“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн санхүүгийн шинжилгээ
- Ж.Танан
- May 10, 2024
- 7 min read
Updated: Jan 20
2010 онд Улсын их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг байгуулсан. Уг компани нь стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд газарт олборлолт хийж, бүтээгдэхүүн боловсруулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, ус хангамжийн системийг байгуулах, бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулан гадаад зах зээлд хүргэх үйл ажиллагаа явуулдаг.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 85.20 хувийг Засгийн газар, үлдсэн хувийг аж ахуйн нэгж, иргэд эзэмшдэг.
Таван толгойн нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Улаан нуурын хөндийд, Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 90 км, сумын төвөөс өмнө зүгт 16 км-т 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Уг ордын Зүүн Цанхийн уурхай 750 сая тонн, Баруун Цанхийн уурхай 814 сая тонн нөөцтэй. Үүнээс ашиглалтын хугацаанд олборлох нийт нүүрсний хэмжээ нь Зүүн Цанхийн уурхайгаас 410 сая тонн, Баруун Цанхийн уурхайгаас 543 сая тонн. Техник-эдийн засгийн үндэслэлд жилд олборлох хүчин чадлыг Зүүн Цанхийн уурхайгаас 15 сая тонн, Баруун Цанхийн уурхайгаас 20 сая тонн нүүрс байхаар баталсан.
Тус компани Ашигт малтмалын газраас хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 30 жилийн хугацаатай авсан.
Сүүлийн 10-н жилийн санхүүгийн байдлын тайланд шинжилгээ хийхэд, 2012 онд тус компанийн хөрөнгө 485.8 төгрөг байсан бол 2022 онд 17’480.4 төгрөг болж 36 дахин нэмэгджээ. 2022 онд эргэлтийн хөрөнгө 2’525.6 тэрбум төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 14’954.8 тэрбум төгрөг байна. 2022 онд, урт хугацаат өр төлбөр 1’403.0 тэрбум төгрөг, богино хугацаат өр төлбөр 2’523.3 тэрбум төгрөг, эздийн өмч 13’554.1 тэрбум төгрөг байгаагаас 2’358.1 тэрбум төгрөг хуримтлагдсан ашиг байна.
Хөрөнгийн хувьд энэ хугацаанд 2017 онд биет бус хөрөнгөд 11’194.2 тэрбум төгрөгийг бүртгэж авч, 2019 ба 2022 онд урт хугацаат хөрөнгө оруулалт хийж, 2017 оноос эргэлтийн бус хөрөнгө тасралтгүй өссөн байв.
Эх үүсвэрийн хувьд 2012-2022 оны хооронд богино хугацаат өр төлбөр 7.94 дахин, урт хугацаат өр төлбөр 9.41 дахин, эздийн өмч 725.71 дахин нэмэгджээ. Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолын дагуу тус компанийн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж 11’196.0 тэрбум төгрөгөөр бүртгэхийн заасны дагуу хувьцаат капиталыг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ аудитын тайланд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байна гэсэн анхны тооцоолол, түүний нотлох баримт олж аваагүй талаар дурджээ. 2020-2022 онд өр төлбөрийг огцом өсгөсөн нь компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр бондын эх үүсвэрээр нийт 52.3 сая ам.доллар болон 620’045.6 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Урт хугацаат эх үүсвэр буюу бондын санхүүжилт авснаас хойш 1.4 сая ам.доллар буюу 4’285.5 сая төгрөгийн бондыг буцаан худалдан авч 2022 оны эцэст 795.2 тэрбум төгрөгийн бондын өрийн үлдэгдэлтэй байна. 2013-2016 онд алдагдалтай ажилласны улмаас эздийн өмч сөрөг утгатай байсан бол түүнээс хойш алдагдалгүй болжээ.
2012 онд эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийн харьцаа 86/14 байсан бол 2022 онд болсон 14/86 болсон. Эргэлтийн бус хөрөнгийн дийлэнх буюу 63.5 хувийг биет бус хөрөнгө, 7.7 хувийг урт хугацааны хөрөнгө оруулалт, 12.19 хувийг бусад биет бус хөрөнгө эзэлж байна. 2022 онд эх үүсвэрийн 77.54 хувийг эздийн өмч, 8.03 хувийг урт хугацаат өр төлбөр, 14.4 хувийг богино хугацаат өр төлбөр эзэлж байна.
Орлогын дэлгэрэнгүй тайланд шинжилгээ хийхэд, борлуулалтын орлого 2012 онд 208.8 тэрбум төгрөг байсан бол 2022 оны 3’494.5 тэрбум төгрөг болж өнгөрсөн 10 жилийн хугацаанд 16.74 дахин өсжээ.
Үүнтэй харьцуулахад, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 2012 онд 146.4 тэрбум төгрөг байсан бол 2022 оны 708.9 тэрбум төгрөг болж 4.84 дахин өссөн. 2012 онд борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь борлуулалтын орлогын 70.12 хувь байсан бол 2022 онд 20.29 хувь болж буурсан бөгөөд 2012-2022 онд дунджаар 32.53 хувь байв. борлуулалтын орлого 2016 оноос тасралтгүй өсөх трендтэй байсан ч цар тахлын улмаас 2020-2021 онд унаж, 2022 онд өмнөх онтой харьцуулахад огцом 210 хувиар сэргэсэн байна.
Борлуулсан бүтээгдэхүүний өртөгөөс гадна борлуулалт, тээвэр, маркетинг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зардлууд 2012-2022 онд борлуулалтын орлогын дунджаар 18.89 хувь, бусад зардал дунджаар 8.38 хувь эзэлсэн байна. 2022 онд борлуулалт, тээвэр, маркетинг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зардал 807.3 тэрбум төгрөг, бусад зардал 158.8 тэрбум төгрөг байна.
Тус компани борлуулалтын орлогоос гадна түрээс, хүү, бусад орлоготой ч эдгээр орлого нийлбэр дүнгээр борлуулалтын орлогод 3 орчим хувь эзэлдэг байна.
Нүүрсний борлуулалтын орлого өндөртэй жилүүдэд татвар төлөхийн өмнөх ашиг нь борлуулалтын орлогын 47-51 хувь байсан байна. 2022 онд татвар төлөхийн өмнөх ашиг 1’788.95 тэрбум төгрөгт хүрч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 484.5 тэрбум төгрөг төлж, татварын дараах ашиг 1’304.49 тэрбум төгрөг байна.
Мөнгөн гүйлгээний тайланд шинжилгээ хийхэд, үндсэн үйл ажиллагаа нь 2014 оноос хойш эерэг дүнтэй байсан бөгөөд 2022 оны эцэс хүртэл 28.64 дахин нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа 2013 оноос сөрөг дүнтэй байсан бөгөөд түүнээс хойш 235.19 дахин нэмэгдсэн байна. Тайланд энэ үйл ажиллагааны мөнгөн орлогыг зөвхөн хүлээн авсан хүүгийн орлогоор төлөөлүүлсэн байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж хүртэж эхлэх хугацаа болон дүнгийн талаар нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай болно. Харин санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 2012, 2013, 2014, 2021 онд эерэг гарсан байна. 2022 оны байдлаар бүх цэвэр мөнгөн гүйлгээ 336.2 тэрбум төгрөг байна.
Цэвэр мөнгөн гүйлгээнд гадаад валютын ханшийн зөрүү дунджаар 4 орчим хувийн нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ 2019 онд 41.23 хувьд хүрч байжээ.
2012-2022 оны санхүүгийн үзүүлэлтэд харьцааны шинжилгээ хийхэд, хөрвөх чадварын үзүүлэлтүүд муу гарав.
Эргэлт, түргэн хөрвөх хөрөнгийн, бэлэн мөнгөний харьцаанууд нь төлбөрийн чадварын гол үзүүлэлт юм. Эдгээр харьцаа нь хөрвөх чадвартай хөрөнгө буюу бэлэн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгөөр богино хугацааны санхүүгийн үүргээ биелүүлэх чадварыг хэмждэг. Эргэлтийн харьцааг нийт эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт, түргэн хөрвөх чадварын харьцааг нийт эргэлтийн хөрөнгөөс бараа материалыг хассан дүнг нийт богино хугацаат өр төлбөрт, бэлэн мөнгөний харьцааг бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт харьцуулах замаар тооцдог. Уул уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний хөрөнгийн зардал, санхүүжилт шаардагдах тул үнэлгээнд чухал ач холбогдолтой эдгээр харьцааны утгыг 1.3, 1.0, 0.4-өөс дээш байлгавал зохилтой.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн харьцаанууд байнга муу байж ирсэн нь бизнесийн хамтрагчийн хувьд өр төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулдаггүй, санхүүгийн сахилга батгүй, найдваргүй бөгөөд санхүүгийн удирдлагын хувьд чадвар муутай байна. Үүнээс гадна, их хэмжээний мөнгөн хөрөнгийг найдваргүй банкны харилцах дансанд байршуулж хөрвөх чадвар сайтай активыг авлага болгосон байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингис хаан банкнаас 66”151.5 сая төгрөг авах Шүүхийн албадан гүйцэтгэх шийдвэр гарсан ч 2022 оны аудитын тайланд энэ авлагыг аваагүй болох талаар дурджээ. Эл байдлыг засах залруулаагүй цагт харьцаа үзүүлэлтүүд муу хэвээр байхаар байна.
Үйл ажиллагааны харьцааны шинжилгээгээр бараа материалын эргэц харьцангуй муудаж жилд 2 даа эргэдэг буюу жилийн 203 хоногт нэг удаа борлуулалт хийдэг байна. Хэдийгээр салбарын дундажтай харьцуулан сайн мууг тодорхойлдог ч 2 гэдэг бол муу үзүүлэлт юм. Авлагын эргэц нь төлбөрийг хэр хурдан цуглуулж буйг илтгэх бөгөөд энэ үзүүлэлт сайжирч 4 хоног болсон байна. Харин өглөгийн эргэц сүүлийн гурван жил нэмэгдсэн нь ханган нийлүүлэгчдийнхээ төлбөрийг өмнөх үетэй харьцуулахад илүү хурдан төлж байгааг илтгэнэ.
Тухайн жилийн үзүүлэлтээс илүүтэйгээр дундаж бараа материал, авлага, өглөг, бэлэн мөнгөний эргэц нь илүү найдвартай нөхцөл байдлыг илэрхийлнэ.
Үйл ажиллагааны эдгээр харьцаанаас дүгнэхэд, авлагыг богино хугацаанд авдаг ч өглөгийг төлдөггүй нь бэлэн мөнгөний эргэцийг сайжруулж байгаа ч улсын үйлдвэр буюу төрийн монополын шинж чанарыг агуулжээ. Эдгээр үзүүлэлтийг хянаж, санхүүгийн хувьд удирдах нь цаашид зээлийн санхүүжилт авахад голлох үзүүлэлт болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өрийн харьцаа нь богино болон урт хугацаатай өр төлбөрийн дүнг эздийн өмчид харьцуулах бөгөөд санхүүгийн хөшүүргийн харьцаа гэх нь бий.
2017 онд өрийн харьцааны үзүүлэлтүүд огцом сайжирсан нь хувьцаат капиталыг нэмэгдүүлсэнтэй холбоотой. 2020 оноос компанийн төслүүдийг санхүүжүүлэхээр бондын эх үүсвэр авсан нь өрийн харьцааг нэмэгдүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд нийт ашгийн харьцаа, цэвэр ашгийн харьцаа, татвар төлөхийн өмнөх ашиг болон борлуулалтын орлогын харьцаа өсөлттэй үзүүлэлттэй байжээ.
Эзэмшигчийн өмчийн өгөөж нь хөрөнгө оруулагчдын авч үздэг санхүүгийн гол хэмжүүр бөгөөд энэ нь компани өөрийн хөрөнгөөс бий болгож болох өгөөж болон хувьцаа эзэмшигчдэд өгөөжийн түвшнийг харуулдаг. Уул уурхайн салбарын өөрийн хөрөнгийн дундаж өгөөж 5-9 хувийн хооронд хэлбэлздэг бөгөөд хамгийн үр ашигтай компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж 15% ба түүнээс дээш байдаг.
2022 оны эдийн засгийн үзүүлэлтээс дурдвал борлуулах нүүрсний хэмжээг 11’460 мянган тонн төсөвлөж, 11’323 мянган тонн нүүрс олборлосон байна. Борлуулах нүүрсний жинлэсэн дундаж үнэ тонн нь 96.8 ам.доллар байв. Хөрсний чулуулгийг ухаж авч зайлуулах хөрс хуулалтын ажил нь олборлолтын ажлыг явуулах угтвар нөхцөл болдог бөгөөд 2022 онд хөрс хуулалтын коэффициент 4.5 байна.
2012-2022 оны тоо мэдээлэлд үндэслэн прогноз шинжилгээ хийхэд, 2025 онд борлуулалтын орлого 3’567.52 тэрбум төгрөг, татвар төлөхийн өмнөх ашиг 1’542.90 тэрбум төгрөг, харин 2027 онд борлуулалтын орлого 4’114.30 тэрбум төгрөг, татвар төлөхийн өмнөх ашиг 1’810.61 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
Энэхүү прогноз нь тус компанийн өмнөх тоон үзүүлэлт дээр тулгуурласан бөгөөд орлогын өсөлт бууралтын трендийн нөлөөний улмаас борлуулалтын орлого ба татвар төлөхийн өмнөх ашиг харьцангуй бага байхаар байна.
Тиймээс, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний орлого, зардлын төсөөллийн тоог үзүүлэлтийг авч үзье. Төлөвлөгөөний дагуу борлуулалтын орлогыг 2025 онд 19’389.65 тэрбум төгрөг (5’539.9 сая ам.доллар), харин татвар төлөхийн өмнөх ашгийг 9’291.10 тэрбум төгрөгт (2’654.6 сая ам.доллар) хүргэнэ гэжээ.
Сүүлийн 6 жилийн хугацаанд “Эрдэнэс Таван толгой” ХК нь төсөвт нийт 3’397.4 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Төсөвт оруулсан орлого 2017, 2018 онд 81, 71 хувийн өсөлттэй, 2020, 2021 онд 34, 37 хувийн уналттай байв.
Харин сүүлийн жил төсөвт оруулсан орлого огцом өссөн нь борлуулалтын орлогын өсөлттэй холбоотой бөгөөд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсийг хил нөхцөлтэй биржээр арилжих чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэмээн 2022 оны аудитын тайланд дурджээ. Түүнчлэн тус компанийн 2022 оны үйл ажиллагааны тайланд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны үр дүнд онцгой дэглэмийн хугацаанд экспорт 2 дахин, нүүрс тээвэр 4 дахин нэмэгдэж, борлуулалтын орлого анх удаа 1.1 тэрбум ам.долларт хүрж, уурхайгаас хоногт ачих нүүрсний дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд 12 сарын 21-ний өдөр 1’141 тээврийн хэрэгслээр 124’898 тонн нүүрс ачсан нь түүхэн дээд амжилт хэмээн тэмдэглэсэн байна.
Ж.Танан
Ашигласан эх сурвалж
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2013 оны санхүүгийн тайланд хийсэн аудит," Улаанбаатар, 2014.03.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 31-нээр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан," Улаанбаатар, 2015.03.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан," Улаанбаатар, 2016.05.19.Үндэсний Аудитын Газар,
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан," Улаанбаатар, 2017.04.06.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлангийн аудит," Улаанбаатар, 2018.03.14.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит," Улаанбаатар, 2019.03.28.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит," Улаанбаатар, 2020.03.16.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит," Улаанбаатар, 2021.03.15.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит," Улаанбаатар, 2022.03.15.
Үндэсний Аудитын Газар, ""Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан," Улаанбаатар, 2023.03.24.
"Эрдэнэс Таван толгой" ХК, "2021 оны үйл ажиллагааны тайлан," Улаанбаатар, 2022.
"Эрдэнэс Таван толгой" ХК, "2022 оны үйл ажиллагааны тайлан," Улаанбаатар, 2023.
"Эрдэнэс Таван толгой" ХК, "Дунд хугацааны төлөвлөгөө (2021-2025)," Улаанбаатар, 2021.03.29.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрдэнэсТаванТолгой #СанхүүгийнШинжилгээ #FinancierBirdie #СанхүүчШувуухай #ЭрдэнэсТаванТолгой #СанхүүгийнПрогноз #ӨрийнХарьцаа #ҮйлАжиллагааныХарьцаа #СанхүүгийнҮзүүлэлт #ЭргэлтийнХарьцаа #ТүргэнХөрвөхХөрөнгө #БэлэнМөнгөнийХарьцаа #ТаванТолгой #Баланс #СанхүүгийнТэнцэл #МөнгөнГүйлгээнийТайлан #ОрлогынТайлан #Хөрөнгө #ЭхҮүсвэр #ХөрвөхЧадварынХарьцаа #ТаванТолгойнНүүрс #НүүрсОлборлолт #НүүрснийЭкспорт #БорлуулалтынОрлого #СанхүүгийнТайлан #МонголынУулУурхай #ТатварТөлөхийнӨмнөхАшиг #НүүрснийБорлуулалт #НүүрснийТээвэрлэлт #УулУурхайнХөрөнгөОруулалт #ЭдийнЗасгийнӨсөлт #ОрлогынӨсөлт #ТатварынДараахАшиг #БондынСанхүүжилт #ХөрсХуулалт #УулУурхайнСанхүү #СтратегийнБизнес #УулУурхайнЭкспорт #БизнесийнТөлөвлөгөө #МонголынНүүрс #НүүрсОлборлолтынХэмжээ #МонголынЭдийнЗасаг #ӨрТөлбөр #ХөрөнгөОруулалт #УулУурхайнСалбарынАмжилт
.
,