top of page

Хайлтын үр дүн

213 results found with an empty search

  • Арван хоёр хүснэгтийн хууль

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #АрванХоёрХүснэгтийнХууль #АрванХоёрТаблиц #12ХүснэгтийнХууль #TwelveTables #БичмэлЭрхЗүй #ЭрхЗүйдЗахирагдахЁс #ХуульЁсныЭрх #ЭрхЗүйнХувьсгал #ТүүхэнАчХолбогдол #ӨмчийнЭрхЗүй #ПроцессынЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй

  • Ромын Консул гэж ямар албан тушаалтан бэ?

    Ромын консул (Roman) нь Ромын Бүгд Найрамдах Улс, хожим Ромын Эзэнт гүрний түүхэн тодорхой үеүдэд сонгогддог байсан хоёр дээд албан тушаалтны нэг юм. Ромын Бүгд Найрамдах Улсад консулууд дээд зэрэглэлийн магистратын үүргийг гүйцэтгэж, жил бүр томилогдоно. Эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэхээс сэргийлэх зорилгоор хоёр консулд эрх мэдлийг тэгш хуваан өгч, эрх мэдэл – хяналтын тэнцвэртэй тогтолцоог хангана. Консулууд нь төрийн удирдлагыг хянах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сенат (Senatus) , чуулганыг (Comitia) удирдах, дайны үед Ромын армийг удирдах үүрэгтэй аж. Тэд сенатыг хуралдуулах, хууль санаачлах, тогтоол гаргах зэрэг өргөн хүрээний гүйцэтгэх эрх мэдэлтэй. Консулууд нэг жилийн хугацаатай ажилладаг байсан ч хямралын үед тэдний бүрэн эрхийн хугацааг сунгах, эсвэл дараалсан хэд хэдэн хугацаагаар томилогдоно. Гэсэн хэдий ч, эрх мэдлийг хувь хүмүүст хэт төвлөрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд онцгой нөхцөл байдалд хязгаарладаг практик тогтсон. Консулын албанд томилогдохын тулд нэр дэвшигчид нь Ромын иргэн байх, тооллогын шаардлагыг хангасан хөрөнгө чинээтэй байх, өмнө нь квэстор (quaestor) [1] , претор (praetor) [2]  зэрэг доод магистратурт ажилласан туршлагатай байх зэрэг тодорхой шаардлагыг хангана. Консулуудыг Ромын хууль тогтоох байгууллагуудын нэг болох Зуутын чуулганаас (Comitia Centuriata) сонгодоно. Консулын алба нь Ромын улс төрийн карьерын оргилд тооцогдон, түүнийг хаших нь нэр хүндийн асуудал юм. Консулууд нь ихэвчлэн язгууртан гаралтай сенаторын гишүүд бөгөөд тэднийг төрдөө үнэнч шударга манлайлагч байх ёстой гэж үздэг байжээ. Консулуудын хооронд санал зөрөлдөх тохиолдолд нэг нь нөгөөгийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэн үгүйсгэж болно. Онцгой тохиолдолд түр зуурын үнэмлэхүй эрх мэдэлтэй диктаторыг (dictator) [3] томилж, консулын эрх мэдлийг халж болно. Ромын Бүгд Найрамдах Улсаас Ромын Эзэнт гүрэнд шилжсэнээр консулын эрх мэдэл, ач холбогдол өөрчлөгдсөн байна. Эзэн хаан эрх мэдлийг өөрийн гарт улам бүр төвлөрүүлж, консулууд гүйцэтгэх эрх мэдлээ алдаж, хязгаарлагдмал ёслол, бэлгэдлийн албан тушаал болж хувирчээ. Ерөнхийдөө, Консул нь Ромын улс төрийн тогтолцооны гол хүн байсан бөгөөд Ромын Бүгд Найрамдах Улсын үнэт зүйлс, зарчмуудын хамгийн дээд илэрхийлэл байв. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1]   Квестор (quaestores) : Төрийн сан хөмрөгийг удирдах, татвар хураах, төсвийн зарлагад хяналт тавих зэрэг санхүүгийн удирдлага, хяналтыг хариуцдаг төрийн албан тушаалтан. Квесторуудыг Ромын ард түмэн сонгох бөгөөд тэдний тоо, үүрэг хариуцлага нь түүхэн цаг хугацаанд харилцан адилгүй байв. Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед, квесторууд санхүүгийн асуудалд голчлон анхаардаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үүрэг өргөжиж, шүүх болон цэргийн үүрэг гүйцэтгэх болсон. [2]   Претор (praetor) : Эртний Ромд шүүхийг удирдах, хуулийг тайлбарлах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг янз бүрийн шүүх, захиргааны эрх мэдлийг эзэмшдэг магистрат. Эхэндээ преторуудыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүгчээр томилдог байсан ч дараа нь консулын эзгүйд мужийн захиргааг хянах, армийг удирдах зэрэг нэмэлт үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг. Ромын Бүгд Найрамдах Улс өргөжиж, өсөн нэмэгдэж буй засаг захиргааны хэрэгцээг хангахын тулд преторуудын тоо цаг хугацааны явцад нэмэгджээ. [3] Диктатор (dictator) : Эртний Ромд хямрал, онцгой байдлын үед Сенатаас томилогдох онцгой шүүгч. Бүгд Найрамдах Улсад тохиолдсон аюул заналхийллийг арилгах дээд эрх мэдлийг нэг хүнд олгох зорилгоор диктаторыг түр зуурын, ховорхон томилно (Dictatores in temporibus magni periculi creati sunt) . Диктатор нь Ромд үнэмлэхүй эрх мэдлийг эзэмших бөгөөд Ромын төрийн тогтолцооны ердийн хяналтгүйгээр зарлиг гарган, цэргийн командлан, шийдвэр гаргана. Диктаторыг Сенат болон Ромын ард түмний зөвшөөрлийн дагуу зургаан сарын бүрэн эрхийн хязгаарлагдмал хугацаатай томилно. Диктаторыг ихэвчлэн Ромын хамгийн нэр хүндтэй, чадварлаг удирдагчдын дундаас сонгох бөгөөд хямралыг даван туулсны дараа диктатор өөрөө эрх мэдлээсээ татгалзана. Ромын түүхэн дэх алдартай диктаторын тоонд Луций Корнелиус Сулла, Юлий Цезарь нар тооцогддог ба тэд улс төрийн үймээн самуун, иргэний эмх замбараагүй байдлын үед төрийг барьжээ. Сулла МЭӨ 82 онд, дараа нь МЭӨ 81 онд хоёр удаа диктатороор томилогдсон бол Цезарь алагдахаасаа өмнөхөн, МЭӨ 44 онд өөрийгөө "Мөнхийн диктатор" хэмээн тунхагласан байдаг. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #РомынКонсул #RomanConsules #Квестор #Quaestores #Praetor #Претор #РомынБүгдНайрамдахУлс #РомынЭзэнтГүрэн #Магистрат #РомынСенат #ЗуутынЧуулган #ЮлийЦезарь #JuliusCaesar #LuciusCorneliusSulla #ЛуцийКорнелиусСулла #РомынДиктатор #DictatorInPerpetuity #МөнхийнДиктатор

  • Ромын иргэд

    Ромын иргэншил Эртний Ромд иргэн хүн нь янз бүрийн давуу эрх эдэлдэг чухал статус байв. Ромын иргэншлийг олж авах шалгуур нь Ромын нийгмийн өөрчлөгдөж буй хэрэгцээ, динамикийг тусган түүхэн явцад хувьсан өөрчлөгдсөн. Тухайлбал, эхэн үед Ромын иргэншил нь зөвхөн Ром хотын оршин суугчдаар хязгаарлагдаж байсан бол, цаг хугацаа өнгөрөхөд Италийн бусад газрын хүмүүс, улмаар Ромын Эзэнт гүрний мужуудын хүмүүст хамаарах болсон. Өнөө үед аливаа улсын иргэн (англ. citizen ) гэдэг нь тодорхой улсад эрх зүйн үндэс нь хамаардаг этгээдийг хэлнэ. Иргэн нь өөрийн улсад нийгмийн бүрэн эрхт гишүүн байж, тодорхой эрх зүйн чадвартай, эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ. Тодорхой улсын иргэн нь эрх зүйн байдлынхаа хувьд тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаад улсын иргэн ба харьяалалгүй этгээдээс улс төрийн эрх, эрх чөлөө зэргээр ялгагдана. Гол төлөв тухайн улсын нутаг дэвсгэрт төрж мэндэлснээр, тухайн улсын иргэнээс төрсөн, өөрөөр хэлбэл цусан холбоогоор, эсхүл захиргааны журмаар иргэн болох хүсэлтээ гаргаснаар тухайн этгээд тодорхой улсын иргэний эрх зүйн байдлыг олж авна. Эдгээр зарчмууд нь эртний Ромоос уг гаралтай бөгөөд анх цусны эрх буюу jus sanguinis  зарчмын дагуу эцэг эх хоёул Ромын иргэн байснаар тэдний төрсөн хүүхэд автоматаар иргэн болно. Нутаг дэвсгэр тэлэхийн хэрээр эзлэгдсэн бүс нутгийн хүмүүсийг Ром улсад уусгах зорилгоор тэдэнд иргэншил олгох болжээ. Үүнийг хөрсний эрх буюу jus soli  гэнэ. Романчлал гэж нэрлэгддэг энэхүү үйл явц нь Ромын Бүгд Найрамдах Улсын үед түгээмэл байсан бөгөөд тодорхой бүс нутгийн оршин суугчдад Ромын иргэн болох боломжийг олгосон. Тухайн үед Ромд боол байсан ба эзэн нь эрх чөлөө олгосон боолд Ромын иргэншил олгоно. Энэхүү практик нь Ромын Эзэнт гүрний хожуу үед өргөн дэлгэр болж, чөлөөлөгдсөн боолуудыг Ромын нийгэмд нэгтгэх арга зам болжээ. Ром оршин байх хугацаанд төрийн янз бүрийн дэглэмтэй байсан ч цэргийн диктатур зонхилж байсантай холбоотойгоор, армид алба хаасан хүн Ромын иргэншил олж авна. Албаа нэр төртэй гүйцэтгэсэн, тулалдаанд эр зориг гаргасан, тодорхой заасан хугацаанд алба хаасан цэргүүдэд иргэний үнэмлэх олгоно. Энэ зан үйл нь Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний эхэн үед түгээмэл байсан бөгөөд нэг төрлийн шагнал урамшуулал байв. Зарим тохиолдолд Ромд үнэнчээр зүтгэж, үйлчилсэн, онцгой алба хаасан, санхүүгийн хандив өгсөн хувь хүн, эсвэл бүлэг хүмүүст тусгай эрх ямба, дэмжлэг болгон Ромын төрөөс иргэний харьяалал олгоно. Орчин цагт түгээмэл байдаг, тухайн улсын иргэнтэй гэрлэх замаар иргэншил олж авдаг шиг Ромын үед ч мөн Ромын иргэнтэй гэрлэж иргэн болно. Гэхдээ энэ нь Ромын иргэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдэд ихэвчлэн үйлчлэх ба эхнэр, нөхөр хоёрын иргэний харьяалал нь төрөлт болон бусад аргаар олж авсан иргэнийхтэй харьцуулахад зарим эрхийн хязгаарлалттай байжээ. Түүнчлэн, Ромын иргэний гэр бүлд үрчлэгдсэн хүүхдэд иргэншил олгож, үрчилж авсан эцэг эхийн төрсөн хүүхдүүдтэй адил давуу эрхийг олгоно. Цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, улс төрийн бүтцийг тусган, Ромын иргэншлийн шалгуурууд илүү цар хүрээтэй болж иргэншил илүү өргөн тархсан байдаг. Гэсэн хэдий ч Ромын Эзэнт гүрний төгсгөлд иргэдийн янз бүрийн ангиллын ялгаа байсаар байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Ромын иргэдийн статус Эртний Ромын нийгмийн бүтцэд иргэдийг ялгаатай эрх, үүрэгтэй эрх зүйн статусаар ангилна. Нийгмийн давхарга нь хувь хүний харьцангуй байр суурь нөгөөгөөсөө өндөр, эсвэл доогуур бүхий олон шатлалтай байв. Ромчуудын статусыг удам угсаагаар нь патрици болон плебей , эд баялаг, улс төрийн давуу эрхэд тулгуурлан жирийн иргэнээс дээгүүр статустай сенат болон морьтон, эцгийн эрхт ёс ноёрхдог байсан тул хүйсээр, мөн иргэншлээр нь янз бүрийн давуу эрх бүхий зэрэглэлүүдэд ангилна. Ромын нийгмийн давхаргын ангиуд нь сонгууль өгөх, өөр хоорондоо гэр бүл болох зэрэг эрхээр ялгаатай байжээ. Патрици ба плебей Уламжлал ёсоор патрици гэдэг нь дээд анги давхарын гишүүд, харин плебей нь доод давхаргыг хэлнэ. Цөөн тооны гэр бүл баялгийн дийлэнх хэсгийг хуримтлуулж, улмаар патрици ба плебей ангиуд бий болсон байдаг. Гэсэн хэдий ч, энэхүү анхны ялгаа нь явсаар нийгмийн статусаас хамааран удамшлын шинж чанартай болжээ. Хэдийгээр, патрицичууд баян, хүчирхэг гэр бүл байсан ч сенаторын ангийн плебейчүүд патрицичуудтай адил чинээлэг болсон байдаг. Эхэн үед плебей гэр бүл хичнээн баян байсан ч тэд патрицуудын эгнээнд орохоор өсөхгүй байв. Харин дундад болон хожуу Ромын Бүгд Найрамдах Улсын үед плебейчуудын иргэний эрх нэмэгдэхийн хэрээр олон плебей гэр бүлүүд эд баялаг, эрх мэдэлд хүрсэн бол зарим уламжлалт патрици гэр бүлүүд ядуу болсон байдаг. МЭӨ II зуун гэхэд патрицичууд ба плебейчуудын хоорондын ихэнх ялгаа арилж, нэг ангид нэгдэж эхэлжээ. Патрици (Patricii) : Ромын язгууртан гэр бүлээс гаралтай Ромын нийгмийн элит давхарга Патрицичууд асар их эд баялаг, газар нутгийг эзэмшиж, нийгэмд өндөр байр суурь эзэлхээс гадна, төрийн өндөр албан тушаал, Сенатад онцгой эрхээр нэвтрэх зэрэг улс төр, нийгмийн давуу эрхтэй хүмүүс юм. Гаднах төрхөөрөө, тэр дундаа гутлаараа ялгагдана. Патрицичууд голчлон гоёл чимэглэлтэй, будсан гутал (calceus patricius ) өмсөнө. Патрицичууд мөн тооллогыг хянаж, сенаторуудыг томилж, нийгэм, улс төрийн амьдралын бусад асуудлыг хянадаг цензурын албыг (census)  дангаар удирдана. Үүгээр дамжуулан, патрицичууд плебейчүүдийн дээгүүр байр сууриа удаан хугацаанд хадгалж чаджээ. Плебей (Plebs) : Хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг Ромын энгийн иргэд Плебейчүүд нь ядуу тариачдаас эхлээд чинээлэг худалдаачид хүртэл эрх зүйн байдал нь харилцан адилгүй олон тооны энгийн хүмүүс юм. Плебейчууд ихэнхдээ патрицичуудын эзэмшдэг газар дээр ажиллана. Зарим плебейчууд жижиг газар эзэмших ч энэ нь МЭӨ II зуун хүртэл ховор байжээ. Улс төрийн эрх мэдэлгүй плебейчууд тэгш эрхийн төлөө удаан хугацаанд тэмцэл өрнүүлж, эцэст нь МЭӨ 444 онд консулын эрх бүхий цэргийн плебейн трибунал байгуулж, түүгээрээ дамжуулан улс төрийн төлөөллийг олж авсан байдаг. Энэ албан тушаалыг хашиж байсан плебейчууд нэг жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа сенатад элсэх эрхтэй болно. Плебейчүүд патрицичуудтай гэрлэхийг хориглодог байсан ч, энэ хуулийг МЭӨ 445 онд плебейн трибуналаар хүчингүй болгосон. Эртний Ромын оршин тогтнох хугацаанд плебейчууд нийгмийн дээд давхаргын хүмүүсээс ихэнх тохиолдолд бүрэн хамааралтай хэвээр байв. Патрон ба клиент Эртний Ром дахь нийгмийн харилцааны нийтлэг хэлбэр бол бие биедээ үйлчилгээ үзүүлэх, бизнесийн харилцаатай патрон, клиентийн систем юм. Клиентела (Clientela) нь эртний Ромын оршин тогтнох үеийг бараг бүхэлд нь хамарсан төдийгүй, хожуу Ромын нийгэмд ч мөн үргэлжилжээ. Патрон (Patrons) : Эзэн, ивээн тэтгэгч Патрицичууд ихэнхдээ патрон байсан бөгөөд тэд олон плебей клиенттэй. Патроны тогтолцоо (Patronage system) нь Ромын нийгмийн ангийн харилцааг нягт холбож патрицичуудын нийгмийн давуу эрхийг хамгаалж байв. Клиент (Clientes) : Патрон буюу эзний ажилд туслах үүрэг бүхий чөлөөт иргэн Клиент нь патроноос доогуур нийгмийн байр суурьтай, тэдний ивээл хамгаалалтад багтаж, санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг туслалцаа авна. Хариуд нь клиент аж ахуйн ажлыг хийж гүйцэтгэж, дайн байлдаанд дагаж явах зэргээр янз бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Клиент нь Ромын нийгэм, улс төрийн амьдралын чухал хэсэг байсан бөгөөд харилцан үүрэг хариуцлага, үнэнч байдлыг илтгэнэ. Эд баялаг, улс төрийн эрхийн ангилал Язгууртан (Nobilitas) : Нийгмийн дээд давхаргад хамаарах хувь хүмүүс Эртний Ромд язгууртнууд нь улс төрийн нөлөө бүхий нэр хүндтэй гэр бүлээс гаралтай, их хэмжээний хөрөнгөтэй, газар эзэмшдэг хүмүүс юм. Тэд төрийн хамгийн нэр хүндтэй албан тушаал хашиж, элит нийгмийн хүрээлэлд орж, эрх зүйн давуу эрх эдэлнэ. Сенатор (Senatores) : Ромын хууль тогтоох, зөвлөх дээд байгууллага болох Сенатын гишүүд Сенаторууд нь хууль тогтоох, магистратуудад зөвлөгөө өгөх, мужийн захиргааг хянах эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс юм. Эхэн үед сенаторууд нь нийгмийн дээд давхарга патрици ангиас гаралтайн дээр удамшлын шинжтэй байсан ч цаг хугацааны явцад плебейчуудын улс төрийн оролцоо нэмэгдэж, эд баялгаар дамжуулан сенатын статустай болох болсон. МЭӨ 444 он хүртэл плебей хүн сенатор байх боломжгүй, ховор байсан. Морьтон (Equites) : Сенатаас доогуур, харин энгийн иргэдээс дээгүүр эд баялаг, өмч хөрөнгөтэй нийгмийн давхарга Морьтон хүмүүс нь чинээлэг газар эзэмшигчид, бизнесменүүд, цэргийн офицерууд юм. Тэд тодорхой татвараас чөлөөлөгдөх, засгаас олгосон давуу эрх эдэлдэг байхын зэрэгцээ, олонх нь Ромын армид морин цэргийн офицерын алба хаана. Equites : Шууд утгаараа морьтон, эсвэл хүлэг баатар (орос. рыцарь ) гэж орчуулдаг бөгөөд анхандаа цэргийн алба хаах морь тэжээх боломжтой хүмүүсийг хэлдэг байжээ. Боол ба чөлөөт хүмүүс Чөлөөт хүмүүс (Liberti) : Эзэд нь эрх чөлөө олгосон боолууд Чөлөөт хүмүүс буюу либерти нь эрх чөлөөтэй байсан ч эрх зүйн байдал нь чөлөөт төрсөн иргэдийнхээс доогуур хүмүүс юм. Тэд хуучин эзнийхээ өмнө өртэй, эрх чөлөөнийхөө хариуд үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ. Либерти цаг хугацааны явцад болон Ромын нийгэмд нэгдэх замаар иргэний бүрэн эрхийг олж авч чаджээ. Боолууд (Servi) : Хувийн эрх, эрх чөлөөгүй эздийн өмч Боолууд нь ямар ч хууль ёсны эрх мэдэлгүй, эздийнхээ хүсэлд бүрэн захирагддаг хүмүүс юм. Тэднийг эзэд нь худалдан авч, зарж, бүр алж ч болно. Гэсэн хэдий ч цагийн аясаар зарим боолууд , ялангуяа мэргэшсэн худалдаа, өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн нөхцөл байдал харьцангуй дээрдсэн байдаг. Иргэншлийн ангилал Латин (Latini) : Ромын хэсэгчилсэн иргэншлийн хэлбэрийг олсон хувь хүмүүс Латинчууд нь бизнес эрхлэх, өмч хөрөнгөтэй байх зэрэг тодорхой давуу эрх эдлэх ч Ромын сонгуульд санал өгөх зэрэг улс төрийн бүрэн эрхгүй хүмүүс юм. Тэд Ромын хуульд захирагдах боловч орон нутгийн засаглалд тодорхой хэмжээний бие даасан байдалтай байжээ. Перегрин (Peregrini) : Ромын Эзэнт гүрний хилийн дотор амьдардаг боловч Ромын харьяатаас гадуур амьдардаг гадаадын оршин суугчид, эсвэл харьяат бус хүмүүс Перегринчууд нь Ромын хуульд захирагдах боловч Ромын иргэдийн бүрэн эрх, давуу эрх эдэлдэггүй хүмүүс юм. Тэд худалдаа болон бусад үйл ажиллагаа эрхэлж болох боловч улс төрийн оролцоо болон иргэдэд олгосон эрх зүйн тодорхой хамгаалалтад хамрагддаггүй байжээ. Колони (Coloni) : эзлэгдсэн нутаг дэвсгэр, эсвэл стратегийн чухал газруудад Ромын байгуулсан сууринд газар түрээслэгч чөлөөт иргэд Колони нь шинэ суурин руу нүүсэн, улсаас газрын тэтгэлэг, бусад урамшуулал авдаг Ромын иргэд юм. Колониуд Ромын шинээр эзлэгдсэн нутаг дэвсгэрт цэргийн хяналтын төв болж, Ромын тэлэлт, засаглал, соёл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Colonus : Ромын Эзэнт гүрний хожуу үед бусдын эзэмшиж байсан газар тариалан эрхэлдэг түрээслэгч тариачид, хөдөө аж ахуйн ажилчдыг илэрхийлсэн латин нэр томьёо. Эдгээр газартай холбоотой колони нь газрын эздийн өмнө янз бүрийн үүрэг хүлээдэг байсан ба боол, эсвэл хагас боолын статустай адил аж. Куриал (Curial) : Ромын хотууд болон хотын захиргаа дахь орон нутгийн удирдах байгууллагуудын гишүүд Куриал нь орон нутгийн асуудлыг зохицуулах, татвар хураах, нийтийн дэд бүтцийг хадгалах зэрэг товчхондоо, хотын захиргааны санхүүгийн асуудлыг биечлэн хариуцах үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Куриалууд нь нутгийн элитээс гаралтай, удамшлын шинжтэй байв. Капит деминут (Capite deminute) : Эрх зүйн байдал, эрхээ алдсан, статус нь хязгаарлагдсан чөлөөт иргэд Энэ статус нь цөлөгдөх, иргэншлийн эрхээ алдах, нийгмийн болон эрх зүйн өндөр статусаас доод зэрэглэл рүү буурах зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас үүдэлтэй байж болно. Эдгээр хүмүүс санал өгөх, төрийн албан тушаал хаших, эрх зүйн хамгаалалт зэрэг давуу эрхээ алдсан байдаг. Capite deminute  хэллэг: Capite гэдэг нь толгой, эсвэл статус гэсэн утгатай, caput гэсэн үгнээс гаралтай, харин deminute нь багасгах гэсэн утгатай. Эдгээр эрх зүйн статусууд нь Ромын нийгэм дэх хувь хүмүүсийн эдлэх эрх, боломж, нийгмийн байр суурийг тодорхойлж, тодорхой давуу эрх, хязгаарлалт бүхий нийгмийн цогц шатлал байжээ. Ж.Цэрэндулам #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #ЦусныЭрх #JusSanguinis #ХөрснийЭрх #JusSoli #Патрици #Patricii #Плебей #Plebs #Патрон #Patrons #Клиент #Clientes #Язгууртан #Nobilitas #Сенат #Senatores #Морьтон #Equites #ЧөлөөтХүмүүс #Liberti #Боол #Servi #Латин #Latini #Перегрин #Peregrini #Колони #Coloni #Куриал #Curial #КапитДеминут #CapiteDeminute

  • Ромын чуулган - Ромын засаглалын үндэс

    “Comitia”  гэдэг латин нэр томьёо нь эртний Ром дахь төрийн улс төр, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх төрөл бүрийн чуулган, хурал, цуглааныг илэрхийлнэ. Ромын Бүгд Найрамдах Улсын үед Зуутын чуулган (Comitia Centuriata) , Ардын хурал (Comitia Tributa) , Курийн чуулган (Comitia Curiata) , Плебейн зөвлөл (Concilium Plebis) , Калат чуулган (Comitia Calata) гэж байв. Зуутын чуулган Comitia Centuriata Бүтэц ба зохион байгуулалт Цэргийн зохион байгуулалт дээр үндэслэн 100 хүнээс бүрдэх чуулган. Зуутын чуулганыг баячуудад илүү эрх мэдэл олгосон байдлаар хөрөнгө чинээ, баялгийг харгалзан байгуулна. Гишүүн Ромын бүх иргэд оролцох боломжтой боловч, чинээлэг ангиуд саналын олон эрхтэй тул илүү нөлөөтэй. Чиг үүрэг Сонгууль: Консул (Consul) [1] , претор (Praetor) [2] , цензор (Censor) [3] зэрэг томоохон магистратуудыг сонгоно. Эрх зүйн үүрэг:  Чухал ач холбогдол бүхий хуулиудыг батална. Шүүгчийн үүрэг:  Эрх зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх, цаазаар авах ял оноох эрх мэдэлтэй. Цэргийн үүрэг:  Дайн зарлаж, энхийн гэрээг соёрхон батална. Ардын хурал Comitia Tributa Бүтэц ба зохион байгуулалт Эртний Ромын хууль тогтоох гол чуулгануудын нэг. Газарзүйн бүс нутаг, эсвэл Ром хот болон түүний нутаг дэвсгэр дэх хуваагдал дээр үндэслэсэн 4 хот, 31 орон нутгаас бүрдсэн нийт 35 овог бүхий санал өгөх нэгжүүдэд хуваагдсан бүтэцтэй. Гишүүн Ромын бүх иргэд овгийн гишүүд байсан тул бүгд оролцох эрхтэй. Овог бүр нэг саналын эрхтэй. Үр дүнг энгийн олонхын саналаар тодорхойлж, овгийн дийлэнх нь шийдвэрийг гаргана. Гэсэн хэдий ч, чинээлэг, нөлөө бүхий овог аймгууд илүү олон хүн амтай тул пропорциональ бус нөлөө үзүүлдэг байжээ. Чиг үүрэг Сонгууль:  Доод магистрат буюу плебейн трибуналуудыг (Tribunus plebis) , түүнчлэн олон нийтийн ажил хариуцсан магистрат, квестор (Quaestors) [4] , эдил (Aediles) [5] болон бусад зарим албан тушаалтнуудыг сонгоно. Эрх зүйн үүрэг:  Шүүгчид, плебейн трибунал, хувь хүмүүсийн санал болгох Ромын бүх мужид үйлчлэх хуулиудыг (Leges) батална. Эхэн үед зөвхөн плебейчүүдэд хамаарах хуулиуд (Plebiscites)  баталдаг байсан бол хожим хуулиуд нь бүх Ромчуудад хамааралтай болсон. Дайн зарлах, гэрээ хэлэлцээр хийх, төрийн бодлого боловсруулах зэрэг асуудлаар санал хурааж болно. Шүүгчийн үүрэг:  Зарим төрлийн шүүх хуралдаанд, ялангуяа торгууль, шийтгэлийн асуудлыг хянан шүүнэ. Курийн чуулган Comitia Curiata Бүтэц ба зохион байгуулалт Анхны Ромын овог аймгууд, гэр бүлийн бүлгүүд дээр суурилсан куригийн (Curiae) [6] зохион байгуулалттай хамгийн эртний чуулган. Гишүүн Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед зөвхөн патрицичууд оролцож болох байсан ч хожим нь түүний үүрэг илүү ёслолын шинж чанартай болсон. Чиг үүрэг Ёслолын үүрэг:  Санваартнуудыг тангараг өргүүлэх, магистратуудад эрх мэдэл шилжүүлэх зэрэг шашны болон гэр бүлийн ёслолуудыг хийнэ. Эрх зүйн үүрэг:  Гэрээслэл, өв залгамжлал, хүүхэд үрчлэлт зэргийг албан ёсоор батална. Плебейн зөвлөл Concilium Plebis Бүтэц ба зохион байгуулалт Comitia Tributa буюу Ардын хуралтай төстэй боловч зөвхөн плебейчүүдэд зориулагдсан чуулган. 35 овгуудад хуваагдана. Гишүүн Зөвхөн плебейчууд оролцох ба тэдэнд патрицичууд болон бусад чинээлэг ангиас тусад нь улс төрийн оролцоог хангана. Чиг үүрэг Сонгууль:  Плебейн зөвлөл (Concilium Plebis)  нь чуулган бүрийг тэргүүлэх магистрат плебейн трибуналыг (Tribunus Plebis) сонгоно. Эрх зүйн үүрэг:  Эхэн үед зөвхөн плебейчүүдэд хамаарах хуулиуд (Plebiscites)  баталдаг байсан бол МЭӨ 287 оноос (Lex Hortensia) хойш Ромын бүх иргэд заавал дагаж мөрдөх болсон. Плебейн эрх ашгийг хамгаалах үүрэг:  Чуулганаас сонгогдсон плебейн трибуналууд нь хууль санаачлах, плебейчуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор бусад магистратын үйл ажиллагаанд хориг тавих эрхтэй. Калат чуулган Comitia Calata [7] Бүтэц ба зохион байгуулалт Хамгийн эртний чуулгануудын нэг. Бусад чуулгануудтай харьцуулахад түүхэн эх сурвалж баримтжуулалт хомс. Гишүүн Үндсэндээ патрицичуудаас бүрдсэн бөгөөд дээд зиндааны санваартан, тахилагч лам нар тэргүүлнэ. Чиг үүрэг Шашин ёслолын үүрэг:  Голчлон шашны зан үйл, ёслол, тэр дундаа тахилч лам нарын шинэ албанд орох хүндэтгэл, ариун нандин газруудыг ариусгах зэрэг. Эрх зүйн үүрэг:   Comitia Curiata буюу Курийн чуулганы нэгэн адил гэрээслэл батлах, хүүхэд үрчлэх асуудлыг шийднэ. Хуанли хөтлөх үүрэг:  Баяр наадмын огноо, бизнесийн гүйлгээ хийх хуулийн цагийг зарлаж, хуанли буюу календарь [8] гаргана. Эдгээр чуулганууд нь Ромын засаглалын олон талт мөн чанарыг илэрхийлж, нийгмийн янз бүрийн бүлгүүд Ромын Бүгд Найрамдах Улс, Эзэнт гүрний улс төр, эрх зүй, шашин, цэрэг армитай холбоотой төрийн шийдвэрт нөлөөлөх, засаглалд оролцох механизм, арга хэрэгсэл болж өгчээ. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1]   Консул (Consul) : Ромын Бүгд Найрамдах Улс, хожим Ромын Эзэнт гүрний түүхэн тодорхой үеүдэд сонгогдох хоёр дээд албан тушаалтны нэг. [2]   Претор (Praetor) : Эртний Ромд шүүхийг удирдах, хуулийг тайлбарлах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг янз бүрийн шүүх, захиргааны эрх мэдлийг эзэмших магистрат. Эхэндээ преторуудыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүгчээр томилдог байсан ч дараа нь консулын эзгүйд мужийн захиргааг хянах, армийг удирдах зэрэг нэмэлт үүрэг хариуцлага хүлээлгэх болсон байдаг. Ромын Бүгд Найрамдах Улс өргөжиж, өсөн нэмэгдэж буй засаг захиргааны хэрэгцээг хангахын тулд преторуудын тоо цаг хугацааны явцад нэмэгджээ. [3]   Цензор (Censor) : Ромын Бүгд Найрамдах Улсад тооллого хийх, ёс суртахуун сахиулах, сенатад шинэ гишүүд нэмэх, байгаа гишүүдийг хасах, нийтийн хөрөнгө, гэрээнд хяналт тавих зэрэг хэд хэдэн чухал үүргийг хариуцах өндөр албан тушаалтан. [4]   Квестор (Quaestores) : Төрийн сан хөмрөгийг удирдах, татвар хураах, төсвийн зарлагад хяналт тавих зэрэг санхүүгийн удирдлага, хяналтыг хариуцах төрийн албан тушаалтан. Квесторуудыг Ромын ард түмэн сонгох бөгөөд тэдний тоо, үүрэг хариуцлага нь түүхэн цаг хугацаанд харилцан адилгүй байв. Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед квесторууд санхүүгийн асуудалд голчлон анхаардаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үүрэг өргөжиж, шүүх болон цэргийн үүрэг гүйцэтгэх болсон. [5]   Эдил (Aediles) : Ромын Бүгд Найрамдах Улсад хотын засвар үйлчилгээ, нийтийн баяр наадам зохион байгуулахтай холбоотой олон нийтийн ажлыг хариуцах магистратууд. [6]   Кури (Curiae) : Гэр бүл, угсаатны бүлгүүдээс бүрдсэн Ромын ард түмний хамгийн эртний хуваагдал. [7] Calata : Дуудах, эсвэл тунхаглах гэсэн утгатай латин нэр томьёо. [8]   Caleds : Сарын эхний өдрийг илэрхийлнэ. Ромын чуулган #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #РомынХууль #РомынЧуулган #RomanAssembly #ЗуутынЧуулган #ComitiaCenturiata #АрдынХурал #ComitiaTributa #КурийнЧуулган #ComitiaCuriata #ПлебейнЗөвлөл #ConciliumPlebis #КалатЧуулган #ComitiaCalata #Консул #Consul #Претор #Praetor #Цензор #Censor #ПлебейнТрибунал #TribunusPlebis #Квестор #Quaestors #Эдил #Aediles #Хуулиуд #Leges #Lex #ПлебейчүүдийнХуулиуд #Plebiscites #Кури #Curiae #ПлебейнЗөвлөл #ConciliumPlebis #LexHortensia #Calata #Caleds

  • Ромын эрүүгийн эрх зүй

    Агуулга Удиртгал 1.         Ромын эрүүгийн эрх зүйн онцлог 2.         Ромын эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн ерөнхий ангилал 3.         Сонгодог эрх зүйн үеийн нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэмт хэрэг 4.         Ромын эрүүгийн эрх зүй дэх өвөрмөц шийтгэл 5.         Ромын Бүгд Найрамдах Улсын үеийн эрүүгийн эрх зүй, ял цаазын онцлог 6.         Ромын эрүүгийн эрх зүй ба орчин үеийн эрүүгийн эрх зүйн харьцуулалт Дүгнэлт Удиртгал Ромын эрүүгийн эрх зүй нь Ромын нийгэм, засаглалын өсөлт, өөрчлөлтийг тусган олон зуун жилийн туршид хөгжсөн, түүхэн ач холбогдол бүхий цогц тогтолцоо юм. Ромын эрүүгийн эрх зүйн түүхэн хөгжлийг Бүгд Найрамдах Улсын эхэн үеэс (МЭӨ V зуун) Эзэнт гүрний үе хүртэл (МЭ V зуун хүртэл) хугацаагаар зааглан авч үздэг. Ромын Хаант Улсын үеэс уламжлан ирсэн эрх зүй нь үндсэндээ зан заншил дээр суурилсан, бичигдээгүй байжээ. Харин МЭӨ 450 онд Арван хоёр хүснэгтийн хууль [1] гарснаар эртний эрх зүйн зарчмуудыг баримтжуулсан байдаг. Ромын Эзэнт гүрний үед эрүүгийн эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, хувьсан өөрчлөгдөж, эрх зүйн процесс албажсан байна. Эзэн хаан онц ноцтой хэрэгт шууд оролцон, шударга ёсыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүхэн хөгжлийн явцад Ромын эрх зүй нь кодчилогдон боловсронгуй болсон. Ромын эрүүгийн эрх зүйн чухал эх сурвалжуудыг [2] жагсааж харуулав. Арван хоёр хүснэгтийн хууль (Leges Duodecim Tabularum) : Нийтийн болон хувийн эрх зүйн янз бүрийн асуудлыг хөндсөн Ромын хамгийн эртний бичмэл кодчилсон хууль. Сенатын тогтоол (Senatus consultum) : Эрх зүйн чухал хүчин чадалтай Ромын Сенатаас гаргасан тогтоолууд. Магистратын эдикт (Edicta magistratuum) : Ромын магистратууд [3]   (magistratus) , преторуудын [4] (praetor)  бүрэн эрхийнхээ хугацаанд гаргасан, дагаж мөрдөх эрх зүйн зарчим, журмыг тодорхойлсон мэдэгдэл. Эзэн хааны зарлигууд (Constitutiones principum) : Ромын эзэн хаадын гаргасан зарлиг. Хуульчдын тайлбар, номлол (Jures prudentes) : Эрх зүйн мэдлэг, туршлагатай номч мэргэн хуульчид, жрецүүд [5] , их сэтгэгч, багш, мэргэдийн хууль зүйн асуудлаар гаргасан дүгнэлт, зөвлөгөө, тайлбар. Ромын эрүүгийн эрх зүй нь орчин үеийн өрнөдийн олон орны эрх зүйн зарчим, үйл ажиллагааг хуульчлах уг гарвал болж, эрх зүйн тогтолцооны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Орчин цагийн эрх зүйн тогтолцооны үндэс суурь , эрх зүйн зарчим, үйл ажиллагааны түүхэн хөгжлийн талаар Ромын эрүүгийн эрх зүйг судалснаар танин мэдэх ач холбогдолтой. 1.      Ромын эрүүгийн эрх зүйн онцлог Ромын эрүүгийн эрх зүй нь эртний Ромын аж амьдрал, нийгмийн давхарга хоорондын ялгаа , иргэний статус , төрийн дэглэм зэргийг хөгжлийн үе шат бүрд тусгасан байдлаараа орчин үеийн эрх зүйн тогтолцооноос ялгарах хэд хэдэн онцлог шинж чанартай гэж болно. Нийтийн болон хувийн ялгаа заагтай Эх орноосоо урвах, хүний амь насыг бүрэлгэх, эд зүйлсийг галдан шатаах зэрэг төр, нийгэм, нийтийн хэв журмыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн төлөөлөгч ял асууна. Харин хулгай, халдлага, эд хөрөнгийн хохирол зэрэг хувь хүмүүст хохирол учруулсан үйлдэл хийсэн тохиолдолд хохирогчийн хүсэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэнэ. Магистратууд эрүүгийн эрх зүйд чухал үүрэгтэй Претор зэрэг ахлах магистратууд эрх зүйн зарчим, журмыг тодорхойлсон зарлиг гарган, шударга ёсыг хэрэгжүүлнэ. Харин эдил [6]   (aediles) , квестор [7]   (quaestores)  зэрэг бусад магистрат бүхий янз бүрийн албан тушаалтнууд олон нийтийн аюулгүй байдал, санхүүгийн гэмт хэрэг зэрэг хуулийн тодорхой төрлийн асуудлыг авч үзнэ. Шүүх хуралдаан нь тодорхой процесстой Яллах ба мөрдөн байцаах ажиллагаа: Хувь хүн, эсвэл магистрат ял тулгаж (accusatio) эрүүгийн хэрэг нээгдэнэ. Урьдчилсан сонсгол (cognitio) : Шүүх хуралдаан хийх хангалттай шалтгаан байгаа эсэхийг магистрат тогтооно. Шүүх хурал (iudicium) : Шүүх ажиллагаа гэмт хэргийн хүнд байдлаас хамааран тангарагтнууд (iudices) , эсвэл шүүгчийн (iudex) өмнө явагдана. Өмгөөллийн ажиллагаа: Шүүгдэгчийг өмгөөлөгч (advocati)  төлөөлж, нотлох баримт гаргаж, гэрчээр гэрчлүүлж өмгөөлнө. Шийдвэр ба шийтгэл: Гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн байдлаас хамааран хөнгөн хэлбэрийн торгууль, цөллөг, эсвэл хүнд хэлбэрийн цаазаар авах, бие махбодын ял шийтгэл ногдуулна. Ял шийтгэлийн олон төрөлтэй Торгууль (mulcta) : Хөнгөн гэмт хэрэгт мөнгөн торгууль ногдуулна. Бие махбодын шийтгэл: Хүнд гэмт хэрэгт ташуурдах, зэрэмдэглэх зэрэг ял шийтгэл ногдуулна. Цөллөг (exilium) : Улс төрийн гэмт хэрэг үйлдсэн бол Ромоос, эсвэл тодорхой бүс нутгаас хөөнө. Албадан хөдөлмөр (opera publica) : Нийтийн ажлыг албадан хийлгэнэ. Цаазын ял: Боол, доод давхаргын хүмүүс, харьяат бус хүмүүсийг загалмайд цовдлох бол Ромын иргэний толгойг нь цавчина. Нийгмийн статусаас хамаарч хууль ёсны эрх, шийтгэл ялгаатай Хууль ёсны эрх, шийтгэлийн хүнд хөнгөн байдал нь Ромын иргэд болон харьяат бус хүмүүст, боолуудын хооронд ихээхэн ялгаатай. Үүнээс гадна гарал үүсэл сайтай, язгууртан, нийгмийн дээд давхаргад доод анги, боолтой харьцуулахад илүү зөөлөн хандана. Түүхэн хөгжил эрүүгийн эрх зүйд нөлөөлсөн Эхэн үед нийгмийн харилцааны зохицуулалт зан заншилд суурилсан, бичигдээгүй байсан бол Бүгд Найрамдах Улсын үед Арван хоёр хүснэгтийн хууль гарч, хуулийн кодчиллын анхны хэлбэр бүрэлдэн бий болсон байдаг. Үүний дараагаар, МЭ VI зуунд Эзэн хаан Юстинианы [8]  удирдлага дор эмхэтгэсэн хууль тогтоомж, хуулийн тайлбарын цуглуулгад Ромын эрүүгийн хуулийн чухал элементүүд багтжээ. Эрх зүйн онцлох бичвэрүүд ба хуульчид чухал үүрэг гүйцэтгэсэн Гай [9] , Ульпиан [10] , Папиниан [11] зэрэг нэр хүндтэй хуульчдын бүтээл, тэдгээрт тусгагдсан үзэл бодол, дэвшүүлсэн санаа нь Ромын эрх зүйн сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр болоод зогсохгүй, тэдний бүтээлүүдийг хэрэг шийдвэрлэхэд лавлагаа болгон ашиглаж, эрх зүйн зарчмуудыг төлөвшүүлжээ. Нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэн авч үзэж, төрийн хяналтын тогтолцоог бий болгосон Төрийн зүгээс нийтийн хэв журмыг сахиулах, төрийн эрх мэдлийг дээд зэргээр хангах сонирхолд хөтлөгдөн эх орноосоо урвах, бослого гаргах зэргийг гэмт хэрэгт тооцох болсон. Гэхдээ төрийн чухал үүргийн нэг болох шударга ёсыг тогтоохын тулд олон нийтийн оролцоог чухалчлан ноцтой гэмт хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулдаг байжээ. Ял шийтгэл тулгагдсан тохиолдолд хууль ёсны төлөөлөлтэй байхыг зөвшөөрсөн Шүүгдэгчдийг чадварлаг илтгэгч, хуулийн шинжээч бүхий өмгөөлөгч (advocati)  төлөөлж болно. Эсвэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийгөө бүрэн төлөөлж болно. Гэсгээн цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ач холбогдлыг чухалчилсан Конпозицийн системийн (pactio)  дагуу хохирогчид учруулсан хохирлыг гэмт этгээдээр төлүүлэх торгууль, төлөөс ногдуулдаг байсан бол талеоны системийн (lex talionis)  дагуу хуучин овгийн цусан өшөө авах, хорсох занах ёсонд үндэслэсэн уламжлал баримтлан амийг амиар, цусыг цусаар төлүүлдэг байжээ. Товчхондоо, гэмт хэрэгт пропорциональ шийтгэл ногдуулах замаар шударга ёсыг тэнцвэржүүлэхийг эрмэлзэнэ. Нөгөөтээгүүр, олны нүдэн дээр цовдлох, цаазлах зэрэг харгис, хатуу ял цааз нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг төрлийн арга хэрэгсэл болдог байжээ. 2.      Ромын эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн ерөнхий ангилал Ромын эрүүгийн хуульд гэмт хэргийг нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (crimina)  болон хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг  (delicta)  гэсэн үндсэн хоёр төрөлд ангилсан байдаг. Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (crimina) Эх орноосоо урвах (perduellio) : Төр, эзэн хааны эсрэг үйлдлүүд буюу хамгийн хүнд гэмт хэрэг. Хүний амь насыг хохироох (parricidium) : Эцэг эх, ойрын хамаатан садныхаа амийг бусниулах гэмт хэрэг. Эд зүйлсийг галдан шатаах (incendium) : Олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, санаатайгаар галдан шатаах гэмт хэрэг. Хуурах мэхлэх (falsum) : Хуурамч зоос хийх, бичиг баримт үйлдэх, худал гэрчлэх гэмт хэрэг. Хулгай (furtum) : Нийтийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг. Садар самуун (adulterium) : Эмэгтэйчүүдийн хувьд хориглох цээрлэх явдалд тооцогддог ёс суртахууны доройтлын гэмт хэрэг. Хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (delicta) Эрүүл мэндэд хохирол учруулах (iniuria) : Иргэн рүү бие махбодын болон хэл амаар халдах гэмт хэрэг. Эд юмсыг устган гэмтээх (damnum iniuria datum) : Бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулах гэмт хэрэг. Хулгай (furtum) : Хувь хүн, иргэний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг. Хууран мэхлэх (fraus) : Гэрээг зөрчиж, эсвэл хууран мэхэлж хохирол учруулах гэмт хэрэг. 3.      Сонгодог эрх зүйн үеийн нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэмт хэрэг Ромын сонгодог эрх зүйн хөгжлийн үе шат гэж тооцогддог МЭӨ III зууны дунд үеэс МЭ III зууны сүүл хүртэлх хугацаанд нийтийн эрх ашгийг зөрчсөн гэмт хэргийг төрийн эсрэг, шашны эсрэг, ёс суртахууны, иргэдийн эсрэг гэж ангилж, хүнд хөнгөн ял шийтгэл ногдуулдаг байжээ. Төрийн эсрэг гэмт хэрэг (Crimina Publica) Д/д Гэмт хэргийн төрөл Тайлбар Ял шийтгэл 1 Эх орноосоо урвах хэрэг (perduellio) Тагнуул хийх, дайснуудад туслах, засгийн газрыг унагах хуйвалдаан зэрэг Ром улсаас урвасан, төрийн эсрэг үйлдэл. Цаазын ял, цөлөх зэрэг хүнд шийтгэл ногдуулахаас гадна, эд хөрөнгийг хураана. 2 Төрийн эсрэг бослого, үймээн самуун өдөөх хэрэг (seditio) Төрийн тогтвортой, амгалан тайван байдлыг алдагдуулах, бослого, олон нийтийн эмх замбараагүй байдлыг өдөөх үйлдэл. Цаазын ял, цөлөх зэрэг шийтгэл ногдуулж, нийгмийн хэв журмыг сахиулах бусад хатуу арга хэмжээ авна. 3 Төсвийн хөрөнгө шамшигдуулах хэрэг (peculatus) Албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг хулгайлах, завших үйлдэл. Цаазаар авах, цөлөх зэрэг хүнд шийтгэл, их хэмжээний торгууль ногдуулна. Шашны эсрэг гэмт хэрэг (Crimina Sacra) Д/д Гэмт хэргийн төрөл Тайлбар Ял шийтгэл 1 Бурхныг хараан зүхэх, шүтээн бузарлах (sacrilegium) Ариун дагшин газар, шүтээн бузарлах, эд зүйлс хулгайлах, шашин номыг гутаан доромжлох үйлдэл. Бурхдыг гомдоох нь ноцтой гэмт хэрэг тул цаазаар авах, эсвэл бусад хүнд хатуу шийтгэл ногдуулна. 2 Тэнэмэл үзэл ба төөрөгдөл (impius) Төрийн шашин шүтлэг, түүний зан үйлийг үл хүндэтгэж, шашны ёс журмыг зөрчих, шашны үүргээ биелүүлэхээс татгалзах үйлдэл. Олон нийтийн сүсэг бишрэл, шашныг нийтээр хүлээн зөвшөөрсөн байдлыг хадгалахын тулд цаазын ял, цөлөх, эсвэл бусад хатуу шийтгэлийг ногдуулна. Ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (Crimina Moralia) Д/д Гэмт хэргийн төрөл Тайлбар Ял шийтгэл 1 Садар самуун, завхайн хэрэг (adulterium) Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орох, ялангуяа гэрлэсэн эмэгтэйчүүдэд хамааралтай үйлдэл. Эмэгтэйчүүдийн завхай зайлуул явдал нь хориглох цээрлэх гэм нүгэл тул цөлөх, эсвэл цаазын ял ногдуулна. Харин оролцсон эрчүүдэд харьцуулахад бага боловч, ноцтой шийтгэл хүлээлгэнэ. 2 Биеэ үнэлэх хэрэг (lenocinium) Биеэ үнэлж, эсвэл бусдын биеийг үнэлүүлж ашиг хонжоо олох үйлдэл. Торгууль ногдуулах, олны өмнө шившиглэх, цөлөх зэрэг шийтгэлийг ялгаатай ногдуулна. 3 Ижил хүйстэнтэй явалдах хэрэг (mollities) Эрэгтэй ижил хүйстнүүд явалдах хэргийг нийгмээрээ сөрөг муу зүйл гэж хүлээн авдаг байсан. Эрх чөлөөтэй төрсөн эрэгтэй хүн ийм төрлийн хэрэг хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нийтэд зарлаж ичгүүртэй байдалд оруулах, торгууль төлүүлэх, эсвэл нийгмийн хэм хэмжээг тусгасан бусад шийтгэл ногдуулна.  Иргэдийн эсрэг гэмт хэрэг (Crimina in Civis) Д/д Гэмт хэргийн төрөл Тайлбар Ял шийтгэл 1 Аллага (parricidium) Эцэг эх, ойрын хамаатан садныхаа амийг бусниулах үйлдэл. Эцэг эхээ хөнөөх нь жигшүүртэй зүйл тул цаазлах, цөлөх зэрэг хүнд шийтгэл ногдуулна. 2 Хулгай (furtum) Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдэл. Торгууль ногдуулж, нөхөн төлбөр төлүүлнэ. Давтан гэмт хэрэг үйлдсэн, эсвэл их хэмжээний хулгай хийсэн хүнд илүү хатуу шийтгэл ногдуулна. 3 Эрүүл мэндэд хохирол учруулах хэрэг (iniuria) Иргэн рүү бие махбодын болон хэл амаар халдах үйлдэл. Хүнд хөнгөн байдлаас хамааран торгууль, бие махбодын шийтгэл, эсвэл бусад төрлийн шийтгэлийг ногдуулна. 4 Хүн хулгайлах (plagium) Хувь хүн, ялангуяа эрх чөлөөтэй иргэдийг хулгайлах үйлдэл. Цаазаар авах, эсвэл их хэмжээний торгууль зэрэг хүнд шийтгэл ногдуулна. Эдгээр ангилал нь Ромын хууль, нийгэм, засаглалын хоорондын салшгүй уялдаа холбоог тусгаж, нийгмийн дэг журам, шашин, сүсэг бишрэл, ёс суртахуун, шударга байдал, иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн Ромын эрх зүйн цогц тогтолцооны илрэл юм. 4.      Ромын эрүүгийн эрх зүй дэх өвөрмөц шийтгэл Ромын эрүүгийн эрх зүй нь тухайн үеийн нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээг тусгасан өвөрмөц, зарим тохиолдолд хэрцгий шийтгэлтэй байжээ. Эцэг эхээ хөнөөсөн хэрэг үйлдсэн хүнийг хамгийн хүнд, хийсэн муу муухай зүйлтэй нь дүйцэхүйц бие махбод сэтгэл санааг цээрлүүлэх шийтгэл ногдуулна. Тухайлбал, гэмт этгээдийг цус нь гартал зодсоны эцэст арьсан шуудайнд (culleus)  нохой, муур, хулгана зэрэг янз бүрийн амьтдын хамт хийж, шуудайн амыг сайтар оёж, гол эсвэл далайд хаяна (poena cullei) . Энэхүү шийтгэл нь гэмт хэргийн жам ёсны бус байдлыг илэрхийлж, гэмт хэрэгтнийг ертөнцөөс аймшигт байдлаар зайлуулах зорилготой байв. Ромын хуулиар өөрийгөө хамгаалахын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд хувь хүн амь нас, эд хөрөнгөө хамгаалсан гэдгээ нотолж чадвал шийтгэлээс чөлөөлөгддөг байв. Өөрөөр хэлбэл, өөрийгөө болон гэр бүлээ шууд хохирол, аюулаас хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрсөн зарчим үйлчилнэ. Жишээлбэл, хулгайчийг шөнийн цагаар (fur nocturmus)  гэрт нэвтэрч байхад нь хөнөөсөн бол аюултай нөхцөлд өөрийгөө хамгаалах шаардлагатай гэж үзэн шийтгэлээс чөлөөлөгдөнө (impunitas) . Аюултай нөхцөлийн улмаас хулгайчийг алсан бол аллага үйлдсэн этгээдийг ял шийтгэлээс чөлөөлнө. Энэ нь өөрийгөө хамгаалах байгалийн эрхийг хүлээн зөвшөөрсөн зарчим юм. Жишээлбэл, хулгайч зэвсэглэсэн, эсвэл ихээхэн аюул заналхийлсэн тохиолдолд эд хөрөнгөө хамгаалж хулгайчийг алсан хүнд ямар ч шийтгэл ногдуулахгүй. Эдгээрээс гадна, ял шийтгэлийн олон хэлбэрүүд байсан. Д/д Ял шийтгэл Тайлбар Зорилго 1 Цөллөг (exilium) Улс төрийн, ёс суртахуунгүй, бузар булай гэмт хэргийн нийтлэг шийтгэл. Гэмт этгээдийг Ром, эсвэл тодорхой бүс нутгаас тодорхой хугацаагаар, эсвэл насан туршид хөөнө. Гэмт этгээдийг нийгмээс зайлуулах, тэдний нөлөөллийг нь бууруулах, цаашдын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. 2 Торгууль, эд хөрөнгө хураах (mulcta) Шийтгэлийн болон нөхөн төлбөрийн зорилгоор хөнгөн төрлийн гэмт хэрэгт ашиглана. Хохирогчдод нөхөн төлбөр олгох, учруулсан санхүүгийн хохирлыг арилгах зорилготой. 3 Бие махбодын шийтгэл Боол болон доод давхаргын хүмүүсийг ташуурдах, зодох, зэрэмдэглэх зэрэг. Шууд бөгөөд илэрхий харагдахуйц байдлаар бусдыг айлгах зорилготой. 4 Цаазын ял Боол, доод давхаргын хүмүүс, харьяат бус хүмүүсийг загалмайд цовдлох, Ромын иргэдийн толгойг нь цавчих, зэрлэг араатнуудад хаяж өгөх (damnatio ad bestias)  зэрэг. Цаазаар авах ял нь гэмт этгээдийг бүрмөсөн зайлуулж, гэмт хэргийг хатуу хориглох зорилготой. Гэхдээ ял шийтгэлийг ногдуулахдаа шударгаар шүүлгэх, давж заалдах зэрэг хуулийн зарчмуудыг баримталдаг байжээ. Шударгаар шүүлгэх эрх: Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх, эсвэл өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхтэй байхаас гадна нотлох баримт гаргаж өгөх, шүүх гэрчийн мэдүүлэг авч хэргийг нарийвчлан шалгана. Давж заалдах эрх: Цаазаар авхуулах, цөлөгдөх зэрэг хүнд шийтгэл ногдуулсан тохиолдолд эзэн хаанд, эсвэл дээд байгууллагад гомдол гаргах эрхтэй. Энэ нь шүүхийн шийдвэрт хяналт тавих, шударга ёсыг хангах зорилго агуулна. Зайлшгүй дурдах зүйл бол Ромд ял шийтгэлийг нийгэм, эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан ялгаатай тогтоодог байсан. Шийтгэлийн хүнд хөнгөн байдал нь гэмт хэрэгтний нийгмийн гарал, статус, ангийн ялгаанаас хамаардаг ба боол болон харьяат бус хүмүүст илүү хүнд шийтгэл ногдуулна. Эцэст нь эртний Ромд нийгмийн үнэт зүйлс ба төрийн хяналт хоёрын огтлолцолд онцгой ач холбогдол өгөхийн зэрэгцээ, Ромчууд дэг журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг шийдвэрлэхэд чиглэсэн олон төрлийн өвөрмөц ял шийтгэлийг, эрх зүйн зарчмуудыг баримтлан, гэмт хэргийн шинж чанар, гэмт этгээдийн байдлыг харгалзан ногдуулдаг байжээ. 5.      Ромын Бүгд Найрамдах Улсын үеийн эрүүгийн эрх зүй, ял цаазын онцлог Ромын Бүгд Найрамдах Улсын үед эрүүгийн эрх зүйн хөгжиж, санаатай болон санамсаргүй буюу болгоомжгүй зөрчлийн ялгааг багтаасан байдаг. Төрийн хуулийг зөрчиж, хохирол учруулсан санаатай гэмт хэргийг илүү аюултайд тооцож, хатуу шийтгэл ногдуулдаг байсан бол, үүний эсрэг, санамсаргүй буюу болгоомжгүй зөрчлийг ерөнхийдөө хор хөнөөл багатай гэж үзэн гэмт хэргийн ангилалд оруулаагүй байна. Түүнчлэн, тухайн үед боломжгүй, зайлшгүй, төгс ба төгс бус гэмт хэрэг, гэмт хэргийн завдалт, гэмт хэргийг нуун дарагдуулах, гэмт хэрэгт хамтран оролцох зэрэг эрүүгийн эрх зүйн анхны ойлголтууд бий болсон. Эдгээр ойлголтууд нь тухайн үеийн гэмт хэргийн нарийвчилсан үнэлгээнд чухал нөлөө үзүүлэлгүйгээр үндсэндээ хэлбэр, ангилал төдий байсан ч гэмт хэргийн зан үйл, гэм буруугийн талаарх ойлголтыг хөгжүүлж буйн илэрхийлэл болжээ. Гэхдээ, гэмт хэргийн объектив шинж чанар, гэмт хэргийн цаад санаа зорилгыг онцолсон хэвээр байсан нь ялын хүнд байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байв. Тухайн үеийн шийтгэл нь торгууль, бага зэргийн гэмт хэргийн нөхөн төлбөрөөс эхлээд бие махбодын шийтгэл, албадан хөдөлмөр, цөллөг гэх мэт илүү хатуу шийтгэл хүртэл янз бүр байв. Цаазын ял нь гэмт хэрэгтний нийгмийн байдлаас шалтгаалж, Ромын иргэдийн хувьд толгойг нь цавчдаг байсан бол, боол болон харьяат бус хүмүүсийг загалмайд цовдлон, харьцуулбал илүү тарчлаах төрлийн цаазын ял ногдуулна. Олон нийтийн өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байсан нь нийгмийн дэг журмыг сахиулах зорилго агуулан, төрийн эрх мэдлийг бэхжүүлэх арга хэрэгсэл байжээ. Ерөнхийдөө Бүгд Найрамдах Улсын үеийн Ромын эрүүгийн эрх зүй нь хатуу чанга хууль ашиглан нийтийн хэв журам сахиулах, төрийн эрх мэдлийг хангахад чиглэгдэж байжээ. 6.      Ромын эрүүгийн эрх зүй ба орчин үеийн эрүүгийн эрх зүйн харьцуулалт Ромын эрүүгийн эрх зүйг орчин үеийнхтэй харьцуулбал цаг хугацааны явцад нийгэм гэмт хэрэг, шийтгэлийг хэрхэн авч үзсэн байгаагаар ялгаатай ч, зарим ижил төстэй байдлыг олж харж болно.   Харьцуулалт Ромын Эрүүгийн эрх зүй Орчин үеийн Эрүүгийн эрх зүй Эрх зүйн үндэс ба эх сурвалж Эх сурвалж Арван хоёр хүснэгтийн хууль, сенатын тогтоолууд, магистратын зарлиг, зан заншлын хууль. Бичмэл хууль тогтоомж, үндсэн хууль, шүүхийн прецедент (жишиг хэрэг), олон улсын гэрээ, дүрэм журам. Үндсэн шинж Эхэн үед бичмэл бус зан заншил, магистратын эрх мэдлээс хамааралтай байсан бол, хожим Арван хоёр хүснэгтийн хуулийн зарим кодчилол дээр тулгуурлах болсон. Хууль тогтоох байгууллагаас тогтоосон эрүүгийн иж бүрэн хууль, журамтай, кодчилсон бүтэцтэй. Хөгжил Хуульчдын тайлбар, нөлөөгөөр олон зуун жилийн турш хөгжиж ирсэн. Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүхийн тайлбар, олон улсын эрх зүйн стандартад нийцүүлэн хөгжиж байна. Гэмт хэргийн тодорхойлолт, ангилал Гэмт хэргийн ангилал Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (crimina) болон хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (delicta)  гэж ангилна. Хүнд, хөнгөн гэмт хэрэг, зөрчлийн гэж тусгай ангилна. Жишээлбэл, хүчирхийллийн гэмт хэрэг, өмчийн гэмт хэрэг, цагаан захтны гэмт хэрэг гм. Зорилго Гэмт хэргийг тодорхойлох үндсэн шалгуур болох санаатай үйлдлийг онцолсон; санамсаргүй, эсвэл болгоомжгүй үйлдлүүдийг гэмт хэрэг гэж тооцохгүй. Гэмт этгээдийн санаа зорилго, гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэл (mens rea) [12]  болон сэтгэцийн байдал, хайхрамжгүй, болгоомжгүй байдал, хатуу хариуцлагатай гэмт хэрэг зэргийг цогцоор нь авч үзнэ. Хамрах хүрээ Төр, шашин, ёс суртахуун, хувь хүний ​​эсрэг гэмт хэрэг багтана. Орчин үеийн нийгмийн асуудлыг тусгасан цахим, хар тамхи, зохицуулалт зэрэг өргөн хүрээний эрүүгийн гэмт хэрэг багтана. Процесс Яллах, эрэн сурвалжлах Хувь хүн, төрийн албан хаагчийн хүсэлтээр хэрэг үүсгэнэ; магистрат урьдчилсан мөрдөн байцаалт явуулна. Хууль хяналтын байгууллага, прокурорын санаачилгаар хэрэг үүсгэнэ; өргөн хүрээтэй мөрдөн байцаах журамтай. Шүүх хуралдаан Магистрат эсвэл байнгын шүүхийн (quaestiones perpetuae) [13]   өмнө явагддаг; процесс бүрэн журамлагдаагүй. Шүүгч, эсвэл тангарагтны шүүгчидтэй албан ёсны шүүхийн процессын дүрмийг дагаж мөрдөнө. Жишээлбэл, нотлох баримтын дүрэм. Яллагдаг-чийн эрх Өөрийгөө өмгөөлөх, төлөөлүүлэх зарим эрх байх ч нийгмийн байдлаас хамаарч ялгаатай; хязгаарлагдмал эрхтэй. Зохих процессын дагуу шүүхээр шударгаар шүүлгэх, хууль ёсны төлөөлөлтэй, өөрийгөө буруутгахаас хамгаалах зэрэг найдвартай хамгаалалтуудтай. Шийтгэл ба гүйцэтгэл Шийтгэл Торгууль төлүүлэх, бие махбодын шийтгэл хүлээлгэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, цөлөх, цаазаар авах ял зэрэг нийгмийн статусаас хамааран янз бүр байна. Урьдчилан тогтоосон ялын удирдамжийн дагуу шийтгэл ногдуулна. Торгууль төлүүлэх, хорих, тэнсэн харгалзах, олон нийтэд тустай ажил хийлгэх, тусгай хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг багтана. Цаазлах арга Цовдлох, толгойг нь цавчих, зэрлэг араатанд хаяж өгөх (damnatio ad bestias)  зэрэг олон нийтийн өмнө ялыг гүйцэтгэнэ. Цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа улс орнууд үхлийн тарилга хийх зэрэг илүү хүмүүнлэг болсон. Олон улс орон цаазаар авах ялаас татгалзсан. Олон нийтэд үзүүлэх Цаазын ялыг олон нийтэд харуулж, төрийн эрх мэдлийг бэхжүүлсэн. Гэмт этгээдийг нийгэмшүүлэхэд анхаарч, олон нийтэд дэлгэж харуулахгүй. Нийгэм, ёс зүйн асуудал Нийгмийн шатлал / Хуулийн өмнө тэгш байдал Шийтгэл нь нийгмийн байдлаас хамааран ихээхэн ялгаатай. Боол болон харьяат бус хүмүүст илүү хатуу шийтгэл ногдуулна. Эрх зүйн тогтолцоо нь арьсны өнгө, хүйс, статус гэх мэтээр ялгаварлан гадуурхахаас хамгаалж, тэгш байдлыг хангахыг эрмэлздэг. Ёс суртахууны гол чиглэл Шашин, нийгмийн хэм хэмжээний нөлөөгөөр нийгмийн хэв журам, төрийн эрх мэдэл, уламжлалт үнэт зүйлсийг сахин хамгаална. Хүний эрхийн зарчим, ёс зүйн хэм хэмжээ нөлөөгөөр гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хамгаалалт болон шийтгэлийн тэнцвэрийг хадгална. Ромын эрүүгийн эрх зүй нь нийгмийн шатлалыг тусгасан хатуу харгис шийтгэлээр дамжуулан олон нийтийн өмнө ялыг гүйцэтгэж, дэг журмыг сахиулахад анхаарч байсан бол орчин үеийн эрүүгийн эрх зүй нь хууль тогтоомж, процессын шударга байдлыг чухалчилдаг. Орчин үеийн системүүд нь яллагдагчийг найдвартай хамгаалалтаар хангаж, шийтгэл ногдуулахдаа ёс суртахууны хэм хэмжээг баримталж, хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг тэнцвэржүүлэхийг эрмэлздэг болжээ. Дүгнэлт Эцэст нь " Эртний Ромд гэмт хэрэг үйлдсэн язгууртнуудад давуу эрх олгож, арай хөнгөн ял шийтгэл оногдуулдаг байсан нь шударга ёсонд нийцэх үү?" гэсэн асуултыг тавилаа. Ромд нийгэм нь Ромын иргэд ба харьяат бус хүмүүс гэж ялгадаг хоёр шатлалтай байгаад зогсохгүй, эрх зүйн тогтолцоо нь ч мөн адил давхар стандарттай байжээ. Хөрш улсуудад баян ядуугаас үл хамааран тухайн газар амьдарч л байгаа бол иргэнд тооцогддог байсантай харьцуулахад Ромд иргэншлийн статусыг Ромын иргэн эцэг эхийн хүүхэд болж мэндлэх, армид цэргийн албыг нэр төртэй, заасан хугацаанд бүрэн дүүрэн хаах, боолоос суллагдаж эрх чөлөөтэй болох зэрэг аргаар олж авах явдал нь төрийн хишиг, шагнал урамшуулал гэлтэй. Гэлээ гээд, иргэншил олж авсан байх нь шууд л эд баялагтай, нийгэмд нөлөөтэй болгохгүй. Харин эд баялгаа бусдад харуулж, төрд их хэмжээний хандив өргөх замаар сенатор зэрэг статустай болно [14] . Хууль ёсоор бол иргэд хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэйн дээр тусгай сонсгол хийх боломжтой байв. Хэдийгээр иргэнийг цаазлах нь хууль бус байсан ч зохих шүүх хуралгүйгээр харьяат бус хүнд ял шийтгэл ногдуулах, цаазлах, эрүүдэн шүүх, шоронд хорих бараг л энгийн зүйл байжээ. Гэсэн хэдий ч нийгмийн, улс төрийн, эрх зүйн зэрэг шатлалууд нь Ромын амьдралын салшгүй хэсэг болж, нийгмийг давхарга болгон хуваах замаар шат ахих бүрд ямар нэгэн зүйл төрдөө өгч, тэр хэмжээгээр давуу эрх олж авна. Товчоор хэлбэл, төр улам бүр хүчирхэгжих, урт удаан хугацаанд оршин байх үндэс суурийг бүрэлдүүлсэн байгаа юм. Хүний өөрийн эрх ашгийг түрүүлж тавьдаг төрөлхийн занг удирдсан хэрэг. Хүн өөрт нь ашигтай л бол төрийн эсрэг, нийгмийн тогтсон хэм хэмжээний эсрэг тэрслэх магадлалыг багасгадаг хэрэгсэл болгон хүний өөрийнх нь эсрэг ашиглажээ. Тодруулбал, харилцан ашигтай нийгмийн гэрээ сонгодог утгаараа хийгдсэн гэж болно. Эзэн хаан Августын [15]  шийдвэрийн (МЭӨ 27 он) дагуу Сенатын гишүүн болохын тулд 1’000’000 сестерцийг [16]  дайтай газартай байх ёстой зэрэг сенатор, морьтон [17]   (equites) , квестор (quaestores)  зэрэг улс төрийн хамгийн өндөр албан тушаалын шаардлагыг нэмэгдүүлсэн нь эд баялгийн хэрэгцээг улам бүр чухалчлах суурь шалтгааны нэг болсон байдаг. Албан тушаалтай хүн театрт урд эгнээнд сууж үзвэр үзэх, нийгмийн элиттэй холбоо тогтоох, улмаар хөрөнгө, нөлөөгөө улам өргөжүүлэх зэрэг тодорхой давуу талуудын үүд хаалга нээгдэнэ. Энэ мэтчилэн дурдаад байвал, Ром бол шатлалтай нэлээд төвөгтэй тогтолцоо мөнөөс мөн гэж болно. Хувь хүн хуулийн үүднээс нэг, статусын хувьд нэг, баялгийн хувьд нэг, нийлээд гурван шатлалын аль нэгэнд байж болно. Дор хаяж эдгээрээс хослуулж байж, эсвэл хамгийн багадаа аль нэгийг нь эзэмшиж байж статусаа хадгалж авч үлдэнэ. МЭ 212 онд Ромын Эзэн хаан Каракаллагийн эдикт [18]   (Constitutio Antoniniana)  гарч, Эзэнт гүрний бүх хүмүүст Ромын иргэншил олгосон байдаг. Нэг талаас хүмүүнлэг сайн зүйл байсан мэт боловч, нөгөө талаас зөвхөн иргэдэд хамаарах хэд хэдэн татвар байсантай холбоотойгоор Эзэн хаан Каракалла [19]  үүнийг зөвхөн татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хийсэн байдаг. Үр дүнд нь тайлбарлаад буй шатлалын хүч нөлөөг бууруулсан алхам болжээ. Арми нь бүхэлдээ иргэний харьяалал хүссэн мужуудаас бүрддэг байсан тул цэргийн өндөр статустай болох хүсэл эрмэлзэл замхран арилав. Түүнчлэн эрх зүйн тогтолцоо өмнөхөөсөө илүү олонд хамааралтай болж, өргөжүүлэх шаардлага урган гарсан. Эцэс сүүлд нь эдгээр олон шалтгаан Эзэнт гүрнийг сүйрэлд ойртуулж, III зууны хямрал гэж нэрлэгддэг улс төр, нийгмийн үймээн самуун дагуулсан юм. Эдгээрээс дүгнэвэл, шатлалтай, тэр нь цагны механизм шиг өөр хоорондоо уялдаатай, харилцан хамааралтай тогтолцооны үндэс нь гэмт хэрэгт үйлдсэн язгууртнуудад давуу эрх олгож, арай хөнгөн ял шийтгэл оногдуулдаг байсан нь шударга ёсоор зогсохгүй, хөдөлгөгч хүч нь, хөдөлгүүрийн тосолгоо нь, цаашилбал түлш нь байсан болж таарч байна. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1]   Хуульч Шувуухайн Арван хоёр хүснэгтийн хууль танилцуулгаас дэлгэргүй мэдээлэл авч болно.   [2]   Хуульч Шувуухайн Ромын эрх зүйн эх сурвалж: Нэр томьёоны тайлбар нийтлэлээс дэлгэрүүлэн уншиж болно.   [3]   Магистрат   (magistratus) : Эртний Ромд шүүх, захиргааны болон гүйцэтгэх эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан. Магистратууд нь Ромын Бүгд Найрамдах Улс, дараа нь Ромын Эзэнт гүрний дотор янз бүрийн чухал албан тушаал хашиж байсан сонгогдсон албан тушаалтнууд. Магистратын тогтолцоо нь нарийн төвөгтэй, шаталсан, албан тушаал бүр тодорхой үүрэг, эрх мэдлийн түвшинтэй. Магистрат: Төрийн захиргааны дээд байгууллага. Өнөө үед ч байдаг ба Англи, Уэлст хөнгөн гэмт хэргийг шийдвэрлэдэг шүүхийн ажилтан буюу энх тайвны шударга шүүгчийг хэлнэ. [4]   Претор (praetor) : Эртний Ромд шүүхийг удирдах, хуулийг тайлбарлах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг янз бүрийн шүүх, захиргааны эрх мэдлийг эзэмшдэг магистрат. Эхэндээ преторуудыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүгчээр томилдог байсан ч, дараа нь консулын эзгүйд мужийн захиргааг хянах, армийг удирдах зэрэг нэмэлт үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг. Ромын Бүгд Найрамдах Улс өргөжиж, өсөн нэмэгдэж буй төрийн захиргааны хэрэгцээг хангахын тулд цаг хугацааны явцад преторуудын тоо нэмэгджээ. [5]   Жрецүүд (sacerdotes) : Бөө мөргөл, зан заншлыг түгээгч лам нар. [6]   Эдил (aediles) : Ромын Бүгд Найрамдах Улсад хотын засвар үйлчилгээ, нийтийн баяр наадам зохион байгуулахтай холбоотой олон нийтийн ажлыг хариуцах магистратууд. [7]   Квестор (quaestores) : Төрийн сан хөмрөгийг удирдах, татвар хураах, төсвийн зарлагад хяналт тавих зэрэг санхүүгийн удирдлага, хяналтыг хариуцдаг төрийн албан тушаалтан. Квесторуудыг Ромын ард түмэн сонгох бөгөөд тэдний тоо, үүрэг хариуцлага нь түүхэн цаг хугацаанд харилцан адилгүй байв. Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед квесторууд санхүүгийн асуудалд голчлон анхаардаг байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үүрэг өргөжиж, шүүх болон цэргийн үүрэг гүйцэтгэх болсон. [8]   Юстиниан (Justinian) :  МЭ 527-565 он хүртэл хаанчилж байсан Византийн эзэн хаан. Бүтэн нэр Флавиус Петрус Саббатиус Иустинианус Август (Flavius Petrus Sabbatius Iustinianus Augustus) . Тэрээр Зүүн Ромын (Византийн) эзэнт гүрэн, хожим Баруун Европт хоёуланд нь хуулийн үндэс суурь болсон Ромын хуулийг Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis)  болгон кодчилох оролдлого хийсэн алдартай. [9]   Гайус (Gaius) : МЭ II зуунд амьдарч байсан Ромын хуульч. Түүний хамгийн алдартай бүтээл бол Ромын эрх зүйг заахад ашигладаг хууль зүйн цогц сурах бичиг болох Институций (Institutiones)  юм. [10]   Ульпиан (Ulpian) : Домитий Улпианус  (Domitius Ulpianus)  МЭ II зууны сүүлч, III зууны эхэн үед амьдарч байсан нэрт хуульч. Тэрээр хэд хэдэн эзэн хааны үед өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд хууль эрх зүйн асар их бүтээлүүдээрээ алдартай. [11]   Папиниан (Papinian) : Аемилиус Папинианус (Aemilius Papinianus)  МЭ III зууны эхэн үеийн Ромын өөр нэг тэргүүлэх хуульч байсан. Тэрээр эзэн хаан Септимиус Северусын (Septimius Severus)  үед хуулийн ахлах зөвлөх болон преториан префект байсан. Преториан префект (Praefectus Praetorio) : Ромын Эзэнт гүрний хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг. Эхэндээ цэргийн үүрэг байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам засаг захиргааны болон шүүхийн томоохон үүрэг хариуцлагыг хамрахаар болсон. Преторын префектийн алба нь Ромын засгийн газарт, ялангуяа Эзэн хааны үед чухал үүрэг гүйцэтгэсэн. [12]   Хуульч Шувуухайн Эрх зүйн нийтлэг хэрэглээтэй латин нэр томьёо, ойлголт судалгаанаас  дэлгэрүүлэн уншиж болно.   [13]   Байнгын шүүхүүд (queestiones perpetuae) : Хожуу Ромын Бүгд Найрамдах Улсад тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан. Эдгээр шүүхүүд нь Ромын эрх зүйн тогтолцоонд нэн чухал хөгжил байгаад зогсохгүй, эрүүгийн асуудалд тууштай хандлагыг хангасан. [14]   Хуульч Шувуухайн Ромын иргэд нийтлэлээс дэлгэрүүлэн уншиж болно. [15]   Эзэн хаан Август : МЭӨ 27- МЭ 14 он хүртэл Ромыг захирч байсан. Жинхэнэ нэр Гай Октавиус, хожим Юлий Цезарь түүнийг үрчилж авсны дараа Гай Юлий Цезарь Октавиан хэмээн алдаршсан Август Ромын Принципатыг үндэслэгч, Ромын анхны Эзэн хаан байсан. Түүний хаанчлалаар Ромын Эзэнт гүрний эхлэл тавигдсан. Принципат (princeps) : Анхны иргэн гэсэн утгатай төрийн тэргүүнийг илэрхийлнэ. [16]   Сестерци (sesterces) : Баялгийн үндсэн хэмжүүр, Ромын мөнгөн тэмдэгтийн нэг хэлбэр. [17]   Морьтон (equites) : Чинээлэг газар эзэмшигчид, бизнесменүүд, цэргийн офицерууд. Шууд утгаараа морьтон, эсвэл хүлэг баатар (рыцарь) гэж орчуулдаг бөгөөд анхандаа цэргийн алба хаах морь тэжээх боломжтой хүмүүсийг хэлдэг байжээ. [18]   Эзэн хааны эдикт (edicta principum) : Ромын Эзэнт гүрний үед Ромын эзэн хаадын гаргасан тунхаг, зарлиг. Татвар, засаг захиргаа, цэргийн хэрэг, эрх зүйн шинэчлэл, шашны бодлого зэрэг өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэнэ. Эзэн хаад Ромын ард түмэн, мужийн захирагч, Эзэнт гүрний бусад албан тушаалтнуудад заавар, бодлогоо хүргэхэд ашиглана. Ромын Эзэнт гүрнийг удирдах, түүний бодлого, институтийг төлөвшүүлэхэд Ромын хаадын зарлиг чухал үүрэг гүйцэтгэсэн. Эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт эрх мэдлийг хэрэгжүүлж, дамжуулах үндсэн хэрэгслийн нэг. [19]   Каракалла (Caracalla) : МЭ 198-217 оныг хүртэл захирч байсан Ромын эзэн хаан. Бүтэн нэр Маркус Аврелий Северус Антонин Август. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #ЭзэнХааныЭдикт #Сестерци #Морьтон #ЭзэнХаанАвгуст #Папиниан #Ульпиан #Гай #Юстиниан #Квестор #Эдил #Жрецүүд #Претор #Магистрат #АрванХоёрХүснэгтийнХууль #СенатынТогтоол #МагистратынЭдикт #РомынБүгдНайрамдахУлс #РомынЭзэнтГүрэн #РомынХаантУлс #Кодчилол #ЭрхЗүйнТогтолцоо #ОнцНоцтойГэмтХэрэг #ШударгаЁс #ЯллахАжиллагаа #МөрдөнБайцаахАжиллагаа #УрьдчилсанСонсгол #ШүүхХуралдаан #Өмгөөлөл #ШүүхийнШийдвэр #Шийтгэл #ГэмтЭтгээд #Шүүгдэгч #НотлохБаримт #Торгууль #Цөллөг #ХүндГэмтХэрэг #ХөнгөнГэмтХэрэг #ЦаазаарАвах #БиеМахбодынЯлШийтгэл #НийтийнАшигСонирхлынЭсрэгГэмтХэрэг #ХувьХүнийЭсрэгГэмтХэрэг #ЭхОрноосооУрвах #ХүнийАмьНасыгХороох #ЭдЗүйлсГалданШатаах #ХууранМэхлэх #ХуурамчЗоосХийх #ХүнийАмийгБусниулах #ХудалГэрчлэх #Хулгай #СадарСамуун #ЭрүүлМэндэдХохиролУчруулах #ГэрээЗөрчих #ХохиролУчруулах #ТөрийнЭсрэгГэмтХэрэг #ШашныЭсрэгГэмтХэрэг #ИргэдийнЭсрэгГэмтХэрэг #ТөрийнЭсрэгБослого #ҮймээнСамуун #ТөсвийнХөрөнгөШамшигдуулах #ТагнуулХийх #ДайсандТуслах #ЗасгийнГазрыгУнагаахХуйвалдаан #ОлонНийтийнЭмхЗамбараагүйБайдлыгӨдөөх #ТөрийнӨмчХулгайлах #Завших #ЭдХөрөнгөХураах #БурхныгХараанЗүхэх #ШүтээнБузарлах #АриунДагшинГазар #ШашинНомыгГутаанДоромжлох #ШашныҮүргээБиелүүлэхээсТатгалзах #БурхдыгГомдоох #СүсэгБишрэл #ӨвөрмөцШийтгэл #ХүнХулгайлах Music by MBB |   / mbbofficial​        / mbbmusic​       / mbb_music​

  • Ромын гэр бүлийн эрх зүй

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынГэрБүлийнЭрхЗүй #Агнат #Когнат #CumManuMariti #SineManiMariti #Моногами #Эндогам #Дигест #Confarreatio #Mancipatio #Usus #РомынГэрБүлСалалт #РомынГэрБүлийнСтатус #РомынГэрлэхЗарчим #РомынГэрБүлийнАжАхуй #РомынГэрБүлийнЭрхЗүйнЗохицуулалт #РомынГэрБүлБолохШаардлага

  • Эдвин Сатерлэнд “Ялгамжтай байдлын холбооны онол”

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Криминологи #ЭдвинСатерлэнд #ЯлгамжтайБайдлынХолбооныОнол #КриминологийнОнол #СуралцахҮйлЯвц #СуралцахуйнОнол #Аристотель #МэдрэхүйнТуршлага #Адилсах #ОронЗайдЗэрэгцэнОрших #НийгмээсСуралцахОнол #СонгодогДасгалжуулалт #АжиллагааныДасгалжуулалт #НийгмийнОрчин #ЗанҮйл #Дадах #ХүнийСэтгэхүй #ГэмтХэрэг #ЦагаанЗахтныГэмтХэрэг #ГэмтҮйлдэл #КриминологийнЗарчмууд #НийгэмСоёлынХүчинЗүйл #КриминологийнСудалгаа #БиологийнХүчинЗүйл #Криминологич #НийгмийнЯлгамжтайЗохионБайгуулалт #ЯлгамжБүхийХолбоо #ХуульДагах #НийгмийнБодитБайдал #ГэмтХэрэгтэн #СуралцанЗохицохЧадвар #СөрөгЗанҮйл #БусадХүмүүсээсСуралцах #ХуульчланТогтоосонХэмХэмжээ #ХуульЗөрчихҮнэлэмж

  • Ялгамжтай байдлын холбооны онолд суурилсан судалгаанууд

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Криминологи #КриминологийнОнол #ЯлгамжтайБайдлынХолбооныОнол #ЭдвинСатерлэнд #ДоналдКресси #ШелдонГлюк #ЭлеанорГлюк #РоссМацуеда #РоналдАкерс #РобертБюржесс #ХэмХэмжээнийЗөрчилдөөн #СоёлынЗөрчилдөөн #НийгмийнХарилцаа #НийтээрХүлээнЗөвшөөрөхДундынДүрэм #СуралцахОнол #ЗанҮйл #ХувьХүнийҮнэлэмж #ЯлгамжтайЗохионБайгуулалт #Криминологич #ГэмтЯвдал #ГэмтХэрэгтэн #ХуульЗөрчих #ӨсвөрНасныхан #ХуульЗөрчихЗанҮйлийнХандлага #СуралцахҮйлЯвц #НийгмээсСуралцах #ЯлгамжтайБайдлынХолбоо #ГэмтЗанҮйлийнТөлөв #ГэмтХэргийнЕртөнц #Залгамжлагч #Хамтрагч #ШорондХорих #ТуршлагаСолилцох

  • Габриэл Тард “Даган дуурайх онол”

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ГабриэлТард #ДаганДуурайхОнол #Криминологи #КриминологийнОнол #ФранцынСоциологич #ГэмтХэрэгтэн #СоциологийнОнол #СтатистикШинжилгээ #ХарьцуулсанГэмтЯвдал #ЗүйТогтол #Антропологи #ЯлШийтгэлийнФилософи #Ломброзо #НийгмийнТөлөө #ЗаяагдмалХандлага #Түгшүүр #Эгдүүцэл #НийгмийнХүчинЗүйл #АнтропологийнХүчинЗүйл #ХорУршиг #СэтгэлЗүйнХүчинЗүйл #ГэмтЯвдалСудлал #НийгмийнШинжтэйЯллагаа #Санаатай #Санамсаргүй #Удамшил #ОрчноосооСуралцах #Төлөвших #НийгмийнХөгжил #Зуршмал #НөлөөнийТусгал #ДаганДуурайхХууль #ДаганДуурайхЗүйТогтол #ХүмүүсийнХарилцаа #ШинэЗагвар #Психологи #НийгмийнШалтгаан #Суралцахуй #Аристотель

  • Криминологи

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #Криминологи #ЧезареБеккариа #ГэмтХэрэгбаШийтгэлийнТухай #ЖеремиБентам #ЧезареЛомброзо #ЭмильДюркгейм #ЭмильДюркгейм #СонгодогКриминологи #ПозитивКриминологи #РобертПарк #ЭрнестБургесс #НийгмийнДарамтынОнолууд #РобертМертон #ШошгололтынОнол #ЗөрчилдөөнийКриминологи #ГовардБеккер #ЭдвардЛемерт #ОрчинҮеийнКриминологи #ЧикагогийнСургууль #ГэмтХэрэг #ГэмтЗанҮйл #ГэмтЯвдал #ЭрүүгийнЭрхЗүй #ХохирогчСудлал #ГэмтХэргээсУрьдчиланСэргийлэх

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн санхүүгийн шинжилгээ

    2010 онд Улсын их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг байгуулсан. Уг компани нь стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд газарт олборлолт хийж, бүтээгдэхүүн боловсруулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, ус хангамжийн системийг байгуулах, бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулан гадаад зах зээлд хүргэх үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 85.20 хувийг Засгийн газар, үлдсэн хувийг аж ахуйн нэгж, иргэд эзэмшдэг. Таван толгойн нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Улаан нуурын хөндийд, Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 90 км, сумын төвөөс өмнө зүгт 16 км-т 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Уг ордын Зүүн Цанхийн уурхай 750 сая тонн, Баруун Цанхийн уурхай 814 сая тонн нөөцтэй. Үүнээс ашиглалтын хугацаанд олборлох нийт нүүрсний хэмжээ нь Зүүн Цанхийн уурхайгаас 410 сая тонн, Баруун Цанхийн уурхайгаас 543 сая тонн. Техник-эдийн засгийн үндэслэлд жилд олборлох хүчин чадлыг Зүүн Цанхийн уурхайгаас 15 сая тонн, Баруун Цанхийн уурхайгаас 20 сая тонн нүүрс байхаар баталсан. Тус компани Ашигт малтмалын газраас хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 30 жилийн хугацаатай авсан. Сүүлийн 10-н жилийн санхүүгийн байдлын тайланд шинжилгээ хийхэд, 2012 онд тус компанийн хөрөнгө 485.8 төгрөг байсан бол 2022 онд 17’480.4 төгрөг болж 36 дахин нэмэгджээ. 2022 онд эргэлтийн хөрөнгө 2’525.6 тэрбум төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 14’954.8 тэрбум төгрөг байна. 2022 онд, урт хугацаат өр төлбөр 1’403.0 тэрбум төгрөг, богино хугацаат өр төлбөр 2’523.3 тэрбум төгрөг, эздийн өмч 13’554.1 тэрбум төгрөг байгаагаас 2’358.1 тэрбум төгрөг хуримтлагдсан ашиг байна. Хөрөнгийн хувьд энэ хугацаанд 2017 онд биет бус хөрөнгөд 11’194.2 тэрбум төгрөгийг бүртгэж авч, 2019 ба 2022 онд урт хугацаат хөрөнгө оруулалт хийж, 2017 оноос эргэлтийн бус хөрөнгө тасралтгүй өссөн байв. Эх үүсвэрийн хувьд 2012-2022 оны хооронд богино хугацаат өр төлбөр 7.94 дахин, урт хугацаат өр төлбөр 9.41 дахин, эздийн өмч 725.71 дахин нэмэгджээ. Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолын дагуу тус компанийн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж 11’196.0 тэрбум төгрөгөөр бүртгэхийн заасны дагуу хувьцаат капиталыг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ аудитын тайланд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байна гэсэн анхны тооцоолол, түүний нотлох баримт олж аваагүй талаар дурджээ. 2020-2022 онд өр төлбөрийг огцом өсгөсөн нь компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр бондын эх үүсвэрээр нийт 52.3 сая ам.доллар болон 620’045.6 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Урт хугацаат эх үүсвэр буюу бондын санхүүжилт авснаас хойш 1.4 сая ам.доллар буюу 4’285.5 сая төгрөгийн бондыг буцаан худалдан авч 2022 оны эцэст 795.2 тэрбум төгрөгийн бондын өрийн үлдэгдэлтэй байна. 2013-2016 онд алдагдалтай ажилласны улмаас эздийн өмч сөрөг утгатай байсан бол түүнээс хойш алдагдалгүй болжээ. 2012 онд эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийн харьцаа 86/14 байсан бол 2022 онд болсон 14/86 болсон. Эргэлтийн бус хөрөнгийн дийлэнх буюу 63.5 хувийг биет бус хөрөнгө, 7.7 хувийг урт хугацааны хөрөнгө оруулалт, 12.19 хувийг бусад биет бус хөрөнгө эзэлж байна. 2022 онд эх үүсвэрийн 77.54 хувийг эздийн өмч, 8.03 хувийг урт хугацаат өр төлбөр, 14.4 хувийг богино хугацаат өр төлбөр эзэлж байна. Орлогын дэлгэрэнгүй тайланд шинжилгээ хийхэд, борлуулалтын орлого 2012 онд 208.8 тэрбум төгрөг байсан бол 2022 оны 3’494.5 тэрбум төгрөг болж өнгөрсөн 10 жилийн хугацаанд 16.74 дахин өсжээ. Үүнтэй харьцуулахад, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 2012 онд 146.4 тэрбум төгрөг байсан бол 2022 оны 708.9 тэрбум төгрөг болж 4.84 дахин өссөн. 2012 онд борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь борлуулалтын орлогын 70.12 хувь байсан бол 2022 онд 20.29 хувь болж буурсан бөгөөд 2012-2022 онд дунджаар 32.53 хувь байв. борлуулалтын орлого 2016 оноос тасралтгүй өсөх трендтэй байсан ч цар тахлын улмаас 2020-2021 онд унаж, 2022 онд өмнөх онтой харьцуулахад огцом 210 хувиар сэргэсэн байна. Борлуулсан бүтээгдэхүүний өртөгөөс гадна борлуулалт, тээвэр, маркетинг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зардлууд 2012-2022 онд борлуулалтын орлогын дунджаар 18.89 хувь, бусад зардал дунджаар 8.38 хувь эзэлсэн байна. 2022 онд борлуулалт, тээвэр, маркетинг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зардал 807.3 тэрбум төгрөг, бусад зардал 158.8 тэрбум төгрөг байна. Тус компани борлуулалтын орлогоос гадна түрээс, хүү, бусад орлоготой ч эдгээр орлого нийлбэр дүнгээр борлуулалтын орлогод 3 орчим хувь эзэлдэг байна. Нүүрсний борлуулалтын орлого өндөртэй жилүүдэд татвар төлөхийн өмнөх ашиг нь борлуулалтын орлогын 47-51 хувь байсан байна. 2022 онд татвар төлөхийн өмнөх ашиг 1’788.95 тэрбум төгрөгт хүрч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 484.5 тэрбум төгрөг төлж, татварын дараах ашиг 1’304.49 тэрбум төгрөг байна. Мөнгөн гүйлгээний тайланд шинжилгээ хийхэд, үндсэн үйл ажиллагаа нь 2014 оноос хойш эерэг дүнтэй байсан бөгөөд 2022 оны эцэс хүртэл 28.64 дахин нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа 2013 оноос сөрөг дүнтэй байсан бөгөөд түүнээс хойш 235.19 дахин нэмэгдсэн байна. Тайланд энэ үйл ажиллагааны мөнгөн орлогыг зөвхөн хүлээн авсан хүүгийн орлогоор төлөөлүүлсэн байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж хүртэж эхлэх хугацаа болон дүнгийн талаар нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай болно. Харин санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 2012, 2013, 2014, 2021 онд эерэг гарсан байна. 2022 оны байдлаар бүх цэвэр мөнгөн гүйлгээ 336.2 тэрбум төгрөг байна. Цэвэр мөнгөн гүйлгээнд гадаад валютын ханшийн зөрүү дунджаар 4 орчим хувийн нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ 2019 онд 41.23 хувьд хүрч байжээ. 2012-2022 оны санхүүгийн үзүүлэлтэд харьцааны шинжилгээ хийхэд, хөрвөх чадварын үзүүлэлтүүд муу гарав. Эргэлт, түргэн хөрвөх хөрөнгийн, бэлэн мөнгөний харьцаанууд нь төлбөрийн чадварын гол үзүүлэлт юм. Эдгээр харьцаа нь хөрвөх чадвартай хөрөнгө буюу бэлэн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгөөр богино хугацааны санхүүгийн үүргээ биелүүлэх чадварыг хэмждэг. Эргэлтийн харьцааг нийт эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт, түргэн хөрвөх чадварын харьцааг нийт эргэлтийн хөрөнгөөс бараа материалыг хассан дүнг нийт богино хугацаат өр төлбөрт, бэлэн мөнгөний харьцааг бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт харьцуулах замаар тооцдог. Уул уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний хөрөнгийн зардал, санхүүжилт шаардагдах тул үнэлгээнд чухал ач холбогдолтой эдгээр харьцааны утгыг 1.3, 1.0, 0.4-өөс дээш байлгавал зохилтой. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн харьцаанууд байнга муу байж ирсэн нь бизнесийн хамтрагчийн хувьд өр төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулдаггүй, санхүүгийн сахилга батгүй, найдваргүй бөгөөд санхүүгийн удирдлагын хувьд чадвар муутай байна. Үүнээс гадна, их хэмжээний мөнгөн хөрөнгийг найдваргүй банкны харилцах дансанд байршуулж хөрвөх чадвар сайтай активыг авлага болгосон байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингис хаан банкнаас 66”151.5 сая төгрөг авах Шүүхийн албадан гүйцэтгэх шийдвэр гарсан ч 2022 оны аудитын тайланд энэ авлагыг аваагүй болох талаар дурджээ. Эл байдлыг засах залруулаагүй цагт харьцаа үзүүлэлтүүд муу хэвээр байхаар байна. Үйл ажиллагааны харьцааны шинжилгээгээр бараа материалын эргэц харьцангуй муудаж жилд 2 даа эргэдэг буюу жилийн 203 хоногт нэг удаа борлуулалт хийдэг байна. Хэдийгээр салбарын дундажтай харьцуулан сайн мууг тодорхойлдог ч 2 гэдэг бол муу үзүүлэлт юм. Авлагын эргэц нь төлбөрийг хэр хурдан цуглуулж буйг илтгэх бөгөөд энэ үзүүлэлт сайжирч 4 хоног болсон байна. Харин өглөгийн эргэц сүүлийн гурван жил нэмэгдсэн нь ханган нийлүүлэгчдийнхээ төлбөрийг өмнөх үетэй харьцуулахад илүү хурдан төлж байгааг илтгэнэ. Тухайн жилийн үзүүлэлтээс илүүтэйгээр дундаж бараа материал, авлага, өглөг, бэлэн мөнгөний эргэц нь илүү найдвартай нөхцөл байдлыг илэрхийлнэ. Үйл ажиллагааны эдгээр харьцаанаас дүгнэхэд, авлагыг богино хугацаанд авдаг ч өглөгийг төлдөггүй нь бэлэн мөнгөний эргэцийг сайжруулж байгаа ч улсын үйлдвэр буюу төрийн монополын шинж чанарыг агуулжээ. Эдгээр үзүүлэлтийг хянаж, санхүүгийн хувьд удирдах нь цаашид зээлийн санхүүжилт авахад голлох үзүүлэлт болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өрийн харьцаа нь богино болон урт хугацаатай өр төлбөрийн дүнг эздийн өмчид харьцуулах бөгөөд санхүүгийн хөшүүргийн харьцаа гэх нь бий. 2017 онд өрийн харьцааны үзүүлэлтүүд огцом сайжирсан нь хувьцаат капиталыг нэмэгдүүлсэнтэй холбоотой. 2020 оноос компанийн төслүүдийг санхүүжүүлэхээр бондын эх үүсвэр авсан нь өрийн харьцааг нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийт ашгийн харьцаа, цэвэр ашгийн харьцаа, татвар төлөхийн өмнөх ашиг болон борлуулалтын орлогын харьцаа өсөлттэй үзүүлэлттэй байжээ. Эзэмшигчийн өмчийн өгөөж нь хөрөнгө оруулагчдын авч үздэг санхүүгийн гол хэмжүүр бөгөөд энэ нь компани өөрийн хөрөнгөөс бий болгож болох өгөөж болон хувьцаа эзэмшигчдэд өгөөжийн түвшнийг харуулдаг. Уул уурхайн салбарын өөрийн хөрөнгийн дундаж өгөөж 5-9 хувийн хооронд хэлбэлздэг бөгөөд хамгийн үр ашигтай компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж 15% ба түүнээс дээш байдаг. 2022 оны эдийн засгийн үзүүлэлтээс дурдвал борлуулах нүүрсний хэмжээг 11’460 мянган тонн төсөвлөж, 11’323 мянган тонн нүүрс олборлосон байна. Борлуулах нүүрсний жинлэсэн дундаж үнэ тонн нь 96.8 ам.доллар байв. Хөрсний чулуулгийг ухаж авч зайлуулах хөрс хуулалтын ажил нь олборлолтын ажлыг явуулах угтвар нөхцөл болдог бөгөөд 2022 онд хөрс хуулалтын коэффициент 4.5 байна. 2012-2022 оны тоо мэдээлэлд үндэслэн прогноз шинжилгээ хийхэд, 2025 онд борлуулалтын орлого 3’567.52 тэрбум төгрөг, татвар төлөхийн өмнөх ашиг 1’542.90 тэрбум төгрөг, харин 2027 онд борлуулалтын орлого 4’114.30 тэрбум төгрөг, татвар төлөхийн өмнөх ашиг 1’810.61 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Энэхүү прогноз нь тус компанийн өмнөх тоон үзүүлэлт дээр тулгуурласан бөгөөд орлогын өсөлт бууралтын трендийн нөлөөний улмаас борлуулалтын орлого ба татвар төлөхийн өмнөх ашиг харьцангуй бага байхаар байна. Тиймээс, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний орлого, зардлын төсөөллийн тоог үзүүлэлтийг авч үзье. Төлөвлөгөөний дагуу борлуулалтын орлогыг 2025 онд 19’389.65 тэрбум төгрөг (5’539.9 сая ам.доллар), харин татвар төлөхийн өмнөх ашгийг 9’291.10 тэрбум төгрөгт (2’654.6 сая ам.доллар) хүргэнэ гэжээ. Сүүлийн 6 жилийн хугацаанд “Эрдэнэс Таван толгой” ХК нь төсөвт нийт 3’397.4 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Төсөвт оруулсан орлого 2017, 2018 онд 81, 71 хувийн өсөлттэй, 2020, 2021 онд 34, 37 хувийн уналттай байв. Харин сүүлийн жил төсөвт оруулсан орлого огцом өссөн нь борлуулалтын орлогын өсөлттэй холбоотой бөгөөд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсийг хил нөхцөлтэй биржээр арилжих чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэмээн 2022 оны аудитын тайланд дурджээ. Түүнчлэн тус компанийн 2022 оны үйл ажиллагааны тайланд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны үр дүнд онцгой дэглэмийн хугацаанд экспорт 2 дахин, нүүрс тээвэр 4 дахин нэмэгдэж, борлуулалтын орлого анх удаа 1.1 тэрбум ам.долларт хүрж, уурхайгаас хоногт ачих нүүрсний дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд 12 сарын 21-ний өдөр 1’141 тээврийн хэрэгслээр 124’898 тонн нүүрс ачсан нь түүхэн дээд амжилт хэмээн тэмдэглэсэн байна. Ж.Танан Ашигласан эх сурвалж Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2013 оны санхүүгийн тайланд хийсэн аудит ," Улаанбаатар, 2014.03. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 31-нээр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан ," Улаанбаатар, 2015.03. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан ," Улаанбаатар, 2016.05.19.Үндэсний Аудитын Газар, Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан ," Улаанбаатар, 2017.04.06. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлангийн аудит ," Улаанбаатар, 2018.03.14. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит ," Улаанбаатар, 2019.03.28. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит ," Улаанбаатар, 2020.03.16. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит ," Улаанбаатар, 2021.03.15. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит ," Улаанбаатар, 2022.03.15. Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2 022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан ," Улаанбаатар, 2023.03.24. "Эрдэнэс Таван толгой" ХК, " 2021 оны үйл ажиллагааны тайлан ," Улаанбаатар, 2022. "Эрдэнэс Таван толгой" ХК, " 2022 оны үйл ажиллагааны тайлан ," Улаанбаатар, 2023. "Эрдэнэс Таван толгой" ХК, " Дунд хугацааны төлөвлөгөө (2021-2025) ," Улаанбаатар, 2021.03.29. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрдэнэсТаванТолгой #СанхүүгийнШинжилгээ #FinancierBirdie #СанхүүчШувуухай #ЭрдэнэсТаванТолгой #СанхүүгийнПрогноз #ӨрийнХарьцаа #ҮйлАжиллагааныХарьцаа #СанхүүгийнҮзүүлэлт #ЭргэлтийнХарьцаа #ТүргэнХөрвөхХөрөнгө #БэлэнМөнгөнийХарьцаа #ТаванТолгой #Баланс #СанхүүгийнТэнцэл #МөнгөнГүйлгээнийТайлан #ОрлогынТайлан #Хөрөнгө #ЭхҮүсвэр #ХөрвөхЧадварынХарьцаа #ТаванТолгойнНүүрс #НүүрсОлборлолт #НүүрснийЭкспорт #БорлуулалтынОрлого #СанхүүгийнТайлан #МонголынУулУурхай #ТатварТөлөхийнӨмнөхАшиг #НүүрснийБорлуулалт #НүүрснийТээвэрлэлт #УулУурхайнХөрөнгөОруулалт #ЭдийнЗасгийнӨсөлт #ОрлогынӨсөлт #ТатварынДараахАшиг #БондынСанхүүжилт #ХөрсХуулалт #УулУурхайнСанхүү #СтратегийнБизнес #УулУурхайнЭкспорт #БизнесийнТөлөвлөгөө #МонголынНүүрс #НүүрсОлборлолтынХэмжээ #МонголынЭдийнЗасаг #ӨрТөлбөр #ХөрөнгөОруулалт #УулУурхайнСалбарынАмжилт

  • Банкны салбарын зохицуулалт 

    Удиртгал Банкны салбарын зохицуулалтын зорилго нь бие даасан банк санхүүгийн байгууллагуудын аюулгүй, найдвартай байдлыг хамгаалах, макро зохистой зохицуулалт хийх замаар нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарын зах зээлийн бүтэц, өрсөлдөөнийг зохицуулах , харилцагч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зээлийн зохистой хуваарилалт хийх, мөнгөний бодлогын хяналтыг тавих, санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх зэрэгт оршино. Эдгээр зохицуулалтын хэрэгжилтийг тухайн улсын санхүүгийн зохицуулах хороо, төв банк хянадаг ба олон улсын байгууллагуудын заавар зөвлөмжийг дагадаг байна. Энэхүү ажилд банкны салбарын өөрийн хөрөнгө, зээлийн алдагдлын сангийн олон улсын зохицуулалт, дагаж мөрддөг стандартууд, Монгол улсын хуулийн зохицуулалтыг онцоллоо. Банк байгуулахад зохицуулагч байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч, үйл ажиллагааг хууль, эрх зүй, олон улсын дагаж мөрдөх стандартын хүрээнд дотоодын зохицуулагчийн хяналт дор эрхэлдэг. Эдгээр нь банкны хөрөнгө ба өр төлбөрийн богино болон урт хугацааны удирдлагад хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна, хямралын үед санхүүгийн тогтолцоонд гарч буй сөрөг цочролын хариуд зохицуулалт улам бүр чангарах, тодорхойгүй болох хандлага байдаг (Moshirian) . Эргээд хууль, дүрмийн өөрчлөлт нь банкны эдийн засгийн өсөлтийн хурд, ашиг олох чадвар, ногдол ашиг хуваарилалтад нөлөөлдөг. Тухайлбал, зохицуулагчийн шаардлагаар банкны эрсдэлээр жинлэсэн активын дүн нэмэгдвэл, өөрийн хөрөнгийн зохистой харьцаанд нөлөөлөн зээл нэмж олгох, үйл ажиллагааг өргөжүүлэх, өсөх боломжийг хязгаарлана  (Damodaran) . Өөрийн хөрөнгийн зохицуулалт Базелийн хороо нь 1974 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт гарах бүр банканд тавигдах шаардлагад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шинэчилж иржээ. 1988 онд Базел-I, 2004 онд Базел-II бичиг баримтыг танилцуулсан  (BIS) . Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор өмнөх санхүүгийн зохицуулалтуудыг өөрчлөн шинэчлэх, эрсдэлийн удирдлагыг шат ахиулахад чиглэж 2010-2011 онд Базел-III шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн баталж, өөрийн хөрөнгө, хөрвөх чадварт тавих шаардлагыг чангатгасан байна. Гэхдээ цар тахал, түүний үр дагавартай тэмцэх боломжийг олгох зорилгоор Базел III стандартыг хэрэгжүүлэх хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж байжээ (BIS) . Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд тавигдах шаардлага нь гурван хүчин зүйлээс голчлон хамаарна. Банкны бизнесийн мөн чанар . Банк эх үүсвэрийнхээ 10 орчим хувийг эздийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр, 90 хувийг хадгаламж, харилцах зэргээр бүрдүүлж, хөрөнгийнхөө 10 орчим хувийг хөрвөх чадвар өндөртэй актив, зайлшгүй нөөц болгон үлдээж, харин үлдсэн 90 хувийг зээлд зарцуулдаг өндөр хөшүүрэгтэй бизнес юм. Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа.   Хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалж , банкны системийн болзошгүй санхүүгийн хямралыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг. Банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь хэр их орлого буюу бэлэн мөнгө банкны хувьцаа эзэмшигчдэд чөлөөтэй хуваарилахыг тодорхойлно. Өөрийн хөрөнгийн үүрэг.  Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банкны алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй. 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкны активын чанарын иж бүрэн үнэлгээ (Assets Quality Review - AQR) хийсэн бөгөөд дутагдаж болзошгүй өөрийн хөрөнгийн дүнг тооцсон. 2022 онд Монголбанкнаас PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP, Kazakhstan аудиттай хамтран системийн нөлөө бүхий банкуудад Активын чанарын үнэлгээг дахин хийснээр, банкуудын зээлийн алдагдлын санг нэмэгдүүлэх үр дүнтэй ажил болсон. Хөгжингүй эдийн засагтай орнууд банкны зохицуулалт, хяналт шалгалтын стандартыг олон улсын шилдэг туршлага, Олон улсын валютын сангийн санхүүгийн стандарттай уялдуулах зорилго тавин ажилладаг. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн судалгаагаар Базелийн үндсэн 30 зарчим байдгаас хөгжиж буй орнууд ердөө долоон зарчим дагаж мөрддөг бол хөгжингүй орнууд 19 зарчмыг баримталдаг байна  (Powell) . Монгол улс шат дараалсан байдлаар Базел-II стандартын тулгуур II-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд стандартын дагуу банк үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг нөхөж чадахуйц өөрийн хөрөнгөтэй байх шаардлагатай юм  (Н.Батсайхан) . Базел-III стандартын холбогдох хэсгүүдийг хяналт шалгалтын журамд тусгаж мөрдүүлэх Банкны хяналт шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг баталсан  (Монголбанк) . Мөн банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шин эчлэн тогтоож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг байхаар заасан байна  (Г.Батжаргал) . Банк нь үндэсний болон олон улсын зохицуулалтын хүрээнд, актив хөрөнгө, орлогыг өсгөх, өөрийн хөрөнгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, цаг үеийн шаардлагад нийцсэн бизнесийн шийдвэр гаргахын тулд стратеги, алсын хараа, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй болно. Өөрийн хөрөнгийн зохистой харьцааг ханган ажиллах нь банкны удирдлагын үзэмжээс илүүтэйгээр, хэр их орлого буюу бэлэн мөнгө банкны хувьцаа эзэмшигчдэд чөлөөтэй хуваарилахыг тодорхойлно. Тухайлбал, системийн нөлөө бүхий банкны тогтмол болон хувьсах нөөцийн интервал нь 1-2 нэгжээр илүү байх шалгууртай тул өөрийн хөрөнгийн хувь хэмжээ өндөр байдаг. Базел III стандартын дагуу банкны хөшүүргийн харьцаа нь санхүүгийн байдлын тайлан ба тэнцлийн гадуур тусгасан I зэрэглэлийн өөрийн хөрөнгө хамгийн багадаа 3 хувь байх шалгуур нь өөрийн хөрөнгөд тавигддаг бас нэг хязгаарлалт юм. Практикт өөрийн хөрөнгийн хүрэлцээг зөвхөн тулгуур I-ээр тодорхойлдог ч хөшүүргийн харьцаа өсөлтийн хэмжээг хязгаарладаг. Базел III стандарт шалгуурын өөрийн хөрөнгийн бүтцийг харуулав. Эх сурвалж: (Massari, Gianfrate, & Zanetti) Өөрийн хөрөнгийн шаардагдах хувь хэмжээг Базел II, Базел III, Монголбанкнаас тавьдаг шаардлагыг харьцуулсан хүснэгтээс харвал, Монгол улсын шаардлагууд арай чанга байна. Эх сурвалж: “Санхүүгийн компаниудын үнэлгээ: Банк, даатгал, санхүүгийн байгууллагуудыг үнэлэх арга техник” (Massari, Gianfrate, & Zanetti) , Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам  (Монголбанк) , тэдгээрт тулгуурлан судлаачийн хийсэн харьцуулалт Зохицуулагч байгууллагын зүгээс өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг тогтоодог тул банк их хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх нь өртөг өндөртэй, үр өгөөжгүйд тооцогддог байна. Зээлийн алдагдлын сангийн зохицуулалт Банкны хөрөнгийн чанарт гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн алдагдлын сан байгуулах шаардлагыг тавьдаг. Гэтэл практикт зээлийн алдагдлын сан байгуулахдаа журам мөрддөггүй байна. Жишээлбэл:. Зээлийн алдагдлын санг өндөр дүнтэй байгуулж татварын зардлыг бууруулж цэвэр орлого нэмэгдүүлэх боломжтой; Өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангах зорилгоор зээлийн алдагдлын санг II зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцох боломжтой; Орлогыг тэгшитгэх буюу цэвэр ашиг тогтворжуулах зорилгоор: Банкны ашгийг тодорхой түвшинд барих (Collins, Shackelford, & Wahlen) ; Ашгийг өрсөлдөгч банкуудын дундаж жишигт хүргэх (Kanagaretnam, J.Lobo, & Yang) ; Цалин урамшууллыг тогтмол байлгах  (Bhat) . Зээлийн алдагдлын санг зээлийн алдагдал гэхээс илүү, ирээдүйн ашигт ажиллагааны дохио гэж үзэх. Банкны удирдлагууд хүлээгдэж буй ашиг нь нэмэлт санг шингээх болно гэсэн дохио өгөхөд зээлийн алдагдлын санг ашигладаг (H.Beaver & E.Engel) (Bouvatier & Lepetit) (Curcio & Hasan) . Базел II-ын дагуу банкны үнэлгээний стандарт аргыг хэрэглэсэн тохиолдолд зээлийн алдагдлын санг II зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хамруулж болно. Хэрэв стандарт арга барилыг ашиглавал зохицуулалтаар эрсдэлээр жинлэсэн активын 1.25 хувь хүртэл зээлийн алдагдлын санг хамруулах боломжтой гэж үздэг. Банк хүлээгдэж буй зээлийн алдагдлыг нийт нөөцтэй харьцуулах ёстой. Хүлээгдэж буй зээлийн алдагдал нь нийт нөөцөөс давсан тохиолдолд зөрүүг хасаж тооцдог (I зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс 50 хувь, II зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс 50 хувь). Үүний эсрэгээр, нийт нөөц нь хүлээгдэж буй алдагдлаас давсан тохиолдолд зөрүүг II зэрэглэлийн өөрийн хөрөнгө гэж тооцох боловч эрсдэлээр жинлэсэн активын 0.6 хувиас хэтрэхгүй байна. Банкны цэвэр орлого, хуримтлагдсан ашгаас ирээдүйн өсөлт, банкны бодит үнэ цэн, дараагийн жилүүдэд тогтоох зээлийн алдагдлын сан хамаардаг. Банканд зээлээс учирч буй бодит алдагдал болон зээлийн алдагдлын сан тодорхойгүй байвал цэвэр орлого, хуримтлагдсан ашгийн түвшнийг буруу тооцоолно. Тийм учир, ногдол ашигт тохируулга хийх шаардлагатай үед зээлийн алдагдлын сан ба бодит алдагдлын хоорондох зөрүүг үнэлдэг. Энэ хүрээнд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу зээлийн алдагдлын санг алдагдалд, харин Базел I-ийн дагуу хүлээгдэж буй алдагдалд тооцдог ялгаа байсан. 2014 оны 7 дугаар сард Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл 2018 оноос эхлэн хүчин төгөлдөр болсон санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9-ийг шинэчлэн баталж, Базелийн стандарттай уялдуулсан. Ингэснээр, зээлийн зохицуулалтыг тодорхой хугацааны алдагдлын түүхэн өртөг, улмаар мөчлөгийн туршид хийсэн тооцоог үндэслэн хийх, санхүүгийн хөрөнгийг бизнесийн загвар, мөнгөн урсгалын мөн чанарт үндэслэн ангилах болсон. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-155/134 дугаар хамтарсан тушаалаар Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам  (2019) баталсан. Түүнчлэн, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 140/400/А-168/38 дугаар хамтарсан тушаалаар Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг (2018) баталсан. Чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулж, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж, банкны системийн төлбөрийн чадварт шууд нөлөөлж, эрсдэлийг нэмэгдүүлж, шинээр зээл олголтыг зогсоох гол хүчин зүйлийн нэг болдог. Тиймээс, банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 онд 4-5 хувь, 2023 онд 2-3 хувь хүртэл бууруулах тоон зорилт төдийгүй, банкууд чанаргүй активаа үр дүнтэйгээр шийдвэрлэх тогтолцоог тодорхой болгох, одоогийн саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх, чанаргүй активыг шийдэх боломж, арга хэлбэрийг өргөжүүлэх, авлага барагдуулах хугацаа багасгах, зардлын зарцуулалтыг бууруулах чанарын зорилтыг тавьсан байна. Монгол улсын хуулийн зохицуулалт Монгол улсад банк байгуулах зөвшөөрөл олгох харилцааг анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 422 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм” -ээр зохицуулсан. Банкны тухай анхны хууль 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Түүнээс хойш, 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр, 2010 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр хоёр удаа шинэчилсэн найруулгыг баталжээ. Банкны тухай 2010 оны хуульд нийт 23 удаа нэмэлт өөрчлөлт орсноос эрх зүйн зохицуулалт, Монголбанкнаас банканд тавих үйл ажиллагааны хууль зүйн орчныг олон улсын зарчим, хэм хэмжээнд тулгуурлан боловсронгуй болгох бодлого баримталж, хэрэгжүүлснээр 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр, хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг илүү тодорхой болгож, нарийвчлан зохицуулсан. Мөн банк ба банкны холбогдох этгээдийн харилцааны хязгаарлалтыг сайжруулсан, банканд авах албадлагын арга хэмжээг зөрчил гарсан буюу банкны санхүүгийн байдал муудсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан, төлбөрийн чадваргүй болсны дараа авах бус, харин уг асуудал үүсэхээс өмнө буюу урьдчилан сэргийлэх байдлаар авах боломжтой байхаар эрх зүйн орчныг сайжруулжээ. Эх сурвалж: (MDS & KhanLex LLP) 2021 оны Банкны тухай хуулийн өөрчлөлт  2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Банкны тухай хуулийн (2010) тодорхой заалтууд шинэчлэгдэж системд нөлөө бүхий банк гэж тооцох шалгуур, компанийн хэлбэр, хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасны эзэмшлийн хязгаар, ТУЗ-ийн нийт ба хараат бус гишүүдийн тоо, төлбөрийн чадваргүй болсонд тооцох, төлбөр барагдуулах дараалал зэрэг зарчмын шинжтэй томоохон нэмэлт өөрчлөлт оржээ. Түүнчлэн, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2021) дагуу банкуудыг 2021 онд үнэт цаасаа нийтэд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчийн судалгааг боловсруулах, 2022 онд хуулийн шаардлагын дагуу ХК-ийн хэлбэртэй болох, 2023 онд эзэмшлийн хязгаарыг хангасан байх шат дараалсан цаг хугацаа тогтоосон үүргүүдийг биелүүлэхээр заажээ. Эх сурвалж: Банкны тухай хууль (2010), Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль  (2021), тэдгээрт тулгуурлан судлаачийн гаргасан схем Судлаачийн гаргасан схемд харуулснаар, банкны системд нөлөө бүхий банкууд үйл ажиллагаа эрхлэх компанийн хэлбэрийг нээлттэй ХК болгож санхүүгийн зах зээлд IPO  хийхээр заасан бөгөөд банкны үнэлгээг олон аргаар тооцох, харьцуулах боломжтой болох шаардлага үүсээд байгаа билээ. Банкны тухай хуульд (2010) заасны дагуу банкны үйл ажиллагаанд хязгаарлалтуудыг тогтоосон байна. Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй (олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагын “А”-ээс доошгүй үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа, батлан даалттай, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлийн дагуу баталгаажсан активыг хамруулахгүй); Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна; Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй: Зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцэлд тавих шаардлага, хүү, нөхцөл нь тухайн банкны үйл ажиллагааны ердийн шаардлага, хүү, нөхцөлөөс хөнгөлөлттэй байж болохгүй; Тухайн банкны хувьцааг барьцаалан зээл олгохгүй, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө үүсгэхгүй, баталгаа, батлан даалт гаргахгүй байх; Олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дуусах хугацаа нь зургаагаас дээш сараас хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас хэтэрсэн бол уг этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахаас бусад тохиолдолд банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьцаа хамаарахгүй; Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй; Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно. Бусад зохицуулалт Банкны харилцааг Банкны тухай хууль (2010), Компанийн тухай хууль  (2011), Өрсөлдөөний тухай хууль (2010), Үнэт цаасны зах зээлийн тухай хууль   (2013), Аудитын тухай хууль  (2015), Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (2015) зэрэг хууль болон зохих эрх бүхий зохицуулагч байгууллагаас гаргасан журам, бусад эрх зүйн актаар зохицуулна. Тухайлбал, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмаар (2019) зохицуулна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам  (2019) баталсан. Энэ журмаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсон. Эх сурвалж: Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журамд  (2019) тулгуурлан судлаачийн гаргасан схем Өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа I зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жинлэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 9 хувь; Өөрийн хөрөнгө эрсдэлээр жинлэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 12 хувь, 14 хувь; Хөшүүргийн харьцааны доод хэмжээ 5 хувь. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод хэмжээ 25 хувь ; Гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа Нэг гадаад валютын нээлттэй позиц нь өөрийн хөрөнгийн 15 хувиас хэтрэхгүй; Нийт гадаад валютын нээлттэй позиц нь өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй. Төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа Нийт томоохон зээлдэгчид олгох активын нийлбэр нь өөрийн хөрөнгө, хувьцаанд хөрвөх эх үүсвэр, хоёрдогч өглөгийн нийлбэрийн 300 хувиас хэтрэхгүй; Үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, борлуулах зориулалттай хөрөнгийн нийлбэр нийт активын 8 хувиас хэтрэхгүй; Хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр, нийт активын 25 хувиас хэтрэхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн (2015) дагуу 2016 оноос эхлэн аливаа бизнес нь хэмжээнээс үл хамааран, санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөхөөр зохицуулсан. Үүнтэй уялдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дугаар хамтарсан тушаалаар Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар  (2017) баталсан. Түүнчлэн, банкууд 2020 оноос санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9-ийг мөрдөн, түүний дагуу санхүүгийн хэрэглүүрийг хүлээн зөвшөөрөх, бүртгэх болсон. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль  (2018) батлагдсан ба салбарын нөлөө бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж зохицуулсан. Мөн, банк өөрийн хөрөнгийн дутагдлыг төрөөс бусад хөрөнгө оруулагчаас бүрдүүлэх боломжгүй тохиолдолд урт болон дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагааг явуулах, тогтвортой, ашигтай ажиллах боломжтой банкны системийн нөлөө бүхий банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж төрөөс оруулсан хөрөнгийг үр өгөөжтэй удирдан харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтворжуулах зорилгоор улсын төсвөөс гарч болзошгүй зардал буурах ач холбогдолтой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар (2021) банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль нь 2008 оны 11 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд 4 жилийн хугацаатай хэрэгжсэн. Энэ хугацаанд Зоос банк болон Анод банк татан буугдсан. 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль  (2013) баталсан ба хадгаламжийн даатгалын систем бий болж, татан буугдсан банкны эрсдэлийг банкуудаас хуримтлуулсан даатгалын сангийн хөрөнгөөр хамгаалдаг болсон (Б.Амарбилэг) . Хадгаламжийн даатгалын систем нь 1933 онд АНУ-д анх бий болсон (Britannica) . Монгол улсад банк нь дотоодын хууль, зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм журам, олон улсын зохицуулалт, стандартыг дагаж мөрддөг. Эдгээр зохицуулалтын дагуу банкны өөрийн хөрөнгийн хэмжээ, хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоодог байна. Ж.Танан Ашигласан эх сурвалж Moshirian, F. (2011, 3). The Global Financial Crisis and The Evolution of Markets, Institutions and Regulation . Journal of Banking & Finance, 35(3), 502–511. Damodaran, A. (2013, 3). Valuing Financial Service Firms . The Journal of Financial Perspectives, 1(1), 1–16. BIS. (2019, 1 1). Promoting Sound Financial Standards and Regulations . BIS: https://www.bis.org/history/timeline/4-standards_regs.htm BIS. (2019, 1 14). Basel III: International Regulatory Framework for Banks . BIS: https://www.bis.org/basel_framework/index.htm Powell, A. (2004). Basel II and Developing Countries: Sailing through the Sea of Standards . World Bank, Bank and Financial Restructuring unit within the Financial Sector. World Bank. Н.Батсайхан. (2018, 11 30). Таван банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн . Улаанбаатар, Монгол улс: GoGo. Монголбанк. (2014, 11 7). Банкны хяналт шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг баталсан . Монголбанк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/20141112_strategi.pdf Г.Батжаргал (2017, 11 27) Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум байхаар тогтжээ . iToim Massari, M., Gianfrate, G., & Zanetti, L. (2014). The Valuation of Financial Companies Tools and Techniques to Value Banks, Insurance Companies, and Other Financial Institutions . Chichester , West Sussex, United Kingdom: John Wiley & Sons Ltd. Монголбанк. (2019, 6 10). Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам . Монголбанк: https://mongolbank.mn/documents/regulation/control_check/20190610_A155.pdf Collins, J. H., Shackelford, D. A., & Wahlen, J. M. (1995). Bank Differences In The Coordination Of Regulatory Capital, Earnings, And Taxes . Journal of Accounting Research, 33(2), 263-291. Kanagaretnam, K., J.Lobo, G., & Yang, D.-H. (2005, 3). Determinants of signaling by banks through loan loss provisions . Journal of Business Research, 58(3), 312-320. Bhat, V. N. (1996). Banks and income smoothing: an empirical analysis . Applied Financial Economics, 6(6), 505-510. H.Beaver, W., & E.Engel, E. (1996, 8-12). Discretionary behavior with respect to allowances for loan losses and the behavior of security prices . Journal of Accounting and Economics, 22(1–3), 177-206. Bouvatier, V., & Lepetit, L. (2008). Banks’ Procyclical Behavior: Does Provisioning Matter? Journal of International Financial Markets, Institutions & Money, 18(5), 513-526. Curcio, D., & Hasan, I. (2013, 9). Earnings and capital management and signaling: the use of loan-loss provisions by European banks . The European Journal of Finance, 21(1), 26-50. Монгол банк. (2018, 6 12). Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг . Монгол банк: https://www.mongolbank.mn/documents/sanhuugintb/strategy.pdf MDS & KhanLex LLP. (2019). Компанийн эрх зүй . mdskhanlex.com : https://mdskhanlex.com/mn/knowledge-2/corporate/ УИХ. (2010, 1 28). Банкны тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=108 УИХ. (2021, 1 29). Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль .Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16160842252911 УИХ. (2011, 10 6). Компанийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=310 УИХ. (2010, 6 10). Өрсөлдөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/12 УИХ. (2013, 5 24). Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=9243 УИХ. (2015, 6 19). Аудитын тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=11192 УИХ. (2015, 6 19). Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=11191 Монгол банк. (2019, 3 22). Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам . Монгол банк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/20190322_A82_3.pdf Монгол банк. (2019, 5 23). Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам . Монгол банк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/zohistoi_haritsaanii_juram_new.pdf Монголбанк. (2017, 11 27). Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар . Монголбанк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/20180205_3848.pdf УИХ. (2018, 6 22). Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/13523 УИХ. (2021, 05 21). Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230554816671 УИХ. (2013, 1 10). Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/9022 Б.Амарбилэг. (2019, 4 15). Банкны салбар нь өөрөө өөрийнхөө эрсдэлийг даадаг системд шилжсэн . (Х.Оргил) Улаанбаатар , Монгол улс: Пийк Медиа Групп ХХК. Хадгаламжийн Даатгалын Корпораци Britannica, T. E. (2019, 12 9). Federal Deposit Insurance Corporation United States banking, FDIC. (Encyclopædia Britannica, Inc.) Encyclopædia Britannica: Federal Deposit Insurance Corporation . Encyclopedia Britannica. https://www.britannica.com/topic/Federal-Deposit-Insurance-Corporation Банкны салбарын зохицуулалт #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #FinancierBirdie #СанхүүчШувуухай #БанкныСалбарынЗохицуулалт #БанкныТухайХууль #БанкныЭрхЗүйнОрчин #ӨөрийнХөрөнгийнХүрэлцээ #БазелIшалгуур #БазелII #БазелIII #БанкныХуулийнӨөрчлөлт #Монголбанк #МонголбанкныЗохистойХарьцааныШалгуур #БазелШалгуур #ӨөрийнХөрөнгө #ХөрвөхЧадвар #ХувьНийлүүлсэнХөрөнгө #Хадгаламж #Зээл #СанхүүгийнТогтолцоо #СанхүүгийнТогтвортойБайдал #ЗээлийнЭрсдэлийнУдирдлага #ХөрөнгийнЗохистойХарьцаа #СанхүүгийнХямрал #МакроЭдийнЗасгийнТогтвортойБайдал #БанкныХяналтШалгалт #СанхүүгийнСистем #ЗээлийнАлдагдлынСан #СанхүүгийнБайгууллагууд #ОлонУлсынБанкныСтандарт #ХөрөнгийнЗохистойХарьцааныШаардлага #МөнгөнийБодлого #ЗээлийнПортфолиоУдирдлага #ХөрвөхЧадварынУдирдлага #СанхүүгийнХяналт #ЭрсдэлийнМенежмент #БанкныСалбарынӨрсөлдөхЧадвар #БанкныТогтолцооныШинэчлэл #БанкныХуулийнЗохицуулалт #СанхүүгийнТайлагналынСтандарт #МонголынБанкныСистем #МонголУлсынБанкныТухайХууль #БанкныХуульдОруулсанӨөрчлөлтүүд

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page