Марио Пузо “Загалмайлсан эцэг”
- Ж.Танан
- Feb 13, 2024
- 6 min read
Updated: Mar 9
Марио Пузогийн 1969 онд хэвлэгдсэн алдарт “Загалмайлсан эцэг” зохиол нь Дон Вито Корлеоне тэргүүтэй Итали-Америкийн мафийн хүчирхэг гэр бүлийн түүхийг өгүүлдэг. Олон арван жилийн турш уншигчдын сэтгэлийг татсаар ирсэн энэ зохиолд гэр бүл, үнэнч байдал, хүч чадал, эрх мэдэл, урвалт, хүчирхийлэл, өшөө авалт, түүний үр дагавар, мафийн соёл, тэдний нарийн төвөгтэй үйл ажиллагаа зэрэг олон сэдвүүдийг хөнддөг. Миний хувьд шударга ёс, ёс суртахуун, хууль дээдлэх талаар эргэцүүлэн бодоход хүргэсэн билээ.
Зохиолыг хэвлэгдсэнээр хойш гурван жилийн дараа найруулагч Фрэнсис Форд Коппола ижил нэртэй дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд уран зохиол, кино урлагийн сонгодог гэх ангилалд зүй ёсоор орох статусыг улам бэхжүүлсэн гэж болно. Шүтэн бишрэгчдийн хүрээнд ном ба кино хоёул өндрөөр үнэлэгддэг ч хоорондоо зарим нэг талаараа ялгаатай. Ном нь үндсэн болон туслах дүрүүд, тэдний хийх үйлдлийн цаад сэдлийг дэлгэрэнгүй тайлбарлаж, мэдээллийг харамгүй өгөх бол кино нь зохиолын үйл явдлыг товчлон дүрслэн харуулах өгүүлэмжид анхаарчээ.

Зохиолч Марио Пузо Корлеонегийн гэр бүлээр дамжуулан олон талт дүрүүдийг бүтээсэн. Дон Вито Корлеоне бол Америкт ирсэн анхны үеийн Италийн цагаач, Нью Йорк дахь хамгийн хүчирхэг мафийн синдикатуудын нэг болох Корлеоне гэмт хэргийн гэр бүлийн патриарх[1] юм. Бэрхшээл тулгарсан ч тайван, тэвчээртэй хандлагатай, стратегич сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, заль мэхтэй, хашир хүн. Мөн ёс суртахууны хатуу дүрмийг баримталдаг, нэр төр, хүндэтгэл, үнэнч байдлыг бүхнээс илүү эрхэмлэдэг зарчимч, уламжлалыг баримтлагч удирдагчийн дүрээр дүрслэгдсэн байдаг. Тэрээр шаардлагатай үед харгис хэрцгий үйлдэл хийх чадвартай боловч тусламж хэрэгтэй хүмүүсийг хамгаалж дэмждэг, нинжин сэтгэлтэй тул олны дунд, тэр дотроо гэмт хэргийн ертөнцөд хүндэтгэл ба айдас нэгэн зэрэг төрүүлдэг аж. Хүмүүс болон нөхцөл байдлыг уншихдаа гаргуун Дон Вито Корлеоне биеийн хэлэмж, зан байдлын үл нийцэл зэрэг нарийн шинж тэмдгүүдийг ажиглан, стратегийн сэтгэлгээ, зөн совин, мэдээллийн нийлбэр дүнд хамтрагчдынхаа үнэнч бус байдал, урвалтыг анзааран илрүүлдэг гоц гэмээр чадвартай.
Дон Корлеонегийн гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нь түүний зан чанарын гол зангилаа болдог. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг тэргүүн ч үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, өөрийн баримталдаг үнэт зүйлийг тэдэнд төлөвшүүлэхийг эрмэлздэг, гэр бүлийн эв нэгдлийг эрхэмлэдэг, хүндэтгэл хүлээсэн эцэг юм. Сонни, Фредо, Майкл гурван хүү, охин Конни, мөн Том Хейген нэртэй өргөмөл хүүтэй.
Отгон охин Конни зохиолын эхэнд гэр бүлээ баярлуулж, уламжлалаа хадгалахыг эрмэлздэг мэдрэмжтэй, дутах гачигдах зүйлгүй өссөн эрх танхи, гэнэн залуу эмэгтэйн дүрээр дүрслэгдэнэ. Тэрээр гэр бүлийнхээ гишүүдтэй, ялангуяа аав Дон Корлеонетэй дотно эелдэг харилцаатай ба аавыгаа шүтэн биширдэг. Гэхдээ зохиолын үйл явдал өрнөхөд Коннигийн дүрээр эрчүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн явцад гадуурхагдах, урвалтын үр дагаварт өртөх эмэгтэй хүний эмзэг байдлыг илэрхийлнэ. Түүний нөхөр Карло Ризци амар амьдралыг хайж хүчирхэг гэр бүлийн хүргэн болдог ч цаг хугацааны явцад Коннитой хүндлэлгүй харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, эцэст нь Корлеонегийн гэр бүлээс урван тэрсэлнэ. Конни тэсвэр тэвчээр гарган, сэтгэл санааны сорилтуудыг давж, идэвхгүй ажиглагчаас илүү итгэлтэй, бие даасан дүр болон хувирна.
Ууган хүү Сонни гэр бүлийн бизнесийн өв залгамжлагчийн хувьд гэр бүлд чухал нөлөө бүхий байр суурь эзэлдэг. Сонни мафийн бүлгэмүүдийн өрсөлдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хувийн өшөө хорсол, үймээн самуун дунд гэр бүлийнхээ нэр төр, өвийг сахин хамгаалахыг хичээснээр түүний дүр зохиолын явцад ихээхэн хөгждөг. Тэрээр хүсэл зоригтой, эрч хүчтэй, манлайлагч хэдий ч хэт өөртөө итгэлтэй бардам, хурц түрэмгий зантай.
Дунд хүү Фредо эцэгтээ үнэнч боловч сул дорой, сэтгэлийн тэнхээгүй, шийдэмгий бус, өөртөө итгэлгүй, гаднын нөлөөд автамхай нэгэн. Фредо гэр бүлийнхээ хүлээсэн хүлээлтийг биелүүлэхийн тулд байнга тэмцдэг боловч аав, ах дүү нараасаа ялгаатай нь түүнд бэрхийг даван туулах зүрх зориг, алсын хараа дутагддаг. Амьдралын явцад эрх мэдэл олж авах хүсэл байв ч өөрийгөө дорд үзэх мэдрэмжид автан далд атаархуу зан төлөвшиж, санаатай, санаандгүй байдлаар урвагч болж хувирна. Фредо урвалтынхаа үр дагавраас зугтаж чадахгүй ба үйлдлүүд нь түүнийг хэн ч биш болгодог.
Харин бага хүү Майкл ухаалаг, тайван, өөрийн гэсэн үзэл бодолтой, тооцоотой, шийдвэртээ үнэнч, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох чадвартай хүн. Майкл улс эх орондоо зүтгэж, цэргийн алба хааж, коллежид сурч, энгийн иргэн байх хүсэлтэй, гэм зэмгүй мэт харагдах хүнээс харгис хэрцгий, стратегич, мафийн босс болж хувирдаг.
Зохиолын эхний үзэгдэл Дон Вито Корлеонегийн охин Коннигийн хуримаар эхэлнэ. Хуримд хүрэлцэн ирсэн зочдын зүгээс хувийн болон мэргэжлийн асуудлаар хүсэлт тавихад "Татгалзах боломжгүй санал" тавьдаг гэдгээрээ алдартай, Загалмайлсан эцэг Дон Корлеоне Итали заншлын дагуу зочдыг хүлээн авч асуудлыг их бага гэж ялгахгүйгээр шийдвэрлэнэ. Хариуд нь асуудлаа шийдвэрлүүлж буй зочин Корлеонегийн гэр бүлд үнэнч байхаа илэрхийлэхээс гадна хэзээ нэгэн цагт эргэн хандахад ямар нэгэн шалтгаан заалгүйгээр туслалцаа үзүүлэх амлалт өгнө.

Зохиолыг сонгон, тэмдэглэл хөтлөх болсон шалтгаан эхний үзэгдэлд л тодорхой болно. Загалмайлсан эцэгт хандаж буй зочид шударга бус хандлагыг өөрчлөн залруулах, эсвэл тусламж дэмжлэг хэрэгцээтэй хүсэлт илэрхийлнэ. Тухайлбал, шүүхэд хандан хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх боловч гарсан шийдвэр шударга ёсыг тогтоож өгөөгүйд гонсойно, эсвэл хүч, мөнгө, эрх мэдлийн өмнө хөгшин, хүчгүй, мөнгөгүй нэгэн яах ч аргагүй сөгдөнө, эсвэл ямар ч хамаагүй аргаар алдар нэрээ авч үлдэх гэсэн шунал сэтгэл гарна. Үүнээс нийгмийн бүхий л харилцааг эрх зүй, хууль тогтоомж зохицуулж чаддаггүй гэдэг нь тодорхой харагдана. Нийгмийн ээдрээтэй харилцааны асуудлыг зохицуулж чадахгүй байх аваас гэмт хэргийн далд ертөнц зэрэгцэн орших үндэс болдог гэлтэй. Тэрхүү гэмт хэргийн гэж тодотгоод буй ертөнц нь өгөө аваатай, хуультай адилтгаж болохуйц дагаж мөрддөг дүрэмтэй, хүн яагаад ч юм үнэнч байж, өгсөн амлалт, хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлдэг зохилдоотой аж.

Зохиолын үйл явдал Корлеонегийн гэр бүл өрсөлдөгч мафийн бүлгэмүүд болон хууль сахиулах байгууллагуудын сорилттой тулгарснаар өрнөнө. Дон Корлеоне өрсөлдөгчдөө буудуулж, чадваргүй болсон үед нь гэр бүл дотор болон бусад маафийн бүлгэмүүдийн хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж буй хэсэг бол зохиолын эргэлтийн цэг юм. Сонни нөхцөл байдлыг удирдан эрх мэдлийг гартаа авахыг хичээх боловч мафийн гэр бүл доторх эрэмбийг зөрчин түрүүлж дуугарч эцэг нь халдлагад өртөх шалтгаан болж, гэр бүлээ эрсдэлд оруулсныг ухаарч амжилгүйгээр адгуу зан, гэнэтийн бодлогогүй үйлдлийнхээ үр дагаварт буудуулж үхнэ. Фредо эцгийгээ буудуулах мөчид шийдэмгий бус, чадваргүй, аймхай нэгэн болох нь тодорхой болно. Харин гэр бүлийн бизнест огт оролцоогүй байсан Майкл өршөө авахаар дайснуудынхаа эсрэг хариу довтолгоог зохион байгуулж, тулсан нөхцөлд шийдэмгий байж чадахаа нотлон харуулна.
Үүнээс хойш Майкл гол дүр, гэр бүлийн шинэ удирдагч болно. Майкл сөргөлдөгч мафийн бүлгэмүүдийн эсрэг зохион байгуулалттай хэд хэдэн ажиллагаа хийж, олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн эцэст гэр бүлийн нөлөөг бэхжүүлж, үйл ажиллагаагаа хууль ёсны бизнес болгон өргөжүүлдэг. Гэсэн хэдий ч түүний хүрсэн эрх мэдэл нь асар өндөр төлөөс шаарджээ. Үйлдлийнхээ ёс суртахууны үр дагавартай тэмцэж, өөрийн эхнэр хүүхдүүдээс тусгаарлагдаж, хүү нь гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэх, эцгийнхээ хүсэлтээр хуульч болохоос татгалзаж дуурийн дуучин болох бол хайртай ганц охин нь золиос мэт хөнөөгдөж, Майкл ганцаардан төгсөнө.
“Загалмайлсан эцэг” зохиол нь эрх мэдэл, амбиц хөөсний үр дагаврыг гайхалтай өгүүлдэг. Хүчирхийлэл бол зохиолын гол сэдэв бөгөөд дүрүүд хяналтаа хадгалж, өшөө авахын тулд урд удаан хугацаанд тэвчээр заан хүлээсний эцэст харгис хэрцгий арга хэрэглэдэг. Гэсэн хэдий ч зохиолч Марио Пузо ийм үйлдлийн хувийн болон нийгмийн төлөөсийг онцлон тэмдэглэжээ. Энэ зохиол нь мафийн доторх эрх мэдлийн динамик, зохион байгуулалттай гэмт хэрэг болон хууль ёсны нийгмийн хоорондын харилцан үйлчлэлийг тод томруун харуулдаг.
Корлеонегийн гэр бүл эрх мэдэл, нөлөөгөө хадгалахын тулд хууль бус үйл ажиллагаа явуулж, мөнгө авах, хээл хахууль өгөх, аллага зэргийг үйлддэг бол дүрүүд хүч чадал олж авах, амьд үлдэхийн тулд ёс зүйгүй үйлдлүүд хийдэг. Ийм төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулийн байгууллагуудын нөлөө, авлига, гэмт хэрэг газар авсан нөхцөлд хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар асуултууд урган гарна. Зохиолын туршид Корлеонегийн гэр бүлийн зөвлөх Том Хейген, бизнесийг хууль ёсны болгохоор ажиллаж буй хэд хэдэн хуульч гарна. Тэдний хувьд мэргэжлийн үүрэг хариуцлага ба үнэнч байх хоёрын хооронд тэнцвэр алдагдсан байдаг. Хуульч мэргэжлийн шударга байдлаа хадгалах, хуулийн ариун байдлыг сахин хамгаалахад хуульчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага чухал болохыг үзүүлсэн байна. Корлеонегийн гэр бүл дайснуудаасаа өс хонзон авч, маргааныг хүчирхийллээр шийдэж, өөрсдийн шударга ёсыг тогтоодог. Шударга ёсны мөн чанар, шүүхээс гадуур шийтгэл хүлээлгэхийг ёс суртахууны хувьд зөвтгөх нь зүйтэй эсэх талаар бодоход хүргэнэ. Авлига, шударга бус байдлыг хөхүүлэн дэмжихэд хууль, төрийн байгууллага, улс төрчдийн оролцоог харуулдаг. Хууль, нийгмийн харилцааг ойлгох, зохион байгуулалттай гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар уг зохиолд онцолсон байна.
“Загалмайлсан эцэг” номоос үнэ цэнтэй ойлголтуудыг авч, хууль, нийгмийн харилцааны талаар ойлгож, практикт шударга ёс, ёс зүйн зарчмуудыг баримтлахыг ухаарна. Түүнээс гадна, Монголын нийгэм дэх гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоох, авлигатай тэмцэх, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах үйл явцын талаар гүнзгийрүүлж судлах хүсэлтэй болно.
Ж.Танан
Нэр томьёо, тэмдэглэл
Гангстеризм
gangster; гангстеризм
Мафийнхан ихэвчлэн үйлддэг хүчирхийлэл, аллага, айлган сүрдүүлэлт, дарамталж мөнгө авах, төрийн албан хаагчдыг худалдан авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаа.
Гангстеризмыг улс төрийн зорилгоор багагүй ашигладаг.
Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи.
[1] Патриарх (patriarch) гэсэн нэр томьёо нь ашигласан нөхцөл байдлаас хамааран хэд хэдэн утгатай.
1. Түүх/Антропологи: Патриарх гэдэг нь гэр бүл, овог, нийгмийг үүсгэн байгуулагч, эсвэл хамгийн ахмад зүтгэлтэн гэж үздэг эрэгтэй тэргүүлэгч юм. Энэ хэрэглээ нь удам угсаа эрэгтэй шугамаар дамждаг патриархын тогтолцооны ахмад эрэгтэй хүний үүргийг онцолдог.
2. Шашны агуулга: Янз бүрийн шашны уламжлалд патриарх нь бусдыг захирах эрх мэдэл бүхий ахмад зүтгэлтэн юм. Жишээлбэл:
- Христийн шашин: Христийн сүмд, ялангуяа Зүүн Ортодокс, Дорно дахины Ортодокс, Католик Сүмд патриарх нь тухайн бүс нутгийн бусад бишопуудыг эрх мэдэлтэй хамба ламыг хэлнэ. Алдарт патриархуудад Константинополь Патриарх, Ромын Патриарх (Пап лам) багтдаг.
- Иудаизм: Энэ нэр томьёо нь Израилын ард түмнийг үндэслэгч эцэг гэж тооцогддог. Абрахам, Исаак, Иаков зэрэг библийн патриархуудыг нэрлэж болно.
3. Ерөнхий хэрэглээ: Өргөн утгаараа патриарх гэдэг нь гэр бүл, шашны хэлхээ холбооноос үл хамааран бүлэг, байгууллагын удирдагч, үүсгэн байгуулагч гэж үздэг аливаа эрхэм настныг хэлж болно.
Бүх нөхцөл байдалд патриарх гэдэг нэр томьёо, эрх мэдэл, хүндэтгэл гэсэн утгатай.

#ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнФилософи #ЭрхЗүйнБлог #Патриарх #Гангстеризм #МариоПузо #ДонВитоКорлеоне #МафийнГэрБүл #МафийнСоёл #ЭрхМэдэл #Хүчирхийлэл #ӨшөөАвалт #ХуульДээдлэхЁс #ЁсСуртахуун #ХуульчийнЁсЗүй #Амбиц #ХүчЧадал #ШударгаЁс #НийгмийнХарилцаа #Авлига #ЗохионБайгуулалттайГэмтХэрэг #Хууль #ТөрийнБайгууллага #ШүүхээсГадуурШийтгэл #ШүүхийнШударгаЁс #МөнгөХүүлэх #Аллага #ЁсЗүй #ХээлХахууль #МаргааныШийдэл #УлсТөрийнОролцоо #ГэмтХэргийнҮйлАжиллагаа #АвлигатайТэмцэх #ХуульчийнХариуцлага
.