top of page

“Мөрч” УСК: Гэмт хэргийн шалтгаан, уялдаа, эрх зүйн тайлал

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • May 13
  • 19 min read


Мөрч УСК Хуульч Шувуухай

“Мөрч” киног үзээд, энгийн нэг зохиомол хэрэг биш, харин задлан шинжлэх, эргэцүүлэн тайлах, зөвхөн үзэж биш ухаж ойлгох ёстой кино гэж бодогдов. Монгол уламжлалт ахуй, хүний дотоод зөрчил, эрх мэдлийн дарамт, нийгмийн дуугүй хүлцэнгүй байдал, үнэнд хүрэх гэсэн ганц хүний эрэл зэрэг үйл явдал нь зөвхөн үзээд өнгөрөх бус, харин хуулийн оюутны хувьд шинжлэн судлах, бичиж тэмдэглэх сэдлийг төрүүлсэн билээ. Тиймээс энэ нийтлэлийг бичихдээ уран сайхны дүрслэл, сэтгэлзүйн зан төлөв, эрх зүйн онол гурвыг огтлолцуулахыг зорилоо.


Хураангуй

Энэхүү нийтлэл нь Монголын түүхэн, гэмт хэргийн мөрдлөгийн төрлийн “Мөрч” уран сайхны кинонд суурилсан эрх зүйн дүн шинжилгээг агуулсан болно. Судалгааны зорилго нь кинонд гарч буй гэмт хэргийн үйл явц, нийгмийн шалтгаан, мөрдөн шалгах ажиллагааг криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн гурван үндсэн чиглэлээр задлан шинжлэхэд оршино. Криминалистикийн үүднээс хэрэг мөрдөх ажиллагааны арга зүй, нотлох баримт цуглуулах хэлбэрүүдийг судалсан бол, криминологийн талаас гэмт хэрэгтний сэдэл, нийгмийн давхаргын ялгаа, сэтгэл зүйн хүчин зүйлсийг тайлбарлав. Харин эрүүгийн эрх зүйн хүрээнд гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрх зүйн онолтой уялдуулан хууль зүйн үнэлгээ хийв. Үр дүнд нь “Мөрч” кино нь хууль зүйн боловсрол, нийгмийн ухамсарт эерэг нөлөө үзүүлж болох уран сайхны бүтээл болохыг харуулсан бөгөөд уран сайхны бүтээлийг судалгааны эх сурвалж болгон ашиглах боломж, ач холбогдлыг тодотгож байна.


Түлхүүр үгс: Мөрч кино, гэмт хэрэг, криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүй, нотлох баримт, шүүхийн үнэлгээ, хэрэг мөрдөх ажиллагаа, уран сайхны бүтээлийн дүн шинжилгээ, Монголын кино урлаг ба хууль зүй, нийгмийн шалтгаан, эрх мэдэл ба шударга ёс.


Удиртгал

Монголын кино урлагт сүүлийн жилүүдэд олон талт сэдэв, төрөл жанр өргөжин хөгжиж, нийгмийн үнэт зүйл, шударга ёс, гэмт хэрэг, эрх мэдэл зэрэг асуудлыг хөндсөн бүтээлүүд олноор төрөн гарч, үзэгчдийн анхаарлыг татах боллоо. Ийм бүтээлүүд нь хууль зүйн судалгааны шинэ чиглэл, боломжийг нээж байгаа боловч тэдгээрт суурилсан системтэй, онолын үндэслэлтэй, эрх зүйн үүднээс хийсэн дүн шинжилгээ ховор байна. Кино зохиолыг анхлан бичихдээ тус бүрийн чиглэлээр мэргэшсэн судлаачдын оролцоотой, системтэй, шинжлэх ухаанч үндэслэлтэй ханддаг нь мэдээж боловч уран сайхны бүтээлд дүрслэгдэж буй гэмт хэргийн үйл явц, мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэр гаргалтын процесс зэрэг нь эрүүгийн эрх зүй, криминологи, криминалистикийн суурь ойлголт, зарчимтай хэрхэн уялдаж байгааг задлан шинжлэх нь академик түвшинд цөөн хүрээнд хийгдэж иржээ. Үүнээс уран сайхны бүтээл ба хууль зүйн шинжлэх ухааны огтлолцолд тодорхой анхаарал хандуулах шаардлагатай болж байна.


Энэхүү нийтлэл нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн, “Оранж энтертайнмент” болон “VOO” платформын хамтран бүтээсэн, XIX зууны Монголын нийгэм, соёл, хууль цаазын орчныг харуулсан “Мөрч” кинонд гардаг гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа, эрх мэдлийн харилцаа, нийгмийн үнэт зүйлсийн хэм хэмжээг түүхэн нөхцөлд уран сайхны аргаар хэрхэн тусгасан болохыг судалгааны үндэс болгон авч үзсэн юм. Кино нь зөвхөн уран сайхны хүүрнэл төдийгүй гэмт хэрэг үйлдэгчийн сэдэл, зан үйл, нийгмийн нөлөөлөл зэрэг олон талт хүчин зүйлийг тусгаж, хууль зүйн онол, практикт уялдах боломжтой агуулгыг багтааснаараа шинжилгээ хийх үндэслэл болсон. Онцлох зүйл нь киноны эх зохиолыг хуульч мэргэжилтэй хүн бичсэн ба энэ нь кинонд гарч буй гэмт хэрэг, үйл явдлыг улам сонирхолтой, амьдрал дээр бодитоор гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болгожээ.


Судалгааны зорилго нь “Мөрч” кинонд дүрслэгдсэн гэмт үйл явдлыг эрх зүйн шинжлэх ухааны үндсэн чиглэл болох криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйг түшиглэн дүн шинжилгээ хийхэд оршино. Кинонд гардаг үйл явдлыг тохиолдлын шинжилгээний аргаар[1] авч үзэж, криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн онолын үндсэн хандлагыг ашиглан эрх зүйн зохицуулалтын уялдаа, зөрчлийг харьцуулан тайлбарлалаа. Судалгааны хүрээнд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг криминалистикийн шинжилгээний зарчим, гэмт хэрэгтний сэдэл ба зан авирыг криминологийн онолын суурь загварууд, эрх зүйн үнэлгээг эрүүгийн эрх зүйн бүрэлдэхүүн[2], онолын хариуцлагын үндэслэлээр шинжилсэн бөгөөд уран сайхны дүрслэл нь хууль зүйн ойлголттой хэрхэн нийцэж буйг онолын түвшинд тодруулсан болно. Хэдийгээр судалгааны цар хүрээ нь нэг кинонд төвлөрч буй ч кейсийн гүнзгий шинжилгээ хийх, нийгэмд үзүүлэх хууль зүйн болон соёлын нөлөөллийг тодорхойлох зорилготой юм. Цаашид ижил төрлийн уран сайхны бүтээлүүдийг харьцуулан судлах нь илүү өргөн дүгнэлт гаргахад тустай.


I. Криминалистик дүн шинжилгээ

Криминалистик нь гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, нотлох баримтыг цуглуулах, задлан шинжлэх, үнэлэх мэргэжлийн арга зүйд тулгуурладаг шинжлэх ухаан юм. Монголын уламжлалт ахуйд суурилсан эрх зүйн үйл явц нь байгальтай ойр, бичмэл бус, зан үйлийн хэлбэр давамгайлж байсан нь “Мөрч” кинонд тод томруунаар дүрслэгджээ. Тус кино нь XIX зууны сүүл үеийн Монголын нүүдэлчин нийгмийн нөхцөлд хэрэг мөрдөн илрүүлэх ажиллагаа хэрхэн өрнөж байсан, тухайн үеийн мөрч хүний гярхай ажиглалт, хурц мэдрэмж, ухаалаг эргэцүүлэл, логик дүгнэлт хийх чадварт тулгуурлан хэрэг явдлын зангилааг тайлж буй үйл явцыг харуулснаараа онцлогтой. Үүн дээр үндэслэн, орчин үеийн криминалистикийн онол, арга зүй, зарчмуудтай харьцуулж, кинонд дүрслэгдсэн мөрдөн шалгах ажиллагааг шинжлэх замаар түүхэн нөхцөл ба шинжлэх ухааны хандлагын хоорондын уялдаа, зөрчлийг тодорхойлох боломж бүрдэж байна.


“Мөрч” киноны үйл явдал намрын дунд сарын үед, Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууны Юндэндорж ноёны угсаа залгамжлах агь цаг бусаар, учир битүүлгээр өөд болсноор эхэлнэ. Залуу агь модноос дүүжлээстэй олдсон ч "Тэрээр өөрийн амиа егүүтгэсэн үү?", эсвэл "Хэн нэгэн түүний амь насыг бүрэлгэсэн үү?" гэх эргэлзээ үүсгэж хэргийн учир шалтгааныг тайлахаар Дамдин гэх мөрч 7 аймгийн цаанаас залагдан ирнэ. Холын газраас тусгайлан дуудан ирүүлдэг нь тухайн үед ийм төрлийн ажил хийдэг хүн ховор ч гэлээ байсан, илрүүлсэн хэргээр нь хүмүүс ам дамжуулан цуурч, алдаршуулдаг байжээ. Кинонд Дамдин мөрчийг хүний ул шагайж, шиншилж явдаг гэж нэгэн бөө хэлдэг ч үнэн хэрэгтээ мөрчийн үүрэг, нэр хүнд, мэргэжлийн ур чадварыг ямар хэмжээнд үнэлэгдэж байсныг харуулна. Мөрч нь тухайн үеийн нөхцөлд тусгай мэргэжилтэн буюу өнөө цагийн ойлголтоор криминалист шинжээчтэй дүйцэхүйц үүрэг байв.


Хэрэг гарсан газар олон хоног үргэлжилсэн бороо орж нотолгоо гэх зүйл бараг бүрэн арилсан байсан ч мөрч Дамдин байгаль, орчин хэрхэн нөлөөлж болохыг харгалзан үзэж, ул мөр үлдсэн байх магадлалтай хэсгийг системтэйгээр ажигладаг. Хөрсний чийг, модон дээр үлдсэн ул мөр зэргийг шинжилж, байгаль орчны өөрчлөлтөөс шалтгаалсан байж болох ул мөрийг нөхцөл байдлын хүрээнд дахин бүрдүүлэн дүгнэж буй нь гэмт хэргийн газрын үзлэгийн үндсэн зарчим болох ул мөрийг алдагдуулахгүй хадгалах, байгаль орчны нөхцөлийг бүрэн дүгнэх, ул мөр бүрийг шалгаж баталгаажуулах криминалистик хандлагатай нийцэж байна.


Үүний дараа мөрч Дамдин сэрүүн агуйд хадгалсан цогцост хийсэн үзлэгийн үеэр хумсны завсарт үлдсэн хүний арьсны хэлтэрхийг олно. Тухайн үед гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд шинжилгээний лаборатори, ДНХ-ийн шинжилгээ, микроскоп зэрэг техник, орчин үед гарын дор ашиглагдах криминалистикийн мэдээллийн систем, дижитал нотолгоо, бичил ул мөрийн шинжилгээ зэрэг техник, технологийн дэвшилтэд зүйл байгаагүй ч гэлээ гярхай ажиглалт, логик дүгнэлт[3], трасеологийн шинжилгээ[4] дээр суурилсан гэмт хэргийн биет баримт[5] цуглуулах оролдлого байв.


Мөн Дамдин хэргийн газрын өвсөн доороос олсон сувдан даруулга болон цогцсыг анх харсан анчин Сүрэнгийн хэргийн газраас олж, хожим Дамдинтай таарахдаа өгсөн уран хийцтэй сэтгүүрийг хэрэгт хамаарах нотлох баримт хэмээн авч үздэг. Эдгээр нь тухайн хэрэгт гуравдагч этгээд оролцсон, эсвэл эмэгтэй хүн холбоотой байж болох тухай таамаг дэвшүүлэх логик үндэс болж буй юм. Ялангуяа сэтгүүр нь тухайн үеийн хувийн эд хэрэглэл болохын хувьд тодорхой хүний хэрэглээтэй уялдуулан холбох боломжтой бөгөөд бие даасан криминалистик объект болж хувирдаг.


Мөрдөн шалгах явцад мөрч Дамдин гэрч, сэжигтнүүдтэй харилцахдаа тэдний үйл хөдлөл, ярианы логик зөрүү, биеийн хэлэмж болон нүүрний илэрхийлэл, сэтгэл хөдлөлийн хариу зэргийг ажиглан дүгнэлт хийдэг. Энэ нь сэжигтэй этгээдийн сэтгэлзүйн төлөв байдлыг тодорхойлох оролдлого байсан бөгөөд сэтгэлзүйн ажиглалт хэмээх орчин үеийн криминалистикийн арга барилтай дүйцэхүйц ажиллагаа юм.


Кинонд гардаг нотлох баримтыг жагсаав. Үүнд:

  • Гэрчийн аман мэдүүлэг;

  • Хэргийн газрын байршил, байгалийн нөлөөлөл;

  • Хувийн эд зүйлс (сэтгүүр, үсний даруулга г.м.);

  • Хүний сэтгэл хөдлөлийн илрэл (уй гашуу, сандрал, хөндий хандлага г.м.).


Эдгээр нь орчин үеийн криминалистикт хэрэглэгддэг биет болон субъектив нотолгооны аль алинд хамаарах бөгөөд уран сайхны кинонд бодит байдлыг дүрслэхдээ хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах боломжтойг харуулж байна.


II. Криминологийн дүн шинжилгээ

Криминологи нь гэмт хэргийн үүсэл шалтгаан, нийгмийн нөхцөл, хувь хүний сэдэл, сэтгэл зүйн нөлөөллийг шинжилдэг шинжлэх ухаан юм. “Мөрч” киноны төгсгөлд хэрэг илрэх үед илэрхий болж буй зан төлөв, сэтгэл зүйн уялдаа, нийгмийн байр суурь, үүрэг хариуцлага зэрэг нь тухайн гэмт хэргийн учир шалтгааныг криминологийн өнцгөөс тайлбарлах боломж олгож байна.


Киноны “Заяанаас зайлж болдоггүй, учралаас урваж болдоггүй” гэх 10 дугаар ангид мөрч Дамдин хэргийн газарт холбоотой хүмүүсийг нэг дор цуглуулж, гэмт хэргийн сэжүүрүүдийг он цагийн дарааллаар танилцуулж, сэжигтнүүдийн зан авир, сэтгэл хөдлөл, үйлдлийн уялдааг задлан шинжилдэг. Үзэгчдэд эхлээд агийн үхэл гол хэрэг мэт санагдавч, уг хэрэг нь дангаараа бус, өмнөх болон дараагийн үйл явдлуудтай нягт уялдаатай байсныг мөрч тайлбарлаж илчилдэг. Тэрээр зөвхөн агийн үхлийг бус, өмнө нь үйлдэгдсэн данжаадын аллага, Лувсан болон түүний хүү Жамъянгийн аллага, дээрэм, өргөмөл охиноо хүчирхийлж, дарамталсан гэр бүлийн хүчирхийлэл, нохой алж, гэр шатаасан зэрэг гэмт хэргийг мөн илрүүлдэг.


Өнгөц харахад эдгээр нь хоорондоо хамааралгүй мэт боловч үнэн хэрэгтээ нэг хүнээс үүдэлтэй, өмнөх гэмт хэргүүдээ нуух, эргэлзээг өөр тийш чиглүүлэх зорилгоор шат дараатай зохион байгуулсан хэд хэдэн гэмт хэрэг болох нь тодорхой болдог. Энэ нөхцөл байдал нь төлөвлөгөөтэй, хүйтэн сэтгэлтэй, өндөр түвшний манипуляц хийх чадвартай гэмт хэрэгтний сэтгэл зүйн зураглалыг харуулж байна.


Хэрэгтэн өөрийн бурууг бусдад тохох, дүрээ хадгалах, нийгмийн итгэлийг алдахгүйн тулд эрх мэдэл, нэр хүндээ ашиглан гэмт хэргийг зохион байгуулах оролдлого хийсэнг буруугаа зөвтгөх болон ухаалаг сонголтын онолоор тайлбарлаж болно.


  • Буруугаа зөвтгөх онол → гэмт хэрэгтэн өөрийгөө “өөр аргагүй байсан” гэх мэтээр дотоод ёс суртахуунаа саармагжуулж, үйлдлээ зөвтгөх хандлага;

  • Ухаалаг сонголтын онол → гэмт хэрэгтэн ашиг, эрсдэлийг тооцоолж, өөрт хамгийн ашигтай шийдвэрийг гарган гэмт хэрэг үйлддэг логик сэтгэлгээний хандлагын жишээ юм.


Нөгөө талаас, агь өөрөө ч сэтгэлзүйн эмзэг байдал, гутралын шинжтэй байсныг түүний үлдээсэн тэмдэглэл, үйл хөдлөл харуулдаг. Түүнийг орхигдсон мэдрэмж, нэр төрийн дарамт, шаналал зовоож байсан нь сэтгэлзүйн зөрчлийн онолын хүрээн тайлбарлагдана.


  • Сэтгэлзүйн зөрчлийн онол → хувь хүний дотоод сэтгэлийн хямрал, шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн зөрчил гэмт хэрэгт нөлөөлдөг байна.


Юндэндорж ноёны гэр бүл, тэдний хүрээлэл, албан тушаал, угсаа гарал зэрэг нь тухайн үеийн нийгмийн шаталсан бүтэц, эрх мэдлийн төвлөрөл, доод давхаргад шударга ёсны боломж хаалттай байсныг харуулна.


  • Зөрчлийн онол → эрх мэдэл, баялаг, нэр хүндийн хуваарилалт тэгш бус үед доод давхаргын хүмүүс шударга бус байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх нь зүйн хэрэг мэт харагддаг;

  • Стрессийн онол → хувь хүн нийгмийн зорилгод хүрэх боломжгүй үед хууль бус аргыг сонгодог гэсэн онол.


Мөрч Дамдины хэрэг илрүүлэх арга барил нь зөвхөн баримтад тулгуурлахаас гадна сэтгэлзүйн ажиглалт, нүүрний илэрхийлэл, ярианы уялдаа, хариу үйлдлийг шинжлэхэд оршино.


  • Сэтгэлзүйн ажиглалт → хүний үг, үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг шууд ажиглаж, хариу үйлдлээс үнэн худлыг тогтоох аргачлал юм. Кинонд гэрчүүдийн дуугүй байдал, сэжигтнүүдийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, нийгмийн хүлээн зөвшөөрөл гэх мэт олон хүчин зүйл гарна.

  • Хэвшмэл үйл ажиллагааны онол → гэмт хэрэг үйлдэх боломжийг хялбаршуулдаг орчны сул хяналт, идэвхгүй оролцогчийн нөхцөлийг илтгэнэ;

  • Дэд соёлын онол → тодорхой бүлэг нийгмийн өөрийн дотоод үнэт зүйл, хүлээлтэд тулгуурлан хууль бус үйлдлийг зөвтгөх нөхцөл болдог.


Эцэст нь, “Мөрч” киноны олон, үе шаттай гэмт хэргийн илрүүлэлт нь зөвхөн нэг хүний үйлдэл бус, тухайн үеийн нийгмийн бүтцийн гажуудал, эрх мэдлийн зүй бус ашиглалт, гэр бүл дэх хүчирхийллийг үл тоомсорлосон хандлага зэрэг нийгмийн хариуцлагагүй дүр төрх болохыг харуулж байна.


III. Эрүүгийн эрх зүйн дүн шинжилгээ

“Мөрч” кинонд дүрслэгдэж буй олон үйл явдал нь зөвхөн уран сайхны хүүрнэл бус, эрх зүйн хувьд гэмт хэргийн тодорхой төрөл, бүтэц, хариуцлагын үндэс бүхий үйлдлүүд юм. Эдгээр үйлдлийг онолын үүднээс үнэлэхдээ эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэд хэдэн гэмт хэргийн уялдаа, оролдлого, санаатай байдал, үйлдэл ба үр дагавар зэрэг гол ойлголт дээр төвлөрөх нь зүйтэй.


Хүний амь насанд халдсан гэмт хэргийн оролдлого ба хэрэгжилт

Кинонд хэд хэдэн этгээдийн амь насанд халдах буюу санаатайгаар хөнөөсөн болон хөнөөхөөр оролдсон үйлдэл гардаг.

  • Агийн үхэл → гуравдагч этгээдийн санаатай үйлдэл;

  • Данжаадын амь насыг хороосон хэрэг → эд хөрөнгийн шалтгаантай;

  • Ноёныг хордуулах оролдлого → хорын нөлөөгөөр биеийг нь муутгах, үйл ажиллагаанд оролцох чадваргүй болгох зорилготой, гэхдээ аллага болоогүй зөвхөн оролдлого төдий байсан.


Эдгээр нь гэмт хэрэг төдийгүй гэмт хэрэгт хүрэх зорилготой оролдлого, төлөвлөж далд байдлаар хэрэгжүүлсэн санаатай үйлдэл юм. Эрүүгийн эрх зүйн онолын дагуу гэмт хэргийн бүрэн үйлдэл гэдэг нь үйлдэл хийж, үр дагавар нь биелсэн нөхцөл бол, гэмт хэрэг үйлдэх оролдлого нь санаатай үйлдэл эхэлсэн ч үр дагавар нь биелээгүй, тасалдсан нөхцөл болно.


Ноёныг хордуулах явдал бол амь насыг хөнөөх зорилготой, биелээгүй оролдлого бөгөөд энэ нь мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.


Бэлгийн халдашгүй байдал, гэр бүлийн эсрэг гэмт хэрэг

Равданы үйлдэл нь өргөмөл охиныхоо эсрэг байнгын, давтамжтай хүчирхийлэл, дарамт үзүүлсэн зан авир байв. Энэ нь зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, гэмт хэргийн объект нь гэр бүлийн хамаарал бүхий эмзэг этгээд байдаг онцлогтой.


Эрүүгийн эрх зүйд бэлгийн шинжтэй гэмт хэргийг үнэлэхдээ харгалзан үзэх зүйл байна.

  • Хүч хэрэглэсэн эсэх;

  • Хохирогчийн нас, сэтгэхүй;

  • Хоорондын харилцааны онцлог;

  • Давтамж, үргэлжилсэн шинж.


Энэ нь хөнгөн бус, харин онц хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Өмч, эд хөрөнгө шатаах гэмт хэрэг

Данжаадын эд хөрөнгийг булааж, өрийн бичгийг устгаж, гэр шатаасан үйлдэлд эрх зүйн үнэлгээ хийж болно.

  • Өмчийн халдашгүй байдал → хувийн өмчийн эрх зөрчигдөж байгаа нь эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг;

  • Баримт бичиг устгах → хариуцлагын суурь нотолгоог зориуд сүйтгэх үйлдэл;

  • Гэр шатаах → эд хөрөнгө устгах, ул мөр баллах, айдас төрүүлэх, өмнөх гэмт хэргийг нуух зорилготой.


Онолын хувьд эдгээрийг эд хөрөнгийн эсрэг санаатай үйлдсэн нийлмэл гэмт хэрэг хэмээн үзнэ.


Амьтанд халдсан үйлдэл

Сэжигтэн хэргээ нуух, гэрчийг сүрдүүлэх зорилгоор тэдний үнэнч нохойг хороосон нь зөвхөн эд зүйлийн эсрэг үйлдэл биш, харин эрүүгийн эрх зүйн үнэлгээнд сэтгэлзүйн дарамт үүсгэх сэдэлтэй нэмэлт хүчин зүйл болно.

  • Айдас, дарамт бий болгох;

  • Хүчирхийллийн дохио өгөх.


Хэд хэдэн гэмт хэрэг, бүлэглэн үйлдсэн байдал

Кинонд Равдан, түүний урд газраас авчирсан, өмнө нь донцпал байсан Төвд алуурчин нар санаатай нэгдэж бүлэглэн, үе шаттайгаар, дараалсан хэд хэдэн гэмт хэрэг үйлддэг.

  • Хүний амь бүрэлгэсэн;

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн;

  • Баримт устгасан;

  • Дээрэм хийсэн;

  • Гэр шатаасан;

  • Хүн хордуулсан (амжилтгүй болсон);

  • Амьтан хороосон.


Эдгээр нь хуулийн хэлээр тодорхой илэрхийлэлтэй.

  • Нийлмэл гэмт хэрэг → хэд хэдэн өөр төрлийн гэмт хэрэг нэг үйлдлээр нэгтгэгдсэн;

  • Цуврал гэмт хэрэг → цаг хугацааны хувьд тусдаа боловч нэг этгээдийн үйлдсэн холбоотой хэргүүд;

  • Зохион байгуулалттай гэмт хэрэг → зорилготой, төлөвлөсөн, ул мөр баллах арга хэмжээ авсан зэрэг шинжтэй.


Эрүүгийн эрх зүйн онолын хувьд “Мөрч” кино нь гэмт хэрэг үйлдэх явц, шалтгаан, хэрэгжилт, ул мөр баллах оролдлого зэрэг олон талаас сургалтын бодитой жишээ болохуйц материал юм. Гэмт хэргийн бүрэн бүтцийг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн нь шинжлэх ухааны үнэлгээ хийх үндэс суурийг хангаж байна.


IV. Хууль зүйн болон нийгмийн үнэлгээ, сургамж

“Мөрч” кино нь зөвхөн уран сайхны бүтээл төдийгүй Монголын нийгмийн эрх зүйн ухамсар, соёл, шударга ёсны тухай ойлголтыг сэргээх, шинээр төсөөлүүлэх томоохон оролдлого болсон бүтээл юм. Тус кинонд дүрслэгдсэн гэмт хэргийн шинж, илрүүлэлтийн үйл явц, зан авир, нийгмийн давхарга хоорондын харилцаа зэрэг нь эрх зүйн ухамсрын илрэл, төлөвшлийн судлагдахуун болж байна.


Киноны туршид үзэгч зөвхөн нэг хэргийн, нэг хүний хувь заяаг бус, тухайн нийгмийн эрх мэдэл, нэр хүнд, үнэт зүйлс, шударга ёсны тогтолцоонд хандах олон нийтийн дотоод хандлага, итгэл, сэтгэл зүйг шүүн тунгаах боломжоор хангагддаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь зөвхөн хувь хүн биш, харин тухайн нийгмийн хүлцэнгүй байдал, эрх мэдэлд туйлширсан соёл, дуугүй хүлээн зөвшөөрөгч олонхын сүүдэрт үйл ажиллагаагаа далд хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь харагддаг. Энэ нь Монголын уламжлалт нийгмийн бүтэц, нэр төрийн тогтолцоо, шүүмжлэлээс зайлсхийх хандлага зэрэг соёлын эрх зүйн хүчин зүйлийн тусгал юм.


Эрх зүйн үүднээс авч үзвэл, киноны туршид мөрч Дамдины баримтлах арга барил, логик дүгнэлт, сэтгэлзүйн ажиглалт, нотлох баримтын үндэслэл зэрэг нь хууль зүйн процессын үндсэн зарчим болох үнэн бодит байдал тогтоох, нотлох баримтад тулгуурлах, шударга шийдвэр гаргах зарчимтай нягт уялдаж байна. Түүхэн нөхцөлд ч шударга ёсыг тогтоох, үнэн мөнийг тогтоох шүүх эрх мэдлийн хэрэгцээ байсаар ирснийг харуулж байгаа юм. Тус кинонд дүрслэгдсэн хэрэг илрүүлэх хэлбэр нь орчин үеийн эрүүгийн процессын суурь ойлголтуудтай сэтгэлзүйн, логик, нотлох ажиллагааны хувьд гүн уялдаатай байгаа нь анхаарал татна.


Нийгмийн талаас авч үзвэл “Мөрч” кино нь үзэгчдэд зөвхөн гэмт хэргийн тухай бус, бидний үнэт зүйл, тэвчдэг хэм хэмжээ, дуугүй байдал, айдас, шударга бусын эсрэг хариу үйлдэл үзүүлэх механизм хэр байна вэ гэдгийг асууж буй. Гэмт хэргийг нууж хаах нөхцөл бүрдэж байгаа нь зөвхөн нэг хүний буруу бус, харин нийгмийн хариуцлагагүй байдал юм. Энгийнээр хэлбэл, нийгмийн эрүүл төлөвшлийн хувьд эрх зүйн соёл, хуулийг дээдлэх хандлагын ач холбогдлыг дахин сануулж байна.


Кинонд дүрслэгдсэн олон төрлийн гэмт хэрэг, нийгмийн анги давхаргын сөргөлдөөн, гэр бүлийн хүчирхийлэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл, итгэлцлийн системийн нуралт зэрэг нь орчин үеийн Монголын нийгэмд ч оршсоор байгаа бодит аюул, соёлын гажуудлын сүүдэр гэж үзэж болно. Тиймээс энэхүү кино нь хуульч, судлаач, оюутан төдийгүй өргөн олон нийтэд эрх зүйн ухамсар, соёлыг сэргээх, нийгмийн шударга ёсны тухай эргэцүүлэл өрнүүлэх уриалга болжээ.


Дүгнэлт

“Мөрч” нь Монголын уран сайхны кино дундаас түүхэн нөхцөл, нийгмийн сэтгэл зүй, хууль ёсны уялдаа, гэмт хэрэг илрүүлэх ажиллагааг цогцоор нь харуулсан онцгой бүтээл юм. Энэхүү нийтлэлд тус киноны агуулгыг криминалистик, криминологи, эрүүгийн эрх зүйн гурван үндсэн чиглэлээр шинжилсэн бөгөөд кинонд гарах хэрэг явдал, дүрүүд, тэдний зан авир, хэрэг илрүүлэлтийн арга барил нь эрх зүйн шинжлэх ухааны үндсэн онол, ойлголт, зарчмуудтай хэрхэн уялдаж буйг тодорхойлсон.


Кинонд дүрслэгдсэн олон үйл явдал нь зөвхөн уран сайхны хүүрнэл бус, харин гэмт хэргийн бүтцийг бүрэн гүйцэд илэрхийлсэн, олон төрлийн хууль зөрчил, эрх мэдэл ба хариуцлагын зөрчлийг тусгасан, бодит амьдралд тулгарч болохуйц асуудлуудыг хөндсөн агуулгатай юм. Иймээс “Мөрч” кино нь хууль зүйн боловсрол, нийгмийн ухамсарт үзүүлэх нөлөө бүхий, олон нийтийн шүүмжлэл, эргэцүүлэлд суурилсан уран сайхны бүтээлийн жишиг болж байна.


Цаашид ижил төстэй уран сайхны бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, эрх зүйн судалгаанд ашиглах нь нийгмийн сэтгэл зүйг таних, соёлын хүчин зүйлийг тайлбарлах, хууль зүйн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар түгээх шинэ арга замын нэг байх боломжтой. Ийм хандлага нь хууль зүйн судалгаа, уран сайхны бүтээлийн огтлолцолд шинэлэг хандлага нэвтрүүлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Ж.Танан

💡 Мөрч УСК-д гарах гэмт хэргүүдийг 🇲🇳 Монгол Улсын Эрүүгийн хуулиар зүйлчилж болно. Сэтгэгдэл хэсэгт гэмт хэргийн төрөл, хуулийн зүйл, заалтыг 📝 бичиж үлдээгээрэй 🤓.

💭 Кинонд гарсан боловч нийтлэлд дурдагдаагүй гэмт хэргийг 🔎 коммент хэсэгт 👩🏻‍💻👨🏻‍💻📱 бичээрэй 🧐!

Кинонд гардаг сонин содон үг хэллэг

Донцпал (төвөдөөр don tshan pa) → Төвдийн агаарт оршуулах ёсны дагуу нас барагсдын цогцсыг задлан боловсруулж, яс махыг жижиглэн хэрчиж, тас шувуудад зориулан бэлтгэдэг тусгай хүн юм. Энэ нь үхлийг амьдралын үргэлжлэл хэмээн үзэх буддын шашны гүн ухаантай уялдсан Төвдийн зан үйл юм.


Сувдан даруулга → чамин хийцтэй эмэгтэй хүний үсээ дарж боох, сувд хэлхэн чимэглэсэн зүүсгэл, хэрэгсэл.


Сэтгүүр → гаансны толгойг сэтгэх, цэвэрлэх соёо хэлбэртэй хэрэгсэл.


Агь → (i) Хаад ноёдын хүү: ноёны агь (ноёны хүү), хааны агь (хааны хүү); (ii) Эрэгтэй хүүхдийг хүндэтгэх нэр. [хуучин] Чин улсын үеийн хаад ноёдын хөвгүүнийг хүндэтгэх дуудлага.

Зүүлт тайлбар

[1] Тохиолдлын шинжилгээний арга (case study method) нь нэг кейс буюу жишээг гүнзгий судлах замаар тухайн үзэгдэл, үзэл баримтлал, зохицуулалтыг тайлбарлах судалгааны арга юм. Уг арга нь эрх зүйн судалгаанд, ялангуяа уран сайхны бүтээлийг шинжилгээний объект болгон ашиглахад нэн тохиромжтой.


[2] Гэмт хэргийн бүрэлдэхүүн (elements of crime) гэдэг нь эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуульд хэрэглэгддэг нэр томьёо юм. Гэмт хэрэг болохын тулд заавал байх шаардлагатай объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн байна.


[3] Логик дүгнэлт гэдэг нь аливаа үзэгдэл, үйл явдлын шалтгаан ба үр дагаврын хоорондын уялдааг тогтоож, үндэслэлтэй таамаг, шийдэл дэвшүүлэх эртний философийн арга бөгөөд орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэлгээний гол зарчим болон хөгжжээ. Энэ нь Аристотелийн үеэс эхтэй дедукц, индукц, абдукц зэрэг дүгнэлтийн үндсэн хэлбэрүүдэд тулгуурладаг бөгөөд нотолгоо, ул мөр, шинж тэмдэг, шалтгаан зэргийг харьцуулан анализ хийх замаар шийдвэрт хүрэх оюуны процесс юм. Орчин үеийн криминалистик, шүүх сэтгэл зүй, мөрдөн шалгах ажиллагаанд логик дүгнэлт нь баримтаас дүгнэлт гаргах, сэжигтэн тогтоох, буруутай этгээдийг илрүүлэх чухал арга зүй болон ашиглагдаж байна. Ийм дүгнэлт нь зөвхөн мэдрэмж бус, шинжлэх ухаанд суурилсан эргэцүүлэл, сэтгэлгээний үр дүн гэдгээрээ онцлогтой.

  • Дедукц (deduction) → Ерөнхийгөөс тусгайд шилжих буюу ерөнхий дүрэм, хууль, зарчим дээр тулгуурлан тухайн тохиолдолд юу болохыг урьдчилан таамаглах логик арга юм. Жишээлбэл, бүх хүн нас бардаг, Сүхбаатар бол хүн, тэгэхээр Сүхбаатар нас барах тавилантай. Шалтгаан нь батлагдсан бол үр дүн заавал зөв байдаг. Хууль зүйн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэс ихэнхдээ дедукц байдаг.

  • Индукц (induction) → Тусгайгаас ерөнхийд хүрэх буюу тусгай олон тохиолдлын ажиглалтаас ерөнхий дүгнэлт гаргах логик арга юм. Жишээлбэл, хэд хэдэн удаа шүүхийн үйл ажиллагааг ажиглахад, шүүгч үргэлж түргэн шийдвэр гаргаж байсан тул шүүгч нар түргэн шийдвэр гаргадаг гэж дүгнэв. Үр дүн нь магадлалтай баттай биш. Судалгаа, статистик, практик ажиглалтад өргөн хэрэглэгддэг.

  • Абдукц (abduction) → Шилдэг боломжит тайлбарыг дэвшүүлэх буюу өнөөдрийн байгаа нотолгоонд хамгийн боломжит, тайлбар болох хувилбарыг дэвшүүлэх арга юм. Жишээлбэл, хаалганы цоож эвдэрсэн, эд зүйлс байхгүй болсон нь хулгай байж болзошгүй. Шууд баталгаа биш боловч үндэслэлтэй таамаглал дэвшүүлэх арга. Мөрдөн шалгах ажиллагаа, гэмт хэрэг шинжилгээнд чухал байр суурь эзэлдэг.


Кинонд мөрч Дамдин абдукц болон дедукцийн хослолоор ажиллаж байгаа нь ажиглагддаг.


[4] Трасеологийн шинжилгээ (trace analysis) гэдэг нь гэмт хэрэгт үлдсэн мөр, бичил ул мөр, биет хоорондын хүрэлцэл, шилжилт зэргийг судалдаг криминалистикийн нарийвчилсан дэд салбар юм. Тухайн этгээдийн хэрэг үйлдэх явцад үлдээсэн хумсны завсар дахь арьсны эд, үсний хэлтэрхий, даавууны ширхэг, гутлын мөр, зэвсгийн ирмэгийн хонхорхой, гадаргуу дээрх бичил үрэлт зэрэг бараг мэдэгдэхгүй хэмжээтэй, нүдэнд үл анзаарагдах ул мөрийг тусгай арга зүйгээр цуглуулж, лабораторид шинжилдэг. Энэхүү шинжилгээ нь локардын солилцооны онол буюу аливаа харилцан үйлчлэл мөр үлдээдэг гэсэн зарчим дээр суурилдаг бөгөөд гэмт хэрэгтэн, хохирогч, орчны хоорондын холбоог нотлох үнэтэй шинжлэх ухаанч арга зүй болдог. Мөн трасеологийн шинжилгээ нь зөвхөн илрүүлэлт бус, ул мөрийн бүтэц, хэлбэр, байрлал, химийн найрлагаар нь дамжуулан гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах дарааллыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг.


[5] Гэмт хэргийн биет баримт (material or sensitive trace evidence) гэдэг нь гэмт хэргийн үйлдэлтэй шууд холбогдох, хүний биеэс, хэрэг гарсан газраас, эсвэл эд зүйлийн гадаргуу дээрээс илэрч болох мэдэгдэхүйц хэмжээтэй, материаллаг шинжтэй ул мөр, эд өлгийн зүйлс юм. Үүнд цус, үс, арьсны хэлтэрхий, даавууны ширхэг, хурууны хээ, гутлын мөр, зэвсгийн үлдэгдэл, шил, металл, бууны дарь, будаг, шорооны хэсэг зэрэг микроскопоор илрэхүйц хэмжээтэй боловч хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт орно. Эдгээр нь гэмт хэрэгтэн, хохирогч болон орчны хоорондын биет холбоо, хүрэлцэл, шилжилтийг нотлох үнэтэй суурь мэдээлэл болдог. Мөн эдгээр баримт нь зөвхөн хэрэгтнийг илрүүлэхэд бус, хэрэг гарсан дараалал, үйл явдлын өрнөл, гэмт хэргийн үйлдлийн арга хэлбэрийг сэргээн тодорхойлох үндэслэл болдог бөгөөд криминалистикийн шинжилгээний салбарт мэдрэг (sensitive) буюу амархан алдагдаж, эвдэрч, устах магадлал өндөртэй, нарийн харьцах шаардлагатай ангилалд хамаардаг.

Криминологийн онол

Буруугаа зөвтгөх онол (neutralization theory) нь 1957 онд Америкийн нийгэм судлаач Грешам Сайкс (Gresham Sykes), Дэвид Матза (David Matza) нарын дэвшүүлсэн криминологийн онол юм. Тэд хүнд гэмт хэрэг үйлддэггүй, гэхдээ зарим үед хууль зөрчиж болох хандлагатай жирийн хүн өөрийн үйлдлийг дотроо зөвтгөдөг механизм байдгийг тайлбарлахыг зорьсон. Тус онолд дурдсанаар гэмт хэрэг үйлдэгч нь өөрийгөө муу хүн гэж харахгүй бөгөөд тухайн нөхцөл байдалд түр зуур ёс зүйн дотоод хоригуудаа саармагжуулдаг буюу өөрийгөө зөвтгөх тайлбаруудыг ашиглан сэтгэлзүйн дарамтаа багасгадаг байна.


Грешам Сайкс, Дэвид Матза нар гэмт хэрэг үйлдэгчид таван төрлийн зөвтгөх хэлбэрийг нийтлэг ашигладаг гэж тодорхойлсон. Үүнд: (i) хохирогчийг буруутгах, (ii) хохирлыг үгүйсгэх, (iii) нийгмийн тогтолцоог эсэргүүцэгч хүчний өмнө өөрийгөө хүчгүйд тооцох, (iv) үйлдэл нь илүү том зорилгын төлөө байсан гэж үзэх, (v) бүгд л ингэдэг гэх өөрийгөө зөвтгөх хандлага орно. Энэ онол нь сэтгэлзүйн талаасаа өөрөө өөртөө гэм буруугүй мэт мэдрэмж төрүүлж, гэмт хэрэгтэн ухамсарт эргэлзээ багатай үйлдэл гаргадгийг тайлбарлахад чухал суурь болж өгдөг.


Ухаалаг сонголтын онол (rational choice theory) нь XVIII зууны сүүлээр сонгодог либерал сэтгэгч Цезарэ Беккариа (Cesare Beccaria), Жереми Бентам (Jeremy Bentham) нарын бичсэн бүтээлүүдэд суурилсан бөгөөд орчин үеийн криминологи, эдийн засаг, улс төр судлалын хүрээнд өргөн хэрэглэгддэг. Гэмт хэрэг бол тухайн хүний ухамсартай, логик үндэслэлтэй шийдвэрийн үр дүн гэж уг онолд үздэг. Өөрөөр хэлбэл, хувь хүн аливаа үйлдлийг хийхийн өмнө ашиг ба эрсдэлийг тооцоолж, дэнсэлсний үндсэн дээр хэрэв ашиг нь эрсдэлээс илүү гэж үзвэл гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэж үздэг.


Орчин үеийн криминологид уг онолыг Корниш, Кларк нар (Cornish & Clarke) (1986) нар нарийвчлан гэмт хэрэг бол сэтгэл хөдлөлөөс илүүтэй ашгийн тооцооллын үр дүн хэмээн тайлбарласан. Тэдний үзэж байгаагаар, гэмт хэрэг үйлдэгч нь шийдвэр гаргахдаа байршил, цаг хугацаа, хамгаалалтын түвшин, гэрч зэрэг олон хүчин зүйлийг үнэлдэг. Онолын дагуу цагаан захтны гэмт хэрэг, төлөвлөсөн аллага, өмчийн эсрэг гэмт хэрэгт тайлбарлагдах нь элбэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгчийг сэтгэлзүйн эмгэгтэй бус, харин зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тооцоотой этгээд хэмээн үздэг.


Сэтгэлзүйн зөрчлийн онол (psychodynamic criminology) нь Австрийн нэрт сэтгэл зүйч Зигмунд Фройдын (Sigmund Freud) XX зууны эхээр дэвшүүлсэн психоаналитик онолд тулгуурладаг. Энэхүү онол нь хүний зан үйл, түүний дотор гэмт хэрэг үйлдэх хандлага нь ухамсар, ухамсрын өмнөх ба далд ухамсрын хоорондын зөрчил, бага насны сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой гэж үздэг. Зигмунд Фройд хүний сэтгэцийг дур хүсэл (id), ухаалаг хянагч (ego), ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээ (superego) гэсэн гурван хэсэгт хуваан, эдгээрийн тэнцвэргүй байдал нь хүн гэмт үйлдэл хийхэд хүргэдэг гэж тайлбарласан.


Хожим энэ онолыг криминологийн салбарт ашиглахдаа гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэл зүйн бүтцийг задлан шинжлэх, тэр дундаа бага насны сэтгэлзүйн гэмтэл, атаархал, уур хилэн, орхигдсон мэдрэмж, гадуурхал зэрэг хүчин зүйл хүний далд сэтгэлд хэрхэн хуримтлагдаж, хожим нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэж буйг судалдаг болжээ. Сэтгэлзүйн зөрчлийн онол нь тухайн этгээдийг муу хүн гэхээс илүүтэйгээр дотоодод эмгэгтэй, шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн зөрчилтэй хүн гэж үздэгээрээ онцлог бөгөөд хүн төвтэй, оношилгоо-шалтгаан дээр тулгуурласан тайлбарыг санал болгодог.


Зөрчлийн онол (conflict theory) нь XIX зуунд Германы нэрт философич, эдийн засагч Карл Марксын (Karl Marx) нийгмийн бүтцийн шүүмжлэлд үндэслэсэн бөгөөд XX зуунд энэ онолыг гэмт хэрэг судлалд өргөжүүлэн хэрэглэсэн эрдэмтдийн нэг нь Георг Руше (Georg Rusche), Ричард Куини (Richard Quinney), Уильям Чамблисс (William Chambliss) нар байв. Энэхүү онолд нийгэм нь нийтлэг үнэт зүйл, зохицолд бус, харин эрх мэдэл, нөөц баялгийг хянах тэмцэлтэй бүлгүүдийн хоорондын тогтмол зөрчилд тулгуурладаг гэж үздэг.


Криминологийн хүрээнд зөрчлийн онол нь гэмт хэргийг нийгмийн бүтцийн тэгш бус байдал, анги давхаргын тэмцлийн үр дүн гэж тайлбарладаг. Хууль нь бүх нийтийн эрх ашгийг хамгаалагч биш, харин давамгай ангийн ашиг сонирхлыг хуульчлан баталгаажуулах, доод ангийн иргэдийг хязгаарлах хэрэгсэл болон хувирдаг. Иймээс доод давхаргынхны зөрчил, эсэргүүцлийг гэмт хэрэг хэмээн ангилж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь нийгмийн шударга бусын хариу үйлдэл байж болно хэмээн онолын хүрээнд дүгнэдэг.


Стрессийн онол (strain theory) нь Америкийн нийгмийн онолч Роберт Кинг Мертоны (Robert K. Merton) дэвшүүлсэн онол бөгөөд XX зууны дунд үед, тодруулбал 1938 онд бичсэн “Social Structure and Anomie” өгүүлэлд анх дэлгэрэнгүй танилцуулсан. Уг онолд хүний хүсэл, зорилго болон тэрхүү зорилгод хүрэх хууль ёсны боломжийн хооронд зөрчил, тэгш бус байдал үүсэх үед хувь хүн нийгмийн хүлээлттэй зөрчилдөж, гэмт үйлдэл гаргах магадлал нэмэгддэг гэж үздэг. Ялангуяа амжилтад хүрэх гэдэг зорилгыг бүх хүн ижил мэдэрдэг ч, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, боловсрол, нийгмийн бололцоо тэгш биш байвал стресс (strain) буюу дотоод зөрчил үүсэж, хууль бус арга зам эрэлхийлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбарладаг.


Хожим нь энэхүү онолыг Альберт Коэн (Albert K. Cohen), Роберт Агнью (Robert Agnew) зэрэг судлаач өргөтгөн хөгжүүлж, өсвөр үеийнхэн, бага орлоготой бүлэг, цөөнхийн бүлгийн дунд стресс хэрхэн нийгмийн гажуудал, гэмт хэрэгт хүргэж байгааг судалсан. Роберт Агньюгийн хөгжүүлсэн Ерөнхий стрессийн онол (General Strain Theory) нь зөвхөн материаллаг зорилго бус, харилцааны дарамт, үнэлэмжийн зөрчил, сэтгэл хөдлөлийн хүлээлт биелээгүй зэрэг өргөн хүрээний хүчин зүйлийг хамруулсан нь онолын цар хүрээг тэлсэн. Энэхүү онол нь ялангуяа соёлын ялгаатай, шаталсан нийгмийн бүтцэд гэмт хэргийн нөхцөл бүрддэг шалтгааныг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг.


Сэтгэлзүйн ажиглалт (cold reading) нь тухайн хүний хувийн мэдээлэл, түүх, намтрыг урьдчилан мэдэхгүйгээр зөвхөн түүний биеийн хэлэмж, нүүрний илэрхийлэл, ярианы өнгө аяс, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл зэрэгт тулгуурлан дүгнэлт хийдэг сэтгэлзүйн аргачлал юм. Энэ аргыг анх XX зууны эхээр илбэчид, зурхайчид, сэтгэл судлаачид ашиглаж эхэлсэн бөгөөд хожим нь Берхард Кляйн (Bernhard Kleine), Иан Роуланд (Ian Rowland) зэрэг сэтгэл зүй, харилцааны мэргэжилтэн сэтгэлзүйн ажиглалтыг онолын түвшинд нарийвчилж боловсруулсан. Арга зүйн хувьд болж магадгүй гэх таамаглал дэвшүүлж, тухайн хүний хариу үйлдэлд тулгуурлан ажиглалт, эерэг баталгаажуулалтаар сэтгэхүйд нь нөлөөлөх зарчимд тулгуурладаг.


Сүүлийн жилүүдэд энэ аргыг криминалистик байцаалт, мөрдөн шалгах ажиллагаанд өргөн ашиглах болжээ. Тухайлбал, сэжигтэн, гэрчийн үгний зөрүү, дууны өнгө, нүдний хөдөлгөөн, биеийн түгшүүртэй илэрхийлэл зэргийг шинжлэх замаар худал мэдүүлж буй эсэх, тухайн хүний мэдэж буй мэдээлэл, сэтгэл хөдлөлийн хариуг таамаглах боломжтой. Сэтгэлзүйн ажиглалт нь худал мэдүүлэг шалгах төхөөрөмж буюу полиграфаас (polygraph) ялгаатай нь ямар ч техник хэрэгсэл шаардахгүй, зөвхөн ажиглалт, туршлага, сэтгэл зүйн мэдрэмжээр хэрэгждэг. Тиймээс туршлагатай мөрдөгч, сэтгэл зүйн мэдрэмж сайтай хууль сахиулагчдын практикт чухал байр суурь эзэлдэг энэ арга нь шүүхийн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй ч, байцаалтын стратеги ба тактикийн хувьд чухал хэрэгсэл болж өгдөг.


Хэвшмэл үйл ажиллагааны онол (routine activity theory) нь Лоуренс Коэн (Lawrence E. Cohen), Маркус Фелсон (Marcus Felson) нарын боловсруулсан гэмт хэрэг судлалын онол бөгөөд XX зууны сүүл үе, тодруулбал 1979 онд хэвлэгдсэн “Social Change and Crime Rate Trends” өгүүллээр албан ёсоор танилцуулсан. Энэхүү онолд гэмт хэрэг үйлдэгдэх нь зөвхөн гэмт хэрэгтний сэдлээс шалтгаалдаггүй, харин хохирогч, орчин, хяналтгүй нөхцөл гэсэн гурван хүчин зүйлийн давхцалын үр дүн гэж үздэг. Тодруулбал, гэмт хэрэг гарахын тулд: (i) гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй этгээд, (ii) хамгаалалт багатай зорилтот объект (хүн, эд зүйл), (ii) хэрэг үйлдэхийг сааруулах хяналтгүй орчин зэрэг нь нэгэн зэрэг орших шаардлагатай гэж тайлбарладаг.


Уг онол нь нийгмийн өдөр тутмын амьдралын хэв маяг, орчны нөхцөл өөрчлөгдөхөд гэмт хэргийн эрсдэл нэмэгддэгийг тодорхойлсон нь онцлог юм. Жишээлбэл, оройн цагаар хяналтгүй, гэрэлтүүлэх муу гудамж бүхий орчинд ганцаараа явах, хамгаалалтгүй орон байр, болгоомжгүй хэрэглээ зэрэг нь гэмт хэрэг үйлдэх боломж нэмэгдүүлдэг гэж үздэг. Энэ онол нь ялангуяа хулгай, дээрэм, хүчирхийлэл зэрэг боломжит орчинд илүү хамааралтай гэмт хэргийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг бөгөөд урьдчилан сэргийлэх бодлогын үндэс болдог. Мөн хохирогчийн байршил, цаг хугацаа, нийгмийн хариуцлагагүй орчны нөлөөг судлахад чухал онолын хүрээ болж өгдөг.


Дэд соёлын онол (subculture theory) нь XX зууны дунд үед гэмт хэрэг судлалын хүрээнд хөгжсөн бөгөөд үүнийг Америкийн нийгмийн судлаач Альберт Коэн (Albert K. Cohen) 1955 онд “Delinquent Boys: The Culture of the Gang” номдоо анх дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрээр нийгмийн үндсэн үнэт зүйл, амжилт, хууль ёсны зорилгод хүрэх бололцооноос тусгаарлагдсан бүлгүүд өөрийн гэсэн дэд соёл буюу үнэт зүйл, дүрэм, зан үйл бүхий нийгмийн зохион байгуулалттай болдог гэж үзжээ. Энэхүү дэд соёл нь нийгмийн нийтлэг хэм хэмжээнд зөрчилтэй байж болох ч тухайн бүлгийн дотор зөвшөөрөгдөж, дэмжигддэг хандлага, зан үйлийг бүрдүүлдэг.


Дэд соёлын онол нь ялангуяа өсвөр насныхны бүлэглэл, хотын ядуу бүсийн залуучууд, цөөнхийн бүлгийн оршихуйд хамаарах гэмт хэргийг тайлбарлахад тохиромжтой. Энэ онолд зааснаар гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд ёс суртахуунгүй биш, харин өөр үнэт зүйлд захирагдаж буй дэд соёлын хүрээнд өөрсдийнхөө хувьд зөв зүйл хийж байгаа гэж үздэг. Хожим нь энэхүү онолыг Ричард Кловард (Richard Cloward), Ллойд Олин (Lloyd Ohlin) нар “Differential Opportunity Theory” нэртэйгээр өргөтгөж, дэд соёл үүсэхэд нөлөөлөх боломж, орчны ялгаа, нийгмийн тэгш бус байдлыг улам тодотгосон. Энэ онол нь хувь хүний гэм буруугийн оронд нийгмийн нөхцөл, бүлгийн үнэт зүйлийн ялгаанд төвлөрдөг гэдгээрээ онцлог юм.

Мөрч УСК



Мөрч УСК - Гэмт хэргийн шалтгаан, уялдаа, эрх зүйн тайлал

#LawyerBirdie #ХуульчШувуухай #LawyerBirdie #ХуульчШувуухай #МөрчКино #МонголКино #КиноШинжилгээ #Криминалистик #Криминологи #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтХэрэгШинжилгээ #ШударгаЁс #ЭрүүгийнХууль #ХуульЗүйнБоловсрол #СэтгэлЗүй #ХүнийСэдэл #УранСайхныБүтээл #Шүүх #КейсСудалгаа #ДүнШинжилгээ #СудалгааныВидео #СургалтынКонтент #ТанинМэдэхүй #НийгмийнШүүмж #ХүнийЭрх #НэрТөр #ШударгаЁс #ХуульЗүйнСоёл #МонголСудалгаа #ХуульМэдэхЭрх #МөрдөнШалгах #БаримтШинжилгээ #ГэмтХэргийнСэтгэлЗүй #ЭрхМэдэл #СэтгэлЗүй #Криминалист #НийгмийнСэдэв #МонголКонтент #VOOКино #ОранжЭнтертайнмент #КиноДүгнэлт #ХэрэгИлрүүлэлт #ЭрүүгийнПроцесс #КриминалКейс #Детектив #ТүүхэнКино #ЭргэлзээТайлах



2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Aug 16
Rated 5 out of 5 stars.

👍

Like

Guest
May 15
Rated 5 out of 5 stars.

👍

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page