top of page

Татварын үүслийн түүхэн тойм

  • Writer: Хуульч Шувуухай
    Хуульч Шувуухай
  • Apr 16
  • 10 min read


Удиртгал

Орчин үеийн татварын ойлголт нь мөнгө болон орлогоос тодорхой хувь төлөхтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, хувь хүн болон аж ахуйн нэгж нь олсон ашгаасаа тухайн үйл ажиллагаа явуулж буй нутгийн захиргаа болон улсад тодорхой хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Татвар төлөхийн зорилго нь энгийн бөгөөд ойлгомжтой: нийгмийн ямар ч тогтолцоо, соёлын хэв маягтай байсан ч хүн татвар төлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авна. Хамгаалалт гэх үгийн цаана зөвхөн батлан хамгаалах, цэргийн хүчин төдийгүй төрийн зохион байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг ил, далд олон талт ойлголт багтдаг. Эдгээр нь татварын орлогоор санхүүждэг төрийн үндсэн үүргийн илэрхийлэл юм.


Түүхийн урт хугацаанд татварыг зөвхөн мөнгөөр бус, эд бараа, хөрөнгө, хөдөлмөр, цаашлаад биеэрээ ч төлж ирсэн байдаг. Зарим тохиолдолд хүн зөвхөн өөрөө бус, үр хүүхдээрээ, удам дамжин төлөхөөс өөр аргагүй нөхцөлд ордог байжээ. Үүнээс л “Амьдрах үнэн бол татвар төлөх нь гарцаагүй” гэх хэлц үг гаралтай[1].


Үеийн үед татвар нь аливаа улсын эдийн засгийн үндсэн тулгуур бөгөөд төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл байсаар ирсэн. Иймд татварын тогтолцоо нь тухайн улсын түүх, төрийн засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, эрх зүйн тогтолцоотой салшгүй уялдаатайгаар хөгжиж иржээ. Орчин цагийн татварын эрх зүйг гүн гүнзгий ухааран ойлгохын тулд түүний түүхэн үүслийг шинжлэх ухааны үүднээс судлах нь зайлшгүй бөгөөд туйлын ач холбогдолтой юм.


Энэхүү ажлын зорилго нь татварын тогтолцооны түүхэн хөгжил, олон улс дахь татварын үүслийг тоймлон харуулахын зэрэгцээ Монгол Улсын татварын эрх зүйн тогтолцооны үүсэл, хөгжлийн үе шатыг шинжлэхэд оршино. Иймд энэхүү судалгаагаар татварын ойлголтын үүсэл, олон улс болон Монголын түүхэн хөгжлийн замнал, хууль зүйн тогтолцоонд шилжсэн процессыг түүхэн аргаар шинжлэх болно.


Энэ ажил нь зөвхөн хууль зүйн талаас татварыг авч үзэх бус, нийгэм - эдийн засгийн хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал, олон улсын туршлага зэргийг хослуулан харуулах зорилготой юм.


1.     Олон улсын татварын түүхэн хөгжил

Татварын тогтолцоо нь төрийн үүсэл, хөгжилтэй салшгүй холбоотойгоор бүрэлдэн тогтсон бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн бүхий л үе шатанд ул мөрөө тодорхой үлдээжээ. Эрт үед татвар нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах хэрэгсэл бус, харин төрийн хамгаалалт, зам харилцаа, дотоод журам, шашны ёслол зэрэг нийгмийн үндсэн хэрэгцээг санхүүжүүлэх чухал механизм байв.


Хаммурабигийн хуулийн цуглуулга нь Месопотамийн[2] эртний Вавилон улсад (~МЭӨ 1754 он) хэрэгжиж байсан хамгийн эртний хууль зүйн тогтолцооны нэг бөгөөд татварын зохицуулалтыг тусгасан анхны бичмэл баримтын нэг гэж тооцогддог. Энэхүү хуульд татварын хэмжээ, төлбөрийн хугацаа, хариуцлагын талаар тодорхой заалтууд орсон бөгөөд татварыг заасан хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр төлөхгүй бол хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тусгажээ. Үүнийг татварын эрх зүйн зохицуулалтын анхны хэлбэрийн нэг гэж үздэг.


Марта Т. Ротын “Law Collections Mesopotamia and Asia Minor” (1997) номд эдгээр хууль зүйн заалтыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт, эдийн засгийн харилцаанд татварын тогтолцооны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэхүү бүтээл нь Месопотамийн хууль зүйн уламжлал, түүний татварын зохицуулалттай холбоотой түүхэн баримтуудыг судлахад чухал эх сурвалж болдог.


Хаммурабигийн хуулийн цуглуулга нь татварын тогтолцооны үүсэл, хөгжлийг судлахад чухал ач холбогдолтой бөгөөд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт, төрийн эрх мэдлийн хэрэгжилт, эдийн засгийн харилцаанд татварын гүйцэтгэсэн үүргийг ойлгоход тусалдаг (Roth, 1997).


Эртний Египетийн татварын тогтолцоо нь төвлөрсөн төрийн бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг байжээ. Тоби Уилкинсоны “The Rise and Fall of Ancient Egypt” номд дурдсанаар, анхны хаант улсын үед л төр улс орон даяар татварын системийг бий болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өөрийн хэрэгцээнд ашиглах зорилготой байв. Энэ систем нь бичиг үсгийн хэрэглээнд тулгуурлаж, улс орны баялгийг бүртгэх, татвар ногдуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Нармерийн үеийн вааран савнуудад[3] бичигдсэн хамгийн эртний бэхэн бичээснүүд нь өмнөд ба умард Египетээс хураан авсан орлогыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь татварын зорилгоор улсыг хоёр хуваан зохион байгуулсныг харуулдаг.


Татвар хураагчид буюу бичээчид (scribes) нь ургац хураалтын үеэр тариалангийн талбайн ургацын хэмжээг тооцоолж, иргэдээс тодорхой хувийг татвар болгон хураадаг байв. Тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд хүч хэрэглэдэг байсан бөгөөд татвар төлөөгүй иргэдэд хатуу шийтгэл ногдуулдаг байжээ. Тухайлбал, татвар төлөөгүй иргэдийг зодож, зарим тохиолдолд үхэлд хүргэх хүртэл шийтгэдэг байсан тухай баримтууд байдаг. Энэ нь татварын тогтолцооны хатуу чанарыг илтгэнэ.


Эртний Египетийн татварын систем нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангахаас гадна төрийн эрх мэдлийг тогтвортой байлгах, нийгмийн зохион байгуулалтыг хангах чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Татварын орлогоор төрийн үйл ажиллагааг санхүүжүүлж, нөөц хуримтлуулж, ирээдүйн гамшигт нөхцөлд бэлтгэл хангадаг байсан нь тухайн үеийн төрийн зохион байгуулалтын онцлогийг харуулдаг (Wilkinson, 2013). Энэ нь татварыг эд бараагаар төлөх хэлбэрийн сонгодог жишээ юм.


Ромын эзэнт гүрэнд татварын тогтолцоо нь төрийн төсвийн гол үндэс суурь болж байв. Татварыг төрөлжүүлэн ногдуулах систем бүрэлдэж, хувь хүн, газар, боомт, боол, худалдаа зэрэг бүхий л эдийн засгийн харилцаанд татвар ногдуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Тусгай эрх бүхий гэрээт этгээд болох Publicani нар татвар хураах үүрэгтэй байж, тэднийг гэрээний үндсэн дээр ажиллуулдаг байсан нь төр ба хувийн хэвшлийн хоорондын хамгийн эртний институтийн гэрээт татварын тогтолцооны нэг жишээ юм (Brunt, 1971).


Түүнчлэн энэ тогтолцоо нь Ромын захиргааны байгуулалт, эдийн засгийн зохион байгуулалт өндөр түвшинд хөгжсөнийг илтгэнэ. Гэсэн ч тухайн нийгмийн бүтэц, иргэний зэрэг зиндаа нь татварын ачаалалд шууд нөлөөлж байв. А.Х.М. Жонсын тэмдэглэснээр, язгууртнууд болон газар эзэмшигч дээд давхаргынхан татварын хөнгөлөлт эдэлж, зарим тохиолдолд татварын журмыг өөрсдөө тогтоох хэмжээний эрх мэдэлтэй байжээ (Jones, 1974). Энэ нь төрийн бүтцэд нийгмийн анги давхаргын нөлөө, эрх мэдлийн төвлөрөл хэр гүнзгий байсныг харуулдаг.


Хятадын Тан улсын үед төвлөрсөн төрийн тогтолцоо бэхэжсэнтэй уялдан, татварын тогтолцоо хүн амын тоо, газар тариалангийн үр өгөөжийг үндэслэн тооцдог нарийн системд суурилж байв. Төр нь газар бүрийн хүн ам, газар эзэмшлийн хэмжээг бүртгэж, тэдгээрийн нөөц боломжид тохируулан татвар ногдуулах тогтолцоог хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд шуудан татвар (yifu) болон ажил хөдөлмөрийн алба (yaoyi) зэрэг татварын хэлбэр түгээмэл хэрэглэгдэж байсан нь төрийн хэрэгцээг хангах ажиллах хүчийг шууд татан төвлөрүүлэх хэрэгсэл болж байв (Twitchett, 2008).


Эдгээр татвар нь мөнгөөр бус, хөдөлмөрөөр буюу биеэр гүйцэтгэгддэг байснаараа хожмын үед нэршсэн биеэр төлөх татварын уламжлалыг илтгэж байна. Жишээлбэл, тариачдыг зам барих, хүрээ хотоос бараа зөөх, цэргийн хангалт тээвэрлэх зэрэг төрийн үйлчилгээнд татан оролцуулж, оронд нь эдийн засгийн хөнгөлөлт үзүүлдэг байв. Ийнхүү Тан гүрний татварын тогтолцоо нь төрийн хүчний шууд илрэл байхаас гадна хүн ам зүйн болон эдийн засгийн бодит мэдээлэлд тулгуурласан төвлөрсөн захиргааны дэвшилтэт бүтэц байсныг харуулдаг.


Чарльз Тиллигийн үзэж байгаагаар, Европын улс гүрнүүд дайны бэлтгэл хангах, дайн хийх явцад хэрэгцээтэй нөөцийг төвлөрүүлэх зорилгоор татварын тогтолцоог хөгжүүлсэн. Тэрээр төр нь дайн хийх замаар бүрэлдэж, дайн нь төрийн тогтолцоог хөгжүүлэх гол шалтгаан болдог гэж үзсэн нь татварын тогтолцооны үүсэл, хөгжлийг тайлбарлах чухал онол юм. Дайны зардлыг санхүүжүүлэхийн тулд улс гүрнүүд татварын тогтолцоог бий болгож, улмаар төвлөрсөн төрийн бүтэц, бюрократ системийг хөгжүүлсэн байна.


Онолын дагуу төрийн үндсэн үйл ажиллагаа нь дайн хийх, төрийг бий болгох, иргэддээ хамгаалалт үзүүлэх, нөөц татан төвлөрүүлэх гэсэн дөрвөн чиглэлд төвлөрдөг. Эдгээр үйл ажиллагаа нь харилцан уялдаа холбоотой бөгөөд татварын тогтолцоо нь эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг хангах үндсэн хэрэгсэл болдог (Tilly, 1992). Татварын тогтолцоо нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах төдийгүй, төрийн эрх мэдлийг тогтвортой байлгах, нийгмийн зохион байгуулалтыг хангах чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.


Иш татсан түүхэн жишээнүүдээс харвал, татварын тогтолцоо нь тухайн нийгмийн төрийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэц, засаглалын чадамжтай салшгүй уялдаатайгаар хөгжиж иржээ. Татвар нь зөвхөн эдийн засгийн хэрэгсэл бус, төрийн оршихуйн бодит илэрхийлэл, нийгмийн хяналт, дэг журмыг тогтоох хэрэгсэл болж байв. Баррингтон Мур Жр.-ийн дүгнэснээр, эрх мэдлийн төвлөрөл, хөрөнгийн хуваарилалт, тариачдын татварын ачаалал зэрэг нь аливаа нийгмийн төрийн хэлбэр, цаашлаад ардчилал эсвэл дарангуйллын төлөвшилд ч нөлөөлөх хүчин зүйл болдог (Moore, 1993).


Түүхийн олон үе шатанд шударга бус, хэт өндөр татвар нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, эсэргүүцэл, бослого хөдөлгөөнийг өдөөгч болж иржээ. Жишээ нь, Хятадын Тан улсын сүүл үед хууль бус татварууд нэмэгдсэн нь тариачдын өргөн хүрээтэй бослого (An Lushan Rebellion)[4] гаргах шалтгааны нэг болж байв. Түүнчлэн Францын XIV Людовикийн үед анги давхаргын ялгавартай татварын тогтолцоо нь улс төр, нийгмийн хямралд хүргэж, Францын хувьсгалын шалтгаанд ч нөлөөлсөн гэж судлаачид тэмдэглэдэг. Иймд татвар нь зөвхөн төсвийн хэрэгсэл бус, нийгмийн тэнцвэр, засаглалын үр нөлөөг тодорхойлогч гол хүчин зүйл байсан гэдгийг түүх нотолдог.


2.     Монгол нутаг дахь татварын уламжлал

Монголын нутаг дэвсгэрт татвартай дүйцэхүйц ойлголт эрт дээр үеэс оршиж ирсэн. Энэ нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээнээс үүдэлтэй бус, төрийн үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр, иргэн - төрийн харилцааны үндэс болж байжээ (Б.Баярсайхан, 2002).


Монголын Их хаадын үед алба, гувчуур зэрэг уламжлалт татварын хэлбэр нь төрийн орлогын гол эх үүсвэр байж, улс төр, цэргийн тогтолцоог санхүүжүүлэх үндсэн хэрэгсэл болж байв. Эдгээр албыг төвлөрүүлэх, хяналт тавих зохион байгуулалт нь төрийн захиргааны суурь үүргийн нэг гэж тооцогдож байснаараа татвар гэх ойлголтын эртний илрэл, төрийн нэгдмэл бодлогын хэрэгжилт байжээ (Atwood, 2004). Хамгийн анхдагч эрх зүйн эх сурвалж болох Их Засаг хуульд төрийн хэрэгцээнд зориулан хүн хүч, эд хөрөнгө, зэвсэг болон бусад нөөцийг хэрхэн, ямар хугацаанд, хэн нийлүүлэх талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Энэ цаг үеийн татварын зохицуулалт зөвхөн эдийн засгийн хэрэгцээ бус, цэргийн дайчилгаа, нийгмийн зохион байгуулалттай нягт уялдаж байсныг нотолдог (Ц.Батбаяр, 2002).


Чингис хааны үеийн Монголын төрийн орлогын тогтолцоо нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засгийн бүтэцтэй нягт уялдаж байв. Байгалийн баялаг дээр үндэслэсэн нийгэмд татвар нь мөнгөн бус, харин мал сүрэг, арьс шир, зэр зэвсэг, хүнс болон хөдөлмөрийн хүчээр биелэгддэг байсан нь нүүдэлчдийн аж ахуйн хэлбэрт нийцсэн зохицуулалт байлаа. Нийгмийн баялаг болох мал, эд хөрөнгө нь овог аймгийн язгууртнуудын мэдэлд төвлөрсөн бөгөөд тэдгээрээс татвар, алба татах замаар төрийн хэрэгцээг хангаж байжээ.


Ш.Бирагийн тэмдэглэснээр, Монголын нийгмийн зохион байгуулалт овгийн нэгдэл, язгууртны давамгайлалд тулгуурлаж, улмаар төвлөрсөн төрийн бүтэц рүү шилжиж байсан энэ үе шатанд алба, гувчуурын харьцаа нь зөвхөн эдийн засгийн үүрэг бус, язгууртан болон харьяат иргэдийн хоорондын захирагдах, өргөл хүндлэх ёс суртахууны илэрхийлэл болж байв. Ийнхүү татвар нь тухайн үеийн нийгмийн шаталсан бүтэц, төвлөрсөн төрийн эрх мэдлийг хангах, тогтвортой байлгах чухал механизм болж хөгжсөн байна (Bira, 1998).


Юань гүрний үед Монголын төрийн захиргаа Хятад, Төвөд, Зүүн гар, Хар Хорин зэрэг бүс нутгийг багтаасан өргөн уудам газар нутагт төвлөрсөн татварын тогтолцоог бий болгож, суурин иргэншлийн онцлогийг тусгасан төвлөрсөн эдийн засгийн бүтэцтэй болжээ. Зах зээл, худалдааны гол зангилаа газруудад гаалийн алба байгуулж, бараа бүтээгдэхүүн, малын арилжаа, газар эзэмшилд ногдуулах олон төрлийн татвар тогтоон хурааж байсан нь зах зээлийн харилцааг зохицуулах бодлогын эхлэл байв.


Албан татвар хураах үйл ажиллагаа нь тухайн үеийн төрийн институтийн зохион байгуулалтын дэвшлийг харуулж байлаа. Албан тушаалтнууд тусгай тамга бүхий зөвшөөрөлтэйгөөр татвар хураах эрхийг эдэлж, хураалтын тоо хэмжээг нарийн бүртгэж, тайлагнах үүрэг хүлээдэг байв. Энэ нь зөвхөн татварын төдийгүй, төрийн мэдээлэл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэж эхэлсний илрэл юм. Юань төрийн энэ төрлийн бүртгэл, дэг журмыг хэрэгжүүлсэн нь төрийн хяналт, нэгдмэл бодлогыг бататгасан томоохон институтийн шинэчлэлд тооцогддог (Atwood, 2004).


Манж Чин улсын эрхшээлд байсан XVII-XX зууны Монгол нутагт татварын уламжлалт хэлбэрүүд хадгалагдаж, өөрчлөгдөн хөгжиж байв. Монголчууд Манжийн төрд өргөл, гувчуур, тайжийн татвар гэх мэт албан ёсны болон ёс уламжлалын шинжтэй алба хураамж төлдөг байжээ. Эдгээрийг ихэвчлэн мал сүрэг, арьс шир, ноос ноолуур зэрэг хэлбэрээр төвлөрүүлдэг байсан нь тухайн үеийн бэлэн мөнгөөр бус, харин бараа таваараар төлөх эдийн засгийн тогтолцоотой уялдана. Татвар хураалт нь орон нутгийн захиргааны шугамаар, хошуу ноёд, тайж нарын оролцоотойгоор хэрэгждэг бөгөөд энэ нь төвөөс зах хүртэлх захиргааны шатлалаар дамжуулан татвар цуглуулах тогтолцоог бүрдүүлж байв.


Йохан Элверскогийн судалгаанд тэмдэглэснээр, Манжийн төр Монголыг буддын шашин, язгууртны давхаргыг ашиглан дотоод захирах системээр удирдаж байсан нь татварын бүтэц, цуглуулалтын хэв маягт тодорхой тусгалаа олжээ. Энэ систем нь Монголын ноёдод харьяат иргэдээс татвар, алба ногдуулах эрхийг тодорхой хэмжээгээр олгож, оронд нь Манжийн төрд тогтсон хэмжээний хураамжийг хүргүүлэх үүрэг хүлээлгэж байв. Ийнхүү захиргааны түвшинд төвлөрсөн биш, дам зуучлалтай татварын хэлбэр нь тухайн үеийн төрийн удирдлагын арга барил, нийгмийн зохион байгуулалттай нягт уялдсан байжээ (Elverskog, 2008).


1921 оны Ардын хувьсгалын дараа байгуулагдсан Ардын Засгийн газар нийгмийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор албан татварын олон хэлбэрийг шинээр тогтоож эхэлсэн. 1920-иод оны эхээр эд хөрөнгө, мал сүрэгт ногдуулах алба, мөнгө хураамж зэрэг олон төрлийн төлбөрийг нэгтгэн, улмаар төрийн орлого хэмээн нэрлэх болсон. Энэхүү орлогыг хураах ажлыг орон нутгийн Засаг захиргаа болон Сангийн яамны харьяа байгууллагууд хариуцаж байв. Ардын засаг тэгш буюу бүхнээс адил хувь ногдуулах зарчмыг баримталж байсан ч, иргэдийн амьжиргааны ялгаа, орон нутаг дахь нөхцөл байдал харилцан адилгүй тул зарим тохиолдолд тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжүүлж байжээ.


1930-аад он гэхэд Монгол Улсад ЗХУ-ын төлөвлөгөөт эдийн засгийн зарчим бүрэн нутагшиж, татварын тогтолцоо ч энэ загварт шилжив. Улс ардын аж ахуйн бүх салбар төвлөрсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж, хувь хүн, хоршоо, нэгдэл, байгууллагад ногдуулах албан татвар нь орлогоос бус, төлөвлөсөн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн даалгаврын биелэлтэд үндэслэгдэх болжээ. Төлөвлөгөөний орлого хэмээн нэрлэгдэх болсон энэ төрлийн алба нь ашигт байдал гэхээс илүүтэйгээр намын удирдлага, төлөвлөгөөний сахилга бат, улс төрийн хяналтыг илэрхийлж байв. Энэ нь татварын гол утга санааг өөрчилж, төрийн хяналтыг эдийн засгийн бүх түвшинд тогтоох хэрэгсэл болгон ашиглаж байсныг илтгэнэ (Лувсандорж, 1980).


1990-ээд онд ардчилсан өөрчлөлт гарж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, татварын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдсэн эрх зүйн суурь бүрэлдсэн байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа, 1993 онд Монгол Улсын анхны Татварын ерөнхий хууль батлагдаж, орчин үеийн татварын эрх зүйн тогтолцооны үндэс тавигдсан юм.


Зүүлт тэмдэглэл

[1] “Амьдрах үнэн бол татвар төлөх нь гарцаагүй” хэлц нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Бенжамин Франклины (Benjamin Franklin) алдартай үгнээс үүдэлтэй: “In this world nothing is certain except death and taxes.”, орчуулгын хувьд “Энэ хорвоо дээр үхэл, татвар хоёроос өөр гарцаагүй зүйл үгүй.” гэж мөн хэлж болно.


[2] Месопотами нь Тигр-Евфрат голын хооронд оршиж байсан, баруун Азийн түүхэн газар нутгийн нэр ба одоогийн Ирак юм. 6000 гаруй жилийн өмнө Месопотамид, дэлхийн анхны соёл иргэншлийг шумерууд бүтээсэн гэж үздэг.


[3] Нармерийн үеийн вааран сав нь МЭӨ IV мянганы төгсгөл буюу Египетийн эртний төрийн үүсэлтэй уялдах чухал археологийн дурсгалд тооцогддог. Тухайн үеийн вааран эдлэлүүд нь зөвхөн ахуй хэрэглээ төдийгүй төрийн төвлөрөл, эрх мэдлийн бэлгэдэл болон хөгжсөн байх шинжтэй. Нармерийн үеийн ваар нь ихэвчлэн улаан өнгийн шавар, заримдаа хар улаан өнгийн өнгөлгөөтэй хийцтэй бөгөөд дээр нь хаан Нармерийн дүрслэл, тахилгын зан үйл, эсвэл дайн байлдаантай холбоотой зураг дүрс бүхий сийлбэр, хээ угалзыг ашигласан байдаг. Эдгээр ваар нь эрх мэдэл, эдийн засгийн хяналтыг илэрхийлэхийн зэрэгцээ төрийн зан үйлд ашиглагддаг байв. Ийм ваар нь зөвхөн хэрэглээний зүйл бус, Египетийн анхны нэгдсэн төр байгуулагдаж, фараоны эрх мэдлийг тодорхойлж эхэлсэн үеийн соёл, улс төрийн хөгжлийн илэрхийлэл болж өгдөг. Нармерийн палет зэрэг дурсгалтай адил эдгээр ваар нь төрийн символик нөлөө, төвлөрсөн засаглалын шинжийг археологийн хувьд батлан харуулдаг.


[4] An Lushan-ийн бослого (755–763 он) нь Тан улсын үед болсон Хятадын түүхэн дэх хамгийн том, сүйрэл дагуулсан дотоодын иргэний дайн байв. Энэ бослогыг харийн гаралтай жанжин Ан Лушань удирдаж, хойт нутгийн цэргийн хүчийг ашиглан нийслэл Чананийг эзэлж, өөрийгөө “Шинь улс”-ын хаанд өргөмжилсөн. Уг бослого нь зөвхөн цэргийн сөргөлдөөн байгаагүй бөгөөд Тан улсын захиргааны төвлөрсөн тогтолцооны доройтол, санхүүгийн ачаалал, язгууртны дундах эрх мэдлийн тэмцэл зэрэг олон хүчин зүйлийн нийлмэл илрэл байсан юм. Бослогын улмаас хэдэн сая хүн амь үрэгдэж, улс орны эдийн засаг, хүн ам, засаг захиргааны бүтэц ноцтой доройтож, Тан улс хэзээ ч дахин бүрэн сэргэж чадаагүй. Энэхүү бослого нь Хятадын түүхэнд төрийн төвлөрлийг задлан, феодалжих урсгалыг эхлүүлсэн эргэлтийн үеийн нэг болсон гэж үздэг.


Ашигласан эх сурвалж

Roth, M. T. (1997). (Roth, Martha T. Law Collections from Mesopotamia and Asia Minor. Scholars Press, 1997.) (2nd ed.). Society of Biblical Literature.


Wilkinson, T. (2013). The Rise and Fall of Ancient Egypt. Random House Trade Paperbacks.


Brunt, P. A. (1971). Italian Manpower 225 BC-AD 14. Oxford: Clarendon Press.

 

Jones, A. H. (1974). The Roman economy Studies in ancient economic and administrative history. (P.A.Brunt, Ed.) Oxford: Basil Blackwell.


Twitchett, D. C. (2008). The Cambridge History of China (Vols. 3: Sui and T'ang China, 589–906 AD, Part One). Cambridge University Press.


Tilly, C. (1992). Coercion, Capital and European States (Revised ed.). Wiley-Blackwell.


Moore, B. (1993). Social Origins of Dictatorship and Democracy: Lord and Peasant in the Making of the Modern World. Boston: Beacon Press.


Б.Баярсайхан. (2002). Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэр. Улаанбаатар: МУИС Пресс.


Atwood, C. P. (2004). Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Facts on File.


Ц.Батбаяр. (2002). Чингис хаан ба ХХ зуун. Улаанбаатар.


Bira, S. (1998). The Mongols and their State in the Twelfth to the Thirteenth Century. In UNESCO, History of Civilizations of Central Asia (Vol. 4, pp. 243–259). UNESCO.


Elverskog, J. (2008). Our Great Qing: The Mongols, Buddhism, and the State in Late Imperial China. University of Hawaii Press.


Лувсандорж, П. (1980). БНМАУ-ын эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудлууд. Улаанбаатар: ШУАХ.


Татварын үүслийн түүхэн тойм

Татварын үүслийн түүхэн тойм



Татварын үүслийн түүхэн тойм




Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page