
- Ж.Танан

- Mar 8
- 6 min read
Updated: Apr 15
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн дадлага хийх хугацаанд шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах; шүүхэд ирүүлсэн материалтай танилцах; ХХША-нд байлцах; иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэгтэй танилцаж, ажилласан цагийн тооцоо хийх аргачлалыг мэдэж авах; хэргийн оролцогчид хавтас хэрэг танилцуулах ба шүүх хуралдааны тов мэдэгдэх; шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах; шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх; шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох; системд эрх зүйн акт байршуулах болон мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх; эрх зүйн акт, албан тоотын төсөл бэлдэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн эрх зүйн акт, албан тоотод гарын үсэг зуруулах, дугаар авах, үзлэг хийхэд зураг дарах зэрэг шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын (ШХНБД) даалгасан бусад ажлыг хийв. Дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажлыг инфографик зургаар дүрслэв.

Хийж гүйцэтгэсэн ажил өнгөрсөн онд хэдэн удаа, ямар давтамжтай хийгдсэн талаар тоо мэдээллийг шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны тайлангаас авч тус бүр оруулав. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадварыг нэгтгэн оруулав.
Түүнчлэн, “Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл”-д хамрагдаж, шүүхийн түүхэн хөгжил, дотоод бүтэц зохион байгуулалт, дадлагаар сурч мэдэх, анхаарах зүйл, тэмдэглэл хөтлөхийн учир холбогдол, шүүхээс хийгддэг ажиллагааны талаар мэдэж авсан билээ (Т.Мөнх-Эрдэнэ, 2024).
Шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах ажил
Шүүхийн албан хаагч Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэдэг байна.
Дадлагажигчийн хувьд шүүгчийн туслах, ШХНБД-ын ажлаас заримыг нь гардан хийж, заримд нь тусалж, бусдад нь байлцсан бол мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив, бичиг хэрэг эрхлэгчийн ажлын байран дээр ажиглалт хийж, ярилцаж ажилтай танилцсан. Эдгээр ажлыг хийж байхдаа байгууллагын дүрэм, журмыг дагаж мөрдөхийн дээр байнгын сонор сэрэмжтэй байж, хийж буй ажил болон асууж лавлах зүйлийн тэмдэглэл хөтөлж, бүтээлч хандаж байв. Шүүхийн үйл ажиллагаанд шүүгчийн туслахын хийж гүйцэтгэж буй ажил өндөр ач холбогдолтой, цөм тул өгөгдсөн хугацаанд аль болох ихийг хийж сурах зорилго тавин хичээл зүтгэл гарган ажилласан. Шүүхийн зарим албан хаагчийн ажлын зорилго, зорилтыг хүснэгтэд харуулав.

Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг
Шүүгчийн туслахын албан тушаал нь шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцаж тайлагнах зорилготой ба (i) хууль, дүрэм, журамд заагдсан ажлын чиг үүргийг мөрдлөг болгон стандартын дагуу гүйцэтгэх; (ii) шүүгчээс хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх; (iii) хэргийн хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх; (iv) шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох; (v) хавтас хэргийг хөтлөх; (vi) иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах; (vii) захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем (ЗХБХНС) болон холбогдох бусад программыг хэрэглэх; (viii) удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилттой. Дурдсан зорилго, зорилтын хүрээнд албан тушаалын тодорхойлолтод (АТТ) зааснаар нийт 29 төрлийн хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэдэг. Шүүгчийн туслах нь шүүгчээс гадна, тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнд шууд харьяалагдана (Албан тушаалын тодорхойлолт).
Судалгаа шинжилгээтэй холбоотой ажил
Шүүгчийн туслахын хийж гүйцэтгэх ажлаас судалгаа шинжилгээтэй холбоотой хэд хэдэн ажил байна. Тухайлбал, шүүгчийг шаардлагатай гарын авлага мэдээллээр хангах, тоо баримт, мэдээ, судалгаа гаргаж өгөх; шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн судалгаа, кодификаци хийх; анхан шатны шүүхийн шийдвэртэй захиргааны хэрэгт дүн шинжилгээ хийх; ижил төстэй хэрэг, маргааныг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн судалгааг тухай бүр гаргаж танилцуулах; шаардлагатай гарын авлага мэдээллээр шүүгчийг хангах, тоо баримт, мэдээ, судалгаа гаргаж өгөх зэрэг чиг үүрэг АТТ-д тусгагдсан.
Судалгаа шинжилгээтэй холбоотой ажлыг хийхдээ туршлага солилцох уулзалтаар хариуцаж буй хэргийн талаар харилцан танилцуулга хийх, ярилцах, дотоод системээс мэдээлэл авч хийдэг. Ижил төстэй хэрэгт шүүхээс хийгдсэн ажиллагаа, цуглуулсан нотлох баримт зэрэгтэй танилцаж, шүүгчийг мэдээллээр хангана.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг
ШХНБД-ын албан тушаал нь шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцаж тайлагнах зорилготой ба (i) шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах; (ii) шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах; (iii) хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөх зорилттой. Дурдсан зорилго, зорилтын хүрээнд нийт 31 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. ШХНБД нь шүүгчээс гадна, тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслахад шууд харьяалагддаг (Албан тушаалын тодорхойлолт). Эдгээрээс шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажилд суралцсан.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг
Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаал нь шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнах зорилготой ба (i) хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, бүртгэх, хуваарилах (ХХША-ны үе шат-1); (ii) шүүхийн үйл ажиллагааны тухай болон захиргааны ХХША, шүүх хуралдааны тов зэрэг шүүхийн байгууллагаас хүссэн мэдээллийг хэргийн оролцогчид түргэн шуурхай өгөх; (iii) шүүхийн давж заалдах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэрэг мэдээг 7 хоног бүр гаргах; (iv) ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газраас гаргах шаардлагатай мэдээг тухай бүрд гаргах, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилттой. Дурдсан зорилго, зорилтын хүрээнд нийт 16 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнд шууд харьяалагдана (Албан тушаалын тодорхойлолт).
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн АТТ-ын нэгдүгээр зорилтын хүрээнд захиргааны хэрэг, ШИНБ-ын хэрэг, нэхэмжлэл, давж заалдах шатны болон хяналтын журмаар гаргах гомдол, хугацаа сэргээлгэх хүсэлт, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт, албадан гүйцэтгүүлэх хүсэлт, дүгнэлт, даалгавар, ГЭБДШ (гуравдагч этгээдийн бие даасан шаардлага), нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, ШИНБ-ын улмаас хянуулах хүсэлт хүлээж авна. Эдгээрийг ирсэн даруйд ХХША-тай холбоотой гар бүртгэлийг хөтлөхийн зэрэгцээ давхар ЗХБХНС-д бүртгэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс санамсаргүй байдлаар сонгогдсон шүүгчид хуваарилж, 1 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Үүний дараа, сонгогдсон шүүгч, түүний туслахын нэрийг холбогдох мэдээллийн хамт нэхэмжлэгчид өгнө. Шинэ нэхэмжлэлийн хувьд санамсаргүй байдлаар шүүгчийг сонгох бол буцаасан, хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийг ачааллыг тэнцвэржүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор өмнө нь хуваарилсан шүүгчид буцааж хүлээлгэн өгнө. Өргөдлийн хувьд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх, зөрчлийн үр дагаврыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт, даалгавар хүлээн авна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тухайн шийдвэрийг гаргасан шүүгчид, тухайн шүүгч ажиллахаа больсон бол санамсаргүй байдлаар өөр шүүгчид хуваарилна.
Үүнээс гадна, шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, хэрэг хуваарилах болон өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэх хугацаа, шүүхийн үйлчилгээ, шүүхэд нэхэмжлэл гаргах, түүний агуулга, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ зэргийн талаар биеэр болон утсаар тайлбар мэдээлэл өгнө. Үүгээр мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажил хязгаарлагдахгүй ба гол ажлын нэг нь шүүн таслах ажиллагааны мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гаргах, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шүүгчид хуваарилахтай холбоотойгоор тогтмол судалгаа хийнэ.
Шүүхийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо
Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны хөтөч самбараас санаа авч, шүүхийн тамгын газрын ажлын уялдаа холбоог иргэн, байгууллагын зүгээс гаргах өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буйгаар бүдүүвч зургаар харуулав.

Архив, бичиг хэргийн эрхлэгч иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх ба шүүхийн архивын лавлагааны үйлчилгээг үзүүлнэ. Тамгын газрын дарга иргэдтэй биечлэн уулзахаас гадна үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлт, гомдол, талархал хүлээн авч шүүхийн зохих албан хаагчид шилжүүлнэ. Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороо нь шүүхийн ажилтны ёс зүйн холбогдох хууль тогтоомж болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ба ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна. Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгуулах хүсэлтийг санхүүгийн албан шийднэ. Шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хуулбарлан авах хүсэлтийг мэдээлэл технологийн мэргэжилтэн хариуцна.
2023 онд архивд шийдвэрлэсэн 424 хэрэг, хэрэгсэхгүй болгосон 255 хэрэг, буцаасан 40 нэхэмжлэл, хүлээн авахаас татгалзсан 187 нэхэмжлэл хүлээн авч, хадгалсан. Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч 14’900 бичиг хүлээн авч, 9’698 бичиг явуулсан. Архивч тендерийн тодорхойлолт 2’059, архивын лавлагаа 513 гаргаж өгсөн. Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 466 бичигдэж, 434-ийг гардуулсан бол шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 148 бичигдэж, 143-ийг гардуулсан. Бичиг хүргэгч 3’082 албан бичиг, 1’246 захиргааны хэрэг, 598 нэхэмжлэлийн хувь, 132 мэдэгдэх хуудас гардуулсан (Тамгын газрын тайлан). |
Шүүхийн зарим албан хаагчийн ажлын чиг үүрэг, ажлын уялдаа холбоотой танилцсанаар: (i) албан хаагч тус бүрийн ажлын байрны зорилго, чиг үүрэг; (ii) шүүхийн үйл ажиллагааны практик; (iii) процессын хуулийг дагаж мөрдөх ажиллагаа; (iv) шүүх байгууллагын шатлал, хариуцлага, ажил үүргийн хуваарилалт, уялдаа холбоо, нийцэл; (v) шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахын тулд албан тушаалтнуудын хамтран, харилцан бие биеэ нөхөн ажиллах зохион байгуулалт; (vi) баримт бичиг ирүүлэх хуульд заасан хугацаа, стандарт; (vii) нэхэмжлэл, хүсэлт, гомдол зэрэг эрх зүйн баримт бичгийн хэлбэр, процедурын шаардлагууд; (x) иргэдээс шүүхэд хандан гаргадаг нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тэдгээрийг шийдвэрлэдэг шүүхийн байгууллагын ажлын дотоод уялдаа холбоо (xi) ХХША-нд шаардлагатай мэдээлэл, тоо баримт, мэдээ, судалгаа, дүн шинжилгээ; (xii) тэдгээрийн эх сурвалж; (xiii) цахим болон цаасан бүртгэл хөтлөлт; (xiv) хуулийн мэргэжлийн зайлшгүй шинж чанар болох нууцлал, шударга байдал, мэргэжлийн ур чадвар зэргийг мэдэж авах, ойлгох үр дүнтэй байв.
Ж.Танан
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.
Ашигласан эх сурвалж
Т.Мөнх-Эрдэнэ. (2024, 9 12). Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл. ЗХШ-ийн "Ногоон танхим", Улаанбаатар.
НдЗХАШШ. (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
НдЗХАШШ. (2024). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан. НдЗХАШШ.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #ШүүхийнАлбанХаагч #ШүүхийнАлбанХаагчийнАжлынЧигҮүрэг #ДадлагажижХийжГүйцэтгэсэнАжил #Шүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #МэдээлэлЛавлагааныАжилтан #Архив #БичигХэрэг #АлбанТушаалынТодорхойлолт #АжлынЧигҮүрэг #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #Хэрэг #Нэхэмжлэл #ХавтасХэрэг #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ИргэдийнТөлөөлөгч #ЭрхЗүйнАкт #МэдээллийнЭхСурвалж #ШүүхХуралдаан #Тэмдэглэл #ШүүхийнҮйлАжиллагаа















🤩😍🤩😍🤩
Дадлага