Судалгааны суурь ойлголт: Оксфордын их сургуулийн докторантын ярилцлагаас авсан санаа
- Ж.Танан

- Feb 3
- 6 min read
Updated: Feb 6
Эрх зүйн судалгаа, бодлогын шинжилгээ, шүүхийн практик дүн шинжилгээ зэрэг бидний өдөр тутам хийдэг олон ажил үнэндээ судалгааны арга зүй[1], аргачлал[2][3] дээр тогтдог. Тиймээс Хуульч Шувуухай блогт судалгааг хуульч, судлаач, оюутан хэн бүхэнд хэрэгтэй сэтгэлгээ, арга барил талаас нь тайлбарлах зорилготой “Судалгааны арга зүй” хэмээх шинэ категори оруулж байна.
Энэ удаагийн нийтлэлд хөгжлийн тухай өргөн сэдвийг хөндсөн Ulamaa & Teki Podcast-ын Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаас судалгааны сэдэв сонгох, судлагдсан байдлын тойм гаргах, чанарын судалгааг хийх, судлаачийн байр суурийн талаар практик асуудлыг онцлон авч үзлээ.
Товчхондоо, нэг талаас "Судалгааны ажил гэж юу вэ?", нөгөө талаас "Сайн судалгаа яагаад арга зүй дээр тогтдог вэ?", цаашлаад "Судлаач хүний сахилга бат, ёс зүй ямар ач холбогдолтой вэ?" гэх асуултын хариултыг өгнө.
Судалгааны сэдэв сонголт
Судалгааны сэдэв, чиглэл, мэргэжил сонголт нь сонирхол төдий биш, харин шинжлэх ухааны үндэслэлтэй эрэл хайгуул байна.
Судалгааны орон зай
Судалгааны сэдэв сонгохоос өмнө хийх үндсэн ажил бол судлагдсан байдлын тойм (literature review) хийх байна. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлээр өмнө нь хийсэн судалгааг олж, тэдгээрийг шүүн уншина.
Тойм хийх явцад тухайн салбарт бусад судлаач юуг судалсан, юуг хараахан судлаагүй байгааг буюу судалгааны орон зайг (research gap) олж илрүүлнэ.
Судлаагүй, хэлээгүй үлдээсэн судалгааны орон зай дээр тулгуурлан өөрийн гэсэн шинэ санаа, шинэ аргумент (argument) гаргаж ирнэ.
Өмнөх мэдлэг дээр тулгуурлан судалгааны онцлогийг (specialization) тодорхойлно.
Онол практикийн зөрүү
Судлаач нийгэмд гарч буй хувьсал өөрчлөлтийг ажиглаж, нэг хэвэндээ өөрчлөгдөхгүй байгаа зүйлийг анзаарах хэрэгтэй. Бодит байдал өөрчлөгдсөн атал судалгааны сэдэв, өнцөг хуучин хэвээр байвал энэ нь шинэ судалгаа хийх боломж байна. Тухайн чиглэлийн ном зохиол, судалгаатай танилцаж “Судлаагүй өөрчлөлт юу байна вэ?” гэсэн асуултаас сэдэл авч, нөлөөлж буй хүчин зүйлийг судалж болно.
Судлаачийн чадвар, зуршил
Судалгааны сэдэв, чиглэл, мэргэжил сонголт нь судлаачийн хувийн зуршил, ур чадвартай (skill) нийцэж байх нь чухал.
Жишээлбэл, ярилцах дуртай, ажиглах чадвартай, унших зуршилтай бол нийгмийн ухаан, антропологи, чанарын судалгаа илүү тохирно.
Аливаа чиглэлээр суурь ойлголттой болоход багадаа 1,000 цаг, бүрэн дүүрэн мэргэшихэд 10,000 цаг зарцуулах шаардлагатай.
Тасралтгүй үргэлжлэх судалгааны логик
Судалгааны сэдэв нь өмнөх судалгаатай холбоотой байвал дараагийн ажил хөнгөн болно. Судалгаа нь шат шатны судлал руу шилжиж болох ч анхнаасаа гол нэг шугамд зангидагдана.
Судлаач судалгаа хийж буй салбарт тэмүүлэлтэй, амбицтай байж, шилдэг нь болохын төлөө зорих, зүтгэх хэрэгтэй.
Судлагдсан байдлын тойм (literature review)
Судлагдсан байдлын тойм нь бусдын хэлээгүйг хэлэх, судлаагүйг судлахын тулд өмнөх мэдлэгийг системтэйгээр шүүн тунгаах үйл явц юм. Тоймыг гаргахад анхаарах хэд хэдэн зүйл байна. Тухайлбал:
Нэгэн хэвийн санааг давтахгүй байх: Шинжлэх ухааны бүтээлүүдэд нэг санаа олон дахин давтагдах (санаа давхцах) хандлага ажиглагдах тул дотоодоос гадна, дэлхийн хэмжээний онолын сонгодог бүтээлийг уншиж, харьцуулна.
Гадаад эх сурвалжийг ашиглах: Монгол хэл дээрх эх сурвалжаар хязгаарлагдвал судалгааны тойм дутуу болно. Судалгааны мэдээллийн санд агуулагдаж буй гадаад хэл дээрх бүтээлийг уншиж судалснаар тухайн салбарын олон талт мэтгэлцээн, ялгаатай өнцгийг олж мэднэ.
Унших чиглэл, дарааллыг ойлгох: Судлаач тухайн бүтээлийг өмнөх судлаачийн санаатай холбож ойлгох хэрэгтэй. Судлагдсан байдлын тойм бол бүтээлийн жагсаалт төдий биш, харин мэдлэгийн залгамж, шүүмжлэлт сэтгэлгээний нэгдэл байна.
Судалгааны аргачлал
Чанарын судалгааны ярилцлагын арга
Чанарын судалгаанд ярилцлага гэдэг нь асуулт асууж, хариулт авах төдий энгийн үйлдэл биш юм. Судалгаанд чанарын судалгааны аргыг ашиглах үед ярилцлагыг үе шаттайгаар хийнэ.
Ажиглалтын арга (Observation): Судлаач ярилцлага өгч буй орчинд орж, хамт амьдарч, тэдний өмсдөгийг өмсөж, иддэгийг идэж, унтдаг газар нь унтаж жилийн турш тохиож буй өөрчлөлт, баяр ёслол, өдөр тутмын үйлдлийг таньж мэднэ. Хүний амьдрал давтамжтай мөчлөг байх тул ярилцлагыг очоод ирэх богино хугацаанд бус, харин өдөр тутмын амьдралд оролцож хийнэ[4].
Ярилцлагын төрөл: Зочин шиг байх үед эхлээд ажиглалт хийж, ерөнхий асуулт тавина. Үүний дараа бэлтгэсэн бүтэцлэсэн ярилцлагыг (structured interview) явцад урган гарах асуулт агуулсан бүтэцлээгүй ярилцлагатай хослуулан хийнэ. Нэг хүнтэй өөр өөр нөхцөл байдалд олон дахин ярилцана.
Анхдагч өгөгдлийг хадгалах
Ярилцлагын үеэр цуглуулсан анхдагч дата, өгөгдлийг технологи болон академик стандартын дагуу хадгална.
Дуу хураагуур: Чухал, сонирхолтой гэж үзсэн яриаг дуу хураагуурт бичиж авна.
Судалгааны сервер: Цуглуулсан өгөгдөл, дуу бичлэгийг их сургуулийн судалгааны серверт (research server) байршуулан хадгалж, аюулгүй байдлыг хангана.
Өгөгдөл боловсруулалт
Цуглуулсан дата, өгөгдлийг шинжлэх ухааны эргэлтэд оруулахын тулд боловсруулалтыг хийнэ. Үүнд:
Транскрипт (Transcription): Дуу хураагуурын яриаг бичвэр хэлбэрт буулгана. Бичвэр нь судалгааны ажлын үндсэн түүхий эд болно.
Хээрийн судалгааны тэмдэглэл (Field notes): Тухайн өдөр юу харсан, юу бодогдсон талаар тэмдэглэл хөтөлнө.
Тэмдэглэлийн бүтэц: Судлаач хувийн сэтгэгдэл болон эрдэм шинжилгээний ажиглалтыг ялгаж тусад нь (double-entry notes) тэмдэглэж бичнэ. Эсвэл эдгээрийг хамтад бичээд, шинжлэх ухааны үнэ цэнтэй хэсгийг дараа нь ялган авч ашиглаж болно.
Технологийн дэвшил: Тэмдэглэлийг гараар хөтлөхөөс гадна компьютер ашиглан шивж хадгалж мэдээллийг системчилнэ.
Судалгааны ёс зүй ба хүмүүнлэг хандлага
Судалгаа хийхэд баримтлах үндсэн зарчим бол хүн төвтэй байх юм.
Хор хөнөөл учруулахгүй байх: Шинжлэх ухааны үнэнийг хайж байгаа нэрийдлээр судалж буй хүний ахуй амьдралыг сүйтгэх, тэдэнд хор хохирол учруулж болохгүй.
Технократ[5] хандлагыг шүүмжлэх: Аливаа асуудлыг эдийн засгийн ашиг, эсвэл технологийн дэвшлийг чухалчлах хандлагаас зайлсхийж, нэн түрүүнд хүн төвтэй, хүмүүнлэг байхыг эрхэмлэх ёстой.
Судлаачийн бие даасан хараат бус байдал
Шинжлэх ухааны судалгааны хүч судлаачийн бие даасан хараат бус байдалд оршино. Эрдэмтэн хүн ямар нэгэн байгууллага, компани, улс төрийн намаас хараат бус байж судалгааны үр дүнг үнэн зөв гаргана.
Шүүмжлэлт байр суурь: Эрдэм шинжилгээний ажил нь аль нэг талын ашиг сонирхлыг илэрхийлэх ёсгүй. Судлаач аливаа юмс үзэгдлийг чөлөөтэй шүүмжилж, бие даасан байр суурьтай байна.
Санхүүжилт: Судалгааны санхүүжилт авч болно, гэхдээ судалгааны үр дүн санхүүжүүлэгч талын сонирхлоос ангид шинжлэх ухааны стандартын дагуу гарах ёстой.
Судалгааны үр дүн
Судалгааг олон улсын академик стандартыг дагаж мөрдөн, судалгааны үр дүнг дэлхийн хэмжээний сэтгүүлд нийтлэгдэх хэмжээний чанартай хийх хэрэгтэй.
Мэргэжлийн үнэлэмж: Судлаач мэргэжлийн хувьд үнэлэгдэхийн тулд тогтмол бүтээл туурвина. Тухайлбал, дор хаяж хоёр ном, дэлхийд нэр хүндтэй сэтгүүлд 6-8 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.
Мэдлэгийн хүртээмж: Судалгааг англи хэл дээр хэвлүүлсний дараа судалгааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд монгол хэл дээр гаргаж, түгээх хэрэгтэй.
Дүгнэлт
Энэхүү нийтлэлд дурдсан Оксфордын их сургуулийн докторантын ярилцлагаас авсан санаа нь судалгааны ажил хийх жор бус, харин судалгааг эхлүүлэхийн өмнө заавал бодож үзэх, мэдэж байх ёстой суурь ойлголт болно.
Судалгаа гэдэг нь сэдэв сонгох, бичвэр боловсруулахаас гадна, судлагдсан байдлыг шүүн тунгааж, судалгааны орон зайг харах чадвар, түүнийгээ судлах арга зүйн сонголт, зөв асуултыг тавих арга барил, судалгааны туршид баримтлах логик, судлаачийн бие даасан хараат бус байр суурь, баримтлах сахилга бат, ёс зүй дээр тогтох цогц процесс юм. Сайн судалгаа нь сонирхлоос эхлэлтэй байж болох ч, арга зүйгээр зайлшгүй баталгаажих ёстой. Үүний зэрэгцээ судалгааг академик зүйл хэмээн ойлгохоос илүүтэйгээр, бодитой, удаан хугацаанд төлөвлөж, хариуцлагатайгаар хийх ажил гэдгийг ухамсарлавал зохино. Эдгээр нь ямар ч салбарын судлаач, тэр дундаа эрх зүй, бодлогын судалгаа хийж буй судлаачид ч мөн адил хамааралтай.
Хуульч Шувуухайн “Судалгааны арга зүй” шинэ категороор дамжуулан судалгааны сэдэв сонголт, судлагдсан байдлын тойм, судалгааны чанарын болон тоон арга, судлаачийн ёс зүй, хуулбарлалт, хиймэл оюуны хэрэглээ, эрдэм шинжилгээний өгүүлэл зэргийг цэгцтэй тайлбарлахыг зорих болно.
Ж.Танан
Зүүлт тэмдэглэл
[1] Судалгааны арга зүй (methodology) гэдэг нь судалгааг ямар логик, онолын үндэслэл, үзэл баримтлал, философи дээр тулгуурлан хийх вэ гэдгийг тодорхойлох дээд түвшний ойлголт юм.
Өөрөөр хэлбэл, арга зүй нь дараах суурь асуултад хариулна.
судалгааны хэрхэн ойлгож байна вэ?
мэдлэгийг яаж бүтээнэ гэж үзэж байна вэ?
ямар төрлийн мэдлэгийг “зөв” гэж хүлээн зөвшөөрч байна вэ?
Жишээлбэл дараах арга зүйн түвшний шийдвэр байна.
Чанарын, тоон судалгааны алийг нь сонгож байна вэ?
Хүний бодит туршлагыг ойлгоход ярилцлага, ажиглалт тохиромжтой юу?
Судлаач судалгаанд оролцогчоос тусдаа, эсвэл харилцан хамааралтай гэж үзэж байна уу?
[2] Судалгааны аргачлал (methods / techniques) гэдэг нь арга зүйн хүрээнд сонгосон тодорхой арга, хэрэгсэл, алхам, техник юм.
Өөрөөр хэлбэл, аргачлал нь дараах практик асуултад хариулна.
яг яаж хийх вэ?
ямар аргаар өгөгдөл цуглуулах вэ?
ямар алхам дарааллаар боловсруулах вэ?
Жишээлбэл, аргачлалын түвшний дараах шийдэл байж болно.
20 хүнтэй хагас бүтэцлэгдсэн ярилцлага хийх
Шүүхийн шийдвэрүүдийг агуулгын шинжилгээгээр задлах
Судалгааны асуулга (survey) ашиглах
Кодлох, ангилах, харьцуулах
[3] Судалгааны арга зүй нь судалгааны суурь логик, онолын байр суурийг тодорхойлох бол аргачлал нь уг логикийн хүрээнд ашиглах тодорхой арга, алхмыг илэрхийлнэ.
[4] Кембриж зэрэг дэлхийн том их сургууль докторын судалгааны ажлын үр дүн дор хаяж 18 сарын хээрийн судалгаа хийсний дараа бүрэн гүйцэд гарна гэж үздэг.
[5] Технократ (technocrat) гэдэг нь нийгэм, бодлого, шийдвэр гаргалтыг хүн, ёс зүй, нийгмийн харилцаанаас нь салгаж, зөвхөн тоо баримт, техник, эдийн засгийн үр ашиг, эксперт, мэргэжлийн шийдэл дээр тулгуурлан авч үзэх хандлагыг илэрхийлдэг ойлголт юм. Өөрөөр хэлбэл, технократ хандлага нь“шийдэл техникийн хувьд зөв, эдийн засгийн хувьд ашигтай бол хангалттай” гэж үзэх сэтгэлгээ юм.
Судалгааны ажилд технократ хандлага дараах байдлаар илэрч болно. Үүнд:
Хүний амьдрал, туршлага, мэдрэмжийг үл харгалзан зөвхөн статистик, тоон үзүүлэлтээр дүгнэх
Судалгааны ёс зүй, нийгмийн нөлөөг орхигдуулж, арга зүйг зорилгоос дээгүүр тавих
“Дата байна, тиймээс асуудал шийдэгдсэн” гэж ойлгох
Судалгаанд оролцогчийг “өгөгдөл” мэтээр харах
Ийм үед судалгаа нь бодит байдлыг ойлгох хэрэгсэл бус, техникийн тайлан болж хувирна.
Технократ хандлага нь хүний эрх, ёс зүй, нийгмийн тэгш бус байдал, соёл, нөхцөл байдлын ялгааг хоёрдугаарт тавих эрсдэл дагуулна. Тиймээс орчин үеийн нийгмийн ухааны судалгаанд “техник зөв байхаас гадна, хүнлэг байх ёстой” зарчим хүчтэй яригдах болсон.
Судалгааны суурь ойлголт

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #Судалгаа #СудалгааныАргаЗүй #СудалгааныАргачлал #СудлаачийнЁсЗүй #Эрдэмтэн #СудалгааныОронЗай #СудлагдсанБайдлынТойм #ЧанарынСудалгаа #Ажиглалт #Ярилцлага #ЦагХугацаа #Өгөгдөл #Мэргэших #СудалгааныҮрДүн #СудлаачийнТэмдэглэл #ХараатБусБайдал #БиеДаасанБайдал #Судлаач #Хуулбардах #СудалгааныДизайн #Мэдлэг #Эрдэм #СахилгаБат #ХэмжээТохойМэдэхгүйХэргийнУчирЯлгахгүй #ОньсыгНьОлболТайлахадАмарханОлмыгНьОлболГатлахадАмархан #ЕртөнцийнУхаанХүндХүнийУхаанЭрдэмд #УсыгНьУувалЁсыгНьДага #ДавсХийвэлУусталАжилХийвэлДуустал #АсуусныАюулГэжҮгүйЛавласныЛайГэжҮгүй #АчаандТатлагаХэрэгтэйАжилдДадлагаХэрэгтэй #ЭрдмийнГүнГэжБүүЦөхөрЭндэгдлийгБагаГэжБүүОмтгойд #ХаанаХүрэхийгДаргаМэднэХаагуурЯвахыгЖолоочМэднэ #ӨвчнийгНьҮзэлгүйЭмийгНьУух #ЭрдмийгХичээлээрСурдагЭрлийгСургаарОлдог #ЭдийнАшигЭхэндээЭрдмийнАшигЭцэстээ #ЭрвэлОлохХэрэгтэйЭхэлбэлДуусгахХэрэгтэй #Оксфорд #Кембриж #ИхСургууль































😍