top of page

Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Apr 28
  • 18 min read


Захиргааны хэргийн шүүхээс (ЗХШ) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (ХХША) явцад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гэх процессын буюу завсрын шинжтэй шийдвэр гарна. Шүүгч дангаараа гаргаж байгаа бол шүүгчийн захирамж, харин шүүх бүрэлдэхүүн[1] гаргаж байгаа бол шүүхийн тогтоол гэсэн хэлбэртэй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (ЗХШХШтХ) 122 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргах процессын шийдвэрийг тусгайлан заасан ба шүүх ажлын 3 хоногийн дотор гаргана. Гомдол гаргах хугацаа дуусмагц, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэж дууссанаар хүчин төгөлдөр болно. Харин гомдол гаргах эрхгүй процессын шийдвэр тэр даруйд хүчин төгөлдөр болно. Нэмж дурдахад, шүүхээс гарах эрх зүйн актад гомдол гаргах эрхтэй, эрхгүй байх нь энгийн ойлгомжтой мэт боловч цаад учрыг удирдагч тайлбарласны дараа ухамсарлан ойлгосон. Тухайлбал, шүүгчийн захирамжаар хугацаа тогтоож буй бол хэргийн оролцогч гомдох шалтгаан байхгүй байна. ХХША-ны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар гаргасан шүүгч захирамж, шүүх тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.


[1] Шүүх бүрэлдэхүүн гэдэг нь анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр хоёр шүүгчтэй хамтдаа хэрэг, маргааныг хянан хэлэлцэхийг хэлнэ.


Дадлагын хугацаанд бичиж дадлагажсан, танилцсан ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоотын төрлийг нэгтгэн хүснэгтэд, харин тэдгээрийн төсөл, загварыг хавсралтад харуулав.


Хүснэгт 13 Бичиж дадлагажсан, танилцсан захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоотын жагсаалт

Д/д

ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

Шүүгчийн захирамж[2]


[2] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт заасны дагуу “шүүгчийн захирамж” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг хэлнэ.

Шүүгчийн захирамж нь ХХША-ны явцад шүүгч дангаар гаргах процессын шийдвэр юм.


Нэхэмжлэлтэй холбоотой шүүгчийн захирамж

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд танилцсан нэхэмжлээс бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл олон байсан бөгөөд нягтлан шалгаж чухам ямар бүрдүүлбэр дутуу, орхигдуулсан байгааг тодорхойлж, асуудлыг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон шүүгчийн захирамжийн төслийг бичсэн (Хавсралт 8).


ЗХШХШтХ 52 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй байна.


Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 9).


ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.4.Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүх буцаана.


Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй боловч 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байна.


Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн төсөл бичиж дадлагажсан (Хавсралт 10).


ЗХШХШтХ 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхтэй байна.


ЗХШХШтХ 109 дүгээр зүйлийн 109.2.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.


Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 11).


ЗХШХШтХ 14 дүгээр зүйлийн 14.6.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн ЗХШ-д гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно.


Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж боловсруулж сурсан (Хавсралт 12).


ЗХШХШтХ 55 дугаар зүйлийн 55.1.Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.


Хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 13).


ЗХШХШтХ 24 дүгээр зүйл. Хамтран хариуцагч

24.1.Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь ХХША-нд бие даан оролцох эрхтэй.

24.2.Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.

ЗХШХШтХ 25 дугаар зүйл. Хариуцагчийг солих

25.1.Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино.

25.2.Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна.

25.3.Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж, үнэлүүлэхийг шаардах эрхтэй.


Шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд ХХША-г сэргээж, шүүх хуралдаан товлох тухай шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 14).


ЗХШХШтХ 71 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг товлон зарлах

71.1.Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.

71.2.Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.


Эрх залгамжлах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд эрх залгамжлах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 15).


ЗХШХШтХ 26 дугаар зүйл. ХХША-нд эрх залгамжлан авах

26.1.Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан (хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан) бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа ХХША-ны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.

26.2.Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг ЗЕХ-ийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

26.3.Эрх залгамжлагч ХХША-наас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.


Гуравдагч этгээд татах, эсвэл оролцуулахаас татгалзах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд гуравдагч этгээд татах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 16).


ЗХШХШтХ 17 дугаар зүйлийн 17.5.Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.


ЗХШХШтХ 56 дугаар зүйлийн 56.1.6.Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах орно.


ЗХШХШтХ 22 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн эрх, үүрэг

22.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч ХХША-нд оролцуулна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд ХХША-нд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана.

22.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

22.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.


Гуравдагч этгээдийг татан оролцуулах нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн (ЗХАШШ) ХХША дуусахаас өмнө буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдэх бөгөөд түүнийг шүүх өөрийн санаачилгаар, эсвэл тухайн этгээдийн хүсэлтээр, эсвэл хэргийн оролцогчоос гаргана. Бусад этгээдээс хүсэлт гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь эерэг, эсвэл сөрөг байдлаар хөндөгдөж буй тохиолдолд тухайн этгээдийг шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулах үүрэгтэй гэж үзнэ. Хэрэв ЗХАШШ оролцуулах ёстой гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй бол энэ нь процессын алдаа болж, цаашилбал хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ШИНБ-ын улмаас хянуулах үндэслэл болж болно.


Шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж боловсруулсан (Хавсралт 17).


ЗХШХШтХ 111 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх

111.1.Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

111.2.Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана.

111.3.Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.


Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж боловсруулсан (Хавсралт 18). Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарна.


ЗХШХШтХ 80 дугаар зүйлийн 80.2.Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно;

ЗХШХШтХ 91 дүгээр зүйлийн 91.3.Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана;

ЗХШХШтХ 91 дүгээр зүйлийн 91.7.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна;

ЗХШХШтХ 96 дугаар зүйлийн 96.2.Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно;

ЗХШХШтХ 96 дугаар зүйлийн 96.3.Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд ХХША түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн төсөл бичсэн (Хавсралт 19). ХХША-г түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах хуульд заасан тохиолдлыг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах тохиолдол

ЗХШХШтХ заалт

ХХША-г түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах тохиолдол

65.1.1.

хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;

65.1.2.

хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа;

65.1.3.

эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;

65.1.4.

хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй;

65.1.5.

хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар УДШ-д санал оруулсан;

65.1.6.

хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн;

65.1.7.

энэ хуулийн 33, 35, 40 дүгээр зүйлд[3] заасан ажиллагаа явуулж байгаа.

[3] ЗХШХШтХ 33 дугаар зүйл. Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх

33.1.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно.

33.2.Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар тохиролцоно.

ЗХШХШтХ 35 дугаар зүйл. Шүүхийн даалгавар, түүнийг биелүүлэх

35.1.Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана.

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан шүүхийн даалгаварт хэргийн товч агуулга, бүрдүүлбэл зохих нотлох баримтыг зааж, даалгавар биелүүлэх хугацааг тогтоож, ХХША-г түдгэлзүүлнэ.

35.3.Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд биелүүлнэ.

35.4.Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

ЗХШХШтХ 40 дүгээр зүйл. Шинжээчийн дүгнэлт

40.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно.

40.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.


Эдгээрээс бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглох ба заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.


Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 20).


ЗХШХШтХ 61 дүгээр зүйлд заасны дагуу Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.

61.1.Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.

61.2.Захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж болно.

61.3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.

ЗХШХШтХ 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байна.

62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол;

62.1.2.хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол;

62.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол;

62.1.4.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр бол.

62.1.5.хуульд заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол.

62.1.6.энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.4.1-д заасан маргааныг шийдвэрлэсэн холбогдох сонгуулийн хорооны шийдвэр бол.


Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн төслийг бичсэн (Хавсралт 21).


ЗХШХШтХ Долдугаар бүлэг. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх

66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах

66.1.Нэхэмжлэгч ХХША-ны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.

66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.

66.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох ХХША ердийн журмаар явагдана.

66.4.Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх

67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

68 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх

68.1.Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.

68.2.Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.

68.3.Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана.

68.4.Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

69 дүгээр зүйл. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар

69.1.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.

69.2.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

ЗХШХШтХ 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.


Шүүхийн тогтоол[4]


[4] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.5 заалтад заасны дагуу “шүүхийн тогтоол” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг хэлнэ.


Шүүхийн тогтоол бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас гарна. Дадлагын хугацаанд шүүхийн тогтоолын төсөл бичив (Хавсралт 22).


ЗХШХШтХ 74 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүн

74.1.ЗХШ дараах хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:

74.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан;

74.1.2.захиргааны хэм хэмжээний акттай холбоотой;

74.1.3.тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон.

74.2.Энэ хуулийн 74.1-д зааснаас бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

74.3.Давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

74.4.Хяналтын журмаар хэргийг УДШ таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.


Шүүхийн шийдвэр[5]


[5] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.4 заалтад заасны дагуу “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг хэлнэ.



Шүүхийн шийдвэрийг шүүгч дангаар, эсвэл бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана. Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр; давж заалдах шатны шүүх магадлал; хяналтын шатны шүүх тогтоол хэлбэртэй байна. Эдгээрээс бусад тохиолдолд ХХША-тай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гарна.


ЗХШ-ийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. ЗХШ-ийн шийдвэрийн хэлбэрийг хүснэгтэд харууллаа.


Хүснэгт 2 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэлбэр

ЗХШХШтХ заалт

ЗХШ-ийн шийдвэрийн хэлбэр

12.1.1.

анхан шатны шүүхийн шийдвэр (Хавсралт 23);

12.1.2.

магадлал;

12.1.3.

тогтоол;

12.1.4.

шүүгчийн захирамж;

12.1.5.

шийтгэвэр.

ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэрийг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 3 Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэр

ЗХШХШтХ заалт

ЗХШ хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэр

106.3.1.

захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;

106.3.2.

захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох;

106.3.3.

захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол МБА хууль бус байсан болохыг тогтоох;

106.3.4.

захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;

106.3.5.

эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;

106.3.6.

төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах;

106.3.7.

захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох;

106.3.8.

захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;

106.3.9.

захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох;

106.3.10.

захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох;

106.3.11.

шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

106.3.12.

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах;

106.3.13.

нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох;

106.3.14.

нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.

Шүүхийн шийдвэрийн агуулгын бүрдэх хэсгийг хүснэгтэд жагсаав.


Хүснэгт 4 Шүүхийн шийдвэрийн агуулга

ЗХШХШтХ хэсэг

Шүүхийн шийдвэрийн агуулга

107.1.

Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

107.2.

Удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана.

107.3.

Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана.

107.4.

Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.

107.5.

Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана.

107.6.

Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг МБА-ыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.

107.7.

Энэ хуулийн 107.5-д заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна.

Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна. Энэхүү аргачлал, журмыг УДШ батална (УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2021).


Шүүхийн шийдвэрт тухайн маргаанд хамааралтай хуулийг үе шаттайгаар хэрэглэнэ. Үүнд:

  1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтооно;

  2. Хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг (хуулийг сонгоно);

  3. Хэрэглэгдэх хуулийн бүтцийг нэг бүрчлэн шинжээр задлан шинжлэх (гипотез, диспозици, санкцыг тодорхойлох[6]);

  4. Хуулийн урьдчилсан нөхцөл нь хэргийн бодит байдалд нийцэж буй эсэхийг тогтоох (зүйлчлэл буюу субсумц);

  5. Хэргийн эрх зүйн үр дагаврыг тодорхойлох буюу маргааныг шийдэх.


[6] Эрх зүйн хэм хэмжээ нь бүтцийн хувьд гипотез, диспозици, санкци гэх гурван зүйлээс бүрдэнэ. Нэг талаас, эрх зүйн зүй тогтол гэж ойлгож болох ч нөгөө талаас авч үзвэл бүх субъектэд хамаарал бүхий эрх зүйн зохицуулалтын ерөнхий хэм хэмжээ юм. Практикт шууд хууль тогтоомжийн хэлбэртэй, эсвэл хуулийн ерөнхий утга санааны хэлбэртэйгээр хэрэгждэг.

Гипотез нь төрийн хүсэл сонирхлыг төдийгүй хууль зүйн ач холбогдол бүхий амьдралын тодорхой орчныг заана. Ганц нөхцөлөөс хамаарч байвал энгийн гипотез, хоёр ба түүнээс дээш нөхцөлөөс хамаарч байвал нийлмэл гипотез гэнэ.

Диспозици нь хүн, хуулийн этгээдийн зүйтэй болон зүй бус үйлдлийг заана. Иргэний болон зохицуулах эрх зүйн салбарт диспозици үйл байдлын зүйтэй байдлыг тусгасан дүрэм журмын хэлбэртэй бол эрүүгийн эрх зүйд үйлдлийг хориглосон шинж давамгай гарч ирдэг. Тодорхойлох байдлаар нь диспозицийг энгийн, тодорхойлох, бланкет гэх зэргээр ангилна.

Санкци нь хууль эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлээгүй улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын заана.


Хууль хэрэглэхдээ агуулгын хувьд тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой хуулийг сонгоход болон түүнийг хэрэглэхдээ баримтлах шалгуур буюу хууль хэрэглэх зарчмыг ашиглана.


ЗХШХШтХ 11 дүгээр зүйл. Хууль хэрэглэх

11.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.

11.2.Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн ХХША-г түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.

11.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 11.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана.

11.4.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.

11.5.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

11.6.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй.

11.7.Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй.


Хуулийн ерөнхий хийсвэр зохицуулалтын улмаас хууль тодорхой бус, ойлгомжгүй, зөрчилтэй, тэр ч бүү хэл огт зохицуулалтгүй орхигдсон тохиолдол гарвал шүүхээс тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхийн тулд хууль хэрэглэхдээ хууль тайлбарлах арга[7] буюу казуал тайлбар ашиглана. Хуулийг үгчлэн, системчлэн, Үндсэн хууль нийцүүлэн, түүхчлэн, телеоги зэрэг тайлбарлах, төсөөтэй хэрэглэх арга байна. Эдгээрийг товч тайлбарын хамт инфографик зурагт харуулав.


[7] Хэм хэмжээг хөгжүүлэх, хуулийг төгөлдөржүүлэх


Зураг 1 Хуулийн тайлбар хийх арга

Хуулийн тайлбар хийх арга

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй эрх зүйн үндэслэл буюу хууль өөрчлөгдсөн, эсхүл бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нэхэмжлэлийн агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зорилго болон түүний эрх хамгаалагдах боломжийг илүүтэй анхаарч шинэ процессын зохицуулалтыг хэрэглэнэ. Харин материаллаг хууль өөрчлөгдвөл нэхэмжлэлийн төрлөөс хамааран хэрэглэх хуулийн талаар хүснэгтэд харууллаа.


Хүснэгт 5 Хууль өөрчлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэрт баримтлах хууль

Нэхэмжлэлийн төрөл

Шүүхийн баримтлах хууль

Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл

Шүүх МБА гарсан үеийн хууль, бодит нөхцөл байдлыг үнэлэх ёстой боловч МБА нь одоо үзүүлж буй үр дагавар нь чухал байдаг.

Үүрэг хүлээлгэх буюу даалгах нэхэмжлэл

Захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж, нөхцөл байдалд нийцсэн байх ёстой тул шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж дагуу шийдвэрлэнэ.

Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэл

Нэхэмжлэгчийн тогтоолгох гэж буй харилцаа нь тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа эсэхээс хамаарна.

Захиргааны акт, гэрээг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэл

Тухайн цаг үеийн хууль тогтоомж, нөхцөл байдлыг үнэлж шийдвэрлэнэ.

Дадлагын хугацаанд шүүгч, шүүгчийн туслахын зааварчилгааны дагуу, шүүхийн шийдвэрийн загвар, ЗХАШШ-ийн шийдвэр боловсруулах аргачлалыг ашиглан шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулж өөрийгөө сорьсон ба хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрийг хавсаргав (Хавсралт 24).


Гүйцэтгэх хуудас

Дадлагын хугацаанд гүйцэтгэх хуудас бичиж боловсруулсан болно (Хавсралт 25). Энэхүү баримт бичиг нь шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг дагаж гардаг.


ЗХШХШтХ 136 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл

136.1.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна.


Албан тоот

Хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох тухай албан тоот

Дадлагын хугацаанд хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох албан тоотуудтай танилцсан (Хавсралт 26).


Нотлох баримт гаргуулах тухай албан тоот

Дадлагын хугацаанд нотлох баримт шаардах албан тоотын төслийг бичиж боловсруулсан (Хавсралт 27).


Шүүгч хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс шаардан гаргуулахдаа албан бичиг болон шүүгчийн захирамж явуулж болно. Албан бичигт нотлох баримт гаргуулах болсон шалтгаан, ямар нотлох баримтыг гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацааг заана (Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал).


Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоот

Дадлагын хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тооттой танилцсан (Хавсралт 28).


Давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх тухай албан тоот

Дадлагын хугацаанд давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх албан тооттой танилцсан (Хавсралт 29).


Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол

Дадлагын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын төсөл бичив (Хавсралт 30).


ЗХШХШтХ 63 дугаар зүйл. ХХША-ны хугацаа

63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

63.2.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

63.3.Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно.

63.4.ХХША-ны явцад бусад хугацааг энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацааны дотор шүүгч тогтоож болно.

63.5.ХХША-ны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн хугацаа энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацаанд хамаарахгүй.


Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол

Дадлагын хугацаанд хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх зөвлөгөөний тогтоолтой танилцсан (Хавсралт 31).


Ерөнхий шүүгчийн захирамж

Шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 32).


Даргалагч албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд даргалагч албажуулах ерөнхий шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 33).


ЗХШХШтХ 72 дугаар зүйлийн 72.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна.


Шүүх бүрэлдэхүүн албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж

Дадлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн албажуулах ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 34).


Шүүгчийн туслах нь дурдсан эрх зүйн баримт бичгийг боловсруулаад зогсохгүй шүүх хуралдааны өмнө болон дараа хэргийн оролцогч болон бусад талд танилцуулах, тараах, хүргэх зэрэг үүргийг бичиг хэрэгтэй хамтран гүйцэтгэдэг.


ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоотыг боловсруулж, бичиж дадлагажсанаар: (i) эрх зүйн актын төрөлтэй танилцах; (ii) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон процессын шийдвэрийг ялгах; (iii) шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, гаргах эрхгүй тохиолдол, хуульд заасан хугацаа, хүчин төгөлдөр болох тохиолдлыг мэдэх; (iv) шүүх хуралдаанд шүүгч дангаар болон бүрэлдэхүүнтэйгээр оролцох тохиолдлыг ялгах; (v) илт үндэслэлгүй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх тохиолдлыг мэдэж авах; (vi) эрх зүйн үр дагаврыг ойлгох; (vii) эрх зүйн акт боловсруулах арга зүйд дадлагажих; (viii) хууль хэрэглээний талаар суралцах; (ix) ХХША-г системтэйгээр үр дүнтэй явуулахад эрх зүйн баримт бичгийн урсгалын зохион байгуулалтыг ойлгож авах ач холбогдолтой байлаа.

Ж.Танан


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.










Ашигласан эх сурвалж

УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол. (2021, 9 20). Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай. Монгол Улсын Дээд шүүх.

ШЕЗ. (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамж

Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж

Хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамж

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлох тухай шүүгчийн захирамж

Эрх залгамжлах тухай шүүгчийн захирамж

Гуравдагч этгээд татах тухай шүүгчийн захирамж

Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж

Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж

Шүүхийн даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж

Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж

Нэхэмжлэлийг буцаах тухай шүүхийн тогтоол

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн загвар

Хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр1

Хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр 2

Хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр 3

Хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр 4

Гүйцэтгэх хуудас

Нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар, нотлох баримт гаргуулах тухай албан тоот

Нотлох баримт шаардах тухай албан тоот

Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоот

Давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх албан тоот

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол

Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол1

Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол2

 Шүүгчээс татгалзсан гарах хүсэлтийг хангахаас татгалзах тухай ерөнхий шүүгчийн захирамж

Даргалагч албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж

Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж

Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоот



Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоот

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныХэргийнШүүх #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЭрхЗүйнАкт #АлбанТоот #ШүүгчийнЗахирамж #ШүүхийнТогтоол #ШүүхийнШийдвэр #ГүйцэтгэхХуудас #АлбанТоот #ШүүгчдийнЗөвлөгөөнийТогтоол #ЕрөнхийШүүгчийнЗахирамж #ЗахиргааныПроцесс #ПроцессынШийдвэр #ШүүхБүрэлдэхүүн #ГомдолГаргахЭрх #ХамтранХариуцагч #ГуравдагчЭтгээд #ГуравдагчЭтгээд #НотлохБаримт #Нэхэмжлэгч #Хариуцагч #шүүхХуралдаан #ЭрхЗалгамжлагч #ЗахиргааныАкт


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page