Ромын чуулган - Ромын засаглалын үндэс
- Ж.Танан

- May 28, 2024
- 4 min read
Updated: Jan 20
“Comitia” гэдэг латин нэр томьёо нь эртний Ром дахь төрийн улс төр, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх төрөл бүрийн чуулган, хурал, цуглааныг илэрхийлнэ. Ромын Бүгд Найрамдах Улсын үед Зуутын чуулган (Comitia Centuriata), Ардын хурал (Comitia Tributa), Курийн чуулган (Comitia Curiata), Плебейн зөвлөл (Concilium Plebis), Калат чуулган (Comitia Calata) гэж байв.
Зуутын чуулган Comitia Centuriata
Бүтэц ба зохион байгуулалт
Цэргийн зохион байгуулалт дээр үндэслэн 100 хүнээс бүрдэх чуулган. Зуутын чуулганыг баячуудад илүү эрх мэдэл олгосон байдлаар хөрөнгө чинээ, баялгийг харгалзан байгуулна.
Гишүүн
Ромын бүх иргэд оролцох боломжтой боловч, чинээлэг ангиуд саналын олон эрхтэй тул илүү нөлөөтэй.
Чиг үүрэг
Сонгууль: Консул (Consul)[1], претор (Praetor)[2], цензор (Censor)[3] зэрэг томоохон магистратуудыг сонгоно.
Эрх зүйн үүрэг: Чухал ач холбогдол бүхий хуулиудыг батална.
Шүүгчийн үүрэг: Эрх зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх, цаазаар авах ял оноох эрх мэдэлтэй.
Цэргийн үүрэг: Дайн зарлаж, энхийн гэрээг соёрхон батална.
Ардын хурал Comitia Tributa
Бүтэц ба зохион байгуулалт
Эртний Ромын хууль тогтоох гол чуулгануудын нэг. Газарзүйн бүс нутаг, эсвэл Ром хот болон түүний нутаг дэвсгэр дэх хуваагдал дээр үндэслэсэн 4 хот, 31 орон нутгаас бүрдсэн нийт 35 овог бүхий санал өгөх нэгжүүдэд хуваагдсан бүтэцтэй.
Гишүүн
Ромын бүх иргэд овгийн гишүүд байсан тул бүгд оролцох эрхтэй. Овог бүр нэг саналын эрхтэй. Үр дүнг энгийн олонхын саналаар тодорхойлж, овгийн дийлэнх нь шийдвэрийг гаргана. Гэсэн хэдий ч, чинээлэг, нөлөө бүхий овог аймгууд илүү олон хүн амтай тул пропорциональ бус нөлөө үзүүлдэг байжээ.
Чиг үүрэг
Сонгууль: Доод магистрат буюу плебейн трибуналуудыг (Tribunus plebis), түүнчлэн олон нийтийн ажил хариуцсан магистрат, квестор (Quaestors)[4], эдил (Aediles)[5] болон бусад зарим албан тушаалтнуудыг сонгоно.
Эрх зүйн үүрэг: Шүүгчид, плебейн трибунал, хувь хүмүүсийн санал болгох Ромын бүх мужид үйлчлэх хуулиудыг (Leges) батална. Эхэн үед зөвхөн плебейчүүдэд хамаарах хуулиуд (Plebiscites) баталдаг байсан бол хожим хуулиуд нь бүх Ромчуудад хамааралтай болсон. Дайн зарлах, гэрээ хэлэлцээр хийх, төрийн бодлого боловсруулах зэрэг асуудлаар санал хурааж болно.
Шүүгчийн үүрэг: Зарим төрлийн шүүх хуралдаанд, ялангуяа торгууль, шийтгэлийн асуудлыг хянан шүүнэ.
Курийн чуулган Comitia Curiata
Бүтэц ба зохион байгуулалт
Анхны Ромын овог аймгууд, гэр бүлийн бүлгүүд дээр суурилсан куригийн (Curiae)[6] зохион байгуулалттай хамгийн эртний чуулган.
Гишүүн
Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед зөвхөн патрицичууд оролцож болох байсан ч хожим нь түүний үүрэг илүү ёслолын шинж чанартай болсон.
Чиг үүрэг
Ёслолын үүрэг: Санваартнуудыг тангараг өргүүлэх, магистратуудад эрх мэдэл шилжүүлэх зэрэг шашны болон гэр бүлийн ёслолуудыг хийнэ.
Эрх зүйн үүрэг: Гэрээслэл, өв залгамжлал, хүүхэд үрчлэлт зэргийг албан ёсоор батална.
Плебейн зөвлөл Concilium Plebis
Бүтэц ба зохион байгуулалт
Comitia Tributa буюу Ардын хуралтай төстэй боловч зөвхөн плебейчүүдэд зориулагдсан чуулган. 35 овгуудад хуваагдана.
Гишүүн
Зөвхөн плебейчууд оролцох ба тэдэнд патрицичууд болон бусад чинээлэг ангиас тусад нь улс төрийн оролцоог хангана.
Чиг үүрэг
Сонгууль: Плебейн зөвлөл (Concilium Plebis) нь чуулган бүрийг тэргүүлэх магистрат плебейн трибуналыг (Tribunus Plebis) сонгоно.
Эрх зүйн үүрэг: Эхэн үед зөвхөн плебейчүүдэд хамаарах хуулиуд (Plebiscites) баталдаг байсан бол МЭӨ 287 оноос (Lex Hortensia) хойш Ромын бүх иргэд заавал дагаж мөрдөх болсон.
Плебейн эрх ашгийг хамгаалах үүрэг: Чуулганаас сонгогдсон плебейн трибуналууд нь хууль санаачлах, плебейчуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор бусад магистратын үйл ажиллагаанд хориг тавих эрхтэй.
Калат чуулган Comitia Calata[7]
Бүтэц ба зохион байгуулалт
Хамгийн эртний чуулгануудын нэг. Бусад чуулгануудтай харьцуулахад түүхэн эх сурвалж баримтжуулалт хомс.
Гишүүн
Үндсэндээ патрицичуудаас бүрдсэн бөгөөд дээд зиндааны санваартан, тахилагч лам нар тэргүүлнэ.
Чиг үүрэг
Шашин ёслолын үүрэг: Голчлон шашны зан үйл, ёслол, тэр дундаа тахилч лам нарын шинэ албанд орох хүндэтгэл, ариун нандин газруудыг ариусгах зэрэг.
Эрх зүйн үүрэг: Comitia Curiata буюу Курийн чуулганы нэгэн адил гэрээслэл батлах, хүүхэд үрчлэх асуудлыг шийднэ.
Хуанли хөтлөх үүрэг: Баяр наадмын огноо, бизнесийн гүйлгээ хийх хуулийн цагийг зарлаж, хуанли буюу календарь[8] гаргана.
Эдгээр чуулганууд нь Ромын засаглалын олон талт мөн чанарыг илэрхийлж, нийгмийн янз бүрийн бүлгүүд Ромын Бүгд Найрамдах Улс, Эзэнт гүрний улс төр, эрх зүй, шашин, цэрэг армитай холбоотой төрийн шийдвэрт нөлөөлөх, засаглалд оролцох механизм, арга хэрэгсэл болж өгчээ.
Ж.Танан
Зүүлт тэмдэглэл
[1] Консул (Consul): Ромын Бүгд Найрамдах Улс, хожим Ромын Эзэнт гүрний түүхэн тодорхой үеүдэд сонгогдох хоёр дээд албан тушаалтны нэг.
[2] Претор (Praetor): Эртний Ромд шүүхийг удирдах, хуулийг тайлбарлах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг янз бүрийн шүүх, захиргааны эрх мэдлийг эзэмших магистрат. Эхэндээ преторуудыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүгчээр томилдог байсан ч дараа нь консулын эзгүйд мужийн захиргааг хянах, армийг удирдах зэрэг нэмэлт үүрэг хариуцлага хүлээлгэх болсон байдаг. Ромын Бүгд Найрамдах Улс өргөжиж, өсөн нэмэгдэж буй засаг захиргааны хэрэгцээг хангахын тулд преторуудын тоо цаг хугацааны явцад нэмэгджээ.
[3] Цензор (Censor): Ромын Бүгд Найрамдах Улсад тооллого хийх, ёс суртахуун сахиулах, сенатад шинэ гишүүд нэмэх, байгаа гишүүдийг хасах, нийтийн хөрөнгө, гэрээнд хяналт тавих зэрэг хэд хэдэн чухал үүргийг хариуцах өндөр албан тушаалтан.
[4] Квестор (Quaestores): Төрийн сан хөмрөгийг удирдах, татвар хураах, төсвийн зарлагад хяналт тавих зэрэг санхүүгийн удирдлага, хяналтыг хариуцах төрийн албан тушаалтан. Квесторуудыг Ромын ард түмэн сонгох бөгөөд тэдний тоо, үүрэг хариуцлага нь түүхэн цаг хугацаанд харилцан адилгүй байв. Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед квесторууд санхүүгийн асуудалд голчлон анхаардаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үүрэг өргөжиж, шүүх болон цэргийн үүрэг гүйцэтгэх болсон.
[5] Эдил (Aediles): Ромын Бүгд Найрамдах Улсад хотын засвар үйлчилгээ, нийтийн баяр наадам зохион байгуулахтай холбоотой олон нийтийн ажлыг хариуцах магистратууд.
[6] Кури (Curiae): Гэр бүл, угсаатны бүлгүүдээс бүрдсэн Ромын ард түмний хамгийн эртний хуваагдал.
[7] Calata: Дуудах, эсвэл тунхаглах гэсэн утгатай латин нэр томьёо.
Ромын чуулган

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #РомынХууль #РомынЧуулган #RomanAssembly #ЗуутынЧуулган #ComitiaCenturiata #АрдынХурал #ComitiaTributa #КурийнЧуулган #ComitiaCuriata #ПлебейнЗөвлөл #ConciliumPlebis #КалатЧуулган #ComitiaCalata #Консул #Consul #Претор #Praetor #Цензор #Censor #ПлебейнТрибунал #TribunusPlebis #Квестор #Quaestors #Эдил #Aediles #Хуулиуд #Leges #Lex #ПлебейчүүдийнХуулиуд #Plebiscites #Кури #Curiae #ПлебейнЗөвлөл #ConciliumPlebis #LexHortensia #Calata #Caleds





























😍
.