top of page

Фрэнсис Фукуяма "Улс төрийн тогтолцооны ялзрал: Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл"

  • Writer: М.Нямжаргал
    М.Нямжаргал
  • Nov 12
  • 8 min read

Улс төрийн тогтолцооны ялзрал

Номын талаар

Улс төрийн шинжлэх ухааны салбарт XX–XXI зууны зааг үеэс онцгой байр суурь эзлэх болсон эрдэмтний нэг бол Ф.Фукуяма юм. Тэрээр 1990 онд хэвлүүлсэн “Түүхийн төгсгөл” өгүүллээрээ либерал ардчилал нь хүн төрөлхтний улс төрийн хөгжлийн эцсийн хэлбэр болох боломжтой хэмээн дүгнэж, дэлхий нийтийн анхаарлыг татсан байдаг. Харин 2014 онд хэвлэгдсэн “Улс төрийн тогтолцоо ба улс төрийн ялзрал” (Political Order and Political Decay) бүтээлдээ тэрээр өмнөх таамаглалаа тодорхой хэмжээнд шинэчилж, ардчилсан тогтолцоо ч мөн институцийн доройтол, шинэчлэлийн удаашрал, авлигад өртөх магадлал, популист хандлагаас бүрэн ангид байх баталгаа биш гэдгийг онцолсон байна. Энэхүү бүтээл нь институцийн чанар, түүний доройтол, шинэчлэлийн үр нөлөө гэсэн гурван хүрээний шинжилгээ агуулж буйгаараа онцлог болжээ.


Ф.Фукуямагийн үзлээр улс төрийн тогтолцоо амжилттай тогтохын тулд гурван үндсэн багана шаардлагатай. Нэгдүгээрт, төрийн чадавх буюу төрийн байгууллага бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, нийтийн үйлчилгээ үзүүлэх, хууль сахиулах чадамжтай байх шаардлагатай. Хоёрдугаарт, хууль дээдлэх зарчим буюу төрийн эрх мэдэл хуулиар хязгаарлагдаж, иргэн бүр хуулийн өмнө тэгш байх нөхцөл бүрдэх ёстой. Гуравдугаарт, ардчилсан хариуцлагын тогтолцоо буюу иргэд сонгуулиар болон оролцооны бусад хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой байх учиртай. Эдгээр багана хоорондоо зохистой тэнцвэртэй байж чадвал улс төрийн тогтолцоо тогтвортой хөгжих бөгөөд аль нэгийнх нь тэнцвэр алдагдсан нөхцөлд улс төрийн ялзрал эхэлнэ гэж зохиолч тэмдэглэжээ.


Улс төрийн ялзрал гэдэг нь институцийн анхдагч зорилго, чиг үүрэг бүдгэрч, өөрийгөө хамгаалах сонирхол давамгайлахын зэрэгцээ нийгмийн өөрчлөлт, шинэ шаардлагад төдийлөн зохицож чадахгүй болох үйл явц юм. Институцийн доройтол богино хугацаанд илрэхгүй, харин цаг хугацааны явцад хуримтлагдан гүнзгийрдэг байна. Ялзралын гол шинж нь институц дасан зохицох чадвараа алдаж, ашиг сонирхлын бүлэглэл, танил талын сүлжээ, мөнгө болон эрх мэдлийн хамааралд автах явдал болно. Институцийг шинэчлэх, өөрчлөх оролдлого улс төрийн эрх ашигтай ихэнхдээ зөрчилдөж, дотоод эсэргүүцэлтэй тулгардаг тул шинэчлэл удааширч, авлигын бүтэц тогтворжих эрсдэл дагуулдаг байна.


Ф.Фукуяма улс төрийн ялзралын шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарласан. Нэн түрүүнд, институцийн чадавх сулрах буюу төрийн аппарат бодлого хэрэгжүүлэх, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох үед ялзрал эхэлнэ. Мерит зарчим нэгдүгээрт тавигдахгүй, харин албан тушаал, шийдвэр гаргалтад танил тал, намын харьяалал, эрх мэдлийн хэлхээ давамгайлах үед байгууллага анх тогтоосон зорилгоосоо хазайж, нийтийн хэрэгцээг хангах бус, тодорхой бүлэглэлд үйлчилж эхэлнэ. Мөн клиентелизм буюу сонгогч болон ашиг сонирхлын бүлэгт үйлчилж, бодлого богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд хэт чиглэгдэх нь засаж боломгүй эрсдэл байна. Үүнээс гадна сонгогдсон албан тушаалтан иргэдийн өмнө хариуцлага хүлээх механизм сулрах нь ардчиллын институцийн утгыг алдагдуулна.


Улс төрийн ялзралын үр дагавар хамгийн түрүүнд төрийн үйл ажиллагааны чанарт нөлөөлнө. Авлига газар авч, бодлогын хэрэгжилт буурч, төрийн үйлчилгээ шударга бус, үр ашиггүй болно. Хууль дээдлэх зарчим алдагдахад иргэдийн төрд итгэх итгэл суларч, улмаар нийгмийн оролцоо, улс төрийн идэвх буурна. Энэ нөхцөл байдал улс төрчдөд популист хандлага гаргахад таатай хөрс бүрдүүлж, бодит реформ хийхийн оронд олон нийтийн сэтгэл хөдлөлд нийцүүлсэн амлалт өгөхийг өдөөдөг. Улмаар институцийн чадавх улам суларч, улс төрийн сөрөг мөчлөг давтагдах уршигтай.


Ф.Фукуямагийн үзлээр улс төрийн ялзралаас гарах гарц нь институцийн шинэтгэл хэрэгжүүлэхэд оршино. Үүнд төрийн чадавхыг бэхжүүлэх, мерит зарчмыг нэвтрүүлэх, хууль дээдлэх зарчмыг чанд сахих, иргэний оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн соёлыг шинэ шатанд гаргах үйл явц багтана. Институцийн реформ нь зөвхөн хууль, дүрэм өөрчлөхөд хязгаарлагдахгүй, харин соёл, үнэт зүйлийн түвшний өөрчлөлттэй уялдах шаардлагатай. Авлигыг үл тэвчих, бодлого боловсруулахдаа нотолгоонд тулгуурлах, хариуцлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх нь улс төрийн ялзралыг арилгахад чиглэнэ.


Эцэст нь Ф.Фукуямагийн тодорхойлсон улс төрийн ялзрал гэх ойлголт нь орчин цагийн ардчиллын тулгамдсан асуудлыг тайлбарлахад чухал байр эзэлнэ. Институцийн чанар, шинэчлэлийн үр нөлөө улс орны хөгжлийн суурь бөгөөд тэдгээрийн доройтол улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд сөрөг үр нөлөө авчирна. Иймээс ардчиллыг зөвхөн сонгуулиар хэмжих бус, харин институцийн гүйцэтгэл, хууль дээдлэх зарчим, иргэний хяналт, төрийн чадавхын бодит үзүүлэлтээр дүгнэх шаардлагатай. Хэрэв улс төрийн ялзрал тасралтгүй үргэлжилбэл ардчиллын мөн чанар алдагдаж, улс орны хөгжлийн боломж хумигдана. Харин институцийн шинэчлэл, мерит зарчмын төлөвшил, нотолгоонд тулгуурласан шийдвэр, иргэдийн идэвхтэй оролцоо нь улс төрийн ялзралыг үгүй хийж, тогтвортой хөгжлийн замд хөтлөх гол нөхцөл болно.


Шүүмжлэлт өнцөг

Ф.Фукуяма улс төрийн тогтолцооны доройтлыг институцийн чанартай нягт уялдуулан тайлбарлаж, төрийн чадавх, хууль дээдлэх зарчим, ардчилсан хариуцлагын тэнцвэрийг улс төрийн амжилтын үндсэн нөхцөл хэмээн тодорхойлсон нь онолын хувьд чухал хувь нэмэр болсон. Гэсэн ч түүний онол хэд хэдэн талаараа төгөлдөр бус, шүүмжлэл дагуулсан хэвээр байна.


Юуны өмнө, Ф.Фукуяма улс төрийн хөгжлийн үндсэн нэгжийг институцийн бүтэц, чадавхтай хэт уяж, соёлын онцлог, түүхэн нөхцөл, эдийн засгийн бүтцийн ялгааг дутуу үнэлсэн гэж үзэх байр суурь түгээмэл бий. Ижил төрлийн институцийн загварыг өөр бүс нутагт дуурайн нэвтрүүлсэн ч үр дүн өөр гардаг байтал Ф.Фукуямагийн онол үүнийг хангалттай тайлбарлаж чаддаггүй. Тухайлбал, мерит зарчим, хууль дээдлэх зарчмыг нэвтрүүлэх нь зөв боловч нутгийн соёл, уламжлал, улс төрийн сонирхлын бүтэц өөр тохиолдолд үр ашиг нь эрс ялгаатай. Ийм нөхцөлд институцийн шилжүүлэлтийг техникийн шинэчлэл мэтээр үзэх нь бодит бус юм. Эрх мэдлийн харилцаа, хэвшмэл соёл, нийгмийн сэтгэлгээтэй салшгүй уялдааг Бенедикт Андерсон[1], Дарон Асемоглу[2] нар авч үзсэн байдаг.


Дараа нь, Ф.Фукуяма улс төрийн тогтолцооны ялзралыг дотоод институцийн доголдлоор ихэвчлэн тайлбарласан, харин геополитик, эдийн засгийн хамаарал, дэлхийн зах зээл, технологийн шилжилт зэрэг гадаад орчны нөлөө бүхий хүчин зүйлийг харьцангуй сул авч үзсэн. Жижиг, нээлттэй эдийн засагтай улс орны хувьд институцийн чадвар дангаараа улс төрийн тогтвортой байдлыг хангах боломжгүй нөхцөл байнга үүсдэг гэдгийг анхаарах нь зүй. Ялангуяа хөгжиж буй орны хувьд чухал бөгөөд Ф.Фукуямагийн загварын тусгаар тогтносон тэгш байдлын төсөөлөл бодит нөхцөлтэй нийцэхгүй улмаас онолын зөрчил үүсгэнэ.


Гуравдугаарт, Ф.Фукуяма институцийн шинэчлэл, мерит зарчмыг улс төрийн ялзралаас гарах үндсэн гарц хэмээн тайлбарладаг ч шинэчлэл ямар улс төрийн нөхцөлд, ямар механизмаар хэрэгжих боломжтой талаар хангалттай загвар боловсруулаагүй. Шинэчлэл хийх улс төрийн хүсэл эрмэлзэл хаанаас үүсэх, эсвэл авлига, ашиг сонирхлын сүлжээний дунд реформыг хэрэгжүүлэх эхлэл хаанаас тавигдах нь онолын хүрээнд тодорхой бус. Институцийн шинэчлэлийг зөвхөн зохион байгуулалтын түвшний арга хэмжээ мэтээр харах нь улс төрийн бодит нөхцөл болох хүчний тэнцвэр, сонирхлын нөлөөллийг орхигдуулах эрсдэлтэй.


Мөн түүний онолд ардчиллын хямралыг институцийн доройтлын үр дагавар гэж үздэг атлаа ардчиллын бүтэц, улс төрийн намын хувьсал, төлөөллийн хямралыг онолын төвд авч үзээгүй байдал анзаарагдана. Мэдээллийн тэгш бус байдал, олон нийтийн сэтгэл зүй, масс медиа, популизмын өсөлт зэрэг ардчилсан тогтолцооны дотоод зөрчил нь институцийн гүйцэтгэлээс илүүтэйгээр ардчиллын өөрийнх нь механизмтай холбоотой гэдгийг Ф.Фукуяма хангалттай авч үзээгүй гэж эрдэмтэд шүүмжилдэг байна.


Өөр нэгэн шүүмжлэл нь Ф.Фукуямагийн улс төрийн хөгжилд баруун төвтэй ханддаг үзэлтэй холбоотой. Тэрээр улс төрийн институцийн өндөр үр ашиг, хууль дээдлэх зарчмыг Европын түүхэн туршлагаар голлон тайлбарлаж, баруун төвтэй хэв шинжийг загвар хэмээн дөвийлгөх хандлага ажиглагдана. Энэ үүднээс түүний онолыг зарим судлаач хөгжлийн шатлалын төсөөлөлтэй, улмаар хөгжиж буй орны улс төр, соёлын онцлогийг бууруулан үнэлэх хандлагатай гэж үздэг.


Эцэст нь, Ф.Фукуямагийн анхны том онол болох “Түүхийн төгсгөл” үзэл нь дараагийн бүтээлд тодорхой хэмжээгээр үгүйсгэгдсэн ч шинэ бүтээлдээ либерал ардчиллыг улс төрийн хөгжлийн хамгийн дэвшилт загвар мэтээр дүгнэх суурь хэвээр хадгалсан тал харагдана. Онолын хувьд нэгдмэл мэт боловч бодит байдал дээр олон улс оронд өөр замнал, өөр институцийн хэлбэр амжилттай хэрэгжиж болохыг дутуу үнэлсэн явдал болно.


Иймд Ф.Фукуямагийн онол улс төрийн институцийн ач холбогдлыг тодорхой, ил тод болгосон давуу талтай боловч улс төрийн хувьсал, хүчний тэнцвэр, соёлын хэв шинж, гадаад орчны нөлөө, ардчиллын дотоод зөрчил, реформын бодит механизм зэргийг дутуу хамарсан сул талтай. Ийн шүүмжлэлтэй хандах нь онол бүрэн бус гэсэн үг биш, харин бодит улс төрийг тайлбарлах олон өнцөгт хандлагыг шаарддагийг сануулж буй хэрэг юм.


Монголд буулгах бол

Энэ онолыг Монголын нөхцөлд буулгаж ойлговол, улс төрийн ялзралын илрэл нь зөвхөн институцийн чадавхын асуудал бус, харин эрх мэдлийн төвлөрөл, улс төр болон эдийн засгийн ашиг сонирхлын гинжин хамаарал, нийгмийн соёлын хэв шинжтэй салшгүй холбоотой. Тухайлбал, намын томилгоо нь төрийн албаны мерит зарчмыг алдагдуулж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад улс төрийн нөлөө давамгайлах нөхцөл үүсгэдэг. Үүнтэй уялдан бодлого нь шинжлэх ухаан, нотолгоонд бус, харин богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд тулгуурлах хандлагатай болж байна. Ийм тогтсон клиентелизм нь Ф.Фукуямагийн тодорхойлсон институцийн доройтлын шинжийг илтгэнэ.


Монголын улс төрийн орчинд хэвшсэн үзэгдлийн нэг нь хариуцлагын тогтолцоо бодитоор үйлчлэхгүй байгаа явдал юм. Сонгогдсон албан тушаалтны хариуцлагын механизм сул, ил тод байдал хангалтгүй, олон нийтийн хяналт бэхжээгүй нь төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг улам давамгай болгодог. Хуулийн хэрэгжилт, шүүхийн хараат бус байдлын талаарх эргэлзээ ч мөн институцийн чанарыг сулруулах эрсдэлтэй. Энэ бүхнээс шалтгаалж иргэдийн төрд итгэх итгэл буурч, улс төрийн оролцоо сулрах хандлага ажиглагдаж буй нь Ф.Фукуямагийн тайлбарласан улс төрийн мөчлөг дахин давтагдах нөхцөл бүрдүүлнэ.


Улс төрийн ялзралын голомт зөвхөн институцийн түвшинд бий болдоггүй, харин нийгмийн сэтгэл зүй, соёлын хандлага, хэвшмэл ойлголтыг дагаж тогтдог онцлогтой. Монголын хувьд үндэстний нэгдмэл соёл, язгуурын үнэт зүйл уламжлалын бат бөх, улс төр, төрийн уламжлал харьцангуй богино зэргээс шалтгаалж, институцийн тогтолцоо амархан ганхдаг. Өөрөөр хэлбэл, нөлөө бүхий бүлэг, гэр бүлийн сүлжээ, улс төр, эдийн засгийн элитийн нөлөө нь төрийн институцийг тогтвортой хөгжүүлэх үйл явцыг удаашруулах хүчин зүйл болж байна.


Түүнчлэн хууль тогтоомжийн тогтворгүй байдал, бодлогын давтамжтай өөрчлөлт нь төрийн чадавхыг сулруулах гол хүчин зүйл юм. Бодлого урт хугацааны зорилго руу чиглэж чадахгүй, засаглалын мөчлөгөөс хэт хамааралтай байгаа нь институцийн хөгжлийг сааруулж, реформын үр дүнг бүдгэрүүлдэг. Үүнтэй уялдан бизнесийн орчин тогтворгүй, хөрөнгө оруулалтын итгэл сул, зах зээлийн бүтэц хэврэг байгаа нь улс төрийн ялзралын эдийн засгийн үр дагавар болон харагдана.


Ф.Фукуямагийн онолд өгүүлсэнчлэн, улс төрийн ялзралаас гарахын тулд институцийн шинэчлэл идэвхтэй явагдах шаардлагатай. Монгол Улсад шинэчлэл гурван үндсэн чиглэлд хэрэгжих боломжтой. Нэгдүгээрт, төрийн албаны мерит зарчмыг бодитоор хэрэгжүүлж, чадвар, туршлагад суурилсан томилгоог хэвшүүлэх. Хоёрдугаарт, хууль дээдлэх зарчмыг хангаж, хуулийн хэрэгжилтийг нэг мөр сахиулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх. Гуравдугаарт, иргэдийн оролцоо, хяналтыг бодитоор нэмэгдүүлэх замаар хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох. Эдгээр чиглэлд амжилттай хэрэгжилттэй бодлого шаардагдана.


Төрийн албанд мерит зарчмыг нэлээд өрөөсгөлөөр ойлгож, удаан ажилласан, шат дараатай дэвшсэн, ахмад зэрэг үзүүлэлтийг гол шалгуур хэмээн хандах нь түгээмэл. Үнэн хэрэгтээ мерит зарчим нь хугацаа, нас, албан тушаалын түүх бус, харин тухайн хүний мэдлэг, ур чадвар, ажил гүйцэтгэл, мэргэшлийн түвшнийг үнэлж, чадвартайгаа нотолсон хүнийг сонгон шалгаруулж томилох шударга, ил тод зохицуулалт юм. Мерит зарчмын гол утга нь хүнийг албан тушаалын шат дамжсан хугацаагаар бус, тухайн ажил үүргийг хамгийн өндөр чадвараар гүйцэтгэж чадах бүтээмж, мэдлэг, ур чадвараар нь үнэлэхэд оршино.


Монголд хууль дээдлэх зарчмыг заримдаа төр төмөр нүүртэй хэмээн зүйрлэж, хуулийн хариуцлагыг дан ганц чангатгах асуудалтай андуурч ойлгох нь бий. Үнэн хэрэгтээ хууль дээдлэх зарчим нь иргэн, албан тушаалтан, байгууллага гэлтгүй бүгд хуулийн өмнө тэгш байх, төрийн үйл ажиллагаа дур зоргоор бус хуулийн үндэслэлтэй, ил тод, хязгаартай байхыг шаардсан өргөн хүрээний ойлголт бөгөөд зөвхөн ял шийтгэлээр айлгах бус, хууль хэрэгжих орчныг шударга, нээлттэй, хариуцлагатай болгохыг хэлнэ.


Иргэдийн оролцоо, хяналтыг бодитоор нэмэгдүүлэх гэдэг нь төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд зөвхөн сонгуулийн үеэр санал өгөхөөс цаашгүй байхаар хязгаарлахгүй, харин бодлого боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх, мэдээлэл авах, санал хүсэлт хүргүүлэх, ил тод байдлыг шаардах зэргээр идэвхтэй оролцохыг хэлнэ. Энэ хүрээнд олон нийтийн сонсгол, иргэний зөвлөл, хараат бус ажиглалт, мэдээллийн нээлттэй сан, аудитын тайлан, хэвлэл мэдээллийн хяналт зэрэг арга хэрэгслээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ. Иргэдийн бодит оролцоо нь төрийн ил тод байдлыг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэн, төрийн бодлого олон нийтийн хэрэгцээнд нийцэх баталгаа болно.


Гэхдээ институцийн шинэчлэл зөвхөн эрх зүйн хүрээнд хийснээр хангалтгүй, харин улс төрийн соёл, нийгмийн хандлага, иргэдийн үнэт зүйлийг өөрчлөх өргөн хүрээний өөрчлөлт дагалдах ёстой. Үүнд авлигыг үл тэвчих ёс суртахууны хэм хэмжээ, төрийн үйлчилгээг чанартай авах соёл, олон нийтийн оролцоо, мэдээллийн ил тод байдал зэрэг үндсэн үнэт зүйл багтана. Энэ бол зөвхөн институцийг шинэчлэх бус, харин нийгмийн өргөн хүрээний өөрчлөлтийн үүд хаалга гэдгийг Ф.Фукуяма онцолсон нь Монголын хувьд ч үнэ цэнтэй.


Иймд Ф.Фукуямагийн онолыг Монголын нөхцөлд буулгавал, улс төрийн ялзрал бол институцийн доголдлын шууд үр дүн гэхээс илүүтэй түүхэн туршлага, уламжлалт хандлага, улс төр, эдийн засгийн сонирхлын нийлмэл бүтэцтэй уялдсан үзэгдэл болох нь харагдана. Улс төрийн соёл, эрх мэдлийн бүтэц, нийгмийн оролцоог хамтад нь өөрчлөх шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж байж улс төрийн ялзралаас гарч болно.

С.Нямжаргал

Зүүлт тайлбар

[1] Бенедикт Андерсон (Benedict Anderson, 1936–2015) нь улс төрийн шинжлэх ухаан, түүх, соёлын антропологийн чиглэлээр ажилласан нэрт судлаач. Тэрээр 1983 онд хэвлүүлсэн “Imagined Communities” (Төсөөллийн нийгэм) бүтээлээрээ танигдсан. Уг бүтээлд үндэстэн гэдэг нь биологийн, цусны, газар нутгийн зайлшгүй холбоо бус, харин хүмүүсийн оюун санаанд төсөөлөн бүтээсэн улс төр болон соёлын хамтын нэгдэл гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, үндэстэн бол хүмүүсийн төсөөллийн түвшинд бэхэжсэн, хэл, хэвлэл мэдээлэл, түүхэн ой санамж, бэлгэдэл дээр тулгуурласан хийсвэр хамтын бүтэц. Түүний үзэл нь үндэстний тухай уламжлалт ойлголтыг эрс шинэчилсэн тул Б.Андерсоныг XX зууны нөлөө бүхий онолчийн нэг гэж тооцдог.


[2] Дарон Асемоглу (Daron Acemoglu, 1967–) нь Массачусетсийн Технологийн Их Сургуулийн профессор, эдийн засаг, улс төрийн институцийн судалгааны чиглэлээр дэлхийд танигдсан эдийн засагч. Ж.Робинсонтой хамтран бичсэн “Why Nations Fail” (Яагаад улс орнууд бүтэлгүйддэг вэ?) болон “The Narrow Corridor” (Давчуу хонгил) зэрэг бүтээл туурвисан. Тэрээр улс орны хөгжил, ядуурал, ардчилал, баялгийн хуваарилалт нь байгалийн баялаг, соёл, газар зүйгээр бус харин институцийн чанараар тодорхойлогдоно гэж онцолсон. Ялангуяа оролцоо, хариуцлага, эрх тэгш байдлыг хангадаг “inclusive institutions” хөгжлийг дэмждэг бол, эрх мэдлийг цөөнхийн гарт төвлөрүүлсэн “extractive institutions” улс орныг удаан хугацаанд хоцрогдуулдаг гэж тайлбарласан нь эдийн засаг болон улс төрийн шинжлэх ухаанд шинэ чиг хандлага нээсэн гэж үнэлэгддэг.



Улс төрийн тогтолцооны ялзрал



Францис Фукуяама Улс төрийн тогтолцооны ялзрал

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #УлсТөрийнТогтолцооныЯлзрал #ФранцисФукуяма #УлсТөр #ЭрхЗүйнСоциологи #БиднийУншсан100Ном #НомынТэмдэглэл #Авлига #ТөрийнИнституц #Ардчилал #УлсТөрийнТогтолцоо #Хөгжил #ДундадДавхарга #Нийгэм #Сонгууль #ЭрхМэдэл #АлбанХаагч #Соёл #Уламжлал #ХуульДээдлэхЗарчим #ШүүхЭрхМэдэл #Төр #НаполеоныКод #ФранцынХувьсгал #Амьжиргаа #ТөрдИтгэхИтгэл #ИргэдийнОролцоо #ПрүүсТөр #ХөгжлийнОронЗай #Онол #УлсТөрийнШинжлэхУхаан #Хонжооч #БялууХуваалт #Сонгогч #ЭдийнЗасаг #Хариуцлага #Хууль

Францис Фукуяама Улс төрийн тогтолцооны ялзрал номын танилцуулга

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Nov 12
Rated 5 out of 5 stars.

🥰

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page